Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 107

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т  даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С,

орчуулагч, хэлмэрч Ж.А,

улсын яллагч Б.Б ,

гэрч Х.С,

шүүгдэгчийн өмгөөлөгч К.З ,

шүүгдэгч Х.Т  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Т ад холбогдох 1813000000000 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын тамгын газарт манаач ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багт оршин суудаг, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ж  овогт Х н Т , регистрийн дугаар БЮ0000000.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Т  нь 2018 оны 6 дугаар сарын дундуур Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Уушигт" гэх газарт байдаг иргэн А.Н гийн өвөлжөөний байшингийн цоожийг нь эвдэн орж, дотор нь байсан 4 ширхэг гараар хийсэн эсгийг хулгайлан өөрийн эзэмшлийн УАЗ-31512 маркийн 00-00 БӨА улсын дугаартай машинаар тээвэрлэж ирээд бусдад худалдаж, 280.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, гэрч нараас гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч Х.Т аас мэдүүлэхдээ: Би мэдүүлэг өгнө. 3 хүн уг гэмт хэргийг үйлдсэн.  Би хивс, оёдлын машиныг хулгайлаагүй ба тэд надаар худал төлүүлсэн. Ж  тухайн гэрээс насос авна гэж очиж хаалгыг нь онгойлгож орсон. Бид насосыг авч, Агарал гэх газар луу яваад маргааш нь дахин буцаж очсон. Бид тухайн үед хохирогчийн байшинд эсгий байсныг харсан байсан ба бид гурав эсгийг авъя гээд хулгайлж авсан. Тэд “насосыг хэлэхгүй” гэж хэлсэн. Мөрдөгч, надтай хамт хулгай хийсэн хүмүүс “чи хэргийг ганцаараа үүрчих, чамайг хэргээс чөлөөлж авна” гэж хэлсэн. Түүнээс биш уг хэргийг 3 хүн үйлдсэн. Мөрдөгч Н д мэдүүлэг өгөхдөө энэ талаар хэлсэн гэв.

2. Гэрч Х.С  мэдүүлэхдээ: Хавар цагийн үе байсан. Ж , Т  нар Агаралд ирсэн. Тэрээр надтай холбоо барьж бензин дууссан гэж хэлсэн. Би тэдэнд 10 литр бензин аваачиж өгсөн. Тухайн өдөр бид өдөржин, шөнөжин архидаж үдээс хойш хөдөө явж, Н  байшингаас 4 эсгий аваад Алтанцөгцөөр дамжаад Өлгийд ирсэн.

Би сая хэлсэн. Т , Ж  нар манайд ирсэн ба тухайн өдөр хоносон. Маргааш нь хөдөө очиж, хохирогчийн гэрээс очиж хулгай хийсэн. Улмаар Алтанцөгц очоод Өлгий буцсан. Би хулгайн хэрэг үйлдээгүй гэв.

Хоёр: Эрүүгийн 1813000000000 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

1. Хохирогч А.Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр зусланд нүүсэн юм. Зусланд нүүхдээ их ачаа, эсгий гэр, эд зүйлийг өвөлжөөнд орхиод явсан юм. Зусланд нэг ор аваад хүргэн болох Х ын гэрт очсон юм. Тэгээд миний өвөлжөөнөөс гараар хийсэн 4 том эсгий, 4 метрийн хоёр хивс, орос оёдлын машин алга болсон. Гэрийн цоожийг эвдэж орсон байна. Миний бие Х.Т аас хохирлоо бүрэн барагдуулж авсан ба ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй.

     ...Миний өвөлжөөний байшингаас алдагдсан 4 ширхэг эсгий миний эсгий, уг эсгий миний хүү болох С ын эсгий биш, 2018 оны 12 дугаар сарын 10-ны үеэр манай гэрт миний хүү С  болон Т  нар ирсэн, тэгээд тэд надад “та байшингаас алдагдсан 4 ширхэг эсгий миний эсгий биш, хүү С ын эсгий байсан гэж бичээд өгөөч, та тэгж бичээд өгвөл би ял авахгүй, хэргээс мултрах юм байна” гэж Т  надад хэлснээр хүү С  надад хүчээр миний өвөлжөөний байшингаас алдсан эсгий хүү С ын эсгий гэж бичүүлж авсан болно, уг эсгий миний гар аргаар хийсэн эсгий, хүү С  Т ыг дагуулж ирээд надад хүчээр хулгайд алдагдсан эсгий минийх биш, С ын эсгий гэж бичүүлж авсан. Т  надад “Уушигтад барагшуун түүхээр ирсэн, барагшуун олж чадаагүй болохоор танай байшинд ирж цоожийг эвдэн орж, эсгий 4 ширхэг, 2 ширхэг хятад хивс, мөн орос хуучин оёдлын машин авсан ба тэгээд би машинд хийгээд явсан” гэж байсан. Харин Т  надад 2 хивс, оёдлын машин авсныг хуулийн байгууллагад битгий хэлээч, зөвхөн 4 ширхэг эсгий хэлээрэй гэж хэлсэн, уг 4 ширхэг эсгий миний эсгий ба харин намайг аргадаж байгаад хүү С ын эсгий гэж бичүүлж аваад явсан болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-13, 86-87 дугаар хуудас/,

