Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 00026

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Шанд тариа хязгаарлагдмал хариуцлагатай компанийн /цаашид ХХК гэх/ нэхэмжлэлтэй,

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргад холбогдох “Тариалан сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/68 дугаар захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтын “... Хонгор хувт ХХК-нд ... Зүүн шандын 346 га” гэсэн хэсгийг хүчингүй болгуулж, Шанд тариа ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Х.Золжаргал, гэрч Б.Алтантулга, нэхэмжлэгч Шанд тариа ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амаржаргал, хариуцагч Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг дарга Ц.Хөвсгөлдалай, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хонгор хувт ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Алтангадас, Батзол ХХК-ийн өмгөөлөгч Т.Багахүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь;

Нэхэмжлэгч Шанд тариа ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амаржаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Шанд тариа ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Вандан-Ишид Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын 1997 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 112 дугаар захирамжаар Тариалан сумын Ар тархи багийн нутаг Зүүн шандад газар тариалангийн зориулалтаар 346 га газрыг 40 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн юм. Ийм учраас Д.Вандан-Ишийн 100 хувь хувьцаа эзэмшдэг Шанд тариа ХХК-д 21-11-0052 дугаартай газар эзэмших гэрчилгээ олгосон бөгөөд тус компани уул газрыг эзэмшиж газар тариалан эзэмшиж байсан байна. Харин Д.Вандан-Иш нь 2003 оноос хүнд өвчний улмаас удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлага гарч компанийн үйл ажиллагааг түр хугацаагаар өөрийн дүү Тулгад хариуцуулсан байсан үед С.Ламжав нь түүнтэй дураар тохиролцон дээрх газрыг түр ашиглаж байсан ба Д.Вандан-Ишийн биеийн байдал сайжирч үйл ажиллагаа явуулах гэтэл С.Ламжав газрыг нь өгөхгүй, элдэв хэл амаар доромжилж байсан тул Шанд тариа ХХК-ийн нэрээр маргаан үүсгэх гэтэл тухайн компанийг хууль бусаар татан буулгасан байжээ. Ингээд энэ асуудлыг зохицуулах гэж 2-3 жил төр захиргааны байгууллагаар явж хөөцөлдөн эцэст нь Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасны дагуу Шанд тариа ХХК-ийг хууль бусаар татан буулгасан нь тогтоогдсон.

Энэ хугацаанд буюу 2015 онд С.Ламжав нь газар эзэмшлийн маргаан явж байгааг мэдээд өөрийн хувьцааг нь эзэмшдэг Батзол ХХК-ийн нэрээр Шанд тариа ХХК-ийн эзэмшлийн Зүүн шандын 346 га газрыг өөрийн төрсөн хүү Л.Батцэнгэлийн Хонгор хувт ХХК-д шилжүүлэх хүсэлтийг Тариалан сумын Засаг даргад гаргасан бөгөөд Засаг дарга нь уг асуудлыг нарийн судалж, жинхэнэ эзэмшигч нь хэн болохыг харгалзан үзэлгүйгээр 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр А/68 дугаар захирамжийнхаа захирамжлах нь хэсгийн 1 дэх заалтаар “... Хонгор хувт ХХК-нд ... Зүүн шандын 346 га ...” гэж Шанд тариа ХХК-ийн эзэмшил газрыг бусдад шилжүүлсэн нь хууль бус болсон байсан тул Тариалан сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/68 дугаар захирамжийг хүчингүй болгож, Шанд тариа ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээлгэхээр Хөвсгөл аймгийн Засаг даргад хандсан боловч тэрээр 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1/1145 тоот албан бичгээрээ “... маргааны цар хүрээ өргөн, хэд хэдэн иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хөндсөн байх тул...” гэсэн үндэслэл зааж Шанд тариа ХХК-ийн гомдлыг шийдвэрлэхээс татгалзсан хариу өглөө.

Иймд Тариалан сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/68 дугаар захирамжийн захирамжлах нь хэсгийн 1 дэх заалтын “... Хонгор хувт ХХК-д Зүүн шандын 346 га ...” гэсэн хэсгийг хүчингүй болгож, Шанд тариа ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү.

