Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 1823

 

 

 

 

 

 

 

 

 

Ё.Өнөборгилын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/05757 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ё.Өнөборгилын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: “Пропер сити констракшн” ХХК болон Зу Ханг Пинг, С.Саранцэцэг  нарт холбогдох

 

Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 44 501 280 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах хариуцагч С.Саранцэцэгийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Зу Хан Пингийн өмгөөлөгч П.Баттулгын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Ууганбаяр,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Бадрал,

Хариуцагч Зу Хан Пингийн өмгөөлөгч: П.Баттулга,

Хариуцагч “Пропер сити констракшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цолмон,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.Саранцэцэгийн хүсэлтийн дагуу бизнесийн түнш БНХАУ-ын иргэн Зу Хан Пингэд өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 хорооны “Зүүн дөрвөн зам" амины орон сууцны хорооллын 6 дугаар байр, 7 тоотод байрлах 250 м.кв, 2 давхар орон сууцыг 2012 оны 12 сарын 07-ны өдөр байгуулсан гэрээний үндсэн дээр 3 жилийн хугацаатай хөлслөн суулгасан. Энэ хугацаанд БНХАУ-ын иргэн Зу Хан Пинг нь С.Саранцэцэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж манай байрны нэгдүгээр давхарт ажлын оффисоо байршуулан 2 дугаар давхарт Зу Хан Пинг болон компанийн хүмүүс амьдарч байсан. Орон сууц хөлслөх гэрээнд иргэн С.Саранцэцэг өөрөө байлцан орчуулж, үл хөдлөх хөрөнгийн зуучлалын "УБ зууч" компаниар зуучлуулсан орон сууцны хөлсийг иргэн Зу Хан Пинг, С.Саранцэцэг нар хариуцан 2015 оны 6 сарын 01-ний өдрийг хүртэл төлж барагдуулсан. Уг байрыг би анх 2012 онд сарын 2200 ам.доллараар хөлслөхөөр гэрээ хийсэн боловч 2014 оноос харилцан тохиролцсоны үндсэн дээр хөлслөгч талын хүсэлтээр үнээ буулган нэг сарын 2000 ам.доллараар хөлслөн суулгадаг байсан. 2015 оны 2 сарын 13-ны өдөр С.Саранцэцэг, Зу Хан Пинг нартай хөлсөлж буй байранд уулзан орон сууц хөлслөх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, уг байранд “Пропер сити констракшн” ХХК байрлан үйл ажиллагаа явуулж ирсэн тул байрны мөнгийг “Пропер сити констракшн” ХХК төлөхөөр болсон. Хөлслөгч Зу Хан Пингийн надад өгсөн мэдээллээр бол “Пропер сити констракшн” компани нь Натур фүүд компанийн 50 хувь, БНХАУ-ын Ху нан мужийн Зун Ге барилгын групп компанийн 50 хувийн хөрөнгө оруулалттайгаар дээрх хүмүүс төлөөлөн байгуулсан компани гэж ойлгож байна. С.Саранцэцэг нь 2015 оны өмнөх саруудын үлдэгдэлд 15,000 ам.долларын төлбөрийг 2015 оны 6 сарын 03-ны өдөр төлсөн. Ингэхдээ С.Саранцэцэг 2015 оны 6 сарын 01-ний өдрөөс хойшхи байрны мөнгө төлөхгүй, хөлслөгч Зу Хан Пинг нь өөр хүмүүстэй хамтран ажиллах болсон тул байрны мөнгөө өөрөө төлнө гэдгийг бидэнд амаар мэдэгдсэн. Зу Хан Пинг-д төлбөр барагдуулах мэдэгдэл өгсөн ч гарын үсгээ зурахгүй гэж татгалздаг. Хариуцагч нараас 2015 оны 6 сарын 07-ны өдрөөс 2015 оны 12 сарын 07-ны өдөр хүртэл нийт 7 сарын хөлс 14,000 ам.доллар буюу 27 963 040  төгрөгийг  гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байсан. Нэхэмжлэлийн шаардлагаа 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 7-ны өдөр хүртэлх хугацаанд орон сууц хөлслөн суусны төлбөр 20,000 ам.доллар буюу нийт 44 501 282 төгрөгийг гаргуулахаар нэмэгдүүлж байна. С.Саранцэцэг нь 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр өвчний улмаас нас барсан байх тул түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

