Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 82

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч Ч.Энхжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхболд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Лхааганжав,

Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгин овогт Г.Г-д холбогдох эрүүгийн 1926000290044 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, лсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржгин овогт Г.Г

Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 17-16 цагийн орчим улсын дугааргүй, шар өнгийн мотоциклийн ачаан дээр байсан Л.П-н эзэмшилийн хонины элдсэн нэхий 5 ширхэг, хурганы элдсэн арьс 17 ширхэг /эгнэсэн, дээлийн дотор/, эрэгтэй эмэгтэй хүний дээлийн эсгэсэн торго нийт 12 метр/, эмжээр 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 733.000 /долоон зуун гучин гурван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм зүйл хийхгүй...” гэв.

Хохирогч Д.П-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 06-нд би эгч Н-р хурган дээл хийлгэхээр 12 ширхэг хурганы арьс, 5 ширхэг ахрын арьсан нэхийг авчирч өгөхдөө эхнэр С.Д-г туслуулахаар үлдээсэн. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 09-ний 18 цагийн орчимд хөдөөнөөс эхнэрийн хамт эгнэсэн хурганы арьсан дээлээ авах гээд эгч Н-д ирчихээд дээлээ цаасан хайрцаганд хийж өөрийн эзэмшилийн улсын дугааргүй, улбар шар өнгийн, “Эко Даюун”  маркийн мотоциклийн арын ачаан дээр даруулаад тэндээсээ эхнэр Д-г сундалаад гэрээсээ хүүхдийн хувцас аваад гарахдаа дэлгүүр орж утасны нэгж аваад Н эгчид утасны нэгж өгөх гээд очихдоо мотоциклио хашааны үүдэнд ертөнцийн зүгээр баруун тийш харуулан туслах данхараадаар нь данхараадаж тавиад гэрт ороод 20 орчим минут болоод явах гээд гарсан чинь мотоцикль дээр даруулчихсан байсан цаасан хайрцаг алга болсон байсан. Тэгээд цагдаад хандсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Гэрч С.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 19 цаг 20 минутын орчимд би Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар баг Арц-1 хорооллын 6 дугаар гудамжны 53 тоотод байх Н эгчийнд нөхөр Д.П-н хамт мотоцикльтой ирээд бид 2 мотоциклио хашааны үүдэнд орхиод Н эгчийн гэрт орж 20 орчим минут болоод гарч ирсэн чинь мотоциклийн ард даруулсан байсан цаасан хайрцагтай зүйл алга болсон байсан. Тэгээд манай нөхөр цагдаад хэлье гээд явсан. Тэгээд цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

Гэрч Л.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 19 цаг 30 минутын орчимд би өөрийн хүү болох 5 настай Э болон найз Г нарын хамт гудамж өгсөөд найз хүүхнийхээ гэрт очиж юм авах гээд явж байтал Ногоон хаалгатай хашааны үүдэнд арын ачаан дээр нь юм тохчихсон мотоцикль байгаа харагдсан. “Энэ ачааг авчих уу” гэхэд нь “яах гээд байгаа юм” гээд хэлээд найз хүүхнийдээ ирсэн чинь эзгүй байсан. Тэгээд буцаад явж байхад Г миний хойно явж байсан. Манай хүүхэд даараад байсан болохоор би гэртээ түрүүлээд ирсэн. Гэртээ ороод галаа түлж байтал Г цаасан хайрцагтай зүйл тэвэрчихсэн “мань нь нөгөө ачааг нь авчихлаа” гээд ороод ирсэн. Тэгээд манай гэрийн зүүн талд нөгөө цаасан хайрцагтай зүйлийг задалж үзтэл эгнэсэн хурганы арьсан дээлийн дотор мөн ягаан цэнхэр өнгийн дээлийн дотор гарч ирсэн. Тэгээд Г надад үүнийг манай амбаарт аваачаад хийчихье гэхэд нь хамт яваад Гын хашаа болох хашааны ертөнцийн зүгээр баруун хойд талд нь 3x2 хэмжээтэй амбаарт оруулаад дээр нь юм тавьж байгаад 3 дугуй тавьчихсан. Тэгээд би тэндээсээ гэр лүүгээ явсан. Г хаашаа явсныг мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.Г-н мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 19 цаг 30 минутын орчимд Богд сумын 7 дугаар баг Арц-1 6-50 тоотод би найз Баярбатын хамт Баярбатын хадамынд ирсэн чинь эзгүй байсан. Тэгээд уг гудамжаа уруудаад явж байтал хашааны үүдэнд ертөнцийн зүгээр баруун зүгт харуулан байрлуулсан туслах данхараадаар нь данхараадсан суудлын урд хэсгээрээ хонины нэхий тохсон, ачаан дээрээ бор цаасан хайрцагтай зүйл татлагаар татчихсан мотоцикль байсан. Би тухайн үед мотоциклийн дугаар болон өнгийг анзаараагүй. Тэгээд би Баярбатад хандан би энэ мотоциклийн ачаан дээр даруулсан зүйлийг авчих уу гэсэн чинь Баярбат энэ хавьд камер байхгүй гэж хэлээд цаашаа алхаад явчихсан. Тэгэхээр нь би мотоциклийн татлагыг тайлж хайрцагтай зүйлийг аваад, уг гудамжны зүүн үзүүрийг тойроод Богд сумын 7 дугаар багийн Арц 1, Арц 2 хорооллын голоор хойноос урагш татаж барьсан хайсан хашаа руу давуулж тавиад, би Баярбатын араас очсон чинь гэртээ ирчихсэн байсан. Тэгээд би Б-д хандан “би нөгөө мотоцикль дээр даруулсан байсан цаасан хайрцагтай зүйлийг авчихлаа” гээд зүүн орных нь өмнө тавиад задлаад үзсэн чинь уг хайрцаг дотроос дээл хийхэд бэлэн болгочихсон хурганы арьс хонины нэхий энгэчихсэн байсан. Мөн эсгээд дээлэнд углахад бэлэн болгочихсон эрэгтэй ягаан торгон дээлийн өнгө байсан. Мөн уг торгоор эсгэчихсэн эмэгтэй хүний дээлийн эсгүүр зэрэг эд зүйл байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/,

Хөрөнгийн үнэлгээ төслийн “ЛЭНДС” ХХК-ний 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №01/17 дугаартай үнэлгээ /хх-ийн 27-30 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-8 дугаар хуудас/,

Эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-13 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 11-13/

Шүүгдэгч Г.Гын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 34-50

Шүүгдэгч Г.Гын ял шалгах хуудас /хх-ийн 36 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.Гын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, /хх-ийн 57-58 дугаар хуудас/

Хохирогч Д.Пүрэвбалжирын шүүхэд гаргасан: “...Г-тай эвлэрч ярилцсан ба намайг хохиролгүй болгосон учир гомдолгүй байна. Хохирол болох 770.000 төгрөгийг өгсөн” гэсэн хүсэлт зэрэг болно.

Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 17-18 цагийн орчим Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар баг “Арц” 1-6-53 тоот хашааны гаднаас улсын дугааргүй, шар өнгийн мотоциклийн ачаан дээр байсан Л.П-н эзэмшилийн хонины элдсэн нэхий 5 ширхэг, хурганы элдсэн арьс 17 ширхэг /эгнэсэн, дээлийн дотор/, эрэгтэй эмэгтэй хүний дээлийн эсгэсэн торго нийт 12 метр/, эмжээр 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 733.000 /долоон зуун гучин гурван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Д.П, гэрч Л.Б нарын мэдүүлгүүд /хх-ийн 20-21, 24-25/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-8/, Хөрөнгийн үнэлгээ төслийн “ЛЭНДС” ХХК-ний 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №01/17 дугаартай үнэлгээ /хх-ийн 27-30/, шүүгдэгч Г.Г мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Боржгин овогт Г.Г-д холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Боржгин овогт Гансүхийн Гт холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс шүүгдэгч Г.Г-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч Г.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан...” үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Г.Гт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Гт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,

Шүүгдэгч Г.Гыг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгаж,

Шүүгдэгч Г.Г нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг,

Шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 770.000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй  болохыг тус тус дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох эгнэсэн хурган дээлийн дотор, ягаан торгон эрэгтэй хүний хэмжээгээр эсгэсэн дээлийн өнгө, ягаан торгон эмэгтэй хүний хэмжээгээр эсгэсэн дээлийн эсгүүр зэргийг хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч буцааж авахгүй гэсэн тул улсын орлого болгохоор улсын төсөвт шилжүүлэхээр,

Шүүгдэгч Г.Гт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржгин овогт Г.Г-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д  зааснаар шүүгдэгч Г.Г-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.Г-д оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Г.Г-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай.

6. Шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эгнэсэн хурган дээлийн дотор, ягаан торгон эрэгтэй хүний хэмжээгээр эсгэсэн дээлийн өнгө, ягаан торгон эмэгтэй хүний хэмжээгээр эсгэсэн дээлийн эсгүүр зэргийг улсын орлого болгохоор улсын төсөвт шилжүүлсүгэй.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-д     авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Г-д    авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.