Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 465

 

2020 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2020/0465

Улаанбаатар хот

 

                 Н.Э-ийн нэхэмжлэлтэй

               захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарангэрэл даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгч Н.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, Х.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 310 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, Н.Э-ийн нэхэмжлэлтэй, Н.Т.Г-т холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 310 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 17 дугаар зүйлийн 17.7, 27 дугаар зүйлийн 27.1.5  дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Э-ийн гаргасан, “Нийслэлийн Татварын газрын дарга нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргаар ажиллаж байсан намайг Налайх дүүргийн Татварын хэлтсийн даргын ажилд шилжүүлэн томилохдоо “...томилолтын хугацаа дуусангуут Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын ажилд эргүүлэн томилно гэсэн амлалт болон шүүхэд гаргасан миний гомдлыг татуулахдаа Налайх дүүрэгт 2 өрөө орон сууц өгнө гэсэн амлалтаа биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, эдгээр амлалтуудаа биелүүлэхийг Нийслэлийн Татварын газрын даргад даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гомдолдоо: “...нэхэмжлэгч Н.Э миний зүгээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэнгийн даргалан хуралдуулсан 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 310 дугаар шүүхийн шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч, улмаар дараах гомдлыг Давж заалдах шатны шүүхэд гаргаж байна.

Нэхэмжлэгч миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж хуульчилсны дагуу шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан билээ.

Нийслэлийн Татварын газар болон Татварын ерөнхий газар нь тухайн үеийн удирдлагын зүгээс надад олон зүйлийн амлалт өгч түүнийгээ албан бичгээр болон Нийслэлийн Татварын газрын даргын тушаалаар албажуулан нэгэнт миний талд ашигтайгаар асуудлыг шийдээд байсан Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 212 дугаар шийдвэр, Давж заалдах шатны шүүхээс дахин миний талд буюу намайг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргаар эгүүлэн томилох шийдвэр гаргасан 212 дугаар шүүхийн шийдвэрийг дэмжин 2009 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 279 дугаар магадлал гараад байсан хэргээ хяналтын шатны шүүхээс татан авсан бөгөөд энэ асуудал болж өнгөрснөөс ердөө 3 сар гаруйн дараа намайг ажлаас халсан талаар болон амласан амлалтаа өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байгаа нь миний хөдөлмөр эрхлэх эрх бусад олон эрх ашгийг ноцтой зөрчсөн “эс үйлдэхүй” болохыг тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлд шүүгч бодитой хандахын оронд “хариуцагч талын байр суурийг хамгаалан нэгэнт намайг олон жилээр яллаж байгаа Налайх дүүргийн Татварын хэлтсийн даргаас чөлөөлсөн хэргийг дахин сөхөж асуудалд өрөөсгөл хандаж улмаар дээрх намайг ажлаас халсан Нийслэлийн Татварын газрын даргын 90 дүгээр тушаал гарснаар миний татварын ахлах байцаагчийн эрх төдийгүй улсад хөдөлмөр эрхлэх эрх, шүүхэд нэхэмжлэл гаргах эрх “хаагдсан” мэтээр дүгнэн үзэж, шийдвэрээ гаргасанд маш их гомдолтой байна.

Иймд 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 310 дугаар анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.4-д заасны дагуу бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т зааснаар хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах асуудлыг бүрэн тодруулалгүй, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэлгүй, маргааны үйл баримтыг хэргийн бодит нөхцөл байдалд холбогдуулан тайлбарлалгүй шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д заасныг зөрчсөн байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 462 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2011 оны 09 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2011 оны 45 дугаар тогтоол нь хэрэгт нотлох баримтаар авагдаагүй бөгөөд эдгээр нь шүүхийн шийдвэрийн цахим санд бүртгэгдээгүй байна.

Түүнчлэн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтийг[1] /Татварын ерөнхий газрын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1/432 дугаар албан бичиг, О.З-д хүргүүлсэн ажлын хэсгийн дүгнэлт, Улсын дээд шүүхийн 1/129 дүгээр тогтоолыг гаргасан шүүх хуралдааны тэмдэглэл/ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсны дараа шийдвэрлэхээр шүүх хуралдааныг хойшлуулсан атлаа уг хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э-оос[2] нэхэмжлэлийн шаардлага тодруулсантай холбоотойгоор нотлох баримт гаргуулах хүсэлтийг шийдвэрлэхээр болсон гэх агуулгаар хангалттай баримт цугларсан эсэх талаар байр сууриа илэрхийлсэн байхад үүнийг тодруулж, анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. 

Нэхэмжлэгч 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулжээ. Үүнд:

“1. Надад маш тодорхой амлалт өгч хяналтын шат хүртэл миний талд ашигтайгаар шийдээд байсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1/29 дүгээр тогтоолыг гаргахад гол нөлөө үзүүлсэн “амлалтаа огт хэрэгжүүлээгүй” байгааг шалган үзэж, тэдний энэ үйлдэл нь намайг хохироосон “эс үйлдэхүй” мөн болохыг шүүхээс тогтоож өгнө үү.

2. Намайг шилжүүлэн ажиллуулах хугацаа дуусмагц Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргаар эгүүлэн томилно гэсэн амлалтаа биелүүлээгүйгээр барахгүй, тодорхой шалтгаангүйгээр Налайх дүүргийн Татварын хэлтсийн даргын үүрэгт ажлаас минь ч халж хохироосон, улмаар шүүхээс 1 жилээр миний төрийн албанд ажиллах эрхийг хассан атал 10 жилээр зөвхөн энэ л шалтгаанаар ажилгүй явуулан хохироосон болохыг шүүхээс тогтоож өгнө үү.

3. Надад амласан амлалтуудаа биелүүлэхийг шүүхээс Н.Т.Г-т даалгаж өгнө үү” гэжээ.

Хэргийг шийдвэрлэсэн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс “...нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж шүүхэд өгсөн”[3] гэх тайлбарыг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д заасан ямар шийдвэр гаргуулахыг хүсээд байгаа нь тодорхойгүй байна” гэх тайлбарыг тус тус хийж байжээ.

Гэтэл анхан шатны шүүх энэ талаар тодруулж, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл буюу захиргааны ямар хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, ашиг сонирхол зөрчигдсөн талаар гүйцэд тодруулаагүй байна. 

Шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг  “Нийслэлийн Татварын газрын дарга нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргаар ажиллаж байсан намайг Налайх дүүргийн Татварын хэлтсийн даргын ажилд шилжүүлэн томилохдоо “...томилолтын хугацаа дуусангуут Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын ажилд эргүүлэн томилно гэсэн амлалт болон шүүхэд гаргасан миний гомдлыг татуулахдаа Налайх дүүрэгт 2 өрөө орон сууц өгнө гэсэн амлалтаа биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, эдгээр амлалтуудаа биелүүлэхийг Нийслэлийн Татварын газрын даргад даалгуулах” гэснээр тодорхойлж,  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн “...Нийслэлийн Татварын газар болон Татварын ерөнхий газрын тухайн үеийн удирдлагын зүгээс надад олон зүйлийн амлалт өгч түүнийгээ албан бичгээр албажуулсан боловч 3 сар гаруйн дараа намайг ажлаас халж, өнөөдрийг хүртэл амлалтаа биелүүлэхгүй 10 жил болж байгаа нь миний хөдөлмөр эрхлэх эрх болон бусад олон эрх ашгийг ноцтой зөрчсөн “эс үйлдэхүй” болохыг тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлд шүүгч бодитой хандахын оронд намайг олон жилээр яллаж байгаа Налайх дүүргийн Татварын хэлтсийн даргаас чөлөөлсөн хэргийг дахин сөхөж асуудалд өрөөсгөл хандаж, шүүхэд нэхэмжлэл гаргах эрх “хаагдсан” мэтээр дүгнэн  шийдвэрээ гаргасанд маш их гомдолтой байна..” гэх давж заалдах гомдлыг шууд үгүйсгэх боломжгүй байна.

Учир нь шүүх нэхэмжлэлийн шаардлагыг гүйцэд тодруулсны үндсэн дээр  хэрэгт хамааралтай, маргааныг нэг мөр шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулж, Н.Э-ийн “...Татварын ерөнхий газар болон Нийслэлийн Татварын газрын тухайн үеийн удирдлагын хэлсэн амлалтаа биелүүлээгүйгээс 10 жил хохирч байна...” гэх агуулгаар хариуцагч байгууллагын эс үйлдэхүйтэй маргаж байгаа үйл баримтыг бодит нөхцөл байдалтай холбогдуулан тайлбарлах замаар Н.Э-ийн эрх, хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн эсэхэд дүгнэлт хийж шийдвэрлэх ёстой.

Энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөж, хэргийг хянах боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг зөв тодорхойлуулсны үндсэн дээр маргааныг нэг мөр шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3, 121.3.3, 121.3.4 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 310 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Э давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийг төлөөгүй болохыг дурдсугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

            ШҮҮГЧ                                                           А.САРАНГЭРЭЛ

 

                      ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

 

                      ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 99-100 дахь тал

[2] Хавтаст хэргийн 123-124 дэх тал 

[3] Хавтаст хэргийн 121 дэх тал