   Хариуцагч БНХАУ-ын иргэн Зу Хан Пингийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батчулуун шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие орон сууц хөлслөх гэрээ, тус гэрээний дагуу төлөх төлбөрийн асуудалд ямар ч хамааралгүй. Учир нь Зу Хан Пинг нь "Пропер сити констракшн" ХХК-д ажилладаг бөгөөд уг байранд “Пропер сити констракшн” ХХК байрлан үйл ажиллагаа явуулдаг. Иймд тус компани байрны хөлсийг хариуцан төлөх ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал ч өөрөө нэхэмжлэлдээ "Уг орон сууцанд “Пропер сити констракшн” ХХК байрлан үйл ажиллагаа явуулдаг ба орон сууц хөлслөх гэрээнд 2015 оны 2 сарын 13-ны  өдөр нэмэлт өөрчлөлт оруулсны дагуу “Пропер сити констракшн” ХХК байрны хөлсийг төлөхөөр болсон гэж бичжээ. Үүнээс үзэхэд гэрээнд заасны дагуу байрны хөлсийг “Пропер сити констракшн” ХХК төлөх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд Ё.Өнөрборгилын гаргасан байрны хөлсний төлбөр гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлээс надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Саранцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ё.Өнөрборгил болон БНХАУ-ын иргэн Зу Хан Пин нарыг хооронд нь танилцуулан орон сууц хөлслөх гэрээ байгуулахад зуучилсан болно. Тус гэрээг 2013 оны 12 сарын 07-ны өдөр иргэн Ё.Өнөрборгил болон Зу Хан Пин нар байгуулж, орон сууцны төлбөрийг хөлслөгч тал болох Зу Хан Пин төлөхөөр үүрэг хүлээсэн байдаг. Миний бие тус гэрээний дагуу аливаа эрх эдэлж, үүрэг хүлээж оролцсон тал биш болно. БНХАУ-ын иргэн Зу Хан Пин нь орон сууцны төлбөрөө төлөх боломжгүй байгаагаа илэрхийлэн, санхүүгийн тусламж гуйсан учир миний бие түүний өмнөөс төлөгдөөгүй орон сууц хөлслөх гэрээний төлбөрийн тодорхой хэсгийг төлсөн болно. Миний бие 2015 оны 2 сарын 13-ны өдрийн "гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" гэх гэрээнд гарын үсэг зурахдаа уг баримт бичиг нь дээр дурдсаны дагуу Зу Хан Пинд үзүүлсэн санхүүгийн тусламж буюу орон сууц хөлслөх гэрээний төлбөрөөс миний төлсөн төлбөрийг баталгаажуулж буй баримт бичиг гэж ойлгон гарын үсэг зурсан. Тиймээс миний бие 2013 оны 12 сарын 07-ны өдөр байгуулсан "орон сууц хөлслөх гэрээ" болон 2015 оны 2 сарын 13-ны өдрийн "гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" гэх гэрээний дагуу орон сууцны түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй этгээд биш бөгөөд дээр дурдсан гэрээнүүдийн дагуу орон сууц хөлслөх гэрээний төлбөрийг төлөх үүрэг бүхий этгээд буюу тус хэргийн хариуцагч нь гагцхүү БНХАУ-ын иргэн Зу Хан Пин юм. Иймд хэргийн хариуцагч нь иргэн С.Саранцэцэг миний бие биш байх тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу Ё.Өнөрборгилын нэхэмжлэлтэй Зу Хан Пин, С.Саранцэцэг, “Пропер сити —констракшн” ХХК нарт холбогдох орон сууц хөлслөх гэрээний төлбөр гаргуулах тухай иргэний хэргээс иргэн С.Саранцэцэг надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Пропер сити констракшн” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цолмон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компанийн гүйцэтгэх захирал С.Саранцэцэг нь Ё.Өнөрборгил, БНХАУ-ын иргэн Зу Хан Пин нарыг танилцуулан "орон сууц хөлслөх гэрээ" байгуулахад зуучилсан байдаг. Орон сууц хөлслөх гэрээни төлбөрийг хөлслөгч тал болох Зу Хан Пин төлөхөөр үүрэг хүлээсэн байдаг ба “Пропер сити констракшн” ХХК нь тус орон сууц хөлслөх гэрээний дагуу ямар ч эрх эдэлж, үүрэг хүлээгээгүй болно. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 хэсэгт заасны дагуу орон сууц хөлслөх гэрээний төлбөрийг хөлслүүлэгч нь зөвхөн хөлслөгчөөс шаардах эрхтэй бөгөөд 2013 оны 12 сарын 07-ны өдөр байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээний хөлслөгч тал нь зөвхөн БНХАУ-ын иргэн Зу Хан Пин байна. Тиймээс манай компани уг гэрээний дагуу аливаа төлбөрийг үүрэг хүлээхгүй болно. 2015 оны 2 сарын 13-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээний нэмэлт өөрчлөлт нь манай компанийн захирал С.Саранцэцэгийн БНХАУ-ын иргэн Зу Хан Пинийн хүсэлтээр түүнд санхүүгийн тусламж үзүүлж, орон сууц хөлслөх гэрээний төлөгдөөгүй төлбөрийн тодорхой хэсгийг төлснийг баталгаажуулсан баримт бичиг гэж ойлгосон болно. Түүнчлэн тус хөлслүүлж буй байранд зөвхөн БНХАУ-ын иргэн Зу Хан Пин өөрийн гэр бүлийн хамт амьдардаг бөгөөд манай компани уг байранд байрлаж үйл ажиллагаа явуулдаггүй мөн манай компанийн ажилчид тус байранд оршин сууддаггүй болно. БНХАУ-ын иргэн Зу Хан Пин нь өөрийгөө манай компанийн хөрөнгө оруулагч болох БНХАУ-ын "Зун гө барилгын групп" ХХК-ийн төлөөлөгч гэж ярьдаг хэдий ч манай компанитай хөдөлмөрийн гэрээ, контракт, ажил гүйцэтгэх гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээний аль алийг байгуулаагүй буюу компанитай аливаа байдлаар хамааралтай этгээд биш бөгөөд компани түүний өмнөөс үүрэг хүлээгээгүй болно. Тиймээс орон сууц хөлслөх гэрээний болон уг гэрээтэй холбоотой аливаа төлбөрийг гагцхүү тус орон сууцыг хөлслөн амьдарч буй, орон сууц хөлслөх гэрээний хөлслөгч тал болох БНХАУ-ын иргэн Зу Хан Пин төлөх үүрэгтэй буюу тус хэргийн цорын ганц хариуицагч нь Зу Хан Пин юм. Иймд хэргийн хариуцагч “Пропер сити констракшн” ХХК биш байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу “Пропер сити констракшн” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

