Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 119

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Д даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

Хэлмэрч А.Е,

Улсын яллагч Б.Б ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З,

Шүүгдэгч Т.Ж  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Б өөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ж д холбогдох 1913001600103 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, яс үндэс казах, 1986 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй, одоо тус аймгийн Өлгий сумын 12 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, А  овогт Т ын Ж , регистрийн дугаар БА86000000

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Сагсай сумын 2 дугаар багийн иргэн Т.Ж , 4 дүгээр багийн иргэн С.С  нар 2015 оны 01 дүгээр сарын сүүлээр орой 21 цагийн үед тус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байдаг Дунд уулын Улаан бэл гэх газраас Т.Ж гийн 1 настай адууг идсэн амьтныг чоно гэж андууран Монгол Улсын улаан номонд орсон нэн ховор амьтан буюу 1 цоохор ирвэсийг агнасан байх ба яллагдагч Т.Ж  нь уг ирвэсийн арьсыг 2015 оны 01 дүгээр сараас 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Сагсай сумын нутаг Дунд уул гэдэг газарт өвөлжөөнд болон Цагаан асгатын эхийн ууланд мөнх цаст газар, дараа нь Өлгий суманд өөрийн амбаарт хадгалсан, улмаар 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр тээвэрлэж Улаанбаатар хотод худалдах зорилгоор хүргэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч Т.Ж гийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Ж  нь иргэн С.С ын 2015 оны 01 дүгээр сарын сүүлээр Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Дунд уулын Улаан бэл гэх газарт адуу идсэн амьтныг чоно гэж андууран агнасан Монгол Улсын улаан номонд орсон нэн ховор амьтан буюу эр цоохор ирвэсийн арьсыг мөн үеэс эхлэн Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нутаг Дунд уул гэдэг газарт өвөлжөөнд болон тус сумын Цагаан асгатын эхийн ууланд мөнх цаст газар, дараа нь Өлгий суманд өөрийн амбаарт тус тус хадгалж улмаар 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр худалдах зорилгоор Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хот хүртэл тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцох үндэслэл:

