| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2019/0108/Э |
| Дугаар | 105 |
| Огноо | 2019-07-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 10 өдөр
Дугаар 105
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С,
орчуулагч, хэлмэрч Б.Р,
улсын яллагч М.Ф,
шүүгдэгч нарын өмгөөлөгчид С.Т , С.Н ,
шүүгдэгч Т.А, О.Р нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.А , О.Р нарт холбогдох эрүүгийн 1813000000000 дугаартай хэргийг Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 09 цаг 40 минутад хүлээн авч, 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Н сумын ****дугаар багт оршин суудаг, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, ухаан мэдрэл бүрэн, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С овогт О Р , регистрийн дугаар БЗ000000000.
2. Монгол Улсын иргэн, 1988 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Ногооннуур сумын 5 дугаар багийн багийн Засаг дарга ажилтай, Ногооннуур сумын 5 дугаар багт оршин суудаг, ам бүл 6, эхнэр, 2 хүүхэд, дүү нарын хамт амьдардаг, ухаан мэдрэл бүрэн, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ж овгийн Т гийн А , регистрийн дугаар ****.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч О гийн Р , Т гийн А нар нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 12 цагийн үед тус багийн нутаг дэвсгэр “Хос Харагай” гэх газарт нохой буудсан гэх асуудлаар маргалдаж, улмаар харилцан зодолдсоноос хохирогч О.Р , Т.А нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч О.Р мэдүүлэхдээ: “Би мэдүүлэг өгнө. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр гэрийн гадаа байсан. Нохой будаад хүмүүс явж байсан. Миний нохойг буудсан байна. Би яагаад нохойг буудаж байгаа юм бэ гэж хэлсэн. Би очиход миний нохойг аль хэдийн буудсан байсан. Тэрнээс болж А бид хоёр маргалдсан. Тэрээр миний хамар луу цохисон. Би түүний хөл тус газар 1 удаа өшиглөсөн гэв.
2. Шүүгдэгч Т.А мэдүүлэхдээ: Тухайн үйл явдал 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 12 цагийн үед болсон. 9 дүгээр сард золбин нохой буудах тухай Ногооннуур сумын Засаг даргын захирамжаар 2 удаа хэсэгчлэн нохой буудсан. 11 дүгээр сарын үед бид нохой буудаад явж байсан. Би болон 4 багийн Засаг дарга, 1 малын эмч, нохой бууддаг нэг хүн явж байсан. Нохойг Б гэх урианхай хүн буудсан. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт М болон М гэх айлын ойролцоо нохой буудаж байсан. Тухайн үед идэш гаргаж байсан М гэх хүний бэр “дээд талд байдаг Ө , Р гэдэг хүний эцэг О гийн гэрт нэг цагаан нохой байдаг, одоо өвлийн улиралд эрт харанхуй болж байна. О гийн нохой хүүхдүүд рүү хэд хэдэн удаа дайрсан байна, арга хэмжээ авч өгөөрэй” гэж хэлэхэд “за” гээд яваад өгсөн. Р ийн гэрээс хол газар Т гэх айлын хажууд 10 гаруй нохой явж байсан. Тухайн үед айлууд идэш бэлдэж байсан. Р гэх дүүгийн гэрийн хажууд Р ийн хүргэн ах байсан. Р ийн охин дүүгийн гэрт шар нохой байсан ба тэрээр “манай нохойг битгий буудаач, би мөнгийг нь төлье, бид нохойгоо уул руу авч явах гэж байгаа” гэж хэлсэн. Нохой буудаж байсан хүн нэг хар нохойг буудах үед цагаан нохой дайрсан. Цагаан нохой дайрах үед буудсан ба тэрээр дахин дайрах үед дахин буудаж алсан. Бид нохойг ачиж болоод А гэх хүн машины баруун талын урд, А , Н суусны дараа би суугаад Х машины гадна байхад Р , ах Ө нарын хамт 3-4 хүн биднийг чиглээд гүйгээд ирсэн. Тухайн үед хүмүүс нохойн эзэн ирж байна гэж хэлцгээсэн. Р машины урд байсан Б г хэд хэдэн удаа цохисон. Тухайн үед Р ийн ээж, дүү нар байсан. Би тэднийг салгах гээд хөлөө машинаас буулгаж байхад Р миний хөлөөс татаж, дух хэсэг рүү цохисон. Би тухайн үед толгой эргээд манарсан байдалтай байсан. Х гэх хүн машинаас надаас түрүүлж буух гэж байсан. Тухайн үед хүмүүс цагдаа дуудаарай гэж хэлсэн. Тухайн үед цагдаа нар аймагт сургалттай байсан ба эзгүй байсан. Би машины ар талын суудалд сууж байхад Р , түүний ах Ө нар машин дотор орж ирээд Н гэх хүнийг машинаас гаргаж ирээд туслах талын жолооч талын машины доор оруулж байгаад өшиглөж зодсон. Би машины зүүн тал руу эргэхэд Х гэх Засаг дарга өөрийнхөө машинтай ирж байсан. Тэр үед Р миний ар талаас ирээд цохих үед би нүүрээрээ газар унасан. Тухайн үед Х ирж биднийг салгаж аваад “чи эрүүл үү, хүн аллаа шүү дээ” гэж хэлсэн. Үүнийг өөрөө мэдэж байгаа байх. Р биднийг доромжлоод хэлээгүй үг байхгүй. Р зөвхөн намайг зодоогүй. Р худал мэдүүлэг өгч байна. Чиний нохойг буудахаар яадаг юм бэ гэж хэлээгүй. Р хашаа үсэрч гарч ирээд Б г зодоод, машинд хагас байдалтай сууж байсан намайг зодсон. Би шинжээч эмч Х ад хөхөрсөн болон хөлд үүссэн шарх сорвийг хүртэл үзүүлсэн. Р 6 хүний 4 хүнийг зодсон. Тухайн үед “чиний нохойг буудахаар яадаг юм” гэж хэл амаар доромжлох боломж байгаагүй. 