| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэнцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 161/2019/0120/Э |
| Дугаар | 117 |
| Огноо | 2019-08-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 117
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Д даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М,
Улсын яллагч Б.Б ,
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х овогт Б ын Г эд холбогдох эрүүгийн 1913002440159 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, яс үндэс халх, 1989 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэн буудагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Зэвсэгт хүчний 331 дүгээр ангид ротын ахлагч ажилтай, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, толгойтын 127-р гудамж, 11 тоотод оршин суух хаягтай, одоо Баян- Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар баг, 340 дүгээр ангийн 40 айлын орон сууцны 1-20 тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Б ын Г , регистрийн дугаар ЙЕ00000000
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Б.Г нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг Эмпати ерөнхий боловсролын сургуулийн баруун талын “Ернар" маркетын үүдэнд 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр тус сумын 2 дугаар багийн иргэн М.Н ыг согтуугаар, хэрүүл маргааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч Б.Г нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг Эмпати ерөнхий боловсролын сургуулийн баруун талын “Ернар" маркетын үүдэнд 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр тус сумын 2 дугаар багийн иргэн М.Н ыг согтуугаар, хэрүүл маргааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:
Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х ын 2019 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 272 дугаартай: “...Иргэн М.Н ын биед тархины доргилт, баруун нүдний дээд, доод зовхинд хавдартай, цус хуралттай, нүдний салстад цус харвасан, хамрын нуруунд хавдартай, мурийлттай, цус хуралттай, хамраас цус гоожсон, дагзанд хавдартай, дээд уруулд хавдартай хэнзэрсэн, доод эрүүний үүдэн нэг шүд 2 дугаар зэргийн суларсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо бүхий зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн болно. Иргэн М.Н ын дээрх гэмтлүүд нь 1-10 хоногт үүссэн, гэмтлүүд нь цөм нэг хугацаанд үүссэн, шинэ гэмтэл болно. Иргэн М.Н ын дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Ерөнхий хөдөлмөрлөхөд нөлөөлөхгүй болно” гэх шинжээчийн дүгнэлтээр /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/ хохирогч М.Н ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон байна.
Хохирогч М.Н ын эрүүл мэндэд учирсан дээрх хөнгөн хохирлыг шүүгдэгч Б.Г учруулсан болох нь:
1. Хохирогч М.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 15 цагийн орчимд дүү болох С.Н ат болон хөдөөнөөс ирсэн хамаатны дүү бид гурав сэлбэг хайгаад өөрийн 0000 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Эмпати бүрэн дунд сургуулийн баруун талд байрлах дэлгүүрийн эзэнтэй уулзахаар очсон. Тэрээр би машинаас буугаад дэлгүүр рүү орж байхад үүдэнд 0000УНП улсын дугаартай машинтай залуучууд сууж байсан ба би дэлгүүрт орсон чинь сэлбэг авах хүн байхгүй байсан тул буцаж гараад машиндаа суух гэж байхад 0000 УНП улсын дугаартай машинд сууж байсан хүн “Юундаа муухай хараад байгаа юм бэ?” гэсэн. Тэрээр би “Харж болдоггүй юм уу?” гэж хэлэх үед “Шээс минь чаддаг юм бол буугаад ир” гэхээр нь би машинаас бууж очиж улмаар Г гэх залуутай маргалдсан. Тэрээр Г ийн араас машинаас 2-3 хүн бууж ирсэн ба дотор нь нэг эмэгтэй хүн байсан. Тухайн эмэгтэй бид нарыг больцгоо гэж салгаад явж байсан. Тэрээр бид хоёр бие бие руу дайрч байгаад би нэг удаа толгой руу нь гараараа цохих үед Г миний хамар, нүд орчимд гараараа нэг удаа цохих үед миний хамраас цус гарчихсан. Тэр үед миний хажууд явж байсан С.