         Хариуцагч С.Саранцэцэг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэх албан бичгийг Ё.Өнөборгил дан ганц өөрийн хүсэл зоригийг тусгасан бэлэн загвар дээр нөхөн бичиж түүн дээрээ гарын  үсэг зуруулсан. Би уг бичгийг Зу Хан Пиний төлөөгүй төлбөр буюу 2014 оны 8 сараас 2015 оны 2 сар хүртэлхи нийт 6 сарын хугацааны төлбөрийг тодорхой хэсгийг төлнө гэдгийг баталгаажуулж байна ойлгож гарын үсэг зурсан. Ё.Өнөборгилыг шүүхэд нэхэмжлэл гаргаснаар анх удаа өөрийн хүсээгүй зүйлд гарын үсэг зурсанаа ойлгож мэдсэн. Ё.Өнөборгил нь хууль зүйн мэдлэг боловсролтой болох давуу байдлаа ашиглан урдаас бэлтгэсэн, гагцхүү өөрийнхөө хүсэл зоригийг тусгасан, бусдад буруу ойлголт төрүүлэх зорилго агуулсан  “гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” гэх бичигт гарын үсэг зуруулсан. Улмаар орон сууц хөлслөх гэрээний үүрэг шаардаж байгаа нь миний хууль ёсны эрх, ашиг сонирхолыг ноцтой зөрчиж байна. Иймд 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн “гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” гэх хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

