Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 93

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч Ц.Батзориг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхболд,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Д.Б-д холбогдох эрүүгийн 1926001260080 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, урьд Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 55 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2.915.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Боржигон овогт Д.Б

Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Д.Б нь орчиндоо аюул учруулж болох амьтан болох өөрийн өмчлөлийн шар зүсмийн нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 10 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн 4 дүгээр гудамжны 29 тоот хашааны орчимд тус нохой нь иргэн Д.М-н баруун хөлийн шилбэ хэсгийг хазаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтанд болсон явдлыг хэлсэн. Одоо нэмж ярих зүйл байхгүй. Нохойгоо уяагүйн улмаас манай нохой хүн урсан гэдэгт гэмшиж байна” гэв.

Хохирогч Д.М-н мөрдөн байцаалтанд өгсөн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өглөө 10 цагийн орчимд би хийд орж ном уншуулах гэж гэрээсээ гараад 6 дугаар багийн 4 дүгээр гудамжаар явган явж байтал тухайн гудамжны 29 тоот болох баруун тийш харсан хаалгатай хашаанаас шар зүсмийн нохой гарч ирээд над руу дайрахаар нь цүнхээрээ саваад яв гэсэн. Тэгээд би айсандаа газар унасан. Гэтэл тэр нохой миний баруун хөлийн шилбийг урчихсан. Тэгээд дахиад урах гээд дайраад байхаар нь би арай гэж хөөж явуулчихаад цаашаа яваад гудамжны үзүүрт байсан мотоцикльтой таксинд суугаад гандан орж номоо бичүүлсэн. Тухайн үед миний хөл янгинаад халуу шатаад байсан, номоо бичүүлчихээд өмдөө сөхөөд хартал миний хөлнөөс нэлээд их цус гарсан байсан. Бас хөлийн баруун урд хэсэгт нэлээн том газарт нэлээд олон соёо орчихсон, ярагдсан байсан. Тэгэхээр нь би дахиж мотоцикльтой такси аваад  намайг урсан нохойны эзэн айлд очоод, танай нохой намайг урчихсан, миний хөл нэлээд өвчинтэй байна, эмнэлэг орж боолт хийлгэх гэж явна гэж хэлсэн. Тэр нохойны эзэн айлаас нэг эмэгтэй хүн гарч ирсэн, тэгээд нөхөртөө хэлье гэсэн. Тэгээд эмнэлэг дээр ирээд Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүлээн авах дээр үзүүлэх гэсэн чинь “боолтын газар очиж боолт хийлгэ” гэхээр нь боолт хийлгэх газар нь очоод О эмчид үзүүлсэн чинь оёо тавиул гэсэн. Тэгээд оёо тавьсан, миний баруун хөлийн нохойд уруулсан хэсгийн арьс нь хууларсан байсан болохоор хажууд нь унжиж байсан бага зэргийн арьсаар нөхөөс хийж оёо тавьсан. ...Тэрнээс хойш би 19 хоног Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаад гарсан бөгөөд гадуур эмчилгээ хийлгэж байна. ...Д.Б гэдэг айлын шар зүсмийн нохой байсан. ...Д.Б миний хохирлыг бүрэн барагдуулсан байгаа тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний эмчилгээний зардал болох нийт 650.000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулсан. ...Миний хөл одоо зүгээр болсон. Ямар нэг өвчин зовиур байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 14-17 дугаар хуудас/,