Н ат Г ийг нэг удаа цохисон. Тэрээр Г миний дагз орчимд дахин нэг удаа цохисон. Тэрээр би цагдаа дуудсан бөгөөд Г явна гэж байхаар нь би хашаа руу шахаж байгаад явуулахгүй зогсож байхад цагдаа нар ирсэн. Миний бие Говь-Алтай аймаг руу очиж толгойгоо бариулж ирсний төлбөр болох 600.000 төгрөгийн баримтыг машин дотор хадгалсан байсан бөгөөд уг баримтуудыг машин цэвэрлэх үед хаясан байна. Хайгаад огт олоогүй. Надад хохиролтой холбоотой гаргаж өгөх баримт байхгүй байна. Б.Г надад тухайн учирсан хохирол болох 600.000 төгрөгийг 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр өгөхөөр болж тохиролцсон. Иймд надад нэхэмжлэх зүйлгүй. Хохиролтой холбоотой ямар нэгэн маргаангүй. Учирсан хохирлыг төлж өгөхөө илэрхийлсэн. Бид хоёр эвлэрсэн тул хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэж өгнө үү? Бид хоёр сайн дураараа эвлэрсэн. Ямар нэгэн дарамт шахалт байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-19 дугаар хуудас/,
2. Гэрч Х.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр миний бие гадуур явж байхад М.Н надаас сэлбэг авах гэж ирээд улмаар Б.Г тэй тааралдаж зодолдсон байна. Би гаднаас ирэх үед надтай зэрэгцэж цагдаа ирсэн бөгөөд тэд нарыг цагдаагийн машинаар аваад явсан. М.Н ын хамраас цус гарсан байдалтай, Б.Г ямар нэгэн ил харагдах гэмтэлгүй байсан. Тэрээр би юу болсон бол гэж дэлгүүрийн камерын бичлэгийг шүүж үзсэн чинь 15 цагийн орчимд байсан байх Б.Г нар машинаар манай дэлгүүрийн урд зогсож байхад М.Н ирж улмаар дэлгүүр орж буцаж гарах үед М.Н Б.Г тэй маргалдсан маягтай машинаасаа буугаад улмаар бие биенээ нэг нэг удаа цохисон бичлэг харагдсан. Тэрээр камерын тусгалаас гарсан тул тэрнээс хойших асуудал нь бичлэгт ороогүй байсан. Уг бичлэгийг шууд гар утсаараа бичиж авсан ба камерт байгаа бичлэг 7 хоногийн дараа устсан. Тэгээд миний гар утсанд бичсэн бичлэгийг хүүхдүүд тоглож байгаад устгасан байсан. /Утсаа нээж Х сан бөгөөд ямар нэгэн бичлэг байгаагүй./ Миний утсанд байгаа бичлэгийг Б.Г ирээд өөрийнхөө гар утсанд татаж аваад явсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,
3. Гэрч С.Н атын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нагац ах болох М.Н ын хамт Улаанхус сумаас ирсэн М.К гэх хүний машинд сэлбэг хайгаад Эмпати бүрэн дунд сургуулийн баруун талд байрлалтай Ернар супермаркетын эзэнтэй уулзахаар М.Н ын “Ниссан нөт” маркийн машинаар очсон. Бид очих үед тухайн дэлгүүрийн урд Ист маркийн машин зогсож байсан ба дотор нь 4-5 хүн сууж байсан. Тэрээр М.Н машинаасаа буугаад тухайн дэлгүүр руу ороод буцаж гарч ирсэн. Тэгээд машиндаа суугаад хөдлөх гэж байхад “Ист" маркийн машины хүмүүс Монголоор нэг юм хэлсэн. Тэгээд М.Н машинаа зогсоохоор нь яасан вэ? гэсэн чинь эд нар нэг юм хэллээ гэж буусан. Би Монгол хэл мэдэхгүй тул юу гэж хэлснийг нь ойлгоогүй. Тэрээр М.Н буухаар нь би ч гэсэн машинаас буусан. “Ист” машинаас улаан цамцтай Г гэсэн байх нэг залуу буугаад тэд хоорондоо маргалдаж Н Г ийг түлхсэн. Тэр үед Г Н руу дайрахаар нь би очиж Г ийг нэг удаа зүүн талын аман тус газар нэг удаа цохисон чинь Г ухраад явсан ба би тэнд зогсчихсон. Тэр үед нэг эмэгтэй намайг салгаж миний дүү боль гэхээр нь би больчихсон ба Г Н руу дайраад очиж Н ын нүүр руу нь гараараа цохисон. Тэр үед Н ын хамраас нь цус гарчихсан байсан. Тэгээд бие биетэйгээ зууралдахаар нь “Ист” машин дотор байсан хүмүүс салгаж авсан. Тэгээд би Н д явъя гэхэд би цагдаа дуудсан байгаа явахгүй гэж хэлээд зогсож байсан ба удалгүй цагдаа нар ирсэн. Тэгээд цагдаад бид нарыг аваад ирсэн. Би Г ийг нэг удаа цохисон. Г Н ын нүүр руу 2 удаа цохисон. Тэгээд зодоон зогссон. Ист машин дотор явж байгаа хүмүүс Н , Г нарыг салгаж явж байсан. Салгаж явж байсан хүмүүсийг л Н бүлэглэсэн гэж хэлж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,
4. Гэрч М.Ч ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр миний 0000 унц улсын дугаартай Ист маркийн тээврийн хэрэгслээр 331 дүгээр ангийн ажилчид болох Б.Г , Ц.А , Б.Э , Н.У бид тавуулаа Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр Эмпати бүрэн дунд сургуулийн баруун талд байрлах Ернар нэртэй супермаркетын үүдэнд зогсож байхад хажууд цэнхэр өнгийн жижиг тэрэг ирээд зогссон. Тэрээр би машинаас буугаад дэлгүүр орох үед араас ирж зогссон машинаас саарал өнгийн цамцтай өндөр залуу дэлгүүр руу орж ирсэн. Тэрээр гадаа хэрүүлийн шинжтэй зүйл гарахаар нь буцаж гараад ирсэн чинь Г ийг цэнхэр өнгийн машины жолооч нь буюу зодуулсан гэх Н гэх залуу хацар руу нь цохисон. Тэр үед Г зөрүүлээд Н ын хамар, хацрын голд цохих үед Н ын хамраас нь цус гарсан ба тэр үед Г тухайн залууг түлхсэн. Тэр үед Н ын хажууд байсан нэг залуу Г ийг нэг удаа цохисон харагдсан. Тэрээр би очиж салгаж Г , А , У , Э нарыг машинд суулгасан. Тэгээд би хөдлөх гэсэн чинь Н нь машины урд зогсож машиныг гараараа нэг удаа цохисон. Тэр үед Г учраа олъё гэж буцаад машинаас буусан. Тэрээр би машинаа холдуулаад дахиж зодолдох болов уу гэж бодод гар утсаараа бичлэг хийсэн. Тэр Г эд чи хэний нутагт байгаа юм вэ? би чамайг амьтан болгоно гэж маргалдаад байсан ба улмаар цагдаа нар хүрч ирсэн. Тэр үед нэг цагдаа ирж бичлэгээ зогсоо гэхээр нь би бичлэгээ зогсоосон. Тэгээд зодолдсон Г , Н болон Н ын хажууд явж байсан 2 залууг аваад яваад өгсөн. Бид нарыг үлдээгээд явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Б.Г ийн гэм буруутай үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Б.Г ийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хохирогч М.Н ын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын улмаас 600000 /зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан гэх ба уг хохирлыг шүүгдэгч Б.Г сайн дураараа нөхөн төлөхөө илэрхийлж хохирлын талаар хохирогч, шүүгдэгч нар сайн дураараа тохиролцсон байна. Энэ нь хохирогч М.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон шүүгдэгч Б.Г ийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдлоо. Иймд шүүгдэгч Б.Г ээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 600000 /зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Н д олгуулахаар шийдвэрлэв. Шүүгдэгч Б.Г ээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Г эд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Б.Г нь хохирогч М.Н той сайн дураараа эвлэрч, хохирлыг төлж өгөхөө илэрхийлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 5/65 дугаартай саналд яллагдагч Б.Г эд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Б.Г хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ. /хавтаст хэргийн 56 дугаар хуудас/
Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй тул шүүхээс шүүгдэгч Б.Г эд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Г эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулахаа илэрхийлсэн байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч Б.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.Г урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/ нотлогдож байна.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, түүний хувийн баримт бичиг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдаж байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг СД дискийг хэргийн хамт хадгалах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Г эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Б овогтой Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г эд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Г ээс 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч М.Н д олгосугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, түүний хувийн бичиг баримтыг ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг СД дискийг хэргийн хамт хадгалсугай.
8. Шүүгдэгч Б.Г эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.Д