Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 106

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М,

улсын яллагч Б.Б,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А,

шүүгдэгч Х.Д  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С  овогт Х ын Д д холбогдох эрүүгийн 191300000000 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 15 цаг 20 минутад хүлээн авч, 2019 оны 7 дугаар  сарын 19-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С  овогт Х ын Д  нь 1981 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ислам шашны туслах номлогч мэргэжилтэй, Цэнгэл сумын Исламын сүмд туслах номлогч ажилтай, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр багт оршин суудаг, яс үндэс казах, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар БЛ0000000.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

Шүүгдэгч Х.Д  нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт Б.Е ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч Х.Д  мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.

Хоёр: Эрүүгийн 191300000000 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Б.Е ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Тухайн өдөр буюу 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр би өөрийн үйл ажиллагаа явуулдаг “Ал-Азиз” сүмд сууж байхад өдрийн 15 цаг өнгөрч байхад миний эхнэр Н  над руу утасдаж “миний хичээл дуусаж байна, ирээд аваарай" гэж хэлсэн. Би “за тэгвэл би хэдэн минут эртхэн гараад “Дидиш”-ийн кабел, зурагт худалдаж байгаа юм байна, тэрний үнийг нь судлаад байж байя” гэж хэлээд сумын төв орж “Дидиш”-ийн үнийг судалж аваад эхнэрээ авч явъя гээд Т  гэдэг хүний барилгын материалын урд талд машинтай зогсож байсан.

Тэгээд би зогсож байхад О  гэдэг залуу явж байсан ба би О аас “хаашаа явж байгаа юм бэ дүү” гэж асуухад О  гэр лүүгээ явж байгаа талаар хэлэхээр нь адилхан дээд талын гудамжид амьдардаг болохоор О т “би одоо эхнэрээ аваад гэр рүү буцна, миний машинд суучих, гэрт чинь дөхүүлээд өгье” гэж хэлсэн юм. Тэгээд О  миний машины хойд талд ирж суусан. Тэгээд бид хоёр Н г хүлээж сууж байхад Д  миний хажуугаар өнгөрч явсан ба хэсэг хугацааны дараа гарч ирээд бас миний хажуугаар өнгөрч явж байгаад буцаж ирээд миний машины туслах тал буюу зүүн талын хаалгыг онгойлгосон. Миний машин “Тоёота ист” маркийн тээврийн хэрэгсэл ба жолооны хүрд нь буруу талдаа буюу баруун талд нь байдаг. Тухайн үед би жолооны хүрд талд сууж байсан ба Д  ирж зүүн талын хаалгыг онгойлгоод надтай мэндэлсэн юм. Тэгээд би бас мэндлээд байж байтал Д  нь салаавч гаргаад миний ам руу хүргэсэн юм. “Рамазан сар дууссаны дараа чамайг харна, Цэнгэлд нэг бол чи оршин сууна, эсвэл би оршин сууна, чамайг ална” гэж хэлсэн юм. Тэгээд би “яагаад вэ. Чиний надаас авч чадахгүй байгаа өс хонзон байгаа юм уу” гэж хэлэхэд Д  миний машины кабин руу орж ирж байгаад намайг зүүн талын хацрын төвгөр хэсгээс 2-3 удаа нударгаараа цохисон, мөн хөлөөрөө хоёр удаа хэвлийн тус газар өшиглөсөн юм. Тэгэхэд би О т цагдаа дууд гэсэн ба тухайн үед О  яваад төлөөлөгч дуудаж ирсэн байна. Болсон асуудал энэ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,

