Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 120

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Д даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

Хэлмэрч А.Е,

Улсын яллагч Б.Б ,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.А,

Шүүгдэгч Н.Ж , Г.Е  нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Б  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ж , Г.Е  нарт холбогдох 1913002380158 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, яс үндэс казах, 1963 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 56 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, материал техникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар баг, 1-36 айлын орон сууцны 08 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х овгийн Н гийн Ж , регистрийн дугаар УА6300000

2. Монгол Улсын иргэн, яс үндэс казах, 1988 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар баг, 1-36 айлын орон сууцны 08 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, У  овгийн Г гийн Е , регистрийн дугаар УА88000000

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутагт байрлалтай 1-36 айлын орон сууцны 2 дугаар орцны 2 тоотод оршин суух иргэн М.А гийн гэрт 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 21 цаг 40 минутын үед тус байрны 1 дүгээр давхарт оршин суух иргэн Н.Ж , түүний хүү Г. Е  нар нь дээд айл чанга дуу чимээ гаргаж амгалан тайван байдал алдагдууллаа гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж М.А г бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох үндэслэл:

Шүүгдэгч Н.Ж , Г.Е  нар нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутагт байрлалтай 1-36 айлын орон сууцны 2 дугаар орцны 2 тоотод оршин суух иргэн М.А гийн гэрт 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 21 цаг 40 минутын үед дээд айл чанга дуу чимээ гаргаж амгалан тайван байдал алдагдууллаа гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, М.А г бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