Гэрч Р.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр манай эхнэр Д.М 10 цаг өнгөрч байхад хийдэд ном уншуулах гээд гэрээсээ ганцаараа явган гарсан юм.  Тэгээд гудамжаар алхаж явахад нь шар зүсмийн нохой дайраад баруун хөлийнх нь шилбийг юу ч үгүй урчихсан байна лээ. Манай эхнэр утсаар залгаад би нохойд уруулчихаад Бүсийн оношилгоо эмчилгээний төв дээр хөлөө боолгож байна гэхээр нь би эмнэлэгт ирсэн. ...Тэр нохойны эзэн Д.Б гэх хүн эхнэр бид хоёрыг 3 удаа эмнэлэгт хүргэж өгсөн. Бас анх боолт хийлгэж эмчлүүлэхэд орсон зүйлийг авч өгсөн. Мөн 100.000 төгрөг нэг удаа эмчилгээ хийлгэ гэж өгсөн. Дараа нь 50.000 төгрөг бас эмчилгээ хийлгэ гэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Гэрч Л.Урангоогийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Манай гэр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн 4 дүгээр гудамжны 29 тоотод байдаг юм. Манайх шар зүсмийн том нохойтой юм. ...2019 оны 02 дугаар сард цагаан сарын хойхно, яг өдрийг сайн санахгүй байна, манай хашааны хаалгыг нүдээд байхаар нь гарсан чинь нэг эмэгтэй хүн нохойд чинь уруулчихлаа гээд хашааны гадаа зогсож байсан. Тэгэхээр нь би нохойгоо харсан чинь уяан дээрээ байгаагүй, хашаанаас гараад явсан байсан. Би нохойд уруулсан хүний хөлийг нь харсан чинь, хөлийнх нь шагайнаас дөнгөж дээгүүр нь нохойд уруулсан бололтой шарх байсан. Тэгэхээр нь нөхөр лүүгээ утсаар хэлсэн. ...Тухайн үед манай хашааны хаалга онгорхой байсан. Харин манайх нохойгоо уячихсан байсан чинь суларчихсан байна лээ. Яаж суларсан талаар мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

Гэрч Д.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Манай баруун талд байдаг Д.Б гэх айл шар зүсмийн нохойтой, тэр нохой нь 10 орчим жил Д.Б-д байсан. Тэдний өөрийнх нь нохой байгаа юм. Саяхан нохой нь хүн урчихсан гэж сонссон. ...Хашаанд нь өөр айл байдаггүй болохоор Д.Б-н өөрийнх нь нохой байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Гэрч Д.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн “... Д.М гуай манай тасагт 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн. Д.Мөнхтогтох гуайн биеийн байдлыг үзэхэд нохойд уруулсан шарх нь нилээд бохирдсон байсныг цэвэрлэж эмчилгээ хийсэн. ...Арьс нь үхэжсэн байсан. Тэгээд эмчилгээ хийлгээд арьс нөхөх хагалгаанд ороод гарсан. ...Одоо биеийн байдал зүгээр байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 762 дугаартай “...Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 178 дугаартай шинжээчийн... Үзүүлэгч Д.М-н биед баруун хөлийн шилбэний хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлийн баруун хөлийн шилбэний гадна дээд хэсэгт үүссэн шарх гэмтэл нь мэс заслын үед ир үзүүр бүхий хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, баруун хөлийн шилбэний гадна доод хэсэгт үүссэн шарх гэмтэл нь амьтанд хазагдсанаас үүссэн байх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 62 дугаар хуудас/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 192600126 дугаарай тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэсдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, 