2.Гэрч Д.Х гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр өвөлжөөнд очоод байшинд үлдсэн эд зүйлийг авахаар очсон ба бид доод талд байдаг хадам ах болох Б ын өвөлжөөнд очоод тэндээс ачаа, мотор аваад буцаад ирэхэд гэрийн гадаа хадам ээж сууж байсан ба байшинд хулгай орсон байна гэж хэлж байсан. Урьд байшинд эхнэр бид хоёр ирж хаалга, цонхыг бэхлэн цоожлоод явсан байсан. Тэгээд би хаалганд очоод үзэхэд хаалганд байсан хятад цоожийг чулуугаар цохиж онгойлгосон байдалтай байсан. Тэгээд мөрийг үзэхэд өвөлжөөний доод талаас Уаз-469 машины мөр байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/,

3. Гэрч И.Г гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ээж, нөхөр, бид гурав манай өвөлжөөнд 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр очоод байшинд үлдсэн эд зүйлийг авахаар очсон ба бид ах Б ын өвөлжөөнд очоод тэндээс ачаа, мотор аваад буцаад өвөлжөөнд ирэхээр болж өвөлжөөнд гэрийн гадаа ээжийг буулгаад Б ын өвөлжөөнд очоод ирэхэд гэрийн гадаа ээж байшинд хулгай орсон байна гэж сууж байсан.

Байшингаас алдагдсан эсгий, хивс болон оёдлын машиныг Цагаанарал багийн иргэн С , Алтанцөгц сумын иргэн Ж  буюу Ж , мөн Баяннуур сумын гаралтай Өлгий сумын иргэн Т  нар хамт хулгайлсан байж болзошгүй гэж үзсэн ба шалтгаан нь Т ын машинаар Ж , С  нар Цагаанаралд очоод барагшуун түүхээр Уушигтад очсон ба тэгээд барагшуун олдохгүй байсан болохоор нь аймаг буцах замдаа манай өвөлжөөнд очоод эзэнгүй байсан байшингаас гараар хийсэн эсгий, 2 ширхэг хивс, нэг ширхэг оёдлын машин зэргийг хулгайлсан байна. Бид уг эд зүйлийг хулгайлсан гэж Цагаанаралд ирээд Уушигт гэх газраар дамжаад Ж  гэх хүн явсан, тэгээд машиндаа эсгий гэрийн тооно ачсан байсан болохоор нөхөр бид хоёр араас нь хөөж аймагт ирсэн, тэгээд би эсгий авдаг Өлгий суманд байдаг Б  гэдэг хүний гэрт очиход тэдний амбаарт манай 4 ширхэг эсгий байсныг би таньсан, Би Б  гэх хүнээс уг эсгийг хаанаас авсан бэ гэж асуухад Т аас 125.000 төгрөгөөр худалдаж авсан гэж хэлсэн. Миний хөөж очсон хүн биш, харин Т  гэх хүн хулгайлсан байсан. Т  ээжийн гэрт байнга ирж хонодог байсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/,

4. Гэрч Т.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 12 цагийн үед Баяннуур сумын иргэн Т  надад 4 ширхэг эсгий худалдаж авах уу гэж ирсэн, тэгээд би эсгийний 2 нь богино байна, авбал 120.000 төгрөгөөр авна гэсэн чинь иргэн Т  за, за ав гээд өгсөн. Уг эсгийг хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй, эсгийг аваад 7 хонож байтал Баяннуур сумын иргэн Д.Х , И.Г  нар гэрт үзэхээр ирлээ гээд ирсэн, миний бие үзүүлэхээр ажлын байрандаа дагуулаад ороход иргэн Г  энэ эсгийнүүд миний эсгий байна, та нар хаанаас авсан бэ гээд надтай хэрүүл өдсөн.

            Тэгэхээр миний бие хэрүүл хийх шаардлага байхгүй, миний бие худалдаж аваад 7 хонож байна гээд цагдаа руу залгасан, цагдаагаас та нар хүрээд ир гээд дуудахаар иргэн Д.Х , Г  нарыг дагуулаад цагдаагийн газарт ирсэн, тэгээд Баяннуур сумын төлөөлөгч шийднэ гээд явуулсан, миний бие тэр хооронд эсгий авчирч өгсөн. Т  руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Д.Х , Г  нарт уг эсгийг Баяннуур сумын иргэн Х.Т  авчирч өгсөн гээд явуулсан, тэгээд 10 хоногийн дараа Баяннуур сумын хэсгийн төлөөлөгч Н  ирээд эсгийг метрлээд зургийг нь аваад явсан. Үүний дараа 2018 оны  9 дүгээр сарын 05-ны өдөр Т  ирээд надад эсгий авсан мөнгийг өгөөд эсгийг аваад явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,