2. Гэрч Б.О ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Сууж байхад Д  гэдэг хүн цагдаагийн хэсгээс гарч байсан ба бид нарын хажуугаар өнгөрч явчхаад буцаж ирээд Е тай машины зүүн талын хаалгыг онгойлгож мэндэлсэн юм. Е ын машины жолоо нь буруу талдаа буюу баруун талд нь байрласан. Тухайн үед Е  жолоочийн талд сууж байсан ба Д тэй харилцан мэндэлсэн юм. Тэгээд Д  шууд “Цэнгэл суманд нэг бол чи сууна, эсхүл би оршин суух болно, нэг бол чи үхнэ, нэг бол би үхэх болно” гэж хэлэхэд Е  Д д чи зүгээр явчих л даа гэж хэлсэн. Тэгээд Д  эхлээд салаавч гаргаад Е ын ам руу нь хүргэж май гэж хэлсэн. Дараа нь машин дотор тал руу биеэр орж ирж байгаад Е ын зүүн хацар тус газар баруун талын нударгаараа 2-3 цохичихсон юм. Тухайн үед Д  надад бас “чи энэтэй нийлсэн юм уу, чи тийм мундаг юм уу” гэсэн зүйл ярьсан юм. Миний харсан асуудал энэ. Тухайн үед Д  миний харснаар Е ын зүүн талын хацар тус газар 2-3 удаа цохисон юм. Тухайн үед би Е ыг Д  өшиглөснийг хараагүй. Тэр үед Е  намайг цагдаа дууд гэж явуулсан ба би цагдаа дуудахаар явчихсан юм. Би явсны дараа өшиглөсөн талаар Е  надад хэлж байсан юм. Зодооны дараа Е  өвдлөө гэхээр нь би Е ыг гэрт нь хүргэж өгсөн юм. Тухайн үед Е ын зүүн талын нүд нь хөхөрч, бие өвдөөд байна гэж хэлсэн. Тэгээд Б  гэдэг эмчийг дуудаж үзүүлсэн ба Б  үзээд тодорхойлолт бичиж өгөөд та аймаг явж үзүүлсэн нь дээр гэж хэлж явуулсан юм. Тухайн үед би сандарсан байсан болохоор тэнд хэн хэн байсныг анзаарч хараагүй болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-32 дугаар хуудас/,

3. Гэрч С.Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “... Миний нөхөр тухайн өдөр буюу 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гэрээс гараагүй ба өдрийн 14 цаг 30 минутын үед би сургууль дээр сонгон хичээл заах байсан ба намайг сургуульд хүргэж өгсөн юм. Тэр үед миний нөхөр зүв зүгээр байсан юм. Тэгээд би сонгон суралцагчдад хичээл заачхаад 16 цагийн үед намайг ирээд аваад яваарай гэж би нөхөр рүүгээ утасдаж хэлсэн юм. Тэгээд нөхөр маань за тэгье, би эртхэн гараад сумын төвд “Дидиш”-ийн сувгийн кабель зарж байгаа юм байна, тэрний үнийг нь судлаад хүрээд ирье гэж хэлсэн. Тэгээд миний нөхөр өөрөө хэлэхэд 15 цаг 30 минутын үед сумын төвд ирсэн байна. Тухайн үед миний хичээл 16 цаг гэж тараад гарсан юм. Тэгээд машинд ирэх үед миний нөхөр Е  нь зүүн талын нүд нь хавдсан, хэвлий хавиар өвдөж байна гээд сууж байсан юм. Тэгээд би юу болсон талаар асуухад Д  намайг зодлоо, мөн хэл амаар доромжилж хараасан, би мацаг барьж байгаа мацаг минь тайлагдчих вий гэж юм дуугараагүй гэж сууж байсан юм. Тухайн үед машин дотор О  гэдэг залуу сууж байсан юм. Тэгээд нөхөр бид хоёр гэр лүү очсоны дараа нөхөр маань хөхөрч, халуураад хэвлий хавиар өвдөж байна гэж даралт нь ихэссэн юм. Тэгээд би эмч дуудсан ба Б  гэдэг эмч ирээд үзээд би тайвшруулах тариа хийе, эсвэл даралтын эм уугаарай, гэж хэлэхэд Е  би мацаг барьж байгаа тариа хийлгэж, эм уувал мацаг маань тайлагдах болно, ямар ч байсан тэвчье гэж хэлсэн. Тэгээд Б  эмч та ямар ч байсан аймаг орж эмчид үзүүлсэн нь зөв байх, манай суманд нарийн үздэг аппарат тоног төхөөрөмж байхгүй, таныг өшиглөх үед таны хэвлий доторх эрхтнүүдэд ямар гэмтэл учирсныг бид нар мэдэх боломжгүй гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр аймгийн төвд орж ирээд эмчид үзүүлсэн” мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,

