Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2026/00935

 

 

*******ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 191/ШШ2026/01782 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******ХХК-д холбогдох,

Хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл, хохирол 149,926,091 төгрөг, түрээсийн төлбөрт илүү төлсөн 85,629,218 төгрөг гаргуулах, түрээсийн төлбөрт төлсөн 150,507,898 төгрөгт нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрийн баримт шивж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Манай компани эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Сүхбаатар дүүрэг, *******хороо, Амарын гудамж ******* тоот хаягт байрлах 2 давхар барилгын хууль ёсны өмчлөгч бөгөөд 1 дүгээр давхрын 765 м.кв талбайг 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 02/18 дугаартай үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээгээр *******ХХК-д 5 жилийн хугацаатай түрээслүүлсэн.

Түрээсийн гэрээний хугацаа 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дуусаж, цаашид хугацааг сунгахгүй, гэрээг шинээр байгуулахгүй, үргэлжлүүлэн түрээслэхгүй болсон талаар бичгээр 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр *******ХХК-д мэдэгдэж, түрээсийн байрыг өмчлөгчид хүлээлгэн өгөхийг шаардсан боловч чөлөөлж хүлээлгэн өгөхгүй байна. Түрээсийн гэрээний 7.1-д Гэрээний хугацаа дуусах болоход гэрээг сунгах тухай талууд тохиролцсон тохиолдолд гэрээг шинээр байгуулна, 5.1-д Талууд гэрээнд гарын үсэг зурсны дараа болон түрээсийн гэрээ дуусгавар болоход түрээсийн байрыг акт үйлдэн хүлээлцэж, талуудын эрх бүхий төлөөлөгчид актад гарын үсэг зуран баталгаажуулна гэж тус тус заасан.

Иймд *******ХХК-ийн хууль бус эзэмшлээс дээр дурдсан талбайг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Манай компани *******ХХК-тай Сүхбаатар дүүрэг, *******хороо, Амарын гудамж *******тоот хаягт байрлах 765 м.кв талбайг диско баарны чиглэлээр түрээслэн үйл ажиллагаа явуулахаар 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 5 жилийн хугацаатай 02/18 дугаартай үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээг байгуулсан.

Түрээсийн гэрээний хугацаанд 2020-2022 оны хооронд Ковид-19 цар тахал дэгдэж, олон нийтийн үйл ажиллагааг хориглож, хорио цээрийн дэглэм тогтоож, энэ давагдашгүй хүчин зүйлийн улмаас 2 жилийн хугацаанд түрээсийн гэрээний дагуу зориулалтаар үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Цар тахлын үед үйл ажиллагаа явуулаагүй байсан хэдий ч манай компани гэрээнд заасан түрээсийн төлбөрийг *******ХХК-тай харилцан тохиролцсоны дагуу төлж байсан. Гэрээний 3.2.3-т Давагдашгүй хүчин зүйлийн улмаас /хорио цээр тогтоох гэх мэт/ түрээслүүлэгчээс үл хамаарах бүхий хүчин зүйл түрээслэгч түрээсийн байранд үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон тохиолдолд уг үүссэн нөхцөл байдлыг дүгнэж харилцан тохиролцож асуудлыг шийдвэрлэнэ гэж заасны дагуу манай компани түрээсээр ашиглаагүй 2 жилийн хугацааг нөхөж авахаар амаар санал хүргүүлэхэд *******ХХК зөвшөөрч, тус хугацааг дараагийн гэрээ байгуулах үед нэмж нөхөж өгнө гэж тохиролцсон. Ковидын дараа олон бизнес хэрэглэгчээ алдан дампуурч байсан ч бид энэ объектод маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийж тохижуулсан, мөн маш их менежментийн зардал гарган үйлчлүүлэгчээ татаж өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

