| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | цагаатгал |
| Дугаар | 2025/ХШТ/34 |
| Огноо | 2025-04-02 |
| Зүйл хэсэг | 079.1., |
| Улсын яллагч | Ц.Батцэнгэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 2025/ХШТ/34
Ц.Г-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Батбаатар, М.Пүрэвсүрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Улаанбаатар хотын Ардын шүүх таслах газрын 1955 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 332 дугаар тогтоолтой, Ц.Г-д холбогдох хэргийг Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Ц овогтой Г нь 1887 онд төрсөн, 1955 оны байдлаар 68 настай, эрэгтэй, Гандан хүрээнд зоч, гүрэмч, дүвчин лам явсан, гишүүн бус, ял шийтгэвэр, гавьяа шагналгүй.
Ц.Г 1940 оноос эхлэн сүсэгтэн С, Б нарын 10 гаруй өрх, айлуудаар хэсүүчлэн явж шашнаар нөлөөлөн үхэгсдийн хүүрийг оршуулж, хойдохыг унших, өвчтэй хүмүүсийг эмчилж, аргална хэмээн Жадамба, Сундуй, Банзрагч, Алтангэрэл зэрэг түвд номыг унших, мэргэлэх, бусдад зальт арга хэрэглэн өргөл барьцанд үхэр 1, хурган дотортой үстэй дээл 1, дээлийн жигүүн 6 метр, гэзэгний сувдан даруулга 1, биет төгрөг 15, архи, идэш уушны зүйл, хадаг зэргийг авч ашигласан, урьд лүйжинч лам явсан ба орон нутагтаа өөрийгөө дүвчин гэж хуурамчаар алдаршуулан хувийн ашгийг хичээж сүсэгтэн хүмүүст шашны янз бүрийн аргаар нөлөөлсөн хэрэгт холбогджээ.
Улаанбаатар хотын Ардын шүүх таслах газрын 1955 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 332 дугаар тогтоолоор Ц-ийн Г-г БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлийг баримтлан 8 жил засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн лагерьт хорьж, хувьд ноогдох хөрөнгийг хурааж шийдвэрлэсэн байна.
Прокурор Ц.Батцэнгэл хяналтын шатны шүүхэд бичсэн дүгнэлт болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... Улаанбаатар хотын Ардын шүүх таслах газрын 1955 оны 5 дугаар сарын 16-ны өдөр таслан шийтгэсэн 332 дугаар тогтоолоор Ц-ийн Г-г БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлийг баримтлан 8 жил засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн лагерьт хорьж, хувьд ноогдох хөрөнгийг хурааж, улс төрийн хэрэгт хилсээр хорьж шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Ц.Г нь хүмүүсийн гуйлт, хүсэлтээр айлуудаар явж үхэгсдийн хүүрийг оршуулах, хойдохыг унших, өвчтэй хүмүүсийг эмчилж, аргална хэмээн Жадамба, Сундуй, Банзрагч, Алтангэрэл зэрэг түвд номыг унших, мэргэлэх зэрэг үйлдлүүдийг хийж, үүнийхээ төлөө хүмүүсийн өгсөн зүйлийг авч байсан нь ашгийг хичээсэн гэж үзэх үндэслэлгүй байхад хилсээр шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг/... гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргахад мэдэгдээгүй байсан нөхцөл байдал илэрсэн.../-т заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна.
Иргэн Б.Б нь энэ хэргийн шийдвэрийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхээр хянуулж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан.
Иймд Улаанбаатар хотын Ардын шүүх таслах газрын 1955 оны 5 дугаар сарын 16-ны өдөр таслан шийтгэсэн 332 дугаар тогтоолоор Ц овогтой Г-г БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлийг баримтлан 8 жил засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн лагерьт хорьж, хувьд ноогдох хөрөнгийг хурааж, улс төрийн хэрэгт хилсээр хорьж шийтгэсэн “1942 оны Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйл” нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн г/-д заасан /1942 оны Эрүүгийн хуулийн 55-69, 137 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хилсээр шийтгүүлсэн/ үндэслэлд хамаарч байна.
Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлд зааснаар Ц.Г-д хорих ял шийтгэсэн Улаанбаатар хотын Ардын шүүх таслах газрын 1955 оны 5 дугаар сарын 16-ны өдөр таслан шийтгэсэн 332 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Т аймгийн Б сумын харьяат, Ц овогтой Г-г улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 4 хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйл /4.1. Энэ хууль 1922 оноос эхлэн “БНМАУ-ын шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах журмын тухай хууль” хүчин төгөлдөр болсон өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хэрэг хэлмэгдсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнд хамаарна/, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 болон 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтуудыг баримтлан прокурорын дүгнэлт бичсэн” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн Ц.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, тухайн хэргийн нотлогдсон байдал, шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянаж үзэв.
