| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 102/2024/04748/И |
| Дугаар | 210/МА2026/01270 |
| Огноо | 2026-06-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2026/01270
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 192/ШШ2026/03313 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч *******, *******, *******, *******, *******нарт холбогдох
2023.05.06-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2023.06.21-ний өдрийн *******ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний нэмэлт гэрээнээс тус тус татгалзаж, гэрээний дагуу өгсөн авснаа буцаах, 2023.06.08-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2023.07.20-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2023.09.14-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2024.03.20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******, *******, *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагч бөгөөд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.******* нь *******ХХК-ийн 100 хувийн хувьцааг 2021.08.18-ны өдөр авсан бөгөөд өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******оор дамжуулан тус компанийн 100 хувийн хувьцааг иргэн *******, ******* нарт 2023.05.06-ны өдөр 2,000,000,000 төгрөгөөр худалдсан. Ингэхдээ Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. 2023.06.21-ний өдөр *******той нэмэлт гэрээ байгуулж, үлдэгдэл төлбөр 1,500,000,000 төгрөгийг ******* 2023.07.06-ны өдрийн дотор төлөх, төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги, гэрээний үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг төлөхөөр харилцан тохиролцсон.
2024.02.05-ны өдрийн байдлаар 780,000,000 төгрөгийг хариуцагч нар төлсөн бөгөөд үлдэгдэл 1,220,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний үүргээ биелүүлэх ямар ч зорилго байхгүй, зөвхөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж байгаа тул хариуцагч нартай байгуулсан 2023.05.06-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2023.06.21-ний өдрийн *******ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний нэмэлт гэрээнээс тус тус татгалзаж, гэрээний дагуу өгсөн авснаа буцаах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
1.2.2023.06.08-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон 2023.07.20-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлага гаргаж байна. ******* нь *******тай 2023.05.06-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулж *******ХХК-ийн 50 хувийн хувьцааг 1,000,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон хувьцааг шилжүүлэн авсан атлаа 50 хувийн хувьцааны үнийг төлөөгүй. Ийнхүү ******* нь *******ХХК-ийн 50 хувийн хувьцааны үнийг *******т төлөөгүй, төлөх үүрэгтэй болохоо сайтар мэдэж байсан атлаа 2023.06.08-ны өдөр иргэн *******той Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулж *******ХХК-ийн 50 хувийн хувьцааг түүнд шилжүүлсэн байна. Мөн ******* нь *******тай байгуулсан 2023.05.06-ны өдрийн гэрээгээр *******ХХК-ийн 50 хувийн хувьцааг 1,000,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон атлаа иргэн *******д 500,000 төгрөгөөр худалдахаар гэрээ байгуулсан байна. Өөрөөр хэлбэл 2023.06.08-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг тус тус зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээ юм.
Улмаар ******* нь *******ХХК-ийн 50 хувийн хувьцааг 2023.07.20-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр иргэн *******өд шилжүүлсэн болохыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олж мэдсэн юм.
1.3.Мөн 2023.07.20-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ болон 2023.09.14-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлага гаргаж байна. ******* нь *******тай 2023.05.06-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулж *******ХХК-ийн 50 хувийн хувьцааг 1,000,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон хувьцааг шилжүүлэн авсан атлаа 50 хувийн хувьцааны үнийг төлөөгүй. Ийнхүү ******* нь *******ХХК-ийн 50 хувийн хувьцааны үнийг *******т төлөөгүй, төлөх үүрэгтэй болохоо сайтар мэдэж байсан атлаа *******ХХК-ийн 10 хувийн хувьцааг 2023.07.20-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээгээр, үлдэх 40 хувийн хувьцааг 2023.09.14-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээгээр тус тус иргэн *******өд шилжүүлсэн байна. Мөн ******* нь *******тай байгуулсан 2023.05.06-ны өдрийн гэрээгээр *******ХХК-ийн 50 хувийн хувьцааг 1,000,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон атлаа иргэн *******өд нийт 500,000 төгрөгөөр худалдахаар гэрээ байгуулсан байна. Өөрөөр хэлбэл, 2023.07.20-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, 2023.09.14-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг тус тус зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээ юм.
1.4.Иргэн ******* нь *******ХХК-ийн 100 хувийн хувьцааг дээрх байдлаар буюу хууль бусаар өөрийн нэр дээр шилжүүлэн авсан даруйд барилга барьж, улмаар барилгын 2 дугаар давхрын 552.91 м.кв талбайг 2024.03.20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр *******д, 3 дугаар давхрын 570.01 м.кв талбайг 2024.03.20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр *******т тус тус 150,000,000 төгрөгөөр шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасны дагуу 2024.03.20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл юм.
1.5.Нөгөөтэйгүүр, ******* нь *******ХХК-ийн цор ганц, 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал бөгөөд *******ХХК-ийн хувьцаа худалдах гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрх бүхий итгэмжлэлийг 2023.05.05-ны өдөр *******ид 3 сарын хугацаатай олгосон. Гэтэл итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь 2023.05.06-ны өдөр *******ХХК-ийн хувьцаа эзэмшигч *******т мэдэгдэлгүйгээр, зөвшөөрөл авалгүйгээр *******ХХК-ийн 100 хувийн хувьцааг *******, ******* нарт шилжүүлэх шийдвэр гаргаж, эдгээр этгээдтэй Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж *******ХХК-ийн 100 хувийн хувьцааг шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, ******* нь *******ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн эрхийг *******ид шилжүүлээгүй, түүний өмнөөс хувьцаа эзэмшигчийн эрхийг эдлэх буюу шийдвэр гаргах эрхийг олгоогүй бөгөөд зөвхөн хувьцааг худалдах, худалдан авах гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах эрхийг олгосон.
Компанийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт заасныг зөрчиж миний өмнөөс *******ХХК-ийн хувьцааг бусдад шилжүүлэх шийдвэрийг 2023.05.06-ны өдөр гаргаж, хууль бусаар хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлсэн, улмаар 2023.05.06-ны өдөр иргэн *******, ******* нартай Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж компанийн 100 хувьцааг эдгээр этгээдэд шилжүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэжээ.
2.Хариуцагч *******ын татгалзал, тайлбарын агуулга:
2.1.Нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, учир нь 2023.05.06-ны өдөр байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлэн авсан хувьцаа, компанийн эрх нь гуравдагч этгээдэд шилжсэн. Хариуцагч ******* нь *******ХХК-ийн эзэмшлийн газар дээр барилга барьсан ба уг барилгын давхар бүр өөр өөр өмчлөгчтэй. Тиймээс өнөөдрийн байдлаар уг хуулийн этгээдийн эзэмшигч, өмчлөгч нь ******* биш байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй нөхцөл байдал бий болсон.
2.2.******* болон ******* нарын хооронд байгуулсан 2023.07.20-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагын үндэслэлээ Худалдах, худалдан авах гэрээний үнийг бүрэн төлөөгүй байхдаа цааш бусдад худалдсан гэж тайлбарлажээ. Тус шаардлагаас үзвэл 2023.05.06-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээтэй холбоотойгоор бус гэрээ байгуулснаас хойших үйл баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа гаргажээ. Иймд тухайн гэрээнд өөрт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан шинж байхгүй, харин төлбөр төлөх үүргийг биелүүлээгүй тухайд худалдагч нь төлбөрийн үүргийг шаардах эрхтэй юм. Хариуцагчийн хувиар тус гэрээний үлдэх төлбөр төлөх үүргээс татгалзаагүй болно.
2.3.Хүчин төгөлдөр бус 2023.07.20-ны өдрийн гэрээг үндэслэн хувьцааны өмчлөх эрхийг олж авсны дараа 2023.09.14-ний өдрийн гэрээг байгуулсан тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэжээ. Дээр дурдсанчлан 2023.07.20-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээнд Иргэний хуульд зааснаар хүчин төгөлдөр бус шинж байхгүй тул ******* болон ******* нарын хооронд байгуулсан 2023.09.14-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл байхгүй гэжээ.
3.Хариуцагч *******татгалзал, тайлбарын агуулга:
*******ХХК, түүний нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээтэй Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 947 м.кв талбайтай газрын хамт *******ийн нэр рүү шилжсэн. ******* бид *******ХХК-ийн эзэмшлийн газар дээр барилга барьсан бөгөөд барилгад хөрөнгө оруулсан этгээдүүдтэй маргаантай байгаа, давхар бүр нь өөр өөр этгээдийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Тухайлбал *******ХХК-ийн нэр дээр Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Нарны зам гудамж *******тоот барилгын 2 дугаар давхрын 552.91 м.кв талбай, мөн барилгын зоорийн давхар болон 1 дүгээр давхрын 1137.67 м.кв талбай *******ийн нэр дээр, 3 дугаар давхрын 570.01 м.кв талбай *******ийн нэр дээр гэрчилгээтэй байдаг. ******* нь газар болон барилгад ямар нэгэн хөрөнгө эзэмшээгүй, нэхэмжлэлийн шаардлага биелэгдэх боломжгүй нөхцөл байдал бий болсон тул зөвшөөрөхгүй гэжээ.
4.Хариуцагч *******ийн татгалзал, тайлбарын агуулга:
4.1.******* нь *******ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшиж, гүйцэтгэх захирлаар нь ажилладаг, компанийн хувьцааг бүхэлд нь бусдад худалдах, шилжүүлэх хүсэлтэй байсан бөгөөд энэхүү эрхийг *******ид олгосны дагуу тэрээр *******ХХК-ийг төлөөлөн 2023.05.06-ны өдөр *******, ******* нартай Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулсан. Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээгээр худалдагч нь худалдан авагчид өөрийн эзэмшдэг 5309603 тоот регистрийн дугаартай, ******* тоот улсын бүртгэлийн дугаартай *******" ХХК-ийн 1,000,000 төгрөгийн үнэ бүхий 100 ширхэг хувьцааг нийт 2,000,000,000 төгрөгөөр худалдах харилцааг зохицуулсан, Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр компанийн худалдагдаж байгаа хувьцаанд ногдох эд хөрөнгө болон эд хөрөнгийн бус эрхийг шилжүүлэхтэй холбоотой талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг зохицуулсан. ******* нь *******аас итгэмжлэлээр олгосон эрхийн хүрээнд түүний эзэмшдэг компанийн хувьцаа, эрхийг *******, ******* нарт худалдан борлуулж, *******ын эрх, хууль ёсны ашиг сонирхолд ашигтай үйлдлийг хийж өгсөн бөгөөд бусадтай байгуулсан гэрээний дагуу компанийн эрхийг шилжүүлсэн нь улсын бүртгэлд бүртгэгдсэн.
4.2.Харин компанийг шилжүүлэн авсан *******, ******* нар гэрээний төлбөрийн тодорхой хэсгийг *******т төлсөн хэдий ч үлдэх төлбөрийг төлөлгүй хугацаа алдсан тул ******* нь нэмэлт гэрээ байгуулж, төлбөр болон алданги төлөх талаар *******ид мэдэгдсэн байна. Тодруулбал, худалдан авагч нар нь гэрээнд заасан төлбөрийг төлөхгүй удаад байгаа учир хариуцлага хүлээж гэрээ байгуул гэх байдлаар *******ид шаардлага тавьж, дарамталж, тулган шаардаж, ална гэх байдлаар сүрдүүлсэн байна. Аргагүйн эрхэнд ******* нь нэхэмжлэгч *******ын бэлдсэн 2023.06.21-ний өдрийн *******ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний нэмэлт гэрээ гэх гэрээнд гарын үсэг зуржээ. Уг гэрээгээр 2023.05.06-ны өдөр байгуулагдсан Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний хувьцааны үнэ буюу үлдэгдэл төлбөрийг төлөх хугацааг нарийвчлан зааж, хугацаа хэтэрсэн тохиолдолд хүлээх хариуцлагын талаар тусгасан бөгөөд гэрээ нь өмнө байгуулагдсан гэрээний салшгүй хэсэг байхаар зохицуулж, гэрээний худалдан авагч гэх хэсэгт *******ийн гарын үсгийг зуруулсан байна. ******* нь өмнө байгуулагдсан гэрээнд худалдагч талыг төлөөлж оролцсон бөгөөд тэрээр тухайн гэрээний дагуу *******ХХК-ийн ямар нэгэн эд хөрөнгө, компанийн хувьцаа буюу эрхийг шилжүүлж аваагүй.
Иймд ******* нь *******т төлбөр төлөх үүргийг хүлээхгүй бөгөөд тэдний хооронд байгуулагдсан 2023.06.21-ний өдрийн *******ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний нэмэлт гэрээ гэх гэрээ нь ч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болох тул ******* нь *******оос төлбөр гаргуулахаар шаардах эрхгүй болно.
4.3.Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу өгсөн авснаа буцаах хэмээн нэхэмжлэлийн шаардлага тодорхойлсон хэдий ч тухайн шаардлагуудыг аль хариуцагчид холбогдуулан гаргаж буй нь тодорхойгүй. Нэхэмжлэлдээ өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******оор дамжуулан компанийн 100 хувийн хувьцааг иргэн *******, ******* нарт 2023.05.06-ны өдөр 2,000,000,000 төгрөгөөр худалдсан талаар тайлбарласан тул тухайн гэрээнээс татгалзах тухай нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч нь ******* биш байна.
Харин 2023.06.21-ний өдөр *******той байгуулсан гэх нэмэлт гэрээнээс татгалзах тухай шаардлагыг хариуцагч *******ид холбогдуулан гаргасан гэж үзэхээр байна. *******тай байгуулсан гэх 2023.06.21-ний өдрийн нэмэлт гэрээг ч байгуулагдсанд тооцохгүй талаар тайлбарласан бөгөөд тухайн гэрээний дагуу төлбөр мөнгө өгч аваагүй, компанийн хувьцаа, эрхийг шилжүүлж аваагүй болно. Нэгэнт хариуцагч нь уг гэрээнээс татгалзах агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тул *******ид холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
5.Хариуцагч *******гийн татгалзал, тайлбар болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ийн тайлбарын агуулга:
5.1.*******ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2023.06.08-ны өдрийн 23/1 дугаар протокол, мөн өдрийн үүсгэн байгуулагчдын 23/2 дугаар тогтоолоор *******хасаж, *******д 50 хувийн хувьцааг шилжүүлэн өгсөн. Өөрөөр хэлбэл тухайн үед *******ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь *******, ******* нар байсан бөгөөд 2023 оны тогтоол, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ нь Компанийн тухай хууль болон Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй болно.
Нөгөө талаас талуудын хооронд байгуулагдсан 2023.05.05, 2023.05.06, 2023.06.08, 2023.07.20, 2023.09.14-ний өдрийн итгэмжлэл, гэрээ, хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл биш байна. Өөрөөр хэлбэл, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болох хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээний дагуу *******ХХК-ийн 100 хувийн хувьцаа нь гуравдагч этгээд *******ийн эзэмшилд шилжсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5.2.*******ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2023.05.05-ны өдрийн 01 дугаар шийдвэрийг үндэслэн эрх шилжүүлэгч нь 2009.06.12-ны өдөр бүртгэгдсэн, 1,000,000 төгрөгийн хөрөнгөтэй, 1 гишүүнтэй *******ХХК-ийн өөрт оногдох 100 хувийг албан ёсоор эрх шилжүүлэн авагч *******, ******* нарт 50, 50 хувь буюу 1,000,000 төгрөгийн үнэ бүхий 100 ширхэг хувьцааг нийт 2,000,000,000 төгрөгөөр худалдсан байна.
5.3.Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.10, Иргэний хуулийн 122 дугаар зүйлийн 122.2, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар ******* нь *******ХХК-ийн хувьцааг дараах байдлаар авсан. Үүнд: 2023.07.20-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ /1550/, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр /1551/ *******ын эзэмшлийн 10 ширхэг хувьцааг 100,000 төгрөгөөр, мөн 2023.07.20-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ /1548/, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр /1552/ *******гийн эзэмшлийн 50 ширхэг хувьцааг 500,000 төгрөгөөр, 2023.09.14-ний өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ /1969/, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр /1968/ *******ын эзэмшлийн 40 ширхэг хувьцааг 400,000 төгрөгөөр тус тус худалдан авсан. Өөрөөр хэлбэл *******" ХХК-ийн хувьцаа эзэмшигч *******, ******* нараас өөрсдийнх нь хүсэл зоригийн үндсэн дээр Компанийн тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тус компанийг шилжүүлэн авсан.
5.4.Тухайн үед *******ХХК-ийн эзэмшлийн, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, /14252/ Нарны зам гудамж, *******тоот хаягт байрлах, 947 м.кв талбайтай газрыг худалдан авч байхад энэ газар нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй байсан бөгөөд ******* хуульд заасны дагуу төлбөрийг нь төлж, тус компанийн эрхийг шилжүүлэн авсан. Энэхүү нөхцөл байдал нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасанд нийцсэн. "*******" ХХК-ийн эзэмшлийн газар дээр 2260 м.кв талбайтай засварын газар, гаражийн зориулалттай 98 хувийн гүйцэтгэлтэй, Ү-******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө баригдсан. ******* *******ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, тус компанийн хөрөнгийн өмчлөгч юм. Улмаар 2260 м.кв талбайтай 3 давхар барилгаас дараах байдлаар өмчлөх эрхийг бусдад шилжүүлсэн. Үүнд: 2024.03.20-ны өдөр 0350 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр 2260 м.кв талбайтай 3 давхар барилгаас 552.91 м.кв талбайг *******гийн өмчлөлд, мөн 570.01 м.кв талбайг *******ийн өмчлөлд тус тус шилжүүлэн өгч, одоогийн байдлаар 1137.67 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө *******ийн өмчлөлд байна.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1-д зааснаар тус газар дээр 3 давхар барилга баригдаж, өөр өмчлөгч нартай болж, газрыг биет байдлын шинж чанараар эргүүлж өгөх боломжгүй байдал үүссэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Тус хуулийн 205.2.2-т заасан тохиолдолд мөнгөөр нөхөн төлөхөөр зохицуулсан байна.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гуравдагч этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
6.Хариуцагч *******ийн тайлбар, татгалзлын агуулга:
*******нь нэхэмжлэгчтэй ямар нэгэн байдлаар эрх зүйн харилцаанд ороогүй. *******" ХХК-ийн хэрэгжүүлж байгаа төслөөс худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө авсан боловч анхны эзэн ******* гэдэг хүн гарч ирсэн. Эцсийн дүндээ *******" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн маргаан нь манайд хамаагүй, 4,000,000,000 төгрөгийг бүрэн төлөөд дуусгасан. Манай зүгээс худалдан авсан объектоо бизнесийн үйл ажиллагаандаа ашиглах л байна. Анх ******* гэдэг хүн зарахдаа хоосон газар зарсан, одоо хөрөнгө босохоор компаниа буцаана гэж байна. Дээр нь байгаа хөрөнгийг яах вэ, энэ хүний ашиг сонирхол сонин байна. Бид *******ХХК-аас л энэ объектыг худалдаж авсан, *******ХХК-ийн хувьцаа эзэмшигч хэн байх нь манайд ямар ч хамаагүй, *******" ХХК-ийн үе үеийн хувьцаа эзэмшигчдэд маш их гомдолтой байна. Барилга дутуу баригдсан байсан учраас худалдах, худалдан авах гэрээг бага үнээр хийсэн гэжээ.
7.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5, 56.1.10 дахь хэсэгт заасныг баримтлан 2023.06.08-ны өдөр, 2023.07.20-ны өдөр, 2023.07.20-ны өдөр, 2023.09.14-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлийг харилцан буцааж, хариуцагч *******ас *******ХХК-ийн хувьцааны 50 хувийг, хариуцагч *******аас *******ХХК-ийн хувьцааны 50 хувийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, 2024.03.20-ны өдрийн *******ХХК болон *******, 2024.03.20-ны өдрийн *******ХХК болон *******нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12,085,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******аас 5,094,652 төгрөг, хариуцагч *******ас 5,094,652 төгрөг, хариуцагч *******гоос 923,600 төгрөг, хариуцагч *******оос 907,950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
8.Хариуцагч *******ын өмгөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
8.1.Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайд хуульд заасан процессын болон зарчмын ноцтой зөрчил гаргасан байна. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас өөр байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж улмаар хангаж шийдвэрлэжээ. Учир нь ******* 2025.10.06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлж дараах шаардлагыг гаргасан.
- ******* болон ******* нарт холбогдуулан тэдний хооронд байгуулсан 2023.06.08-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах,
- ******* болон ******* нарт холбогдуулан тэдний хооронд байгуулсан 2023.07.20-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2023.09.14-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээнүүдийг тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулах,
- ******* болон ******* нарт холбогдуулан тэдний хооронд байгуулсан 2024.03.20-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг мөн хуулийн 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулах.
Түүнээс хойш нэхэмжлэгч ******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй.
Гэтэл шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт 2023.05.06-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2023.06.21-ний өдрийн "*******ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний нэмэлт гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу өгсөн авснаа буцаах, 2023.06.08-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2023.07.20-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2023.09.14-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв" гэж тодорхойлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт "Нэхэмжлэлийн шаардлагын талаархи тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана" гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт "Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй" гэж тус тус заасан. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн хамгийн сүүлийн байдлаар 2025.10.06-ны өдрөөр өөрчлөн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагаас өөр байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалт болон зарчмын ноцтой зөрчил гаргасан.
Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар "Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5, 56.1.10-д заасныг баримтлан 2023.06.08-ны өдөр, 2023.07.20-ны өдөр, 2023.07.20-ны өдөр, 2023.09.14-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдах, авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлийг харилцан буцааж, хариуцагч *******ас "*******" ХХК-ийн 50 хувийн хувьцааг, хариуцагч *******аас "*******" ХХК-ийн 50 хувийн хувьцааг тус тус гаргуулж *******т олгож, 2024.03.20-ны өдрийн *******ХХК болон ******* нарын, 2024.03.20-ны өдрийн *******ХХК болон *******нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсугай гэж шийдвэрлэжээ. Мөн л дээр дурдсан зарчмын болон процесс хуулийн ноцтой зөрчил гаргасан. Иргэний маргааны гол асуудал нь нэхэмжлэгч хэнээс юуг ямар үндэслэлээр шаардан гаргуулах асуудал юм. Хариуцагч нь тухайн нэхэмжлэгчийн шаардан буй эд зүйл байгаа хүн, хуулийн этгээд байх ёстой. Гэтэл шүүхийн шийдвэр гаргах үед *******ХХК-ийн 50 хувийн хувьцаа хариуцагч *******т байгаагүй. Түүнд байхгүй хувьцааг түүнээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хүчин төгөлдөр бус хэлцлийг нэрлэн заасан. Шүүх хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцно гэх хууль зүйн ойлголт байхгүй. Шүүх зөвхөн Иргэний хуулийн 58, 59, 60 дугаар зүйлд заасан хэлцлийг сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож болно. Харин шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг мөн хуулийн 56.4 дэх хэсэгт Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно" гэж заасны дагуу зөвхөн үр дагаврыг шийдвэрлэх эрхтэй. Нэхэмжлэгч нь гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байна гэж тодорхойлж байгаа боловч үр дагаврыг хэрхэн шийдвэрлүүлэхээр шаардлага гаргаагүй. Гэтэл тухайн тохиолдолд 2023.06.08-ны өдөр, 2023.07.20-ны өдөр, 2023.07.20-ны өдөр, 2023.09.14-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдах, авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулсан талууд гэрээгээр өгсөн авсан зүйл болох хувьцаа, хувьцааны үнийг буцаан гаргуулахаар шаардлага, гомдол нэхэмжлэл гаргаагүй.
Нэхэмжлэгч 2025.10.06-ны өдрийн байдлаар эцэслэн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагаар анх өөрийн *******, ******* нартай байгуулсан 2023.05.06-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2023.06.21-ний өдрийн *******ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний нэмэлт гэрээг хэрхэн шийдвэрлүүлэх талаар нэхэмжлэлдээ дурдаагүй. Гэтэл шүүх тус гэрээнүүдийг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар шийдвэрт дурдаагүй атлаа тухайн гэрээнээс дараа дараагийн худалдан авагч нартай байгуулсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь үндэслэлгүй.
8.2.Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ "Итгэмжлэгдсэн төлөөлөгч *******оор дамжуулан өөрийн 100 хувийн хувьцааг эзэмшдэг "*******ХХК-ийн 100 хувийн хувьцааг *******, ******* нарт 2023.05.06-ны өдөр 2,000,000,000 төгрөгөөр худалдсан, мөн 2023.06.21-ний өдөр төлбөрийн үүргийн талаар нэмэлт гэрээ байгуулсан. Гэтэл *******, ******* нар нь тус гэрээний үүргээс нийт 780,000,000 төгрөгийг төлсөн атлаа 1,220,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байж иргэн *******той ******* нь 2023.07.20-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр *******ХХК-ийн хувьцааны 50 хувийг 500,000 төгрөгөөр, ******* нь иргэн *******той 2023.07.20-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр "*******" ХХК-ийн хувьцааны 10 хувийг, 2023.09.14-ний өдөр Худалдан худалдан авах гэрээгээр 40 хувийг тус тус худалдсан тул тухайн гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулах гэж тодорхойлдог.
Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 13-т ...нэхэмжлэгч нь 2023.05.06-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн *******ХХК-ийн 100 хувийн хувьцааг хариуцагч нараас буцаан шаардах эрхтэй гэж үзнэ гэжээ. Шүүх гэрээний шинж чанар, хэрэгжилтийн байдал, цаашдын үр дагавар зэрэг нөхцөлүүдийг нэгтгэн дүгнэж нэхэмжлэгчийн шаардах эрхийн хүрээ хязгаарыг зөв тодорхойлох учиртай. Тухайн тохиолдолд ******* нь *******тай түүний мэдлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах 947 м.кв хэмжээтэй газрыг худалдан авахаар тохиролцсон. Улмаар ******* тус газар нэр дээр нь байдаг компанийн хувьцааг худалдах байдлаар дээрх хэлцлийг хэрэгжүүлэхээр тохиролцож 2023.05.06-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр "*******" ХХК-ийн хувьцааг 2,000,000,000 төгрөгөөр худалдсан. Талуудын хооронд байгуулсан гэрээнд төлбөр төлөх, хугацаа, хуваарийг нарийвчлан тохиролцоогүй. Харин гэрээ байгуулмагц төлбөр төлөгдөхөөс өмнө хувьцааг худалдан авагч нарын нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон. Мөн гэрээ байгуулмагц хувьцааг ******* болон ******* нарын нэр дээр шилжүүлж улсын бүртгэлд бүртгэсэн. Гэрээний заалт болон хэрэгжилтийн үйл явцаас авч үзвэл талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж тодорхойлохоор байна. Хувьцааны үнийг хэзээ хэрхэн төлөх талаар талууд жич тохиролцохоор болсон байдаг.
Иргэний хуулийн 113 дугаар зүйлийн 113.1, 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасны дагуу хувьцаа улсын бүртгэлд бүртгэгдсэнээр *******ХХК-ийн хувьцааны өмчлөх эрх *******, ******* нарт үүссэн. Улмаар *******, ******* нар захиран зарцуулах эрхийн хүрээнд *******ХХК-ийн хувьцааг худалдан, үйлчилгээ, оффисын барилга барих зориулалтаар хөрөнгө оруулалт авч, хөрөнгө оруулагч *******д 2023.07.20-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр *******ХХК-ийн хувьцааны 50 хувийг 500,000 төгрөгөөр, ******* нь иргэн *******д 2023.07.20-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр *******ХХК-ийн хувьцааны 10 хувийг, 2023.09.14-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээгээр 40 хувийг тус тус худалдсан. Үүний дараа ******* дангаар 780,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Улмаар үлдэх 1,220,000,000 төгрөгийн төлбөрийн талаар 2024.02.05-ны өдөр баталгаа гаргаж өгсөн ба 2024.02.07-ны өдөр 220,000,000 төгрөг, 2024.03.01-ний өдөр 500,000,000 төгрөг, 2024.04.01-ний өдөр 500,000,000 төгрөг байдлаар төлөхөөр төлбөрийн үүргийн хуваарь гаргасан. Мөн хуваарийг зөрчсөн тохиолдолд 0.1 хувийн алданги төлнө гэж заасан.
Гэрээ байгуулсан цагаас хойш хариуцагчид зөвхөн төлбөрийн үүрэг байсан бөгөөд харин хувьцааг захиран зарцуулах талаар худалдагч талаас хязгаарлалт тогтоох, зөвшөөрөл авах, эсхүл төлбөр төлсний дараа захиран зарцуулах эрхтэй гэх заалт байхгүй. Иймд нэхэмжлэгч ******* анх 2024.07.03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэрээний үлдэгдэл төлбөрийн үүргийг алдангийн хамт нэхэмжилсэн байдаг. ******* нь *******аас газрыг нь худалдан авах талаар тохиролцож байхад ******* нь өөрийн *******ХХК-ийн эзэмшил газарт 610.8 м.кв талбайд барих засварын цех нэртэй 2 давхар барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2022.05.19-ний өдөр батлуулсан байсан. Тэрээр гэрээ байгуулснаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд *******, ******* нарыг *******ХХК-ийн эзэмшил газарт зоорьтой 4 давхар барилга барьж байгааг мэдэж байсан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний зөвшөөрөлгүйгээр, надад хувьцааны төлбөрөө төлөөгүй атлаа бусдад хувьцаа худалдсан нь хүчин төгөлдөр бус гэж маргаж улмаар компанийн хувьцааг шилжүүлэн авах замаар дээрх 8,000,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж барьж байгуулсан үл хөдлөх хөрөнгийг өөрт авахаар санаархсан нь хууль болон шударга ёсонд нийцэхгүй.
8.3.Талуудын хооронд байгуулсан гэрээний дараа *******, ******* нараас дээр дурдсан Худалдах, худалдан авах гэрээнүүдээр *******д *******ХХК-ийн хувьцаа 100 хувь шилжээд зогсохгүй ******* нийт 8,000,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт татаж 4 давхар үл хөдлөх эд хөрөнгө барьж байгуулан түүнд 2260.58 м.кв хэмжээтэй Ү-2203050593 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө бий болсон, улмаар тус үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагч *******, *******, ******* нарт худалдсан.
Дээрх нөхцөл байдалд гэрээнээс татгалзаж, өгсөн авснаа буцаах ямар ч боломжгүй. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхгүй. Харин талуудын хооронд байгуулсан гэрээ болон гэрээ хэрэгжүүлэх амлалт хүчинтэй байгаа тул түүний дагуу гэрээний мөнгөн төлбөрийн үүргийг шаардах эрх нэхэмжлэгчид бий юм. Эсвэл гэрээнээс татгалзах эрхтэй гэж үзсэн тохиолдолд гүйцэтгэлийн хувьд Иргэний хуулийн 205.2, 205.2.1-д зааснаар мөн л мөнгөн төлбөрийн үүргийг шаардах боломжтой.
Шүүх *******, ******* нарыг гэрээний мөнгөн төлбөрийн үүргийг зөрчсөн зөрчилтэй байна гэдгээр 2023.07.20-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, 2023.09.14-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ болон объект худалдан авагч нарын Худалдах, худалдан авах гэрээнүүдийг тус бүр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10-т зааснаар дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Уг үндэслэлээр *******той хөрөнгө оруулалтын харилцаагаа ямар байдлаар баталгаажуулах, гэрээгээр тохиролцох нь гэрээний чөлөөт байдлын зарчим бөгөөд дүр үзүүлсэн хэлцэл гэж дүгнэх эсхүл хүчин төгөлдөр бус хэлцэл дээр үндэслэж хийсэн хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
9.Хариуцагч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
9.1.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. 2023.05.06-ны өдөр *******ыг төлөөлж ******* нь *******, ******* нартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж *******ХХК-ийг шилжүүлсэн. Мөн 2023.06.21-ний өдөр Хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний нэмэлт гэрээг *******, ******* нар байгуулсан. Өөрөөр хэлбэл худалдагч ******* нь энэхүү нэмэлт гэрээг *******, ******* нартай хийх байтал *******той хийсэн 2023.06.21-ний өдрийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байхад анхан шатны шүүх тус гэрээг буруу дүгнэсэн. *******ХХК-ийн хувьцааны эрхийг шилжүүлэх эрхийг 2023.05.05-ны өдрийн итгэмжлэлээр ******* нь *******ид бүрэн олгож, 2023.05.06-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулсан нь хуульд нийцсэн.
9.2.2023.06.08-ны өдөр *******ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч *******ас *******д 50 хувийн хувьцааг, 2023.07.20-ны өдөр *******аас *******өд 10 хувийн хувьцааг, 2023.07.20-ны өдөр *******гоос *******өд 50 хувийн хувьцааг, 2023.09.14-ний өдөр *******аас *******өд 40 хувийн хувьцааг тус тус шилжүүлж *******ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь гуравдагч этгээд ******* байна.
*******, ******* нар нь *******ХХК-ийг Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлэн авах үед тус компани нь биет байдлын болон эрхийн зөрчилгүй байсан ба Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар хуулийн дагуу *******ХХК-ийг шилжүүлэн авсан. *******, ******* нар нь тус компанийг *******, ******* нараас төлбөрийг нь төлж шилжүүлэн авсан.
*******ХХК-ийн өмнөх хувьцаа эзэмшигч *******, *******, ******* нарын 2023.05.06-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээний үлдэгдэл төлбөрийн асуудлыг *******, ******* нар анхнаасаа огт мэдээгүй. *******, *******, ******* нарын өмнө үүрэг хүлээгээгүй байхад анхан шатны шүүх өөр өөр эрх зүйн харилцааг нэгтгэн дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Нөгөө талаас, *******, ******* нар нь *******ХХК-д 7-8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж барилга барьсан тул Иргэний хуулийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар "*******" ХХК-ийн үлдэгдэл 1,220,000,000 төгрөгийг *******, ******* нар төлөх үүрэгтэй. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2 дахь хэсэгт заасан үндэслэл бий болсон байхад анхан шатны шүүх анхаарч үзэхгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.
9.3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох нь хэсгийн 1-т уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлийг харилцан буцааж, хариуцагч *******ас "*******" ХХК-ийн хувьцааны 50 хувийг, хариуцагч *******аас *******ХХК-ийн хувьцааны 50 хувийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******т олгох гэж заасан. Гэвч *******ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь *******, ******* нар биш ******* юм. Шүүхийн шийдвэр ойлгомжтой, биелэгдэх боломжтой байх ёстой, өөрөөр хэлбэл *******" ХХК-ийн хувьцааны 50 хувь нь *******д, хувьцааны 50 хувь нь *******т байхгүй бөгөөд нэхэмжлэгч *******т өгөх боломжгүй юм.
9.4.Анхан шатны шүүх 2023.07.20-ны өдөр *******аас *******өд 10 хувийн хувьцааг, 2023.07.20-ны өдөр *******гоос *******өд 50 хувийн хувьцааг, 2023.09.14-ний өдөр *******аас *******өд 40 хувийн хувьцааг шилжүүлсэн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, мөн 2024.03.20-ны өдрийн "*******" ХХК болон ******* нарын, 2024.03.20-ны өдрийн "*******" ХХК болон *******нарын байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцохдоо дээрх гэрээний нэг тал болох "*******" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар биш гуравдагч этгээдээр оролцож байхад хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцсон нь хуульд нийцэхгүй байна.
2024.03.20-ны өдөр ******* нь *******той 0350 дугаар Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нийт барилгын талбайгаас 552.91 м.кв талбайг *******д шилжүүлж, улмаар ******* нь 2024.04.09-ний өдөр 0380 дугаар Арилжааны гэрээгээр Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, /14252/ Нарны зам гудамж, *******тоот барилгын 2 дугаар давхарт 552.91 м.кв талбайг *******компани болох "*******" ХХК-д 301,000,000 төгрөгөөр худалдсан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар *******ийг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай хүсэлтийг гаргасан, анхан шатны шүүхээс эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг оролцуулахаас татгалзаж хэргийг шийдвэрлэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг бий болгож байна. Барилгын 2 давхрын 552.91 м.кв талбайг ******* нь ******* гэх хүнд худалдсан талаарх нотлох баримт, хариуцагч *******, *******, *******, ******* нарын тайлбараар хангалттай нотлогдож байхад анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
10.Хариуцагч *******ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
10.1.2023.05.06-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2023.06.21-ний өдрийн *******ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний нэмэлт гэрээнээс тус тус татгалзаж, гэрээний дагуу өгсөн авснаа буцаах нэхэмжлэлийн шаардлага байхгүй тухайд: Нэхэмжлэгчийн зүгээс 2024.07.03-ны өдөр шүүхэд худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөр 1,220,000,000 төгрөгийг *******, *******, ******* нараас гаргуулах, *******аас алданги 138,400,000 төгрөг гаргуулах, *******оос анзад 640,000,000 төгрөг тус тус гаргуулах шаардлага гаргаж байсан бөгөөд уг шаардлагаа 2025.04.23-ны өдөр 2023.05.06-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2023.06.21-ний өдрийн "*******" ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний нэмэлт гэрээнээс тус тус татгалзаж, гэрээний дагуу өгсөн авснаа буцаах болгон нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Гэтэл үүний дараа эцсийн байдлаар 2025.10.06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж, мөн дараах байдлаар ихэсгэж байна" хэмээн өөрчилсөн байдаг. Үүнд:
- *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2023.06.08-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, ******* өөрийн 50 хувийн хувьцааг *******д шилжүүлсэн,
- *******, ******* нарын хооронд байгуулагдсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг /******* өөрийн 50 хувийн хувьцааг *******өд шилжүүлсэн/ тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулах,
- ******* өөрийн 10 хувийн хувьцааг 100,000 төгрөгөөр үнэлж Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээгээр *******өд шилжүүлснийг, ******* үлдэгдэл 40 хувийн хувьцааг 400,000 төгрөгөөр *******өд зарсан 2023.09.14-ний Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулах.
Улмаар 2026.03.25-ны өдрийн хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар оролцоогүй, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч оролцсон. Гэтэл өмгөөлөгчийн зүгээс 2025.10.06-ны өдрийн өөрчилж нэмэгдүүлсэн шаардлага дээрээ нэмээд 2023.05.06-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2023.06.21-ний өдрийн *******ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний нэмэлт гэрээнээс тус тус татгалзаж, гэрээний дагуу өгсөн авснаа буцаах нэхэмжлэлийн шаардлагаа байгаа мэтээр тайлбарлаж хэлэлцүүлсэн бөгөөд миний зүгээс, бусад хэргийн оролцогчоос уг шаардлага байхгүй талаар мэтгэлцсэн ч шүүхийн шийдвэрт эл асуудлаар ямар ч дүгнэлт хийсэнгүй.
Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ зөвхөн нэхэмжлэгч өөрөө тодорхойлох эрхтэй бөгөөд тэрхүү тодорхойлсон шаардлагад хариуцагчид хүлээн зөвшөөрөх эсхүл татгалзах байр сууринаас хандаж тэгш эрхтэйгээр мэтгэлцсэний үндсэн дээр шүүх шийдвэрээ гаргах үр дагавартай.
Энэ хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг өөрчилсөн, шаардлагын хэмжээг ихэсгэсэн, багасгасан тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсны үндсэн дээр ямар шаардлагыг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэр гаргасан, нэхэмжлэлийн шаардлагыг хангах, нэхэмжлэлийн талаар шийдвэртээ тодорхой заах нь шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох, нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай шийдвэрийн аль нэгийг гаргах тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасантай нийцэх учиртай.
Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 12, 13-т дээрх шаардлагатай холбоотой зүйл дүгнэлгүйгээр шууд нэхэмжлэгчийн зүгээс үүрэг гүйцэтгэх "*******ХХК-ийн 100 хувийн хувьцааг нэмэлт хугацаа тогтоосон гэж үзнэ, *******, ******* нараас буцаан шаардах эрхтэй гэж үзнэ гэсэн дүгнэлтийг хийгээд өөр шаардлагуудын талаар дурдаж байгаад үндэслэх хэсгийн 21-т нэхэмжлэгч ******* хэрхэн буцаан 100 хувийн хувьцаатай болох талаар дүгнэлт хийсэн байна. Энэ хэсэгт шүүхийн шийдэл дурдагдаагүй болно. Иймээс шүүх нэхэмжлэгчийн гаргаагүй буюу өөрчилж байхгүй болгосон 2023.05.06-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2023.06.21-ний өдрийн *******ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний нэмэлт гэрээнээс тус тус татгалзаж, гэрээний дагуу өгсөн авснаа буцаах гэх шаардлагыг шийдсэн нь илтэд үндэслэлгүй.
10.2.Хариуцагч *******той холбоотой шаардлагын тухайд: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 19-т "тухайлан 2024.03.20-ны өдрийн "*******" ХХК болон *******нарын хооронд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэстэй. Өөрөөр хэлбэл, үндсэндээ уг хэлцэл нь хийсэн үеэсээ буюу "ex nunc" хүчин төгөлдөр бус болох бөгөөд эрх зүйн шинжлэх ухаанд хүчин төгөлдөр бус хэлцлийг засах, шинэчлэх биш харин үгүй болгох үр дагавар үүсгэдэг байх тул зохигчдын хооронд байгуулагдсан уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ. Харин тус хүчин төгөлдөр бус тохиролцооны үр дагаврыг арилгуулах эрх зохих этгээдэд нээлттэй" хэмээн дүгнэсэн байна. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс эцсийн байдлаар 2025.10.06-ны өдөр "нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж, мөн дараах байдлаар ихэсгэж байна" гэж *******той холбоотой шаардлага гаргахдаа дугаарлалтын 3-ын төгсгөлд "... өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 56.1.10-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байх ба 2024.03.20-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүд хүчин төгөлдөр бус хэлцэл юм" гэснээс өөр зүйл дурдагдаагүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т "нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт" гэж тодорхой заасан. Хуульд нэр томъёоны тайлбар байхгүй учир Улсын Дээд шүүхийн 2016 оны 1 дүгээр зөвлөмжийн 3-т "иргэний хэрэг үүсгүүлж зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандаж гаргасан өргөдлийг нэхэмжлэл гэж хэлнэ" гэж зааснаар ойлгоно. Өөрөөр хэлбэл, хэн хэнээс, юуг, ямар үндэслэлээр гаргаж буй шаардлага бүхий өргөдлийг нэхэмжлэл гэж ойлгодог. Харин нэхэмжлэгчийн зүгээс *******той холбоотойгоор хүчин төгөлдөр бус хэлцэл тооцуулах шаардлага гаргаагүй байх ба зөвхөн агуулга бүхий тайлбар гаргасан байна. Үүнийг ч анхан шатны шүүх хуралдаанд миний зүгээс хангалттай тодорхой үндэслэл бүхий тайлбар хийсэн боловч шүүхээс уг асуудлаар ямар ч дүгнэлт хийлгүйгээр *******т холбогдуулж шаардлага гаргасан мэт хүлээн авч шийдвэрлэсэнд гомдолтой.
Нөгөө талаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор сонирхогч этгээд нэхэмжлэл гаргаж болох хэдий ч нэхэмжлэл гаргагч этгээдийн эрх ашиг нь тухайн хэлцлийн улмаас хөндөгдсөн байх учиртай. Манай тохиолдолд нэг талаас улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчин төгөлдөр компанийн хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирлын хамт худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байх бөгөөд уг гэрээ байгуулагдаж байх үед ******* нь компанийн цорын ганц хувьцаа эзэмшигч байсан ба 570.01 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг хуульд заасны дагуу худалдах, худалдан авах гэрээ хийж, төлбөр тооцоо бүрэн төлөгдөж, улсын бүртгэлд бүртгэгдсэнээр өмчлөх эрх *******т шилжсэн.
Иймд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш ******* нь *******, *******нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэн нэхэмжлэл гаргах хууль зүйн боломжгүй тул түүнийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасан сонирхогч этгээд гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, уг хэлцлийн үр дүнд нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй, түүнд өмчлөх эрхийг дуусгавар болгох субьектив шаардах эрх үүсээгүй байна. Хууль хэрэглээний хувьд хоорондоо харилцан хамааралгүй хэлцлүүдийг хуулийн 56.1.10-т хамааруулж нэхэмжлэх боломж байхгүй буюу хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байхын тулд хоорондоо харилцан хамааралтай байх ёстой юм.
Нөгөө талаар *******нь хуульд зааснаар өмчлөгч болсон бөгөөд Иргэний хуулийн 114 дүгээр зүйлд зааснаар шударга өмчлөгч ба өмчлөгчийн эрхийг хамгаалах ёстой. Тухайн Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Нарны зам гудамж *******тоот барилгын 3 давхар 2260.58 м.кв талбайтай хөрөнгийн өмчлөх эрх угаас нэхэмжлэгч *******т байгаагүй, түүний эрх ашиг уг хөрөнгөд хамааралгүй ба "*******" ХХК-ийн хувьцаа хэнд шилжихээс үл шалтгаалж өмчлөгчийн эрхийг зөрчих үндэслэл болохгүй юм. Адаглаад Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2-д зааснаар өмчлөгчийн эрхийг хамгаалж маргаан бүхий 570 м.кв талбайг *******т үлдээж, тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдан авахад төлсөн төлбөрийг худалдагч талаас гаргуулах л боломж байсан.
Анхан шатны шүүхээс энэ хэсгийг дүгнэхдээ хууль зүйн шинжлэх ухаанд түгээмэл хэрэглэгддэг "ex nunc" гэх ойлголтыг ашиглажээ. Хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байх гэдэг агуулгыг тайлбарлахдаа ашигласан байх бөгөөд хэлцлийг засах, шинэчлэх биш харин үгүй болгох үр дагавар үүсгэхэд чиглэсэн агуулгаар тайлбарлажээ. Ex nunc гэх латин үг нь хэлцлийг яг одоогийн нөхцөлд өөрчлөх гэх агуулгатай бөгөөд шүүхийн тайлбарласан шиг хийсэн үеэс нь гэсэн агуулга байхгүй ба тэр ойлголт нь Ex tunc гэсэн ойлголт юм. Энэ нь хэлцэл хийгч талууд өмнө гаргасан алдаа дутагдлаа харилцан ойлгож шинээр тохиролцож өмнөх хэлцлээ өөрчлөх агуулгыг илэрхийлдэг. Гэтэл нь шүүхийн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох агуулгаас өөр тохиолдолд хэрэглэгддэг. Уг ойлголтыг шүүх хэрэглэсэн нь Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр хэлцлийн үр дагаврыг арилгуулах үндсэн нөхцөлөөс гажуудуулж хэрэглэсэн болох нь илэрхий байна.
10.3.Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 15-т "талуудын маргаж буй "*******ХХК-ийн хувьцааг *******, ******* нараас *******, ******* нарын өмчлөлд шилжүүлсэн нь талуудын хүсэл зориг байсан эсэх, хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн эсвэл хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээний үүрэгт хөрөнгө оруулалтын баталгаа болгох зорилгоор шилжүүлсэн эсэх, гэрээнүүд хүчин төгөлдөр эсэх, хэлцэл хийх журам зөрчсөн эсэх нь маргааны зүйл болжээ" хэмээн маргааны зүйлийг буруугаар тодорхойлж буюу нэхэмжлэгч нь ******* байхад огт маргаагүй хариуцагч нарын хоорондын харилцааг маргааны зүйл болгосон байна. Энэ тохиолдолд *******, ******* болон *******, ******* нарын хооронд аливаа маргаан байхгүй бөгөөд бүгд нэг ижил статусаар хариуцагч болон оролцсон. Улмаар шүүх шийдвэр гаргахдаа буюу тогтоох хэсэгт ******* болон *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2023.05.06-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцоогүй атлаа түүний үр дагавар болох "*******ХХК-ийн 100 хувийн хувьцааг *******т олгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүйг харуулж байна.
Ийнхүү шүүх шийдвэр гаргахдаа *******ийн өмчлөх эрхтэй холбоотой ямар ч дүгнэлт хийлгүйгээр түүний өмчлөх эрхийг олж авсан 2024.03.20-ны өдрийн гэрээг шууд хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон нь үндэслэлгүй.
Иймээс анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийн *******т холбогдох хэсгийг хүчингүй болгож 4.5 тэрбум төгрөгөөр худалдан авсан шударга өмчлөгчийн эрхийг хамгаалж холбогдох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
11.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
11.1.Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үед хариуцагч талын зүгээс хэн юу ярьсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Өөрөөр хэлбэл, одоо хариуцагч талын ярьж байгаа давж заалдах гомдолд дурдагдсан асуудлууд анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үед хэлэлцэгдсэн эсэх нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлээс тодорхой харагдана. Гэтэл хариуцагч тал давж заалдах гомдлын тухай анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа бодож олсон байдаг. Хариуцагч талын зүгээс 2023.05.06-ны өдрийн гэрээний талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй гэх асуудал ярьдаг. 2025.10.06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн бөгөөд тухайн нэхэмжлэлийн шаардлагын хамгийн дээд хэсэгт өөрчилж гэх зөвхөн нэг үг тусгагдсаныг хариуцагчийн өмгөөлөгч ******* яриад байдаг. Энэ шаардлага нь ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлага болох нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн төлбөрийн баримтуудаар нотлогддог. Учир нь улсын тэмдэгтийн хураамжид хэдэн төгрөг төлөх нь хэлцлийн үнийн дүнгээс хамаарч тодорхой болдог. Мөн тухайн ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагын хамгийн доод хэсэгт нэхэмжлэлийн шаардлагаа дээрх байдлаар ихэсгэж байна, ихэсгэж буй нэхэмжлэлийн шаардлагын хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэх 2 өгүүлбэр тусгагдсан байдаг болохоос нэхэмжлэлийн шаардлагыг ийнхүү өөрчилж байна гэх ямар ч үг үсэг байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна гэх ойлголт нь тухайн өмгөөлөгчийн өөрийн ойлголт юм. Түүнчлэн хариуцагчийн өмгөөлөгч ******* нь гэрээнээс татгалзсан, татгалзах шаардлага нь байгаа учир татгалзахдаа процессоо барих ёстой гэж тайлбарлаад байдаг. Бусад хүмүүс нь татгалзаж байгаа шаардлага байгаа гэдгийг нь ойлгож мэддэг. Энэ асуудал хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ы гаргасан хариу тайлбарт тусгагдсан эсэх буюу тухайн хүн тайлбар гаргасан эсэх асуудал яригдана. Хэрэв тайлбар гаргасан бол өөрт нь холбогдох татгалзах шаардлагыг өөрчилсөн эсэх талаар хариу тайлбартаа дурдах ёстой. Ийнхүү илэрхийлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу тайлбар гаргаж, тайлбарынхаа хүрээнд нотлох баримтаа бүрдүүлж тус хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу өөрсдөө татгалзлын үндэслэлээ нотлох ёстой. Энэ талаар огт юу ч ярихгүй байж байгаад анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үед ярьсан боловч өнөөдрийн давж заалдах гомдолд тусгагдсанчлан дэлгэрэнгүй яриагүй. ******* өмгөөлөгч нэхэмжлэгч нь *******т холбогдуулж шаардлага гаргаагүй гэж хэлдэг. Тэгвэл тухайн өмгөөлөгч яагаад энэ хэргийн шүүх хуралдаанд оролцож байна вэ. *******яагаад *******д итгэмжлэл олгоод байна вэ. ******* яагаад ******* гэх хүнийг өмгөөлөгчөөр сонгож авч байна вэ. Тухайн хүмүүс яагаад энэ хэргийн шүүх хуралдаанд орж, мэтгэлцээд байна вэ, яагаад шүүхийн шийдвэрт гомдоод байна вэ, мөн яагаад өнөөдөр энэ шүүх хуралдааны танхимд орж ирсэн байна вэ гэх асуудлууд яригдана. Ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагын 3 дахь хэсэгт *******т 150,000,000 төгрөгөөр шилжүүлсэн нь хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Үүнтэй холбоотойгоор *******, ******* нарыг хамтран хариуцагчаар татаж өгнө үү гэх хүсэл зоригоо илэрхийлснийг анхан шатны шүүх хүлээн авсан. Түүнчлэн хариуцагч нар анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, хариу тайлбар гаргаж мэтгэлцсэн. Өөрөөр хэлбэл, тухайн хүнд холбогдуулж шаардлага гаргаагүй юм бол тухайн хүн энэ хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох ямар ч шаардлага байхгүй. Тиймээс *******т холбогдуулж шаардлага гаргаагүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. Давж заалдах гомдолдоо ихэсгэж байна гэж өөрчилсөн гэж бичсэн байдаг. Хуульд ийм ойлголтын талаар тусгаагүй. Нэхэмжлэгч 2025.10.06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн бөгөөд тухайн ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хариуцагч нарт гардуулж ажиллагаа хийсэн учир талууд тайлбараа өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Тиймээс энд өөрчилж байгаа шаардлага байхгүй. 2023.05.06-ны өдрийн гэрээнээс татгалзаж авсан өгснөө буцаая гээд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч ******* өөрчилж өгсөн нь 2 дугаар хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тэгэхээр байхгүй буюу тухайн хүнд холбогдуулж гаргаагүй шаардлагыг гаргасан мэтээр шүүх шийдвэрлэж байгаад гомдолтой байна гэх хариуцагч *******ийн өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.
11.2.Мөн *******ийн өмгөөлөгч нь *******, ******* нараас хувьцаа гаргуулахаар шийдвэрлэсэн гэж тайлбарладаг. Гэтэл гол асуудал нь гэрээний харилцаа хэн хэнд хэрхэн үүссэн болон энэхүү гэрээнүүд нь бүгд хүчин төгөлдөр эсэх асуудалд анхан шатны шүүх дүгнэлт хийсэн. Уг гэрээнүүд хүчин төгөлдөр бус эсэх асуудалд дүгнэлт хийхэд *******, ******* нартай байгуулсан гэрээний дараа байгуулагдсан гэрээнүүд бүгд хүчин төгөлдөр бус байна гэх байдлаар шүүх дүгнэж шийдвэрлэсэн. Ийнхүү тухайн гэрээний үр дагаврыг арилгуулахдаа *******, ******* нарыг дурдсан. Нэхэмжлэгчийн хүсэл зориг нь тухайн гэрээний үр дагаврыг арилгаж, газар эзэмших эрхтэй компанийн хувьцаа надад ирэх ёстой гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлдог. Шүүх энэ талаарх асуудлыг хэргийн үйл баримтын хүрээнд шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон гэж үзэж байна.
Мөн *******ХХК-тай *******гэрээ байгуулсан гэж тайлбарладаг атлаа уг гэрээ хүчин төгөлдөр эсэх асуудалд тайлбар хэлдэггүй. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үед би *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аас хэдэн төгрөгөөр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан бэ гэхэд 4,000,000,000 төгрөгөөр гэж хэлдэг атлаа та нар хэдэн төгрөгөөр гэрээ байгуулсан бэ гэж асуухад 150,000,000 төгрөгөөр гэж хэлдэг. Ингэж хийж болох уу гэж асуухад бид татвар төлөхөөс зайлсхийж гэрээний үнийн дүнг багаар бичиж тус гэрээг байгуулсан гэж тайлбарладаг.
Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нар Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасныг зөрчиж хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн нь миний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа учир тус хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулъя, мөн хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэж хийгдсэн хэлцлүүд байна гэх 2 агуулгаар хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Тухайн хэлцлүүд бүгд хүчин төгөлдөр бус учир уг хэлцлийг байгуулагдсан гэж үзэх боломжгүй бөгөөд уг хэлцлүүд байгуулагдсан цагаасаа эхэлж үр дагавар үүсгэхгүй. Нэгэнт үр дагавар үүсгэхгүй юм бол тухайн компанийн хувьцаа буцаж ирэх ёстой.
Мөн 4,000,000,000 төгрөгийн өмчлөх эрхийг хүчингүй болгосон гэх асуудал ярьдаг. Гэвч тухайн эд хөрөнгийг 4,000,000,000 төгрөгөөр худалдан авсан гэх баримт хаана байна вэ. Хариуцагч талын зүгээс тооцоо нийлэх акт гэх зүйлийг гаргаж өгдөг. Би ******* болон *******ийн хооронд гэрээ байгуулагдсан байна гэж ойлгосон боловч тооцоо нийлэх акт нь зөрүүтэй байдаг. Түүнчлэн тухайн тооцоо нийлэх актад сар бүр төлбөр төлнө гэж бичсэн байдаг. Энэ баримтыг үндэслэж би өмчлөх эрх үүсэж гэрээ хэлцэл хийгдэж байгаа тохиолдолд ялангуяа *******ийн хувьд тухайн эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн байж шүүхээр эрх ашгаа хамгаалуулах ёстой болохоос төлсөн эсэх нь тодорхойгүй, зөвхөн тооцоо нийлэх акт гэх баримтыг өгдөг ба тухайн баримтад төлбөрийг төлсөн гэх бүрэн мэдээлэл байдаггүй. Үнэхээр 4,000,000,000 төгрөгийг төлсөн бол тухайн мөнгийг төлсөн санхүүгийн баримтыг яагаад хэрэгт өгөхгүй байна вэ. Энэ асуудал мөн *******д холбогдолтой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох үүргээ өөрсдөө хэрэгжүүлэх ёстой. Хариуцагч нар төлөөлөгч болон өмгөөлөгч нараа удаа дараа сольдог. Үнэхээр 4,000,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд түүнийгээ нотолсон баримтыг хэрэгт гаргаж өгсөн тохиолдолд шүүх тухайн баримтыг анхаарч үзнэ. Гэтэл төлбөр төлсөн гэх баримтыг өгөөгүй байхад зөвхөн тайлбарыг нь үндэслэж 4,000,000,000 төгрөгийн хөрөнгө байгаа юм байна гэх шүүх хэргийг төсөөллөөр шийдвэрлэхгүй. Тухайн баримтыг гаргаж өгөх хариуцагч нарын эрх нээлттэй байсан. Гэтэл хариуцагч нарын зүгээс ямар нэгэн баримтыг гаргаж өгөхгүй байгаа нь тухайн төлбөр төлөгдсөн эсэх болон тухайн хүмүүс хоорондоо ямар хэлцэл хийж, нэхэмжлэгчийн газрыг яаж будлиулав гэх асуудал яригдана.
Мөн хариуцагч талын зүгээс шударга эзэмшигчийн талаарх асуудлыг ярьдаг. Шударга эзэмшигч гэх ойлголт нь хууль ёсоор үүссэн эзэмшил, өмчлөл, ашиглалт байх ёстой. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр үүсэж байгаа эзэмшил, өмчлөл, ашиглалт нь шударга эзэмшигчийн хууль зүйн ойлголтод хамаарах уу. Хууль ёсны дагуу үүссэн эзэмших, өмчлөх, ашиглах эрхийг шүүх хамгаалдаг болохоос хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр үүссэн эрхийг шүүх хамгаалах уу гэх асуудал нөгөө талд яригдана. Иймд ******* өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Тухайлбал, 162,000,000 төгрөгийг сар бүрийн 25-ны өдрийн дотор төлнө, 1,250,000,000 төгрөгийн 750,000,000 төгрөгт нь G63, 500,000,000 төгрөгт нь BMW маркийн автомашиныг шилжүүлнэ гэх баримтууд байхгүй байхад 4,000,000,000 төгрөгийн зардал гарсан гэдгийг шүүх мэдэхгүй.
11.3.Хариуцагчийн өмгөөлөгч *******ын гаргасан гомдлын тухайд: ******* мэдээгүй гэх асуудал яригддаг. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үед яг үнэндээ *******гийн нэрээр бүх асуудал явагдаж байгаа болохоос тухайн хөрөнгийг бодитоор өмчилж эзэмшиж буюу компанийн хувьцааг авч байгаа хүн нь ******* гэх асуудал яригдсан. ******* зөвхөн миний нэр байдаг болохоос цаад асуудлыг нь эхнэр мэднэ гэх тайлбар хэлсэн. Үнэхээр тухайн компанийн хувьцаа болон өмчлөх эрх шилжиж байгаа бол ийм байдлаар үүсэж болох уу. Хариуцагч нарын өмгөөлөгч нар одоо өөр зүйлийн талаар ярьж байгаа болохоос хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үед үнэнээ хэлсэн. Мөн ******* гэх хүний асуудлыг процесстой холбож ярьж байна. Миний хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас үл хөдлөх эд хөрөнгийн бүх лавлагаанууд авагдсан, ******* гэх хүний мэдээлэл гарч ирээгүй. Нэгэнт Улсын бүртгэлийн ерөнхий газар бүртгэгдсэн баримтаар ******* гэх хүний мэдээлэл гарч ирээгүй байхад тухайн хүнийг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хууль зүйн үндэслэлгүй. Мөн ******* гэх хүнтэй приус 20, 30 гэх арилжааны гэрээнүүд хийгдсэн байсан. Үнэхээр тухайн хүнийг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хэрэгцээ байсан бол үүнийг нотлох ёстой байсан.
Мөн ******* өмгөөлөгч итгэмжлэлийн асуудлын талаар ярьдаг. Компанийн тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигчийн эрхийг хувьцаа эзэмшигч өөрөө хэрэгжүүлдэг. Төлөөлөгчөөр хэрэгжүүлэх тохиолдолд Компанийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2 дахь хэсэгт заасан итгэмжлэлийг тусгайлан олгодог. Энэхүү тусгайлан олгосон итгэмжлэл нь зөвхөн тухайн хурал дээр хүчин төгөлдөр байна гэх зохицуулалттай. ******* *******ид гэрээ байгуулах эрх олгосон. Гэтэл хэрэгт авагдсан баримтыг харвал ******* хувьцаа эзэмшигчийн өмнөөс ******* болон ******* нарт би энэ хувьцааг худалдан борлуулна гэх шийдвэр гаргаж өөрөө гарын үсэг зурж улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Тиймээс би энэ гэрээ хэлцэл нь хуульд нийцэж байгаа эсэх талаар ярьсан. Яагаад хувьцаа эзэмшигчийн эрхийг шилжүүлсэн Компанийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2 дахь хэсэгт заасан итгэмжлэл олгогдоогүй байхад зөвхөн гэрээ байгуулах эрх олгосон итгэмжлэлийн хүрээнд *******ын өмнөөс шийдвэр гаргаж компанийн хувьцааг дээрх 2 хүнд өгсөн бэ гэх асуудлын талаар би ярьсан. Үүнд хэн ч үндэслэл бүхий тайлбар хэлээгүй буюу хариуцагч нар үүнийг татгалзаж чадаагүй. Энэ утгаар компанийн хувьцаа шилжиж байгаа процесс нь хүртэл Компанийн тухай хуулийг зөрчсөн, мөн энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг зөрчсөн процессоор хамгийн анхны шилжилт хийгдсэн нөхцөл байдал байдаг.
11.4.******* өмгөөлөгчийн гаргасан гомдлын тухайд: Гэрээнээс татгалзах мэдэгдэл өгөх ёстой гэх асуудлын талаар ярьдаг. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үед хариуцагч нарын төлөөлөгч, өмгөөлөгч нар нь төлбөрөө төлөөгүй, удаа дараа уулзаж мэдэгдэж байсан гэдгээ хангалттай хүлээн зөвшөөрсөн нь талуудын тайлбараар нотлогдоно. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******, *******, ******* нар удаа дараа эвлэрье гэх асуудал ярьж байсан. Мөн ******* өмгөөлөгч хүртэл эвлэрье гэх асуудал яригдаж байхад шүүх яагаад үүнийг шийдвэрлэхгүй байна вэ гэх хүсэлт гаргасаар байгаад шүүх хуралдааныг хойшлуулж байсан. Энэ бүхэн нь нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй буюу нэмэлт хугацаа тогтоосон гэх хангалттай үйл баримт талуудын тайлбараар нотлогдсон. Энэ хүрээнд анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэж гэрээнээс татгалзах журмыг хэрэгжүүлсэн гэж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон.
Зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэх тухайд: Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол болон зөвлөмжийг харвал зээлээр худалдах, худалдан авах гэрээ ямар онцлогтой болох нь тодорхой тусгагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, хугацаа болоод хугацаанд тохирсон хүүг тогтоосон тохиолдолд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсдэг болохоос ******* өмгөөлөгчийн ярьж байгаачлан хугацаа заагаагүй эсвэл тухайн гэрээ байгуулагдсан өдөр мөнгө төлнө гэж заагаагүй бол зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсэх асуудал биш. Мөн төслөөс төлбөрийг нь төлнө гэх асуудлыг хэн ч хэзээ ч хаана ч ярьж байгаагүй, зөвхөн одоо яригдаж байгаа асуудал юм. *******, ******* нарт хувьцаагаа шилжүүлж, тухайн хүмүүс хэзээ байшин барьж, байшин баригдахыг хүлээж дуусахаар нь ******* мөнгө авна гэх тохиролцоог хэзээ ч хийгээгүй. ******* зуучилсны дагуу *******, ******* нар ирж танай компанийн хувьцааг бид 2,000,000,000 төгрөгөөр худалдаж авъя, мөнгийг нь 1 сарын дотор бэлнээр өгнө, ямар ч асуудал байхгүй гэж итгүүлж, *******ын компанийн хувьцааг огт мөнгө өгөлгүйгээр түрүүлж өөрсдийн нэр дээр шилжүүлж авсан асуудал байдаг. Гэрээгээр хугацаа тогтоогоогүй юм бол Иргэний хуульд заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч хэдийд үүргийн гүйцэтгэлийг шаардана тухайн үед төлбөрийг нь төлөх үүрэгтэй. Мөн одоо газар байхгүй гэх асуудлыг ярьдаг. Газар дээр байшин барихаар газар алга болчихгүй. Газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх Газрын тухай хууль болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар зохицуулагддаг. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар зэргийг харвал газрын эзэмших эрх дуусгавар болж эсвэл газар нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байхгүй болсон үйл баримт байхгүй. Нэгэнт компанийн хувьцаа *******, ******* нарт шилжиж ирсэн учир яах нь бидний дур гэх байдлаар тайлбар хэлдэг. ******* 2023.05.06-ны өдөр *******ХХК-ийн 100 хувийн хувьцааг 2,000,000,000 төгрөгөөр үнэлж дээрх 2 хүнд шилжүүлдэг буюу тухайн компанийн 50 хувийн хувьцаа нь 1,000,000,000 төгрөг гэсэн үг. Гэтэл ******* нь 2023.06.08-ны өдөр 1,000,000,000 төгрөгөөр бодож авсан 50 хувийн хувьцааг 500,000 төгрөгөөр тооцож *******д шилжүүлсэн байдаг. 999,500,000 төгрөгийн эрсдэлийг яана гэж бодож хүнээс 1,000,000,000 төгрөгөөр үнэлж авсан хувьцаагаа өөр хүнд 500,000 төгрөгөөр бодож өгч байна вэ. Энэ нь үнэхээр бодит үнэн хэлцэл мөн үү, үүний зорилго нь юу вэ гэж асуусан. Хэрэв энэ хэлцэл нь бодит хэлцэл биш байсан бол та нар цаанаа хэдэн төгрөгөөр тохирсон юм бэ гэх асуудал ярьсан. ******* компанийн хувьцааг 20,000,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан гэх асуудлыг ярьсан. Харин ******* 4,000,000,000 төгрөг билүү 7,000,000,000, 8,000,000,000 төгрөгийн тохиролцоо бидний хооронд байсан гэх асуудлыг ярьсан. ******* 2023.07.20-ны өдөр *******ас 500,000 төгрөгөөр тооцож авсан *******ын 1,000,000,000 төгрөгийн үнэлгээтэй хувьцааг дахин 500,000 төгрөгөөр тооцож *******өд шилжүүлсэн. ******* 2023.07.20-ны өдөр 10 хувийн хувьцаа буюу хувьчилж үзвэл 100,000,000 төгрөгөөр үнэлэгдэх хувьцааг 100,000 төгрөгөөр тооцож *******өд шилжүүлдэг. Мөн ******* буцаагаад 2023.09.14-ний өдөр 400,000,000 төгрөгөөр тооцож худалдах, худалдан авах гэрээ хийсэн хувьцааг 400,000 төгрөгөөр тооцож шилжүүлсэн байдаг. Үндсэндээ 2023.09.14-ний өдөр гэхэд *******гоор дамжуулж ******* гэх хүн 1,000,000 төгрөгөөр 4 хэлцлийн үндсэн дээр 2,000,000,000 төгрөгийн үнэлгээтэй *******ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болж байгаа юм. Энэ процессууд нь таньж мэдэхгүй хүмүүсийн хооронд хийгдэж байгаа асуудал биш. Ялангуяа *******, ******* нар ямар учиртай болохыг мэдсээр байж энэ хэлцлүүдийг хийсэн. Тиймээс нэхэмжлэгч 2,000,000,000 төгрөгөөр үнэлэгдэж байгаа хувьцааг яагаад 100,000 төгрөг, 400,000 төгрөг, 500,000 төгрөгөөр тооцож шилжүүлээд байдаг юм бэ, энэ нь хууль зөрчиж байна, үүнийг үндэслэж дараа дараагийн хэлцлүүд хийгдэж байна, энэ нь миний эрхийг зөрчиж байна гэх асуудлыг ярьсан. Мөн хувьцааны үнийг төлөөгүй болохыг мэдсээр байж тухайн хүмүүс дураараа хувьцааг худалдан борлуулах эрх үүсэх үү, энэ нь шударга ёсны зарчимд нийцэх үү гэх асуудал яригдсан. Гэтэл одоо хариуцагч нарын зүгээс тухайн хувьцааг хэрхэн, хэнд худалдан борлуулах нь миний эрх гэж тайлбарладаг. Хэн нэгэн хүний эд хөрөнгийг худалдан авч байгаа тохиолдолд эхлээд тухайн эд хөрөнгийн үнийг эзэнд шилжүүлсний дараа эд хөрөнгийг нь бусдад шилжүүлдэг болохоос бусдын эд хөрөнгийн үнийг төлөөгүй байж тухайн эд хөрөнгийн үнийг хэд дахин багасгаж цааш нь шилжүүлдэг ойлголтыг зөвшөөрөх боломж байхгүй.
******* маргаан бүхий объектыг бүхэлд нь буцаан авсан гэж үл хөдлөх эд хөрөнгийн талаарх асуудлыг ярьдаг. ******* тухайн объектыг бүхэлд нь буцаан аваагүй учир үүнтэй холбоотой баримт гаргаж өгөхийг хариуцагч талаас хүссэн. ******* үндсэндээ хувьцааны асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хувьцаа *******ын өмчлөлд ирсэн тохиолдолд ******* үнэхээр тухайн барилгыг хэн хэдэн төгрөгөөр барьсан, мөн тухайн үед барилгыг хэдэн төгрөгөөр барьсан гэдгийг ******* хөндлөнгийн хөрөнгийн үнэлгээний компаниар үнэлгээ гаргуулж, барилгын мөнгийг нь өгөх болохоос хүний эд хөрөнгийг зүгээр авах гэж байгаа асуудал огт биш юм. Энэ үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой асуудал нь тусдаа асуудал бөгөөд хариуцагч талын зүгээс бидний хооронд маргаан байхгүй гэж хэлдэг. Гэтэл бодит байдал дээр би энэ барилгыг авна, чи энэ барилгыг авна гэж маргадаг юм байна. ******* үүнийг залилан мэхлэх гэмт хэрэг байна гэх байдлаар өмгөөлөгч надад тайлбарлаж байсан. Мөн 2 давхар барилгын А даалгавартай газрыг шилжүүлсэн боловч 3 давхар болж хувирсан буюу үүнийг хууль бус аргаар гаргуулсан байна гэх асуудлын талаар ярьсан. Энэ бүхнийг дүгнэж хариуцагч нар өөрсдийн хийсэн хууль бус үйлдлээ шүүхээр зөвтгүүлэхээр гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй байна гэх зүйлийг надад хэлсэн.
Дээрх үндэслэлүүдийг харвал анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна. Магадгүй давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээж, зохих хууль хэрэглээний болон бусад холбогдох өөрчлөлтүүдийг хийх эрх нь нээлттэй байгаа. Бодит байдал дээр хохирч байгаа хүмүүс нь хариуцагч нар биш бөгөөд маргаан бүхий объектын тухайн үеийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлж, талууд хоорондоо харилцан тохиролцож энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой. Хэрэгт авагдсан баримтаас харвал ******* болон ******* гэх хүмүүсийн хувьд зөвхөн 4,000,000 төгрөгийн хохирлын асуудал яригддаг. Мөн ******* тухайн эд хөрөнгийн мөнгийг төлсөн гэж тайлбарладаг. Гэтэл гэрээ байгуулахаас өмнө аль хэдийн ******* руу мөнгө шилжүүлдэг харилцаатай байсан нь дансны хуулгаар нотлогддог. Түүнчлэн мөнгө шилжүүлсэн баримт дотор нь автомашины үнэ 320,000,000 төгрөг гэх гүйлгээний утгатай шилжүүлэг байдаг. Буцаагаад хувьцаа эзэмшигч болсныхоо дараа 12 дугаар сард дахин *******ХХК гэх утгаар мөнгө шилжүүлсэн байдаг. Эдгээр хүмүүс нь хоорондоо харилцаа холбоогүй хүмүүс биш учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******, *******, *******, *******нарт холбогдуулан 2023.05.06-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2023.06.21-ний өдрийн *******ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний нэмэлт гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу өгсөн авснаа буцаах, 2023.06.08-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2023.07.20-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2023.09.14-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2024.03.20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн хүсэлтээр *******ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсан ба тэрээр хариуцагч талын байр суурийг дэмжсэн агуулга бүхий тайлбар гаргасан байна.
Хариуцагч *******ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд Нэхэмжлэгч нь 2023.05.06-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2023.06.21-ний өдрийн "*******" ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс тус тус татгалзаж, гэрээний дагуу өгсөн авснаа буцаах шаардлагаа 2025.10.06-ны өдөр өөрчилсөн, мөн *******т холбогдуулан шаардлага гаргаагүй байхад шүүх шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэх агуулга тусгагджээ.
2.1.Нэхэмжлэгч нь анх 2024.07.03-ны өдөр хариуцагч *******, *******, ******* нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,968,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ч 2025.04.23-ны өдөр уг нэхэмжлэлээ 2023.05.06-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2023.06.21-ний өдрийн "*******" ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс тус тус татгалзаж, гэрээний дагуу өгсөн авснаа буцаах гэж өөрчилсөн байна. (1хх 1-4 дэх тал)
2.2.Үүний дараа 2025.10.06-ны өдөр нэхэмжлэлээ ихэсгэхдээ *******, ******* болон *******, ******* нарын байгуулсан 2023.06.08-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2023.07.20-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2023.09.14-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар тусгасан.
2.3.Харин ******* болон *******, *******нарын байгуулсан 2024.03.20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж дурдаж, хамтран хариуцагчаар *******, *******нарыг татах хүсэлт гаргасан, шүүх хүсэлтийг хангасан байна. (2хх 6, 179-180, 186-187 дахь тал)
Хариуцагч *******, *******нар нэхэмжлэлийг гардан авч тэдэнд холбогдуулан нэхэмжлэл гаргасан эсэхэд маргаагүй, шүүхэд хариу тайлбар, нотлох баримт гаргаж мэтгэлцсэн байх тул нэхэмжлэгчийн зүгээс дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шаардлага гаргасан гэж үзнэ. (2хх 192, 201, 203, 204-245 дахь тал)
2.4.Уг нэхэмжлэлийн 4 дэх хэсэгт хариуцагч *******ийг нэхэмжлэгчийн өмнөөс *******ХХК-ийн хувьцааг бусдад шилжүүлэх шийдвэрийг гаргаж, хууль бусаар хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлсэн, улмаар 2023.05.06-ны өдөр *******, ******* нартай Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулж компанийн 100 хувийн хувьцааг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дурдсан байх ба анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч нь 2023.05.06-ны өдрийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар бус харин уг гэрээнээс татгалзах, үр дагаврыг шийдвэрлүүлэх буюу өмнө гаргасан шаардлагаа дэмжсэн агуулгаар тайлбарласан, давж заалдах шатны шүүх хуралдаанд энэ талаар тодруулж асуухад уг тайлбараа дэмжсэн.
Нэхэмжлэлд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж гэсэн ч хэрхэн өөрчлөх талаар тодорхой илэрхийлээгүй, хариуцагч *******, *******, ******* нар тэдэнд холбогдох шаардлага өөрчлөгдсөн гэж мэтгэлцээгүй байна.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан 2023.05.06-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2023.06.21-ний өдрийн "*******" ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний нэмэлт гэрээнээс тус тус татгалзаж, гэрээний дагуу өгсөн авснаа буцаах шаардлага өөрчлөгдөөгүй гэж үзсэнийг буруутгахгүй, уг шаардлагын хүрээнд талууд тайлбар, нотлох баримтаа гаргаж мэтгэлцсэн байх тул шийдвэрлэх боломжтой. Иймээс энэ талаарх гомдлыг хүлээн авахгүй.
3.******* болон *******, ******* нарын хооронд 2023.05.06-ны өдөр Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдаж, ******* нь *******ХХК-ийн 100 хувийн 100 ширхэг хувьцааны 50 хувь болох 50 ширхэг хувьцааг *******өмчлөлд, мөн 50 хувь болох 50 ширхэг хувьцааг *******ын өмчлөлд тус тус шилжүүлэх, *******, ******* нар нь хувьцааны үнэд нийт 2,000,000,000 төгрөг төлөхөөр тохиролцжээ. (1хх 7, 8 дахь тал)
Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлдээ *******, ******* нараас 780,000,000 төгрөг төлсөн гэж тайлбарласныг талууд үгүйсгээгүй, мөн 2023.05.08-ны өдөр *******, ******* тус бүр *******ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. (1хх 60 дахь тал)
Хариуцагч *******ын өмгөөлөгч нь хувьцааны үнийг төлөхөөс өмнө хөрөнгийг шилжүүлж үнийг дараа төлөх тохиролцоонд үндэслэн гэрээг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж тодорхойлж байх боловч уг гэрээний гол шинж болох хүүгийн талаар тохиролцоогүй байна.
Иймээс анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
4.*******ыг төлөөлж 2023.05.05-ны өдрийн итгэмжлэлийн дагуу ******* дээрх гэрээг байгуулсан байх ба уг итгэмжлэлд эд хөрөнгийн мэдээлэл *******ХХК-ийн хувьцаа гэж тусгаад худалдах, бэлэглэх, хувьцаанд ногдох эрх шилжүүлэх, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, төлбөр тооцоо хүлээн авах, хуулийн этгээдийн бүртгэлийн газарт төлөөлөх, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг төлөөлүүлэгч *******аас төлөөлөгч *******ид олгожээ. (1хх 136 дахь тал)
Нэхэмжлэгч нь 2025.10.06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ төлөөлөгч *******ид *******ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн эрхийг шилжүүлээгүй, нэхэмжлэгчийн өмнөөс хувьцаа эзэмшигчийн эрхийг эдлэх буюу шийдвэр гаргах эрхийг олгоогүй бөгөөд зөвхөн хувьцааг худалдах, худалдан авах гэрээнд төлөөлөх, гарын үсэг зурах эрхийг олгосон, ******* Компанийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт заасныг зөрчиж *******, ******* нартай гэрээ хийж хувьцааг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж дурдсан. (2хх 180 дахь тал)
Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан ба дээрх итгэмжлэлд *******ХХК-ийн хувьцааны талаар хэд хэдэн төрлийн үйлдэл хийх эрх олгосны дотор худалдах гэж тодорхой тусгасан тул *******ыг төлөөлөн ******* хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсныг хүчин төгөлдөр бус гэж дүгнэх үндэслэлгүй.
Үүнээс гадна ******* нь 2023.06.21-ний өдөр *******той *******ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний нэмэлт гэрээг байгуулж, 2023.05.06-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар тохиролцсоноос үзвэл худалдах, худалдан авах гэрээг байгуулсан *******ийн үйлдлийг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэх ба нэхэмжлэгч дээрх үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргасан нь үндэслэлгүй. (1хх 10-11 дэх тал)
5.Талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд хувьцааны үнэ төлөх хугацааг тодорхой заагаагүй боловч *******, ******* нарын байгуулсан 2023.06.21-ний өдрийн нэмэлт гэрээнд худалдан авагч тал 2023.06.06-ны өдөр 1,500,000,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүйг дурдаж 2023.07.06-ны өдрийн дотор төлөх талаар, мөн 2024.02.05-ны өдрийн баталгаанд ******* 2024.02.07-ны өдөр 220,000,000 төгрөг, 2024.03.01-ний өдөр 500,000,000 төгрөг, 2024.04.01-ний өдөр 500,000,000 төгрөг төлөх талаар тус тус тусгагдсан. (1хх 12 дахь тал)
Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан ба хариуцагч *******, ******* нар хувьцааны үнэ төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Иймээс нэхэмжлэгч ******* нь *******, ******* нартай байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, *******той байгуулсан нэмэлт гэрээнээс тус тус татгалзсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасныг зөрчөөгүй. Энэ агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлтэйг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
6.Гэрээнээс татгалзсаны үр дагаврыг зохицуулсан Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй .
Гэвч ******* нь 2023.06.08-ны өдөр *******ХХК дахь өөрийн эзэмшлийн 50 хувийн хувьцааг *******д, *******гоос 2023.07.20-ны өдөр *******өд тус тус шилжүүлсэн, мөн ******* нь өөрийн эзэмшлийн 10 хувийн хувьцааг 2023.07.20-ны өдөр, үлдэх 40 хувийн хувьцааг 2023.09.14-ний өдөр тус тус *******өд шилжүүлсэн, эдгээр шилжүүлэг худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр хийгдэж, тухай бүр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгджээ.
Ингэснээр 2023.09.14-ний өдөр ******* *******ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. (1хх 60 дахь тал)
7.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарыг хувьцааны үнэ төлөх үүргээ биелүүлээгүй, төлөх үүрэгтэй болохоо сайтар мэдсээр байсан атлаа ******* нь *******той 2023.06.08-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг, ******* нь *******тэй 2023.07.20, 2023.09.14-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж маргасан.
7.1.Нэр бүхий хариуцагч нарын хооронд дор дурдсан нөхцөлөөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ бичгээр байгуулагджээ. Үүнд:
- 2023.06.08-ны өдрийн гэрээгээр ******* нь 50 ширхэг хувьцааг шилжүүлэх, ******* нь хувьцааны үнэд 500,000 төгрөг төлөх;
- 2023.07.20-ны өдрийн гэрээгээр ******* нь 10 ширхэг хувьцааг шилжүүлэх, ******* нь хувьцааны үнэд 100,000 төгрөг төлөх;
- 2023.09.14-ний өдрийн гэрээгээр ******* нь 40 ширхэг хувьцааг шилжүүлэх, ******* нь хувьцааны үнэд 400,000 төгрөг төлөх.
7.2.Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй гэж заасан.
Дээрх гэрээнүүд байгуулагдах үед *******, ******* нар нь хувьцааны үнийг *******т бүрэн төлөөгүй байсан хэдий ч тэдгээр нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд *******ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байсан бөгөөд *******, ******* нарыг өмчлөгч биш болохыг худалдан авагч *******, ******* нар мэдсэн, эсхүл мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан гэж дүгнэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
7.3.Иймээс *******, ******* нартай *******ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж хувьцааг шилжүүлж авсан *******, ******* нарыг Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хувьцааны өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж дүгнэх үндэслэлтэй тул нэхэмжлэгч нь дээрх гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж маргасан нь үндэслэлгүй.
8.*******, ******* нар нь хувьцааны үнийг тус бүр 1,000,000,000 төгрөгөөр нэхэмжлэгчтэй тохирсон атлаа *******д 500,000 төгрөгөөр, *******өд нийт 500,000 төгрөгөөр тус тус худалдах гэрээ байгуулсан нь мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж нэхэмжлэгч маргасан.
8.1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэ үндэслэлийн хувьд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт зааснаар сонирхогч этгээдийн эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхгүй. Тодруулбал нэхэмжлэгч нь өөрийн эрх, ашиг сонирхол хэрхэн хөндөгдсөн болохыг *******, ******* нарыг хувьцааны үнэ төлөх үүргээ биелүүлээгүй, төлөх үүрэгтэй болохоо сайтар мэдсээр байсан атлаа ******* нь *******той, ******* нь *******тэй тус тус Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулж хувьцааг шилжүүлсэн гэж тодорхойлсон учир дээрх агуулгаар маргах нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт нийцэхгүй.
8.2.Гэхдээ талуудын мэтгэлцээн, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дор дурдсан үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
а.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч анх 2021.08.13-ны өдөр Т.Нямдоржоос *******ХХК-ийн 100 хувийн 100 ширхэг хувьцааг худалдан авахдаа үнийг 1,000,000 төгрөг гэж гэрээнд тусгажээ. (1хх 160-162 дахь тал)
б.Үүний дараа нэхэмжлэгч нь *******, ******* нарт хувьцааг шилжүүлэхдээ мөн 1,000,000 төгрөгийн үнийн дүнтэй худалдах, худалдан авах гэрээг улсын бүртгэлд мэдүүлсэн, уг гэрээнд төлбөр тооцоо дууссан талаар тусгасан байна. (1хх 142-143 дахь тал) Өөрөөр хэлбэл нэхэмжлэлд хавсаргасан 2,000,000,000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээг улсын бүртгэлд өгөөгүй байна.
в.Хариуцагч ******* нь *******ас компанийн 50 хувийн 50 ширхэг хувьцааг тээврийн хэрэгсэл, бэлэн мөнгө оролцуулан 2,000,000,000 төгрөгөөр худалдан авсан гэж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь *******, ******* нараас 100 хувийн 100 ширхэг хувьцааг гэрээнд зааснаар нийт 1,000,000 төгрөгөөр худалдан авсан гэж тайлбарласан. (1хх 176-178, 203 дахь тал)
Хэрэгт хариуцагч *******гоос 2023.05.22-2023.12.07-ны өдрийн хугацаанд нийт 1,552,098,000 төгрөгийг *******д, 270,000,000 төгрөгийг *******т тус тус шилжүүлсэн Хаан банк ХК-ийн шилжүүлгийн баримтууд авагдсан, мөн хариуцагч ******* компанийн бүх мөнгө *******дансаар орж гарч байсан талаар шүүх хуралдаанд тайлбарласан ба хариуцагч *******, ******* болон *******, ******* нарын хооронд гэрээгээр тохиролцсон хувьцааны үнэ төлөгдсөн эсэх асуудал энэ хэргийн хүрээнд дүгнэх маргааны зүйлд хамаарахгүй. (2хх 212-245, 3хх 74 дэх тал)
г.Өөрөөр хэлбэл хувьцааны өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотойгоор дээрх гэрээнүүд хийгдсэн, эдгээр гэрээг үндэслэн хувьцааны өмчлөх эрх худалдан авагчийн нэр дээр шилжиж бүртгэгдсэн тул тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгдсэн буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлсэн гэж дүгнэх үндэслэлгүй.
9.Анхан шатны шүүх дээрх гэрээнүүдийн агуулга буюу гэрээний талуудын хүсэл зоригийн илэрхийллийг зөв тогтоогоогүйн дээр *******ХХК-ийн 50 хувийн хувьцаа *******ас *******д, мөн 50 хувийн хувьцаа *******аас *******өд тус тус шилжиж, холбогдох улсын бүртгэлүүд хийгдсэн, *******гоос дээр дурдсанаар мөнгөн хөрөнгө *******, ******* нарт шилжүүлсэн үйл баримтыг зөв дүгнээгүй.
Үүний зэрэгцээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлд тусгаагүй, талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн буюу *******, ******* нар хувьцаагаа *******, ******* нарт худалдах хүсэл зориг байгаагүй, гэрээний гол нөхцөлийн талаар хэлэлцэн тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээг халхавчлан байгуулсан хүчин төгөлдөр бус гэрээ, Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн гэх зэргээр дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 6.6, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцээгүй, улмаар маргаан бүхий гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус гэрээ гэж буруу дүгнэснийг дээрх байдлаар залруулна.
10.*******ХХК нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байршилтай, засварын цехийн зориулалттай, 947 м.кв талбайтай газрыг 2019.10.09-ний өдрөөс 15 жилийн хугацаатай эзэмшиж байх ба уг газар дээр барилга баригдаж 2023.11.01-ний өдөр 70 хувийн гүйцэтгэлтэй, 2024.03.13-ны өдөр 98 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ тус тус *******ХХК-ийн нэр дээр олгогдсон. (2хх 68-74, 124, 140 дэх тал)
Дор дурдсан худалдах, худалдан авах гэрээ *******, *******нартай байгуулагдсанаар 2024.03.27-ны өдөр 98 хувийн гүйцэтгэлтэй барилгын зоорийн болон 1 дүгээр давхрын нийт 1137.67 м.кв талбайтай хэсэг иргэн *******ийн өмчлөлд салж бүртгэгдсэн, улмаар *******ийн гаргасан барилгын ажил 100 хувь хийгдсэн тухай мэдүүлэг, хүсэлт, баримтыг үндэслэн 2024.09.06-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ түүнд дахин олгогджээ. (2хх 155, 156-166 дахь тал)
Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт барилга барихтай холбоотой 2022.05.19-ний өдрийн архитектур төлөвлөлтийн даалгавар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2023.05.30-ны өдрийн 15/02323/23 тоот, УСУГ-ын 2023.05.25-ны өдрийн 272/23 тоот, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн 2023.06.05-ны өдрийн B-U2023/372 тоот техникийн нөхцөлүүд, 2023.05.16-2023.07.02-ны өдрийн хугацаанд хийгдсэн суурийн нүх ухсан акт, суурь хийсэн акт, цутгамал төмөр бетон бүтээцийг арматурласан акт, цутгамал бетон, төмөр бетон бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт, 2023.10.25-ны өдрийн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, Краун констракшн ХХК-тай байгуулсан 2023.05.25-ны өдрийн Авто үзэсгэлэнгийн барилгын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллах гэрээ, автомашины худалдааны төвийн ажлын зураг тус тус авагдсан ба эдгээр баримтаар дээрх барилга баригдсан үйл баримт тогтоогдсон байна. (2хх 68-75, 85-119 дэх тал)
11.Нэхэмжлэгч ******* нь *******ХХК-аас дээрх барилгын 2 дугаар давхрын 552.91 м.кв талбайтай хэсгийг *******д шилжүүлсэн 2024.03.20-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, мөн 3 дугаар давхрын 570.01 м.кв талбайтай хэсгийг *******т шилжүүлсэн 2024.03.20-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээг тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан дээрх хүчин төгөлдөр бус гэрээнүүдийн үндсэн дээр хийгдсэн хүчин төгөлдөр бус гэрээ гэж маргасан.
11.1.*******ХХК-ийг төлөөлөн хувьцаа эзэмшигч ******* нь 2024.03.20-ны өдөр барилгын 2 дугаар давхрын 552.91 м.кв талбайтай хэсгийг 150,000,000 төгрөгөөр худалдахаар *******той Худалдах, худалдан авах гэрээг, мөн 3 дугаар давхрын 570.01 м.кв талбайтай хэсгийг 150,000,000 төгрөгөөр худалдахаар *******той Худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулсан байна. (2хх 150-151, 152-153 дахь тал)
Монгол Улсын Дээд шүүхийн 2010.06.22-ны өдрийн 17 дугаар тогтоолд хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл гэдгийг хүчин төгөлдөр бус хэлцэлтэй шалтгаант нөхцөл байдлаар салшгүй холбогдсон, энэ хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор эрх зүйн үндэслэл нь үгүйсгэгдэх хэлцлийг хамааруулан ойлгохоор тайлбарласан.
Дээрх 2 гэрээ нь *******ХХК-аас үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах агуулгатай байх бөгөөд тус компанийн хувьцааны өмчлөх эрхийн шилжилт хөдөлгөөнтэй шалтгаант нөхцөлөөр салшгүй холбогдсон гэж дүгнэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл хувьцаа эзэмшигч ******* компанийг төлөөлж гэрээ байгуулах бүрэн эрхтэй эсэх асуудал дээрх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан үндэслэлд хамаарахгүй юм. Энэ талаарх хариуцагч *******ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.
11.2.Нөгөө талаар, ******* нь хувьцааны үнэ бүрэн төлөгдөөгүй байхад хувьцаагаа *******, ******* нарын нэр дээр шилжүүлж бүртгүүлсэн, тэдгээрээс хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр ******* нь хувьцааг шилжүүлэн авч *******ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн тул *******ХХК-ийг төлөөлөн ******* нь *******, *******нартай дээрх гэрээг байгуулсан нь хүчин төгөлдөр болно.
11.3.Мөн хэрэгт *******ХХК, *******нарын үйлдсэн 2024.09.03-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний хавсралт, Мерседес бенз Жи 63 маркийн тээврийн хэрэгслийг 750,000,000 төгрөгт тооцон шилжүүлэн авах тухай *******ХХК-ийн 2024.12.24-ний өдрийн 24/47 тоот албан бичиг, нийт төлбөр 4,174,000,000 төгрөгөөс 4,012,000,000 төгрөг төлөгдсөн, үлдэгдэл 162,000,000 төгрөг болохыг баталгаажуулсан 2025.04.29-ний өдрийн тооцоо нийлсэн акт тус тус авагдсан ба энэхүү үйл баримт маргааны зүйлд хамаарахгүйг дурдах нь зүйтэй. (2хх 209, 210, 211 дэх тал)
Анхан шатны шүүх дээрх гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж буруу дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс залруулав.
12.Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэвэл, ******* болон ******* нарын байгуулсан 2023.06.08-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, ******* болон ******* нарын байгуулсан 2023.07.20, 2023.09.14-ний өдрийн Хувьцаа худалдах худалдан авах гэрээ, *******ХХК болон ******* нарын байгуулсан 2024.03.20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, *******ХХК болон *******нарын байгуулсан 2024.03.20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ тус тус хүчин төгөлдөр тул эдгээр гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
13.******* нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу өгсөн авснаа буцаах буюу *******ХХК-ийн 50 хувийн 50 ширхэг хувьцааг *******ас, мөн 50 хувийн 50 ширхэг хувьцааг *******аас тус тус буцаан гаргуулахаар шаардсан боловч *******, ******* нар хувьцааг *******, ******* нарын өмчлөлд шилжүүлсэн, *******, ******* нар өмчлөх эрхийг шударгаар олж авсан өмчлөгч нар байх тул хуулийн уг зохицуулалтын дагуу гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаан шаардах эрхгүй.
Иймд *******ХХК-ийн 50 хувийн 50 ширхэг хувьцааг *******ас, мөн 50 хувийн 50 ширхэг хувьцааг *******аас тус тус буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хангах үндэслэлгүй.
Харин нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлүүлэхээр хариуцагч *******, ******* нараас шаардахад энэ магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй.
14.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь түүнээс үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан гэх *******ийг гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлт гаргасан байх ба үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь ******* болсон гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.
15.Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс хариуцагч нар болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 192/ШШ2026/03313 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8, 56.1.10, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, *******, *******, *******, *******нарт холбогдуулан гаргасан 2023.05.06-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2023.06.21-ний өдрийн *******ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний нэмэлт гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу өгсөн авснаа буцаах, 2023.06.08-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2023.07.20-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2023.09.14-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2024.03.20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******аас 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 5,094,652 төгрөг, хариуцагч *******оос 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 907,950 төгрөг, хариуцагч *******гийн өмгөөлөгч *******оос 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 923,600 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Д.ЗОЛЗАЯА