1. Шүүгдэгч Т.Ж гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний бие 2007 онд гэр бүлтэй болсон. 2014 онд гурав дахь охин маань мэндэлсэн үед би охиндоо нэг унага өгсөн. Тухайн үед би өөрөө Сагсай сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт мал малладаг малчин байсан. Гэтэл 2015 оны 01 дүгээр сарын сүүлд буюу нэг жилийн дараа охинд өгсөн даагыг чоно идсэн байх тул би манай сумын анчин хүн болох С.С  руу утасдаж “миний охины даагыг чоно идсэн байна, та манай тийшээ хүрээд ирэх боломжтой юу" гэж хэлэхэд С.С  өөрийн мотоциклтэй манайд ирсэн. Тэгээд С.С  бид хоёр түүний мотоциклээр миний охины даагыг идсэн гэх цэгт очих үед гадаа нилээд харанхуй болсон байсан ба цэгт нэг амьтны улаан нүд нь харагдсан болохоор чоно юм байна гэж бодоод С.С  өөрийн буугаар буудсан. Тэр үед би прожекторын гэрэл тусгаж байсан. Гэтэл С.С ын буудсан сум нь уг амьтныг оноогүй ба бага зэрэг үргэж байгаад буцаад зогссон. Тухайн үед мотоциклийн аккумлятор нь прожекторын гэрэлд тийм ч сайн дийлэхгүй байхаар нь би С.С ын мотоциклээр гэр лүү явж ах болох К.У гийн  ланд-80 маркийн тээврийн хэрэгслийг асааж хөрш айлын Х.С ийг дагуулаад гэрт байгаа өөрийн калибрь маркийн буугаа аваад С.С  байгаа газарт очиж прожекторын гэрлийг тусгахад нөгөө амьтны бараа нь харагдсан. Тэр үед би өөрийн калибраар нэг удаа буудаж үргээхэд бид нараас зайтай газар сууж байсан С.С  ч уг амьтныг өөрийн буугаар буудсан. Тухайн үед уг амьтан прожекторын гэрэлд харагдаж доошоо гүйж байгаад унасан. Хойноос нь С.С , Х.С  бид гурав гүйж очоод харахад уг амьтан нь чоно биш ирвэс байсныг мэдсэн. Дараа нь уг ирвэсийг манай гэрийн гадаа аваачиж өвчиж махыг нь би усанд живүүлж, арьсыг нь гялгар уутанд хийж, дараа нь машины дугуйн олгой дотор хийж, хорооны хажууд байдаг түлээнд хэрэглэхээр хатааж хураасан шивхийн дунд хадгалсан. Дараа нь хаваржааны үеэр Даян руу нүүх үед манай хаваржааны дээд талд мөнх цастай “Хол агаш” гэх ууланд аваачиж нуусан болно. Бид нар эхэндээ ирвэс гэдгийг мэдэхгүйгээр чоно буудсан гэж андуураад ирвэс буудсан байсан. Тухайн үед бид нар хууль хяналтын байгууллагад мэдэгдэх гэсэн боловч нэн ховор ан агнаснаас болж асуудал хүндрэх байх гэж айсандаа нуун дарагдуулсан болно. Дараа нь 3-4 жил өнгөрсөн болохоор одоо хэн ч мэдэхгүй байх гэж бодоод уг ирвэсийн арьсыг худалдах сэдэл төрж, өөрөө хувийн ажлаар Улаанбаатар хот руу явах үеэр өөрийн машинд ачиж, Улаанбаатар хотод хүргэсэн. Тэр үед танилцаад удаагүй байгаа танил К.Ж  уг ирвэсийн арьсыг нэг хүнд худалдаж өгнө гэж аваад явсан. ...Би урьд нь малчин байсан. Малчин байхад миний адууг чоно идсэн. Тэгээд тэр чоныг агнахаар анчин дуудсан. Тэр анчин чоно гэж бодоод буудсан боловч ирвэс байсан. Тэгээд өвчиж, арьсыг нь хадгалж байсан. Хүн амьтанд хэлэхээс айсан. Мах ачаад Улаанбаатар хот руу явах үед авч яваад Ж  гэдэг надаас мах авч байсан хүнд өгсөн. Тэр хүн эргүүлээд намайг цагдаад өгсөн байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлэхийг хүсэж байна.“ гэх мэдүүлэг /хх-ийн 116-117 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

2. Иргэний нэхэмжлэгч С.С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Монгол Алтайн нурууны тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаанд цагдаагийн байгууллагаас албан бичиг ирсэн үед Т.Ж  нэн ховор амьтан болох ирвэсийн арьсыг хадгалсан, тээвэрлэсэн болохыг сонсож мэдсэн. Тэрнээс өмнө мэдээгүй. Байгаль орчинд учруулсан хохирлыг гэм буруутай этгээд төлж хохиролгүй болгох учиртай. Тийм болохоор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Т.Ж  уг нөхөн төлбөрийг төлнө гэж бодож байна. Би яллагдагч Т.Ж гаас 22.400.000 төгрөг нэхэмжилж байна. Яллагдагч Т.Ж  нь өөрийн буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэд хэдэн удаа ирж уулзсан. Т.Ж  надад хэлэхдээ “Одоогоор ямар нэгэн мөнгө төгрөгийн асуудал болохгүй байна. Удахгүй төлж барагдуулна” гэж хэлсэн. Миний мэддэгээр ямар ч байсан нэг сая төгрөгийг манай байгууллагын дансанд тушааж мөнгө тушаасан баримтын нэг хувийг надад өгсөн байгаа. Одоо үлдсэн 21.400.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-46 дугаар хуудас/,

