Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 224/МА2026/00017

 

 

 

 

 

        2026          07           22                                     224/МА2026/00017

 

    “ЛГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Ч.Жд холбогдох

иргэний хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ерөнхий шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 318/ШШ2026/00*** дүгээр шийдвэртэй,

“ЛГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Жд холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 5,000,000 төгрөг, алданги 2,500,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “ЛГ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М /цахимаар/, хариуцагч Ч.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч Ч.Жы гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх “ЛГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Жд холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 5,000,000 төгрөг, алданги 2,500,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцээд:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг баримтлан хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн 5,000,000 төгрөг, алданги 2,500,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилан шийдвэрлэжээ.

3. Хариуцагч Ч.Ж анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ. Үүнд:

3.1. Анхан шатны шүүх ажлыг бүрэн гүйцэтгэсэн болохыг тогтоосон атлаа зөвхөн захиалагчийн субъектив үнэлгээнд үндэслэн ажлын үр дүнг доголдолтой гэж дүгнэсэн нь нотлох баримттай нийцээгүй. Гэрээний дагуу 3D макет, зураг төсөл, ерөнхий төлөвлөлт, барилга байгууламж, зам талбай, гэрэлтүүлгийн ажлыг хийж, цахим шуудангаар хүргүүлж, засвар хийх санал удаа дараа тавьсан.

3.2. Захиалагчийн шаардлагын дийлэнхийг ажил эхэлсний дараа нэмэгдүүлэн тавьсан бөгөөд гэрээний техникийн даалгаварт тусгаагүй байхад түүнийг гэрээний үндсэн шаардлага мэтээр үнэлж, биелүүлээгүй гэх үндэслэлээр ажлыг доголдолтой гэж үзсэн нь буруу.

3.3. Захиалагч ажлын үр дүнг хүлээн авах үүргээ биелүүлээгүй, засвар хийх хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлсэн боловч ажлыг хүлээн авахаас татгалзаж, засварыг дуусгах бодит боломж олгоогүй. Доголдлыг арилгах боломж олгоогүй байхад алданги тооцсон нь үндэслэлгүй.

3.4. Материал худалдан авсан зардал, дизайнерын хөлс, лазер зүсэлт, хэвлэл, мод, будгийн материал болон бусад бодит зардлыг тайлбарласан боловч шүүх үнэлээгүй, ажил бодитоор гүйцэтгэгдсэн байхад гэрээг биелүүлээгүй мэт дүгнэсэн.

3.5. Гэрээг санаатай буюу ноцтой зөрчсөн нь баримтаар тогтоогдоогүй, харин ажлын үр дүнг сайжруулах, нэмэлт засвар хийх хүсэлтийг удаа дараа илэрхийлж, захиалагчийн нэмэлт шаардлагыг боломжийн хэмжээнд биелүүлэхээр ажилласан байхад 5,000,000 төгрөгийн 50 хувьтай тэнцэх 2,500,000 төгрөгийн алданги гаргуулсан нь шударга ёс, талуудын эрх тэгш байдлын зарчимд нийцээгүй.

3.6. Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, цахим шууданг голлон үнэлж, хариуцагчийн тайлбар, хийсэн ажлын хэмжээ, засвар хийх санал болон захиалагчийн нэмэлт шаардлагын талаар хангалттай үнэлэлт өгөөгүй тул нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлэх зарчим зөрчигдсөн.

Иймд анхан шатны шүүхийн 318/ШШ2026/00641 дугаар шийдвэрийн өөрт холбогдох хэсэг, түүн дотор 2,500,000 төгрөгийн алданги гаргуулсан хэсгийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгөхийг хүсжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлыг эс зөвшөөрч, хариуцагч гэрээнд заасан хугацаанд доголдолгүй ажлын үр дүнг шилжүүлээгүй, доголдлыг арилгах нэмэлт хугацаа тогтоосон боловч үүргээ биелүүлээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж тайлбарлав.

5. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

6. Нэхэмжлэгч “ЛГ” ХХК болон хариуцагч Ч.Ж нар 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ЛГ/2023-70 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр хариуцагч нь Орхон аймгийн Баян-Өндөр суманд баригдаж буй “Эко-400” амины орон сууцны хотхоны төслийн 3D макетийг 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөгөөр, 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дотор хийж гүйцэтгэн, ажлын үр дүнг захиалагчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон байна.

Гэрээнд урьдчилгаа төлбөрийг нийт үнийн 50 хувь гэж тэмдэглэсэн боловч нэхэмжлэгч 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хариуцагчийн дансанд 5,000,000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч уг мөнгийг хүлээн авсан талаар талууд маргаагүй.

7. Гэрээний 1.2-т макетийн суурийн хэмжээг 240х170, хамрах газрын хэмжээг 40 га, масштабыг М1/500 байхаар, ерөнхий гэрэлтүүлэг, төслийн нэршил бүхий хаягжилт, таних тэмдэг, зам төлөвлөлт, нийтийн цэцэрлэгт хүрээлэн, өнгө ялгасан 3D хэвлэл, суурь болон дөрвөн талыг хаасан шилэн хорготой байхаар тохиролцжээ. Гэрээний 3.2-т захиалагч нь барилгын загварын төрөл, ерөнхий төлөвлөгөө, рендер буюу 3D зургийг гүйцэтгэгчид файлаар өгөх үүрэг хүлээсэн байна.

Хариуцагч холбогдох зураг, төлөвлөгөө, загварыг файлаар хүлээн авснаа үгүйсгээгүй. Харин захиалагч буруу зураг өгсөн, ажлын явцад нэмэлт шаардлага тавьсан гэж тайлбарласан боловч энэ нь ажлын чанар, үр дүнд сөргөөр нөлөөлөх талаар захиалагчид нэн даруй мэдэгдсэн, эсхүл гэрээний хугацаа, ажлын даалгаврыг зохих журмаар өөрчлөн тохиролцсон баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3-т заасан мэдэгдэх үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй.

8. Хариуцагч 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хийсэн макетийг нэхэмжлэгч талын буюу захиалагч байгууллагын ажилтанд танилцуулсан боловч гэрээнд заасан хэмжээ, хийц, өндөржилт, зам төлөвлөлт, гэрэлтүүлэг болон шилэн хоргоны шаардлагыг бүрэн хангаагүй талаар нэхэмжлэгч тал 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр цахим шуудангаар мэдэгдэж, доголдлыг арилгахыг шаарджээ.

Анхан шатны шүүх хариуцагчийг гэрээний ажлыг бүрэн гүйцэтгэсэн гэж тогтоогоогүй, харин макетийг тодорхой хэмжээнд хийсэн боловч гэрээнд заасан хугацаанд доголдолгүй ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөөгүй гэж дүгнэсэн байна. Иймд гомдлын 3.1-д дурдсан “ажлыг бүрэн гүйцэтгэсэн болохыг тогтоосон атлаа доголдолтой гэж дүгнэсэн” гэх үндэслэл нь шийдвэрийн агуулгатай нийцэхгүй.

Хариуцагч 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн цахим шуудандаа хүний нөөцгүй болсон, засварын гүйцэтгэл 35 хувьтай, үргэлжлүүлэх боломжгүй болсон талаар мэдэгдсэн нь ажлын үр дүнгийн доголдлыг бүрэн арилгаагүй, ажлыг гэрээнд нийцүүлэн дуусгах боломжгүй болсноо илэрхийлсэн агуулгатай. Нэхэмжлэгч мөн өдөр доголдлыг долоо хоногийн дотор засах, эсхүл урьдчилгаа төлбөрийг буцаах талаар нэмэлт хугацаа тогтоож мэдэгдсэн боловч хариуцагч доголдлыг арилгаж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй.

Хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан үзэхэд хариуцагч нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1, 350.1.6-д заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх, захиалагчийн өмчлөлд доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

9. Хариуцагч “Батжаа Батжаа” нэртэй Facebook хаягаар харилцсан Т.Ц-т ажлын явцыг танилцуулж байсан нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон. Гэвч уг харилцан ярианд нэхэмжлэгч тал ажлын үр дүнг доголдолгүй гэж хүлээн зөвшөөрсөн, гэрээний анхны даалгаврыг өөрчилсөн, эсхүл ажлын үр дүнг хүлээн авсан гэх агуулга тогтоогдоогүй. Харин доголдлыг арилгаж, эрх бүхий ажилтанд хүлээлгэн өгөх шаардлагыг хариуцагчид мэдэгдэж байжээ. Иймээс нэхэмжлэгч тал ажлын үр дүнг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан гэх гомдол үндэслэлгүй.

10. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1.2-т захиалагч ажлын үр дүнгийн доголдлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 355 дугаар зүйлийн 355.1-д гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол 225, 226 дугаар зүйлд заасан үндэслэл, журмаар нөгөө тал гэрээнээс татгалзаж, хохирлоо шаардах эрхтэй гэж тус тус заасан.

Энэ хэрэгт ажил гүйцэтгэх гэрээний үндсэн зорилго нь “Эко-400” төслийн танилцуулга, борлуулалтад ашиглах, гэрээнд заасан хэмжээ, хийц, өндөржилт, зам төлөвлөлт, гэрэлтүүлэг, шилэн хорго бүхий доголдолгүй 3D макетийг тогтоосон хугацаанд захиалагчийн өмчлөлд шилжүүлэхэд чиглэжээ. Хариуцагч гэрээний хугацаа дууссанаас хойш макетийг танилцуулсан боловч тохиролцсон шаардлагыг бүрэн хангаагүй, нэхэмжлэгч 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр доголдлыг мэдэгдэж, мөн сарын 30-ны өдөр долоо хоногийн нэмэлт хугацаа тогтоосон байхад хариуцагч доголдлыг арилгаж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй, харин хүний нөөцгүй болсон, засварын гүйцэтгэл 35 хувьтай, ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болсон талаар нэхэмжлэгч талын төлөөлөгч Э.Солонгод цахим шуудангаар  мэдэгджээ.

Ийнхүү хариуцагч гэрээний гол үр дүнг хугацаанд нь шилжүүлээгүй, доголдлыг нэмэлт хугацаанд арилгаагүй нь гэрээний зорилгыг биелэгдэх боломжгүй болгож, нэхэмжлэгчээс гэрээг цааш үргэлжлүүлэхийг шаардах үндэслэлгүй болгосон нь  Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д заасан үүргийн ноцтой зөрчилд хамаарна. Нэхэмжлэгч нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзаж, 205 дугаар зүйлийн 205.1-д заасан үр дагаврыг шаардах эрхтэй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч доголдлыг арилгах нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй болсон байна. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д гэрээнээс татгалзсан тохиолдолд талууд гэрээний гүйцэтгэлийг харилцан буцаах үүрэгтэй тул хариуцагч ажлын хөлсний урьдчилгаанд хүлээн авсан 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй байна. Талууд ажил гүйцэтгэх гэрээндээ алданги тооцохоор тохиролцсон байх бөгөөд хариуцагчаас алданги 2,500,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

          11. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж, зохигчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлаж танилцуулсан, мөн нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгөхийг танилцуулсан талаарх баримтууд хэрэгт авагдсан ба хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

12. Давж заалдах гомдлыг хангахгүй орхисон тул хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 318/ШШ2026/00641 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ч.Жы давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Жы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,950 /нэг зуун гучин дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75¹¹ дүгээр зүйлийн 75¹¹.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул энэхүү магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.МӨНХЗАЯА

                                            ШҮҮГЧ                                Н.МӨНХЖАРГАЛ

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Л.АЛТАН