4. Гэрч Б.Б ий мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр иргэн Е  гэдэг залуу түргэн дуудсан ба ерөнхий эмчийн хэлснээр очиж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн юм. Би очиход Е  орон дээр хэвтэж байсан ба Д  гэдэг хүнд зодуулсан талаар хэлсэн юм. Тэгээд би Е ын биеийн байдлыг үзэхэд зүүн тал шанаа хавьцаа хавдсан, хэвлий хэсгээр тэмтрэхэд эмзэглэлтэй, даралт нь бага зэрэг ихэссэн 150-80 хэмжээтэй байсан юм. Өөр ямар нэгэн өөрчлөлт байгаагүй. Тэгээд би аймагт очиж гэмтлийн эмчид үзүүлэхийг зөвлөсөн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/, 

5. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Б гийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 238 дугаарттай “... Иргэн Б.Е ын зүүн талын нүдний дээд доод зовхи, зүүн талын хацрын төвгөрийн хэсгийг хамарсан хөх ягаан өнгийн цус хураалт, хэвлийн баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/,

6. Шүүгдэгч Х.Д ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 57 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 59 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.Эрдэнэцоожийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.Д  нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт Б.Е ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтууд болох

- Хохирогч Б.Е ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Тэгээд О  бид хоёр эхнэр Н г хүлээж сууж байхад Д  миний хажуугаар өнгөрч явсан ба хэсэг хугацааны дараа гарч ирээд бас миний хажуугаар өнгөрч явж байгаад буцаж ирээд миний машины туслах тал буюу зүүн талын хаалгыг онгойлгосон. Миний машин “Тоёота ист” маркийн тээврийн хэрэгсэл ба жолооны хүрд нь буруу талдаа буюу баруун талд нь байдаг. Тухайн үед би жолооны хүрд талд сууж байсан ба Д  ирж зүүн талын хаалгыг онгойлгоод надтай мэндэлсэн юм. Тэгээд би бас мэндлээд байж байтал Д  нь салаавч гаргаад миний ам руу хүргэсэн юм. “Рамазан сар дууссаны дараа чамайг харна, Цэнгэлд нэг бол чи оршин сууна, эсвэл би оршин сууна, чамайг ална” гэж хэлсэн юм. Тэгээд би “яагаад вэ. Чиний надаас авч чадахгүй байгаа өс хонзон байгаа юм уу” гэж хэлэхэд Д  миний машины кабин руу орж ирж байгаад намайг зүүн талын хацрын төвгөр хэсгээс 2-3 удаа нударгаараа цохисон, мөн хөлөөрөө хоёр удаа хэвлийн тус газар өшиглөсөн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,

- Гэрч Б.О ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Сууж байхад Д  гэдэг хүн цагдаагийн хэсгээс гарч байсан ба бид нарын хажуугаар өнгөрч явчхаад буцаж ирээд Е тай машины зүүн талын хаалгыг онгойлгож мэндэлсэн юм. Е ын машины жолоо нь буруу талдаа буюу баруун талд нь байрласан. Тухайн үед Е  жолоочийн талд сууж байсан ба Д тэй харилцан мэндэлсэн юм. Тэгээд Д  шууд “Цэнгэл суманд нэг бол чи сууна, эсхүл би оршин суух болно, нэг бол чи үхнэ, нэг бол би үхэх болно” гэж хэлэхэд Е  Д д чи зүгээр явчих л даа гэж хэлсэн. Тэгээд Д  эхлээд салаавч гаргаад Е ын ам руу нь хүргэж май гэж хэлсэн. Дараа нь машин дотор тал руу биеэр орж ирж байгаад Е ын зүүн хацар тус газар баруун талын нударгаараа 2-3 цохичихсон юм. Тухайн үед Д  надад бас “чи энэтэй нийлсэн юм уу, чи тийм мундаг юм уу” гэсэн зүйл ярьсан юм. Миний харсан асуудал энэ. Тухайн үед Д  миний харснаар Е ын зүүн талын хацар тус газар 2-3 удаа цохисон юм. Тухайн үед би Е ыг Д  өшиглөснийг хараагүй. Тэр үед Е  намайг цагдаа дууд гэж явуулсан ба би цагдаа дуудахаар явчихсан юм. Би явсны дараа өшиглөсөн талаар Е  надад хэлж байсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-32 дугаар хуудас/,

- Гэрч С.Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Тэгээд машинд ирэх үед миний нөхөр Е  нь зүүн талын нүд нь хавдсан, хэвлий хавиар өвдөж байна гээд сууж байсан юм. Тэгээд би юу болсон талаар асуухад Д  намайг зодлоо, мөн хэл амаар доромжилж хараасан, би мацаг барьж байгаа мацаг минь тайлагдчих вий гэж юм дуугараагүй гэж сууж байсан юм. Тухайн үед машин дотор О  гэдэг залуу сууж байсан юм. Тэгээд нөхөр бид хоёр гэр лүү очсоны дараа нөхөр маань хөхөрч, халуураад хэвлий хавиар өвдөж байна гэж даралт нь ихэссэн юм. Тэгээд би эмч дуудсан ба Б  гэдэг эмч ирээд үзээд би тайвшруулах тариа хийе, эсвэл даралтын эм уугаарай, гэж хэлэхэд Е  би мацаг барьж байгаа тариа хийлгэж, эм уувал мацаг маань тайлагдах болно, ямар ч байсан тэвчье гэж хэлсэн. Тэгээд Б  эмч та ямар ч байсан аймаг орж эмчид үзүүлсэн нь зөв байх, манай суманд нарийн үздэг аппарат тоног төхөөрөмж байхгүй, таныг өшиглөх үед таны хэвлий доторх эрхтнүүдэд ямар гэмтэл учирсныг бид нар мэдэх боломжгүй гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр аймгийн төвд орж ирээд эмчид үзүүлсэн” мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,

- Гэрч Б.Б ий мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр иргэн Е  гэдэг залуу түргэн дуудсан ба ерөнхий эмчийн хэлснээр очиж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн юм. Би очиход Е  орон дээр хэвтэж байсан ба Д  гэдэг хүнд зодуулсан талаар хэлсэн юм. Тэгээд би Е ын биеийн байдлыг үзэхэд зүүн тал шанаа хавьцаа хавдсан, хэвлий хэсгээр тэмтрэхэд эмзэглэлтэй, даралт нь бага зэрэг ихэссэн 150-80 хэмжээтэй байсан юм. Өөр ямар нэгэн өөрчлөлт байгаагүй. Тэгээд би аймагт очиж гэмтлийн эмчид үзүүлэхийг зөвлөсөн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/, 

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Б гийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 238 дугаарттай “... Иргэн Б.Е ын зүүн талын нүдний дээд доод зовхи, зүүн талын хацрын төвгөрийн хэсгийг хамарсан хөх ягаан өнгийн цус хураалт, хэвлийн баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.     

Шүүгдэгч Х.Д ийн гэм буруутай үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Х.Д ийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Мөн шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.Д  нь иргэн Б.Е ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Х.Д ээс шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.

Иймд шүүгдэгч Х.Д ийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Х.Д ийн зүй бус харилцаа нь гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн гэж үзлээ.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Х.Д ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Е ын эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Х.Д  нь хохирогч Б.Е тай сайн дураараа эвлэрсэн, учруулсан хохирлын улмаас үүсэн үр дагавар буюу хор уршиг болох 500.000 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр төлөхөө бичгээр илэрхийлсэн тул шүүгдэгч Х.Д ээс 500.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Е ад олгох нь зүйтэй байна.

3.Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Х.Д эд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Х.Д  нь хохирогч Б.Е тай сайн дураараа эвлэрч, хохирлыг төлж өгөхөө илэрхийлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 5/60 дугаартай саналд яллагдагч Х.Д эд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Х.Д  хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 76 дугаар хуудас/.

Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй тул шүүхээс шүүгдэгч Х.Д эд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Д эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулахаа илэрхийлсэн байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож, 3 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлж дуусган, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Д  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэлийг шалгасан хуудсаар нотлогдож байна.

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

4. Бусад асуудлаар.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

Битүүмжилсэн хөрөнгө болох шүүгдэгч Х.Д ийн хар халзан зүсмийн 4 настай, зүүн талын чихний хойд талаас олом имтэй, эм сарлаг үхрийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй.

Шүүгдэгч Х.Д эд урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг ирүүлээгүй болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С  овогт Х ын Д ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д эд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сар буюу 90 хоногийн дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Д ээс 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.Е ад олгосугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Х.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Д ийн хар халзан зүсмийн 4 настай, зүүн талын чихний хойд талаас олом имтэй, эм сарлаг үхрийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

8. Шүүгдэгч Х.Д ийн хувийн бичиг баримтыг ирүүлээгүй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.Д эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Х.Д эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.Т