3. Гэрч К.Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2018 оны 09 дүгээр сарын сүүлээр Ж  надыг гэртээ дагуулж очоод цагаан өнгийн шуудайнд хийсэн цоохор ирвэсийн арьсыг авч ирж үзүүлэн энэ арьсыг Хятадуудад зармаар байна гэж үзүүлж байсан юм. Тэгээд би Хятадуудаас асууж үзье гэж хэлээд орхисон. Тэрний дараагаар 2019 оны 03 дугаар сарын 20-ны үеэр Ж  надад өөрийн ********* гэх дугаарын гар утсаар миний 94696774 гэх дугаарын гар утас руу залгаж “Би хот руу мах ачиж очно. Нөгөө чамд үзүүлж байсан ирвэсийн арьсыг авч очиж худалдмаар байна” гэж хэлсэн ба 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр “Улаанбаатар хотод ирчихлээ “Эмээлт” захын ойролцоо байна. Чи хүрээд ир” гээд намайг дуудсаны дагуу тухайн арьсыг очиж авахад 5 сая төгрөгөөр худалдаж өгөөч гэж өөрийн ачааны машины ачаанаас буулгаж надад өгсөн ба би тэр арьсыг үзэхэд нойтон арьс байсан болохоор “Энэ арьс нь сүүлийн үед агнасан байж болзошгүй цоохор ирвэсийн арьс байна. Энэ чинь хориотой зүйл байна. Чи энэ арьсаа ав” гэхэд за байж байгаад авъя гэж авахгүй байсан болохоор би өөрөө хэрэгт орж болзошгүй гэж бодоод Цагдаагийн байгууллагад авч ирж өгч хуулийн дагуу шалгуулъя гэж бодсон юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/,

4. Гэрч С.Е гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Т.Ж  бид хоёр 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр мах ачиж Ж гийн “Дево” маркийн тээврийн хэрэгслээр Өлгийгөөс гараад Улаанбаатар хот руу очсон ба Улаанбаатар хот очиж “Эмээлт” захын хажууд зогсож байгаад Т.Ж  нэг хүн рүү залгаж мах зарна гэж дуудсан юм. Тэгээд тэнд хүлээж байхад өндөр нуруутай шар залуу ирж Т.Ж тай уулзаж юм ярьж хэсэг хугацаа зогсож байгаад бидний мах ачиж очсон өөрийнхөө “Дево” маркийн 00-00 БӨА улсын дугаартай машины чиргүүлээс цагаан өнгийн шуудайнд хийсэн зүйл авч гараад нөгөө шар царайтай залууд өгсөн ба нөгөө залуу яваад өгсөн юм. Т.Ж  бид хоёр Улаанбаатар хотод буудалд байж байхад “би бугын толгой авч ирж нөгөө бид нартай Эмээлтийн тэнд уулзсан залууд өгч явуулсан” гэж хэлж байсан. Бид Улаанбаатар хотод хэд хоносны дараа надад Т.Ж  залгаж “намайг Цагдаагаас дуудаж байна. Би чамд бугын толгой гэж хэлсэн зүйлийг чи цагдаад хэлсэн юм биш үү, тэр бугын толгой биш ирвэсийн арьс байсан” гэж хэлсэн юм. Би тэр үед Т.Ж  Улаанбаатар хот руу Өлгийгөөс ирвэсийн арьс авч очсон байна даа гэж бодсон. Би Өлгийгөөс ирвэсийн арьс ачиж гарсныг мэдээгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/,

