Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2026/01214

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 сарын 03-ны өдрийн 192/ШШ2026/02368 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээг цуцалж, автомашиныг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах, хохиролд 12,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2024 оны 12 сарын 07-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээг байгуулан******* арлын дугаартай, *******УАС улсын дугаартай, Mercedes benz Е350е маркийн хар өнгийн автомашиныг 23,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч, хариуцагч автомашины үнээс 12,500,000 төгрөг төлж, үлдэгдэл 10,500,000 төгрөгийг сарын 1,000,000 төгрөгөөр төлж дуусгахаар тохиролцсон боловч огт төлөлт хийгээгүй байна.

1.2. Тэрээр миний төрсөн охин болох *******ын компанид агент хийж байсан тул анх автомашин худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулахгүйгээр 2024 оны 06 сард автомашиныг түүний эзэмшил, ашиглалтад шилжүүлэн авсан.

1.3. Хариуцагчтай хожим 2024 оны 12 сарын 07-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээг хариуцагчтай бичгээр байгуулсан ба гэрээн дээр төлбөрийг 2024 оны 12 сарын 06-ны өдөр В.Энхбаатарын 5308137306 тоот дансанд шилжүүлсэн, төлбөр бүрэн төлөгдсөн гэж бичсэн хэдий боловч хариуцагч нь тус дансанд 10,000,000 төгрөг, охин *******ад 1,000,000 төгрөг тус тус төлсөн, 1,500,000 төгрөгийг охин цалингаас нь суутган авч тооцсон буюу 12,500,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 10,500,000 төгрөгийг төлөөгүй байна.

1.4. Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагч *******аас *******УАС улсын дугаартай, Mersedes Benz Е350е маркийн автомашины зах зээлийн үнэ 2025 онд 18,300,000 төгрөг болж буурсан буюу анх худалдсан үнээс даруй 4,700,000 төгрөгөөр буурсан байх тул тус буурсан үнийн дүнгээр хохирлыг нэхэмжилж байна.

1.5. Мөн хариуцагч ******* нь автомашины үлдэгдэл үнийг харилцан тохиролцсон хугацаанд төлөхгүй байсан тул нэхэмжлэгч талаас 2024 оны 02 сарын 17-ны өдрөөс эхлэн гэрээгээ цуцлах, автомашиныг буцааж авах шаардлагыг удаа дараа тавьсаар байна. Гэвч хариуцагч тал нь автомашины үлдэгдэл төлбөрөө ч төлөхгүй, автомашиныг ч буцааж өгөхгүй унаж ашигласаар байгаа тул хариуцагчаас автомашиныг унаж ашигласны төлбөрийг 2024 оны 02 сарын 17-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэлх нийт 10 сарын хугацаанд өдрийн 80,000 төгрөгөөр тооцон нэхэмжлэх бүрэн боломжтой байна.

1.6. Иймд, нэхэмжлэгч тал хариуцагчаас нийт 12,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн болно. Мөн нэхэмжлэгч нь шинжээчийн зардалд төлсөн 400,000 төгрөг, 2025 онд үүссэн автомашины агаарын бохирдлын төлбөр 7,000 төгрөг, автозам ашигласны төлбөр 200,000 төгрөг, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар 346,302 төгрөг буюу 553,302 төгрөгийн татвар хураамж, 2025 оны 5 сараас 11 cap хүртэлх хугацаанд үүссэн торгууль 216,000 төгрөг, нийт 1,169,302 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэмж нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч нь *******т санал болгосны дагуу Mersedes Benz Е350е маркийн автомашиныг худалдан авахаар болсон. Автомашины урьдчилгаа төлбөр 10,000,000 н.Эрдэнэбаатар гэх хүний данс руу хийсэн.