 

          Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Талууд өөрсдийн хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, сайн дурын үндсэн дээр байгуулсан. Энэ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасантай нийцэх тул гэрээг ямар нэгэн хууль зөрчилгүйгээр байгуулагдсан гэж үзэж байна. Түүнчлэн хэлцэл байгуулагдах үед хэн нэгэн этгээдийн дарамт шахалт, хүч түримгийлэл байгаагүй бөгөөд гэрээг байгуулах нь хуура мэхлэх дүр үзүүлэн хийх сэдэл зорилгыг агуулаагүй болно. Мөн сөрөг нэхэмжлэлд дурдсан шиг миний бие хууль мэргэжилтэй хүн биш. Тиймээс гэрээнд нэмэлт оруулах саналаа энгийн ойлгомжтой байдлаар илэрхийлсэн ба ямар нэгэн агуулга тодорхойгүй, ойлгомжгүй, хоёрдмол утга санаа агуулсан үг, өгүүлбэр хэрэглээгүй буюу эргэлзээтэй тоо баримт, төөрөгдөх зүйл байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 Шүүх: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг баримтлан хариуцагч БНХАУ-ын иргэн Зу Хан Пинг /Zhu Наnping/-ээс 44 501 280 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ё.Өнөборгилд олгож, хариуцагч “Пропер сити констракшн” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ё.Өнөборгилоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 592 330 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Зу Хан Пингээс 592 330 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ё.Өнөборгилд олгуулахаар шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч Зу Хан Пингийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттулга давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Шүүх "хариуцагч нарын  хоорондын харилцаа дуусгавар болоход хариуцагч Зу Хан Пинг орон сууцыг чөлөөлөөгүй, 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэн амьдарсаар байсан нь Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.3, 293 дугаар зүйлийн 293.1-д зааснаар орон сууцны хөлсийг төлөх үүрэг үүссэн, нэхэмжлэгч Ё.Өнөборгил, хариуцагч Зу Хан Пинг нарыг хооронд орон сууц хөлслөх гэрээний харилцаа шинээр үүсч, тодорхой бус хугацаагаар байгуулагджээ" гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх Иргэний хуулийн 40, 43. 195, 196 дугаар зүйлд заасан нөхцөлүүд хангагдсан эсэхэд дүгнэлт өгөөгүй. Нэхэмжлэгч Ё.Өнөборгилын зүгээс 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн "гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ" байгуулагдсанаас хойш, түүнчлэн орон сууцны хөлс төлөгдөөгүй гэх хугацаа болох 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хариуцагч Зу Хан Пингд хандан өөрийн орон сууцыг хөлслөх талаар гэрээ байгуулах санал гаргаж байгаагүй, хариуцагч Зу Хан Пингийн зүгээс ч түүний орон сууц хөлслөх талаар гэрээ байгуулах санал гаргаж байгаагүй байхад шүүх талуудын хооронд гэрээ байгуулагдсан буюу үүргийн харилцаа үүссэн гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч Ё.Өнөборгил, хариуцагч Зу Хан Пинг нарын хооронд ямар эд хөрөнгийг Зу Хан Пингийн эзэмшилд шилжүүлэх, хариуд нь Зу Хан Пинг ямар хэмжээний хөлс төлөх талаар ямар нэгэн тохиролцоо огт хийгдээгүй байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс зөвхөн орон сууцны хөлсийг л нэхэж байснаас биш "Пропер сити констракшн" ХХК-тай байгуулсан орон сууц хөлслөх гэрээ дуусгавар болсон тухай, цаашид орон сууцыг 2000 ам.доллараар үргэлжлүүлэн хөлслүүлэх тухай хариуцагч Зу Хан Пингаас огт асуугаагүй байдаг. Мөн орон сууц хөлсөлсний хөлсийг Зу Хан Пингаас cap бүр нэхэмжлээгүй, төлбөрийн нэхэмжлэх явуулаагүй байдаг. Нэхэмжлэгч нь 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хөлсийг төлөхөө болиод ирэнгүүт хөлс төлүүлэхээр шүүхэд хандсан. Үүний дараа 2015 оны 12 сард нэхэмжлэгч Ё.Өнөборгил өөрөөс нь мөнгө нэхэж байгааг хариуцагч Зу Хан Пинг мэдсэн байдаг. Үүнээс өмнө Зу Хан Пинг нь "Пропер сити констракшн" ХХК ба Ё.Өнөборгил нарын хооронд байгуулсан ажлын байрны түрээсийн гэрээ үргэлжлээд явж байгаа гэж ойлгож байсан. Гэтэл анхан шатны шүүх “гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" 2015 оны 2 сарын 13-ны өдрийн хэлцлээр хуулийн этгээд буюу "Пропер сити констракшн" ХХК төлөхөөр тогтоосон 2000 ам.