5. Гэрч С.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2017 оны 11 дүгээр сарын дунд үеэр надад Т.Ж  залгаад “Манай адуунаас нэг адууг чоно идсэн байна. Та хүрээд ирээч чоно үргээх шаардлагатай байна” гэж намайг дуудсан юм. Тэгээд би оройн 6 цагийн үед Сагсай сумын төвөөс өөрийн мотоциклээр гарч 2 дугаар багийн нутаг дэвсгэр болох Дунд уул гэх газар өвөлжиж байсан Т.Ж гийн гэрт очсон ба гэрт нь очиж нэг хоол идчихээд нөгөө чоно идсэн гэх адууны сэг дээр оройн 21 цаг болж байх үед очиж поржоктурын гэрэл тусгахад нэг амьтны нүд улаан болж харагдаад байсан юм. Тэгээд чоно юм байна гэж өөрийн эзэмшлийн СКС маркийн буугаар нэг удаа буудахад оноогүй учир тухайн амьтан сэгнээс зугтаад ойролцоо эргэж яваад байсан. Тэгээд Т.Ж  гэрээс гэрэл авч ирье гэж явган явсан ба би мотоциклийн хажууд сууж байхад Т.Ж  өөрийн Ланд-80 маркийн машинаар хажуудаа хоч нэр нь Ш  гэх залууг дагуулж ирсэн юм. Тэгээд дахин гэрэл тусгахад нөгөө амьтан сэгний хажууд байсан учир Т.Ж  өөрийн винтов маркийн буугаар нэг удаа буудахад тухайн амьтан адууны сэгийн хажуугаас зугтахгүй байсан учир би дахин нэг удаа будахад тухайн амьтан нөгөө газраасаа хөдөлж алга болсон юм. Бид араас нь очиход нөгөө амьтан бид араас 100 гаруй метр газар унасан байв. Хажууд нь очиход ирвэс байсан юм. Тэгээд энэ одоо хэцүү боллоо Цагдаагийн байгууллагад мэдэгдэх хэрэгтэй гэж бид гурав хоорондоо ярилцаж байгаад Т.Ж  нэг хүн рүү залгана гэж аймгийн шүүхэд шүүгчээр ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан Байгонак гэх хүнд “бид нэг ан буудсан чинь нөгөө ан маань ирвэс юм байна, одоо яах вэ” гэж асуухад та нар нэгэнт ирвэс буудсан бол хэрэгт орно наад зүйлээ алга болго гэж хэллээ гэж бидэнд хэлсэн юм. ...Би өмнө нь хоёр удаа мэдүүлэг өгч байсан. Тухайн үед бүх зүйлийг үнэн зөвөөр мэдүүлсэн боловч он сар өдрийг нь худлаа мэдүүлсэн байсан. Энэ удаа бүх зүйлийг үнэн зөвөөр мэдүүлэхийг хүсэж байна. Миний эмээ 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 101 насандаа нас барсан. Одоо бодоод үзэхэд миний эмээ нас барахаас өмнө 2-3 хоногийн өмнө би уг ирвэсийг буудсан байсан. Тухайн үед 101 нас хүрсэн эмээ маань ямар нэгэн өвдөхгүйгээр нас барсан байх тул би өөрөө уг ирвэсийг буудсанаас болсон байх гэж бодож явсан. Бид нар уг ирвэсийг 2015 оны 01 дүгээр сарын 27-29-ний өдрүүдийн аль нэгэнд буудсан. Өдрийг нь сайн санахгүй байна. ...Гурвуулаа уг ирвэсийг Ланд-80 маркийн тээврийн хэрэгслийн хойд талд ачаад Т.Ж гийн гэрийн гадна ирээд буулгасан. Тухайн үед шөнийн 23-00 цаг болж байсан ба гар чийдэнгийн гэрлээр уг ирвэсийг өвчиж, Т.Ж д өгөөд яваад өгсөн. Би уг ирвэсээс юу ч аваагүй. Дараа нь би Т.Ж гаас утасдаж асуухад “Махыг нь усанд живүүлж, арьсыг нь нууж, үгүй хийсэн байгаа. Та санаа зовох зүйлгүй, ямар нэгэн асуудал гарах юм бол би өөрөө хариуцах болно” гэж хэлж байсан болохоор би ч тэрний үгэнд итгээд дахиж асуугаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56-58 дугаар хуудас/,