Шанд тариа ХХК-ийн захирал Д.Вандан-Иш Тариалан сумын Ар тархи багийн нутаг Зүүн шандын 346 га газрын эзэмших эрхээ Б.Алтантулгад шилжүүлээгүй, газар эзэмших эрхийг шилжүүлсэн захирамж гарч байгаагүй, Шанд тариа ХХК одоо ч Зүүн шандын 346 га газрыг эзэмших эрхтэй хэвээр байгаа тул Тариалан сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/68 дугаар захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтын “... Хонгор хувт ХХК-нд ... Зүүн шандын 346 га ...” гэсэн хэсэг үндэслэлгүй” гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг дарга Ц.Хөвсгөлдалай шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “... Юуны өмнө миний 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/68 тоот захирамжийг хүчингүй болгох тухай нэхэмжлэл нь хууль эрх зүйн шаардлага хангахгүй байна гэж үзэж байна. Учир нь

а/ 2006 онд Д.Вандан-Иш нь Шанд тариа ХХК-ийн эзэмшилд буй 346 га тариалангийн талбайг өөрийн дүү Д.Алтантулгад өөрийн хүсэлтээр шилжүүлэн өгч, энэ талаар Засаг даргын Тамгын газрын газрын даамал 2006 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Шанд тариа ХХК-ийн эзэмшилд байсан газрын 21-11-00052 дугаар гэрчилгээнд өөрчлөлтийн тухай тэмдэглэл хөтөлж албажуулсан байна. Үүнийг тайлбарт хавсаргав.

б/ 2008 оны 02 дугаар сарын 19-нд газрын даамал асан С.Эрдэнэдалай Батзол ХХК-ийн 21/1100036 тоот газрын гэрчилгээнд Шанд тариа ХХК-ийн эзэмшилд байсан 346 га талбай болон бусад 199.5 га газрыг тус тус нэмж улсын бүртгэлд авсан байна. Иймд Шанд тариа ХХК-д газрын асуудлаар нэхэмжлэл гаргах ямар ч үндэслэл байхгүй.

в/ Шанд тариа ХХК-ийн 346 га талбайг эзэмшигч Д.Вандан-Ишийн дүү Д.Алтантулга нь 2008 оны 04 дүгээр сарын 06-нд Засаг даргын Тамгын газарт өргөдөл хүсэлтээ бичгээр ирүүлж, уг 346 га тариалангийн талбайг цаашид ашиглаж чадахгүй болсон тул Батзол ХХК-ийн мэдэлд шилжүүлж өгөхийг хүссэн юм. Газрын тухай хуулийн заалт ёсоор 2 талын хүсэлт, холбогдох материалыг бүрдүүлсний үндсэн дээр уг асуудлыг шийдвэрлэсэн. Түүнээс биш хууль бусаар юм уу, хэн нэгний эрх ашиг, хүсэл сонирхолд захирагдаагүй бөгөөд С.Ламжав, Д.Алтантулга нар өөрсдийн биеэр хоёулаа орж ирээд асуудлаа тухайн үед шийдвэрлүүлсэн болно. Энэ талаар Батзол ХХК-ийн захирал С.Ламжав тодорхой тайлбар өгч, нотлох баримтуудыг үзүүлэх болно. Ер нь газар эзэмшүүлэх, шилжүүлэх асуудлыг хоёр талын хүсэлт, холбогдох материалуудыг бүрдүүлж байж асуудлыг шийддэг хууль журамтай, би ч тийм л зарчим баримталдаг. Бүрдүүлж өгсөн хүсэлт, материал ёсоор миний захирамжийг хүчингүй болгох үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч эхлээд Д.Алтантулгатайгаа учраа олох нь зөв байх шүү. Би өдий олон жил сумын Засаг даргын албыг хашихдаа хууль бус шийдвэр гаргаж, хэн нэгний эрх ашигт үйлчилж байсан удаа байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Иймд миний захирамжийг хүчингүй болгох үндэслэл байхгүй. Харин хоёр тал хүсэлтээ өгч, холбогдох материалаа бүрдүүлж өгвөл Батзол ХХК-аас иргэн Д.Алтантулгад шилжүүлж болно. Нэхэмжлэгч Б.Амаржаргал өөрөө уг 346 га газрын асуудлыг нарийн судалж, жинхэнэ эзэмшигч нь хэн болохыг өөрөө харгалзан үзэлгүйгээр иргэн Д.Вандан-Ишид ямар ч хамааралгүй асуудлаар нэхэмжлэл гаргаж буйг ойлгохгүй байна. Харин нэхэмжлэгч буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Б.Амаржаргал нь маргаан үүсгэж, хэн нэгэнд үйлчилж, ашиг хонжоо бодсон асуудал хийж байна гэж үзэх хардлага төрүүлж байна шүү.