- Шүүгдэгч Г.Е ы мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би ээжийн хамт амьдардаг. Байнга татаж унаад байдаг ба их бухимдалтай явдаг. Хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь мартчихсан байна. Манай дээд айлын хүн байнга гэртээ үсрээд, дуу чимээ их гаргадаг. Улмаар ээж тухайн хүн руу утсаар залгаж хэлсэн боловч ойлгоогүй тул надад гэрт нь дагуулаад оч гэхээр нь ээж бид хоёр очсон. Тэрээр ээж хаалга тогшиж орох гэхээр та нар яв, оруулахгүй гэрт бага насны хүүхэд л байна гэж хэлээд ээжийг түлхэхээр нь би тухайн эмэгтэйд хандаж ээжийн хөл нь өвчтэй, унаад гэмтэх бол яах юм вэ? гэж уурласан. Тэрээр ээж дотогшоо орж хөрш айлын эмэгтэйтэй маргалдаж улмаар таягаараа хэд хэдэн удаа цохисон. Надад тухайн эмэгтэй галзуу, тэнэг гэж хэлээд хутга аваад дайрахаар нь би уурлаад гарыг нь мушгисан минь үнэн. Би дахиж тэгж хэрэг үйлдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Шүүгдэгч Н.Ж ы мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний бие өвчтэй хүүхдийн хамт Өлгий сумын 5 дугаар баг 1-36 айлын орон сууцанд амьдардаг. Манай дээд айлд 2019 оны 02 дугаар сараас эхлэн залуу гэр бүл орсон бөгөөд уг айл байнга чимээ их гаргаж манай амгалан тайван байдлыг алдагдуулдаг. 2019 оны 01 дүгээр сард байх манай дээд айлаас ус алдаж миний гэрлийн бүрхүүлийг эвдсэн. Тухайн үед би тэд нарт хандаж засаж өгөөрэй гэхэд нөхөр нь ирж хэдэн гэрлийг нь сольж өгсөн. Би тэд нарт юм хэлээгүй. Тэрээр 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр орой 21 цагийн орчимд дээд айл бас л чимээ, шуугиан гаргаж улмаар тэдний шал манай тааз хөдлөөд амар заяа үзүүлээгүй тул 3 удаа А гийн утас руу залгасан чинь бид нар үсэрч яваагүй байна. 2 настай хүүхэд л байна. Хүүхдийн явдлаас болж танай гэрт чимээ сонсогдохгүй, нэг бол шархад хүүхдээ явуулаад нэг бол өөрөө утсаараа залгаад дарамталлаа гэж хэлээд утсаа тасалсан. Тэрээр би хүүхдийг минь шархад гэж хэлсэнд нь уурлаад гэр рүү нь яваад очъё гэж хүү болох Г.Е ыг дагуулаад очиж хаалгыг нь тогшсон. Тэрээр хаалгаа тайлсан бөгөөд би А д танайх ямар их чимээ, шуугиан гаргадаг юм вэ? чам руу утсаар ч хэллээ, хүүхдээ ч явууллаа, та нар болих хэрэгтэй шүү? Гэсэн чинь намайг түлхэж гэртээ оруулахгүй хаалгаа хаагаад авсан. Тэр үед би хаалгыг нь татсан чинь онгорхой байсан бөгөөд хаалгыг нь онгойлгож орсон. Тэрээр А  гар гэж намайг дахин түлхэж, битгий ор, энэ миний байшин гар гэхээр нь би орж ойлгуулах гэсэн боловч маргаан гарсан ба надад гал тогооны өрөөнөөсөө урт модон иштэй хутга авч ирээд надад өгөөд тэгвэл намайг алаадах гэсэн. Тэрээр би их бухимдаж, уурлаад улмаар том өрөө рүү орж А гийн гар руу нь таягаараа 3-4 удаа цохиж, гараараа 2-3 удаа цохисон. Тэр үед миний хүү Г.Е  очиж А гийн зүүн талын гарыг нь мушгиж буцаагаад тавьсан. Тэрээр хэсэг маргалдаж байхад А  цагдаа дуудсан. Би тухайн үед уурлаад таягаараа ширээн дээр байсан хэдэн аягыг нь аваад энд та нар дарс ууж байна гэж хэдэн аягыг нь түрээд унагаасан байсан. Улмаар А гийн эгч нь гэх нэг эмэгтэй хүрч ирсэн бөгөөд С  гэх цагдаа ирсний дараа А гийн эгч нь гэх нэг эмэгтэй миний үснээс зулгааж авах үед А  намайг алгадаж авсныг нь цагдаа С  гэж хүн харсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед би 2-3 удаа цохиж, зодсон юм шиг санагдаж байгаа боловч тухайн үед бичлэг хийсэн бичлэгийг үзсэн чинь би уураа барьж чадалгүй таягаараа их цохиж, зодсон байна. М.А д учирсан хохирлыг бүрэн барагдуулж өгсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг нь барагдуулж өглөө. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй. Миний бие Өвөрхангай аймгийн Хужирт рашаан руу очиж эмчлүүлэх ёстой учир хэргийг минь түргэн хугацаанд шийдвэрлэж өгнө үү? Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй. Тухайн үед их уурлаж, бухимдсан учир ийм хэрэг үйлдлээ. ... Тухайн үед жаахан ууртай байсан. Хүүхэд маань өвчтэй мөн миний эрүүл мэндийн байдлыг харгалзаж хуулийн хөнгөлөлт үзүүлэхийг хүсэж байна.” гэх мэдүүлэг /хх- ийн 75-78 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Хохирогч М.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 21 цаг 30 минутын үед би гэртээ 9 сартай хүүгээ унтуулах гэж байхад доод давхрын айлын эмэгтэй Ж  гэх эмэгтэй над руу залгаад өчигдрөөс хойш үймүүлээд байна, битгий амгалан тайван байдал алдагдуулаад байгаарай гэхэд нь би Ж д та яагаад дандаа ингэж бидний амгалан тайван байдлыг алдагдуулаад утсаар залгаж хэрүүл хийдэг юм бэ? Манай гэрт 2 настай болон 9 сартай нэг хүүхэд байгаа. Тэд нар үсэрч харайж, үймүүлдэггүй, худлаа гэвэл та ороод ир гэхэд чи худлаа хэлээд байна танайх 6-8 настай хүүхдүүд нууж байна гэсэн. Тэгээд би хаалга онгойлгоод А  гэх хүүхдээр бичлэг хийлгээд зогсоосон. Тэгтэл Ж  болон Е  нар орж ирээд шууд над руу дайраад Ж  намайг цохиод хэл амаар доромжилж та болиоч гэхэд Е  ирж миний гарыг мушгиад хэрүүл хийсэн. Түүний дараагаар Ж  миний гэдэс рүү хэд хэдэн удаа гараараа цохисон. Уг болсон үйл явдал бичлэгт байгаа. Мөн Ж  таягаараа ширээн дээр цохиж аяга, хүүхдийн горшок, хуванцар сандал зэргийг хагалсан. Миний бие Н.Ж аас нийт 221.000 төгрөг нэхэмжилсэн. Бүх хохирлыг минь Н.Ж  барагдуулж өглөө. Надад нэмж нэхэмжлэх зүйл байхгүй. Надаас өмгөөлөгчөөрөө дамжуулж уучлалт гуйсан. Би ч гэсэн хөгшин хүн гэж уучилсан” гэх мэдүүлэг /хх-ийн 42-47 дугаар хуудас/,