долларын хөлсийг иргэн Зу Хан Пинг мөн адил зөвшөөрч төлөх ёстой гэж үзэн нэхэмжлэгчид хөлс төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.3 дахь хэсгийн заалтыг үндэслэл болгосон байна. Анхны хөлслөгч эд хөрөнгийг дамжуулан хөлсөлсөн тохиолдолд дамжуулан хөлслөх гэрээний хугацаа дуусахаас өмнө үндсэн гэрээний хугацаа дуусгавар болсон бол хөлслүүлэгч нь дамжуулан хөлслөгчөөс эд хөрөнгөө буцаан шаардах боломжтой талаар Иргэний хуулийн 295.3-т зохицуулсан байхад анхан шатны шүүх уг заалтыг хөлслүүлэгч гуравдагч этгээд буюу дамжуулан хөлслөгч хоёрын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүсч, улмаар хөлслүүлэгч нь гуравдагч этгээдээс хөлс төлөхийг шаардах эрх олгосон мэтээр буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх нотлох баримтыг хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" 2015 оны 02 сарын 13-ны өдрийн хэлцлээр талууд орон сууцыг хэн төлөх талаар тохиролцоонд хүрч цаашид хариуцагч "Пропер сити констракшн" ХХК төлөхөөр болсны зэрэгцээ гэрээний хугацааг тодорхой тохироогүй нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4, 293 дугаар зүйлийн 293.1-д заасны дагуу орон сууц хөлслөх гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан гэж үзэхээр байна" гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримттай тохирохгүй байна. Учир нь хамгийн анхны буюу нэхэмжлэгч Ё.Өнөборгил хариуцагч Зу Хан Пингийн хооронд байгуулагдсан гэх орон сууц хөлслөх гэрээ 2012 оны 12 сарын 07-ны өдөр 3 жилийн хугацаатай байгуулагдсан байх ба уг гэрээний хугацаа 2015 оны 12 сарын 07-ны өдөр дуусахаар байна. Харин гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу 2015 оны 2 сарын 13-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж цаашид хөлсийг "Пропер сити констракшн" ХХК төлөхөөр тохиролцсон. Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч Ё.Өнөборгил болон хариуцагч "Пропер сити констракшн" ХХК-ийн хооронд гэрээ шинээр байгуулагдаагүй, өмнөх гэрээний харилцаа үргэлжилсэн хэвээр байсан бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч Ё.Өнөборгил болон хариуцагч "Пропер сити констракшн" ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний хугацаа нь үндсэн гэрээний хугацаа дуусах өдөр буюу 2015 оны 12 сарын 07-ны өдөр дуусахаар байна. Гэтэл шүүх нэхэмжлэгч Ё.Өнөборгил болон "Пропер сити констракшн" ХХК-ийн хооронд орон сууц хөлслөх гэрээ тодорхой бус хугацаагаар байгуулагдсан гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Анхан шатны шүүх "... хариуцагч Зу Хан Пинг, хариуцагч "Пропер сити констракшн" ХХК нар хамтын ажиллагаа дуусгавар болсноор хариуцагч "Пропер сити констракшн" ХХК-ийн нэхэмжлэгч Ё.Өнөборгилын өмнө гэрээгээр хүлээсэн хөлс төлөх үүрэг мөн дуусгавар болсон байна" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх ямар баримтыг үндэслэн хариуцагч Зу Хан Пинг, хариуцагч "Пропер сити констракшн" ХХК нар хамтын ажиллагаа дуусгавар болсон гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй. Хамгийн сүүлд Зу Хан Пингийн хөрөнгө оруулагчийн карт нь 2016 оны 4 дүгээр сарыг хүртэл хүчинтэй байсан бөгөөд хариуцагч "Пропер сити констракшн" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Саранцэцэг картын хугацааг сунгуулах хүсэлтийг бүртгэлийн байгууллагад явуулахаас татгалзсан тул хариуцагч Зу Хан Пинг 2016 оны 4 сарын 01-ний өдөр нэхэмжлэгчийн орон сууцыг чөлөөлж өгсөн байдаг. Үүнээс хойш хариуцагч Зу Хан Пинг өөр компанийн нэр дээр Монгол Улс болон БНХАУ хоёрын хооронд зорчсон байдаг. БНХАУ-ын иргэн Зу Хан Пинг нь хөрөнгө оруулагчийн карт шинээр авах болон хөрөнгө оруулагчийн картын хугацааг сунгуулахдаа бүрдүүлэн өгч байсан баримтууд "Пропер сити констракшн" ХХК-ийн дэд захирлын албан тушаалд томилсон шийдвэр, "Пропер сити констракшн" ХХК-ийн албан бичиг гэх мэт Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас гаргуулах хүсэлтийг шүүх хүлээн аваагүй мөртлөө дээрх дүгнэлтийг хийсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл иргэн Зу Хан Пин нь "Пропер сити констракшн" ХХК-д хэзээ ажиллахаа больсон бэ гэдгийг тогтоож чадаагүй байж, хэрэгт ач холбогдол бүхий баримтууд бүрэн цуглараагүй байхад дан ганц талуудын зөрчилдөж байгаа тайлбараар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 236-240 дүгээр зүйлд үүрэг дуусгавар болох үндэслэлүүдийг зохицуулсан байх бөгөөд энэ зохицуулалтын дагуу "Пропер сити констракшн" ХХК-ийн нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болоогүй байна. Түүнчлэн Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1-д заасны дагуу нэхэмжлэгч Ё.Өнөборгил хариуцагч "Пропер сити констракшн" ХХК-ийн хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээ дуусгавар болоогүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

