Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2019/ШЦТ/77

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Д.Бат-Өлзий,

Нарийн бичгийн дарга: Н.Ням,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Цогтбаяр,

Шүүгдэгч: С.Г- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Бат-Өлзий шүүгдэгч М- овогт С-гийн Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1927001790063 дугаартай, 146/2019/0072/Э индекстэй хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                     Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Бүрд сумын 4 дүгээр багт оршин суудаг, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ___ регистрийн дугаартай, М овогт С-гийн Г-.

                                   Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Г- нь 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 18 цаг 30 минутын орчимд Өвөрхангай аймгийн Бүрд сумын 4 дүгээр багийн нутаг “___” гэх газарт байх өөрийн гэртээ эхнэр Я.О-ыг зодож, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгч С.Г- нь 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 18 цаг 30 минутын орчимд Өвөрхангай аймгийн Бүрд сумын 4 дүгээр багийн нутаг “___” гэх газарт байх өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Я.О-ыг зодож, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г- мэдүүлэхдээ: ...Би эхнэртэйгээ 2019 оны 07 дугаар сарын 19-ний орой мөнгөнөөс болоод жаахан маргалдсан. Тэгэхээр нь би нэг өшиглөчихсөн. Миний буруу, маш их гэмшиж байна гэв.  

Шүүгдэгч С.Г- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2-3 хоног хонь хяргаж байгаад 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 12 цаг өнгөрөөгөөд Бүрд сумын төврүү явсан тэгээд Цэрэндэжид гэх эзэнтэй дэлгүүрт 47-48 кг ноос тушаачихаад төвийн колонкоос бензин авчихаад явж байтал манай бага ангид цуг сурч байсан Галаа гэх залуу бас 3 залуу би тэр гурвын нэрийг сайн мэдэхгүй байна. Галаа 0.5 л Улаанбаатар архи хоёрыг авчираад бид тав хувааж уугаад 15 цаг өнгөрч байхад гэрлүүгээ мотоциклоо унаад буцаад явсан. Тэгээд гэртээ ороод мөнгө төгрөг ярьж байгаад би уур хүрээд хөлрүү нь өшиглөсөн тэгсэн чинь эхнэр гараад урд хонь хашдаг хашааруу алхаад явчихсан. Тэгэхээр нь би мотоциклтой хажууд нь очиж зогсчихоод буцаад ээж Ш.Хоролсүрэнгийнд очоод айраг ууж сууж байгаад өөрийн төрсөн дүү С.Батдоржийнд ороод Я.О- энд ирсэн үү гэж асуухад манайд байхгүй гэхээр нь буцаж гараад ээжийнд ороод тэнд нилээн байж байсан. С.Батдоржийн жаахан хүүхдүүдтэй Я.О- тоглож байсан. Тэгээд байж байгаад орой болоод бид хоёр гэрлүүгээ алхаад явсан тэгээд гэртээ байж байгаад орой хотонд хонин дунд зогсож байхдаа эхнэр Я.О-ыг зүгээр л уур хүрээд алагдсан. Алагдсан чинь эхнэр Я.О- ээжийнх рүү алхаад явчихсан. Тэгэхээр нь байж байгаад араас нь мотоциклтой очсон чинь эхнэр ээжийнд байхгүй байсан. Би гадаа л байгаад байгаа юм байна гэж бодоод нээх тоогоогүй юм. Манай дүү С.Батдорж орой 9-10 цагийн үед Ланд-80 маркийн авто машинаар манай том хүүхдүүд болох Г.Г-, н.О- нарыг тосч авахаар Шар толгой гэх газарлуу эхнэртэйгээ хоёулаа явсан. Тэгээд манай хоёр хүүхэд ээжийнд ирээнд бид гурав урагшаа гэрлүүгээ алхаад явган харьсан. Гэрт орчихоод би Г.Г-ыг ээжийгээ олж ир хойгуур байгаа гэж хэлээд гаргасан. Г.Г- мотоциклтой явсан. Тэгээд би охинтойгоо унтаад өгсөн байсан. Өглөө сэрээд харахад Г.Г- ирээд унтаж байсан эхнэр ирээгүй байсан. Г.Г-ас би ээж чинь хаана байна гэж асуухад мэдэхгүй байхгүй байсан гэж хэлсэн. Тэгээд эхнэр тэр шөнөтэй нийлээд гурав хоног олдоогүй гуравдах өдрийн өглөө саравчинд амбаарт сууж байсан гэж төвөөс явж байсан нэг жолооч залуу олсон. Тэгээд эхнэрээ гэртээ оруулаад нөгөө хайлцаж байсан хүмүүс бүгд цуглаад манайхаас бүгд тараад намайг Шагай гэж дууддаг цагдаа төврүү аваад явсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар хуудас/,