2.2. Уг машиныг авснаас 7 хоногийн дараа араандаа орохгүй, хөдлөхгүй байсан тул хроп, мотор луу тос, масло хийж хөдөлгөсөн. Энэ талаар *******ад хэлж байсан. Үүнээс хойш 11 сард бүүр доголдоод бүтэн зогссон 12 сараас хойшоо бид нар ерөөсөө унаагүй. Тус машиныг авснаас хойш байнга засвар үйлчилгээ хийлгэсээр ирсэн. *******ад энэ талаар тухай бүр хэлж байсан.

2.3. Тухайн үед *******а хэрвээ тийм байгаа бол миний машиныг авчраад өгчих гэхэд машины төлбөрт шилжүүлсэн 12,500,000 төгрөгийг өгвөл машиныг нь өгнө гэсэн. Миний хувьд машиныг буцааж өгөхгүй маш их зардал гаргасан ба тухайн хохирлыг төлөх ямар ч хүсэлгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******т******* арлын дугаартай, ******* УАС улсын дугаартай, Mercedes Benz, Е350е маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч *******гийн эзэмшилд шилжүүлэхийг даалгаж, хариуцагч *******аас 769,302 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, үлдэх 17,600,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 371,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 93,213 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасан эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх, 9.4.3-т заасан хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх, 9.4.4-т заасан учруулсан хохирлыг арилгуулах, 9.4.8-д заасан иргэний эрх зүйн харилцааг дуусгавар болгох зэрэг иргэний эрхийг хамгаалах аргаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх нэхэмжлэгчид учруулсан хохирлыг буруутай этгээдээр нь арилгуулах, буруутай этгээдээр хүлээсэн үүргийг нь гүйцэтгүүлэх шийдвэрийг гаргаагүйд, шүүх хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, иргэний зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, шударга ёсыг бэхжүүлэх зорилгоо хэрэгжүүлээгүйд маш их гомдолтой байна.

4.2. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлдээ Хариуцагч машины төлбөрт ... төгрөг төлсөн бөгөөд үлдэх 10,500,000 төгрөг төлөөгүй талаар зохигч маргаагүй, нэхэмжлэгч хариуцагчид гэрээний үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа олгосон боловч хариуцагч үүргээ гүйцэтгээгүй болох нь үзлэгээр тогтоогдсон ... гэж дүгнэсэн буюу хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйг дүгнэсэн байдаг.

4.3. Улмаар анхан шатны шүүх гэрээний талууд тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан тул тэдгээрт Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй., 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж заасан эрх, үүрэг үүсжээ. гэж дүгнэсэн.

4.4. Уг дүгнэлтийн тухайд, нэхэмжлэгч нь шүүхэд талуудын хооронд байгуулсан гэрээг цуцлахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг дурдах нь зүйтэй байна. Гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах аль аль нь гэрээний нэг талын хүсэл зоригоор гэрээг дуусгавар болгох боломжтой боловч гэрээг цуцлах шаардлагын хувьд гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдэж. үүргийн харилцааг цаашид дуусгавар болгох, цуцалснаас хойших үр дагаврыг талууд шийдвэрлэдэг бол, гэрээнээс татгалзах тохиолдолд талууд гэрээгээр өгсөн авснаа буцаадаг ялгаатай, ямар тохиолдолд гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах ойлголт хэрэглэгдэхийг зөвхөн гэрээний хугацаа бус, хэлцлийн дагуу нэгэнт хэрэгжсэн харилцааг буцаах боломжгүй болсон, эсхүл талууд гэрээгээр авсан зүйлээ харилцан буцааж өгөх боломжтой буюу гэрээг анхны байдалд эргүүлж авчрах боломжтой эсэхээс хамаарч тодорхойлно гэж тайлбарласан байна.

4.5. Тус хэргийн нөхцөл байдлын тухайд, хариуцагч нь урьдчилгаа төлбөрийг төлснөөр нэхэмжлэгч автомашиныг худалдан авагчийн эзэмшил, ашиглалтад нь шилжүүлэх, хариуцагч үлдсэн төлбөрийг төлснөөр өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар тохиролцож худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байдаг.

4.6. Хариуцагч нь автомашиныг 2024 оны 06 сарын 13-ны өдрөөс эхлэн анхан шатны шүүх хурал болсон 2026 оны 03 сарын 03-ны өдрийг хүртэл нийт 628 хоног унаж ашигласан. улмаар давж заалдах гомдол гаргаж буй өнөөдрийг хүртэл автомашиныг нэхэмжлэгчид өгөлгүй. унаж ашигласаар байна.

4.7. Нэхэмжлэгч нь хариуцагчид автомашинаа анхнаасаа үнэ төлбөргүйгээр унаж ашиглуулах ямар ч хүсэл зориг байгаагүй, хариуцагч тодорхой урьдчилгаа төлбөр төлсөн, үлдэгдэл төлбөрөө төлөөд автомашиныг өмчлөлдөө авна гэж хүсэл зоригоо илэрхийлсэн учраас түүний эзэмшил, ашиглалтад автомашинаа өгсөн байдаг. Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгэн үлдэгдэл төлбөрөө харилцан тохиролцсон хугацаандаа төлж, уг автомашиныг худалдан авна гэж итгэн ийнхүү автомашинаа өгсөн байдаг.

4.8. Гэтэл хариуцагч нэхэмжлэгчийн итгэлийг эвдэж, гэрээний үлдсэн төлбөр 10,500,000 төгрөгийг төлбөрөө төлөхгүй, хугацаа хойшлуулсаар байсан тул нэхэмжлэгч талаас төлбөрөө төлснийхөө дараа автомашинаа аваарай гэж, сүүлдээ автомашинаа буцааж авъя зэргээр шаардлага тавихад хариуцагч ******* нь төлбөрөө төлнө, автомашин чинь хаана байгааг мэдэхгүй байна, ээж утсаа авахгүй байна гэж хэлээд зугтаагаад, хариуцагчийн ээж ******* гэх хүн утсаар автомашин чинь доголдолтой байсан, засуулахад ихээхэн мөнгө зарцуулсан, тэрийгээ авна гэж хэрүүл маргаан үүсэх болсон.

4.9. Хариуцагч талаас шүүхэд автомашины доголдлыг засварлахад 12,768,227 төгрөг зарцуулсан хэмээн өгсөн *******ы Хаан банкны ******* тоот дансны хуулга нь хариуцагч, худалдан авагч *******ын дансны хуулга биш байснаас гадна гүйлгээний утга нь тодорхойгүй, хоосон, хувь хүн, ББСБ руу шилжүүлсэн байгаа нь засвартай холбоотойг тогтоох боломжгүй бөгөөд засвар үйлчилгээний акт, нэхэмжлэх, падаан зэрэг санхүүгийн шаардлага хангасан анхдагч баримт огт өгөөгүй.

4.10. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлдээ хариуцагч тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтлийг засварлахад 11,200,000 төгрөг зарцуулсан гэснийг дансны хуулгаар тодорхойлох боломжгүйгээс гадна доголдолтой холбоотой үнийг бууруулах, доголдлыг арилгуулах шаардлага гаргаж байгаагүй тул энэ талаарх баримтыг дүгнэх шаардлагагүй болжээ. гэж дүгнэсэн байдаг.

4.11. Ийнхүү хариуцагч талаас автомашиныг доголдолтой байсан, засвар хийж ихээхэн мөнгө гаргаж зассан гэх худал тайлбар, шалтаг хэлсээр өнөөдрийг хүрч, уг гарсан зардлыг үлдэх төлбөрт суутгаад машины гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авна, эсхүл машиныг өгөөд мөнгөө авна гэх огт хариуцлагагүй, үндэслэлгүй тайлбараар маргасан.