5. Гэрч Х.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний бие 2018 оны 6 дугаар сарын хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна, Уушигт гэх газарт өөрийн УАЗ-469 маркийн 0000 БӨА улсын дугаартай машинаар барагшуун түүхээр очсон, тэгээд аймаг буцах замдаа Уушигт гэх газарт байдаг Н  гэх хүний өвөлжөөнд очсон, тэгээд тэнд машин эвдэрсэн болохоор нь машинаа засаж аваад аймаг явах замд Н ы байшинд байсан 4 ширхэг эсгийг аваад явсан болно. Байшинд хаалгаар нь орсон болно. Гэрийн хаалгыг цоожоор цоожилсон байсан хятад жижиг цоож байсан, цоожийг татахад онгойлогдсон болно. Би 4 ширхэг эсгийг аймагт Б  гэх эмэгтэй хүнд өгсөн, уг хүнд хулгайн эсгий гэж хэлээгүй, миний эсгий гэж хэлсэн болно. Би бусдын амьдрах орон байранд хууль бусаар нэвтрэн орж хулгай хийснээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-22 дугаар хуудас/,

6. Эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн 19 дугаартай “2х4,5 метрийн эсгий 70.000-80.000 төгрөгийн үнэтэй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/,

7. Эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн 22 дугаартай “...Тус суманд 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар хуучин УАЗ 469 маркийн суудлын машин 3.500.000-4.000.000 төгрөгийн үнэтэй болно гэх” дүгнэлт /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,

8. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 5/76 дугаартай, “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол,

9. Эд зүйл битүүмжилсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/,

10. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 40-45 дугаар хуудас/,

11. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Баяннуур сум дахь эрүүгийн мөрдөгчийн “Баяннуур сумын 3 дугаар багийн иргэн А.Н гийн өргөн нь 1,5-2,5 метр, урт нь 4-5 метрийн хивсийг хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв” гэм тэмдэглэл /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/,

12. Иргэн И.С ын “Т ын авсан эсгий миний эсгий байсан,  ээж бэлтгэж надад өгсөн байсан, Т ад хөдөө очиж аваарай гэсэн, цоожийг татахад түлхүүргүй онгойдог гэж хэлж өгсөн, энэ талаар ээждээ хэлээгүй байсан, гэрээс алга болсон гээд хуулийн байгууллагад гомдол гаргажээ, би авахыг зөвшөөрсөн тул авсан байна, иймд үнэн мөнөөр нь шалгаж өгнө үү” гэх” гар баримт, орчуулга /хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас/,

13. Иргэн А.Н гийн “Миний гэрт байсан эсгий С ынх байсан, алга болсон тул би хуулийн байгууллагад өргөдөл өгсөн байсан, эзэн нь аваарай гэж зөвшөөрсөн байсныг би мэдээгүй байсан” гэх гар баримт, орчуулга /хавтаст хэргийн 74, 77 дугаар хуудас/,

14. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 78 дугаар хуудас/,

15. Гэрч И.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... миний бие Х.Т ад өгөх өглөг байхгүй ба түүний оронд “Уушигт” гэх газарт байгаа А.Н гийн өвөлжөөний эзгүй байшингаас 4 ширхэг эсгий ав гэж хэлээгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 80 дугаар хуудас/,

16. Гэрч Х.С гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т  Н  өвөлжөөнд очсон, Т  надад энэ байшингаас авах юм байна гэж хэлээд машинаас буугаад Н ы байшинд ороод 4 ширхэг гараар хийсэн эсгийг гаргаад машинд авчирсан, тэгээд надад машинд ачихад тусал гээд машины тэвшинд тавьсан, би тэгээд энэ эсгийг яах гэж аваад байгаа юм бэ гэхэд би авах ёстой гэж хэлсэн, тэгээд би Т ад юм хэлээгүй, уг эсгийг машинд тавьж аваад Өлгий рүү явсан, 3-4 цагийн үед байх аймагт ирсэн, тэгээд  намайг буулгаад өөрөө ганцаараа явсан, хулгайн эд зүйл гэдгийг тухайн үед мэдээгүй, би хулгайн эсгий гэдгийг мэдсэн бол тухайн үед эздэд нь мэдэгдэх ёстой байсан, Т  миний эсгий, авах ёстой гээд худлаа хэлсэн байна, машинаар байшингийн хаалганаас зөрж очоод Н ы байшингийн хаалганаас ирж зогсоход миний анзаарснаар хаалганд хар өнгийн хятад цоож байсан, уг хаалга цоожтой байсан ба яаж онгойлгосныг хараагүй, миний бодлоор цоожийг цохиж онгойлгосон байх, чулуугаар цохисон байх, хивс, оёдлын машин авсныг би огт хараагүй, би Т тай нийлж бүлэглэн иргэн Н ы 4 ширхэг эсгийг хулгайлаагүй, тухайн үед тэрээр 4 ширхэг эсгийг авсныг ч мэдээгүй, дараа нь сонссон, тэрээр миний авах ёстой эсгий гээд худал хэлсэн байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 81-82 дугаар хуудас/,