Гэтэл *******ХХК нь талбайг диско клубын чиглэлээр өөр хэрэглэгчид түрээслэх гэж байгааг олж мэдсэн. Бидний хоорондын гэрээний 4.1-д Түрээслэгч нь гэрээний хугацааг дуусах үед объектыг түрээслэгчийн үйл ажиллагаа явуулж байсан чиглэлээр үргэлжлүүлэн түрээслүүлэх тохиолдолд түрээслэгчид тэргүүн эгнээнд үргэлжлүүлэх, гэрээний хугацааг тодорхой хугацаагаар сунгаж болно гэж заасныг зөрчиж бусад этгээдэд түрээслүүлэхээр биднийг албадан чөлөөлүүлэх гэж байгаад гомдолтой.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1.Манай компани 5 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулна гэж итгэж 300 сая орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийж засан сайжруулсан, олон нийтэд таниулан сурталчлахаар 200,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Үндсэндээ бид түрээсийг талбайг 3 жил ашигласан, харин түрээслэгч 5 жилийн түрээсийн төлбөр авсан, ашиглаагүй 2 жилийг нөхөж өгнө гэж тохиролцсон атлаа тохиролцооноос буцаж өөр этгээдэд түрээслэхээр манай компанийг аргагүй байдалд оруулж, талбайг чөлөөлүүлэхээр 2024 оны 10 дугаар сард цахилгаан, ус тасалсан.

Үүнтэй холбоотойгоор цахилгааны генератор ажиллуулахад түлш сард 10,000,000 төгрөг, 12 сард 130,120,591 төгрөг, зөөврийн цэвэр ус өдөрт 60,000 төгрөг, 10 сард 19,805,500 төгрөг, нийт 149,926,091 төгрөгийн нэмэлт зардал гарч хохирсон. Гэрээнд заасан давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал бодитоор бий болж түрээсийн хугацааг нөхөн авах талаар тохиролцсон учраас түрээслэгч тал гэрээний үүргээ биелүүлэлгүй цахилгаан, ус тасалсан, үүний улмаас компанид учирсан хохирол 149,926,091 төгрөгийг гаргуулна.

3.2.*******ХХК 765 м.кв талбайг 9,000,000 төгрөгөөр буюу 1 м.кв талбайг 11,765 төгрөгөөр түрээслүүлэхээр гэрээгээр тохирсон. Гэтэл бодит байдал дээр талбайг хэмжүүлэхэд 700 м.кв байсан. Мөн сөрөг нэхэмжлэлийг нотлох зорилгоор ******* ХХК-аар хэмжилт хийлгэхэд талбайн хэмжээ 675.91 м.кв байсан болох нь тогтоогдсон. Иймээс 2024 оны 10 дугаар cap хүртэл cap бүр 89 м.кв-ын зөрүүд илүү төлсөн 85,629,218 төгрөгийг нэхэмжилнэ.

3.3.Мөн "*******ХХК нь түрээсийн төлбөрт төлсөн нийт 150,507,898 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрийн баримт (падаан) шивж өгөөгүй. Компанийн нягтлан болон удирдлагууд утсаа авахгүй, холбогдох боломжгүй, мөн хариу тайлбар өгөхгүй байсаар ирсэн. Хуульд заасны дагуу бид төлсөн албан татвараас авах ёстой байсан буцаалтаа авах эрхийг эдлүүлэхгүй хохирол учруулж байна. Иймд 150,507,898 төгрөгийн үнийн дүн бүхий түрээсийн төлбөрт төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрийн баримт (падаан)-ыг шивж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

4.Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга:

4.1.Хариуцагч нь түрээсийн талбай гэрээгээр тохирсноос дутуу байсан гэсэн үндэслэлээр м.кв-ын зөрүү төлбөрт мөнгөн хөрөнгө нэхэмжилж байгаа боловч түрээсийн зүйлийг шалгаж авсан талаар түрээсийн гэрээнд тусгагдсан. Мөн тухайн үед өөрсдөө шалгах эрх нь нээлттэй, боломжтой байсан, тухайн үед санал хүсэлтээ гаргаагүй, хүлээн зөвшөөрсөн тул одоо маргах эрхгүй, мөн м.кв-ын зөрүү үүссэнээс ямар үйл ажиллагаа нь доголдсон, түрээсийн үйл ажиллагааг явуулах боломжгүй болсон гэх нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хөөн хэлэлцэх хугацааг мэдэх буюу мэдэх боломжтой үеэс тооцох тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

4.2.Талууд хүсэл зоригийн илэрхийллээ бичгээр гаргаж, гэрээнд нэмэлт оруулна гэсэн санал хүсэлт ирүүлээгүй, Ковид-19 цар тахал нь түрээсийн гэрээний төлбөртэй холбоотой давагдашгүй хүчин зүйлтэй хамааралгүй, түрээсийн гэрээг сунгах талаар харилцан тохирсон зүйл байхгүй, гэрээ дуусгавар болсон тул хохирлыг зөвшөөрөхгүй, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн *******хороо, Амарын гудамж, ******* тоот хаягт байрлах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-******* дугаартай, үйлдвэрлэлийн зориулалттай, 2304 м.кв талбайтай, *******ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн барилгын 1 дүгээр давхрын 765 м.кв талбайг *******ХХК-ийн эзэмшлээс албадан чөлөөлж,

Иргэний хуулийн 31*******зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.5, 219 дүгээр зүйлийн 219.1-т заасныг баримтлан түрээсийн гэрээний үүргээ биелүүлээгүй цахилгаан, ус тасалсны улмаас учирсан хохирол 149,926,091 төгрөг, түрээсийн төлбөрт илүү төлсөн м.кв-н зөрүүнд үүссэн 85,629,218 төгрөгийг гаргуулах, 150,507,898 төгрөгийн үнийн дүн бүхий түрээсийн төлбөрт төлсөн НӨАТ-ын төлбөрийн баримт (падаан)-ыг шивж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, *******ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /1,245,842+247,836+70,200/ 1,563,878 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ХХК-аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

6.Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

6.1.Шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсгийн 5.2-т дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. *******ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний хугацаанд 2020-2022 онд ковидын хөл хорио, бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс болж түрээсийн гэрээнд заасан зориулалтын дагуу манай байгууллага үйл ажиллагаа явуулж түрээсийн гэрээний үр шимийг хүртэж чадаагүй ч түрээсийн төлбөрөө цаг тухай бүрд нь төлж байсан. Гэрээний 3.2.3-т "Давагдашгүй хүчин зүйлийн улмаас түрээслэгч түрээсийн байранд үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон тохиолдолд уг үүссэн нөхцөл байдлыг дүгнэж харилцан тохиролцож асуудлыг шийдвэрлэнэ гэж харилцан тохиролцсоны дагуу манай байгууллага "*******" ХХК-тай гэрээг үйл ажиллагаа явуулж чадаагүй хугацаагаар сунгахаар амаар харилцан тохиролцсон бөгөөд мөн түрээсийн гэрээний төлбөрийг ч нэмэх талаар харилцан амаар тохиролцож нэмэгдсэн үнийн дүнгээр түрээсээ өнөөдрийн байдлаар төлөөд явж байгаа.

Үйл ажиллагаа явуулж чадаагүй нөхцөл байдал болон үйл ажиллагаа явуулаагүй өдрүүдийг бид Худалдаа, аж үйлдвэрийн танхимын давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээгээр нотолсон, гэрээг харилцан тохиролцож амаар сунгасан талаар *******ийн гэрчийн мэдүүлгээр нотолж байгаа талаар шүүхийн хэлэлцүүлэгт маргасан бол хариуцагч бидний гаргасан нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг эсэргүүцээгүй, нотлох баримт гаргаж өгөөгүй. Гэтэл анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний хугацааг сунгасан гэх үйл баримт тогтоогдоогүй байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслээгүй гэж үзэж байна.

6.2.Үндэслэл хэсгийн 6-д дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Өмнөх хэсэгт бид гэрээг амаар сунгасан, энэ талаар гэрч мэдүүлсэн, мөн хариуцагч нотлох баримтаар няцаагаагүй талаар дурдахаас гадна гэрээний 7.2-т гэрээ дараах тохиолдолд дуусгавар болно, 7.4-т аль нэг тал энэхүү гэрээний 7.2-т заасан бусад шалтгаанаар цуцалсан тохиолдолд түрээслэгчид 3 сараас доошгүй хугацааны өмнө урьдчилан мэдэгдэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл гэрээ дуусаж цаашид гэрээг сунгахгүй гэж түрээслэгч үзэж байсан юм бол манай талд 3 сарын өмнө мэдэгдэж, талбайг чөлөөлж боломжит хугацааг сануулах ёстой байсан, учир нь манай компани түрээсийн гэрээний үүргийн зөрчилгүй учир цаашид давуу эрхээр тэргүүн ээлжид гэрээ байгуулах түрээслэх эрхтэй. Мөн тухайн талбайд маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн учраас гэрээ дуусаад шууд нүүж гарах ямар ч боломжгүй байсан. Гэтэл "*******" ХХК-ийн бидэнд гэрээгээ сунгахгүй гэдэг мэдэгдлийг өгөөгүй, амаар тохиролцсон тул гэрээгээ сунгасан гэж итгэсэн байхад анхан шатны шүүх зөвхөн гэрээг бичгээр сунгах ёстой байсан мэтээр дүгнэж гэрээ сунгасан нь тогтоогдохгүй байна гэж дүгнэж байгаад гомдолтой байна.

6.3.Үндэслэл хэсгийн 7-д дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. "*******" ХХК гэрээний 7.2.1-т заасан гэрээг дуусгавар болгож байгаа талаар саналаа бичгээр гаргаагүй, мөн амаар бидэнд мэдэгдээгүй байхад зөвхөн шүүхэд албадан чөлөөлөх нэхэмжлэл гаргасныг нэг талын санаачилга гаргасан байна гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй.

6.4.Түрээсийн гэрээний үүргээ биелүүлээгүй учирсан хохиролд 149,926,091 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагыг анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтаар талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний хугацааг сунгасан гэх үйл баримт тогтоогдоогүй, гэрээний хугацаа дуусгавар болсноос хойшхи өөрийн үйл ажиллагааг явуулах зорилгоор цахилгаан эрчим хүч ашигласантай холбогдуулан худалдан авсан түлшний зардал болон ус худалдан авсан төлбөр зэрэг нь гэрээний зөрчлийн улмаас үүссэн хохиролтой шалтгаант холбоогүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Гэрээг амаар сунгасан талаар дээр дурдсан, мөн бид өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөрийг төлж байгаа, бидний түрээсийн төлбөрт төлж байгаа төлбөрийг "*******" ХХК бидэнд буцаан шилжүүлээгүй нь үйл ажиллагаа явуулж байгааг хүлээн зөвшөөрч байхад шүүх энэхүү дүгнэлтийг хийж байгаад гомдолтой байна.

6.5.Түрээсийн төлбөрт илүү төлсөн 85,629,218 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагыг шүүх диско клубын үйл ажиллагаа явуулах зориулалтаар тухайн талбайг түрээсэлсэн, уг талбай нь үйл ажиллагааг явуулахад хангалттай байсан гэх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. "*******" ХХК бидэнд анх 765 м.кв талбайг түрээсэлнэ гэж гэрээ хийсэн атлаа бодит байдал дээр 600 м.кв талбай байсан, ийм жижиг талбай байсан гэдийг гэрээний хугацаанд бид мэдээгүй, харин гэрээнд маргаан үүсэх үед олж мэдээд шүүхэд сөрөг шаардлага гаргаж, талбайн бодит хэмжээг эрх бүхий байгууллагаар хэмжүүлсэн байхад шүүх дутагдлын талаар нөгөө талдаа мэдэгдэж шаардлага гаргаж байгаагүй гэж дүгнэж шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хэт нэг талыг барьсан шийдвэр гэж үзэж байна.

6.6.Гэрч *******ыг шүүх хуралдаанд оролцуулаагүй талаар гомдолтой байгаа, учир нь энэ гэрч манай татгалзлыг нотлох ёстой маш чухал гэрч байсан. Уг гэрчийг шүүхэд оролцуулах захирамж гарсан боловч шүүгчийн захирамжийн биелэлтийг хангалгүй *******ыг оролцуулаагүй хурал хийсэн нь манай нэхэмжлэлээ нотлох эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Үүнээс гадна уг гэрчийг нэхэмжлэгч шүүх хуралд авч ирнэ гэж анх гэрч оролцуулах хуралд хэлж байсан боловч энэ гэрчээ санаатайгаар шүүх хуралдаанд оролцуулаагүй, манай татгалзлаа нотлох эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа.

Иймд дээрх үндэслэлүүдээс гадна хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрийг өөрчилж үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож сөрөг шаардлагуудыг хангаж өгнө үү гэжээ.

 

7.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Талуудын хоорондох маргаан түрээсийн гэрээ хугацаанаасаа өмнө цуцлагдсантай холбоотой маргаан ерөөсөө биш. Түрээсийн гэрээ 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болчихсон. Одоо өмчлөгч байраа чөлөөлж авъя гэдэг шаардлага тавьж байгаа юм. Сөрөг нэхэмжлэлийн тухайд нэхэмжлэгч тал гэрээний хүчин төгөлдөр хугацаанд гэрээний үүргээ хангалттай бүрэн биелүүлж байсан.

Иймээс анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч *******ХХК-д холбогдуулан хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хохирол 149,926,091 төгрөг, түрээсийн төлбөрт илүү төлсөн 85,629,218 төгрөг гаргуулах, түрээсийн төлбөрт төлсөн 150,507,898 төгрөгт нэмэгдсэн өртгийн албан татварын падаан шивж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3.*******ХХК болон *******ХХК-ийн хооронд 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ бичгээр байгуулагдаж, уг гэрээгээр түрээслүүлэгч *******ХХК нь Сүхбаатар дүүрэг, *******хороо, Амарын гудамж ******* тоот хаягт байрлах барилгын 1 дүгээр давхрын 765 м.кв талбайг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч *******ХХК нь сарын түрээс 9,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 31*******зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 318.3 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан тул гэрээ хүчин төгөлдөр байна.

 

4.Нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дууссан үндэслэлээр түрээсийн гэрээний зүйлийг хариуцагчийн эзэмшлээс гаргуулахаар шаардсаныг хариуцагч нь Ковид-19 цар тахлын үед үйл ажиллагаа явуулаагүй 2 жилийн хугацаагаар гэрээ сунгагдсан гэж маргасан.

Түрээсийн гэрээний 4.1-д зааснаар гэрээний хугацаа 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дууссан байх ба гэрээний хугацаа дуусахад гэрээг сунгах тухай талууд тохиролцсон тохиолдолд гэрээг шинээр байгуулахаар гэрээний 7.1-д, мөн давагдашгүй хүчин зүйлийн улмаас түрээслэгч түрээсийн байранд үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон тохиолдолд үүссэн нөхцөл байдлыг дүгнэж харилцан тохиролцож асуудлыг шийдвэрлэхээр гэрээний 3.2.3-т тус тус заажээ.

Хариуцагч нь тус компанийн менежер *******ээс гэрчийн мэдүүлэг авахуулсан ба тэрээр Ковидын үед бид түрээсээ төлж байсан. Нөгөө талаас түрээсийн хугацааг сунгана, асуудалгүй, түрээсээ төлөөд явж бай гэж байсан, амаар хэлж байсан гэж мэдүүлсэн.

