Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2026/00934

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

  Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 197/ШШ2026/04145 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 11,424,145 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов. 

ХЯНАВАЛ:

  1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв. 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 11,424,145 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Нэхэмжлэгч нь хариуцагч компанийн захиалгаар Баянзүрх дүүргийн ******* дугаар хороонд байрлах Сансар дэлгүүрийн гадна талбайн хуучин хашлага хуулж, авто хашлага тавих, явган зам барих, асфальт бетон талбай хийх ажлыг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 06 дугаар сарын 04-ний өдрийн хугацаанд гүйцэтгэсэн, хариуцагчаас ажлын хөлсөнд 38,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон байна.

4.Нэхэмжлэгч нь ажлын гүйцэтгэл 49,424,145 төгрөгөөс үлдэгдэл 11,424,145 төгрөг гаргуулна гэж шаардсаныг хариуцагч нь үндсэн материалыг худалдан авч өгсөн учир ажил 39,000,000 төгрөгт багтана гэж татгалзсан.

Зохигчийн тайлбараас үзэхэд, нэхэмжлэгч анх 55,332,000 төгрөгийн үнийн санал гаргасан байх ба талууд үүнээс материал, холбогдох тээврийн зардлыг хасаж 49,424,145 төгрөгөөр тохиролцсон гэж нэхэмжлэгч тайлбарласан.

Нэхэмжлэлд хавсаргасан 49,424,145 төгрөгийн тооцоололд явган хавтан, асфальт бетоны үнэ, эдгээрийн тээврийн зардал ороогүй байх боловч ажлын тоо хэмжээ нэмэгдсэн, үүнд хариуцагч маргаагүй, харин ажлын нэгж үнийг хэрхэн тооцох нь маргааны зүйл болжээ. Энэ тохиолдолд талууд нэгж үнийг хэрхэн тогтоосон, ямар баримт, тооцоонд үндэслэсэн болох нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Гэвч анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгч нь материалын үнэ хасагдсантай холбоотойгоор үнийн санал дахь нэгж үнийг буулгасан гэснээс өөр зүйл тайлбарлаж чадаагүй, хариуцагч нь уг асуудлаар тодорхой байр суурь илэрхийлээгүй. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтыг дүгнэх боломжгүй байх тул маргааны зүйлийг тодруулах, талуудыг мэтгэлцээнд чиглүүлэх чиг үүргээ анхан шатны шүүх зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

5.Үүнээс гадна шүүх хуралдааны тэмдэглэлд цахим нотлох баримт судалсан талаар тусгасан байх ба 99073534 дугаараас 99100929 дугаар руу харилцсан 7 хуудас вайбэр чатыг цахимаар судлав гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт хэргийн нотлох баримт тогтоогдох нотолгооны хэрэгслийг тодорхойлсон ба дээрх ажиллагааг нотолгооны ямар хэрэгсэл гэж үзсэн нь тодорхой бус, мөн уг ажиллагаагаар ямар нөхцөл байдал илэрснийг тусгаагүй тул нотлох баримтын түвшинд үнэлэх боломжгүй. Гэтэл анхан шатны шүүх уг баримтыг шийдвэрийн үндэслэл болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

6.Мөн нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч харилцаж байсан чатанд үнийн санал, тооцоо тодорхой байгаа үндэслэлээр утаснаас цахим баримт судлуулах хүсэлт гаргаж шинжээч томилуулах хүсэлтээсээ татгалзжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан чиглүүлэх шүүхийн үүрэг зохигчийн хүсэлтийг хянан шийдвэрлэхэд мөн хэрэгжих бөгөөд ингэхдээ талуудын маргааны зүйлийг зөв тодорхойлж, улмаар мэтгэлцэх нөхцөлийг хангахад чиглэгдэх буюу хүсэлтэд дурдсан нотлох баримт нь хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай ямар баримтат мэдээллийг агуулж байгааг зохигч ойлгож хүсэлтээ тодорхойлох учиртай.

Дээр дурдсанчлан цахим баримтаар маргааны үйл баримт тогтоогдоогүй нөхцөл байдлыг шүүх анхаарч, уг асуудлаар тусгай мэдлэг шаардагдах буюу өмнө гаргасан шинжээч томилуулах хүсэлтээ дэмжих эсэхийг нэхэмжлэгчээс тодруулах нь мэтгэлцэх зарчмыг зөрчихгүй болно.

7.Хэргийн баримтаар маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүйгээс давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 197/ШШ2026/04145 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 197,736 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхийг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ    Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД    Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Д.ЗОЛЗАЯА