17. Гэрч И.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би ээжээс эд зүйл хулгайд алдагдсан байна гэдгийг сонссон, уг хулгайд алдагдсан гар аргаар хийсэн 4 ширхэг эсгий миний ээжийнх болно, дүү С ын эсгий биш, тэр хүнд огт хамааралгүй эсгий болно, ээж Н ы эсгий мөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 83 дугаар хуудас/,

18. Гэрч И.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “гараар хийсэн уг 4 ширхэг эсгий ээж Н ы эсгий ба ах С ын эсгий биш, түүнд ээжийн байшинд эсгий байхгүй, би ээжтэй өвөлжөөнд хамт өвөлждөг ба С  сумын төвд байдаг тул түүнд ямар ч эсгий байхгүй, 2018 оны 12 дугаар сарын 10-ны үед байх манайд ах С , Т  нар хамт ирсэн, тухайн үед ээж Н  манайд байсан. Т  манайд байхад “эсгий би ганцаараа хулгайлсан гэж хэлсэн, уг эсгийг би хулгайлсан болно, одоо та уг эсгийг минийх биш, С ынх гэх бичиг бичиж өгвөл би хэргээс мултрах юм байна” гэж хэлж байсан. Гэрт ирээд С ын 4 ширхэг эсгийг түүнийг ав гэхээр авсан гэж хэлбэл би хэргээс мултрах юм байна гэж Т  хэлж байсан, хуулийн байгууллагад тэгж хэлбэл би хариуцлагаас мултрах юм байна гээд Т , С  нар манайд ирж байхдаа хэлж байсан, ээж Н ээс хүчээр гэрээс алга болсон эсгий С ын эсгий алга болсон болохоор хуулийн байгууллагад хандсан, эзэн нь С  Т ад ав гэснийг мэдээгүй гэх бичиг бичүүлж авсан. С ын эсгий биш ээжийн 4 ширхэг эсгий мөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 84-85 дугаар хуудас/,

19. Яллагдагч Х.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...Миний бие 2018 оны 6 дугаар сарын дундуур Баяннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах уушигт гэх газар барагшуун түүхээр өөрийн эзэмшлийн УАЗ 469 маркийн 00-00 БӨА улсын дугаартай машинаар очсон юм. Тэгээд машин эвдэрсэн болохоор машинаа засах зорилгоор иргэн А.Н гийн өвөлжөөний байшинд очсон. Тэгээд машиныхаа эвдэрсэн бензин насосыг сольсон. Машиныг засаж авах үед Н гийн байшингийн хаалганы цоожийг татахад цоож онгойсон байсан. Тэгээд тэнд байсан 4 ширхэг эсгийг яваад явсан болно. Миний бие уг хулгайн хэргийг ганцаараа хийсэн ба ямар нэгэн хүний хамтаар хулгайн хэрэг хийгээгүй. Бусдын орон байрнаас 4 ширхэг эсгий хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу, би хохирлыг бүрэн барагдуулж өгсөн болно.

... Н ы байшингаас ганцаараа 4 ширхэг эсгий хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна, харин 2 ширхэг хятад хивс, нэг ширхэг оёдлын машин аваагүй, хохирогчид хохирлыг бүрэн барагдуулсан.

... миний бие 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баяннуур сумын 5 дугаар багийн иргэн Жанбекээс 2х4 метрийн хөх өнгийн хивс авч өгөөд иргэн Н ээс гомдолгүй гэх бичийг хийлгэж авсан, дараа нь 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр  Тирлик зах дотор байрлах лангуунаас хүний нэрийг мэдэхгүй байна 150000 төгрөгөөр оёдлын машин, 2х4 метрийн улаан өнгийн хивс 110.000 төгрөгөөр худалдаж аваад тэр өдрөө өөрийн эзэмшлийн 00-00 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Баяннуур сумын 3 дугаар баг болох Олоннуур гэх газар иргэн Н д хүргэж өгсөн. Н ээс гомдолгүй гэх бичиг авахын тулд үг дуугүй хэлсэн зүйлийг нь аваад өгсөн, түүнээс биш миний бие ердөө 4 ширхэг эсгий авсан юм.

... Н ы хүү С  надад 4 ширхэг эсгийг ав гэж хэлсэн болохоор би авсан, миний бие хулгайн хэрэг үйлдээгүй. Намайг 2 ширхэг хивс, оёдлын машин аваагүй гэдгийг С  гэрчлэх болно. С д хулгай хийнэ гэдгээ хэлээгүй, цоожийг гараар татахад онгойсон. С  надтай хамт явж байхдаа надтай хамт хэрэг үйлдээгүй болохоор би түүнийг байсан гэж мэдүүлээгүй. Сүүлд харин хамт гэмт хэрэг  үйлдсэн гэвэл хэрэг хөнгөрөх байх гэж бодсон. Миний бие 3 удаа мэдүүлэг өгөхөд өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгсөн, надад ямар нэгэн байдлаар мэдүүлэг өгөхөд нөлөөлсөн асуудал байхгүй, Н  нар цагдаагийн газар гомдол гаргасан болохоор би хэргээ хүлээж мэдүүлсэн болно, 2 ширхэг хивс, оёдлын машин худалдаж авч өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33, 68, 93-94 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.Т ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Х.Т  нь 2018 оны 6 дугаар сарын дундуур Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Уушигт" гэх газарт байдаг иргэн А.Н гийн өвөлжөөний байшингийн цоожийг нь эвдэн орж, дотор нь байсан 4 ширхэг гараар хийсэн эсгийг хулгайлан өөрийн эзэмшлийн УАЗ-31512 маркийн 00-00 БӨА улсын дугаартай машинаар тээвэрлэж ирээд бусдад худалдаж, 280.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 40-45 дугаар хуудас/,

- Хохирогч А.Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр зусланд нүүсэн юм. Зусланд нүүхдээ их ачаа, эсгий гэр, эд зүйлийг өвөлжөөнд орхиод явсан юм. Зусланд нэг ор аваад хүргэн болох Х ын гэрт очсон юм. Тэгээд миний өвөлжөөнөөс гараар хийсэн 4 том эсгий, 4 метрийн хоёр хивс, орос оёдлын машин алга болсон. Гэрийн цоожийг эвдэж орсон байна. Миний бие Х.Т аас хохирлоо бүрэн барагдуулж авсан ба ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй.

...Миний өвөлжөөний байшингаас алдагдсан 4 ширхэг эсгий миний эсгий, уг эсгий миний хүү болох С ын эсгий биш, 2018 оны 12 дугаар сарын 10-ны үеэр манай гэрт миний хүү С  болон Т  нар ирсэн, тэгээд тэд надад “та байшингаас алдагдсан 4 ширхэг эсгий миний эсгий биш, хүү С ын эсгий байсан гэж бичээд өгөөч, та тэгж бичээд өгвөл би ял авахгүй, хэргээс мултрах юм байна” гэж Т  надад хэлснээр хүү С  надад хүчээр миний өвөлжөөний байшингаас алдсан эсгий хүү С ын эсгий гэж бичүүлж авсан болно, уг эсгий миний гар аргаар хийсэн эсгий, хүү С  Т ыг дагуулж ирээд надад хүчээр хулгайд алдагдсан эсгий минийх биш, С ын эсгий гэж бичүүлж авсан. Т  надад “Уушигтад барагшуун түүхээр ирсэн, барагшуун олж чадаагүй болохоор танай байшинд ирж цоожийг эвдэн орж, эсгий 4 ширхэг, 2 ширхэг хятад хивс, мөн орос хуучин оёдлын машин авсан ба тэгээд би машинд хийгээд явсан” гэж байсан. Харин Т  надад 2 хивс, оёдлын машин авсныг хуулийн байгууллагад битгий хэлээч, зөвхөн 4 ширхэг эсгий хэлээрэй гэж хэлсэн, уг 4 ширхэг эсгий миний эсгий ба харин намайг аргадаж байгаад хүү С ын эсгий гэж бичүүлж аваад явсан болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-13, 86-87 дугаар хуудас/,

- Гэрч Д.Х гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр өвөлжөөнд очоод байшинд үлдсэн эд зүйлийг авахаар очсон ба бид доод талд байдаг хадам ах болох Б ын өвөлжөөнд очоод тэндээс ачаа, мотор аваад буцаад ирэхэд гэрийн гадаа хадам ээж сууж байсан ба байшинд хулгай орсон байна гэж хэлж байсан. Урьд байшинд эхнэр бид хоёр ирж хаалга, цонхыг бэхлэн цоожлоод явсан байсан. Тэгээд би хаалганд очоод үзэхэд хаалганд байсан хятад цоожийг чулуугаар цохиж онгойлгосон байдалтай байсан. Тэгээд мөрийг үзэхэд өвөлжөөний доод талаас Уаз-469 машины мөр байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/,

- Гэрч И.Г гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Байшингаас алдагдсан эсгий, хивс болон оёдлын машиныг Цагаанарал багийн иргэн С , Алтанцөгц сумын иргэн Ж  буюу Ж , мөн Баяннуур сумын гаралтай Өлгий сумын иргэн Т  нар хамт хулгайлсан байж болзошгүй гэж үзсэн ба шалтгаан нь Т ын машинаар Ж , С  нар Цагаанаралд очоод барагшуун түүхээр Уушигтад очсон ба тэгээд барагшуун олдохгүй байсан болохоор нь аймаг буцах замдаа манай өвөлжөөнд очоод эзэнгүй байсан байшингаас гараар хийсэн эсгий, 2 ширхэг хивс, нэг ширхэг оёдлын машин зэргийг хулгайлсан байна. Бид уг эд зүйлийг хулгайлсан гэж Цагаанаралд ирээд Уушигт гэх газраар дамжаад Ж  гэх хүн явсан, тэгээд машиндаа эсгий гэрийн тооно ачсан байсан болохоор нөхөр бид хоёр араас нь хөөж аймагт ирсэн, тэгээд би эсгий авдаг Өлгий суманд байдаг Б  гэдэг хүний гэрт очиход тэдний амбаарт манай 4 ширхэг эсгий байсныг би таньсан, Би Б  гэх хүнээс уг эсгийг хаанаас авсан бэ гэж асуухад Т аас 125.000 төгрөгөөр худалдаж авсан гэж хэлсэн. Миний хөөж очсон хүн биш, харин Т  гэх хүн хулгайлсан байсан. Т  ээжийн гэрт байнга ирж хонодог байсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/,

- Гэрч Т.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 12 цагийн үед Баяннуур сумын иргэн Т  надад 4 ширхэг эсгий худалдаж авах уу гэж ирсэн, тэгээд би эсгийний 2 нь богино байна, авбал 120.000 төгрөгөөр авна гэсэн чинь иргэн Т  за, за ав гээд өгсөн. Уг эсгийг хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй, эсгийг аваад 7 хонож байтал Баяннуур сумын иргэн Д.Х , И.Г  нар гэрт үзэхээр ирлээ гээд ирсэн, миний бие үзүүлэхээр ажлын байрандаа дагуулаад ороход иргэн Г  энэ эсгийнүүд миний эсгий байна, та нар хаанаас авсан бэ гээд надтай хэрүүл өдсөн.

Тэгэхээр миний бие хэрүүл хийх шаардлага байхгүй, миний бие худалдаж аваад 7 хонож байна гээд цагдаа руу залгасан, цагдаагаас та нар хүрээд ир гээд дуудахаар иргэн Д.Х , Г  нарыг дагуулаад цагдаагийн газарт ирсэн, тэгээд Баяннуур сумын төлөөлөгч шийднэ гээд явуулсан, миний бие тэр хооронд эсгий авчирч өгсөн. Т  руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Д.Х , Г  нарт уг эсгийг Баяннуур сумын иргэн Х.Т  авчирч өгсөн гээд явуулсан, тэгээд 10 хоногийн дараа Баяннуур сумын хэсгийн төлөөлөгч Н  ирээд эсгийг метрлээд зургийг нь аваад явсан. Үүний дараа 2018 оны  9 дүгээр сарын 05-ны өдөр Т  ирээд надад эсгий авсан мөнгийг өгөөд эсгийг аваад явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,

- Эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн 19 дугаартай “2х4,5 метрийн эсгий 70.000-80.000 төгрөгийн үнэтэй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/,

- Эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн 22 дугаартай “...Тус суманд 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар хуучин УАЗ 469 маркийн суудлын машин 3.500.000-4.000.000 төгрөгийн үнэтэй болно гэх” дүгнэлт /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,

 

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 78 дугаар хуудас/,

- Гэрч И.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... миний бие Х.Т ад өгөх өглөг байхгүй ба түүний оронд “Уушигт” гэх газарт байгаа А.Н гийн өвөлжөөний эзгүй байшингаас 4 ширхэг эсгий ав гэж хэлээгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 80 дугаар хуудас/,

- Гэрч Х.С гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т  Н  өвөлжөөнд очсон, Т  надад энэ байшингаас авах юм байна гэж хэлээд машинаас буугаад Н ы байшинд ороод 4 ширхэг гараар хийсэн эсгийг гаргаад машинд авчирсан, тэгээд надад машинд ачихад тусал гээд машины тэвшинд тавьсан, би тэгээд энэ эсгийг яах гэж аваад байгаа юм бэ гэхэд би авах ёстой гэж хэлсэн, тэгээд би Т ад юм хэлээгүй, уг эсгийг машинд тавьж аваад Өлгий рүү явсан, 3-4 цагийн үед байх аймагт ирсэн, тэгээд  намайг буулгаад өөрөө ганцаараа явсан, хулгайн эд зүйл гэдгийг тухайн үед мэдээгүй, би хулгайн эсгий гэдгийг мэдсэн бол тухайн үед эздэд нь мэдэгдэх ёстой байсан, Т  миний эсгий, авах ёстой гээд худлаа хэлсэн байна, машинаар байшингийн хаалганаас зөрж очоод Н ы байшингийн хаалганаас ирж зогсоход миний анзаарснаар хаалганд хар өнгийн хятад цоож байсан, уг хаалга цоожтой байсан ба яаж онгойлгосныг хараагүй, миний бодлоор цоожийг цохиж онгойлгосон байх, чулуугаар цохисон байх, хивс, оёдлын машин авсныг би огт хараагүй, би Т тай нийлж бүлэглэн иргэн Н ы 4 ширхэг эсгийг хулгайлаагүй, тухайн үед тэрээр 4 ширхэг эсгийг авсныг ч мэдээгүй, дараа нь сонссон, тэрээр миний авах ёстой эсгий гээд худал хэлсэн байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 81-82 дугаар хуудас/,

