| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Надмидын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 318/2026/00444/и |
| Дугаар | 224/МА2026/00016 |
| Огноо | 2026-06-08 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 224/МА2026/00016
УДЦН-д-д холбогдох
иргэний хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Б.Мөнхзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 318/ШШ2026/***** дугаар шийдвэртэй,
Н.А-гийн нэхэмжлэлтэй, УДЦН-д-д холбогдох, тус нөхөрлөлийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/01 дүгээр “Бүтэц орон тоо батлах тухай” тушаал, 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/19 тоот “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай” тушаалыг тус тус хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 1,883,866 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч УДЦН-д-ийн дарга Д.О-нийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.А-, хариуцагчийн өмгөөлөгч Г.Алтанлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.А- “Увс Д нөхөрлөлийн даргын 2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн А/01 дүгээр “Бүтэц орон тоо батлах тухай” тушаал, 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/19 тоот “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай” тушаалыг тус тус хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1,883,866 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Миний бие “Увс Д ” өрхийн эрүүл мэндийн төвд сэргээн засах эмчилгээний сувилагчаар ажиллаж байгаад тус эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/23 тоот тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдөж хохирсон. Энэ ажил олгогчийн тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж би шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагатай нэхэмжлэл гаргасан. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 152/ШШ2024/00469 дүгээр шийдвэрээр намайг “Увс Д ” нөхөрлөл ББН-ийн сувилагчийн ажилд эгүүлэн тогтоосон, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
“Увс Д ” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Д.О-нэ намайг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ажилд авсан боловч дахин ажлын байран дээр 2 удаа дарамталсан. Мөн 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр нөхөрлөлийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн A101 тоот тушаалаар сэргээн засахын сувилагчийн ажлын байр хасагдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудас өгч, улмаар 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/19 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн.
Увс Д ББН-ийн гишүүд болон дарга Д.О-нэ нь 3 шатны шүүхийн шийдвэрийг дүр эсгэн, нэр төдий биелүүлж, шүүхийг үл хүндэтгэсний дээр миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж, хууль бус шийдвэр гаргалаа.
Иймд Увс Д нөхөрлөлийн даргын 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/19 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг Увс Д өрхийн эрүүл мэндийн төвийн сэргээн засах эмчилгээний сувилагчийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны олговорт 1,883,866 төгрөг гаргаж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү.
Мөн тус нөхөрлөлийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/01тоот “Бүтэц орон тоо батлах тухай” тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэж тайлбарлажээ.
2. Хариуцагч Д.О-нэ шүүхэд гаргасан хариу тайлбартаа:... Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Увс Д ” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/01 дугаар тушаалаар байгууллагын бүтэц орон тоог шинэчлэн баталсан.
Уг баталсан бүтцээр сэргээн засах эмчилгээний сувилагчийн орон тоог хассан. Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагааны MNS 5292:2017 стандартад өрхийн эрүүл мэндийн төвд заавал сэргээн засах эмчилгээний сувилагч заавал байх ёстой гэх заалт байхгүй. Өрхийн эрүүл мэндийн төв нь төрөөс иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг гэрээний үндсэн дээр явуулдаг нөхөрлөл хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг хувийн эрх зүйн хуулийн этгээд юм. Иймд өөрийн бүтэц, орон тоог оновчтой зохион байгуулах, шаардлагатай эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтныг авч ажиллуулах, иргэдийн хүсэл, хэрэгцээнд тохируулж хүний нөөцөө бэлдэх нь үйлчилгээний чанар хүртээмж, төсөв санхүүгийн боломжид тааруулж, ажилтнуудын цалин хөлс, урамшууллыг олгох, хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах зэрэг нь гүйцэтгэлийн үнэлгээнд нөлөөлдөг.
Н.А-г хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлийг барьж, хуульд заасан хугацааны дагуу мэдэгдлээ өгч, ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж тайлбарласан байна.
3. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 318/ШШ2026/00352 дугаар шийдвэрээр:
- Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар УДЦН-д-ийн даргын 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/01 дүгээр бүтэц орон тоо батлах тухай тушаалын 1 дүгээр хавсралтыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.А-г тус төвийн сэргээн засах сувилагчийн ажилд эгүүлэн тогтоож,
- Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар нэхэмжлэгч Н.А-гийн ажилгүй байсан 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл буюу 1 сарын цалин 1,437,500 төгрөгийг хариуцагч УДЦН-д-өөс гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч УДЦН-д-д даалгаж,
- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.А-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч УДЦН-д-өөс улсын тэмдэгтийн хураамж 108,150 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагч Увс Д нөхөрлөлийн ББН-ийн дарга Д.О-нэ дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Нэхэмжлэгч анх шүүхэд Увс Д ӨЭМТ-ийн даргын 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/19 дугаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/01 дугаар “Бүтэц орон тоо батлах тухай” тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байдаг.
Шүүх ажлаас чөлөөлсөн тушаал буюу ажил олгогчийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянаад нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон бол хөдөлмөрийн харилцааг цуцалсан тушаалыг хамгийн түрүүнд хүчингүй болгох ёстой. Гэтэл дээрх шийдвэрийг хүчингүй болгох шаардлагагүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Түүнчлэн Увс Д ӨЭМТ-ийн даргын 2025 оны 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/01 дугаар Бүтэц орон тоо батлах тухай тушаалын хувьд нөхөрлөлийн гишүүдийн хурлын тэмдэглэлд хуралд суусан 9 гишүүний 4 гишүүн дэмжээд, үлдэх 5 гишүүн дэмжээгүй гэх дүгнэлт нь учир дутагдалтай байна. Тухайн нөхөрлөлийн гишүүдийн хурал дээр миний бие бүтэц орон тооны талаар танилцуулахад 4 гишүүн дэмжиж байна гэж хэлсэн талаар бичигдсэн бөгөөд санал хураалт явуулаагүй. Мөн түүнчлэн хурлын тэмдэглэл дээр хуралд орсон нөхөрлөлийн гишүүд гарын үсэг зурсан нь зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл юм. Тухайн хурлаар ганцхан сэргээн засахын сувилагчийн орон тоог хасаагүй бөгөөд өөр бусад орон тоог хамтад нь шийдвэрлэсэн байхад анхан шатны шүүх тухайн тушаалын 1-р хавсралтыг бүхэлд нь хүчингүй болгосонд гомдолтой байна.
Иймд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 352 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд:
- Нэхэмжлэгч Н.А- “... Миний бие хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/19 тоот буюу намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна, энэ тушаалыг хүчингүй болгож өгнө үү.
Өрхийн эрүүл мэндийн төвийн 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн А283 дугаар тушаалд зааснаар тусламж үйлчилгээ үзүүлэх гэсэн хэсэгт сэргээн засах тусламж үйлчилгээний сувилагчийн орон тоо байна гэх заалт байгаа. Монгол Улсын MNS:52922017 стандартад сэргээн засах тусламж үйлчилгээний сувилагчийн орон тоо байх ёстой гэж тогтоосон. Эдгээр хуулиар хамгаалсан миний эрхийг зөрчсөн учир би нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
Мөн миний цалинг олгохдоо сүүлийн 3 сарын нийгмийн даатгал төлсөн дүнг бодохгүйгээр бүтэн ажилласан ганцхан 3 сарын цалингаар бодсон байсан. Тиймээс сүүлийн 3 сарын бүтэн ажилласан цалингаас миний ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, цалинг олгож өгнө үү” гэх агуулгатай тайлбар;
- хариуцагчийн өмгөөлөгч Г.Алтанлхам “... Хариуцагчийн шүүхэд гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзэж байгаа.
Учир нь, шүүх хууль хэрэглээтэй холбоотой үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч анх шүүхэд өөрийг нь ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаад явцын дунд бүтэц орон тоо баталсан тушаалыг мөн хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байдаг.
