Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 01228

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: 1961 онд төрсөн, 55 настай, эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум, Уртбулаг баг, 24 дүгээр байрны 15 тоотод оршин суух, Жалайр овгийн Баатарын Алтанцэцэгийн /регистийн дугаар ФМ61112987/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1967 онд төрсөн, эрэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст багийн 04 дүгээр байрны 35 тоотод оршин суух, Хонинонход овгийн Баярмагнайгийн Баянмөнхөд /регистийн дугаар Рэ67102571/ холбогдох 546,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2016 оны 09 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Б.Алтанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Баянмөнх надаас 546,500 төгрөгний банз, мод зээлээр аваад өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгсөнгүй. Удаа дараа утсаар ярьж уулзахад удахгүй өгнө гэсээр одоо утасаа ч авахгүй олдохгүй юм. Миний мөнгийг 10 сар хэрэглээд одоо нэг ч төгрөг өгөхгүй таг чиг болоод удаж байна. Баянмөнхөөс авах ёстой 546,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Алтанцэцэгийн банзны үнэ 500,000 төгрөгийг нэхэмжлэлийг зөвшөөрч байна. ажлын гүйцэтгэл удааширснаас болж удаасан тул уучлалт гуйж нэхэмжилсэн мөнгийг 11 дүгээр сар болон 12 дугаар сард хувааж өгч төлбөрийг барагдуулахыг санал болгож байна гэжээ.

                                                                ҮНДЭСЛЭХ нь :

            Нэхэмжлэгч Б.Алтанцэцэг нь хариуцагч Б.Баянмөнхөөс зээлээр худалдсан банзны үнэ 546,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч нь нэхэмжлэгчээс 546,500 төгрөгний банз зээлээр худалдаж авсан байх бөгөөд төлбөрийн үлдэгдэл 546,000 төгрөгийг төлж барагдуулаагүй болох нь зохигчдын тайлбараар батлагдаж байна.

            Хариуцагч нь банз худалдаж аваад 300.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгчийн дансаар шилжүүлсэн, нэхэмжлэгч төлбөрийг хүлээн авсан тухай тайлбарийг шүүхэд ирүүлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж 246,000 төгрөг болгосон байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

            Зохигчдод шүүх хуралдааны товыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хүргүүлсэн боловч зохигчид шүүх хуралдааныг байцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн тул зохигчдын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.  

               Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 115.2.2, 116.118 дугаар зүйлүүдэд заасаныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасаныг баримтлан хариуцагч Б.Баянмөнхөөс 246,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Алтанцэцэгт олгосугай.
Монгол  Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасаныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 17,030 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Баянмөнхөөс 17,030 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Алтанцэцэгт олгосугай.
Энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдний хууль ёсны төлөөлөгч  буюу өмгөөлөгч  шийдвэрийг эс зөвшөөрвөл   гардаж авсанаас хойш 14 хоногийн   дотор Орхон  аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.                                               

  

                                            

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                     Б.БЯМБАСҮРЭН