- Гэрч И.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би ээжээс эд зүйл хулгайд алдагдсан байна гэдгийг сонссон, уг хулгайд алдагдсан гар аргаар хийсэн 4 ширхэг эсгий миний ээжийнх болно, дүү С ын эсгий биш, тэр хүнд огт хамааралгүй эсгий болно, ээж Н ы эсгий мөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 83 дугаар хуудас/,

- Гэрч И.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гараар хийсэн уг 4 ширхэг эсгий ээж Н ы эсгий ба ах С ын эсгий биш, түүнд ээжийн байшинд эсгий байхгүй, би ээжтэй өвөлжөөнд хамт өвөлждөг ба С  сумын төвд байдаг тул түүнд ямар ч эсгий байхгүй, 2018 оны 12 дугаар сарын 10-ны үед байх манайд ах С , Т  нар хамт ирсэн, тухайн үед ээж Н  манайд байсан. Т  манайд байхад “эсгий би ганцаараа хулгайлсан гэж хэлсэн, уг эсгийг би хулгайлсан болно, одоо та уг эсгийг минийх биш, С ынх гэх бичиг бичиж өгвөл би хэргээс мултрах юм байна” гэж хэлж байсан. Гэрт ирээд С ын 4 ширхэг эсгийг түүнийг ав гэхээр авсан гэж хэлбэл би хэргээс мултрах юм байна гэж Т  хэлж байсан, хуулийн байгууллагад тэгж хэлбэл би хариуцлагаас мултрах юм байна гээд Т , С  нар манайд ирж байхдаа хэлж байсан, ээж Н ээс хүчээр гэрээс алга болсон эсгий С ын эсгий алга болсон болохоор хуулийн байгууллагад хандсан, эзэн нь С  Т ад ав гэснийг мэдээгүй гэх бичиг бичүүлж авсан. С ын эсгий биш ээжийн 4 ширхэг эсгий мөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 84-85 дугаар хуудас/,

- Яллагдагч Х.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...Миний бие 2018 оны 6 дугаар сарын дундуур Баяннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах уушигт гэх газар барагшуун түүхээр өөрийн эзэмшлийн УАЗ 469 маркийн 00-00 БӨА улсын дугаартай машинаар очсон юм. Тэгээд машин эвдэрсэн болохоор машинаа засах зорилгоор иргэн А.Н гийн өвөлжөөний байшинд очсон. Тэгээд машиныхаа эвдэрсэн бензин насосыг сольсон. Машиныг засаж авах үед Н гийн байшингийн хаалганы цоожийг татахад цоож онгойсон байсан. Тэгээд тэнд байсан 4 ширхэг эсгийг яваад явсан болно. Миний бие уг хулгайн хэргийг ганцаараа хийсэн ба ямар нэгэн хүний хамтаар хулгайн хэрэг хийгээгүй. Бусдын орон байрнаас 4 ширхэг эсгий хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу, би хохирлыг бүрэн барагдуулж өгсөн болно.

... Н ы байшингаас ганцаараа 4 ширхэг эсгий хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна, харин 2 ширхэг хятад хивс, нэг ширхэг оёдлын машин аваагүй, хохирогчид хохирлыг бүрэн барагдуулсан.

... миний бие 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баяннуур сумын 5 дугаар багийн иргэн Жанбекээс 2х4 метрийн хөх өнгийн хивс авч өгөөд иргэн Н ээс гомдолгүй гэх бичийг хийлгэж авсан, дараа нь 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр  Тирлик зах дотор байрлах лангуунаас хүний нэрийг мэдэхгүй байна 150000 төгрөгөөр оёдлын машин, 2х4 метрийн улаан өнгийн хивс 110.000 төгрөгөөр худалдаж аваад тэр өдрөө өөрийн эзэмшлийн 00-00 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Баяннуур сумын 3 дугаар баг болох Олоннуур гэх газар иргэн Н д хүргэж өгсөн. Н ээс гомдолгүй гэх бичиг авахын тулд үг дуугүй хэлсэн зүйлийг нь аваад өгсөн, түүнээс биш миний бие ердөө 4 ширхэг эсгий авсан юм.

