Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 78

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж, 

Улсын яллагч Ч.Энхжаргал, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа, 

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Б.Б 

Шүүгдэгч Б.Ч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Б.Ч холбогдох эрүүгийн 1926000650047 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадваргүй, Боржигин овогт Б.Ч 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Ч нь 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр иргэн З.О-н барьж явсан эмэгтэй хүний 1 хос гутал, чихэр 4 килограмм, үрэл 1 килограмм, хатаасан алим 1 килограмм зэрэг эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 77.000 /далан долоон мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр захын зүүн талын автомашины зогсоол дээр байрлуулсан иргэн Д.Б-н өмчлөлийн “Коунти” маркийн автотээврийн хэрэгсэл болох жижиг оврын автобусыг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж 10.000.000 /арван сая/ төгрөгийн хохирол учруулсан,

Согтуурсан үедээ 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн 10-13 тоот хашааны гадна талд байрлуулсан иргэн М.А өмчлөлийн улсын дугааргүй, улаан өнгөтэй, Мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 640.000 /зургаан зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн хашааны үүднээс иргэн Г.Амгаланбаярын өмчлөлийн “Kia Widebongo” маркийн цэнхэр өнгийн, бага оврын автомашиныг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Ч “...Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөх чадваргүй тул мэдүүлэг өгөөгүй болно...” 

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Б.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Сэтгэл заслын эмчилгээнд нь аль болох хурдан явуулмаар байна. Эмчилгээнд явуулах хугацааг 3 сараас доошгүй хугацаатай байлгамаар байна. Өмнө нь энд хүнд зодуулаад толгойндоо гэмтэл авч байсан. Тэгээд 2017 оны 03 дугаар сард өвчин нь хөдлөж Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байсан... 2018 оны 12 дугаар сараас дахин өвчин хөдлөөд одоо ийм байдалтай байгаа...” гэв. 

Хохирогч З.О-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 15 цагийн орчимд зах орж сар шинэдээ бэлдэж, тахилын чихэр, үрэл, чангаанз зэрэг эд зүйл авсан. Мөн өөртөө нэг гутал авчихаад гэрлүүгээ явган харьж явсан чинь Арвайхээр сумын 5 дугаар баг, 1 дүгээр баг руу явдаг засмал замын Дэлгэрэхийн гүүрний хажууд явж байхад нэг ягаан дээлтэй эрэгтэй хүн зогсож байсан. Би тэр хүний хажуугаар зөрөөд явах гэтэл нөгөө хүн миний барьж байсан зүйл рүү харснаа наадахаа өг гэхээр нь би айгаад барьж явсан зүйлээ өгчихөөд буцаад баруун 4 замын чиглэлд гүйгээд явчихсан юм. Гэтэл нөгөө хүн араас гүйх гэснээ болиод нөгөө зогсож байсан газраа үлдсэн. Би баруун 4 зам дээр очсон чинь нэг мотоциклтой хүн урдаасаа хойшоо зах чиглэлд явж байхаар нь би зогсоогоод, нөгөө миний эд зүйлийг авсан хүн рүү зааж тэр хүн миний барьж байсан эд зүйлийг булаагаад авчихлаа гэж хэлсэн. Тэгээд нөгөө мотоциклтой хүний араар сундалсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирсэн. Би цагдаа нарыг ирэхээр нь нөгөө хүнийг зааж өгсөн чинь тэр хүн цагдаа нарыг харснаа хойшоо чиглэлтэй зугтаасан. Гэтэл нэг цагдаа нь араас нь гүйж очоод нөгөө хүнийг барьж авсан. ...Яагаад миний юмыг авах болсныг мэдээгүй. Тэр хүн надаас ууттай юм авчихаад нөгөө газраа зогсоод л байсан. ...Түүнээс цохиж зодсон, өөрөөр айлгасан зүйл огт байхгүй. Тэр хавьд өөр хүн байгаагүй. ...Би гутлаа сүүлд нь олж авсан. Харин бусад хүнсний зүйлийг тараагаад шидчихсэн байсан болохоор буцааж аваагүй. Гэхдээ надад гомдол санал, нэхэмжлэх зүйл огт байхгүй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 9-10 дугаар хуудас/, 