30-40 минут, бараг 1 цаг хүртэл үргэлжилсэн маргаан болсон. Тухайн үед хүмүүс цугларсан байсан. Бүх зүйл дууссаны дараа Р ийн ээж нь ирсэн. Р ийн ээж нь “би очиход хүүхдүүд маргаж байсан” гэж мэдүүлэг өгсөн. Дараа нь Р ийн ээж болон түүний хамаатан садангууд “А баруун гараараа Р ийг цохисон” гэж хэлсэн. Гэрчид мөрдөгчид хууль сануулсан болов уу. Гэрч нар эхэндээ үнэнийг хэлсэн мөртлөө дараа нь намайг гүтгэж байна. Би тухайн үед төрийн ажлаар явж байсан. Би тухайн үед нохойг буудаагүй. Би хашаанд уяатай байсан нохойг буудсан бол болох байсан. Мөрдөгч С тухайн үед нохой байсан газрыг метрлэж үзсэн. Бид золбин нохой буудаад явж байсан. Тухайн нохойг Р ийн нохой гэж мэдээгүй. Тухайн үед 3-4 цагаан нохой байсан. Би Р ийг зодоогүй. Би Р ийг зодох нь битгий хэл өөрөө манарсан байдалтай байсан. Би хэн хэнийг яаж зодсоныг ч мэдэхгүй байна. Намайг Р ийг зодсон гэж үзвэл би аргагүй хамгаалалт хийсэн. Ах дүү 3 ирээд өшиглөсөн. Мөн Р ийн нэг ах нэмж ирсэн. Засаг дарга Н биднийг салгаж авсан. Би зодоон дууссан дараа “миний толгой өвдөж байна, би урьд нь толгойдоо гэмтэл авч байсан, би уг асуудлыг далимдуулаагүй, би үнэнээ ярьж байна, толгой өвдөж байна, миний толгой өвдөж байна” гэж хүмүүст хэлсэн. Би Р ийг ирж надаас уучлалт гуйж, ойлголцох байх гэж бодсон ч нэг өдөр Цагдаагийн газраас дуудсан. Уг хэргийн жинхэнэ хохирогч нь би. Миний хувцас хунар урагдсан. Гэрч нар тухайн үед юу болсон, би ямар хувцастай байсан талаар мэдүүлсэн. Би тухайн үед болсон үйл явдлыг үнэнээр хэлж байна. Р намайг түүний хамраас цохисон гэж байгаа. Би Р ийн хамраас цохих боломж байхгүй. Намайг 2-3 хүн зодож байхад Р ийг зодох боломж байгаагүй. Гэрч нар “Р ийн хамраас цус гарах шиг болсон” гэж мэдүүлсэн. Түүнээс биш гэрч нар “А нь Р ийн хамар луу цохиод мурийлгасан” гэж мэдүүлсэн юм байхгүй. Намайг Р ийн хамар луу цохиж гэмтээсэн талаар нотлох баримт байхгүй. Р ийн хамраас цус гарч байсныг би ч гэсэн харсан. Р машины доторлогоо урж, дотроос 2-3 хүнийг гаргаж ирж зодоход хаМ аа гэмтэл авсан эсхүл ямар нэгэн зүйлд цохисон байж болзошгүй. Иргэд Р өнгөрсөн жил гэмтэл авсан, яагаад далим хийж байгаа юм бэ гэж хэлж байна. Гэхдээ үүнийг нотлох баримт байхгүй байна. Би төрийн ажил хийгээд явж байсан. Би хэн нэгэнд агсам тавьж, эд зүйл хулгайлаагүй. Би уг хэргээс болж 8 сар явж байна. Надад уг хэргээс болж 884.000 төгрөгийг хохирол учирсан. Би дээрх зардалд ирж буцсан зардлаа нэмээгүй. Би уг хэргийн төлөө аймгийн төвд ирж буцдаг. Би 2-3 бага насны хүүхэдтэй ба надад туслах хүн байхгүй. Ар гэрийн гачигдал сэтгэл санаагаар унах асуудал байна. Би улс төрийн ажилтан тул нэр хүндээ алдаж байна. Би сумын Засаг даргын захирамжаар ажлаа хийсэн тул надад харамсалтай байна. Би хэн нэгэнд согтуу агсам тавьж, зодсон бол хэргээ хүлээх байсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хоёр: Эрүүгийн 1813000000000 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч О.Р ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2018 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө 09 цагийн үед хашаанд юм янзлаад явж байхад сумын төвд золбин нохой буудсан хүмүүс 100 метрийн зайд Т гэх хүний хашааны хажууд явж байсан юм. Тэгээд би миний нохой хаана явж байгаа гээд хашааны дотор нохойгоо эрж хайгаад явж байхад миний нохойг нэг машинд ачиж байгаа юм шиг харагдахаар нь хашаанаас гараад тэр хүмүүстэй очиж миний нохойг яагаад зөвшөөрөлгүй буудсан бэ гээд зогсож байсан Т.А т хэлсэн. Чиний нохой байвал би яах юм бэ, буудсан, яах гэж байна гэсэн. Тэр үед Т.А ийн баруун талын мөрөн тус газарт нэг удаа цохисон. Тэгэхэд Т.А миний хамар тус газарт нэг удаа зөрүүлээд цохисон, тэр үед би газарт унасан ба хамраас цус гарсан. Тэгээд бид нар хоорондоо маргалдаж байхад сумын Засаг дарга Х ирж бид нарыг салгаж авсан. Тэгээд бид нар тарсан юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,