Хөдөлмөрийн эрхийн маргаанд ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал буюу ажилтны эрх зүйн байдлыг дордуулсан тушаалыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрхийг хангасан шийдвэр гаргана гэж бидний зүгээс үзэж байгаа. Мөн түүнчлэн анхан шатны шүүх өрхийн эрүүл мэндийн төвийн MNS:52922017 стандартад сэргээн засахын сувилагч заавал байна гэх заалтыг барьж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан боловч яг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгооггүй.
Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр үндэслэлгүй болсон.
Эрүүл мэндийн сайдын 320 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрэм”-ийг Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх өрхийн эрүүл мэндийн төвүүд дагаж мөрддөг. Дүрмийн 2.5-д “Төвийн дарга нь 1800-2200 иргэнд 1 өрхийн эмч, 1 өрхийн сувилагч ногдохоор тооцон, дархлаажуулалт, өдрийн эмчилгээ, сэргээн засах тусламж, үйлчилгээ, статистик, дүн бүртгэл болон бусад ажилтныг сонгож ажиллуулна” гэж заасан. Үүнээс үзэхэд 1 өрхийн эмч, 1 сувилагч заавал байхаар байна. Харин дотроо дархлаажуулалт, сэргээн засах, өдрийн эмчилгээ, статистик, дүн бүртгэлээс аль нэгийг нь сонгож ажиллуулна, өрхийн эрүүл мэндийн төвийн эрэлт, хэрэгцээ, иргэдийн үйлчилгээ, байгууллагын чанартай үйлчилгээ үзүүлэх асуудалд анхаарал хандуулж, бүтэц орон тоогоо өөрөө зохицуулахыг тухайн дүрэмд тусгаж өгсөн. Харин стандарт хэмжил зүйн газрын стандартыг заавал мөрдөх албагүй, захиргааны хэм хэмжээний акт биш гэж үзэж байгаа. Стандарт хэмжил зүйн газраас тухайн стандартыг тогтоож, ямар байхыг нь дурдсанаас биш заавал энэ стандартыг баримтлан гэсэн зүйл байхгүй гэдгийг нэмж хэлэх нь зүйтэй байна.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзсэн учраас хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж өгнө үү” гэх тайлбар тус тус гаргасан байна.
ХЯНАВАЛ:
1. Хариуцагч Д.О-нийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 318/ШШ2026/00352 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянав.
2. Нэхэмжлэгч Н.А- “Увс Д ” нөхөрлөл ББН-д холбогдуулан тус нөхөрлөлийн даргын 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/19 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан сувилагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1,883,866 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа, нөхөрлөлийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/01 тоот “Бүтэц, орон тоо батлах тухай” тушаалыг хүчингүй болгуулах гэж нэмэгдүүлсэн байна.
3. Хариуцагч “Увс Д ” нөхөрлөл ББН-ийн дарга Д.О-нэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Увс Д Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар байгууллагын бүтэц орон тоог шинэчлэн баталсан. Н.А-гийн эрхэлж байсан сэргээн засахын эмчилгээний сувилагчийн орон тоо манай байгууллагын бүтцээс хасагдсан тул хуульд заасны дагуу Н.А-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдэж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн” гэж тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” хэмээн маргажээ.
4. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан “Увс Д ” нөхөрлөл ББН-ийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/01 дүгээр “Бүтэц орон тоо батлах тухай” тушаалын 1 дүгээр хавсралтыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.А-г тус төвийн сэргээн засах сувилагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 1,437,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж давж заалдах гомдол гаргасан байх ба гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Н.А-гийн нэхэмжлэлийн шаардлагуудаас урьд эрхэлж байсан сэргээн засах сувилагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч нэхэмжлэгч Н.А-г “Увс Д ” эрүүл мэндийн төвийн сэргээн засах сувилагчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөн дүгнэх үндэслэлтэй байна.
5.1. Хариуцагч “Увс Д ” нөхөрлөл ББН-ийн дарга Д.О-нэ 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/19 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.4, “Увс Д ” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/01 тоот тушаалыг тус тус баримтлан Н.А-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ.
5.2. Нэхэмжлэгч Н.А- нь ажил олгогчийн Б/19 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хөдөлмөрийн эрхийн маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэхээр Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан байх бөгөөд уг хороо 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар маргааныг хэлэлцэж, талууд тохиролцоогүй үндэслэлээр дуусгавар болгосноор шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 154.7, 154.8 дахь хэсэгт заасантай нийцжээ.
5.3. Хэргийн баримтаар, “Увс Д ” нөхөрлөл ББН-ийн дарга Д.О-нийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар Н.А-гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, “Увс Д ” нөхөрлөл ББН-ийн сувилагчийн ажлаас чөлөөлснийг эс зөвшөөрч, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх ба Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 152/ШШ2024/00469 дүгээр шийдвэрээр Н.А-г “Увс Д ” нөхөрлөл ББН-ийн сувилагчийн ажилд эгүүлэн тогтоосон, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримт тогтоогдсон байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т: “хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд нь эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй” гэж,
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т: “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж,
- Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт: “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан ба дээрх хуульд заасны дагуу ажил олгогч буюу “Увс Д ” нөхөрлөл ББН нь Н.А-г ажилд эгүүлэн тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 152/ШШ2024/00469 дүгээр шийдвэрийг биелүүлж, түүнийг урьд эрхэлж байсан сувилагчийн ажилд эгүүлэн томилж, хөдөлмөрийн эрхийн харилцааг хуульд заасан, үндэслэл журмын дагуу сэргээх үүрэгтэй байна.
5.4. Хариуцагч “Увс Д ” нөхөрлөл ББН-ийн дарга Д.О-нэ нь Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 152/ШШ2024/00469 дүгээр шийдвэрийн дагуу 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Б/12 дугаар тушаал гаргаж, нэхэмжлэгч Н.А-г өмнө эрхэлж байсан сувилагчийн ажилд эгүүлэн томилсон боловч сэргээн засахын сувилагчийн ажлын байр хасагдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр өгч, улмаар 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/19 дүгээр тушаалаар сувилагчийн ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй буюу Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэж дүгнэв.
Тодруулбал, хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан сувилагчийн ажилд нь эгүүлэн томилсноор түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргэж, хөдөлмөрлөх эрхийн баталгаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу хангагдах ёстой атал ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх боломж нөхцөлөөр хангаж, ажилтны ажил үүргийг бодитоор гүйцэтгүүлэхгүйгээр, орон тоо хасагдсан үндэслэлээр дахин ажлаас чөлөөлсөн нь шүүхийн шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу биелүүлсэн буюу шүүхийн шийдвэрийг бодитоор хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Хариуцагч Д.О-нэ нь шүүхэд: “шүүхийн шийдвэрийг биелүүлж Н.А-г “Увс Д ” нөхөрлөл ББН-ийн даргын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар урьд эрхэлж байсан албан тушаалд томилсон.
2025 онд манай өрхийн эмнэлгийн ажиллах бүтэц орон тоонд сэргээн засах сувилагчийн орон тоо хасагдсан тул нэхэмжлэгчийг орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн” гэж тайлбарласан байх боловч нэхэмжлэгч Н.А-г урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс хойшхи хугацаанд тус өрхийн эрүүл мэндийн төвийн орон тоо, бүтцэд өөрчлөлт орсон буюу сэргээн засахын сувилагчийн ажлын байр хасагдсан гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
5.5. Хэрэгт авагдсан, “Увс Д ” нөхөрлөл ББН-ийн дарга Д.О-нийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/01 дугаартай, “Бүтэц, орон тоо батлах тухай” тушаал нь нэхэмжлэгч Н.А-г шүүхийн шийдвэрийн дагуу урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилохоос өмнө гарсан байх тул нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл болохгүй юм. Нэхэмжлэгчийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ажилд нь эгүүлэн томилсноос хойш түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах хуульд заасан үндэслэл бий болоогүй байна.