Хохирогч Я.О- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Би 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 18 цаг 30 минутын үед гэртээ байж байсан чинь сумын төвөөс нөхөр С.Г- гэртээ согтуу, мотоцикль унасан ирээд гэрийн гадаа мотоциклио асаалттай орхиод гэртээ орж ирээд намайг зуухны өмнө гал түлээд байж байсан чинь шууд уурлан миний гуяа руу 2 удаа өшиглөхөөр нь би нөхрөөсөө зугтаагаад гэрээсээ гараад хонины хашаан дээр тохсон байсан хүүхдийн угаасан хувцасыг авчихаад буцаад гэр рүүгээ алхаж байтал нөхөр С.Г- мотоцикльтой миний өөдөөс “Гүйцээчихье, дайраад хаячихая” гэж хэлээд над руу ойртох үед миний баруун талын хөлийг мотоциклиороо хальт шүргэсэн юм. Тэгээд би тухайн үед хөл маань гайгүй болохоор нь гэртээ хүүхдүүдийнхээ хувцасыг оруулж тохчихоод гараад хадам ээж н.Хоролсүрэнгийн гэр рүү алхаж, хадам ээжийн гэрийн гадаа урд талд алхаж явах үед дахин нөхөр С.Г- араас мотоциклио асаагаад дахиад “Гүйцээчихье, дайраад хаячихая” гэж хэлээд араас ирэхээр нь бушуухан би хадам ээжийн гэрт орсон юм. Тэгээд хадам ээжийнд байж байхад М.Пүрэвсүрэн надад хэлэхдээ “та зугт зугт” гэж хэлэхээр нь би М.Пүрэвсүрэнтэй хамт Х.Батдоржийн гэр рүү орсон юм. Энэ үед М.Пүрэвсүрэн С.Г- дээр очоод “энд танай эхнэр байхгүй байна” гэж хэлээд хадам ээжийн гэрийн зүг дагуулаад явах шиг болохоор нь би гэрээс гарч Х.Батдоржийн гэрийн зүүн талд байсан машины хажуу талд орж нуугдсан юм. Тэгээд тэндээ хэсэг жаахан сууж байгаад гэрлүүгээ алхаж явтал араас мотоцикльтой ирж яваа харагдсан. Гэртээ ороод архи нь гарсан байх гэж бодоод байж байсан чинь дахиад уурлан намайг заамдаж авч “Гуйлгачин, гичий, зайлаарай” гэх мэтээр хэл амаар доромжилж, гэрийн гадаа гаргаж миний толгой хэсэг рүү гараараа хоёр удаа цохисон. Тэгээд би айсандаа гэрээсээ С.Г-ыг аргалж байгаад гарч зугтаан цагийг сайн санахгүй байна гэхдээ 22 цагаас 23 цагийн үед би Өвөрхангай аймгийн Бүрд сумын 4 дүгээр багийн нутаг Харанхуй гэх газарт байх өөрийнхөө өвөлжөөний гэрлүүгээ алхаж очоод гэрийнхээ хаалганы түлхүүр байхгүй байсан болохоор өвөлжөөны саравчинд тэр шөнөө хоносон. Тэгээд би 2019 оны 07 дугаар сарын 19-ний 22 цагаас 2019 оны 07 дугаар сарын 22-ны 06 цаг хүртэл гурван өдөр тэр өвөлжөөндөө байсан, ямар нэгэн айлд би очоогүй. Тэгээд би 2019 оны 07 дугаар сарын 22-ны 06 цаг өнгөрч байх үед бороо орох гээд байхаар нь зуслангийн гэрийн зүүн талд байдаг Х.Батдоржийн хаваржааны жижиг амбаарт очиж борооноос  хорогдож байж байсан чинь нэг мэдсэн унтчихсан байсан юм. Дараа нь 12 цагийн үед тэр хаваржаанд байж байх үед хүмүүс ирж намайг тэндээс гаргасан. Тэгээд гэртээ очиход манай хүргэн ах, хүргэн дүү, мөн манай эрэгтэй дүү нар болон сумын Засаг дарга, цагдаагийн хэсгийн төлөөлөгч нар ирчихсэн байсан. Тэгээд гэртээ хувцасаа солиод өөрийнхөө ойр зуурын зүйлсийг авчихаад цагдаагийн хэсэгрүү гэрийнхэнтэйгээ болон хэсгийн төлөөлөгчтэй хамт сумын төврүү явсан.