Шанд тариа ХХК-ийг хууль бусаар татан буугдсан гэдэг бол худлаа. Энэ талаар тухайн үед татварын байцаагч байсан С.Мөнхөө, одоогийн байцаагч Б.Чулуунчимэг нар тайлбар өгөх байх. ... Ар тархи багийн Оорцог Шандад байрлалтай 346 га газрыг Шанд тариа ХХК-аас Б.Алтантулгад шилжүүлсэн захирамж гараагүй. Харин 346 га газрын гэрчилгээний эх хувийн ард улсын бүртгэлд оруулсан өөрчлөлтийн тэмдэглэл дээр Д.Вандан-Иш захиралтай Шанд тариа ХХК нь 2006 онд өөрийн хүсэлтээр Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан эрх зүйг ханган материал бүрдүүлэн өгч өөрийн эзэмшилтэй Ар тархи багийн Оорцог Шандын 346 га-г иргэн Д.Алтантулгад шилжүүлж байгааг хянан бүртгэв гэсэн хуучин газрын даамлын гарын үсэг, тамга тэмдэгтэй баталгаажсан болно.

Шанд тариа ХХК-аас Батзол ХХК-нд эрх шилжүүлсэн захирамж гараагүй бөгөөд уг 346 га газрын нэгж талбарын хувийн хэрэгт иргэн Б.Алтантулга өөрийн хүсэлтээр Батзол ХХК-д шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт өргөдөл, нөгөө талаас Батзол ХХК-ийн 2008 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №3 тоот албан бичиг, Оорцог Шандын 346 га тариалангийн талбайг манай компанийн эзэмшилд шилжүүлж өгнө үү гэсэн хоёр талын хүсэлт, газрын гэрчилгээний эх хувь, тариалангийн газрын улсын тоо бүртгэлийн 552689 дугаартай хуудас зэрэг байгаа болно. 2008-2017 оны хооронд тус сумын Батзол ХХК нь тухайн газрын төлбөр тооцоог хийж, тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн болно.

... Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын 1997 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 112 дугаар захирамжаар Тариалан сумын Ар тархи багийн нутаг Зүүн шандад газар тариалангийн зориулалтаар 346 га газрыг иргэн Д.Вандан-Ишид эзэмшүүлсэн, харин Шанд тариа ХХК-д эзэмшүүлээгүй. Д.Вандан-Иш Тариалан сумын Ар тархи багийн нутаг Зүүн шандын 346 га газрын эзэмших эрхээ Б.Алтантулгад шилжүүлж, Б.Алтантулга нь Батзол ХХК-д, Батзол ХХК нь Хонгор хувт ХХК-д шилжүүлсэн тул миний захирамж үндэслэлтэй. Нэхэмжлэгч Шанд тариа ХХК болон Д.Вандан-Иш эхлээд Б.Алтантулгатайгаа учраа олох хэрэгтэй. Миний 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/68 дугаар захирамж нэхэмжлэгчийн эрхийг огт хөндөөгүй. Ар тархи багийн хурал дээр Д.Вандан-Иш надтай уулзаад миний бие муу байгаа тул дүү Б.Алтантулгадаа компаниа хариуцуулан өгч байгаа гэж хэлж байсан. Д.Вандан-Иш нь Зүүн шандын 346 га газраа Б.Алтантулгад шилжүүлж, Б.Алтантулга нь Батзол ХХК-ийн захирал Ламжавтай хамт орж ирээд газраа шилжүүлэхээр боллоо гэж хүсэлтээ өгч байсны дагуу газрыг шилжүүлсэн. Гэхдээ 2006 онд Д.Вандан-Иш захиралтай Шанд тариа ХХК-аас Зүүн шандын 346 га газрын эзэмших эрхээ Б.Алтантулгад шилжүүлсэн тухай, 2008 онд Б.Алтантулга Зүүн шандын 346 га газрын эзэмших эрхээ Батзол ХХК-д шилжүүлсэн тухай Засаг даргын захирамж гараагүй боловч тухайн үед ажиллаж байсан талийгаач С.Эрдэнэдалай газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийн ар талд шилжүүлэг хийсэн тухай тэмдэглэл хийсэн нь хүчин төгөлдөр юм. Маргаан бүхий газрын хувийн хэрэгт байсан бүхий л баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн, өөр баримт байхгүй. Оорцог шандын 346 га газар Зүүн шандын 346 га газар гэдэг нь угтаа нэг л газрыг хэлж байгаа юм. Хүмүүс өөрсдийн хэлж сурснаар өөр өөрөөр хэлээд байгаа болохоос биш Ар тархи багийн Зүүн шандад 346 га хэмжээтэй ганц л тариалангийн талбай бий” гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Батзол ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, Хонгор хувт ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Алтангадас нар шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “... Маргаан бүхий захиргааны акт 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гарсан байдаг бөгөөд Хөвсгөл аймгийн Засаг даргын хариу ирсэн хугацаанаас даруй хоёр жилийн өмнө юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, өмнө үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д захиргааны актыг мэдсэн үеэс хойш 30 хоногийн дотор гомдол, нэхэмжлэл гаргахаар заасан. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд нэхэмжлэгч актын тухай хэзээ мэдсэн нь тодорхойгүй, мөн хуулийн дээрх шаардлагуудын дагуу хэзээ дээд шатны захиргаанд гомдол гаргасан нь тодорхойгүй, хуульд заасан 30 хоногийн хугацаанд гомдол, нэхэмжлэл гаргаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой.

Гуравдагч этгээдээр оролцож буй Батзол ХХК нь 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 03 тоот албан бичгээр Тариалан сумын Засаг даргын Тамгын газарт хүсэлт, мөн Хонгор хувт ХХК-ийн 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01 тоот хүсэлтүүдийг холбогдох хууль журмуудын дагуу гаргаж улмаар Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/68 тоот захирамжаар Хонгор хувт ХХК-д нийт 622 га газар эзэмшүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл Батзол ХХК нь газар эзэмшигчийнхээ хувьд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасны дагуу эзэмшил газраа бусдад шилжүүлэх хүсэлтийг Засаг даргад гаргасан. Улмаар хүсэлтийг Засаг дарга хүлээн авч өөрийн эрх хэмжээний хүрээнд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасны дагуу газар эзэмших эрхийг Хонгор хувт ХХК-д шилжүүлсэн. Газар эзэмших эрх шилжүүлэх үйл ажиллагаа нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу хуульд нийцүүлэн явагдсан. Иймд Шанд тариа ХХК-ийн нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54.1.8-д заасны дагуу хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

            Гэрч Б.Алтантулга шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би Шанд тариа ХХК-д тракторчин комбайнчаар ажилладаг байсан юм. Шанд тариа ХХК-д 2006 он хүртэл ажилласан. Намайг 2006 он хүртэл ажиллаж байх хугацаанд Д.Вандан-Иш ахын бие муу байсан. Тэгээд энэ хугацаанд ах хүнтэй хамтраад юм уу, газраа түрээслүүлээд компаниа авч явж чадах уу гэхэд нь би хэсэг хугацаанд компаниа авч явж байсан юм. Гэхдээ энэ хугацаанд надад компанийнхаа эд хөрөнгийг захиран зарцуулах, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх зөвшөөрөл олгож байгаагүй. 346 га газрыг Д.Вандан-Ишээс миний нэр дээр шилжүүлсэн албан ёсны баримт бичиг байхгүй. Энэ газрыг Д.Вандан-Иш гэх хүний зөвшөөрлөөр би эзэмшиж байгаагүй. Газрын гэрчилгээний ар талд Зүүн шандын 346 га газрыг Б.Алтантулгад шилжүүлэв гэх тэмдэглэл яагаад үйлдсэнийг сайн мэдэхгүй байна. Б.Алтантулгаас Батзол ХХК-д 346 га газрыг шилжүүлэх тухай хүсэлтийг би өөрийн гараар бичсэн. Тухайн үед банкнаас компанийн өр зээл нэхэгдээд өр зээлнээс гарах зорилготой л хүсэлт бичээд өгчихсөн юм. Энэ хүсэлтийн талаар Д.Вандан-Ишид хэлээгүй юм. Батзол ХХК-аас 4 000 000 төгрөгийг аваад уг компанид Шанд тариа ХХК-ийн газрын гэрчилгээг өгсөн юм. Миний бичиж өгсөн хүсэлт дээр байгаа Оорцог шандын 346 га газар гэдэг нь Шанд тариа ХХК-ийн Зүүн шандын 346 га газрыг хэлж байгаа юм. Тухайн үед 346 га газрыг хүмүүс 4 000 000-5 000 000 төгрөгөөр түрээсэлье гэж гуйдаг байсан юм. Тухайн үед ямар ч байсан банкны өрнөөс гарах зорилготой 4 000 000 төгрөгийг аваад 1 жил хамтарч С.Ламжав гуайн өөрийнх нь компанид ажилласан юм. Тэгээд олигтой ашиг олохгүй болохоор нь би С.Ламжав гуайн компаниас гараад өөр газар руу явчихсан юм. Батзол ХХК нь 346 га газрыг ашиглаж байгааг Д.Вандан-Иш сүүлд намайг явснаас хойш мэдсэн. Надад 346 га газрыг эзэмшүүлэх талаар захирамж, шийдвэр гарсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Д.Вандан-Ишийн эзэмшлийн 346 га газрыг эзэмшилдээ авах талаар сумын Засаг дарга болон газрын даамалд хүсэлт гаргаж байгаагүй. Д.Вандан-Ишийн зүгээс Батзол ХХК-д 346 га газрыг шилжүүлэх эзэмшүүлэх талаар ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй. Би өөрөө тухайн үед  хүсэлт гаргаж байсан юм. Шанд тариа ХХК-ийн 346 га газрыг эзэмших эрхийг надад шилжүүлж өгөөгүй. Тухайн үед  би банкны өр зээлээ дарах зорилготой бичиг хийж өгсөн юм. Энэ бичгийг Лхамжав гуай өөрөө надад хэлж өгч байгаад бичүүлж байсан. Намайг ямар ч байсан бич гээд үгийг нь хэлж байгаад бичүүлж байсан юм. Энэ хүсэлтийнхээ талаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар Иргэний хэргийн шүүхэд хандаж байгаагүй. 2008 онд Батзол ХХК Зүүн шандын 346 га газрыг шилжүүлж авснаас хойш уг газрын төлбөрийг төлж байсан ...” гэв.

Шүүх нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                               

ҮНДЭСЛЭХ нь;

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Шанд тариа ХХК-ийн “Тариалан сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/68 дугаар захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтын “... Хонгор хувт ХХК-нд ... Зүүн шандын 346 га” гэсэн хэсгийг хүчингүй болгуулж, Шанд тариа ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг дараах үндэслэлүүдээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Хөөн хэлэлцэх хугацааны талаар

Гуравдагч этгээд Батзол ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Хонгор хувт ХХК-ийн өмгөөлөгч нараас маргаан бүхий захиргааны актын талаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар маргаж байгаа боловч нэхэмжлэгчийн маргаан бүхий захиргааны актын талаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж шүүх үзлээ.

Шанд тариа ХХК-ийн захирал А.Ганпүрэв 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өмгөөлөгч Б.Амаржаргалд итгэмжлэл[1] олгохдоо Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/68 дугаар захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтын “... Хонгор хувт ХХК-нд ... Зүүн шандын 346 га ...” гэсэн хэсгийг хүчингүй болгуулах гомдлыг компанийг төлөөлөн гаргах эрх олгосон байна.