Тавьж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-11 дүгээр хуудас/,

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 30 дугаартай 30 дугаартай албан бичиг /хх-ийн 69 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Д.Б-н хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх-ийн 68-79, 101 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Д.Б-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Д.Б нь орчиндоо аюул учруулж болох амьтныг буюу өөрийн өмчлөлийн шар зүсмийн нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 10 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн 4 дүгээр гудамжны 29 тоот хашааны орчимд тус нохой нь иргэн Д.Мөнхтогтохын баруун хөлийн шилбэ хэсгийг хазаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Д.Б-н мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.М-н “...2019 оны 02 дугаар сарын 11-ний өглөө 10 цагийн орчимд би Ганданпунцоглин хийд орж ном уншуулах гэж гэрээсээ гараад 6 дугаар багийн 4 дүгээр гудамжаар явган явж байтал тухайн гудамжны 29 тоот болох баруун тийш харсан хаалгатай хашаанаас шар зүсмийн нохой гарч ирээд над руу дайрахаар нь цүнхээрээ саваад яв гэсэн. Тэгээд би айсандаа газар унасан. Гэтэл тэр нохой миний баруун хөлийн шилбийг урчихсан. Тэгээд дахиад урах гээд дайраад байхаар нь би арай гэж хөөж явуулчихаад цаашаа яваад гудамжны үзүүрт байсан мотоцикльтой таксинд суугаад гандан орж номоо бичүүлсэн. Тухайн үед миний хөл янгинаад халуу шатаад байсан, номоо бичүүлчихээд өмдөө сөхөөд хартал миний хөлнөөс нэлээд их цус гарсан байсан. Бас хөлийн баруун урд хэсэгт нэлээн том газарт нэлээд олон соёо орчихсон, ярагдсан байсан” /хх-ийн 14-17/ гэсэн мэдүүлэг, гэрч Р.Д-н “...2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр манай эхнэр Д.М 10 цаг өнгөрч байхад Арвайхээр сумын 3 дугаар багт байх хийдэд ном уншуулах гээд гэрээсээ ганцаараа явган гарсан юм.  Тэгээд гудамжаар алхаж явахад нь шар зүсмийн нохой дайраад баруун хөлийнх нь шилбийг юу ч үгүй урчихсан байна лээ. Манай эхнэр утсаар залгаад би нохойд уруулчихаад Бүсийн оношилгоо эмчилгээний төв дээр хөлөө боолгож байна гэхээр нь би эмнэлэгт ирсэн. ...Тэр нохойны эзэн Д.Б гэх хүн эхнэр бид хоёрыг 3 удаа эмнэлэгт хүргэж өгсөн” /хх-ийн 21-22/ гэсэн мэдүүлэг, гэрч Л.У-н “...2019 оны 02 дугаар сард цагаан сарын хойхно, яг өдрийг сайн санахгүй байна, манай хашааны хаалгыг нүдээд байхаар нь гарсан чинь нэг эмэгтэй хүн нохойд чинь уруулчихлаа гээд хашааны гадаа зогсож байсан. Тэгэхээр нь би нохойгоо харсан чинь уяан дээрээ байгаагүй, хашаанаас гараад явсан байсан. Би нохойд уруулсан хүний хөлийг нь харсан чинь, хөлийнх нь шагайнаас дөнгөж дээгүүр нь нохойд уруулсан бололтой шарх байсан. Тэгэхээр нь нөхөр лүүгээ утсаар хэлсэн” /хх-ийн 24-25/ гэсэн мэдүүлэг,  гэрч Д.Э-н “...тэр нохой нь 10 орчим жил Д.Б-д байсан. Тэдний өөрийнх нь нохой байгаа юм. Саяхан нохой нь хүн урчихсан гэж сонссон. ...Хашаанд нь өөр айл байдаггүй болохоор Д.Б-н өөрийнх нь нохой байгаа юм” /хх-ийн 26-27/ гэсэн мэдүүлэг, гэрч Д.Б-н “...Д.Мөнхтогтох гуай манай тасагт 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн. Д.М гуайн биеийн байдлыг үзэхэд нохойд уруулсан шарх нь нэлээн бохирдсон байсныг цэвэрлэж эмчилгээ хийсэн. ...Арьс нь үхэжсэн байсан. Тэгээд эмчилгээ хийлгээд арьс нөхөх хагалгаанд ороод гарсан. ...Одоо биеийн байдал зүгээр байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29/, хохирогч Д.М-н биед хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 178 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62/, Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 192600126 дугаарай тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-8 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-11 дүгээр хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад баримтууд  зэрэг болно.

Шүүгдэгч Боржигон овогт Д.Б-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс шүүгдэгч Д.Б-г орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүгдэгчид оногдуулах ялын саналыг прокурор гаргаж түүнийг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт   “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг 90 хоногийн дотор… биелүүлэх үүрэгтэй”, мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.2-т “...энэ хуулийн 160.1-т заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураараа биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтаны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно” гэж заасан байх тул  шүүх торгууль төлөх хугацааг хэсэгчлэн төлөх хугацаа заалгүйгээр хуульд заасан хугацаанд төлж барагдуулах нь зүйтэй гэж үзэж хэсэгчлэн төлөх хугацаа тогтоогоогүй болно. Харин шүүгдэгч нь торгуулын ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлэх нь зүйтэй байна.    

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,

Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурьдаж,

Шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Д.Б-г орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Д.Б-г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

4. Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.