Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 22

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.Э-н нэхэмжлэлтэй

 Хариуцагч: Өвөрхангай аймгийн Баянгол сумын Улсын бүртгэгчид холбогдох

“Э-т иргэний үнэмлэх олгохдоо 1966 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн гэж андуу бүртгэн регистрийн дугаар олгосныг 1964 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн гэж зөвтгөх, эцгийн нэрийг “Е” гэснийг “С-н” гэж залруулахыг тус тус даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Э , хариуцагч Баянгол сумын улсын бүртгэгч Т.Ганхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дорждулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Э  шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Э  би Өвөрхангай аймгийн Баянгол суманд 1964 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр төрсөн. Мөн миний төрүүлсэн эцэг О. эх Б.Ц нараас Өвөрхангай аймгийн Баянгол сумын иргэн Б.С, Б.Б нар 1965 оны 01 дүгээр сард үрчилж авсан гэдэг. Гэтэл Өвөрхангай аймгийн Баянгол сумын Засаг даргын Тамгын газрын улсын бүртгэгч миний нэрийг С.Э, төрсөн он, сар, өдрийг 1966 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэж буруу бичиж иргэний үнэмлэх олгосноос шалтгаалж миний нас буруу тогтоогдож зарим баримт бичигт

нэр зөрснөөс болж хохирч байна. Иймд намайг Өвөрхангай аймгийн Баянгол суманд 1964 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, овог нэрийг үрчилж авсан эцэг С.Э гэж тогтоож өгөхийг Өвөрхангай аймгийн Баянгол сумын Улсын бүртгэгчид даалгаж өгнө үү...Би шүүхэд гаргасан нэхэмжлэл дээрээ төрсөн сар өдрөө 11 дүгээр сарын 21-н гэж буруу бичсэн байна лээ... гэв.

Хариуцагч Өвөрхангай аймгийн Баянгол сумын улсын бүртгэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Г миний бие Баянгол сумын Засаг даргын Тамгын газарт улсын бүртгэгч ажилтай. ...энэ хүний он, сар, өдөр зөрсөн нь төрсний лавлагаагаар харагдаж байна. Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс энэ регистрийг 1964 оноор тогтоож өгвөл иргэний цахим үнэмлэхийг сольж өгөхөд боломжтой болно. Шүүхээс энэ хүний регистрийг сольж өгөх тухай шийдвэр гаргачих юм бол бүртгэлийн хэлтсийн холбогдох ажилтан регистрийг солих боломжтой гэж үзэж байна... Улсын бүртгэгч нь иргэний бүртгэлд өөрчлөлт оруулах эрхгүй. Харин Улсын байцаагч нь ийм эрхтэй...” гэв.

Хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанаар гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс “Э иргэний үнэмлэх олгохдоо 1966 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн гэж андуу бүртгэн регистрийн дугаар олгосныг 1964 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн гэж зөвтгөх, эцгийн нэрийг “Ирэнтэйн” гэснийг “С-н” гэж залруулахыг Баянгол сумын улсын бүртгэгчид тус тус даалгах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-3.1.6-д зааснаар улсын бүртгэлийг үнэн зөв, бодитой бөгөөд нотлох баримтанд үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх бөгөөд энэ нь иргэний хууль ёсны эрх ашгийг хүндэтгэх зарчимтай.

Нэг. Нэхэмжлэгч С.Э  нь /нэхэмжлэлд дурьдсанаар/ өөрийн регистрийн дугаарыг буруу олгосон гэж маргаж байна.

Тиймээс “Регистрийн дугаар” гэдэг ойлголтын эрх зүйн үндэслэлийг судалж үзвэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2010 оны 331 дүгээр тушаалаар батлагдсан “Регистрийн дугаарыг шинээр олгох, өөрчлөх, хүчингүй болгох журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.2-т ““Регистрийн дугаар” нь иргэний улсын бүртгэлд бүртгэгдсэн  Монгол Улсын иргэнийг нэгэн утгатай тодорхойлсон үсэг, тооноос бүтсэн нийлмэл код байх ба уг дугаарын эхний 2 орон буюу үсэг нь регистрийн дугаар авч байгаа иргэний байнга оршин суудаг аймаг /дүүрэг/, сум /хороо/-ны код, дараагийн 6 орон нь төрсөн он, сар, өдөр, 9 дэх орон нь хүйс, сүүлийн орон нь хяналтын код байна” гэж заажээ.

