Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2026/00933

 

 

 

*******ХХН-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 197/ШШ2026/02153 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ХХН-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******холбогдох

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хөлс болон алдангид 1,590,270 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов. 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч *******ХХН нь хариуцагч *******холбогдуулан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хөлс 1,060,180 төгрөг, алданги 530,090 төгрөг, нийт 1,590,270 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Талуудын хооронд 2024.09.15-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр *******ХХН нь сууц өмчлөгчдийн зардлыг төлүүлэх талаар хууль зүйн туслалцаа үзүүлэх, сууц өмчлөгчдийн холбооны нэрийн өмнөөс төлбөр барагдуулах ажиллагааг хийх, шүүхэд хандаж шийдвэрлүүлэх, *******сууц өмчлөгчдийн холбоо нь хөлс төлөхөөр харилцан тохиролцжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн.

 

4.Нэхэмжлэлд дурдсан 4 сууц, үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийн нийт дүн 3,534,200 төгрөг, үүнээс ажлын хөлсийг 30 хувиар тооцоход 1,060,260 төгрөг болох боловч нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 1,060,180 төгрөгөөр тодорхойлсон тул талуудын зарчмын дагуу уг дүнгээр тооцно.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 424 дүгээр байрны 9 тоот сууцны төлбөрт холбогдох хөлс 47,280 төгрөгийг хүлээн авсан үндэслэлээр алданги 23,640 төгрөгийн хамт нийт 70,920 төгрөгт холбогдох хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрсөн тул энэ талаар нэмж дүгнэх шаардлагагүй байна.

5.Нэхэмжлэгч нь гэрээний дагуу 421 дүгээр байрны 1 тоот сууцны төлбөр 1,350,000 төгрөг, 19 тоот сууцны төлбөр 907,600 төгрөг, 48 тоот сууцны төлбөр 1,119,000 төгрөг, нийт 3,376,600 төгрөг төлөгдсөн үндэслэлээр ажлын хөлсөнд 1,012,900 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

Хариуцагч нь 421 дүгээр байрны 19, 48 тоот сууцуудын төлбөрийг өөрөө эвлэрлийн гэрээ байгуулж барагдуулсан, мөн 1 тоот *******дэлгүүртэй холбоотой шүүхийн маргаан тодорхой үр дүнд хүрээгүй үндэслэлээр хөлс төлөхөөс татгалзжээ.

 

5.1.Хэрэгт 421 дүгээр байрны 19 тоот сууцны төлбөрт 1,047,800 төгрөгийг 2025 оны 02 дугаар сард төлөх тухай *******гийн зөвшөөрлийг баталсан Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.02.18-ны өдрийн 197/ШШ2025/01323 дугаар захирамж авагдсан.

Хариуцагчийн татгалзалд хавсаргасан СӨХ-той эвлэрлийн гэрээ байгуулж төлбөрөө барагдуулсан тухай *******гийн 2025.10.30-ны өдрийн тодорхойлолт, түүнтэй байгуулсан 2025.01.27-ны өдрийн эвлэрлийн гэрээг дээрх шүүгчийн захирамжтай харьцуулж үзэхэд төлбөр төлөх нөхцөл нь адил байна. (хх-26, 47, 48)

 

5.2.Мөн 421 дүгээр байрны 48 тоот сууцны төлбөрт 1,257,000 төгрөгийг 2025 оны 01-05 дугаар сард хэсэгчлэн төлөх талаар *******болон сууц өмчлөгчдийн холбоо эвлэрснийг баталсан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.02.10-ны өдрийн 192/ШШ2025/01141 дугаар захирамж хэрэгт авагдсан.

