Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2026/01232

 

 

*******нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Н.Оюунтуяа, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 191/ШШ2026/05051 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******яаманд холбогдох,

 

Тушаал хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, *******даатгалыг нөхөн төлж, бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие *******яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/191 дугаар тушаалаар Бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаалд томилогдон ажилласан. Дээрх тушаалаар намайг жирэмсний буюу хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны оронд томилсон боловч *******яамны сайд өөрчлөгдөж, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга солигдсонтой холбоотойгоор миний оронд шинээр өөр хүн томилон ажиллуулж, намайг үндэслэлгүйгээр 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ажлаас чөлөөлсөн ба тушаалыг 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр танилцуулж, нэг хувийг гардаж авсан. Ингээд 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч хариуцагч талаас эв зүйгээр шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн тул уг ажиллагааг дуусгавар болгосон тус хорооны тэмдэглэл 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гарсан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасны дагуу шүүхэд хандаж байна.

 

Иймд *******яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/146 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, *******даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгч **************яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/191 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд түр хугацаагаар ажиллуулахаар томилсон. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж буй этгээдтэй гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлс, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцож, ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсдэг. Нэхэмжлэгч нь дээрх нөхцөлийг хүлээн зөвшөөрч, түр хугацааны томилгооны хүрээнд ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн. Гэвч *******нь ажиллаж байх хугацаандаа, тухайлбал 2025 оны 02 дугаар сараас хойш яамны бичиг хэргийн албан бичгүүдийг хугацаанд нь хаахгүй удаасан, шилжүүлэлгүйгээр хадгалсан, удирдлагад танилцуулахгүйгээр дур мэдэн буцаасан зэрэг зөрчил гаргасан нь яамны бичиг хэрэгт хийсэн дотоод хяналт шалгалтаар илэрсэн. Түүнчлэн ажлаас чөлөөлөгдсөний дараа ч албан бичгүүд удаашралтай шийдвэрлэгдсэн нөхцөл байдал үргэлжилсэн нь нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэл хангалтгүй байсныг илтгэнэ.

 

Мөн Төрийн захиргааны удирдлагын газарт бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байсан *******нь Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3 дахь заалтын дагуу ажлаас чөлөөлөгдсөн боловч эргэн ажилдаа орох хүсэлтээ гаргасан бөгөөд ажлын гүйцэтгэл, байгууллагын хэвийн үйл ажиллагааг харгалзан нэхэмжлэгч *******ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан.

 

Иймд *******яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/146 дугаартай тушаал нь ажлын бодит нөхцөл байдал, үр дагаварт үндэслэн, Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн гаргасан хууль ёсны шийдвэр тул *******гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан *******яамд холбогдох тушаал хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, *******даатгалын нөхөн төлж, бичилт хийлгүүлэх тухай *******нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч *******гаргасан нэхэмжлэлийн шаардлага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхээс намайг жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй хүний оронд түр томилогдсон, уг хүн ажилдаа эргэн орсноор хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Миний хувьд бичиг хэргийн эрхлэгч *******хүүхэд асрах чөлөөний хугацаанд ажиллах тохиролцоотойгоор томилогдсон. *******одоог хүртэл ажилдаа эргэн ороогүй. *******ажлыг *******түр гүйцэтгэж байсан бөгөөд *******ажилдаа ороход *******ажлаа хүлээлгэн өгсөн. Миний томилгоо *******ямар ч холбоогүй. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Энэ нь хүүхэд асрах чөлөө дууссан нөхцөлд хамаарахгүй зохицуулалт бөгөөд миний тохиолдолд уг нөхцөл байдал үүсээгүй тул шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3-т заасан “ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд” гэх нөхцөл байдалд хамаарч байгаа гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

 

4.2. Хариуцагчийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/146 дугаар тушаалаар “хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан” гэх үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн болно. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах нөхцөл байдал тодорхой болсон байхад анхаарч үзээгүй. Ажил олгогч надтай хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй бөгөөд үүнийг өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Ийм нөхцөлд “гэрээний хугацаа дууссан” гэх үндэслэлээр чөлөөлөх нь хууль зүйн үндэслэлгүй. Хэрэв сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн бол Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийг баримтлах ёстой байсан. Гэвч ийм баримт нотолгоо шүүхэд ирүүлээгүй.

 

4.3. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг дурдсан боловч ажлаас чөлөөлөх үндэслэлд буруу хэрэглэсэн. Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоол, 2012 оны 01 дүгээр зөвлөмжид зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тохиолдолд ажилтны эрхийг гэрээтэй ажилтантай адил хамгаалах ёстой. Ажил олгогч гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй нөхцөлд ажилтан хариуцлага хүлээхгүй бөгөөд ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж өгөхгүй, цалин олгохгүй байгааг ажлаас халсантай адилтган үзэх ёстой.

 

4.4. Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг орхигдуулсан байна. Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон *******даатгалыг нөхөн төлүүлэх, бичилт хийлгүүлэх зэрэг шаардлагад эрх зүйн үнэлэлт өгөөгүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэргийг бүрэн хэмжээнд хянан шийдвэрлэх зарчимд нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүхээс “Гэвч *******яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/191 дугаар тушаалаар *******Төрийн захиргааны удирдлагын газрын Бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаалд жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа хүний оронд түр томилохдоо тухайлан хэн нэг хүний оронд томилоогүй” хэмээн нэхэмжлэлийн шаардлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн үйл баримтыг үнэн зөв тогтоож чадаагүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Үүнд:

*******нь 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/191 тушаалаар ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын Бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаалд жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны оронд ажиллуулахаар томилсон. Ийнхүү ажилд томилох үед *******ажлыг хүлээн авсан бөгөөд *******ажлыг хүлээн аваагүй, нэхэмжлэгчийг ажилд ороход *******гэх ажилтан аль хэдийн буюу 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн тушаалаар ажлаа хүлээлцсэн байсан. *******2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн тушаалаар чөлөөлж, нэхэмжлэгчийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн тушаалаар томилж, эдгээр хүмүүс хоорондоо ажил хүлээлцсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тодорхой харагдана. Түүнчлэн хариуцагч буюу ажил олгогч өөрөө ингэж тайлбарлаж, ойлгуулсан бөгөөд *******амаржсаны амралтаас ажилдаа орох хүсэлт гаргахад *******оронд томилж ажиллуулсан, харин хожим хойно *******чөлөөлж, *******нэхэмжлэгчийг ажлыг хүлээлцсэн нь ажил хүлээлцсэн баримтаар нотлогдож байхад анхан шатны шүүх уг үйл баримтыг зөв үнэлж, тогтоож чадаагүй. Тодруулбал хариуцагч байгууллага *******нэхэмжлэгчийн ажлын байранд томилж, ажиллуулж байгаа болно.

 

5.2. Анхан шатны шүүхээс “...түр томилсон” гэж дүгнэж, тайлбарлаж байгаа нь “түр ажлын байранд томилох”, “ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллуулах” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 50.1.3, 50.1.4-т өөр, өөр ойлголтыг ялган зохицуулсан байхад хольж, хутган хуулийн аль үндэслэл нь бүрдсэн, эсхүл бүрдээгүй талаар дүгнэлт хийгээд байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3-т “жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй” гэж заасан бөгөөд ажил олгогч нь *******ажлын байрыг хэвээр хадгалах үүрэг хүлээх ба нэхэмжлэгчтэй Хөдөлмөрийн тухай хуулийн 50.1.4-т заасан хугацаагаар гэрээ байгуулсанд тооцно. Уг зохицуулалтыг үгийн шууд утгаар тайлбарлавал, “ажилтны оронд” гэж заасан, Хөдөлмөрийн тухай хуулийн 50.1.4, 60.1.3 зэрэг зохицуулалттай системчлэн авч үзсэн ч тухайн чөлөө авсан ажилтны оронд, тухайн ажилтныг жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөөнөөс ажилдаа ортол хугацаанд ажиллахыг ойлгоно гэж үзэхээр байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 61.3 дахь заалт уг маргаанд хамааралгүй бөгөөд тус хуулийн 61.1-д заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд уг заалтыг хэрэглэх үндэслэл бүрдэнэ.

Түүнчлэн ажил олгогч хуульд заасан үүргээ биелүүлж, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсан бол нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол илүү хамгаалагдах боломжтой атал ажил олгогч энэхүү үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал зэрэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн төдий байдлаар үр дагаврыг дүгнэж үзэж байгаа нь хангалтгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

6.1. Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг баримталж шийдвэрлэсэн бөгөөд *******яамнаас гарсан хоёр тушаал нь хоёулаа хөдөлмөрийн эрх зүйн маргаанд хамаарч байгаа тул ямар хуулийг андуурч хэрэглэсэн, өөр хуулийн хэрэглэсэн гэж үзэж байгаа нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч талаас *******гэдэг хүний ажлыг авсан, *******гэдэг хүний ажлыг аваагүй гэж хүн дээр холбогдуулж тайлбар хийдэг. Төрийн нарийн бичгийн томилсон тушаал шийдвэр нь зөвхөн *******оронд 2027 оны 03 дугаар сар хүртэл *******ажиллана гэсэн тушаал гаргаагүй. Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны Б/191 тушаалаар жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны оронд түр томилсон тухай тодорхой агуулгатай тушаал юм.

 

6.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3, 50.1.4 дэх заалтыг анхан шатны шүүх сольж хэрэглэсэн гэж нэхэмжлэгч талаас гомдол гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3 дахь хэсэг нь улирлын шинжтэй зохицуулалт байдаг бол 50.1.4 дэх хэсэг нь ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллуулах зохицуулалт байдаг. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг хүүхэд асрах чөлөөтэй байсан ажилтны оронд ажиллаж байгааг тогтоохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 50.1.4 дэх хэсгийг гол үндэслэлээ болгосон нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3 дахь хэсэгт жирэмсэн болон амаржсаны амралттай байгаа ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах тухай заасан заалт учраас уг маргаанд шууд хамааралтай байна.