Хохирогч Д.Б-н мөрдөн байцаалтын үед өгсөн: “...Би 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өөрийнхөө “Count”  маркийн автомашинаар Арвайхээр сумын 5 дугаар баг хүнс бараан захын зүүн талд 1 дүгээр арван жилийн сургуулийн баруун талын зогсоол дээр машинаа тавьчихаад хүүхдээ сургуулиас нь авах гээд сургууль орчихоод гараад ирсэн чинь миний машин байхгүй байсан. Тэгэхээр нь цагдаад машинаа алдчихлаа гээд мэдэгдчихээд такси бариад машинаа хайсан. Гэтэл Б.Ч миний машиныг уначихсан явж байхаар нь машинаа буцааж авсан. ... “Count”  маркийн автомашин бол миний өөрийн эзэмшлийн машин байгаа юм. ...Миний машинд ямар нэгэн эвдрэл огт байхгүй. ...Миний машиныг Б.Ч хулгай хийгээгүй, сэтгэцийн өвчтэй болохоор машин барьж үзэх гээд унаад явсан байх. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл огт байхгүй. Б.Ч намайг аймагт машинтайгаа явахаар хааяа миний машинд суугаад явдаг юм. ...Сэтгэцийн өвчтэй болохоор нь өрөвдөөд би хааяа машиндаа суулгаж явдаг юм. ...Миний машиныг Б.Ч захын зүүн талаас авч яваад аймгийн баруун постоор баруун тийш чиглэлд унаад гарч явах гэж байхад нь цагдаа нар зогсоогоод барьж авсан байсан. Би араас нь яваад очсон юм...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 152-155 дугаар хуудас/,

Хохирогч М.А мөрдөн байцаалтын үед өгсөн: “...Би 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 11 цаг 30 минутын орчимд айлд орж 30 минут орчим болоод гараад иртэл хашааны үүдэнд тавьсан байсан миний Мустанг-5 маркийн мотоцикль хулгайд алдагдсан байсан. Би тэгээд цагдаа дээр очиж хэлсэн юм. Миний алдсан Мустанг-5 маркийн мотоцикль, улаан өнгөтэй, улсын дугааргүй, зөв талын толь хагархай, банк нь зөв талдаа цөмөрхийтэй харахад нэлээн мэдэгдэхээр цөмөрсөн байгаа, улаан алаг суудлын бүрээстэй, буруу талын урд талын дохио ажиллахгүй, өөр нэг их содон шинж гээд байх зүйлгүй. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг, /хх-ийн 209-211 дугаар хуудас/,