- Насанд хүрээгүй гэрч Е.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр орой 20 цагийн үед 3 настай дүүгээ дагуулаад нагац эгч болох А гийн гэр руу очсон чинь гэртээ байхгүй байсан бөгөөд утас руу нь залгасан чинь Памуккале гэх ресторанд байгаа гэхээр нь дүүгээ аваад тийшээ очиж хамт хоол идэж улмаар 21 цагийн үед хамтдаа гэрт нь очсон. Гэртээ ороод А  эгч Т д цай чанаарай гэж хэлээд өрөө 9 сартай хүүхдээ унтуулах гэж унтлагын өрөөнд орсон. Би А гийн хүүхэд болон өөрийн дүүгээ хараад том өрөөнд утсаа хараад сууж байсан чинь А гийн утас нь дуугарч улмаар нэг хүнтэй ярьж байсан. Тэгээд 2-3 минутын дараа хаалга балбаж А  хаалга тайлахад нэг хүн орж ирээд таягаар цохиж эхэлсэн. А  эгч зугтаагаад том өрөөний цонхны хажууд ирсэн чинь таягаараа хэд хэдэн удаа цохисон. Тэр үед А  эгч надад утсаараа бичлэг хийгээч гэхээр нь би утсаараа бичлэг хийсэн. Тухайн таягтай эмээ А г дахин таягаараа цохиж, гараараа цохисон. Улмаар хүүхэд нь гэх ах А гийн гарыг нь мушгисан. Тэгж байхад А  цагдаа дууд, эгчийг дууд гэж улмаар өөрийнхөө утсаар манай ээжийг дуудсан. Тэгээд таягтай эгчийг Т  та гараарай гэж гаргаж явуулж байхад дахин гүйж ирээд ширээн дээр байсан эд зүйлийг таягаараа татаж хэдэн аягыг хагалчихсан. Тэгээд гараад явж байгаад том өрөөний үүдэнд байсан цэнхэр өнгийн горшокийг А  руу шидсэн бөгөөд тэр үед горшокийн нэг талын хөл нь хугарсан. Тэрээр коридорт очиж бас нэг сандлыг аваад шидсэн. Тэгээд гарах гэж байхад манай ээж орж ирээд таягтай эгчийг гаргахгүй, цагдаа ирэхээр нь өгөөд явуулсан. А  гар утсаа гаргаж ирэх үед гар руу нь таягтай эмээ гараараа цохих үед гар утас нь газар уначихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/,

            - Гэрч Х.Т н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надад А  цай чанаарай гэхээр нь гал тогооны өрөөнд цай чанаж байсан. А  9 сартай хүүхдээ хөхүүлээд унтуулах гэж унтлагын өрөөнд сууж байсан. А гийн эгчийнх нь хүүхэд гэх охин том өрөөнд өөрийнхөө дүү болон А гийн 2 настай хүүхдийн хамт сууж байсан. Тэр үед А гийн гар утас нь дуугараад та нар яагаад их чимээ гаргаж байна вэ? гэхээр нь би утсыг нь А д өгчихсөн. Тэрээр утсаар маргалдаж байгаад одоо очно гэж хэлсэн. Удалгүй 2-3 минутын дараа хаалга тогшихоор нь А  хаалга тайлсан чинь доод айлын хүн гэж хөгшин эмэгтэй орж ирээд А гийн гар, бие хэсэг рүү нь гартаа барьсан таягаараа цохиж эхэлсэн. Тэр үед би айгаад юу хийхээ мэдэхгүй зогсчихсон. А  зугтаад том өрөөний цонхны хажууд очих үед араас нь хүүтэйгээ цуг очиж улмаар таягаар болон гараараа А г цохисон. Тэрээр хүүхэд нь гэх 30-аад настай эрэгтэй А гийн гарыг нь мушгиж эхэлсэн. Би юу хийхээ мэдэхгүй зогсож байсан чинь А гийн эгчийнх нь хүүхэд гэх охин буйданд суугаад гар утсаараа бичлэг хийсэн. Улмаар А  цагдаа дуудна гэж утсаа гаргаж ирэх үед доод айлын эмэгтэй гараараа А гийн гар руу цохих үед гар утас нь газар унасан. Тэрээр А  уйлаад байсан ба тухайн хүмүүс хашхирч А г гараараа болон таягаараа цохиод байсан. Тэрээр А  цагдаа дуудаж, улмаар эгчийгээ утсаар дуудсан. Тэгээд би тухайн эмэгтэй болон хүүхдийг нь одоо хүмүүс ирэхээр нь ярилцъя, хүүхдүүд айчихна, та нар гараарай гэж үүд рүү аваад очих үед таягтай эмэгтэй буцаж том өрөө рүү очиж ширээн дээр байсан эд зүйлийг таягаараа цохиж ширээн дээр байсан эд зүйлийг унагаасан бөгөөд 4 ширхэг аяга хагарсан. Улмаар дахиж гарч явж байгаад том өрөөний буланд байсан хүүхдийн горшокийг аваад А  руу шидэх үед горшокийн нэг хөл нь хугарч үлдсэн. Улмаар коридорт гараад түшлэгтэй модон сандлыг шидэх үед түшлэгийн 2 тал нь хугарсан байсан. Тэгээд тухайн эмэгтэй явах гэж байхад гаднаас А гийн эгч нь хүрч ирээд тухайн эмэгтэйг гаргахгүй, цагдаа ирэхээр нь уулзаарай гэж гаргаагүй цагдаа ирэхээр нь дагуулаад явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/,