2. Хохирогч Т.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Тэр өдөр сумын Засаг даргын захирамжаар нохой буудахаар сумын төвд явж байсан юм, бид явж байхад М гэдэг хүний хүүхдүүд болон М гэдэг хүний бэр О.Р , О.Ө нарт цагаан нохой байгаа, хэд хэдэн удаа хүүхдүүдийг хөөж дайрсан байна, тэр нохойд арга хэмжээ авч өгнө үү гэсэн юм. Тэгээд бид нар явж байхад Т гэдэг хүний айлын гадна талд олон тооны золбин нохой явж байсныг харсан. Тэр үед нэг цагаан нохой Б руу дайрсан, тэгэхэд уг цагаан нохойг буудаж алсан. Тэгээд бид нар машин руу буудсан нохойг ачиж байхад Р яагаад миний нохойг зөвшөөрөлгүй буудсан бэ гэж ирээд Б г өшиглөж газарт унагаасан, тэгээд намайг машинаас буулгаж ирээд өшиглөж газарт унагааж, толгой тус газарт хэд хэдэн удаа цохиж өшиглөсөн. Тэр үед би манарч машины сууж байхад машин дотор байсан Н гэдэг хүнийг Ө , Р нар буулгаж ирээд газарт унагааж цохиж, Р дахиж ирээд намайг цохиж байхад Засаг дарга Х ирээд салгаж авсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,
3. Хохирогч Т.А ийн урагдсан гэх хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 12-15 дугаар хуудас/,
4. Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Б ы 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 551 дугаартай “хохирогч О.Р ийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/,
5. Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х ын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 555 дугаартай “хохирогч Т.А ийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/,
6. Хохирогч О.Р ийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт болон рентген зургаар хамрын ясанд гэмтэл авсныг тогтоосон байдал /хавтаст хэргийн 34-41 дүгээр хуудас/,
7. Эмч С.М ын бичсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/,
8. Хохирогч Т.А ийн толгойн рентген зураг /хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас/,
9. Гэрч Б.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...сумын Засаг даргын захирамжийн дагуу Ногооннуур сумын төвд золбин нохой устгах комисст багийн Засаг дарга А , А , А , малын эмч Н нарын хамт 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ажилласан. Би нохой буудаж явсан. Сумын төвөөс золбин 4 нохой буудаад улмаар иргэн О.Р ийн гэрийн ойролцоо явсан ба зам дагуу яваа 10-аад золбин нохой дундаас нэг жингэр нохойг буудахад Р ийн гэх цагаан нохой над руу дайраад ирэхээр өөдөөс нь тэр нохойг буудсан. Энэ үед Р , түүний ах К /О.Ө ийн хоч нэр/ нар гэрээсээ гарч ирээд хоёулаа над руу дайрч “миний нохойг буудлаа” гээд Р миний цээж рүү гараараа 2 удаа цохиод авсан. Энэ үед багийн Засаг дарга А , А нар надыг салгаад авсан. Салгасны дараа Р машинд суугаа А руу гүйж очиж, кабинаас татаж унагааж аваад А ийн толгой руу хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн, тэгээд багийн Засаг дарга нар салгахад Р дахиад машинд суугаа Н руу дайрч машин дотор түүнийг зодож байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48, 175 дугаар хуудас/,
10. Гэрч Х.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 12 цагийн үед сумын төвд нохой буудаж явж байхад сайн танихгүй хоёр хүүхэд К гэдэг хүний нохой бид нарыг хөөдөг гээд хэлсэн байсан. Тэгж явж байхад Т гэдэг хүний айлын хажууд олон тооны нохой явж байсан ба тэд нарын дундаас нэг нохойг буудахад нэг цагаан нохой бид нарт дайрсан юм. Тэр үед нохой буудаж явж байсан залуу уг цагаан нохойг буудсан. Тэгээд машинд буудсан нохойг ачиж байхад Р ирээд машины гадаа байсан Б г хэд хэдэн удаа цохиж өшиглөсөн юм, тэгээд машинд сууж байсан А ийг машинаас буулгаж, өшиглөж газарт унагаасан, мөн хэд хэдэн удаа өшиглөж цохисон, тэгээд намайг Р ийн ах нь Ө машинаас буулгаж газарт татаж унагаасан, мөн хэд хэдэн удаа цохисон, тэгж байхад сумын Засаг дарга ирээд салгаж авсан.