Улмаар Шанд тариа ХХК-ийн төлөөлж, өмгөөлөгч Б.Амаржаргал Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/68 дугаар захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтын “... Хонгор хувт ХХК-нд ... Зүүн шандын 346 га ...” гэсэн хэсгийг хүчингүй болгуулах асуудлаар Хөвсгөл аймгийн Засаг даргад хандсаны хариуд аймгийн Засаг даргаас 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1/1145 тоот албан бичгээр[2] уг захирамжтай холбоотой газрын маргааны асуудлаар захиргааны хэргийн шүүхэд хандахыг зөвшөөрчээ.

Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсоохоор заасан тул нэхэмжлэгч Шанд тариа ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Тариалан сумын Засаг даргын дээд шатны албан тушаалтан болох аймгийн Засаг даргад хандсаныг хуульд нийцсэн гэж үзнэ.

Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15-д “Иргэн, хуулийн этгээд тогтоосон журмаар гомдол гаргасан, захиргааны байгууллага, албан тушаалтан иргэн, хуулийн этгээдийн гомдлыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана”, 33.16-д “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно” гэж заасан.

Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан журмын дагуу нэхэмжлэгч аймгийн Засаг даргад хандаж, улмаар аймгийн Засаг дарга 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1/1145 тоот албан бичгээр шүүхэд хандахыг зөвшөөрснөөр Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15, 33.16-д заасанчлан нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, хугацааг дахин шинээр тоолох үндэслэлтэй болж байна.

Иймд 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байна.

Хоёр. Үйл баримтын талаар

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын 1997 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 112 дугаар захирамжаар[3] иргэн Д.Вандан-Ишид газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлээр Ар тархи багийн нутаг Зүүн шандаас 346 га газрыг эзэмшүүлжээ.

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ар тархи багийн Зүүн шандын 346 га тариалангийн газар, Тариалан сумын Ар тархи багийн Оорцог шандын 346 га тариалангийн газар гэдэг нь хоёр өөрөөр нэрлэгдэж байх боловч угтаа нэг газрыг хэлж байгаа болох нь хариуцагч Тариалан сумын Засаг дарга Ц.Хөвсгөлдалай, гэрч Б.Алтантулга нарын мэдүүлгээр тогтоогдож байх ба үүнтэй хэргийн оролцогчид маргаагүй байна.

Иргэн Д.Вандан-Иш мал аж ахуй, үр тариа, тариалан, төмс, хүнсний ногоо тариалах, худалдах зэрэг үйл ажиллагаа явуулахаар Шанд тариа ХХК-ийг байгуулж 1998 оны 07 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 22 дугаар хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байна.

Компани үүсгэн байгуулагдаж улсын бүртгэлд бүртгүүлсэн 1998 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд тус компанийн захирал /эзэн/-аар Д.Вандан-Иш ажиллаж байсан болох нь гэрч Б.Алтантулгын мэдүүлэг, Шанд тариа ХХК-ийн татвар төлөгчийн хувийн хэрэгт авагдсан удирдлагын анкет[4], компанийн эзний анкет[5], компанийн гишүүдийн бүртгэл[6], дүрмийн хавсралт, Шанд тариа ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01 тоот тогтоолоор батлагдсан дүрэм[7], хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ[8] зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Шанд тариа ХХК-ийн зүгээс “Шанд тариа ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Вандан-Ишид Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын 1997 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 112 дугаар захирамжаар Тариалан сумын Ар тархи багийн нутаг Зүүн шандад газар тариалангийн зориулалтаар 346 га газрыг 40 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн учраас Д.Вандан-Ишийн 100 хувь хувьцаа эзэмшдэг Шанд тариа ХХК-д 21-11-0052 дугаартай газар эзэмших гэрчилгээ олгосон” гэж,

Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга “Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын 1997 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 112 дугаар захирамжаар Тариалан сумын Ар тархи багийн нутаг Зүүн шандад газар тариалангийн зориулалтаар 346 га газрыг иргэн Д.Вандан-Ишид эзэмшүүлсэн, харин Шанд тариа ХХК-д эзэмшүүлээгүй” гэж маргасан.

Иргэн Д.Вандан-Ишид Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын 1997 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 112 дугаар захирамжаар[9] Тариалан сумын Ар тархи багийн нутаг Зүүн шандад газар тариалангийн зориулалтаар 346 га газар эзэмшүүлснийг хожим 2000 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 21-11-00052 дугаар бүхий гэрчилгээ[10] бичиж Шанд тариа ХХК-д олгосон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 21-11-00052 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байна. Шанд тариа ХХК-ийн 21-11-00052 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн компанийн хувьд эерэг үйлчлэл бүхий захиргааны акт байх ба иргэн Д.Вандан-Иш энэ талаар маргаагүй байна. Иймд Шанд тариа ХХК нь Тариалан сумын Ар тархи багийн нутаг Зүүн шандад газар тариалангийн зориулалтаар 346 га газар эзэмших эрхтэй гэж үзэв.

Хариуцагч Тариалан сумын Засаг дарга “Д.Вандан-Иш Тариалан сумын Ар тархи багийн нутаг Зүүн шандын 346 га газрын эзэмших эрхээ Б.Алтантулгад шилжүүлж, Б.Алтантулга нь Батзол ХХК-д, Батзол ХХК нь Хонгор хувт ХХК-д шилжүүлсэн тул миний захирамж үндэслэлтэй” гэж,

Нэхэмжлэгч Шанд тариа ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амаржаргал “Шанд тариа ХХК-ийн захирал Д.Вандан-Иш Тариалан сумын Ар тархи багийн нутаг Зүүн шандын 346 га газрын эзэмших эрхээ Б.Алтантулгад шилжүүлээгүй, газар эзэмших эрхийг шилжүүлсэн захирамж гарч байгаагүй, Шанд тариа ХХК одоо ч Зүүн шандын 346 га газрыг эзэмших эрхтэй хэвээр байгаа тул Тариалан сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/68 дугаар захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтын “... Хонгор хувт ХХК-нд ... Зүүн шандын 346 га ...” гэсэн хэсэг үндэслэлгүй” гэж тус тус маргасан.

Шанд тариа ХХК-ийн захирал Д.Вандан-Иш биеийн эрүүл мэндийн байдлын улмаас компанийн үйл ажиллагааг түр хугацаагаар Б.Алтантулгад хариуцуулсан ба ингэхдээ Б.Алтантулгыг компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу гүйцэтгэх удирдлагаар албан ёсоор томилоогүй болох нь гэрч Б.Алтантулгын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1/1048 тоот албан бичиг[11] зэргээр тогтоогдож байна.

Шанд тариа ХХК-д 2000 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр олгосон 21-11-00052 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээний[12] арын нүүрний улсын бүртгэлд оруулсан өөрчлөлтийн тухай тэмдэглэл гэсэн хэсэгт “Д.Вандан-Иш захиралтай Шанд тариа ХК нь 2006 онд өөрийн хүсэлтээр газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан эрх зүйг ханган материал бүрдүүлэн өгч өөрийн эзэмшилтэй Ар тархи багийн Оорцог Шандын 346 га-г иргэн Д.Алтантулгад шилжүүлж байгааг хянан бүртгэв” гэж Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамал С.Эрдэнэдалай 2006 оны 03 дугаар сарын 14-ний өдөр тэмдэглэл үйлджээ.

Шанд тариа ХХК-д ажиллаж байсан Б.Алтантулга тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй атлаа Батзол ХХК-аас мөнгө авахын тулд 2007 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Шанд тариа ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг өгөхөөр тохирч, улмаар 2008 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Шанд тариа ХХК-ийн Оорцог шандын 346 га тариалангийн зориулалттай газрыг шилжүүлэх тухай хүсэлтийг Тариалан сумын Засаг даргын Тамгын газарт гаргасан болох нь гэрч Б.Алтантулгын мэдүүлэг болон хэргийн материалд авагдсан бусад баримтуудаар[13] нотлогдож байна.

Б.Алтантулгын дээрх хүсэлтийг үндэслэн Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамал С.Эрдэнэдалай 2008 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Батзол ХХК-ийн 21/1100036 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний[14] арын нүүрний улсын бүртгэлд оруулсан өөрчлөлтийн тухай тэмдэглэл гэсэн хэсэгт “Үр тариа үйлдвэрлэгч Шанд тариа ХХК-ийн эзэмшил талбайг шилжүүлэн Батзол ХХК-нд 545,5 га-г нэмж улсын бүртгэлд авч тайланд тусган төлбөр оногдуулав” гэж бичжээ.

Гэвч Шанд ХХК-ийн эзэмшлийн Тариалан сумын Ар тархи багийн нутаг Зүүн шандын 346 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг Шанд тариа ХХК-аас Б.Алтантулгад, Шанд тариа ХХК-аас буюу Б.Алтантулгаас Батзол ХХК-д шилжүүлсэн тухай Тариалан сумын Засаг даргын захирамж гарч байгаагүй болох нь хариуцагч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар тогтоогдож байна.

Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн бөгөөд 38 дугаар зүйлийн 38.1, 38.4-т зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлэх ба эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргаж, уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал аймгийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болохоор байна.

 Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар сумын Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч бөгөөд эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд тогтоомжид нийцүүлэн захирамж гаргахаар хуульд заажээ.

Төр өөрийн өмчийн газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэх, тэдний газар эзэмших эрхийн гэрчилгээг хуульд заасан журмын дагуу бусдад шилжүүлэх эрхтэй ба үүнийг харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засаг дарга хэрэгжүүлж, эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах ёстой.

Гэтэл Шанд ХХК-ийн эзэмшлийн Тариалан сумын Ар тархи багийн нутаг Зүүн шандын 346 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг Шанд тариа ХХК-аас Б.Алтантулгад, Шанд тариа ХХК-аас буюу Б.Алтантулгаас Батзол ХХК-д шилжүүлсэн тухай Тариалан сумын Засаг даргын захирамж гарч байгаагүй тул Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар Шанд тариа ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ бусдад шилжээгүй, тус компани одоог хүртэл газар эзэмших эрхтэй байна гэж шүүх үзлээ.

Хариуцагчийн “Тариалан сумын Ар тархи багийн нутаг Зүүн шандын 346 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг Шанд тариа ХХК-аас Б.Алтантулгад, Б.Алтантулгаас Батзол ХХК-д шилжүүлсэн тухай газар эзэмших эрхийн гэрчилгээний ар талд бичсэн бүртгэл хүчинтэй” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй юм. Учир нь хэдийгээр Шанд тариа ХХК болон Батзол ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний арын нүүрэнд газар эзэмших эрхийг шилжүүлсэн мэт тэмдэглэл үйлдсэн байх боловч энэ нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар Засаг дарга шийдвэр гаргаагүй байхад хийсэн тэмдэглэл тул хуулийн шаардлага хангаагүй, хууль зүйн хувьд хүчин төгөлдөр болоогүй байна.

Иймд Тариалан сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/68 дугаар захирамжийн[15] захирамжлах хэсгийн 1 дэх заалтаар “... Хонгор хувт ХХК-нд ... Зүүн шандын 346 га” гэсэн хэсэг нь Шанд тариа ХХК-ийн Тариалан сумын Ар тархи багийн нутаг Зүүн шандад байрлах 346 га тариалангийн зориулалттай газрыг эзэмших субьектив эрхийг хөндсөн байх тул хүчингүй болгох нь зүйтэй байна.

Харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж зохих журмын дагуу буруутай этгээдээс хохирлоо гаргуулах эрхтэйг тэмдэглэе.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/68 дугаар захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтаар “... Хонгор хувт ХХК-нд ... Зүүн шандын 346 га” гэсэн хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын Тамгын газраас 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Шанд тариа ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ж.ГАНЧИМЭГ

 


[1] Хэргийн 12 дугаар хуудас

[2] Хэргийн 6 дугаар хуудас

[3] Хэргийн 3 дугаар хуудас

[4] Хэргийн 96 дугаар хуудас

[5] Хэргийн 104 дүгээр хуудас

[6] Хэргийн 105 дугаар хуудас

[7] Хэргийн 8-10 дугаар хуудас

[8] Хэргийн 7 дугаар хуудас

[9] Хэргийн 3 дугаар хуудас

[10] Хэргийн 71 дүгээр хуудас

[11] Хэргийн 89 дүгээр хуудас

[12] Хэргийн 71 дүгээр хуудас

[13] Хэргийн 5 дугаар хуудас, 40 дүгээр хуудас

[14] Хэргийн 38 дугаар хуудас

[15] Хэргийн 56 дугаар хуудас