4.12. Дээр дурдсанчлан хариуцагч нь автомашиныг 2024 оны 06 сарын 13-ны өдрөөс эхлэн анхан шатны шүүх хурал болсон 2026 оны 03 сарын 03-ны өдрийг хүртэл нийт 628 хоног унаж ашигласан. Улмаар давж заалдах гомдол гаргаж буй өнөөдрийг хүртэл автомашиныг нэхэмжлэгчид өгөлгүй, унаж ашигласаар ашиг шимийг хүртсээр, нэхэмжлэгчийн автомашинд элэгдэл хорогдол үүсгэж, автомашины зах зээлийн үнэ унаж хохирсон байхад хариуцагч ямар ч хариуцлага хүлээхгүй буюу нэхэмжлэгчид учруулсан хохирлыг төлөх үүргийг түүнд хүлээлгэхгүй байгаа нь анхан шатны шүүх холбогдох хуулийн заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх бүрэн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий гарсан. Хариуцагч талын төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа, нэхэмжлэгчид нь 2024 оны 06 дугаар сард автомашиныг хүлээлгэн өгч, үүний төлбөрт 12,500,000 төгрөг хүлээн авсан гэж тайлбарлалаа. 12,500,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч захиран зарцуулаад явж байгаа, нэг ч төгрөг өгөхгүй автомашиныг авсан мэтээр тайлбарлаад байна.

5.2. Гэтэл нэхэмжлэгч 12,500,000 төгрөгийг 2024 оны 06 сараас хойш өнөөдрийг хүртэл ашиглаад явж байна. Гэрээнээс татгалзана гэдэг нь гэрээ хоёр тал буюу хэн аль нь гэрээнээс татгалзсан үр дагаврыг арилгах үүрэгтэй. 12,500,000 төгрөгийг хариуцагч нь 2 жилийн хугацаанд банканд хадгалсан бол яах вэ гэсэн асуулт гарч ирнэ.

5.3. Шүүх уг асуудлаар үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгчийн шаардаж буй түрээсийн орлого нь гэрээнээс татгалзсантай холбоотойгоор учирсан шууд хохирол тогтоогдоогүй гэж шүүх дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжилсэн түрээсийн орлого болон гэрээнээс татгалзсанаас үүссэн үр дагаврын хооронд шууд шалтгаант холбоо тогтоогдохгүй байна гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт болсон байна. Би хүүхдээ таксигаар зөөсөн надад хохирол учирсан гэж тайлбарладаг атал хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй.

5.4. Гэрээнээс татгалзсаны үр дагаварт 10,500,000 төгрөгийг гэрээнээс татгалзаагүй бол авах байсан. Гэрээнээс татгалзсан учраас 17,600,000 төгрөг авах гэрээний үр дагавар үүсэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн. Хариуцагч тал төлсөн 12,500,000 төгрөгөө энэ хэргээс тусад нь нэхэмжлэх байр суурьтай байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний хохиролд 18,369,302 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талуудын хооронд 2024 оны 12 сарын 07-ны өдөр Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* арлын дугаартай, ******* УАС улсын дугаартай, Mercedes Benz, E350e маркийн тээврийн хэрэгслийг 23,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон байна.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлтэй дүгнэжээ.

 

5. Хариуцагч ******* нь машины төлбөрт 12,500,000 төгрөг төлсөн, үлдэх 10,500,000 төгрөгийг төлөөгүй талаар зохигч маргаагүй болно.

 

6. Нэхэмжлэгч талаас хариуцагчийг гэрээний үүргийг биелүүлэх талаар шаардаж байсан болох нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан журам хэрэгжсэн гэж үзнэ.

Хариуцагч талаас ... тээврийн хэрэгсэл доголдолтой гэсэн үндэслэлээр маргах боловч уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

7. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь******* арлын дугаартай, ******* УАС улсын дугаартай, Mercedes Benz, E350e маркийн тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлээгүй тул эзэмшлийг шилжүүлсэн үндэслэлтэй байна. Харин, хариуцагчийн гэрээний үүрэгт төлсөн 12,500,000 төгрөгийг буцаан шилжүүлээгүй алдаа гаргасныг залруулах боломжтой ба энэ нь талуудын зарчмыг хөндөхгүй.