  Нэхэмжлэгч Ё.Өнөборгил нь хариуцагч “Пропер сити констракшн” ХХК болон С.Саранцэцэг, БНХАУ-ын иргэн Зу Хан Пинг нарт холбогдуулж орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 44 501 280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ё.Өнөборгил нь хариуцагч С.Саранцэцэгийг нас барсан гэх үндэслэлээр түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол түүний татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох ба уг зохицуулалтад мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасан зохицуулалт хамааралтай тул анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шийдвэртээ нэхэмжлэгчийн татгалзлыг батлах байтал хүсэлт шийдвэрлэх тухай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталсан нь буруу болжээ. /хх-ийн 29-31 дүгээр тал/

 

Түүнчлэн хариуцагч “Пропер сити констракшн” ХХК-ийн захирал С.Саранцэцэгээс шүүхэд компанийг төлөөлөх итгэмжлэлийг О.Цолмонд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр олгосон байна. /хх-ийн 35 дугаар тал/

 

Хариуцагч “Пропер сити констракшн” ХХК-ийн захирал С.Саранцэцэг нь 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр нас барсанаар төлөөлөгч О.Цолмонд олгосон төлөөлөл Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн  67.2.3-т зааснаар дуусгавар болсон байхад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч “Пропер сити констракшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр О.Цолмонг оролцуулж, хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасныг зөрчжээ.

 

Мөн нэхэмжлэгч Ё.Өнөборгил нь хариуцагч “Пропер сити констракшн” ХХК болон БНХАУ-ын иргэн Зу Хан Пинг нараас 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээний үүрэг, эсхүл 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлцлийн аль хэлцлээр үүрэг шаардаж буй эсэх, хэнээс нь хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/05757 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд  буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч БНХАУ-ын иргэн Зу Хан Пингээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 380 460 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА                                       

                                                          ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ                                                                                                      

                                                                                               Г.ДАВААДОРЖ