Гэвч түрээсийн гэрээнд аливаа нэмэлт, өөрчлөлт оруулсан тохиолдолд үндсэн гэрээний нэгэн адил Иргэний хуулийн 31*******зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан бичгээр хийх шаардлагыг хангаснаар хүчин төгөлдөр гэж үзэх бөгөөд талууд гэрээний хугацааг сунгах талаар бичгийн гэрээ хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл, Ковид-19 цар тахал нь гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал мөн боловч үүний улмаас түрээслэгч түрээсийн байранд үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэнийг талууд гэрээний 3.2.3-т зааснаар харилцан тохиролцож шийдвэрлэсэн, гэрээний 7.1-д зааснаар гэрээг сунгасан гэж үзэх боломжгүй.

Хариуцагчийн гаргасан давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдлын улмаас түрээсийн хугацааг нөхөн авахаар тохиролцсон, түрээсийн гэрээг сунгасан гэх татгалзал, мөн энэ агуулгаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

5.Хариуцагч нь түрээсийн гэрээний 7.4-т Аль нэг тал энэхүү гэрээний 7.2-т зааснаас бусад шалтгаанаар гэрээг цуцлах тохиолдолд түрээслүүлэгчид 3 сараас доошгүй хугацааны өмнө урьдчилан мэдэгдэнэ гэж заасныг нэхэмжлэгч зөрчсөн гэж маргасан нь үндэслэлгүй. Учир нь талуудын маргаан гэрээг цуцлахтай холбоогүй тул гэрээний дээрх нөхцөл энэ маргаанд хамааралгүй болно.

 

6.Түүнчлэн гэрээний хугацаа дууссан нь түрээсийн гэрээг дуусгавар болгох үндэслэл болохоор Иргэний хуулийн 31*******зүйлийн 318.5, 294 дүгээр зүйлийн 294.1.1-д заасан.

Хариуцагч нь гэрээний 7.2.1-д зааснаар нэхэмжлэгч гэрээг дуусгавар болгох тухай санал бичгээр гаргаагүй, мэдэгдэл өгөөгүй гэж татгалзсан ба гэрээний хугацаа дуусмагц нэхэмжлэгч нь түрээсийн талбайн цахилгаан, усыг хязгаарласан, мөн нэхэмжлэлд 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хариуцагчид мэдэгдсэн талаар дурдсан, 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2024/76 тоот түрээсийн байрыг чөлөөлөх тухай шаардлагыг хүргүүлсэн байх тул гэрээг дуусгавар болгох хүсэл зоригоо хариуцагчид илэрхийлсэн гэж үзнэ. Энэ үндэслэлээр гэрээ дуусгавар болоход аль нэг тал санал гаргах талаар хуульд зохицуулаагүй хэдий ч талууд дээрх байдлаар тохиролцсоны дагуу нэхэмжлэгч зохих үйлдлийг хийсэн байна.

Гэрээ дуусгавар болсон нөхцөлд түрээслэгч нь Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт зааснаар түрээсэлсэн эд хөрөнгийг ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээслүүлэгчид буцаан өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгч нь түрээсийн талбайг хариуцагчийн эзэмшлээс гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Харин нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг баримталж, тус зохицуулалтын дагуу хууль бус эзэмшлээс эд хөрөнгө чөлөөлүүлэх шаардлага гэж томьёолсон хэдий ч түрээсийн гэрээ дуусгавар болсны үр дагаврыг шийдвэрлүүлэх агуулгатай байгааг шүүх анхаараагүй байх тул шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзэв.

 

7.Гэрээ дуусгавар болсноор талуудын хэн алины үүрэг дуусгавар болж, дээр дурдсанчлан түрээсийн талбайг буцаан өгөх үр дагавар үүссэн тул гэрээний хугацаа дууссан 2024 оны 10 дугаар сараас эхлэн нэхэмжлэгч түрээсийн талбайд цахилгаан, ус тасалсан асуудлыг гэрээний үүргийн зөрчил гэж үзэхгүй. Уг нөхцөл байдалтай холбоотойгоор хариуцагч нь цахилгааны генератор ажиллуулж түлшний зардал гаргасан, зөөврийн цэвэр ус худалдан авсан үндэслэлээр нийт 149,926,091 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардсаныг хангах үндэслэлгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

8.Түүнчлэн түрээсийн талбай гэрээнд зааснаар 765 м.кв байхаас 675.91 м.кв буюу зөрүү 89 м.кв талбайн түрээсийн төлбөрт илүү төлсөн үндэслэлээр 85,629,218 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулах тухай хариуцагчийн сөрөг шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь мөн үндэслэлтэй.