 

Иймд, нэхэмжлэгч *******гаас 12,500,000 төгрөг гаргуулж, хариуцагч *******т олгож,******* арлын дугаартай, ******* УАС улсын дугаартай, Mercedes Benz, E350e маркийн тээврийн хэрэгслийн эзэмшлийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгах нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцнэ.

 

Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

8. Хариуцагч *******аас тээврийн хэрэгслийн татвар, торгуульд 769,302 төгрөгийг хохиролд тооцож гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн хэсгийг талууд эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй болно.

9. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан зарчмаар үнэлээгүй алдаа гаргасан байх тул нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

9.1. Нэхэмжлэгч нь ... тээврийн хэрэгслийг ашигласны төлбөрт 12,500,000 төгрөг, шинжээчийн зардал 400,000 төгрөг, 2025 оны тээврийн хэрэгслийн татвар, торгуульд 769,302 төгрөг, тээврийн хэрэгслийн зах зээлийн ханшнаас буурсан 4,700,000 төгрөг, нийт 18,369,302 төгрөгийг хохиролд тооцож гаргуулна гэж тайлбарласан.

 

9.2. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж, 227.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж тус тус заажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээгээр ******* арлын дугаартай, ******* УАС улсын дугаартай, Mercedes Benz, E350e маркийн тээврийн хэрэгслийн үнэ цэнийг 2024 оны байдлаар 19,215,000 төгрөгөөр үнэлгээ тогтоосон, мөн нэг өдрийг түрээсийн үнийг 80,000 төгрөг гэж тогтоожээ.

 

Хариуцагч талын гэрээний үүргийн зөрчлөөс шалтгаалан нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж байгаа учир хариуцагч нь автомашиныг эзэмшилдээ байлгасан хугацааны хохирлыг нэг өдрийн түрээсийн төлбөр 80,000 төгрөгийг нийт 189 хоног /2024 оны 12 сарын 07-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2025 оны 06 сарын 16-ны өдрийг хүртэл 189 хоног/-оор тооцоход 15,120,000 төгрөг болж байна. Нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр буюу 12,500,000 төгрөгийг олох ёстой байсан орлого гэж хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн, шинжээчийн зардалд төлсөн 400,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт нийцнэ.

 

9.3. Шүүх түрээсийн төлбөрийг хохиролд тооцон хариуцагчаас гаргуулж байгаа тохиолдолд зах зээлийн үнэ цэнэ бууруулсан 4,700,000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Учир нь, хэний эзэмшилд байснаас үл хамааран уг автомашины үнэ цэнэ ердийн элэгдэл хорогдлоор буурах тул ******* арлын дугаартай, ******* УАС улсын дугаартай, Mercedes Benz, E350e маркийн тээврийн хэрэгслийн үнэ цэнэ буурсан зөрүү 4,700,000 төгрөгийг хохиролд тооцохгүй.

 

9.4. Хариуцагч хариуцагч *******аас гэрээнээс татгалзсан хохиролд нийт 13,669,302 төгрөг /12,500,000+400,000+769,302/ гаргуулж, нэхэмжлэгч *******д олгох үндэслэлтэй байна.

 

10. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт гэрээнээс татгалзах журмыг зохицуулсан Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь зохимжгүй байх тул хууль хэрэглээний алдааг зөвтгөж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримталсан өөрчлөлт оруулна.

11. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 сарын 03-ны өдрийн 192/ШШ2026/02368 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* т ******* арлын дугаартай, ******* УАС улсын дугаартай, Mercedes Benz, E350e маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч *******гийн эзэмшилд шилжүүлэхийг даалгаж, нэхэмжлэгч *******гаас 12,500,000 төгрөг гаргуулж, хариуцагч *******т олгож, хариуцагч *******аас гэрээнээс татгалзсан хохиролд 13,669,302 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,700,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ... 93,213 ... гэснийг ... 226,297 ... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.МАНДАЛБАЯР

 

 

ШҮҮГЧИД  Ж.ЛХАГВАСҮРЭН

 

 

С.ЭНХБАЯР