Хохирогч Г.А-н мөрдөн байцаалтанд өгсөн”...2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хашааны үүдэнд өөрийн эзэмшлийн “Бонго” маркийн тээврийн хэрэгслээ үлдээж хөдөө ажил явдалд яваад иртэл миний машин алга байсан. Тэгээд хэн нэгэн хүн унаж явсан юм байх гэж бодоод асуухад унаж явсан хүн гараагүй. Тэгээд ойр хавиар хайгаад олоогүй ...Цагдаа нар ирж хайж яваад аймгийн төвөөс баруун тийш гарсныг тогтоож, хайгаад явж байтал өөдөөс миний машиныг нэг танихгүй хүн уначихсан ирж явсан. Тэгээд цагдаа нар зогсоогоод барьж авсан. ...Машинаа цоожилсон. Машинаа үлдээхдээ ажил явдалд явсан болохоор айлынхаа гадаа орхиод л явсан. Хэн нэгэнд захиж үлдээгээгүй. Миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Гэрч Х.Ч-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр цагдаагийн дэд ахлагч Ч.М-н хамт хөдөлгөөнт эргүүлд үүрэг гүйцэтгэх хугацаанд 15 цаг 04 минутанд Цагдаагийн газрын гүүрний хажууд хүн дээрэмдүүлсэн байна гэсэн дуудлага өгсний дагуу тухайн дуудлаганд 3 минут орчмын дараа очиход засмал зам дээр нэг ягаан дээлтэй булган малгайтай 35 орчим насны эрэгтэй хүн гялгар ууттай эд зүйл тараагаад шидээд зогсож байсан. Тэгээд дэд ахлагч Ч.М бид хоёрыг очсон чинь нөгөө хүн засмал зам хөндлөн гараад зугтаасан. Гэтэл Ч.М араас нь гүйгээд би машинтайгаа урдаас нь амдаж очоод барьж авсан. Тэгээд цагдаа дээр авчирсан. ...Бид хоёр хэргийн газарт очиход дуудлага өгсөн З.Он гэх хүн нэг мотоциклтой хүнтэй хамт замын хажууд зогсож байхаар нь уулзсан. Тэгээд З.О тухайн зам дээр эд зүйл тарааж шидээд байсан хүнийг заагаад тэр хүн миний барьж явсан гялгар ууттай эд зүйлийг дээрэмдчихээд зам дээр тараагаад шидээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь тухайн хүн дээр очиход зугтаахаар нь араас нь очоод барьж авсан юм. Б.Ч нь тухайн дуудлаганд очиход согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Харахад илт сэтгэцийн өвчтэй гэдэг нь мэдэгдэж байсан. ...З.О-н ярьж байгаагаар “тухайн хүн намайг хувцаснаас барьж аваад наад эд зүйлээ өг гээд дээрэмдсэн” гэж байсан. Тэр хүн сэтгэцийн өвчтэй болохоор тийм зүйл хийсэн байх...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Б.Ч миний төрсөн ах. Эхээс зургуулаа, Б.Ч ах дээрээсээ 3 дахь хүүхэд. Дээрээ 2 эгчтэй, доороо 3 эрэгтэй дүүтэй. Б.Ч ах Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар анги төгсөөд 9 дүгээр ангид сурч байгаад сургуулиас гарсан. ...Хүнд зодуулаад толгойдоо гэмтэл авсан. Тэрнээс хойш биеийн байдал хэвийн байж байгаад 2017 оны 03 дугаар сард сэтгэцийн өвчтэй болоод Улаанбаатар хотод 1 сар хэвтээд зүгээр болж байсан. ...Архи уучихаараа унтахаа больчихдог. Архи уухаараа агсам зантай, урьд нь хүнтэй сууж байгаагүй. Д-тэй 2017 оны 06 дугаар сараас хойш хамтран амьдарч байгаа. Дундаасаа хүүхэдгүй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 17 дугаар хуудас/, 

Гэрч Н.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай нөхөр уул нь зүгээр дуу муутай амьдралын төлөө зүтгэсэн, ажилсаг уурлаж уцаарлаад байдаггүй хүнд их тусархуу хүн байсан. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын дунд үеэс л жаахан сэтгэцийн өвчтэй болоод гадуур тэнээд, хорихоор уурлаад байдаг болчихсон. Одоо юу хийгээд байгаагаа мэдэхгүй болтолоо өвчтэй болчихсон юм шиг байгаа юм. ...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...Шар хаданд аваачаад нөхрийгөө эмчлүүлмээр байна.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Гэрч Д.А-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Өвөрхангай аймгийн Тарагт сумын хэсгийн цагдаагийн ажил эрхэлдэг юм. Тэгээд 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр цагийн менежментээр Өвөрхангай аймгийн төвийн баруун постонд үүрэг гүйцэтгэж байхад 18 цагийн орчимд байх бага оврын автобус аймгийн төвөөс баруун зүг чиглэлд гарч явахаар нь шалгахад Б.Ч нь уг автобусыг жолоодож явсан. Тухайн автобусыг аймгийн цагдаагийн газрын жижүүрээс хулгайд алдсан гэж зарласан байсан болохоор Б.Ч унаж явсныг илрүүлэн цагдаагийн газарт авчирсан. Б.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Гэхдээ харахад сэтгэцийн өвчтэй гэдэг нь илт мэдэгдэж байсан. Тухайн автобусанд өөр хүн байгаагүй. ...Би Б.Ч-с тухайн машиныг хаанаас авсан талаар асуухад өөдөөс юу ч дуугарахгүй байсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 164-165 дугаар хуудас/,

Гэрч Ц.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр намайг Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2 дугаар багийн нутагт байх гэртээ байж байтал манай нутгийн Б.Ч гэдэг хүн улаан өнгийн Мустанг-5 маркийн банк нь цөмөрчихсөн, мотоцикль жолоодчихсон халамцуу ирсэн. Ирээд өөрийнхөө аав Батбаярыгаа сураад байсан. Тэгээд байж байтал араас нь Тарагт сумын цагдаа Ө.И, Д.А нар ирээд Б.Чыг унаж явсан мотоцикьтой нь хамт аваад явсан юм...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 213 дугаар хуудас/,