 

6.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх дүгнэснийг үндэслэлтэй гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй хэдий ч хөдөлмөрийн харилцаа үүсэж, ажилд томилогдон ажиллаж, цалин хөлс болон ажлын гүйцэтгэлийг үнэлүүлж урамшуулал авч байсан нь хэрэгт авагдсан цугларсан баримтуудаар нотлогдож байна. Зөрчил үүссэн асуудлаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоогүй, харин түр шинжтэй байсан учраас удирдлага эрх хэмжээнийхээ хүрээнд 2025 оны 02 дугаар сараас 11 дүгээр сарын хоорондын ажлын гүйцэтгэлийг дүгнэж *******чөлөөлөх болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

  

   1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав. 

  

   2. Нэхэмжлэгч *******нь хариуцагч *******яаманд холбогдуулан “тушаал хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, *******даатгалын нөхөн төлж, бичилт хийлгүүлэх тухай” нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

  

   3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон.

3.1. *******яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/191 дугаар тушаалаар **************яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаалд жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа хүний оронд 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс түр томилсон. /хх-4/

3.2. Улмаар *******яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/146 дугаар тушаалаар Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, 9.8, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3, 83 дугаар зүйлийн 83.3, Хөдөлмөрийн дотоод журмын 3.16 дахь заалтыг тус тус үндэслэн Төрийн захиргааны удирдлагын газрын Бичиг хэргийн эрхлэгч албан тушаалд түр томилогдон ажиллаж байгаа *******үүрэгт ажлаас нь 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөр чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. /хх-5/

 

4.Нэхэмжлэгч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авч хуульд заасан хугацаанд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмыг хангасны дараа мөн хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 154.8, 158 дугаар зүйлийн 158.1.1-т заасантай нийцсэн байна.

 

5. *******яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/166 дугаар тушаалаар, Төрийн захиргааны удирдлагын газрын Бичиг хэргийн ажилтан Э.Батжаргалд 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс, мөн даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/187 дугаар тушаалаар, Төрийн захиргааны Бичиг хэргийн ажилтан Т.Навчаад 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тус тус жирэмсний болон амаржсаны амралтыг олгосон үйл баримтад талууд маргаагүй.

 

5.1. Харин нэхэмжлэгч *******нь бичиг хэргийн ажилтан *******оронд томилогдсон тул *******ажилдаа ороогүй байхад *******ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж маргана.

 

5.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4-т “ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллуулах” ажилтны хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах ба мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3-т “жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй” ажилтны ажлын байрыг хэвээр хадгалахаар заасан.

 

*******яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/191 дугаар тушаалаар *******Төрийн захиргааны удирдлагын газрын Бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаалд жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны оронд түр томилохдоо тухайлан хэн нэг ажилтны оронд томилоогүй байна.

 

Иймээс “Төрийн захиргааны удирдлагын газрын Бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаалд жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа хүний оронд 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс түр томилсон” гэх агуулга жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтан ажилдаа эргэн орсон тул ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-д заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосныг буруутгахгүй.

 

Тодруулбал, хугацаатай байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний харилцаа хуульд заасан жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй ажилтан ажилдаа орсноор түүний ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь хэсэгт нийцнэ.

6. Шүүх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон *******даатгалыг нөхөн төлүүлэх, бичилт хийлгүүлэх зэрэг шаардлагад дүгнэлт өгөөгүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авахгүй.

Учир нь шүүхээс ажлаас халсан тушаалыг үндэслэл бүхий байна гэж дүгнэсэн тул ажлаас үндэслэлгүй халагдсаны үр дагавар болох цалин хөлс гаргуулах, нийгмийн болон *******даатгалын шимтгэл нөхөн төлөх, холбогдох бичилт хийх шаардлагыг тусгайлан дүгнэлт хийгээгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь заалтыг  зөрчөөгүй байна.

 

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д энэ хуулийн 154.8-д заасны дагуу гаргасан гомдол;, мөн хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно., тус хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон *******даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон *******даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж тус тус заажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэлийн шаардлагад хамаарах Хөдөлмөрийн тухай хуульд заасан дээрх заалтыг баримтлаагүй тул холбогдох зүйл, заалтыг баримталсан өөрчлөлт шийдвэрт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 191/ШШ2026/05051 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан *******нэхэмжлэлтэй *******яаманд холбогдох Тушаал хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, *******даатгалын нөхөн төлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.МӨНХЦЭЦЭГ

 

 

                 ШҮҮГЧИД                                 Н.ОЮУНТУЯА

 

 

                                                                                    Ц.ЦЭРЭНДУЛАМ