1955 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 332 дугаар тогтоолоор Ц.Г-г “...өөрийгөө дүвчин гэж хуурамчаар алдаршуулан хувийн ашгийг хичээж, сүсэгтэн хүмүүст шашны янз бүрийн хуурамч аргаар нөлөөлж байсан...” гэж үзэн, 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлийг баримтлан хувьд ноогдох хөрөнгийг хурааж, 8 жил хорих ял шийтгэжээ.
1942 оны Эрүүгийн хуулийг судлан үзвэл, ямар нэгэн шунахай байдлаар ашгийг хичээж, ард нийтийн дотор мухар сүсгийг төрүүлэн гаргах ялт мэхт аливаа явдал нь тус хуулийн 137 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж байхаар хуульчилсан байна. Тухайн үед болж өнгөрсөн үйл явдлын талаар Г-ын Е, Ж-ийн Д, Д-ийн Б, Ц-ын Г, А-ийн Т, С-ийн Э, Д-ын Б, О-ын Д, Х-ийн О нар Ц.Г нь шашны зан үйлийг гүйцэтгэсний хариуд өвдсөн хүмүүсийн эд хөрөнгийн жагсаалтыг гаргуулан авч түүнээс үнэт эдлэл, өндөр үнэ цэнтэй эд зүйлсийг (алтан бөгж, гэзэгний даруулга, 5,000 төгрөгийн үнэтэй гаанс) өөрийн үзэмжээр нэрлэн зааж авч байсан, өндөр үнэ хөлс авдаг байсан, үүнд зарим үед өмчлөгчийн зүгээс дургүйцэн маргаж байсан талаар мэдүүлсэн, мөн шүүгдэгч олз ашгийг хайж, амиа тэжээх гэсэн зорилгоор бусдад шашнаар нөлөөлдөгөө өөрөө хүлээн зөвшөөрсөн байна.
БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлийн шинжийг “аливаа ашгийг хичээх”, “мухар сүсгийг төрүүлэн зальт мэхт явдлыг гаргах” ба харин “зөвхөн өгснийг авбал” буруугүй гэж тухайн үед шүүхүүд тайлбарлаж байснаас үзэхэд ашиг орлогыг хичээн шашны зан үйл гүйцэтгэгчийг энэ гэмт хэрэгт гэм буруутайд тооцож байжээ.
Иймээс БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйл нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн үйлчлэлийн хүрээнд багтсан гэсэн нэг нөхцөлөөр уг зүйл, хэсгийн тухайн үеийн агуулга, зорилгыг өнөөгийн эрх зүйн орчинд шилжүүлэн тайлбарлаж “гэм буруугийн санаа зорилгыг нь тогтоосон ямар ч баримтгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь эрүүгийн хуулийг тухайн цаг үеийн агуулгаар хэрэглэх тухай “гэмт этгээдэд зөрчсөн хуулиар нь хариуцлага хүлээлгэх” гэсэн nulla poena sine lege онолоор тайлбарлагдах зарчимд нийцэхгүй байна.
Ийм байдлаар Ц.Г нь дүвчин лам гэж алдаршсан байдлаа ашиглан хүмүүсийн сүсэг бишрэлийг далимдуулан өргөл барьцанд бариагүй эд зүйлийг бүртгэх, авах, хэт үнэтэй эдлэлийг авах зэргээр эд агуурсын төлөө, шунахайн сэдэлтээр ашиг олох зорилготой шашны зан үйл гүйцэтгэж байсан нь 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байсан тул тус зүйлд зааснаар Ц.Г-ийн хувьд ноогдох хөрөнгийг хурааж, хорих ялаар шийтгэснийг буруутгах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “...Гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан нөхцөл байдал илэрсэн...” гэх үндэслэлээр Ц.Г-г улс төрийн хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 болон 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтыг баримтлан бичсэн прокурорын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Улаанбаатар хотын Ардын шүүх таслах газрын 1955 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 332 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Ц.Г-г цагаатгуулахаар бичсэн Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсугай.
ДАРГАЛАГЧ Б.БАТЦЭРЭН
ШҮҮГЧИД Б.АМАРБАЯСГАЛАН
Д.БАТБААТАР
М.ПҮРЭВСҮРЭН
Ч.ХОСБАЯР