8.1.Түрээсийн гэрээний 1.1-д түрээсийн талбайн хэмжээг 765 м.кв гэж тусгасан.

Хариуцагч нь ******* ХХК-ийн хэмжилтийн зургийг үндэслэн дээрх хэмжээг 675.91 м.кв гэж маргасан байх хэдий ч түрээсийн гэрээний салшгүй хэсэг болох гэрээний 1.4-т заасан түрээсийн байрны байршил болон түрээсэлсэн хэсгийг тэмдэглэсэн хавсралт хэрэгт авагдаагүй байна. Энэ нөхцөлд уг хэмжилтийн зургийг үндэслэн эд хөрөнгө доголдолтой гэж дүгнэхэд учир дутагдалтай.

8.2.Гэрээ хэрэгжих хугацаанд хариуцагч нь түрээсийн талбайг гэрээнд заасан клубын үйл ажиллагааны зориулалтаар ашигласан байх бөгөөд талбайн хэмжээнээс шалтгаалж эд хөрөнгийн ашиглалт буурсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хариуцагч тал ийм нөхцөл байдлын талаар шүүхэд нотлох баримт гаргаагүй байна.

8.3.Үүнээс гадна гэрээний 1.3-т зааснаас үзвэл, хариуцагч нь түрээсийн байр, түүний талбайг өөрийн биеэр шалгасан, түрээсийн байрыг тухайн байгаа нөхцөлөөр ямар нэгэн нэмэлт өөрчлөлтгүйгээр хүлээн авч түрээслэхийг зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 290 дугаар зүйлийн 290.8 дахь хэсэгт зааснаар хожим эд хөрөнгийн доголдлын талаар гомдол гаргах эрх түүнд үүсэхгүй.

Анхан шатны шүүх эд хөрөнгийн доголдолтой гэж үзэхгүй, гэрээ хэрэгжих хугацаанд доголдлын талаар маргасан үйл баримт тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй, мөн эд хөрөнгийн доголдлыг хэрхэн тодорхойлох, доголдолтой холбоотой түрээслэгчийн шаардах эрхийн талаар зохицуулсан Иргэний хуулийн 290 дугаар зүйлийн 290.1, 290.2, 289 дүгээр зүйлийн 289.5 дахь хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

9.Сөрөг нэхэмжлэлийн нэг шаардлага болох түрээсийн төлбөрт төлсөн 150,507,898 төгрөгт нэмэгдсэн өртгийн албан татварын падаан шивж өгөхийг даалгах тухай шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба уг шаардлагатай холбоотой агуулга хариуцагчийн давж заалдах гомдолд тусгагдаагүй тул энэ талаар гомдол гаргаагүй гэж үзнэ.

 

10.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна. Шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 192/ШЗ2025/22231 дугаар захирамжаар *******аас гэрчийн мэдүүлэг авахаар шийдвэрлэсэн ба уг гэрчийг дуудан ирүүлэх талаар явуулсан шүүхийн ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.5 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.а, 6.б хэсэгт дурдсан ажиллагааг шүүхээс явуулсан байх тул гэрч *******ыг шүүх хуралдаанд оролцуулаагүй гэх гомдлыг хангахгүй.

11.Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэхэд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байх тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 191/ШШ2026/01782 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 31*******зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ХХК-д Сүхбаатар дүүрэг, *******хороо, Амарын гудамж, ******* тоот хаягт байрлах барилгын 1 дүгээр давхрын 765 м.кв талбайг буцаан өгөхийг хариуцагч *******ХХК-д даалгасугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч *******ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 1,476,127 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.УУГАНБАЯР

 

ШҮҮГЧИД  Т.ГАНДИЙМАА

 

Д.ЗОЛЗАЯА