Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 842

 

 

                                                           

 

 

 

 

 2019            11           05                                  2019/ШЦТ/842

 

   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

Улсын яллагч А.Нямсүрэн,  

Шүүгдэгч М.Даваахүү, түүний өмгөөлөгч П.Дэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Урьдынхан овгийн Энхтөрийн Даваахүүд холбогдох эрүүгийн 1911008610372 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Хандгайтын 14-192 тоотод оршин суух хаягтай,

-урьд 2017 оны 10 дугаар сарын 19- ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 458 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2019 оны 01 дүгэээр сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 465 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т зааснаар 3 жил 5 cap, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 cap хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1.2-т зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 11 cap хорих ял шийтгэсэн, Урьдынхан овогт Энхтөрийн Даваахүү, /РД: ИН93092011/,

Шүүгдэгч Э.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                           

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгч 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 13 дугаар гудамж 177 тоотод оршин суух Ч.Оригийн байшингийн хаалгыг эвдэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, 32 инчийн Самсунг загварын зурагт хулгайлан 294,920 төгрөгний хохирол учруулсан,

 2. 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүрэг 17-р хороо, Сурагчийн 79-913 тоотод оршин суух иргэн К.Буянхишигийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, 1 хос монетон ээмэг, 2 ширхэг монетон бөгж зэрэг эд зүйл хулгайлан 670,800 төгрөгний хохирол учруулсан,

3. 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 32-470 тоотод оршин суух Ш.Цэцэнмандахын гэрийн хаалганы цоожийг эвдэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, 2 ширхэг мөнгөн аяга, бэлэн 60,000 төгрөг хулгайлан нийт 300,000 төгрөгний хохирол учруулсан,

            4. 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх-Уулын 4-662 б тоотод оршин суух иргэн Б.Даринчулууны байшингийн вакум цонхыг түлхэн гэрт нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 1, 5, 10, 20, 50, 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүд бэлнээр, хөөрөг, бөгж, гар утас зэрэг эд зүйлийг хулгайлан нийт 292,700 төгрөгний хохирол учруулсан,

            5. 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 33 дугаар гудамжны 537 тоотод оршин суух хохирогч О.Ууганбаатарын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн “НРР” /Эйч пи пи/ брэндийн зурагтыг хулгайлж, 256,000 төгрөгний хохирол учруулсан,

            6. 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 18 дугаар гудамжны 722 тоотод оршин суух хохирогч Ц.Даваажаргалын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн Панасоник брэндийн зурагтыг хулгайлж, 154,000 төгрөгний хохирол учруулсан,

            7. 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 13 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Амины орон сууцны 3-2336 тоотод оршин иргэн М.Амарсанаагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох өвлийн сууцны вакум цонхны хаалт төмрийг эвдэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэхийг завдсан,

8. 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 13-1 тоот хашаанд байрлах монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн мөнгөн аяга, хөөрөг зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдэн М.Очирбатад 320,000 төгрөгийн хохирол учруулсан,

            9. 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Ард-Аюушийн 5 дугаар гудамжны 117 б тоот хашаанд байрлах иргэн Г.Үүрийнтуяагийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэххгүйгээр нэвтэрч, мөнгөн ээмэг 1 хос, 5 ширхэг мөнгөн бөгж, гинж зэргийг хулгайлж, нийт 155,000 төгрөгний хохирол учруулсан,

 10. 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Ард-Аюушийн 5 дугаар гудамжны 117 б тоот хашаанд байрлах иргэн Д.Жадамбаагийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулапттай байшингийн цоожийг эвдэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлахыг завдсан,

 11. 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт У.Азбаяртай маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамрын нуруу, баруун нүдний гадна булан, баруун, зүүн хацарт зулгаралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь

Шүүгдэгч Э.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй ” гэв. 

Хохирогч Ч.Оригийн гэрээс эд зүйл хулгайлсан болох нь

            Хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: /хх-1 дүгээр хх-ийн 17-20х/,

            Дамно ХХК-ий Хөрөнгийн үнэлгээний тайлан-/294,920 төгрөг/ : /1 дүгээр хх-ийн 46-47х/,

            Хохирогч Ч.Ориг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 14 цаг өнгөрөөгөөд гэрээсээ гараад 16 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоожийг хөшиж цоожийг нь мултлаад гэр дотроос 32 инчийн зурагт алдагдсан байсан...” /1 дүгээр хх-ийн 35х/,

 Гэрч Ч.Оргил мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ “...Би өнөөдөр гэрээсээ 09 цагт гараад 6 буудлаар танил хүмүүстэй архи ууж байгаад гэртээ 16 цагийн үед ирсэн чинь ах гэртээ ирчихсэн гэрт хулгай орчихсон байна гээд зогсож байсан. Намайг 6 буудлын “Олзбадрах” дэлгүүрийн гадаа зогсож байсан чинь манай гэрийн ойролцоо байдаг Даваахүү гэдэг залуу ахаа би танай гэрт найз охинтойгоо жаахан байж байгаад явчихаж болох уу гэхээр нь үгүй ээ манай гэрт ээж, ах байгаа гэж хэлсэн...” /1 дүгээр хх-ийн 23-24х/,

            Гэрч Ч.Гантүшиг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...2019 оны 03-р сарын 13-ны өдөр би 16:40 цагийн орчимд Хандгайтын 12-р гудамжны үзүүр дээр найз Оргилтой дайралдсан. Тухайн үед Оргил нилээд согтолттой байсан бөгөөд намайг гэр лүү хүргээд өгчих гэсэн. Тэгээд би гэр лүү орүулж өгсөн чинь Оргил хаалга нь онгойчихсон байна яасан юм бол гээд байсан. Тэгээд хаалганы цүү эвдэрсэн байна яасан юм бол гэсэн. Тэгээд гэр лүү нь ороход зурагт нь алга болсон байсан...” /1 дүгээр хх-ийн 36х/,

            Шүүгдэгч Э.Д мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ:            “...Би Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Хандгайтын 14-192 тоот гэртээ ганцаараа оршин сууж байгаа юм. Би 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр би 6 буудал дээр манай гэрийн ойролцоо амьдардаг Оргилтой таараад ойр зуурын юм ярьж байгаад танай гэрт очоод жаахан унтаж болох уу гэхэд Оргил тэгээ ах Ориг гэртээ байгаа гэсэн. Тэгэхээр нь би гэрт нь очоод хашааг онгойлгоод ороход тэдний гэрт Оргилийн төрсөн ах Ориг гэртээ зурагт үзээд сууж байсан. Би Оригтой мөн л ойр зуурын юм ярьж байгаад тэднийхээс гараад гэртээ очсон. Би гэртээ жаахан байж байгаад буцаад Оригийн гэрт очиход гэрт нь хүн байхгүй байсан ба амбаар дотор нь байсан лоом шиг урт төмрөөр байшингийнх нь цоожийг цохиж эвдэлж байшинд нь ороод цонхон талын тавиур дээр байсан 32 инчийн хар өнгийн зурагтыг авч такси барьж хүнсний 4-р дэлгүүрийн ломбард орж 150,000 /нэг зуун тавин мянга/ төгрөгний барьцаанд 14 хоногийн хугацаатай тавьсан. Би Оргил, Ориг 2-ыг манай гэрийн ойрхон байдаг болохоор багаасаа мэддэг байсан. Би өмнө нь дүү Оргилтой архи уух гэж очиж байсан...” /1 дүгээр хх-ийн 38х/,

            Шүүгдэгч Э.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Надад сонсгож байгаа тогтоолд дурдсан зүйл ангийг хүлээн зөвшгөөрч байна..” /1 дүгээр хх-ийн 57х/,

            Хохирогч К.Буянхишигийн гэрээс эд зүйл хулгайлсан болох нь

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: /1 дүгээр хх-ийн 92-94х/,

 “Дамно” ХХК-ний ЧД2-19-139 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: /1 дүгээр хх-ийн 118х/,

 Начин заан ХХК-ний 2019-03-14-ний "Барьцаат зээлийн гэрээ” /1 дүгээр хх-ийн 131х/,

            Хохирогч К.Буянхишиг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 16 цагийн орчимд манай хамаатны хүүхэд Ш.Алтангэрэл над руу залгаад гэр онгойсон байна цоож эвдэрсэн байна гэж хэлсэн... 2 монетон бөгж, 1 хос монетон ээмэг алдагдсан...” /1 дүгээр хх-ийн 107х/,  

            Гэрч Ш.Алтангэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 14 цаг 30 минутад хичээлээ тараад гэртээ ирсэн чинь гэрийн үүд онгорхой цоожийг эвдээд орсон байхаар нь гайхаад гэр лүүгээ ороод харсан чинь авдарны тагийг эвдээд дотор талыг нь бүгдийг нь гаргаад тавьсан байсан...” /хх-ийн 95х/,

            Шүүгдэгч Э.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна...”, “...гэр хорооллын гудамжаар явж байгаад блокон хашаатай, төмөр саарал өнгийн хаалгатай айл байсан...”, “...Шар өнгийн эрээн авдарны хаалганы завсараар нь гэрийн хаалганы цоожийг хөшиж онгойлогсон төмрийг хийж байгаад хөшиж онгойлгоод доторх эд зүйлсийг нь гарган тарааж, дээд талын тавиурын баруун тал орчимд байсан эмэгтэй хүний 2 ширхэг монетон бөгж, 1 хос эмэгтэй монетон ээмэг зэргийг авч гараад такси бариад 3, 4 дүгээр хорооллын эцэст байх “Е-март” хүнсний дэлгүүрийн нэг давхарт байх “Начин заан” нэртэй ломбарданд өөрийн бичиг баримт ашиглан 120,000 төгрөгөөр тавьсан....” /1 дүгээр хх-ийн 122-123х/,

 Хохирогч Ш.Цэцэнмандахын гэрээс эд зүйл хулгайлсан болох нь

            Дамно ХХК-ий Хөрөнгийн үнэлгээний тайлан:

“...2 ширхэг дунд гарын мөнгөн аяга-240,000 төгрөг...” гэх /1-р хх-ийн 157х/,   

            Хохирогч Ш.Цэцэнмандах мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гэрээсээ гараад орой 22 цагийн үед гэртээ иртэл гэрийн цоож эвдсэн, гэрийн цоож байхгүй, гэрийн хойморт авдран дээр байсан 2 мөнгөн аяга байхгүй болохоор нь нөхөр лүүгээ ярьтал ямар нэгэн зүйл аваагүй гэсэн. Тэгээд бид нар хөдөө ажлаар явах байсан учраас цагдаа дуудалгүй гэрийнхээ цоожийг шинээр авч цоожпоод хөдөө яваад 2019 оны 03 сарын 23-ны өдөр хөдөөнөөс ирж цагдаад өргөдөл гаргасан. Дунд гарын 2 ширхэг шинэ цагийн мөнгөн аяга алдагдсан. Аяган дээр ямар нэгэн бичиглэл байхгүй. 1 мөнгөн аяганы ёроол нь унаж хонхойсон байгаа...”, “...60,000 төгрөгний хувьд мөнгөн аяга байсан шүүгээний хажуу талд бас нэг шүүгээн дээр гоо сайхны бүтээгдэхүүний урд талд хэрэглээндээ зарцуулаад үлдсэн мөнгийг нөхөр бид 2 ил цуглуулдаг байсан тэр мөнгө байхгүй байсан. Их удаан цуглуулсан мөнгө байгаа юм 60,000 орчим төгрөг байсан гэж бодож байна...’’ /1 дүгээр хх-ийн 149-150х/,

Шүүгдэгч Э.Дг мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ “ ...монгол гэрийн цоожийг эвдэн орж, 2 ширхэг мөнгөн аяга, 60,000 төгрөг авсан. Архи уух гэж л хулгай хийсэн. Хулгай хийсэн айлаа зааж чадна...” /1 дүгээр хх-ийн 153- 154х/,

Шүүгдэгч Э.Д мөрдөн шалгах ажиллагаан мэдүүлэхдээ “...банзан хашаатай улаан хүрэн өнгийн гүйдэг хаалгатай айл руу ороход хашаан дотор монгол гэр байсан, хаалгыг нь хөшиж эвдээд дотогш орж гэрийн хойморт байх тавиур дээр байсан 2 ширхэг мөнгөн аягыг нь аваад хажуу талын тавиур дээр байх 60,000 орчим төгрөгийг аваад таксинд болон хэрэглээнд зарцуулаад дуусгасан. 2 ширхэг мөнгөн аягыг урт цагаан дээр явуулын хүнд 60,000 төгрөгөөр зарсан. Мөнгөөр нь архи увч уусан. Гэмт хэргийг ганцаараа явж байгаад үйлдсэн...” /1 дүгээр хх-ийн 160-161х/,

            Хохирогч Б.Даринчулууны гэрээс эд зүйл хулгайлсан болох нь

 Дамно ХХК-ий Хөрөнгийн үнэлгээний тайлан:

“...эд зүйлсийг 284,000 төгрөгөөр үнэлсэн...” /1 дүгээр хх-ийн 184-185х/,

 Хулгайсан эд зүйл болох бөгжийг Э.Д нь өөрийн бичиг баримтыг ашиглан “Начинзаан” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьсан талаарх 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “барьцааны гэрээ”, /1 дүгээр хх-ийн 193х/,

 Хохирогч Б.Даринчулуун мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 03 дугаар сарын 15-ны орой 22 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Зүрх уулын 4-662б тоотод оршин суух хаягтай гэрээс явж охины гэрт байж байгаад 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр орой 22 цагийн орчимд гэртээ ортол гэрийн хойд цонх онгорхой байхаар нь цонхоо дутуу хаасан байх гэж бодоод хаасан. Тэгээд унтаад юм мэдээгүй. Өнөөдөр манай гэрийн монетон бөгж, 2 ширхэг хөөрөг, 100 төгрөгний дэвсгэрт 100 ширхэг, 50 төгрөгний дэвсгэрт 100 ширхэг, 20 төгрөгний дэвсгэрт 100 ширхэг, 10 төгрөгний дэвсгэрт 100 ширхэг, 5 төгрөгний дэвсгэрт 100 ширхэг, 1 төгрөгний дэвсгэрт 200 ширхэг, самсунг загварын эвдэрхий гар утас, нокио гар утас зэрэг эд зүйлс байхгүй, харин байшингийн ард 2 хөөрөг нь байсан. Тэрийг олж авсан...” /1 дүгээр хх-ийн 178х/,

Шүүгдэгч Э.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Байшингийн цонхыг нь түлхэхэд онгойхоор нь салхивчаар дотогш орж цонхны хажуу талын тавиур дээр 1 ширхэг эмэгтэй хүний монетон бөгж байсныг авч халаасандаа хийгээд унтлагын өрөөнд байх тавиур дээр байсан 100, 50, 20, 10, 5 төгрөгний дэвсгэртүүд байхаар нь авч, доод талын шургуулгыг онгойлгож үзэхэд “нокиа” загварын хуучны товчлууртай гар утас болон “Самсунг эс 3” загварын цагаан өнгийн гар утас, дээд талын шургуулганаас нэрийг нь мэдэхгүй 2 ширхэг хөөрөг зэргийг авсан. Хашаа давах гэж байгаад 2 ширхэг хөөргийг унагаасан тэгээд за за гээд цаашаа явж хулгайлсан бөгжийг 3, 4 дүгээр хорооллын “Москва” их дэлгүүрийн урд талд байх “Начин заан” ломбарданд өөрийн бичиг баримтаар 60,000 төгрөний барьцаанд тавьж мөнгийг нь хэрэгцээндээ зарцуулаад дууссан. Харин “Самсунг” гар утсыг ашиглах боломжгүй байна гээд хаясан, нокиа гар утсыг хаяснаа санахгүй байна. Гэмт хэргийг ганцаараа үйлдсэн...” /1 дүгээр хх-ийн 190х/,

 Мэдүүлгийн шалгасан ажиллагааны тэмдэглэл:

“Тус ажиллагаагаар хохирогч К.Буянхишиг, Б.Даринчулуун нарын монетон эдлэлийг ломбарданд тавьсан газар, хулгай хийсэн айлуудыг /Ч.Ориг, Ш.Цэцэнмандах, Б.Даринчулуун, К.Буянхишиг/ заалгасан байна...” /1 дүгээр хх-ийн 103-105х/,

Хохирогч О.Ууганбаатарын гэрээс эд зүйл хулгайлсан болох нь

 Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: /1 дүгээр хх-ийн 203-207х/,

 Дамно ХХК-ий Эд хөрөнгийн үнэлгээний тайлан-/256,000/ төгрөг /1 дүгээр хх-ийн 216- 217х/,

            “Совор” ломбардны хуудас: /1 дүгээр хх-ийн 208х/,

            Хохирогч О.Ууганбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би орой 18 цагийн үед гэрээсээ гарч яваад орой 23 цаг 30 минутын орчим гэртээ ирсэн чинь монгол гэрийн хаалганы цоож эвдэн хулгай орж 32 инчийн “НРР” /Эйч пи пи/ маркийн телевизор алга болсон болохоор цагдаад дуудлага өгсөн юм. Би 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 315,000 төгрөгөөр худалдаж авсан. , ...Одоо 315,000 төгрөгөөр үнэлж байна...”, ”...хулгайд алдсан эд зүйлээ олж авмаар байна...” /1 дүгээр хх-ийн 211-212х/,

            Шүүгдэгч Э.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “ ...Би 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 6-н буудлын автобусны буудал дээр буугаад, 6-н буудлын тэнд байдаг биллиардны газар биллиард тоглож байгаад болиод 6-н буудлын автобусны буудлаас ертөнцийн зүгээрээ доошоо явж байтал миний зүүн гар талд доошоо уруудсан байсан нэг уулзвар байсан. Тэгээд тэр уулзвараар ертөнцийн зүгээрээ зүүн тийшээ 15-20 метр газар явж байтал миний зүүн талд ногоон өнгийн хашааны хаалгатай, хашаан дотроо нэг монгол гэртэй, гэрийнх нь гадаа нэг саарал билүү цагаан өнгийн нилээн тоосонд дарагдсан машин байсан. Тэгээд хашааных нь завсраар хартал монгол гэрийнх нь хаалга цоожтой байсан. Тэгэхээр нь хашаа руу нь орох гээд хаалгыг нь түлхтэл онгорхой байхаар нь дотогш явж ороод монгол гэрийнх нь хаалганых нь цоожийг эвдэж ороод гэрийнх нь хойморт байсан 32 инчийн хятад зурагт байхаар нь авч гараад такси бариад Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн ломбарданд тавьсан... Архи уух зорилгоор хулгайн гэмт хэрэг үйлдсэн...” /1 дүгээр хх-ийн 213х/,

            Гэрч Н.Батсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 19 цагийн үед гаднаас нэг залуу ирээд зурагт тэвэрчихсэн орж ирээд зурагт авах уу? гэхээр нь авна гэсэн чинь 32 инчийн зурагт байна хэдэн төгрөгөнд авах уу? гэхээр нь зурагтыг нь үзээд 100,000 төгрөгний барьцаанд авъя гэсэн. Тэгсэн чинь тэр залуу зөвшөөрөөд 100,000 төгрөгний барьцаанд тавьсан... Энхтөр Даваахүү /ин93092011/ гэсэн бичиг баримтаар тавьсан. “...2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хугацаа нь дууссан. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээлгэнийх нь хугацаа дууссан. Тэгээд 2-3 хоног хүлээгээд ирэхгүй болохоор нь зарсан. Хулгайн эд зүйл гэж мэдээгүй...” /1 дүгээр хх-ийн 215х/,

 Шүүгдэгч Э.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “ ... Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна...” /1 дүгээр хх-ийн 222х/,

Хохирогч Ц.Даваажаргалын гэрээс эд зүйл хулгайлсан болох нь

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлтүүд: /1 дүгээр хх-ийн 231х/,

            Дамно ХХК-ий Эд хөрөнгийн үнэлгээний тайлан /154,000 төгрөг/1 дүгээр хх-ийн 242х/,

            Хохирогч Ц.Даваажаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 08 цаг 30 минутад гэрээсээ гараад ажлаа хийж байгаад 18 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоож эвдэрсэн унасан байсныг аваад гэрт ортол манай гэрээс зурагт алга болсон учир цагдаа дуудсан. “...32 инчийн Панасоник гэх зурагт өөрийн удирдлагын хамт алга болсон байна. “...тус зурагтыг 2014 онд BSB /БИ ЭС БИ /-ээс лизингээр 1,200,00 төгрөгөөр авч байсан...” /1 дүгээр хх-ийн 238х/,

 Шүүгдэгч Э.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 12 цагийн үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо “Содон монгол” шатахуун түгээх станцын тэр хавьд байрлах Хангайн гудамж руу ороод 50 метр орчим явж байтал хашааны хаалгатай хашаан дотроо монгол гэр байсан. Тэгээд хашааных нь хаалгыг нүдээд хүн гарч ирэхгүй болохоор нь дотогш явж ороод монгол гэрийнх нь хаалганы цоожийг эвдэж ороод 32 инчийн хар өнгийн зурагт авч гараад Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн тэнд байдаг ломбарданд тавьсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. “...Мөнгө олох зорилгоор хулгай хийсэн. “...Би энэ гэмт хэргийг ганцаараа үйлдсэн...” / 1 дүгээр хх-ийн 239х/,

 Шүүгдэгч Э.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “ ... Надад сонсгож байгаа зүйл ангийг болон үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна...” /1 дүгээр хх-ийн 247-248х/,

 Хохирогч М.Амарсанаагийн гэрээс эд зүйл хулгайлсан болох нь

 Хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: /2 дугаар хх-ийн 16-21х/,

            Хохирогч М.Амарсанаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 12-оос 13 цагийн үед гэрээ цоожлоод эхнэр хүүхдийн хамт эмнэлэг орж ахынхаа эхнэрийн биеийг үзүүлчихээд буцаад гэртээ иртэл манай хашааны хаалга дотроосоо цоожтой байхаар нь гайхаад ахынхаа хүүхдийг хашаа давуулаад дотор талаас нь онгойлгуулаад гэртээ орох гэтэл манай эхнэр байшингийн цонхны хаалт байхгүй байна гэхээр нь би цагдаад дуудлага өгөөд байж байтал манай ах жорлон дотор хүн байна гэхээр нь гүйж очоод барих гэтэл нөгөө залуу хашаа даваад зугтаачихсан. Гэрээс ямар нэг эд зүйл алдагдаагүй. Байшингийн цонхны хамгаалалт төмөр ааваад, тоосгыг эвдсэн байсан. Хаалт төмрөө 150,000 төгрөгөөр хийлгүүлж байсан тэр мөнгөө нэхэмжилж байна...” /2 дугаар хх-ийн 37-38х/,

 “Мастер үнэлгээ” ХХК-ий 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №18/152 дугаартай эд зүйлийн үнэлгээ: “...Цонхны төмөр хаалт 150,000 төгрөг” /2 дугаар хх-ийн 46х/,

            Шүүгдэгч Э.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “ ... би тухайн өдөр тэр айл руу орох гээд цонхны решотик төмрийг эвдээд зогсож байтал гэрийнх нь эзэд нь ирчихээр нь жорлонд ороод нуугдсан. Тэгтэл жорлонд хүн ороод ирсэн тэгээд зугтааж байгаад цагдаад баригдсан...” /2 дугаар хх-ийн 50х/,

Хохирогч М.Очирбатын гэрээс эд зүйл хулгайлсан болох нь

“Дамно” ХХК-ийн алдагдсан эд зүйлсийг 320,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан: /2 дугаар хх-ийн 80-81х/,

            Хохирогч М.Очирхуяг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 03 сарын 10-ны орой 23 цагийн үед намайг ажил дээрээ байхад эхнэр Ганчимэг залгаад гэрийн авдрыг үзсэн чинь чиний бичиг баримт, мөнгөн аяга алга байна гэж хэлсэн. “...авдарт байсан миний цахим үнэмлэх, жолооны үнэмлэх, бүрмэл мөнгөн аяга, бага гарын мана хөөрөг, миний аавын хэрэглэж байсан толгой нь жаахан муудчихсан байсан хятадын шаазан хөөрөг зэрэг алга болсон...” /2 дугаар хх-ийн 76-77х/,

Шүүгдэгч Э.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...хашаан дотор нэг хадаас байхаар нь авч байгаад хаалгыг нь хөшиж онгойлгоод явж ороод дунд гарын мөнгөн аяга нэг ширхэг, 2 ширхэг жижиг хөөрөг, дэлгэц нь эвдэрхий 2 утас байхаар нь аваад гарсан. Явуулын танихгүй хүнд 120,000 төгрөгөөр өгчихсөн...” /2 дугаар хх-ийн 85-86х/, “...би Батжаргал гэх хүнийг танихгүй. Тухайн үед БГД-ийн нутаг дэвсгэрт үйлдсэн гэмт хэргийг мэдүүлэхдээ гадуур түрээр гарах санаатай Батжаргал гэх хүний хамт үйлдсэн гэж мэдүүлсэн. Тэрнээс би Батжаргал гэх хүнийг танихгүй би уг хэргийг ганцаараа үйлдсэн...” /2 дугаар хх-ийн 88х/,

            Хохирогч Г.Үүрийнтуяагийн монгол гэрээс эд зүйл хулгайлсан болох нь

 Хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: /2 дугаар хх-ийн 112-114х/,

            Дамно ХХК-ий алдагдсан эд зүйлийг 155,000 төгрөгөөр үнэлсэн Эд хөрөнгийн үнэлгээний тайлан /2 дугаар хх-ийн 136-137х/,

            Хохирогч Г.Үүрийнтуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өөрийн гэрээсээ 12:50 минутанд гараад том охиноо Баянгол дүүргийн 40 дүгээр сургуульд хүргэж өгчихөөд өөрөө Баянгол дүүргийн бичил хорооллын 13 дугаар байранд байрлах нөхрийн талын эмээгийндээ байж байгаад орой охины хичээл 16:40 минутанд тараад очиж авчихаад хойшоо гэр рүүгээ ирэхэд амбаарын хаалганы цоож байхгүй, гэр рүүгээ дотогш ороход амбаар дотор байсан угаалгын машин дээр манай цоож байхаар нь гэрт ороход эмэгтэй хүний тольтой шүүгээ онгорхой, онгичсон байдалтай байхаар нь юм бодоогүй өвөө эмээ манай нэг хашаанд байдаг тул очиж асуухад манай өвөө эмээгийн байшингийн цоожийг нь эвдэж хулгай орсон баидалтай баисан. Гэхдээ тэндээс алга болсон эд зүйл байхгүй байхаар нь би гэртээ ороод эд зүйлсээ бүртгэхэд мөнгөн хослол буюу ээмэг, бөгж, гинж, кулонтойгоо алдсан бөгөөд 5 ширхэг мөнгөн бөгж маань алга болчихсон байсан...” /2 дугаар хх-ийн 126-127х/,

 Шүүгдэгч Э.Д мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ “... би эхлээд байшингийн цоожийг эвдэж ороод авчихаар зйүл байхгүй байхаар нь гараад монгол гэрийн цоожийг нь хадаасаар хөшиж онгойлгоод орж ягаан өнгийн төмөр хайрцагтай мөнгөн хослол буюу ээмэг, бөгж кулон, гинжийг аваад уг айлаас гарсан. Хайрцаганд 3 ширхэг бөгж байснаас 1 нь төмөр байж таарсан. Хэргийг ганцаараа үйлдсэн, мөнгөний хэрэг гараад хулгай хийсэн. Хулгайлсан эд зүйлээ баруун 4-н замын орчимд явуулын хүнд 60,000 төгрөгөөр худалдаалсан...” /2 дугаар хх-ийн 133-134х/,

 Шүүгдэгч Э.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “ ... Тус гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...” /2 дугаар хх-ийн 143х/,

            Хохирогч Д.Жадамбаагийн гэрээс эд зүйл хулгайлахыг завдсан болох нь

            Хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 116-119х/,

 Хохирогч Д.Жадамбаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 9 цагийн орчимд Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зүүн Ард Аюушийн” 5 дугаар гудамжны 117-6 тоотод байрлах гэрээсээ гарч явчихаад 17 цагийн орчимд гаднаас орж ирэхэд манай гэрийн цоож байхгүй байсан. Тэгэхээр нь би өөрийн эхнэрийг гэртээ ирчихсэн юм байх гэж бодоод яваад ортол манай гэрт ямар нэгэн хүн байгаагүй. Тэгэхээр нь би эргээд гараад ирэхэд манай гэрийн хаалганы цоожийг эвдэлчихсэн байдалтай хогийн савны хажууд хэвтэж байсан. Тэгтэл миний хашаанд байр түрээслэдэг айлын охин Үүрийнтуяа над дээр ирээд манай гэрийн хаалганы цоожийг эвдээд эд зүйлс хулгайлаад аваад явчихсан байна гээд ирсэн тэгээд би өөрийн гэртээ ороод алдагдсан эд зүйл байна уу гэж үзэхэд ямар нэг зүйл алдагдсан шинжгүй байсан. Тэр хүн маш мэргэжлийн байдалтайгаар зөвхөн цоож эвдээд онгойлгоод орчихсон байсан. Харин хаалганд ямар нэг эвдрэлгүй байсан...” /2 дугаар хх-ийн 132х/,

            Хохирогч У.Азжаргалын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

 Хохирогч У.Азбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Даваахүү миний зүүн хөл рүү хавираад газар унагаагаад нүүр лүү 2-3 удаа цохьсон. ”... Даваахүү цагдаа тосч авсан гудамжинд явж байхаар нь цагдаа нарт зааж өгөөд цагдаа нар Даваахүүг аваад явсан...” /2 дугаар хх-ийн 176-177х/,

            Гэрч Г.Ганбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Тэгээд байж байтал Азбаяр Даваахүүтэй хүний юм зөвшөөрөлгүй авлаа гээд маргалдаад байсан. Тэгээд Даваахүү болохоор би хулгайч уу гээд Азбаярыг цохьчих гээд дайраад байсан бөгөөд би дундуур нь орж бараг 30 орчим минут салгасан. “...Тухайн үед Азбаярын баруун билүү зүүн хавдсан, хамар амнаас нь цус гарсан байдалтай байсан өмсөж явсан хувцас нь цус болчихсон байсан. “...Тэр ах нар бол Азбаярыг зодож цохиогүй... Тэр залуучуудыг явсаны дараа 20 орчим минутын дараагаас л Азбаяр Даваахүүг хүний юм зөвшөөрөлгүй авлаа гээд байсан. “...Азбаяр тухайн үед нэлээд согтсон байх гэж бодож байна...” /2 дугаар хх-ийн 178-179х/,

 Гэрч М.Хатанбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...уг дуудлага өгөгч нь өөрөө нэлээд согтолттой байсан бөгөөд гудамжаар зодсон гэх этгээдийг хайгаад явж байхад гудамжинд явж байсан Энхтөрийн Даваахүү гэх залууг энэ намайг зодсон гэхээр нь Даваахүү гэгчийг түр саатуулсан. Даваахүү нэг үүргэвч үүрсэн байсан үүргэвчин дотор нь хамгаалагчийн хувцас байсан мөн эвдэрхий унтарсан гадна талаар нь скочидсон Нокиа маркийн гар утас, хаан банкны виза карт байсан...” /2 дугаар хх-ийн 181х/,

            Шинжээч эмчийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн дүгнэлт:

“...У.Азбаярын биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамрын

нуруу, баруун нүдний гадна булан, баруун, зүүн хацарт зулгаралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /2 дугаар хх-ийн 186х/,

Шүүгдэгч Э.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...тэр үед уур хүрээд газраас босч ирээд Азбаярын нүүрэн тус газарт нь 1 удаа толгойгоогоороо мөргөсөн. Азбаярын биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна...” /2 дугаар хх-ийн 197х/  болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийн бүрдэл хангагдсан гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Э.Д нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд  хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар 8 удаа авсан, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрхийг 2 удаа  завдсан, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 зүйлийн 3 дах хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад заасан 1 гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Дгээс хохирогч Ч.Очирт 294,920 төгрөг, К.Буянхишигт 670,800 төгрөг, Г.Цэцэнмандахад 300,000 төгрөг, Б.Даринчулуунд 202,700 төгрөг, О.Ууганбаярт 256,000 төгрөг, Ц.Даваажаргалд 154,000 төгрөг, М.Очирбатад 320,000 төгрөг, Г.Үүрийнтуяад 155,000 төгрөг, М.Амарсанаад 150,000 төгрөг тус тус олгуулахаар шийдвэрлэв.

Шүүх, шүүгдэгч Э.Дд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохиролын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, хувийн байдлыг нь харгалзан хорих оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчид Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 465 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 11 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 4 сар 26 хоногийн ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 62 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 4 сар 88 хоногоор тогтоов.

Шүүгдэгч Э.Дд нь энэ хэрэгт 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 88 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт баримтаар хураагдан ирсэн 85 см урттай нарийн төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утсгахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                              

                                                                                                             ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Урьдынхан овогт Энхтөрийн Даваахүүг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Э.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 зүйлийн 3 дах хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Дгийн 2 /хоёр/ жилийн хорих ял дээр 500 цаг нийтэд  тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоног хорих ялд шилжүүлэн 62 хоног хорих ялыг нэмж нэгтгэн 2 жил 62 хоногийн хугацаагаар биечлэн эдлэх ялыг тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 465 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 11 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 4 сар 26 хоногийн ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 62 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 4 сар 88 хоногоор тогтоосугай.

5. Шүүгдэгч Э.Дд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Дгийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 88 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дгээс хохирогч Ч.Очирт 294,920 төгрөг, К.Буянхишигт 670,800 төгрөг, Г.Цэцэнмандахад 300,000 төгрөг, Б.Даринчулуунд 202,700 төгрөг, О.Ууганбаярт 256,000 төгрөг, Ц.Даваажаргалд 154,000 төгрөг, М.Очирбатад 320,000 төгрөг, Г.Үүрийнтуяад 155,000 төгрөг, М.Амарсанаад 150,000 төгрөг тус тус олгосугай.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 85 см урттай нарийн төмрийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

       10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          П.АРИУНБОЛД