- Гэрч Б.Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр орой би өөрийн ажиллуулдаг дэлгүүрт сууж байсан. Тэрээр 21 цагийн орчимд М.А  залгаж намайг доод айлын хүн зодож байна гэсэн. Тэрээр би шууд машинаар явж очсон чинь М.А  том өрөөний цонхны хажууд уйлсан зогсож байсан ба миний охин буйданд мөн хүргэн А гийн дүү нь Т  гал тогооны өрөөнд байсан ба доод айлын эмэгтэй гэж настай таяг барьсан эмэгтэй болон нэг залуу А гийн хажууд зогссон настай эмэгтэй таягаараа шалыг цохиж зогсож байсан. Юу болсон бэ? гэж асуусан чинь настай эмэгтэй над руу хашхирч эд нар миний амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж хашхирч байхаар нь би гар утсаараа цагдаа руу залгасан чинь хүн явуулсан гэж хэлсэн. Тэрээр цагдаа нар хүрч ирсэн бөгөөд тэд нарыг цагдаагийн газар руу аваад явсан. Миний үзэж харсан зүйл энэ” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/,

- Гэрч Х.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр миний бие орой 18 цагаас 01 цагийн хооронд оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Тэрээр 21 цаг 30 минутын орчимд байх Цагдаагийн газрын 102 дугаартай утаснаас над руу залгаж Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт              1-36 айлын орон сууцанд зодоон гарч байна гэх дуудлагыг хүлээн авч улмаар дуудлагаар тус байрны 2 дугаар давхрын голын хаалганд очсон бөгөөд намайг очих үед тухайн байранд нийт 5-6 хүн байсан. Настай эмэгтэй буюу Ж  гэх хүн нэг залуу эмэгтэй рүү хашхирч байсан. Тэрээр тухайн залуу эмэгтэйгийн нэр усыг нь тодруулахад Н.А  гэсэн бөгөөд Ж , Е  нар зодсон гэхээр нь тухайн хүмүүсийг цагдаагийн газрын ерөнхий жижүүр А.А д авч ирж хүлээлгэн өгсөн. Юунаас болж зодоон гарсан талаар огт асууж тодруулаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дугаар хуудас/,

- Хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

- Хохирогч М.А гийн гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

- Хохирогч М.А г зодоход хэрэглэсэн яллагдагч Н.Ж ы таяганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн16-17 дугаар хуудас/,

- Гэмт хэрэг үйлдэгдэх үед гар утсаар хийсэн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, уг бичлэгийн орчуулга /хх-ийн 18-24 дүгээр хуудас/,

- Гэмт хэрэг үйлдэгдэх үед гар утсаар хийсэн бичлэгийг хуулбарлан авч эд мөрийн баримтаар авсан тухай тэмдэглэл, хавтаст хэрэгт тусгах тогтоол /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

-  Шүүх эмнэлгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х ын  2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 263 дугаартай: “Иргэн М.А гийн биед зүүн бүслүүр орчимд хөх ягаан туяатай цус хуралт, зүүн буглаганд хөх ягаан туяатай цус хуралт, зүүн тохойн урд хонхорт хөх ягаан туяатай цус хуралт, зүүн тохойн арын төвгөрт хөх ягаан туяатай цус хуралт, зүүн шуунд хөх ягаан туяатай цус хуралт, баруун шуунд хөх ягаан туяатай цус хуралт, баруун шуунд хөх ягаан туяатай цус хуралт зэрэг зөөлөн эдийн бэртэл гэмтэл, зүүн ба баруун тохойн хөдөлгөөн хязгаарлагдсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үүссэн болно. Иргэн М.А гийн бүх гэмтэл нь 1-7 хоногт үүссэн, гэмтлүүд нь цөм нэг хугацаанд үүссэн, шинэ гэмтэл болно. Иргэн М.А гийн дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4. заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Ерөнхий хөдөлмөрлөхөд нөлөөлөхгүй болно” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 57 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байна.