6. Дээрх үндэслэлүүдээр, нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан ажлын байр хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул “Увс Д ” нөхөрлөл ББН-ийн дарга Д.О-нийн 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/19 дүгээр “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах” тухай тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.
7. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Н.А-гийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг үндэслэлтэй тооцож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.
7.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т: “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгоно” гэж хуульчилсан ба нэхэмжлэгч Н.А-г хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн гэх үндэслэлээр урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байх тул тэрээр өмнө авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогчоос шаардах эрхтэй болно.
7.2. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговорт 1,883,866 төгрөг гаргуулах тухай шаардлагын зарим хэсгийг хангаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1,437,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсэг буюу 446,366 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.
8. Харин анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Н.А-гийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гаргасан, “Увс Д ” нөхөрлөлийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/01 тоот “Бүтэц орон тоо батлах тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтан ажил олгогчийг хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзвэл эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхтэй боловч энэхүү гомдол гаргах эрх нь хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаатай байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааныг ажилтан эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор буюу 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, эсхүл хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргаж шийдвэрлүүлэхээр, маргалдагч тал маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл гурван талт хороонд, хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд хандахаар мөн хуулийн 154.3-154.8 дахь хэсгүүдэд тус тус журамласан байна.
Хэрэгт авагдсан 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн “Мэдэгдэх хуудас” гэх баримтаас үзвэл, “Увс Д ” нөхөрлөлийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/01 дүгээр, “Бүтэц орон тоо батлах тухай” тушаалыг нэхэмжлэгч Н.А- мэдэгдэх хуудас гардаж авсан үедээ буюу 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр мэдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Н.А- нь “Увс Д ” нөхөрлөлийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/01 дүгээр, “Бүтэц орон тоо батлах тухай” ажил олгогчийн тушаал гарсныг мэдсэнээс хойш хуульд заасан хугацааны дотор гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэхгүйгээр, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан 90 хоногийн хугацааг хэтрүүлэн 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлын талаар гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.
Түүнчлэн, нэхэмжлэгч хөдөлмөрийн эрхийн маргаанаа шийдвэрлүүлэхээр зохих байгууллагад гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн, уг хугацааг сэргээлгэх талаар шүүхэд хүсэлт гаргаж байсан талаарх баримт, нотолгоо хэрэгт авагдаагүй байна.
Иймд нэхэмжлэгчийн “Увс Д ” нөхөрлөлийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/01 дүгээр, “Бүтэц орон тоо батлах” тушаалыг хүчингүй болгуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9. Давж заалдах шатны шүүхээс, нэхэмжлэгчийн “Увс Д ” нөхөрлөлийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/01 тоот “Бүтэц орон тоо батлах” тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасан гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул энэхүү тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт хийхгүй болно.
10. Дээрх үндэслэлүүдээр, анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан “нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
11. Давж заалдах шатны шүүхээс хариуцагч Д.О-нийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,150 /нэг зуун найман мянга нэг зуун тавь/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 318/ШШ2026/00352 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт: Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.А-гийн нэхэмжлэлийн шаардлагуудаас “УДЦН-д-д холбогдох, тус нөхөрлөлийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/01 дүгээр “Бүтэц орон тоо батлах тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэсэн нэмэлт заалт оруулж,
- шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан УДЦН-д-ийн даргын 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/19 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.А-г УДЦН-д-ийн сэргээн засах сувилагчийн ажилд эгүүлэн тогтоосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч УДЦН-д-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,150 /нэг зуун найман мянга,нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН
ШҮҮГЧИД Б.МӨНХЗАЯА
Н.МӨНХЖАРГАЛ