...Одоогоор миний баруун талын хөлний шилбэ хэсэг хөндүүртэй, хөхөрсөн байдалтай, мөн нуруу болон бөөр өвдөж байна. Миний өөд болсон эцгийг “Цэнхэр ягааны гуйлгачин” гэж хэл амаар доромжилж зоддог байсан, тухайн үед нь цагдаад хэлэлгүй өнгөрчихдөг байсан. Энэ удаад би гомдолтой байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

Гэрч Я.Саранчулуун мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гэртээ байж байтал төрсөн дүү болох Я.О-ы охин Г.Ганцэцэг Улаанбаатар хотоос ээж 2019 оны 07 дугаар сарын 19-ний орой гэрээсээ гараад одоо болтол ор сураггүй байна гэхээр нь Өвөрхангай аймгийн Бүрд сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч рүү залгаж дуудлага өгчихөөд 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 12 цаг өнгөрч байх үед Я.О-ыг гэрийнх нь зүүн талын хаваржааны саравчнаас олоод, алга болсон талаар нь асуухад нөхөр болох С.Г- нь зодож хэл амаар доромжилсон байсан. 2018 оны хавар 4 дүгээр сарын үед төрсөн дүү Я.О- нь нөхөр С.Г- нь нүд рүү нь гараараа цохиж хөхрүүлж байсан гэж ярьж байсан. Тухайн үед гэр бүлээ бодоод цагдаад хэлээгүй гэсэн. Сая зодуулж хэл амаар доромжлуулснаас болж дүү Я.О- гэрээсээ гараад сураггүй алга болоод бид нарт олдсон дахин ийм асуудал гарч магадгүй тул гэр бүлийн зүгээс гомдолтой байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Я.Саранчулууны дахин өгсөн: ...Өдөр 12 цагийн үед Х.Батдоржийн хаваржаа гэх саравчнаас олсон. Бүрднээс цуг хайлцаж байсан хүмүүсээс нэг нь тэндээс олсон. Саравчнаас гарч ирэхдээ хоёр хөл нь хавдсан, усны гуталтай явж байсан нь орохгүй муу уранхай гуталтай байсан. Энэ хоёр гэр бүл болоод хорь гаран жил болж байгаа ах дүү нартаа юу ч хэлдэггүй байсан. Бид хэд нилээн сүүлд л хонгон дээрээ хутгалуулсан зэргийг мэдсэн. 2019 оны 01 дүгээр сард Сансраас урагш Гурван хонхор гэх газар С.Г-, Я.О- хоёр нүүж. Ирсэн ямаагаа мотоцикль дээр авч яваал Сансарт аваачиж зараад архи уугаад байна л гэж яриад байдаг байсан. С.Г- их л архи уугаад байдаг юм шиг байсан. Я.О-ы нөхөр нь их агсан согтуу тавьдаг С.Г- эхнэрээ савны гадуур жирэмслэлт болсон байхад юу ч тоохгүй байсан. Я.О- гэрээсээ гараад бараг л мөлхөж н.Төмөрбаатар гэх айлд очиж орой нь дүү Я.Энхтүвшин хэлээд Я.Энхтүвшин ирээд гэрлүүгээ Салхит гэх газар луу авч яваад тэндээ хоноод өглөө нь босож чадахааргүй болчихсон байхаар нь өргөж машинд суулгаад Сансарын эмнэлэгт хүргэж өгсөн. Өвөрхангай аймгаас эмч нар очиж хагалгаа хийж байж амьд үлдсэн манай дүү тэр үед үхэх дөхсөн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,

Гэрч Х.Батдорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр С.Г- 08 цагийн үед гэрээсээ мотоцикльтой гараад явахыг харсан. Энэ өдөр өөр юм анзааралгүй амарцгаасан. 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ээж надад хэлэхдээ өчигдөр буюу 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр С.Г-ийн эхнэр нь болох Я.О-ыг сумын төвөөр хайгаад ирээрэй гэж хэлэхэд нь тэр өдөр нь ах С.Г- эхнэр Я.О-ыг хайгаад олоогүй гэж ээжид хэлсэн байхаар нь энэ өдөр С.Г-ийн хүү Г.Г-тай хамт сумын төв, хөдөөгүүр хайгаад мөн олдоогүй. 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр эгч Я.О- манай хаваржааны амбаар дотроос олдсон... гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

Гэрч М.Пүрэвсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Би 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүрд сумын 4 дүгээр багийн нутаг ___ гэх газар гэртээ байж байсан. Энэ өдөр С.Г- 16 цагийн үед сумын төвөөс мотоцикльтой согтуу гэртээ ирээд эхнэр Я.О-той маргалдаж байсан. Манай гэр С.Г-ийн гэр хоёр ойрхон болохоор тэр хоёрын яриаг сонсоход “Мөнгөө хаашаа хийсэн, ямаа самнасан мөнгө хаана байна” гэж загнаад гэрээ тойроод ар араасаа алхаад байсан. Тэгээд Я.О- эгч түрүүлээд хадам ээж болох н.Хоролсүрэнгийн гэрт ирэхэд хойноос нь мотоцикльтой С.Г- хадам ээжийн гэрлүү ирж байхаар нь эгч Я.О-ыг би өөрийн гэрлүүгээ оруулах үед С.Г- хадам ээжийн гэрт орж байгаа харагдсан. Дараа нь би гүүгээ саах цаг нь болчихоод гүүндээ явчихаад гэрлүүгээ ирж явтал манай машины зүүн талд нь С.Г-аас нуугдсан байдалтай эгч Я.О- байж байхаар нь машин дотор цэнэглэж байсан утас руу С.Г-ийн хүүхдүүд залгасан байхаар нь эргүүлж залгаад хаана уулзах талаараа ярьчихаад Я.О- эгчид хүүхдийг нь тосч авах талаар хэлээд Я.О- эгч машины хажууд үлдээд би гэрлүү явсан. Гэрээсээ гараад ирэхэд Я.О- эгч С.Г- хоёр уулзчихсан байсан. Тэгээд хоёр хүүхдийг нь тосох гээд нөхөр Х.Батдорж бид хоёр хөдлөх үед С.Г- манай гэрийн гадаа харин Я.О- эгч гэрлүүгээ явж байгаа харагдсан. Нөхөр бид хоёр хүүхдүүдийг нь тосоод гэртээ ирэх үед С.Г- хадам ээж н.Хоролсүрэнгийн гэрт байж байсан харин Я.О- эгч тухайн үед харагдаагүй. Энэ өдөр бид нар ингээд амарцгаасан. Маргааш нь буюу 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 21-ний өдөр хүртэл бэр эгч Я.О- ор сураггүй алга болсон байж байгаад 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр олдсон... гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

Гэрч Б.Мөнх-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Тухайн үед би Бүрд сумын төв дээр байсан. Одноо гэж дууддаг охин надад утсаар ээж алга болчихсон байна та төвөөр хайгаад үздээ гэхээр нь би төвөөр өдөржин хайж байгаад маргааш нь хөдөө очиж саравчаар хайсан. Тэр үед Мянга гэдэг захиргааны 69 маркийн автомашин унадаг нэг ах С.Г- ахын дүүгийн саравчнаас олоод надад хэлсэн. Тэгээд би очоод саравчинд орж хоёр савны араар харсан чинь байсан би дээлнээс нь татсан чинь босч ирсэн “Цонхигор царайтай байсан” тэндээс гэрт нь очиж байгаад сумын төврүү аваад явсан би харин хөдөө үлдсэн өөр зүйл сайн мэдэхгүй байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

Гэрч Я.Энхтүвшин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Тэр өдөр 08 дугаар сарын хэдэн байсан гэдгийг нь би сайн мэдэхгүй. Залгасны маргааш нь очоод хайсан эхний өдөр олдоогүй. Харин маргааш нь 11 цаг өнгөрч байхад гэрээс нь чанх зүүн тийш айлын саравчинд байхад нь С.Г-ийн дүү гээд нэг залуу олчихлоо энэ саравчин дотроос олчихлоо гэж бид нарт хэлээд бид нар очсон чинь уйлчихсан хачин царайтай бараг 3 хоносон хүн их сонин болчихсон байсан. Бүрд сумын төв орж шингэн хийлгээд тэндээсээ эгчийг аваад ээжийнд хүргэж өгсөн. Сүүлийн 2, 3 жилээс л архи уугаад байгаа дуулддаг байсан. Манайх ч хол байдаг болохоор нарийн зүйлийг нь сайн мэдэхгүй байна. Энэ жилээс л гар хүрдэг, зоддог гэх зүйлс дуулддаг болсон... гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Л.Амгалангийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “...1. Я.О-ы биед тархи доргилт, хуйхны зөөлөн эдийн гэмтэл, зүүн нүдний доод зовхи, зүүн гарын тохой, баруун хөлний шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтлүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцралууд нь хатуу мохоо зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Зулгаралт гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйл /шүд/-ийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Хатуу мохоо зүйл дээр унасанаас үүсээгүй гэмтлүүд байна. 3. Шинэ гэмтэл байна. Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн 370 тоот дүгнэлт /хх-ийн 21 дүгээр хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 01 дүгээр хуудас/,

Шүүгдэгч С.Г-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч С.Г- нь гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Я.О-ыг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж прокурорын газраас зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирсэн нь зүйлчлэл тохирсон байна.

            Шүүгдэгч С.Г- нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Я.О-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байх тул  шүүгдэгч С.Г-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Хохирогч Я.О-д шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд нэхэмжлэх зүйлгүй гэж бичгээр илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч С.Г- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

            Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт бичиг баримт хураагдаж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдав.

            Хэрэгт битүүмжлэгдэж ирсэн шүүгдэгчийн эзэмшлийн 700,000 төгрөгийн үнэ бүхий 9 настай 1 тооны үхрийг битүүмжилсэн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 52 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүйд тооцох нь зүйтэй.

                Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршиг зэргийг харгалзан торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                            ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт С-гийн Г-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Монгол овогт С-гийн Г-ыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Шүүгдэгч С.Г- энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт бичиг баримт хураагдаж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдэж ирсэн шүүгдэгчийн эзэмшлийн 700,000 төгрөгийн үнэ бүхий 9 настай 1 тооны үхрийг битүүмжилсэн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 52 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүйд тооцсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА