| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2016/01325/И |
| Дугаар | 01216 |
| Огноо | 2016-10-03 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 01216
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Наран баг 65 дугаар гудамж 02 тоотод оршин суух, Өөлд овгийн Өлзийбатын Буянхишигийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Шанд баг, 29 гудамж 07 тоотод оршин суух Боржигин овгийн Содномцэрэнгийн Отгонбаярт холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ө.Буянхишиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.Буянхишиг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2010 оны 3 дугаар сард С.Отгонбаяртай танилцаж, 2012 оноос Наран баг 65-2 тоотод С.Отгонбаяр, түүний охин О.Эрдэнэзаяатай хамт амьдрах болсон. 2014 оны 06 дугаар сарын 05-нд охин О.Чинхүслэн төрсөн. Хамт амьдрах хугацаанд ахуйн зөрчлөөс болж 2016 оны 01 дүгээр сараас тусдаа амьдрах болж салж явахдаа эд хогшил болох бүхнээ ачиж хоосон гэрт О.Чинхүслэн охины хамт үлдсэн. Миний бие хөдөлмөрийн чадвараа 69 хувь алдсан группэд байдаг. Охин О.Чинхүслэн 2 настай үеийн хүүхдүүдийн адил явж чаддаггүй хөл муутай асаргаа их шаардлагатай байдаг. Иймд хүүхдийн эцэг С.Отгонбаяраас тэтгэмж тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Ө.Буянхишигийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Буянхишиг бид хоёрын дундаас охин Чинхүслэн 2014 оны 06 дугаар сарын 05-нд төрсөн. Чинхүслэн миний хүүхэд мөн учраас маргах зүйл байхгүй, хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Буянхишигтэй хамт амьдрахдаа 13 настай охинтойгоо гэр бүл болсон. Нэг гэрт амьдраад би цалингаараа гэр худалдан авч тавьсан. Бид нар өөрсдийн гэсэн хашаа газар байхгүй байсан тул Буянхишигийн ээжийн хашаанд нь амьдарч байсан. Буянхишиг бидний салж тусдаа амьдрах болсон шалтгаан бол миний охин Эрдэнэзаяатай эхнэр маань ойлголцдоггүй байсан юм. Би Заамарт байдаг Эко Алт ХХК-д ажилладаг, нэг удаа явахдаа 30 хоног ажиллаж 15 хоног амардаг. Том болж байгаа охинтой маань ойлголцож ээж охин 2 шиг байж чадахгүй байсан учир бид хоорондоо маргалдаж муудалцдаг байсан. Би салаад явахдаа өөрийнхөө цалингаар авсан эд хөрөнгөө авч явж, харин гэрээ зарим нэгэн эд хөрөнгөтэйгөө үлдээсэн. Хоосон гэрт үлдээсэн гэж хэлж болохгүй байх, харин би одоо гэр худалдан авч чадаагүй, охиныхоо хамт төрсөн дүүгийндээ амьдарч байна. Урьд нь би амьдрал зохиож алдаж эндэж явсан тул Буянхишигтэй амьдрахыг л хичээсэн. Гэвч амьдрал бас болсонгүй тул цаашид хамт амьдрах боломжгүй юм гэдгийг хэн хэн нь ойлгосон байх. Охин Чинхүслэн 8 дугаар сард би өөрөө Улаанбаатар луу авч явж эмэнэлэгт үзүүлсэн, охиныг 2 хөлийн шөрмөсний хагалгаанд оруулах шаардлагатай гэсэн ба хүйтний улиралд хагалгаа хийнэ гэж хэлсэн, охин маань бүр явж чаддаггүй хүүхэд биш явах нь явна, явахдаа өсгийгээрээ гишгэж чадахгүй өлмий дээрээ явдаг, хүүхдээ хагалгаанд оруулах үед нь би хамт явж энэ асуудалд анхаарал тавина. Охин О.Чинхүслэнгийн эцэг мөн тул хүүхдэдээ тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Буянхишигийн нэхэмжлэлтэй Отгонбаяр надад холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанд би оролцох боломжгүй тул намайг байцуулахгүйгээр шүүх хуралдаан хийхийг зөвшөөрч байнна. Би Заамарт Эко Алт ХХК-д ажилладаг ба одоо амарч байгаа бөгөөд удахгүй ажил руугаа явна. 30 хоног ажиллаад 15 хоног амардаг учир шүүх хуралдааныг намайг байцуулахгүйгээр хийхийг зөвшөөрч байна гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт О.Чинхүслэнгийн төрсөний гэрчилгээний хуулбар, Наран багийн засаг даргын тодорхойлолт, 6 дугаар цэцэрлэгийн тодорхойлолт, Элбэрэлт-Үйлс өрхийн эмнэлэгийн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Ө.Буянхишиг нь хариуцагч С.Отгонбаярт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Ө:Буянхишиг, С.Отгонбаяр нар нь 2010 онд танилцаж хамтран амьдрах болсон байх бөгөөд 2014-06-05-ны өдөр охин С.Чинхүслэнг төрүүлсэн болох нь төрсөний гэрчилгээний хуулбар зохигчдын тайлбараар батлагдаж байна.
Зохигчид нь гэр бүл болж эхнэр нөхрийн журмаар амьдарч байсан байх боловч гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байна. Хариуцагч С.Чинхүслэнг өөрийнх нь охин гэдгийг хүлээн зөвшөөрч энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй байна. Иймд С.Отгонбаярыг С.Чинхүслэнгийн төрсөн эцгээр тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах үндэстэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2014-06-05-нд төрсөн охин С.Чинхүслэнг эх Ө.Буянхишигийнх нь асрамжинд үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2-д заасныг баримтлан бүс нутагт тогтоосон амьжиргааны доод төвшингийн 50 хувиар 11 нас, амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 11-16 нас, / суралцаж байгаа бол 18 нас / хүртэл нь тэтгэлэг тогтоон эцэг С.Отгонбаяраар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
2.Гэрлэгчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурьдсугай.
3.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж төрийн санд оруулсугай.
4. Монгол Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар хүүхэд эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнга уулзах эрхтэйг, Гэр бүлийн тухай хуулийн 26, 38 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх талаар адил тэгш эрх, үүрэгтэйг заасугай.
5. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН