| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 197/2025/14060/И |
| Дугаар | 210/МА2026/00902 |
| Огноо | 2026-04-22 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2026/00902
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 197/ШШ2026/02541 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******т холбогдох
Гэм хорын хохирол 3,068,036 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан гэм хорын хохирол 3,068,036 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ хүү *******2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр сагсан бөмбөг тоглож байх үедээ *******тэй мөргөлдөж хамартаа гэмтэл авсан ... Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2786 дугаар тогтоолд тус үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн ... *******ийн болгоомжгүй үйлдлийн улмаас гэмтэл учирсан болох нь тогтоогдсон байх тул хохирлыг эмчлүүлэхэд гарсан зайлшгүй зардлыг нэхэмжилж байна гэж тодорхойлсон.
Хариуцагч нь татгалзлаа ...тоглолтын явцад би бөмбөг эзэмшиж байх үед араас ирж миний баруун дагз руу мөргөсөн. Тухайн үедээ сургуулийн эмчид үзүүлээгүй, зүгээр гээд тэмцээнээ дуусгасан ... миний толгой өвдөж эмнэлэгт үзүүлэхэд тархи доргисон байна, толгойны зураг авахуулаарай гэсэн гэж тайлбарласан.
4.*******биед гэмтэл учирсан нь хариуцагч *******ийн үйлдлээс шалтгаалсан эсэх асуудал талуудын маргааны зүйл болжээ.
4.1.Хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2786 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолд насанд хүрээгүй гэрч *******, насанд хүрээгүй хохирогч *******нар сагсан бөмбөг тоглох үеэр хоорондоо мөргөлдсөн, үүний улмаас *******биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжгүй, насанд хүрээгүй гэрч ******* нь насанд хүрээгүй хохирогч *******гэм буруугийн санаатай хэлбэрээр биед нь халдаагүй, болгоомжгүй үйлдлийн улмаас хөнгөн хохирол учруулсан гэж дүгнэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан ******* *******хамар руу духаараа мөргөсөн, хариуцагчийн бичгээр гаргасан тоглолтын явцад би бөмбөг эзэмшиж байх үед *******араас ирж миний баруун дагз руу мөргөсөн гэсэн тайлбаруудтай харьцуулж үзэхэд хоорондоо зөрүүтэй, хариуцагчийн ямар үйлдлийн улмаас *******биед гэмтэл учирсан талаар дүгнэлт өгөх боломжгүй байна.
Дээрх прокурорын тогтоолд насанд хүрээгүй хохирогч *******, насанд хүрээгүй гэрч ******* нарын мэдүүлэг материалд авагдсан талаар тусгасан байх боловч уг баримтууд тус иргэний хэрэгт авагдаагүй.
Түүнчлэн хариуцагчийн татгалзалд Энэ явдлыг манай багт цуг тоглож байсан *******, *******нар харсан гэж дурдсан ч энэ талаарх нотлох баримт мөн хэрэгт авагдаагүй, анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч манай хүүхдийн өөрийнх нь бичсэн ... тайлбарыг нь бүтэн уншаад би тэр үед нь баримтыг дутуу цуглуулсан гэж бодож байна, камер зэргийг шүүлгээгүй гэсэн тайлбар гаргаж мэтгэлцжээ.
Нэхэмжлэгч нь анх *******ийн эцэг *******холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* насанд хүрсэн үндэслэлээр түүнийг хариуцагчаар татах хүсэлт гаргаснаар шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 197/ШЗ2026/05563 дугаар захирамжаар хариуцагч *******ыг *******ээр сольсон, улмаар хариуцагч ******* дээрх агуулга бүхий тайлбарыг бичгээр гаргасан байна.
4.2.Маргааны зүйлийн талаар зохигч талууд тайлбар, нотлох баримт гарган мэтгэлцсэн хэдий ч маргааны бодит үйл баримт тогтоогдоогүй байх ба шүүх хуралдааны мэтгэлцээний үед хариуцагч тал нотлох баримт дутуу бүрдүүлсэн талаар тайлбартаа дурдсаныг шүүх анхаараагүй, маргаанд ач холбогдолтой нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргаж байгаа эсэхийг тодруулаагүй нь буруу байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудыг мэтгэлцүүлэхэд чиглүүлэх, мэтгэлцэх нөхцөлийг хангах, маргааны зүйлийг тодруулах чиг үүргийг шүүх хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд дээрх тайлбарыг тодруулах нь шүүхийн энэхүү чиг үүрэгт хамаарна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан прокурорын байгууллагын журмаар зөвхөн гомдол гаргасан талд баримт үзүүлж тогтоол гаргаж өгдөг учраас *******т баримт гаргаж өгөх боломжгүй буюу танилцах боломжгүй байсан, бид баримтуудыг олж авах боломжгүй байсан зэргээс үйл явдлыг нотлох боломж олдоогүй гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.
5.Дээр дурдсанаар маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүйгээс давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 197/ШШ2026/02541 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 64,040 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Д.ЗОЛЗАЯА