... Н ы хүү С  надад 4 ширхэг эсгийг ав гэж хэлсэн болохоор би авсан, миний бие хулгайн хэрэг үйлдээгүй. Намайг 2 ширхэг хивс, оёдлын машин аваагүй гэдгийг С  гэрчлэх болно. С д хулгай хийнэ гэдгээ хэлээгүй, цоожийг гараар татахад онгойсон. С  надтай хамт явж байхдаа надтай хамт хэрэг үйлдээгүй болохоор би түүнийг байсан гэж мэдүүлээгүй. Сүүлд харин хамт гэмт хэрэг  үйлдсэн гэвэл хэрэг хөнгөрөх байх гэж бодсон. Миний бие 3 удаа мэдүүлэг өгөхөд өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгсөн, надад ямар нэгэн байдлаар мэдүүлэг өгөхөд нөлөөлсөн асуудал байхгүй, Н  нар цагдаагийн газар гомдол гаргасан болохоор би хэргээ хүлээж мэдүүлсэн болно, 2 ширхэг хивс, оёдлын машин худалдаж авч өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33, 68, 93-94 дүгээр хуудас/ бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.Т  нь 2018 оны 6 дугаар сарын дундуур Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Уушигт" гэх газарт байдаг иргэн А.Н гийн өвөлжөөний байшингийн цоожийг нь эвдэн орж, дотор нь байсан 4 ширхэг гараар хийсэн эсгийг хулгайлан өөрийн эзэмшлийн УАЗ-31512 маркийн 00-00 БӨА улсын дугаартай машинаар тээвэрлэж ирээд бусдад худалдаж, 280.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан,

Шүүгдэгч Х.Т аас гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч уг хулгайн хэргийг С , Ж  нарын хамт үйлдсэн, тэд нараас надад “чи биднийг битгий хэлээрэй, бид нар арыг чинь даана” гэхээр хэргээ ганцаараа хүлээсэн. Одоо миний бие бүх үнэнээ хэлж байгаа тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж, холбогдох хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч К.З аас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдсон уу гэдэгт тогтож ярих хэрэгтэй. Т  нь “хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ” хүлээн зөвшөөрч байгаа ч уг гэмт хэргийг ганцаараа биш Ж ийн хамт 2 удаагийн үйлдлээр гүйцэтгэсэн гэж мэдүүлж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 3, 33.3 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу хэргийг буцааж өгнө үү гэх саналтай байна. Дээр дурдсан ажиллагаа шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх зорилгоор хэргийг буцааж өгөхийг хүсэж байна хэмээн мэтгэлцсэн болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.С , С.Ж  нар нь шүүгдэгч Х.Т тай хамт бүлэглэн хохирогч А.Н гийн өвөлжөөний байшингаас эд зүйл хулгайлсан болох нь хөндлөнгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байна. Хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа тухайн үед хохирогч А.Н гийн өвөлжөөнөөс “4 ширхэг гараар хийсэн эсгий, оёдлын машин, хивс” хулгайд алдагдсан талаар мэдүүлсэн бөгөөд “насос хулгайлагдсан” талаар удаа дараа мэдүүлэг авахад энэ талаар мэдүүлээгүй тул уг асуудлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгахгүй орхигдуулсан гэж үзэх үндэслэлгүй.

Шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгсөн Х.С  нь тухайн үед согтуу байсан, Ж  хамт явсан тул хулгай хийсэн гэж бодож байна, би хэрэг хийгээгүй хэмээн мэдүүлсэн боловч түүний мэдүүлгийг нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. 

 Хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Х.Т  нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлсан болох нь хангалттай тогтоогдсон гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Х.Т ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан ба хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй гэж үзэв.

Шүүгдэгч Х.Т  нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн гэм буруугийн шууд санаа нь энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь болсон гэж дүгнэлээ.

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч Х.Т ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч А.Н д 280.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон ба мөрдөн шалгах ажиллагааны явцад уг 2 х 4,5 метрийн эсгийг хохирогчид хүлээлгэж өгсөн тул шүүгдэгч Х.Т  нь бусдад төлөх төлбөргүй байна.

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай.

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Т ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Т ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг биет байдлаар төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзэв.

Шүүгдэгч Х.Т  анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.Т  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Т ад 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтоолд дурдав.

4. Бусад асуудлаар.

Шүүгдэгч Х.Т  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн хуучивтар хятад улсад үйлдвэрлэгдсэн цоожийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн устгах комисст даалгаж,  шүүгдэгч Х.Т ын иргэний цахим үнэмлэх, гадаад паспорт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй. Мөн битүүмжлэгдсэн эд хөрөнгө болох шүүгдэгч Х.Т ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл болох 00-00 БӨА улсын дугаартай, “UAZ 32512” загварын тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Т ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд энэхүү таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж  овогт Х н Т ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Т ыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т ад оногдуулсан 1 (нэг) жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.  Шүүгдэгч Х.Т  нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн хар өнгийн, хуучивтар Хятад улсад үйлдвэрлэгдсэн хар өнгийн цоожийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Т ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл болох 00-00 БӨА улсын дугаартай, “UAZ 315112” загварын тээврийн хэрэгслийг хурааж улсын болгосугай.

6. Шүүгдэгч Х.Т ын иргэний цахим үнэмлэх, гадаад паспорт, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, 02287284 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах Т.Айбект даалгасугай.

7.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.Т ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, шүүгдэгч Х.Т ын эдлэх 1 жилийн хорих ялыг 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар  зүйлийн  2  дахь  хэсэгт зааснаар  шийтгэх тогтоолыг  шүүгдэгч,  хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9.  Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Х.Т ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.Т