...нэг мэдэхэд Р ийн хамарнаас цус гарсан байдалтай зогсож байсан. Хамар нь урьд нь мурийлттай байсан юм уу гэх асуултад урьд нь мурийлттай байсан, хэн Р ийн хамарнаас цохисныг хараагүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50, 177-178 дугаар хуудас/,
11. Гэрч З.А ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...сумын төвд нохой буудаж явж байхад М , М гэдэг айлын хүмүүс О.Р , О.Ө нарын нохой бид нарыг хөөдөг гээд хэлсэн, тэгээд бид нар явж байхад Т гэдэг хүний айлын хажууд олон тооны нохой тааралдсан ба нэг золбин нохой буудахад нэг цагаан нохой бид нарт дайрсан. Тэр үед нохой буудаж явсан залуу уг нохойг буудсан. Тэгээд машинд буудсан нохойг ачиж байхад Р ирээд машинд сууж байсан А ийг машинаас буулгаж өшиглөж газарт унагаасан. Мөн хэд хэдэн удаа өшиглөж цохисон. Тэгээд Р ийн ах Ө нь машинд сууж байсан Н гэдэг хүнийг машинаас буулгаж газарт татаж унагаасан. Мөн хэд хэдэн удаа цохисон. Тэгж байхад сумын Засаг дарга ирээд тэд нарыг салгасан.
...эхлээд Р ирээд А т дайрсан. Машинаас буулгаж ирээд хоёулаа нэг нэгийгээ заамдаж барьж авч нэг нэгийгээ зөрүүлж цохиж байсан шиг санагдаж байна. ...ямар ч байсан Р ийн хамраас цус гарсан байдалтай явж байсан. Харин Р тэй ноцолдох үед довтолгооны эсрэг үйлдэл хийж, гараа хөдөлгөж Р ийн хамрын тус газар гар нь санамсаргүй хүрсэн байж магадгүй.
... Р А ийн хувцаснаас барьж машинаас чирч гаргаад хөлөөрөө шилбэний тус газар нэг удаа өшиглөсөн, мөн 2-3 удаа дахиад хөлөөрөө өшиглөсөн байсан, яг А ийн биеийн аль хэсэг рүү өшиглөснийг санахгүй байна, мөн А машин тойроод зугтаад явж байхад Р А ийн толгой тус газар баруун гараараа нэг удаа цохисон ба А газар унасан, тэр үед Ногооннуур сумын Засаг дарга Х ирээд салгаж авсан.
... А ийн Р ийг цохиж зодсоныг би хараагүй, ямар ч байсан Р нь А ийг өшиглөж зодож байхад Р ийн хамраас цус гарсан ба А ийн гар Р т санамсаргүй хүрсэн байж магадгүй, түүнээс биш би хараагүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52, 167-168 дугаар хуудас/,
12. Гэрч Ж.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...нэг золбин нохойг буудах үед нэг цагаан нохой бид нарт дайрсан юм, тэр үед нохой буудаж явж байсан залуу уг цагаан нохой буудсан. Тэгээд бид нар буудсан нохойг машинд ачиж байхад Р ирээд Б гэдэг залууг хэд хэдэн удаа цохисон, тэгээд машинд сууж байсан А ийг машинаас буулгаж өшиглөж газарт унагааж хэд хэдэн удаа өшиглөж цохисон. Тэр хоёр ноцолдох үед А ийн гар хүрсэн, тэрнээс болоод Р ийн хамраас цус гарсан юм.
...Р А рүү хэд хэдэн удаа дайрч зодсон, цохисон болно, А машиныг тойроод гүйж байсан, мөн А буруу хараад зогсож байхад Р очиж А ийн толгойн араас нь цохисон, тэгээд байхад Засаг дарга ирээд бид хоёр Р ийг барьж авсан, сүүлд А толгой, хөл маань өвдөж байна гээд явж байсан, мөн Р ийн хамраас жаахан цус гарсан байна, хамарны яс нь хугарсан асуудал болоогүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56, 169 дүгээр хуудас/,
13. Гэрч Д.Х гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...тэр хоёр нэг нэгийгээ барьж аваад ноцолдож явж байсан ба нэг мэдэхэд миний хүүгийн хамраас цус гарсан байна, юу болсон бэ гэхэд А цохисон гээд хэлсэн. Тэгээд бид нар гэрт очсон ба миний хүүгийн хамар нь мурийсан байна лээ, тэгээд эмнэлэгт үзүүлж аймаг явсан болно.