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

             Шүүгдэгч Н.Ж , Г.Е  нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул тэднийг бүлэглэж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.       

            Уг гэмт хэргийн улмаас хохирогч М.А д учирсан 221000 /хоёр зуун хорин нэгэн мянга/ төгрөгийн хохирлыг шүүгдэгч Н.Ж , Г.Е  нар төлсөн болох нь хохирогч М.А  болон шүүгдэгч Н.Ж  нарын мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:

            Хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2019 оны 08 сарын 15-ны өдрийн 15 дугаартай “Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа”-нд шүүгдэгч Г.Е ы сэтгэцийн өвчний талаар “...Өвний түүх: Уналт таталт, зан төрхийн өөрчлөлттэй оношоор 2008 оны 04-р сарын 17-ны өдрөөс /картыг үндэслэн бичив/ сэтгэцийн эмчийн хяналтанд орж, одоо хүртэл сэтгэцийн эмчийн хяналтанд тогтмол байгаа ба байнга хэвтэн эмчилгээ хийлгэдэг. 2008 оны 05-р сарын 21-ний өдрөөс Уналт таталт, зан төрхийн өөрчлөлттэй оношоор ХЧА-н 3-1б заалтаар 70%-иар группд гарсан.

            Дүгнэлт: 1. Г.Е  нь гэмт хэрэг үйлдэх үедээ эпилепсия өвчтэй, зан төрхийн өөрчлөлттэй, сэтгэцийн эмчийн байнгын хяналтанд байгаа.

  1. Г.Е  нь өөрийн хийж буй үйлдлээ зөвөөр ойлгох мэдүүлэг өгөх чадваргүй.
  2. Г.Е  хэрэг хариуцах чадваргүй байна.
  3. Г.Е  нь нийгэмд аюулгүй, албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй.” гэсэн дүгнэлт гарчээ.

Шүүгдэгч Н.Ж  /шүүгдэгч Г.Е ы ээж/ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Миний хүү Г.Е  1 настай байхдаа цахилгаан мененгитээр өвдөж байсан. Тэгээд 45 хоног эмчилгээ хийлгэж бага зэргийн үлдэцтэй гэсэн онош гарсан. 7-8 удаа нугасны ус авхуулж байсан. Байнга татаж унадаг. Цахилгаан мененгитээр өвдсөн хүн тахир дутуу, хөл муутай эсхүл оюуны хомсдолтой болж үлддэг тийм уршигтай өвчин гэсэн. Миний хүүгийн хувьд сэтгэцэд нь үлдэцтэй болж байнга татаж унадаг болж сэтгэцийн эмгэгтэй болж байнгын эмчийн хяналтанд байдаг болсон.” гэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлийг хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 1.7-д “шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй болох тогтоогдсон” гэж заасан.

Иймд шүүгдэгч Г.Е ы үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2019 оны 08 сарын 15-ны өдрийн 15 дугаартай “Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа”-нд  “Г.Е  нь нийгэмд аюулгүй, албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй.” гэсэн байх тул түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзлээ. 

            Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Ж д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Н.Ж д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

            Шүүгдэгч Н.Ж  нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна. /хх-ийн 86 дугаар хуудас/

            Иймд шүүгдэгч Н.Ж д үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын санал зэргийг харгалзан шүүгдэгч Н.Ж д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 4500000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.

            Шүүх шүүгдэгч Н.Ж ы ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

            Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь Н.Ж  торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

            Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Н.Ж , Г.Е  нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын хувийн баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД дискийг хэрийн хамт хадгалах нь зүйтэй байна.  

            Шүүгдэгч Г.Е д урьд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Ж д авсан уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х  овгийн Н гийн Ж , У  овгийн Г гийн Е  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч Г.Е д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж д 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Н.Ж , Г.Е  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын хувийн баримт бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД дискийг хэрийн хамт хадгалсугай.

7. Шүүгдэгч Г.Е д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл шүүгдэгч Н.Ж д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               П.Д