6. Гэрч Х.С ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2017 оны 11 дүгээр сарын дунд үеэр Сагсай сумын 2 дугаар багийн нутаг Дунд уул гэх газар өвөлжиж байсан ба сар өдрийг нь сайн санахгүй байна нэг орой мал хариулж ирчихээд хөрш Т.Ж гийн гэрт очиж сууж байсан чинь Ж  гаднаас орж ирсэн ба “Манай адуунаас нэг адууг чоно идсэн байна. А  сая манайд ирээд бид хоёр нөгөө адууны сэг дээр очиж гэрэл тусгасан чинь нэг амьтны нүд нь улаан болж харагдаж байхаар нь С  нэг удаа буудахад оноогүй. Тэр амьтан чоно юм шиг байна, нөгөө газарт явж байж болзошгүй мотоциклийн аккумляторын цэнэг нь унасан учир одоо миний Ланд-80 маркийн машинаар очих хэрэгтэй байна” гэж хэлэхээр нь дагаад явсан юм. Бид хоёр нөгөө газар очиход А  харагдахгүй байсан. Тэгээд нөгөө адууны сэг рүү гэрэл тусгаж үзэхэд юм харагдахгүй байсан учир Ж  за юу ч гэсэн нэг сум буудаад үзье нөгөө амьтан үргээд явах байх гэж нэг буудсаны дараа дахин эргүүлж гэрэл тусгахад нөгөө амьтан сэгний хажууунаас гарч ирсэн байсан ба энэ үед С  нэг удаа буудсан. Нөгөө амьтан адууны сэгнээс 100 гаруй метр газар очиж унасан байсан юм. ...Ж  намайг гэрээсээ дагуулж гарахад чоно буудна гэж гарсан юм. Адуу идсэн гэх сэг дээр ирэхэд ямар ан гэдгийг мэдэхгүй нэг амьтны нүд нь улаан болж харагдаад байсан ба тухайн зүйлийг чоно гэж буудсан чинь ирвэс байсан юм. Тэгээд тухайн ирвэсийг Ланд-80 маркийн тээврийн хэрэгсэлд ачиж Ж гийн гэрийн гадна ирж нядалж дуусаад шөнийн 01 цагийн үед би гэр рүү явсан юм. С  бид хоёр тухайн ангийн эд эрхтнээс ямар ч эд зүйл аваагүй бүх зүйлүүд нь Ж гийн гэрт үлдсэн юм.

..Би анх мэдүүлэг өгөхдөө 2015, 2016 онд байсан байх, он сар өдрийг нь сайн санахгүй байна гэж хэлэхэд мэдүүлэг авч байсан цагдаа надад Т.Ж , С.С  нар 2017 оны 11 дүгээр сар гэж хэлж байна шүү дээ гэж хэлэхэд би андуурч байгаа болов уу он сар өдөр нь нэг их чухал биш байх гэж бодсон. Би 2014 онд ногоон өнгөтэй хятад улсад үйлдвэрлэгдсэн мотоцикл худалдаж авсан. 2015 онд уг мотоцикл эвдэрсэн, удаан зогсоход асдаггүй байсан. Миний санаанд үлдсэн зүйл гэвэл тэр өдөр Ж , С  нарын хамт уг ирвэсийг Ж гийн гэрийн гадаа авч ирээд өвчих үед би хамт байсан ба дараа нь удаан зогсвол миний мотоцикл асахгүй, тийм учраас би түрүүлээд явлаа гээд яваад өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-61 дүгээр хуудас/,

7. Гэрч А.С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Нөхөр бид хоёр 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хоёр хүүгийн дараа нэг охинтой болсон. Тэр жил адуун сүрэг дотроос хурдан унагыг охины унага болгож нэрлэсэн байсан. 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр охины маань төрсөн өдрийг тэмдэглэсэн ба тухайн өдрөөс хойш хэд хоногийн дараа нөхөр маань ирээд “Манай охины хурдан унагыг чоно идсэн байна. Би сумын анчин хүнийг дуудсан байгаа. Өнөө орой анчин бид хоёр тэр чоно дахин ирэхийг хүлээнэ” гэж хэлсэн ба орой 20 цагийн үед С.С  гэдэг хүн өөрийн мотоциклээр манай гэрт ирсэн. Тэгээд Ж , С  нар нэг цай уугаад гараад явсан. Шөнө би унтсан болохоор юу ч мэдээгүй. Өглөө нөхрөөсөө юу болсон талаар асуухад чоно ирээгүй, бид нар чоно буудаагүй гэж хэлсэн. Харин энэ жил цагдаагийн байгууллагад шалгаж эхэлсэн үед би Ж гаас чи ямар асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа юм бэ гэж асуух үеэр надад үнэнээ хэлсэн. Би энэ нэг сарын өмнөөс л сонсож мэдсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63 дугаар хуудас/,

8. Гэрч Х.Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Ж , С  нар ирвэс агнасан тухай би мэднэ. Энэ тухай би 2015 онд сонсож мэдсэн. Миний нөхөр С.С ыг байнга хүмүүс утасдаж дуудаж явдаг байсан. Нэг өдөр манай сумын иргэн Ж  дуудсан гэж явсан ба тухайн өдөр надад юу ч хэлээгүй байсан. Хэд хоногийн дараа надад “Би Ж гийн адууг идсэн гэх сэг дээр очиж чоно юм байна гэж андуураад муур шиг цоохор юм буудчихлаа. Чи хэн нэгэн хүнд хэлж болохгүй шүү” гэж хэлэхээр нь ямар нэгэн асуудал болохгүй юм бол боллоо би хэнд ч хэлэхгүй гэж хэлээд өнгөрсөн. 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр манай хадам эх 101 насандаа өнгөрсөн. Тэр хүн нас барахаас ганц хоёр хоногийн өмнө надад хэлж байсан. Өөрөөр хэлбэл 2015 оны 01 дүгээр сарын сүүлээр байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65 дугаар хуудас/,

9. Гэрч С.Х ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр манай эмээ Ж.С  гэх хүн 101 насандаа нас барсан. Тэр хүн өнгөрдөг өдөр ажил явдалд нь оролцож явж байх үеэр манай ах С.С  надад “Би хэд хоногийн өмнө чоно юм байна гэж андуураад ирвэс буудсан. Энэ асуудлыг хэн ч мэдэхгүй, чи ч энэ тухай хэн нэгэн хүнд хэлж болохгүй шүү” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66 дугаар хуудас/,

10. Ирвэс буудсан гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг /хавтаст хэргийн 11-15 дугаар хуудас/,

11. Ирвэсийн арьсыг өвчиж нууж хадгалсан гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас/,

12. Мөн ирвэсийн арьсыг хүйтэн, мөнх цастай газарт цасанд булж хадгалсан гэх газарт нь үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 19-21 дүгээр хуудас/,

13. Цоохор ирвэсийн арьсыг гэрч К.Ж гаас хураан авах санал, прокурорын зөвшөөрөл /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,

14. Цоохор ирвэсийн арьсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 26-26 дугаар хуудас/,

15. Цоохор ирвэсийн арьс болон хэргийн газраас олдсон малын толгойн ясыг эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/,

16. М.Ж гийн  2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дугаартай: “...шинжилгээнд хүргүүлсэн арьс нь Дэлхийн байгаль хамгаалах холбооны болон Монгол Улсын улаан ном, Зэрлэг амьтан ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын 1 дүгээр хавсралт, Монгол Улсын Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт нэн ховор амьтдын жагсаалтанд бүртгэгдсэн цоохор ирвэсийн арьс байсан. ...нойтон, шинэхэн арьс байсан. ...эр ирвэс байна. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын жагсаалтын дагуу цоохор ирвэсийн экологи-эдийн засгийн үнэлгээ эр нь 11.200.000 төгрөг болно. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2, Амьтны аймгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь заалтад нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно. 11.200.00*2=22.400.000 төгрөгийн хохирлыг амьтны аймагт учруулсан байна” гэх шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 74-75 дугаар хуудас/,

17. Аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х.Б гийн гаргасан 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 44 дугаартай мөр судлалын оношилгооны шинжилгээний “Шинжилгээнд ирүүлсэн яс нь толгой хэсгийн, нэг насны, адуу малын яс байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 98-99 дүгээр хуудас/,

18. Шинжээч М.Ж гийн  “Ирвэсийн арьсаар хэзээ буудсан ирвэсийн арьс гэдгийг тогтоох боломжгүй. Би уг арьсанд үзлэг хийх явцад уг арьсны толгой өвчлөөгүй, мөн арьс нь нойтон байсан болохоор тэгж дүгнэсэн. Хэрэв уг арьсыг хүйтэн газар мөс юм уу цасан дотор хөлдөөж хадгалсан бол ямар нэгэн өөрчлөлт орохгүйгээр хадгалагдаж болно. Тийм учраас арьснаас нь хэзээ буудагдсан эсэхийг тогтоох боломжгүй. Би уг арьсанд үзлэг хийхэд нэг л сумны нүх байсан, уг нүх нь том бууны сумны нүх шиг ажиглагдсан. Өөр ямар нэгэн нүх байхгүй байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 110-111 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Ж гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл нь тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт, цаг хугацааг хангалттай зөв тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Нэн ховор амьтан болох цоохор ирвэсийг чоно байна хэмээн андуурч буудсан болох нь гэрч нарын болон шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул прокурор уг үйлдэлд нь санаатайгаар ирвэс агнасан нь нотлогдоогүй тул ирвэс буудсан иргэн С.С ын үйлдэлд гэмт хэргийн шинжгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.

Харин уг цоохор ирвэсийг 2015 оны 01 дүгээр сарын сүүлээр агнасан болох нь гэрч С.С , Х.С , А.С , Х.Е , С.Х  болон шүүгдэгч Т.Ж  нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа хэдий ч шүүгдэгч Т.Ж  нь цоохор ирвэсийн арьсыг энэ үеэс 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хадгалж, мөн өдөр Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хот хүртэл тээвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд “Хууль үйлчлэх цаг хугацаа”-г тодорхойлж өгсөн бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно.”, 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Т.Ж гийн нэн ховор амьтан болох цоохор ирвэсийн арьсыг хадгалсан үйлдэл нь 2015 оны 01 дүгээр сарын сүүлээр эхэлж 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон байна. Мөн тээвэрлэсэн үйлдэл нь “Даево” маркийн 0000 БӨА улсын дугаартай ачааны автомашинаар Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хотод 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр тээвэрлэн хүргэснээр дуусгавар болсон байна.    

Монгол Улсын Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...Нэн ховор амьтанд ...Цоохор ирвэс /Uncia uncial/ ...зэрэг амьтан хамаарна” гэж хуульчилсан байх бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дугаартай: “...шинжилгээнд хүргүүлсэн арьс нь Дэлхийн байгаль хамгаалах холбооны болон Монгол Улсын улаан ном, Зэрлэг амьтан ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын 1 дүгээр хавсралт, Монгол Улсын Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт нэн ховор амьтдын жагсаалтанд бүртгэгдсэн цоохор ирвэсийн арьс байсан. ...эр ирвэс байна.” гэх шинжээчийн дүгнэлтээр эр цоохор ирвэс мөн болох нь тогтоогдсон.

Иймд шүүгдэгч Т.Ж гийн үйлдсэн гэмт хэрэгт нь прокурор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Нэн ховор амьтны түүхий эдийг хадгадсан, тээвэрлэсэн” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Т.Ж д дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар дугаартай “Үнэлгээ, төлбөр, хураамжийн хэмжээг шинэчлэн батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтад эр цоохор ирвэсийн экологи-эдийн засгийн үнэлгээг 11.200.000 /арван нэгэн сая хоёр зуун мянга/ төгрөгөөр тогтоожээ. 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2-д “амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр”, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.”, 37.2-д “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно.” гэж тус тус хуульчилсан.

Иймд шүүгдэгч Т.Ж гийн амьтны аймагт учруулсан хохирол болох 11.200.000 /арван нэгэн сая хоёр зуун мянга/ төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлж 22.4000.0000 /хорин хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр тогтоосон 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Ж  нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 22.4000.0000 /хорин хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөс 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны дансанд төлж одоо 21.400.000 /хорин нэгэн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн нь иргэний нэхэмжлэгч М.С , шүүгдэгч Т.Ж  нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна.” гэж хуульчилсан. Иймд шүүгдэгч Т.Ж гийн гэмт хэргийн улмаас амьтны аймагт учруулсан хохиролд нөхөн төлсөн 1.000.000 /нэг сая/ төгрөгийг Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны данснаас гаргаж Байгаль орчин, уур амьсгалын санд, үлдсэн 21.400.000 /хорин нэгэн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирлын нөхөн төлбөрийг шүүгдэгч Т.Ж гаас гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд тус тус оруулахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Ж д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан.

Шүүх шүүгдэгч Т.Ж д эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн бөгөөд түүнд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохүй байна.

Шүүгдэгч Т.Ж  анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 130 дугаар хуудас/ тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Т.Ж гийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос нөхөн төлсөн, үлдсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял шийтгэлээс торгох ялыг сонгож улсын яллагчийн санал болгосон тухайн гэмт хэрэгт оногдуулах торгох ялын хамгийн доод хэмжээ болох 10000 /арван мянга/ нэгж буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

            Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, тогтсон ажил хөдөлмөр эрхлээгүй байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 10000000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч Т.Ж  нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “”Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж” ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Т.Ж  нь нэн ховор амьтан болох цоохор ирвэсийн арьсыг Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хот хүртэл тээвэрлэхдээ өөрийн эзэмшиж буй “Даево” маркийн 0000 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж очсон болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

Уг тээврийн хэрэгслийг шүүгдэгч Т.Ж  нь “Транскапитал" Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч Баян-Өлгий аймгийн төвд хашаа байшин худалдаж авахдаа барьцаанд тавьсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар мөн тогтоогдож байгаа бөгөөд одоо “Даево” маркийн 0000 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл “Транскапитал" Банк бус санхүүгийн байгууллагын өмчлөлд бүртгэлтэй байна. /хх-ийн 41-42 дугаар хуудас/

2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр 2004 онд үйлдвэрлэгдсэн “DAEWOO” маркийн тээврийн хэрэгсэл нь 35.000.000 /гучин таван сая/ төгрөгөөс 45.000.000 /дөчин таван сая/ төгрөгийн үнэтэй гэж тогтоожээ. Иймд шүүгдэгч Т.Ж гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд байх тул түүний үнийг гаргуулах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ. Шүүхээс  шүүгдэгч Т.Ж гаас тээврийн хэрэгслийн үнийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон доод үнэ болох 35.000.000 /гучин таван сая/ төгрөгөөр тооцож гаргуулахаар шийдвэрлэв.

     Мөн уг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 35.000.000 /гучин таван сая/ төгрөгөөс амьтны аймагт учруулсан хохирлын төлөгдөөгүй 21.400.000 /хорин нэгэн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн нөхөн төлбөрийг төлүүлж илүү гарсан 13.600.000 /арван гурван сая зургаан зуун мянга/ төгрөгийг улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна. 

     Энэ хэрэгт шүүгдэгч Т.Ж  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж хэрэгт шүүгдэгчийн Е ******* дугаартай гадаад паспорт ирснийг шийтгэх тогтоолын хамт Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт хадгалагдаж буй цоохор ирвэсийн арьс /эр/, малын толгойн 2 хэсэг яс зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж байна.

Шүүгдэгч Т.Ж д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А  овогт Т ын Ж г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ж г 100000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ж д оногдуулсан 100000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10000000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ж  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Ж гаас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 35.000.000 /гучин таван сая/ төгрөгийг гаргуулж уг төлбөрөөс амьтны аймагт учруулсан хохирлын төлөгдөөгүй 21.400.000 /хорин нэгэн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн нөхөн төлбөрийг Байгаль орчин, уур амьсгалын санд төлүүлж илүү гарсан 13.600.000 /арван гурван сая зургаан зуун мянга/ төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Ж гийн гэмт хэргийн улмаас амьтны аймагт учруулсан хохиролд нөхөн төлсөн 1.000.000 /нэг сая/ төгрөгийг Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны данснаас гаргаж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Энэ хэрэгт шүүгдэгч Т.Ж  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж хэрэгт шүүгдэгчийн Е ******* дугаартай гадаад паспорт ирснийг шийтгэх тогтоолын хамт Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт хадгалагдаж буй цоохор ирвэсийн арьс /эр/, малын толгойн 2 хэсэг яс зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

9. Шүүгдэгч Т.Ж д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  П.Д