...миний хүү А ийг зодсон талаар хараагүй, хоёулаа нэг нэгнийгээ барьж аваад ноцолдож байсан юм аа, харин А нь миний хүүгийн хамар тус газарт цохисныг бас хараагүй ба харин тэр хоёр ноцолдож явж байхад миний хүүгийн хамраас цус гарсан байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58, 173-174, 184 дүгээр хуудас/,
14. Гэрч О.Ө ийн /К гэх хоч нэртэй/ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...тухайн үед манай дүү Р болон багийн Засаг дарга А нар хоорондоо зодолдсон, зодолдох үед А манай дүү Р ийн хамар руу гараараа нэг удаа цохиод авсан, тэр үед манай дүү Р нь А ийг хөл орчимд нэг удаа өшиглөсөн юм, мөн дүү Р манай нохойг яагаад бууддаг юм бэ гээд Б гийн мөр тус газар гараараа нэг удаа түлхсэн юм, тэгээд хоорондоо хэрүүл маргаан болоод тарцгаасан. А нь Р ийн хамарт баруун гарын нударгаар нэг удаа санаатай цохиход Р ийн хамраас цус гарсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64, 171-172 дүгээр хуудас/,
15. Гэрч О.Х , К.Х , О.Р нарын мэдүүлэг /хавтаст хэргийн 60, 62, 177, 181 дүгээр хуудас/,
16. Шинжээч эмч Е.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...иргэн О.Р ийн биед учирсан гэмтлийг тогтоох зорилгоор үзлэг хийхэд зүүн талын нүдний доод зовхины хэсэгт захаараа шаргал туяа орж шимэгдэж буй цус хураалт, хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд бүгд хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн 3-10 хоногт үүссэн шинэ гэмтэл байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 67 дугаар хуудас/,
17. Ногооннуур сумын Засаг даргын “Золбин нохой устгах тухай” 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 126 дугаар захирамжийн хуулбар /хавтаст хэргийн 105 дугаар хуудас/,
18. Хохирогч О.Р ийн өвчний түүх “хамарт хагалгаа хийлгэсэн тухай” /хавтаст хэргийн 107-114 дүгээр хуудас/,
19. Яллагдагч О.Р , Т.А нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 70-73, 76-77 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.Р , Т.А нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар.
Үүнд: 1.1 Шүүгдэгч О.Р ийн гэм буруугийн талаар
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н аас шүүх хуралдаанд “Шинжээч эмч К.Х ын гаргасан дүгнэлтэд “гэрлийн урвалд жигд бус оролцоно, нүдний хүүхэн харааны хэлбэр зөв биш, нүдний алимын чичирхийлэл зүүн талд илэрч” байсан тул дүгнэлт гаргасан талаар мэдүүлсэн. Гэтэл нүдний эмч М шүүгдэгч Т.А ийг “гэмтэл аваагүй” гэж бичсэн байсан. Шинжээч эмч К.Х ын дүгнэлт үндэслэлгүй гарсан тул шүүгдэгч О.Р ийг цагаатгаж өгнө үү” хэмээн улсын яллагч Б.Б, шүүгдэгч Т.А ийн өмгөөлөгч С.Т нартай гэм буруугийн талаар мэтгэлцсэн болно. Харин шүүгдэгч О.Р гэм буруугийн талаар маргаагүй юм.
Шүүгдэгч О.Р нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 12 цагийн үед Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэр, “Хос Харагай” гэх газарт нохой буудсан гэх асуудлаар хохирогч Т.А тэй маргалдаж, улмаар харилцан зодолдсоноос хохирогч Т.А ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтууд болох:
- Хохирогч Т.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэр өдөр сумын Засаг даргын захирамжаар нохой буудахаар сумын төвд явж байсан юм, бид явж байхад М гэдэг хүний хүүхдүүд болон М гэдэг хүний бэр О.Р , О.Ө нарт цагаан нохой байгаа, хэд хэдэн удаа хүүхдүүдийг хөөж дайрсан байна, тэр нохойд арга хэмжээ авч өгнө үү гэсэн юм. Тэгээд бид нар явж байхад Т гэдэг хүний айлын гадна талд олон тооны золбин нохой явж байсныг харсан. Тэр үед нэг цагаан нохой Б руу дайрсан, тэгэхэд уг цагаан нохойг буудаж алсан. Тэгээд бид нар машин руу буудсан нохойг ачиж байхад Р яагаад миний нохойг зөвшөөрөлгүй буудсан бэ гэж ирээд Б г өшиглөж газарт унагаасан, тэгээд намайг машинаас буулгаж ирээд өшиглөж газарт унагааж, толгой тус газарт хэд хэдэн удаа цохиж өшиглөсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,
- Хохирогч Т.А ийн урагдсан гэх хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 12-15 дугаар хуудас/,
- Гэрч Б.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...энэ үед Р , түүний ах К /О.Ө ийн хоч нэр/ нар гэрээсээ гарч ирээд хоёулаа над руу дайрч “миний нохойг буудлаа” гээд Р миний цээж рүү гараараа 2 удаа цохиод авсан. Энэ үед багийн Засаг дарга А , А нар надыг салгаад авсан. Салгасны дараа Р машинд суугаа А руу гүйж очиж, кабинаас татаж унагааж аваад А ийн толгой руу хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн, тэгээд багийн Засаг дарга нар салгахад Р дахиад машинд суугаа Н руу дайрч машин дотор түүнийг зодож байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48, 175 дугаар хуудас/,
- Гэрч Х.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Тэгээд машинд буудсан нохойг ачиж байхад Р ирээд машины гадаа байсан Б г хэд хэдэн удаа цохиж өшиглөсөн юм, тэгээд машинд сууж байсан А ийг машинаас буулгаж, өшиглөж газарт унагаасан, мөн хэд хэдэн удаа өшиглөж цохисон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50, 177-178 дугаар хуудас/,
- Гэрч З.А ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Р ирээд машинд сууж байсан А ийг машинаас буулгаж өшиглөж газарт унагаасан. Мөн хэд хэдэн удаа өшиглөж цохисон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52, 167-168 дугаар хуудас/,
- Гэрч Ж.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...тэр үед нохой буудаж явж байсан залуу уг цагаан нохойг буудсан. Тэгээд бид нар буудсан нохойг машинд ачиж байхад Р ирээд Б гэдэг залууг хэд хэдэн удаа цохисон, тэгээд машинд сууж байсан А ийг машинаас буулгаж өшиглөж газарт унагааж хэд хэдэн удаа өшиглөж цохисон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56, 169 дүгээр хуудас/,
- Гэрч Д.Х гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...тэр хоёр нэг нэгийгээ барьж аваад ноцолдож явж байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58, 173-174, 184 дүгээр хуудас/,
- Гэрч О.Ө ийн /К гэх хоч нэртэй/ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...тухайн үед манай дүү Р болон багийн Засаг дарга А нар хоорондоо зодолдсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64, 171-172 дүгээр хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х ын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 555 дугаартай “иргэн Т.А ийн биед тархины доргилттой, даралттай, духны урд болон зүүн хажууд хавдартай, хүзүү хоолойд 3 ширхэг хөх ягаан туяатай өнгөц цус хураалттай, зүүн шилбэнд хавдартай, баруун шилбэнд хавдартай, зүүн гуяд хөх ягаан туяатай цус хураалттай гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь 1-10 хоногт үүссэн шинэ гэмтэл болно.
Ерөнхий хөдөлмөрлөхөд нөлөөлөхгүй болно.
Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно” гэх дүгнэлт,
- Шүүгдэгч О.Р ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би мэдүүлэг өгнө. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр гэрийн гадаа байсан. Нохой будаад хүмүүс явж байсан. Миний нохойг буудсан байна. Би яагаад нохойг буудаж байгаа юм бэ гэж хэлсэн. Би очиход миний нохойг аль хэдийн буудсан байсан. Тэрнээс болж А бид хоёр маргалдсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдоно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.А ийн биед үзлэг хийж, гэмтлийн зэргийг тогтооход Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний шинжээч эмч К.Х ад хуульд заасан эрх үүргийг нь тайлбарлан өгч, Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг сануулж дүгнэлт гаргуулсан бөгөөд энэхүү дүгнэлтийг няцаах нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.
1.2 Шүүгдэгч Т.А ийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч Т.А шүүх хуралдаанд “Би Р ийг зодоогүй. Би Р ийг зодох нь битгий хэл өөрөө манарсан байдалтай байсан. Би хэн хэнийг яаж зодсоныг ч мэдэхгүй байна. Намайг Р ийг зодсон гэж үзвэл би аргагүй хамгаалалт хийсэн” хэмээн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т ээс шүүх хуралдаанд “А ийн үйлдлийн хувьд гэм буруугүй гэж маргаж байгаа. Бид гэмт хэргийн бүрэлдэхүүн байна уу гэх асуудлыг харах хэрэгтэй. Ямар ч хэрэгт шалтгаан холбоо байх ёстой. Засаг даргын золбин нохой буудах шийдвэрийг А тэй холбох уу, буу бариад Б гийн буудсан нохойг А ээс үзэх үү. Дээрх үйлдэл хоорондоо ямар ч шалтгаан холбоогүй байна. А шууд довтолгооны эсрэг биеэ хамгаалах үйлдэл хийсэн. Гэм буруугийн хэлбэр нь санаатай, болгоомжгүй гэсэн 2 хэлбэртэй. Санаатай үйлдэл нь тухайн үйлдлийн улмаас үүсэх үр дагаврыг мэдсээр байж үйлдсэнийг хэлдэг. Болгоомжгүй гэдэг нь тухайн үйлдлээс хор уршгийг мэдсээр байж аргагүй байдлын улмаас үйлдсэн гэмт хэргийг хэлдэг. Гэрч А “нэг цохисон гэснээ нэг бол цохисон байж болзошгүй” гэсэн 2 өөр төрлийн мэдүүлэг өгсөн. Р ийн ах, эгч, ээж нь анх мэдүүлэг өгөхдөө “бид А ийн Р ийг зодсоныг хараагүй” гэж хэлсэн мөртлөө дараа нь “А Р ийг зодсоныг харсан” гэж мэдүүлгээ өөрчилж худал мэдүүлэг өгсөн” хэмээн улсын яллагч Б.Ботакөз, шүүгдэгч О.Р ийн өмгөөлөгч С.Н нартай гэм буруугийн талаар мэтгэлцсэн болно.
Шүүгдэгч Т.А нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 12 цагийн үед Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэр, “Хос Харагай” гэх газарт нохой буудсан гэх асуудлаар хохирогч О.Р тэй маргалдаж, улмаар харилцан зодолдсоноос хохирогч О.Р ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтууд болох:
- Хохирогч О.Р ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө 09 цагийн үед хашаанд юм янзлаад явж байхад сумын төвд золбин нохой буудсан хүмүүс 100 метрийн зайд Т гэх хүний хашааны хажууд явж байсан юм. Тэгээд би миний нохой хаана явж байгаа гээд хашааны дотор нохойгоо эрж хайгаад явж байхад миний нохойг нэг машинд ачиж байгаа юм шиг харагдахаар нь хашаанаас гараад тэр хүмүүстэй очиж миний нохойг яагаад зөвшөөрөлгүй буудсан бэ гээд зогсож байсан Т.А т хэлсэн. Чиний нохой байвал би яах юм бэ, буудсан, яах гэж байна гэсэн. Тэр үед Т.А ийн баруун талын мөрөн тус газарт нэг удаа цохисон. Тэгэхэд Т.А миний хамар тус газарт нэг удаа зөрүүлээд цохисон, тэр үед би газарт унасан ба хамраас цус гарсан. Тэгээд бид нар хоорондоо маргалдаж байхад сумын Засаг дарга Х ирж бид нарыг салгаж авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,
- Гэрч Ж.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Мөн Р ийг хамарнаас жоохон цус гарсан байсан.
...Ямар ч байсан О.Р нь Т.А ийг өшиглөж, зодож байх үед О.Р ийн хамарнаас цус гарсан ба Т.А ийн гар санамсаргүй хүрсэн байж магадгүй. ...Т.А өөрийгөө хамгаалах гэж гараа зүгээр хөдөлгөх үед гар нь О.Р ийн хамар тус газар санамсаргүй хүрсэн байх. Тухайн үед Т.А , О.Р нар эрүүл байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56, 169-170 дугаар хуудас/,
- Гэрч О.Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...3 тооны нохойг буудаж , нохойг машинд ачиж байхад О.Р , Ө , Х нар бид нарт ирж, О.Р хамгийн түрүүнд гүйж ирж Б.Б г гараараа цохиж хөлөөрөө өшиглөж, газарт унагааж зодсон. Дараа нь О.Р машины дотор талд сууж байсан Ногооннуур сумын 5 дугаар багийн Засаг дарга Т.А ийг машинаас чирч гаргаад гараар цохиж, хөлөөрөө өшиглөж зодож байхад би очиж арай гэж салгаж авсан.
...Т.А О.Р ийг цохиж, зодсоныг хараагүй. Ямар ч байсан О.Р Т.А ийг зодож, ноцолдож байхад О.Р ийн хамарнаас цус гарсан байсан” /хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас/,
- Гэрч Д.Х гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэр өдөр манай нохой алга болсон, тэгээд нэг мэдэхэд миний хүү Р манай нохойг буудсан байна гээд нохой буудаж явж байсан хүмүүс рүү явсан. Тэгээд би араа нь очсон ба Р , А хоёр хоорондоо маргалдсан юм. Тэгээд тэр хоёр нэг нэгийгээ барьж аваад ноцолдож явж байсан ба нэг мэдэхэд миний хүүгийн хамарнаас цус гарсан байна, юу болсон бэ гэхэд А цохисон гээд хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дугаар хуудас/,
- Гэрч О.Ө ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тухайн үед манай дүү О.Р болон багийн Засаг дарга Т.А нар хоорондоо зодолдсон, зодолдох үед А манай дүү Р ийн хамар руу гараараа нэг удаа цохиод авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63 дугаар хуудас/,
- Гэрч К.Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би очих үед Р ийн хамарнаас цус гарсан байдалтай байсан. Тэгэхэд Р , А хоёр нэг нэг рүү дахиж дайрсан ба тэр үед бид нар салгаж авч, учир байдлыг хэлээд явуулсан. Р ийн хамарнаас цус гарсан А цохисон гээд явж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Б ы 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 551 дугаартай “иргэн О.Р ийн биед зүүн талын нүдний доод зовхины хэсэгт захаараа шаргал туяа орж шимэгдэж буй цус хураалт, хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.
Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27, 69 дүгээр хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгээс хөтөлж, хохирогч О.Р ийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Нур алтай мед” эмнэлгээс хөтөлж, хохирогч О.Р ийн нэр дээр бичигдсэн өвчний түүхийн хуулбар /хавтаст хэргийн 108-114 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдоно.
Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон эдгээр нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулж, үнэлж дүгнэхэд шүүгдэгч О.Р , Т.А нар нь нохой буудсан гэх асуудлаар хоорондоо маргаж, харилцан зодолдсоны улмаас тус бүрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэрч Д.Х , О.Ө нар нь шүүгдэгч О.Р ийн төрсөн ээж, ах нь боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг гарах үед хамт байсан нь тогтоогдсон, мөн эдгээр гэрч нараас өөрийн болон гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг сануулсан бөгөөд болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгнө гэснээр хууль сануулж мэдүүлэг авсан болохыг дурдах нь зүйтэй.
Мөн шүүгдэгч нарын тус бүрийг гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцоход шүүхээс мэдүүлгийг нь нотлох баримтаар үнэлсэн нэр бүхий гэрч нарын мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Т.А ийг шүүгдэгч О.Р ийн хууль бус үйлдлийн эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл буюу аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх боломжгүй байна.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч О.Р , Т.А нарын гэм буруугийн шууд санаатай, нохой буудсан гэх таарамжгүй харилцааны улмаас энэхүү гэмт хэрэг үйлдэгдсэн гэж дүгнэлээ.
2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас шүүгдэгч Т.А , О.Р нарын биед хөнгөн хохирол учирсан, мөн хөнгөн хохирол учруулсны улмаас хохирогч Т.А т 884.000 төгрөгийн, хохирогч О.Р т 1.302.400 төгрөгийн хор уршиг учирсан байна хэмээн мөрдөгчөөс тэмдэглэсэн байна.
Хавтаст хэрэгт авагдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан дараах хохирол, хор уршгийн мөнгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэв. Үүнд:
1. Хохирогч Т.А т таксины зардалд 116.000 төгрөг /хавтаст хэргийн 154 дүгээр хуудас/, урагдсан хувцасны үнэ 193.000 төгрөг /хавтаст хэргийн 164 дүгээр хуудас/, нийт 309.000 төгрөгийг,
2. Хохирогч О.Р т хамрын хагалгааны мөнгө 500.000 төгрөг, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн төлбөр 155.000 төгрөг, эмчилгээний зардал 20.000 төгрөг /хавтаст хэргийн 136 дугаар хуудас/, нойтон салфетканы үнэ 3.500 төгрөг, эмийн үнэ 218.400 төгрөг /хавтаст хэргийн 160 дугаар хуудас/, эмчид үзүүлсний төлбөр 50.000 төгрөг /хавтаст хэргийн 161 дүгээр хуудас/, нийт 946.900 төгрөг тус тус нотлох баримтаар нотлогдсон байна.
Харин хохирогч Т.А ийн нэхэмжилсэн толгойн рентген зурагт төлсөн гэх 15.000 төгрөг, шүүхийн шинжилгээний төлбөр 8.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 400.000 төгрөг, эм тарианы зардал 95.000 төгрөг нь, хохирогч О.Р ийн нэхэмжилсэн таксины зардал 16.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 300.000 төгрөг, толгойн рентген зурагт төлсөн 15.000 төгрөг, шүүхийн шинжилгээний төлбөр 8.000 төгрөг, мөн такси хоолны зардал 20.000 төгрөг зэрэг нь нотлох баримтаар нотлогдохгүй байгаа тул энэхүү эрүүгийн хэргийн хамт хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар нь тус тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн шүүгдэгч Т.А ээс гэмт хэрэг гарах өдөр өмсөж явсан хувцас нарыг мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчид хүлээлгэж өгсөн бөгөөд буцааж аваагүй болохыг шүүх хуралдааны үед мэдүүлсэн болно.
3.Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгч О.Р , Т.А нарын тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н аас шүүгдэгч О.Р ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т эс шүүгдэгч Т.А ийг гэм буруугүй гэж үзсэн тухай дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй үзлээ.
Шүүгдэгч О.Р , Т.А нар нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байна.
Шүүхээс шүүгдэгч О.Р т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан хохирогчийн эсрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд, мөн шүүгдэгч Т.А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.4 дэх заалтад заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. Шүүгдэгч Т.А ийн үйлдэлд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч О.Р т 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Т.А т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
3. Бусад асуудлын талаар.
Шүүгдэгч нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 5/02 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Р ээс битүүмжилсэн хөрөнгө болох Dауаn маркийн ногоон өнгийн 2009 онд үйлдвэрлэгдсэн 700.000 төгрөгийн улсын дугааргүй мотоцикл 1 ширхэг, шүүгдэгч Т.А ээс битүүмжилсэн нэг бүрийн үнэ 1.400.000 төгрөгийн үнэтэй баруун талын гуянд “8” тооны тамгатай нас бие гүйцсэн 2 тооны адууг тус тус хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулахаар шүүгдэгч нарын цахим иргэний үнэмлэх 2 ширхэг, эрүүл мэндийн дэвтэр 2 ширхгийн хамт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт О гийн Р , Ж овогт Т гийн А нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Р ийг 300 (гурван зуун) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,
- мөн шүүгдэгч А.А ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Р т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Р нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч О.Р т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /Ногооннуур сумын Засаг даргын тамгын газарт/ малын вакцинжуулалтад туслах, сумын төвийн гудамж, сургууль, цэцэрлэгийн ойр орчмыг цэвэрлэх ажил хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сар буюу 120 хоногийн дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч О.Р ээс 309.000 төгрөг гаргуулан хохирогч Т.А т, шүүгдэгч Т.А ээс 946.900 төгрөг гаргуулан хохирогч О.Р т тус тус олгож, хохирогч нар нь тус тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 5/02 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Р ээс битүүмжилсэн хөрөнгө болох Dауаn маркийн ногоон өнгийн 2009 онд үйлдвэрлэгдсэн 700.000 төгрөгийн үнэтэй, улсын дугааргүй мотоцикл 1 ширхэг, шүүгдэгч Т.А ээс битүүмжилсэн нэг бүрийн үнэ 1.400.000 төгрөгийн үнэтэй баруун талын гуянд “8” тооны тамгатай нас бие гүйцсэн 2 тооны адууг тус тус хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулахаар шүүгдэгч нарын цахим иргэний үнэмлэх 2 ширхэг, эрүүл мэндийн дэвтэр 2 ширхгийн хамт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг шүүгчийн туслах Т.Айбект даалгасугай.
10. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч О.Р , Т.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч тус бүрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг болохыг тус тус дурдсугай.
11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч О.Р , Т.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
13. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд О.Р , Т.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.Т