Хариуцагчийн татгалзалд хавсаргасан СӨХ-той харилцан тохиролцож хуваарийн дагуу төлбөрийг бүрэн төлсөн тухай *******ийн 2025.10.30-ны өдрийн тодорхойлолтын агуулга дээрх шүүгчийн захирамжаас зөрүүгүй байна. (хх-24, 52)

 

5.3.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025.03.28-ны өдрийн 197/ШШ2025/03215 дугаар шийдвэрээр 421 дүгээр байрны 1 тоот үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрт *******ХХК-аас 1,483,500 төгрөг гаргуулж сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,080,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба уг шийдвэрт гаргасан давж заалдах гомдлоосоо *******сууц өмчлөгчдийн холбоо татгалзсан тул Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.12.05-ны өдрийн 210/ШТ2025/00685 дугаар тогтоолоор түүнийг гомдол гаргаагүйд тооцжээ. (хх-35-44)

 

5.4.Дээрх баримтуудыг талуудын тайлбартай харьцуулж үзэхэд нэхэмжлэгч нь 421 дүгээр байрны 19, 48 тоот сууцуудын төлбөрийг барагдуулах талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, үүний дагуу *******, *******нар шүүхэд хүрэлцэн ирж зохих тайлбараа өгсөн, улмаар шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болсон байх тул хариуцагчийн гаргасан эдгээр төлбөрийг өөрөө эвлэрлийн гэрээ байгуулж барагдуулсан гэх татгалзал, энэ агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Түүнчлэн 421 дүгээр байрны 1 тоот үл хөдлөх эд хөрөнгийн төлбөртэй холбоотой маргааны хувьд, анхан шатны шүүхийн шийдвэрт гаргасан давж заалдах гомдлоосоо *******сууц өмчлөгчдийн холбоо татгалзсан тул шүүхийн маргаан тодорхой үр дүнд хүрээгүй, ажиллагааны талаар мэдээлэл өгөөгүй, шийдвэрийг танилцуулаагүй гэх татгалзал мөн үндэслэлгүй, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Иймээс нэхэмжлэгч нь гэрээний 5.1.2, 5.2.2-т заасан хувь хэмжээ, хугацааг үндэслэн хөлс төлөхийг хариуцагчаас шаардсан нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасанд нийцсэн. Анхан шатны шүүх хариуцагчаас 1,012,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

6.Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 506,450 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Талуудын байгуулсан гэрээний 6.1-д үйлчлүүлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг өмгөөллийн нөхөрлөлд төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэнийг шүүх зөв дүгнэсэн.

Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэхээр Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт заасан ба гэрээний 5.2.2-т хариуцагч нь авлагыг бодитой хүлээж авсан тухай бүрд нэхэмжлэгчид хөлсийг хуанлийн 2 хоногийн дотор төлөхөөр тохиролцжээ.

Нэхэмжлэгч нь 2025.06.30-ны өдөр цахим шуудангаар төлбөрийн нэхэмжлэх хүргүүлсэн ба хариуцагч нь 421 дүгээр байрны 19, 48 тоот сууцны төлбөртэй холбоотой хөлс нийт 607,900 төгрөгийг төлөөгүй, 1 тоот үл хөдлөх эд хөрөнгийн төлбөртэй холбоотой шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2025.12.05-ны өдөр дуусгавар болсон байна.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх ба дээрх 421 дүгээр байрны 1 тоотын хувьд хариуцагчийг хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэх үндэслэлгүй. Анхан шатны шүүх энэ талаар зохих дүгнэлт хийгээгүйг ийнхүү залруулна.

Иймд хариуцагч нь 421 дүгээр байрны 19, 48 тоот сууцны төлбөрт тооцогдох алдангид 303,950 төгрөг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй, харин 1 тоот үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрт алданги 202,500 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гэрээг 2025.06.30-ны өдөр цуцалсан гэж дурдсан боловч хэрэгт энэ талаар баримт авагдаагүй тул гомдол үндэслэлгүй болно.

 

7.Дээрх үндэслэлээр хариуцагчаас хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт хөлс 1,012,900 төгрөг, алданги 303,950 төгрөг, нийт 1,316,850 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 202,500 төгрөг болон хариуцагчийн гомдлоос нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн дүн болох 70,920 төгрөг, нийт 273,420 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 197/ШШ2026/02153 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******сууц өмчлөгчдийн холбооноос 1,316,850 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ХХН-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 273,420 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын ...хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 40,395 төгрөг гаргуулж... гэснийг хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 36,020 төгрөг гаргуулж гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******сууц өмчлөгчдийн холбооноос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 40,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхийг дурдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ    Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД    Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Д.ЗОЛЗАЯА