Гэрч Ж.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Цагдаагийн газрын жижүүрийн 102 тоот утсаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сум 7 дугаар багийн 10-13 тоот 7 дугаар багийн төвийн хойд талаас улаан өнгийн улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикп хулгайд алдсан байна гэх дуудлаганд томилгоот бүрэлдэхүүний хамт хэргийн газарт очиж ажилласан. Ажиллах хугацаандаа тухайн гудамжны зүс таних иргэнээс Б.Ч гэх хүн хэрэг гарсан газарт ойрхон захын баруун талд явж байсан гэх мэдээллийг авч Арвайхээр сумын 7 дугаарт багт байх гэрээр нь очиход Б.Ч нь гэртэй байхгүй байсан ба эхнэр нь Тарагт сумруу хөдөө аавынхруугаа явна гэж байнга ярьдаг юм гэж хэлж байсан. Б.Ч нь сэтгэцийн жаахан өвчинтэй тул тухайн мотоциклыг аваад явсан байж болзошгүй байсан тул хөдөө гэрийнх нь хаягийг олоод араас нь явтал Б.Ч нь Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2 дугаар багт иргэн Ц.Г гэх айлын гадаа тухайн хэргийн газраас алдсан гэх мотоциклийг унаад ирсэн байхаар нь барьж аваад цагдаагийн газарт авчирсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 214 дүгээр хуудас/,

Гэрч Б.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 14 цагийн үед Өвөрхангай аймгийн 1 дүгээр хорооны 36-10 тоот хашааны гадна байрлуулсан цэнхэр өнгийн Бонго маркийн ачааны машин алга болсон байсан. Тухайн үед бид нар ажил явдалд оролцоод талийгаачийнхаа газарт яваад эргээд ирэхэд Амгалнбаярын машин байхгүй байсан. Явахдаа бол хашааны гадна байрлуулчихаад явсан эргээд ирэхэд алга болчихсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,

Гэрч Б.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн” “...Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг 36 дугаар гудамжны 10 тоот хашаад миний аав насан өөд болсон юм. ...Өглөө 10 цагийн үед ирсэн бүх хүмүүс газарт явцгаасан. ...Тэгээд өдөр ирцгээсэн. ...Г.А миний машиныг хэн унаж явсан юм бол гэхэд унаж явсан хүн байхгүй байсан. Тэгээд бид нар хайгаад олоогүй ...Орой ирэхдээ машины мотор нь цохьчихсон байна. Нэг танихгүй залуу хулгайлаад яваад өгсөн байна гэж ярьцгааж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Гэрч Д.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн:“...машин хулгайлдаг хүн болох Чулуунбаатарыг хулгайлсан байж магадгүй гэж бодоод аймгийн шуурхай удирдлагын төвийн камер шүүгээд аймгаас баруун тийш гарах зам дагуу камер шүүтэл алдагдсан гэх машиныг цагаан цамцтай хүн унаж яваа харагдсан. Тэр хүн бол өглөө надтай техникийн зах дээр таарсан Чулуунбаатар мөн байсан. Хөдөө аавынх руугаа явсан байж таараа гэж бодоод аймгаас гарч талын худаг гэх газар явж байтал өөдөөс нөгөө хулгайд алдагдсан гэх машин ирж яваа харагдсан. Тэгээд цагдаа Н.Б-р дохиж зогсоолгоод машин дээр очтол Ч уначихсан явж байсан. ...Тэгээд яагаад хүний машин хулгайлаад байгаа юм гэхэд би мэдэхгүй л гээд байсан. ...Тэгээд юугаар онгойлгож асааж унаж явсан бэ гэхэд онгорхой түлхүүр нь зоолттой байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

Гэрч Н.-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Эрүүгийн төлөөлөгч Д.Б надад нөгөө алдсан машиныг Ч унаад явчихсан юм шиг байна. Хөдөө аавынх руугаа явсан байх хамт яваадахъя гэхээр нь хамт машин алдсан эзэн гэх хүнтэй цуг явсан. Тэгээд аймгийн төвөөс баруун тийш “Талын худаг” гэх газар явж байтал өөдөөс нөгөө алдсан гэх Бонго машиныг Ч гэгч унчихсан ирж явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/, 

Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Одоогийн байдлаар гэртээ тогтохоо болиод удаж байна. Энэ хэрэгт шалгагдахаас өмнө хэд хэдэн хүний эзэмшлийн машин мотоцикль хулгайлсан байна лээ. Одоо сэтгэцийн өөрчлөлтэй болчихоод байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42- дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №03/09 дугаартай үнэлгээний тайлан, “хохирогч З.О-н эд зүйлүүдийг 77.000 төгрөгөөр үнэлсэн” /хх-н 62-64 дүгээр хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №02/29 дугаартай үнэлгээний тайлан, “хохирогч Д.Б-н алга болсон гэх жижиг оврын автобусыг 10.000.000 төгрөгөөр үнэлсэн” /хх-ийн 176-178 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №ӨЦ19-01 дугаартай үнэлгээний тайлан, “хохирогч М.А хулгайд алдагдсан гэх мотоциклийг 640.000 төгрөгөөр үнэлсэн” /хх-ийн 228-229 дүгээр хуудас/,

Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 09 дугаартай сэтгэцийн шинжээч эмчийн...Яллагдагч Б.Ч нь органик шалтгаант сэтгэц хөөрөх дэмийрлийн эмгэгтэй. Органик шалтгаантай сэтгэц хөөрөх дэмийрлийн эмгэг нь гэмт хэрэг үйлдэхээс өмнө оношлогдсон ба одоо өвчний сэдрэлтэй үе шатанд байна. Цаашид өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй. Хэрэг хариуцах, үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй. Өөртөө болон бусдад аюултай үйлдэл учруулах үндэслэлтэй учир 3-р шатлалын нарийн мэргэжлийн эмнэлэгт албадан эмчлүүлэх шаардлагатай....” гэсэн дүгнэлт, /хх-ийн 80 дугаар хуудас/, 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 199-203 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 204-207 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэлэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-7 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Ч-н хувийн байдлыг тодорхойлсон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Б.Чын өвчний түүх, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85-115 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.Ч нь 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дэлгэрэх голын гүүрэн дээр хохирогч З.Отгонцэрэнгийн барьж явсан эмэгтэй хүний 1 хос гутал, чихэр 4 килограмм, үрэл 1 килограмм, хатаасан алим 1 килограмм зэрэг эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 77.000 /далан долоон мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хүнс бараан захын зүүн талын автомашины зогсоол дээр байрлуулсан хохирогч Д.Балдандашын өмчлөлийн 94-82 ӨВА улсын дугаартай “Коунти” маркийн автотээврийн хэрэгсэл болох жижиг оврын автобусыг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж 10.000.000 /арван сая/ төгрөгийн хохирол учруулсан,

Согтуурсан үедээ 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн 10-13 тоот хашааны гадна талд байрлуулсан хохирогч  М.А өмчлөлийн улсын дугааргүй, улаан өнгөтэй, Мустанг-5 маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 640.000 /зургаан зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг 36 дугаар гудамжны 10 тоот хашааны үүднээс хохирогч Г.А-н  өмчлөлийн “Kia Widebongo” маркийн цэнхэр өнгийн, бага оврын автомашиныг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч З.О-н: ...Би тэр хүний хажуугаар зөрөөд явах гэтэл нөгөө хүн миний барьж байсан зүйл рүү харснаа наадахаа өг гэхээр нь би айгаад барьж явсан зүйлээ өгчихөөд буцаад баруун 4 замын чиглэлд гүйгээд явчихсан юм. гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10/,  хохирогч Д.Б-н “... Б.Ч миний машиныг уначихсан явж байхаар нь машинаа буцааж авсан....Миний машиныг Б.Ч хулгай хийгээгүй, сэтгэцийн өвчтэй болохоор машин барьж үзэх гээд унаад явсан байх” гэсэн мэдүүлэг /хх-ийн 152-155/, хохирогч М.А “...Миний алдсан Мустанг-5 маркийн мотоцикль, улаан өнгөтэй, улсын дугааргүй, зөв талын толь хагархай, банк нь зөв талдаа цөмөрхийтэй харахад нэлээн мэдэгдэхээр цөмөрсөн байгаа, улаан алаг суудлын бүрээстэй, буруу талын урд талын дохио ажиллахгүй, өөр нэг их содон шинж гээд байх зүйлгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 209-211/, гэрч Х.Ч: “...Харахад илт сэтгэцийн өвчтэй гэдэг нь мэдэгдэж байсан. ...З.О-н ярьж байгаагаар “тухайн хүн намайг хувцаснаас барьж аваад наад эд зүйлээ өг гээд дээрэмдсэн” гэж байсан. Тэр хүн сэтгэцийн өвчтэй болохоор тийм зүйл хийсэн байх...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20/, гэрч Б.Б-н “...Хүнд зодуулаад толгойдоо гэмтэл авсан. Тэрнээс хойш биеийн байдал хэвийн байж байгаад 2017 оны 03 дугаар сард сэтгэцийн өвчтэй болоод Улаанбаатар хотод 1 сар хэвтээд зүгээр болж байсан. ...Архи уучихаараа унтахаа больчихдог. Архи уухаараа агсам зантай, урьд нь хүнтэй сууж байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №03/09 дугаартай үнэлгээний тайлан, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 09 дугаартай сэтгэцийн шинжээч эмчийн дүгнэлт, гэрч Д.А-н:... Тухайн автобусыг аймгийн цагдаагийн газрын жижүүрээс хулгайд алдсан гэж зарласан байсан болохоор Б.Ч унаж явсныг илрүүлэн цагдаагийн газарт авчирсан. Б.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 164-165/, гэрч Ц.Г-н “...Манай нутгийн Б.Ч гэдэг хүн улаан өнгийн Мустанг-5 маркийн банк нь цөмөрчихсөн, мотоцикль жолоодчихсон халамцуу ирсэн. Ирээд өөрийнхөө аав Б сураад байсан. Тэгээд байж байтал араас нь Тарагт сумын цагдаа Ө.И, Д.А нар ирээд Б.Ч-г унаж явсан мотоцикьтой нь хамт аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 213/, гэрч Ж.М-н “...Б.Ч нь сэтгэцийн жаахан өвчинтэй тул тухайн мотоциклыг аваад явсан байж болзошгүй байсан тул хөдөө гэрийнх нь хаягийг олоод араас нь явтал Б.Ч нь Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2 дугаар багт иргэн Ц.Г гэх айлын гадаа тухайн хэргийн газраас алдсан гэх мотоциклийг унаад ирсэн байхаар нь барьж аваад цагдаагийн газарт авчирсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 214/, хохирогч Г.А-н “...Тэгээд ойр хавиар хайгаад олоогүй ...Цагдаа нар ирж хайж яваад аймгийн төвөөс баруун тийш гарсныг тогтоож, хайгаад явж байтал өөдөөс миний машиныг нэг танихгүй хүн уначихсан ирж явсан. Тэгээд цагдаа нар зогсоогоод барьж авсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, гэрч Б.Г-н “...Тухайн үед бид нар ажил явдалд оролцоод талийгаачийнхаа газарт яваад эргээд ирэхэд А-н машин байхгүй байсан. Явахдаа бол хашааны гадна байрлуулчихаад явсан эргээд ирэхэд алга болчихсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/, гэрч Б.Ц-н “...Г.А миний машиныг хэн унаж явсан юм бол гэхэд унаж явсан хүн байхгүй байсан. Тэгээд бид нар хайгаад олоогүй ...Орой ирэхдээ машины мотор нь цохьчихсон байна. Нэг танихгүй залуу хулгайлаад яваад өгсөн байна гэж ярьцгааж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/, гэрч Д.Б-н “... Тэр хүн бол өглөө надтай техникийн зах дээр таарсан Чулуунбаатар мөн байсан. Хөдөө аавынх руугаа явсан байж таараа гэж бодоод аймгаас гарч талын худаг гэх газар явж байтал өөдөөс нөгөө хулгайд алдагдсан гэх машин ирж яваа харагдсан. Тэгээд цагдаа Н.Б дохиж зогсоолгоод машин дээр очтол Ч уначихсан явж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/, гэрч Н.Б-н “...Эрүүгийн төлөөлөгч Д.Б надад нөгөө алдсан машиныг Ч унаад явчихсан юм шиг байна. Хөдөө аавынх руугаа явсан байх хамт яваадахъя гэхээр нь хамт машин алдсан эзэн гэх хүнтэй цуг явсан. Тэгээд аймгийн төвөөс баруун тийш “Талын худаг” гэх газар явж байтал өөдөөс нөгөө алдсан гэх Бонго машиныг Ч гэгч уначихсан ирж явсан”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Боржигин овогт Б.Ч-д холбогдох хэргийн мөрдөн байцаалтанд хийгдэх мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Боржигин овогт Б.Ч-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Б.Ч-г бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан, авто тээврийн хэрэгсэлийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Ч нь "органик шалтгаант сэтгэц хөөрөх дэмийрлийн эмгэгтэй. Органик шалтгаантай сэтгэц хөөрөх дэмийрлийн эмгэг нь гэмт хэрэг үйлдэхээс өмнө оношлогдсон ба одоо өвчний сэдрэлтэй үе шатанд байна. Цаашид өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй. Хэрэг хариуцах, үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй. Өөртөө болон бусдад аюултай үйлдэл учруулах үндэслэлтэй учир 3-р шатлалын нарийн мэргэжлийн эмнэлэгт албадан эмчлүүлэх шаардлагатай” болох нь Өвөрхангай аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 09 дугаартай “Сэтгэцийн шинжээч эмчийн дүгнэлт”-ээр /хх-ийн 80/ тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч Б.Чт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 9 дэх хэсэгт зааснаар сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чт авсан сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг шинжээчийн дүгнэлт, прокурорын саналыг үндэслэн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ердийн тасагт 6 /зургаан/ сарын хугацаагаар хэрэглэхээр тогтоох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсны улмаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүний хэрэг хариуцах чадваргүй байдал арилсан бол шүүхээс уг албадлагын арга хэмжээг зогсоох тухай шийдвэр гаргах болохыг,

Шүүгдэгч Б.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдаж, 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Ckgve new York гэсэн хар өнгийн бичиглэлтэй оосортой Hensim гэсэн хар бариултай түлхүүр 1 ширхэг, Hensim гэсэн хар бариултай хугархай 1 ширхэг, бичиггүй хар бариултай түлхүүр 1 ширхэг, бичиггүй хар сбариултай хугархай түлхүүр 1 ширхэг, цагаан өнгийн түлхүүр 1 ширхэг, монгол цоожны зэвэрсэн түлхүүр 1 ширхэг жижиг хэмжээний дөрвөлжин түлхүүр 1 ширхэг, бөөрөнхий цагаан өнгийн металлан товч 1 ширхэг, муурны зурагтай товч 1 ширхэг зэргийг хохирогч Г.А-д буцаан олгож, СD 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсарган үлдээж,

Шүүгдэгч Б.Ч авсан сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Прокурорын газарт даалгаж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Чын өвчний шинж байдлыг харгалзан таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглээгүй болохыг дурьдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2, 19.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.4, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Б.Ч-г бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан, автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигин овогт Б.Ч-д сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-д хэрэглэсэн сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ердийн тасагт 6 /зургаан/ сарын хугацаагаар хэрэглэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсны улмаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүний хэрэг хариуцах чадваргүй байдал арилсан бол шүүхээс уг албадлагын арга хэмжээг зогсоох тухай шийдвэр гаргах болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-д авсан сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Прокурорын газарт даалгасугай. 

6. Шүүгдэгч Б.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Ckgve new York гэсэн хар өнгийн бичиглэлтэй оосортой Hensim гэсэн хар бариултай түлхүүр 1 ширхэг, Hensim гэсэн хар бариултай хугархай 1 ширхэг, бичиггүй хар бариултай түлхүүр 1 ширхэг, бичиггүй хар сбариултай хугархай түлхүүр 1 ширхэг, цагаан өнгийн түлхүүр 1 ширхэг, монгол цоожны зэвэрсэн түлхүүр 1 ширхэг жижиг хэмжээний дөрвөлжин түлхүүр 1 ширхэг, бөөрөнхий цагаан өнгийн металлан товч 1 ширхэг, муурны зурагтай товч 1 ширхэг зэргийг хохирогч Г.А-д буцаан олгож, СD 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч-н өвчний шинж байдлыг харгалзан таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглээгүй болохыг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний хариуцагч иргэний нэхэмжлэлтэй хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.