Харин Иргэний бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1-д улсын бүртгэгч нь иргэний төрсний гэрчилгээнд үндэслэн иргэний үнэмлэх олгох учиртай бөгөөд мөн хуулийн 28 дугаар зүйлд Монгол Улсын иргэн бүр регистрийн дугаартай байх ба уг дугаарыг иргэний үнэмлэхэд бичихээр хуульчилсан байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад: Нэхэмжлэгч И.Э[1] нь Өвөрхангай аймгийн Баянгол суманд 1964 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ирэнтэй, Цэрэндолгор нарын гэр бүлд төрсөн болох нь тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн архивт хадгалагдаж буй сан хөмрөгийн 01, хадгаламжийн нэгжийн 18 дугаар бүхий Баянгол сумын 1964 оны төрөлтийн бүртгэл буюу “ТӨРӨЛТ 1964-1965” гэх баримт[2]-ын 252 дугаар хуудасны 93 дугаарт бүртгэгдсэн бүртгэлээр нотлогдож байна.

Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийг 1966 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн мэтээр регистрийн дугаарыг олгосон нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь хэсэгт заасан “...нотлох баримтанд үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” гэснийг зөрчжээ.

Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт шүүх нь “хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох” эрхэм зорилготой болохыг хуульчилсан байдаг бол Иргэний бүртгэлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар иргэний бүртгэлтэй холбоотой үүссэн маргааныг шүүх харъяалан шийдвэрлэхээр заасан.

Мөн Иргэний бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 31 дүгээр зүйлийн 31.3-т тус тус зааснаар аймгийн иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн алба нь иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд орсон өөрчлөлтийг үндэслэн Иргэний бүртгэл мэдээллийн санд өөрчлөлт оруулж болох бөгөөд иргэний бүртгэлийн ажилтан нь уг өөрчлөлтийн бичилтийг үндэслэн иргэний баримт бичгийг шинэчлэн иргэнд олгохоор зохицуулсан байна. 

Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.5 болон Иргэний бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4-т тус тус зааснаар шүүхийн шийдвэрийн дагуу иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг улсын бүртгэгчид олгосон байна.

Иймд шүүхээс Монгол Улсын иргэн Ёомид овогт Ирэнтэйн Эрдэнэцэцэгт регистрийн дугаар олгохдоо түүний “төрсөн он, сар, өдөр”-ийг “1966 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн мэтээр буруу дугаар олгосныг залруулан “1964 оны 10 дугаар сарын 27-ны өдөр” гэж өөрчлөлт оруулж регистрийн дугаар олгохыг хариуцагч Өвөрхангай аймгийн Баянгол сумын улсын бүртгэгчид даалгаж, нэхэмжлэгч Ирэнтэйн Эрдэнэцэцэгийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ. 

Хоёр. Нэхэмжлэгч нь өөрийн эцгийн нэрийг “И” гэснийг “С” болгож залруулахыг Баянгол сумын улсын бүртгэгчид даалгуулахаар маргажээ.

Иргэний бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5-д зааснаар үрчлэлтийн бүртгэл нь иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн төрөлд хамаарч байх ба мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар хүүхэд үрчлэн авагч нь хүүхдийг үрчлэн авсан тухайгаа иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй байна.

Гэтэл Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн архивт хадгалагдаж буй Баянгол сумын иргэдийн үрчлэлтийн бүртгэл буюу сан хөмрөгийн 01, хадгаламжийн нэгжийн 47 дугаар бүхий баримтанд үзлэг хийхэд уг баримтанд Баянгол сумын иргэдийн 1960-1975 онуудын үрчлэлтийг бүртгэсэн байх ба тус бүртгэлд нэхэмжлэгч Э төрсөн эцэг Ирэнтэй болон ээж Ц нар нь иргэн Б.С, Б.Б нарт үрчлүүлсэн бүртгэл байхгүй байсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас ““И” гэснийг “С-н” гэж залруулахыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.5, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5, 16 дугаар зүйлийн 16.1, 28 дугаар зүйл, 30 дугаар зүйлийн 30.1, 31 дүгээр зүйлийн 31.1.4, 31.3, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас Монгол Улсын иргэн Ё овогт И.Э анх регистрийн дугаар олгохдоо “төрсөн он, сар, өдөр” хэсгийг “...661126...” гэж буруу бүртгэснийг залруулж “...641027...” болгон өөрчлөн бүртгэхийг хариуцагч Өвөрхангай аймгийн Баянгол сумын улсын бүртгэгчид даалгаж, ““И” гэснийг “С-н” гэж залруулахыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1, 123 дугаар зүйлийн 123.3-т тус тус зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, давж заалдах журмаар гомдол гаргаагүй этгээд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тус тус дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.БАТЧИМЭГ

 

 

 


[1] Хэргийн 3 дугаар хуудас. Төрсний бүртгэлийн лавлагаа.

[2] Хэргийн 19-24 дэх хуудас. Шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан баримтууд.