Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 116

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Д даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М,

Улсын яллагч Б.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А,

Шүүгдэгч Т.М  нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Б Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т.М т холбогдох 1913002500160 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 46 настай, эмэгтэй, яс үндэс урианхай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн А сумын ** дугаар багт оршин суух хаягтай, Ө сумын ***дугаар багт түр оршин сууж байгаа, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ө  овогт Т гийн М , регистрийн дугаар ****

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 9 дүгээр багт оршин суух хаягтай С.З  нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Өлгий сумын 5 дугаар багт байрлах төвд өөрийн хүргэн хүү Ш.Х д ХААН банкны виза картаа өгч данснаас 50.000 төгрөг гаргаад ир гэж явуулсан байна. Улмаар Ш.Х  нь Өлгий сумын 5 дугаар багийн нутагт байрлах ХААН банкны төв салбарын автомат теллер машинд /АТМ/ картыг хийж нууц кодыг хийж данс шалгах үйлдлийг алдаатай хийгээд картаа гаргаж аваад явсны дараа 14 цаг 44 минутад 412.000 /дөрвөн зуун арван хоёр мянга/ төгрөгийн зарлага гарсан ба түүний хийсэн алдаатай гүйлгэрээр гарч ирсэн 412.000 төгрөгийг дараагийн дараалалд зогсгож байсан иргэн Т  овогтой М  авч явж бусдын мөнгө гэдгийг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Ш.Х ийн Өлгий сумын *** дугаар багийн нутагт байрлах ХААН банкны төв салбарын автомат теллер машинд /АТМ/ С.З ы банкны картнаас мөнгө авахаар картаа хийхэд алдаа заасан тул картаа аваад явсны дараа түүний хийсэн алдаатай гүйлгэрээр гарч ирсэн 412.000 /дөрвөн зуун арван хоёр мянга/ төгрөгийг шүүгдэгч Т.М  нь бусдын мөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцох үндэслэл:

1. Шүүгдэгч Т.М ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний бие 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 14 цагаас 15 цагийн хооронд охин болох А ын ХААН банкны биза картанд цалинтай ээжийн 5 дугаар сарын мөнгө орсон эсэхийг шалгаж зорилгоор Өлгий сумын ХААН банкны төвд очиж, АТМ-д дараалж зогссон. Тухайн үед миний урьд нэг хүн зогсож байсан ба тэр хүн гарч явсан дараа би АТМ-д үйлчлүүлэхээр очиж зогсоход АТМ- ийн дэлгэцэнд “та түр хүлээнэ үү, таны мөнгөн дэвсгэрийг тоолж байна” гэсэн бичиг гарч ирээд, хэсэг хугацааны дараа мөнгө гарч ирсэн. Тэгээд би уг мөнгийг гаргаж аваад, дараа нь охины виза картыг шалгахад мөнгө нь орж ирээгүй байсан болохоор гараад явсан. Би тухайн үед бусдын мөнгө гэдгийг мэдсээр байж, хэнд ч мэдэгдэхгүйгээр авч гарч, хувьдаа зарцуулсанд маш их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг төлж өгсөн “ гэх мэдүүлэг /хх-ийн 29-33 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

2. Хохирогч С.З ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Миний бие 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Дэлүүн сумаас 13 цагийн үед манай хамаатны хүүхдийн хуриманд оролцохоор ирж улмаар мөнгөний хэрэгцээ гарч гадаад паспортын зураг авхуулах гээд самган, хүргэн хүү Х  нарын хамтаар Өлгий сумын 3 дугаар багт байрлах Ш  гэх худын гэрээс аймгийн төвд орж ирсэн. Тэгээд 14 цаг 30 минутын үед Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Гамма фото үйлчилгээний газарт самган бид хоёр гадаад паспортын зураг авхуулахаар болж, хүргэн хүү Ш.Х д би Хаан банкаар дамжуулан тэтгэвэр авдаг тул тэтгэврийн картаасаа 50.000 төгрөг аваад ир хэмээн хэлж картаа өгч явуулахад тэрээр ХААН банкны Өлгий сумын төв тооцооны төвийн АТМ буюу автомат теллер машинд очиж миний картыг уншуулах үеэр АТМ гацаж гүйлгээнд алдаа гарсан байна. Улмаар манай хүргэн хүү Х  өөр АТМ-аас бэлэн мөнгө авах гээд аймгийн Мэдээлэл холбооны газар дотор байрлах АТМ-д очиж дансаа шалгатал миний дансанд ямар ч мөнгөгүй байсан тул манай хүргэн хүү надад гүйж ирж таны дансанд мөнгө байхгүй байна гэв. Би түүнд миний ******** дугаарын гар утсанд ХААН банкнаас ирсэн гүйлгээний мессежийг үзүүлж “Эндээс тэгвэл сая 412.000 төгрөг гарсан байна” гэж хэлээд тэгээд бид нар ХААН банкны төв тооцооны төвд очиж хандсан. Уг төв тооцооны төвөөс бидэнд манай хүргэн хүү Ш.Х  нь гүйлгээ хийж, мөнгөө авалгүй гарч явсан ба улмаар түүний дараа нь үйлчлүүлсэн иргэн манай хүргэний алдаатай гүйлгээг авч явсан байна. Ингэхдээ манай банкны буруутай үйл ажиллагаа биш учраас та нар цагдаагийн байгууллагад хандана уу хэмээн хэлсэн. ...Би Т.М оос нэхэмжилсэн 412000 /дөрвөн зуун арван хоёр мянга/ төгрөгийг бүрэн төлүүлж авсан. Ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-21 дүгээр хуудас/,

3. Гэрч Ш.Х ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Намайг ирэх үеэр миний өмнө 4 хүн байсан ба З хүн үйлчлүүлж гарсан. Энэ үед АТМ ажиллагаатай байсан бөгөөд ингээд миний ээлж ирж би АТМ-д картаа эхлээд оруулах үеэр миний картыг авахгүй байсан. Тэнд байсан хүмүүс жоохон хүлээж байгаад дахиад хий гэхээр нь би түүнд дахиж хийхэд миний картыг тус АТМ хүлээн авч уншиж хэл сонгох талаар дэлгэцэнд өгөгдөл гарсан. Би монгол хэлийг сонгож нууц кодыг хийж дэлгэцэд манай хадам аав З ы дансны талаар дөрвөн зуун хэдэн мянган төгрөг гэж гарч ирсэн ба би үүнийг хараад 50.000 төгрөг авах ёстой байсан тул дахин картыг авах товчонд дараад миний карт гарч ирсэн. Ингээд би картаа авчихаад эргэж хартал миний ард олон хүн байсан болохоор нь оочиргүй Мэдээлэл холбооны газрын дотор холбооны газарт ирж ХАС банкны АТМ байхаар нь тэнд хадам аавын картыг хийж нууц кодыг нь оруулж шалгатал түүний дансанд 800 хэдэн төгрөг л үлдсэн байв. Тэгээд би гайхаад буцаад хадам аав, ээждээ ирж “Энд хэдэн төгрөг байгаа юм бэ? Үлдэгдэл нь хүрэлцэхгүй гээд гараад байна. Дансанд 800 хэдэн төгрөг байна” гээд хэлэхэд надад хадам аав З  нь наад картанд чинь 412.000 төгрөг байх ёстой гэж хэлээд бид нар ХААН банкны салбарт ирж хандаж тэндий инженерүүдтэй уулзаж шалгуулахад би гүйлгээ хийх үеэр алдаатай гүйлгээ хийж картнаас 412.00 төгрөг гарч улмаар түүнийг миний дараа үйлчлүүлсэн хүн авч гарсан талаар хэлж бидэнд цагдаагийн байгууллагад хандах талаар зөвлөсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,

4. Хохирогч С.З ы утсанд ХААН банкнаас ирсэн 412.000 төгрөгийн зарлага гарсан тухай мессежинд үзлэг хийж бэхжүүлсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 06-07 дугаар хуудас/,

5. ХААН банкны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 08 дугаар хуудас/,

6. ХААН банкны хяналтын камерын бичлэгээс хэрэгт ач холбогдол бүхий хэсгийг хуулбарлан хураан авсан хуурцаг, хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 10-15 дугаар хуудас/,

7.  ХААН  банкнаас гаргуулж авсан хяналтын камерын бичлэг гэрч Х ийн дараагийн үйлчлүүлэгчийн данс, овог нэрийн талаарх лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 11-13 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Т.М ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл нь тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Т.М ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээ болох 412.000 /дөрвөн зуун арван хоёр мянга/ төгрөгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч С.З д 412.000 /дөрвөн зуун арван хоёр мянга/ төгрөгийн хохирол учирсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Т.М  нь хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй байна. Мөн түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна. 

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Т.М т холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч хохирогч этгээдтэй хоорондоо сайн дураараа эвлэрч, хохирлыг төлж өгсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 5/64 дугаартай саналд яллагдагч Т.М т Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Т.М  хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ. /хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал эрүүгийн 1913002500160 дугаартай хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдож байх тул Т.М т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

 Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.М т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан, Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 4 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.М  нь учруулсан хохирлыг төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Т.М  нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 34 дүгээр хуудас/ тогтоогдож байна.  

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт болох СD дискийг хэргийн хамт хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.М  цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө  овгийн Т гийн М ыг “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээний улмаас хийгдсэн 412000 /дөрвөн зуун арван хоёр мянга/ төгрөгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Т.М  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан СD дискийг хэргийн хамт хадгалсугай.

6. Шүүгдэгч Т.М т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         П.Д