Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 224/МА2026/00018

 

 

 

 

 

         2026         07          22                                      224/МА2026/00018

 

Ж.Л-ын нэхэмжлэлтэй, Ч.Б-д

холбогдох иргэний хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, Ерөнхий шүүгч Л.Алтан, шүүгч Б.Мөнхзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулж,

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 318/ШШ2026/00622 дугаар шийдвэртэй,

Ж.Л-ын нэхэмжлэлтэй, Ч.Б-од холбогдох, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 33,170,100 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгчийн хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Мөнхзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Л- /цахимаар/, хариуцагч Ч.Б-, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Ж.Л- нь ***улсын дугаартай Lexus GX470 загварын автомашиныг жолоодон, Ж.Б-ий хамт 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотоос Улаангом сумын чиглэлд явж байхад Ч.Б- Nissan Vanette загварын автомашиныг жолоодон замын гадна талаас зорчих хэсэг рүү орж ирсний улмаас мөргөлдөж, нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсан гэжээ.

1.2. Увс аймгийн прокурорын газрын 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 14 дугаар тогтоолоор Ч.Б-ын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд Эрүүгийн хуульд заасан хохирол учраагүй буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн 2535000** дугаартай хэргийг хаасан. Харин Ч.Б-од 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 00793** дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасан шийтгэл оногдуулсан гэж тайлбарлажээ.

1.3. Иймд “ТЭҮ ” ХХК-ийн үнэлгээгээр тогтоосон тээврийн хэрэгслийн хохирол 29,340,100 төгрөг, үнэлгээний төлбөр 750,000 төгрөг, явах эд ангийн оношилгооны төлбөр 200,000 төгрөг, автомашиныг тээвэрлэсэн зардал 2,880,000 төгрөг, нийт 33,170,100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Ч.Б- нь 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр А18 дугаартай замд ***улсын дугаартай автомашинтай мөргөлдөж осол гаргасан боловч өөрийгөө осол гарахад буруугүй, нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэл өндөр хурдтай явсан гэж маргажээ.

2.2. Тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, хохирлын хэмжээ харилцан адилгүй дүгнэгдсэн, нэхэмжилсэн төлбөрүүд нь нэхэмжлэгчээс гараагүй, зарим баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Ч.Б-оос 26,700,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Л-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,470,100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож;

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 323,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 291,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Ч.Б-, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нарын давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан өөр өөр дүнтэй үнэлгээнүүдээс “ХҮТ” ХХК-ийн 24,700,000 төгрөгийн үнэлгээг яагаад шийдвэрийн үндэслэл болгосноо, бусад үнэлгээг яагаад шийдвэрийн үндэслэл болгоогүйгээ хангалттай тайлбарлаагүй. Автотээврийн үндэсний төвийн дүгнэлтээр 29 эвдрэл тогтоосныг үндэслэн “ГЭ” ХХК 10,290,000 төгрөгөөр үнэлсэн байхад “МС” ХХК 52, “ТЭҮ ” ХХК 65 гэмтэл гэж зөрүүтэй тогтоосон. “ХҮТ” ХХК автомашиныг биечлэн үзэлгүй, “МС” ХХК-ийн баримтад тулгуурласан тул уг үнэлгээ эргэлзээтэй гэжээ.

4.2. Нэхэмжлэгч Ж.Л-ын бус, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-ий данснаас шилжүүлсэн 1,500,000 төгрөг болон 500,000 төгрөгийг нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзсэн нь үндэслэлгүй гэжээ.

4.3. Мөрдөгчийн магадалгааг хариуцагчид танилцуулаагүй, прокурорт танилцуулсан баримтгүй, нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоогоогүй байхад Ч.Б-ыг осолд буруутай гэж үзсэн нь үндэслэлгүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгч тал Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 318/ШШ2026/006** дугаар шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул хариуцагч талын давж заалдах гомдлыг эс зөвшөөрсөн байна.

5.2. “ХҮТ” ХХК-ийг хариуцагч Ч.Б- болон түүний өмгөөлөгчийн хүсэлтээр шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1183 дугаар захирамжаар шинжээчээр томилсон бөгөөд тус компанийн 2*7 дугаар дүгнэлтээр автомашинд учирсан хохирлыг 24,700,000 төгрөгөөр тогтоосон. Хариуцагч тал дүгнэлттэй танилцсан боловч шинжээчээс тайлбар авах, нэмэлт буюу дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаагүй тул өөрсдийн хүсэлтээр томилуулсан шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн гомдол үндэслэлгүй гэж тайлбарлажээ.

5.3. Увс аймагт “ГЭ” ХХК-ийн хийсэн үнэлгээ нь автомашины гадна талын эвдрэлийг тодорхойлсон бол шүүхээс томилогдсон “ХҮТ” ХХК автомашины гадна хэсэг, явах эд анги, рамын гулзайлт болон далд эвдрэлүүдийг хамруулан иж бүрэн үнэлсэн тул үнэлгээний дүнгийн зөрүү нь шинжээчийн 287 дугаар дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл болохгүй гэжээ.

5.4. Хариуцагч тал “ХҮТ” ХХК-ийн шинжээч автомашиныг биечлэн үзээгүй, “МС” ХХК-ийн оношилгоонд тулгуурласан гэж гомдол гаргасан боловч шинжээч Ж.У 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр автомашинд биечлэн үзлэг хийж, үзлэгийн тэмдэглэл үйлдэн, найман гэрэл зургаар бэхжүүлж тайлангийн 8 дугаар хуудсанд хавсаргасан байна. Мөн 287 дугаар дүгнэлтийн 9 дүгээр хуудсанд Улаанбаатар хотын автомашины задаргааны газрууд, “Ланд”, “Лексус” загварын автомашины сэлбэгийн худалдааны төвүүд, “А” дэлгүүр, “Г авто сэлбэг задаргаа”, Увс аймаг болон Улаанбаатар хот дахь кузов засварын газруудын зах зээлийн үнийн судалгааг эх сурвалж болгосноо тусгасан тул гомдолд дурдсан тайлбар хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгдэнэ гэжээ.

5.5. Ослын улмаас ***улсын дугаартай автомашин ашиглах боломжгүй болсон тул Улаангом сумаас Улаанбаатар хот руу тээвэрлэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-ий данснаас “машин ачуулах” зориулалтаар шилжүүлсэн 1,500,000 төгрөг болон 500,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөг нь хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас зайлшгүй гарсан, осолтой шууд шалтгаант холбоотой бодит зардал гэж тайлбарлажээ.

5.6. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б- болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Ж.Л- нь хариуцагч Ч.Б-од холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 33,170,100 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, осолд буруугүй гэж болон хохирлын хэмжээ нотлогдоогүй гэж маргасан байна.

3. Хэрэгт авагдсан баримтаар 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай сумын нутаг дахь А18 дугаартай замд Ч.Б-ын жолоодож явсан Nissan Vanette загварын автомашин Ж.Л-ын жолоодож явсан ***улсын дугаартай, Lexus GX470 загварын автомашинтай мөргөлдөж, зам тээврийн осол гарсны улмаас нэхэмжлэгчид эд хөрөнгийн хохирол учирсан үйл баримт тогтоогджээ.

4. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэж заасан. Мөн тус дүрмийн 1.2.16-д “зам тавьж өгөх” гэж давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байхыг ойлгохоор тодорхойлжээ.

4.1. Дээрх зохицуулалтын агуулгаар туслах замаас гол замын уулзварт нэвтрэх жолооч нь гол замаар ойртон ирж буй тээврийн хэрэгслийн зай, хурд, хөдөлгөөний чиг болон замын нөхцөлийг урьдчилан үнэлж, давуу эрх бүхий тээврийн хэрэгслийн хурд, чигийг өөрчлөхөд хүргэхгүйгээр хөдөлгөөнөө зогсоон зам тавьж өгсний дараа уулзварт нэвтрэх үүрэгтэй. Энэ үүрэг нь гол замаар яваа жолоочид ослоос зайлсхийх боломж байсан эсэхээс үл хамааран туслах замаас нэвтрэх жолоочид урьдчилан хүлээлгэсэн хөдөлгөөний дарааллын шаардлага юм.

4.2. Хэрэгт авагдсан ослын газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, замын нөхцөл, тээврийн хэрэгслүүдийн мөргөлдсөн байрлал, эвдрэл гэмтлийн байдал, оролцогчдын тайлбар болон бусад баримтыг харьцуулан үнэлэхэд Ч.Б- нь Nissan Vanette загварын автомашиныг жолоодон туслах замаас А18 дугаартай гол замын уулзварт нэвтрэхдээ уг гол замаар явж байсан Ж.Л-ын жолоодсон ***улсын дугаартай, Lexus GX470 загварын автомашинд зам тавьж өгөөгүй, түүний хөдөлгөөний хурд, чигийг өөрчлөх нөхцөл бий болгон урдуур нь орсны улмаас тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн үйл баримт тогтоогдож байна.

4.3. Ч.Б- нь туслах замаас А18 дугаартай гол замын уулзварт нэвтрэхдээ гол замаар яваа нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй үйлдлээрээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д заасныг зөрчсөн бөгөөд хэрэв уг үүргээ биелүүлсэн бол уг зам тээврийн осол гарахгүй байх боломжтой байсан тул түүний дүрэм зөрчсөн үйлдэл, зам тээврийн осол болон нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирлын хооронд шууд шалтгаант холбоо байна гэж дүгнэнэ.

5. Хэрэг бүртгэлтийн 2535000** дугаартай хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хаасан нь хариуцагчийг замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэх агуулгыг илэрхийлэхгүй. Харин түүний үйлдлийн улмаас Эрүүгийн хуульд заасан хэмжээний буюу бусдын эрүүл мэндэд хүндэвтэр болон түүнээс дээш хэмжээний хохирол учраагүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байна. Хүчин төгөлдөр шийтгэлийн хуудас болон ослын талаарх бусад баримтыг харьцуулан үнэлэхэд хариуцагчийн хууль бус, буруутай үйлдэл, нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт нийцжээ.

6. Хариуцагчид оногдуулсан шийтгэлийн хуудас хүчингүй болоогүй, нэхэмжлэгчийг буруутгах буюу түүнийг хурд хэтрүүлсэн гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул энэ талаарх гомдол анхан шатны шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

7. Хариуцагч болон түүний өмгөөлөгч давж заалдах гомдолдоо хэрэгт авагдсан үнэлгээний тайлан болон шинжээчийн дүгнэлтүүдээр автомашины эвдрэл, хохирлын хэмжээг харилцан адилгүй тогтоосон, “ХҮТ” ХХК автомашиныг биечлэн үзээгүй, “МС” ХХК-ийн баримтад тулгуурлан дүгнэлт гаргасан тул тус компанийн шинжээчийн 28* дугаар дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу гэж маргажээ.

8. Хэрэгт ***улсын дугаартай, Lexus GX470 загварын автомашинд учирсан эвдрэл, хохирлыг тодорхойлсон хэд хэдэн баримт авагдсан байна. Эдгээр баримтыг өөр өөр этгээд, өөр өөр цаг хугацаанд, ялгаатай зорилго, аргачлал, мэдээллийн хүрээнд гаргасан байна. Шүүх тухайн баримт бүрийг ямар зорилгоор гаргаж байгаа үнэлгээний объектод биечлэн үзлэг хийсэн эсэх, ямар эвдрэлүүдийг хамруулсан, үнийн мэдээллийг ямар эх сурвалжаас авсан, тусгай мэдлэгтэй эрх бүхий этгээд дүгнэлт гаргасан эсэх болон бусад нотлох баримттай хэрхэн нийцэж байгааг харьцуулан үнэлэх учиртай.

9. “ГЭ” ХХК-ийн үнэлгээгээр автомашины хохирлыг 10,290,000 төгрөгөөр тогтоосон боловч уг үнэлгээ нь ослын дараах анхны үзлэгээр гаднаас ил харагдах эвдрэлд тулгуурласан, тээврийн хэрэгслийг бүрэн задалж оношлоогүй, явах эд анги, рамын гулзайлт болон далд эвдрэлүүдийг бүхэлд нь хамруулаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. Автотээврийн үндэсний төвийн гаргасан баримтад автомашины эд ангид 29 эвдрэл учирсан талаар тэмдэглэгдсэн нь мөн автомашины хохирлын зах зээлийн үнийг тогтоосон шинжээчийн дүгнэлт бус, техникийн үзлэгээр илэрсэн эвдрэл, гэмтлийг тодорхойлсон баримт байна. Иймд эдгээр баримтыг шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлттэй зөвхөн эвдрэлийн тоо болон үнийн дүнгээр шууд харьцуулах боломжгүй.

10. Харин “МС” ХХК автомашинд нарийвчилсан оношилгоо хийж, гаднах эд ангиас гадна явах эд анги, рам болон далд эвдрэлүүдийг тодорхойлсон бөгөөд “ХҮТ” ХХК үнэлгээ тогтоохдоо уг оношилгооны баримтыг үнэлгээний нэг эх сурвалж болгон ашигласан байна. Шинжээч өөр мэргэжлийн байгууллагын хийсэн техникийн оношилгоо, хэмжилт, гэрэл зураг болон хэрэгт авагдсан бусад баримтыг дүгнэлтдээ ашигласан нь өөрөө шинжээчийн дүгнэлтийг хууль бус, эсхүл нотлох чадваргүй болгох үндэслэл биш. Харин ашигласан мэдээлэл нь үнэлгээний объектод хамааралтай, эх сурвалж нь тодорхой, дүгнэлтийн үндэслэлд тусгагдсан эсэх нь ач холбогдолтой.

11. Түүнчлэн хариуцагч талын “ХҮТ” ХХК автомашиныг биечлэн үзээгүй гэх гомдол хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгдэж байна. Тус компанийн шинжээч Ж.У 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр автомашинд биечлэн үзлэг хийж, үзлэгийн тэмдэглэл үйлдэн, автомашины байдал, эвдэрсэн эд ангиудыг 8 ширхэг гэрэл зургаар бэхжүүлж, үнэлгээний тайлангийн 8 дугаар хуудсанд хавсаргасан байна. Иймд шинжээч автомашиныг зөвхөн “МС” ХХК-ийн баримт болон гэрэл зурагт тулгуурлан, биечлэн үзэлгүй дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэлгүй.

12. “ХҮТ” ХХК-ийн 287 дугаар дүгнэлтэд автомашины эвдэрсэн эд анги, засварын ажлын төрөл, шаардагдах зардлыг нэг бүрчлэн тооцож, Улаанбаатар хот дахь автомашины задаргаа, “Ланд”, “Лексус” загварын автомашины сэлбэгийн худалдааны төвүүд, “А” дэлгүүр, “Гуанжу авто сэлбэг задаргаа”, Увс аймаг болон Улаанбаатар хот дахь кузов засварын газруудын зах зээлийн үнийн судалгааг эх сурвалж болгосноо тайлангийн 9 дүгээр хуудсанд тусгажээ. Өөрөөр хэлбэл, тус дүгнэлт нь зөвхөн нэг байгууллагын оношилгоонд тулгуурлаагүй, автомашинд хийсэн биечилсэн үзлэг, техникийн оношилгоо, гэрэл зураг, зах зээлийн үнийн судалгаа зэрэг харилцан уялдаатай мэдээлэлд үндэслэсэн байна.

13. Нэхэмжлэгчийн захиалгаар гаргуулсан “ТЭҮ ” ХХК-ийн үнэлгээгээр хохирлыг 29,340,100 төгрөгөөр тогтоосон боловч уг үнэлгээ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн захирамжаар хийгдээгүй, нэхэмжлэгчийн санаачилгаар гаргуулсан баримт байна. Харин “ХҮТ” ХХК-ийг хариуцагч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1183 дугаар захирамжаар тус компанийг шинжээчээр томилон, хуульд заасан эрх, үүрэг, хариуцлагыг тайлбарлаж дүгнэлт гаргуулсан. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар, тусгай мэдлэг шаардах асуудлаар гаргасан шинжээчийн дүгнэлт болохыг тодорхойлно.

14. Талууд “ХҮТ” ХХК-ийн 287 дугаар дүгнэлттэй танилцсан бөгөөд хариуцагч тал шинжээчээс дүгнэлтийн үндэслэл, аргачлалын талаар тайлбар авах, тодорхой бус асуудлыг тодруулах, нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаагүй байна. Уг дүгнэлтийг үгүйсгэх тусгай мэдлэгт тулгуурласан өөр баримтыг хариуцагч гаргаагүй байна.

15. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан үнэлгээ бүрийг гаргасан зорилго, хамарсан эвдрэлийн хүрээ, ашигласан аргачлал, эх сурвалж болон дүгнэлт гаргаж буй үйл явцыг харьцуулан үнэлж, шүүгчийн захирамжаар томилогдсон “ХҮТ” ХХК-ийн гаргасан, 287 дугаар дүгнэлтээр автомашинд учирсан хохирлыг 24,700,000 төгрөгөөр тогтоосныг буруутгах үндэслэлгүй.

16. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх буюу хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр заасан. Иймд автомашинд учирсан 24,700,000 төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулсан нь хуульд нийцсэн байна.

17. Ослын улмаас явах боломжгүй болсон автомашиныг тээвэрлэхэд Ж.Б-ий данснаас Б.Г “машин ачуулах” утгаар 1,500,000 төгрөг, С.Н-т “Улаангом-УБ машин тээвэр 7000УНС урьдч” утгаар 500,000 төгрөг шилжүүлсэн банкны цахим гүйлгээний баримтууд хэрэгт авагджээ. Ж.Б- нь ослын үед нэхэмжлэгчтэй хамт зорчиж явсан, нэхэмжлэгчийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд дээрх төлбөрүүдийн зориулалт, осолтой холбоотой байдал баримтын агуулга болон бусад нотлох баримтаар тогтоогдсон байна.

18. Гэм хорын улмаас зайлшгүй гарсан зардлыг нэхэмжлэгчийн өмнөөс түүний төлөөлөгч төлсөн нь уг зардлын зориулалт, хариуцагчийн гэм хор арилгах үүргийг үгүйсгэхгүй. Хариуцагч уг төлбөрүүд өөр харилцаанд хамаарах, эсхүл бодитоор гараагүй болохыг буюу татгалзлаа нотолж чадаагүй. Иймд 2,000,000 төгрөгийн тээвэрлэлтийн зардлыг гэм хорын шууд үр дагавар гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

19. Анхан шатны шүүх тээврийн зардлын үлдэх 880,000 төгрөгийн баримтын гүйлгээний утга, төлөгч тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй, түүнчлэн үнэлгээний төлбөр 750,000 төгрөг, оношилгооны төлбөр 200,000 төгрөг нь зайлшгүй гарсан хохирол болох нь нотлогдоогүй гэж үзэж, нийт 1,830,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна. Иймээс анхан шатны шүүх нотлох баримтыг нэг талыг барьж үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй.

20. Дээрх үндэслэлээр хариуцагч Ч.Б-оос автомашины хохирол 24,700,000 төгрөг, тээвэрлэлтийн зардал 2,000,000 төгрөг, нийт 26,700,000 төгрөг гаргуулж, үлдэх 6,470,100 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд нийцсэн байна.

21. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б- болон түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

22. Хариуцагч Ч.Б- болон түүний өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагчаас гаргуулсан 26,700,000 төгрөгийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар уг дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцно. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д 13,000,001 төгрөгөөс дээш үнэлгээтэй шаардлагын хураамжийг 222,950 төгрөг дээр 13,000,000 төгрөгөөс давсан дүнгийн 0.5 хувийг нэмж тооцохоор заасан тул 26,700,000 төгрөгт ногдох хураамж 291,450 төгрөг байна.

Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасан улсын тэмдэгтийн хураамжийг буцаах нөхцөл бүрдээгүй, иймээс хариуцагчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжаас 291,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ. Харин хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид 323,800 төгрөг төлсөн бөгөөд үүнээс хуулиар тогтоосон 291,450 төгрөгийг хасахад 32,350 төгрөг илүү төлсөн нь тогтоогджээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д “тогтоосон хэмжээнээс илүү хураасан” тэмдэгтийн хураамжийг буцаан олгохоор заасны дагуу уг зөрүүг хариуцагч Ч.Б-од буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 318/ШШ2026/00622 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б- болон түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч Ч.Б-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 323,800 төгрөгөөс 291,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар илүү төлсөн 32,350 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч Ч.Б-од олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.МӨНХЖАРГАЛ

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Л.АЛТАН                                  

                      ШҮҮГЧ                                Б.МӨНХЗАЯА