| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2016/00876/И |
| Дугаар | 01213 |
| Огноо | 2016-10-03 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 01213
Гэрлэгчдийн эвлэрлийг батлах тухай
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар нэхэмжлэгч З.Бадамзулын нэхэмжлэлтэй Г.Сайнхүүд холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч З.Бадамзул, хариуцагч Г.Сайнхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Бадамзул шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: З.Бадамзул миний бие 2006-08 дугаар сард анх Сайнхүүтэй танилцан 2010 оноос нэг гэртээ хамтын амьдралаа эхлүүлсэн. 2011 онд охин Мөнхгэрэл, 2014 онд охин Энхгэрэл нар төрсөн. 2014 онд гэр бүлээ батлуулсан. Танилцаж, гэр бүл болон хамт амьдарч буй энэ 10 жилийн хугацаанд нөхөр Сайнхүүгийн архидан согтуурч, ааш авир нь эвдрэх нь жил ирэх бүр даамжирсан. Өнөөгийн энэ нийгэмд хүмүүсийн архидалт их байгаа хэдий ч миний л хувьд үр хүүхдүүдийн маань хувьд энэ хүний архидалтыг, гаргаж буй ааш авирыг хүлээн зөвшөрч чадахгүйд хүрч цаашид хамт амьдрахад их хүндрэлтэй байна. Энэ хугацаанд эрүүл мэнд, сэтгэл санаагаар их хохирол үзлээ. Жишээлэл: 1. 2011 онд 6 сартай жирэмсэн байх үед согтуурч маргалдахдаа миний баруун гарын эрхий хурууг тулгаж, хавдартай 10-аад хоног болсон. 2.Ер нь архи уусан үедээ үс зулгаах, толгой нүүр лүү алгадах, хөл, гарын орчимд базах, хөхрүүлэх зэргээр олон удаагийн хөнгөн хэлбэрийн гэмтэл, бэртэл учруулж байсан. 3.Хамгийн сүүлд гэхэд, 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өглөөгүүр архи нэхэн агсарч байгаад 2 нүдний дунд хэсэгт гараа зангидаж байгаад маш хүчтэй цохисноос болж арьс нь язран цус гарч, том хавдар үүссэн. Энэ байдлыг тухайн үед хадам ээж, өөрийн эгч нараа дуудаж үзүүлсэн. Одоо ч тэр хэвээрээ байгаа. 4.Нөхөр Сайнхүү архины мөнгө нэхэж ажил дээр олон ирсэн. Би боловсролын байгууллагад ажилладаг болохоор тэр олон багш, сурагчдаас санаа зовох, ичих зэргээр сэтгэл санаа хэцүү байдалд ордог. Үүнээс болж ажлын газартаа нэр хүндгүй болж, ажил хийхэд ч хүндрэл учирч байна. 5.Манайх 2 охинтой, аавынх нь архидалт, зан ааш авир тэдэнд муугаар нөлөөлж байна. Шөнө орой унтуулж амраахгүй зурагтаа чангалах, дуу дуулах, том том дуугаар хашгирах, зандрах, маргалдах, гэх мэтээр хүүхдүүдийн амгалан тайван, аюулгүй байх эрх ноцтой зөрчигдөж байна. Одоогоор бид 3 эгчийндээ амьдарч байна. Сайнхүүгийн хувьд архинаас холдъё, татгалзая гэсэн чин сэтгэл байдаггүй. Учир нь миний мэдэхийн 2-3 архины эмчилгээ хийлгээд үр дүнд хүрэхгүй байгаагаас энэ нь харагдаж байгаа юм. Ихэвчлэн өөрийн хүсэлтээр энэ эмчилгээгээ үр дүнд хүргэдэггүй. Миний хувьд энэ хүнийг залруулъя, засъя, хамтдаа амьдраад болж бүтээе гэж алдааг нь уучилъя гэж их зүтгэсэн. Нас хэвийсэн хойноо 2 хүүхэд гаргаж өглөө, аль болох тэвчээртэй байя гэж их бодож байсан. Гэвч одоо тэвчиж тэсч чадахгүйд хүрч, гол нь энэ хүнд дахин итгэж найдаж чадахгүйд хүрээд байна. Амьдрал гэдэг гол нь итгэл найдвар дээр л тогтдог байтал энэ зүйл хэн хэний маань хувьд алга болчоод байна. Дээрх нөхцөл байдал, үүссэн хүндрэл бэрхшээл, сэтгэлийн гомдол, үл итгэх байдал зэргийг минь харгалзан үзэж миний болоод үр хүүхдүүдийн минь эрүүл мэнд, амь нас сэтгэл санааны тайван амар амгалан байдлыг хангах, хамгаалах талд үнэн мөнийг олж тогтоон, бидэнд асуудлыг минь шийдвэрлэж өгнөүү. Гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдүүддээ хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч Г.Сайнхүү шүүхэд гаргасан тайлбартаа: Эхнэр болох З.Бадамзулын нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа Г.Сайнхүү миний бие мэдэгдэж байна. Учир нь уг нэхэмжлэлд намайг 10 жилийн хугацаанд тасралтгүй архидан согтуурч бйсан мэтээр бичсэн байна. Надад энэ хугацааны 3 жил нь огт спиртлэг зүйл амсаж байгаагүй үе ч байгаа. Ерөнхийдөө өдөр бүр архи уудаг хүн шиг л бичсэн байх юмаа. Тийм биш ээ. Тав дахь хагассайн гэж архи уусан нь хэрүүл маргаан болж ийм асуудалд хүрч байгаа нь үнэн. Тухайн хэрүүл маргааны үндэс шалтаг шалтгааныг дор дурьдахыг хичээе. Эхнэр Бадамзулын нэхэмжлэлд намайг архи уусан болохоор 100 хувийн буруутайгаар ойлгуулахыг хичээжээ. Намайг сүүлийн үед яагаад ийм ааш араншин гаргаад байгааг нь тусгаагүй байгаа юм шиг санагдлаа. Эхнэр Бадамзул нь сүүлийн үед үргэлж өөрийнхөөрөө зүтгэн хэлж, ярьж, санал болгосон бүхнийг минь минь үл ойшоон харьцаж мөн надад худлаа ярих нь ихэссэн. Яг юуг, хэзээ, яаж гэж тодорхой бичихээ болъё. Мөн түүний ажлынхантайгаа нийлж архидан согтуурхах нь олширсон. Ямар нэгэн зугаалга, баяр наадам, төрсөн өдөр, ажлынх нь ийм баяр, ямар нэгэн шалтаг гарган архидах үеэр ганц ч удаа үгүй гэж хэлдэггүй. Мэдээж шинэ жил, мартын 8 гэх мэтийн олон нийтийн баярт оролцолгүй яахав. Харин туульшрал бол сүйрлийн эхлэл юм гэж боддог. Айл гэрийн сайн эхнэр гэдэг чинь явах зүйлдээ явж, явахгүй зүйлдээ би явж амжихгүй нэг үгээр хэлбэл үгүй гэж татгалзаж сурах хэрэгтэй гэж бодож байна. Би болохоор айлын эхнэр шиг байж сураач гэдэг асуудлыг эрүүлдээ багахан хэлчээд согтоод л нэлээн ширүүн тавьдаг юм шиг байгаан, харин эхнэр өөрийгөө зөвтгөн миний өөдөөс үсчин, орилж, чаралж хэрүүл шуугиан хийж, хэн хэндээ бууж өгөхгүй гэж ийм асуудал үүсч байна гэж бодож байна. Энэ үл ойлголцол хэрүүл, маргааны шалтгаан болох ганц, хоёрхон л жишээ бичье.
2016-04-16-ны өдөр хагассайн өдөр.
Энэ өдөр Бадамзул нь ажилтай байв. Мөн том охинтойгоо ажлынхан ойролцоо очоод залгатал захирлын өрөөнд байна. 5 хан минут, наад хавьдаа охинтойгоо байж бай гэчээд 5хан минут нь ч болоогүй байхад ажлыхаа ойролцоо бааранд ажлынхантайгаа сууж байгаад бид 2-т баригдсан. Нөгөө захирлын өрөөнд байна гэсэн хүн баарнаас олдохоор хэрүүл маргаанын нэг том үүсвэр болж байгаан. Охин бид хоёрыг хэдий болтол гадаа зогсоох байсан юм бүү мэд. Мөн 2016-04-18-ны өдөр даваа гараг. 17-ны өдрийг өнгөрөөгөөд нэг дэхь өдөр гэхэд нь над руу залгаад 2 охиноо цэцэрлэгээс нь аваад харьж бай надад ажил гараад байна гээд, залгахаар утсаа авахгүй, авахаараа согтуугаар би харих болоогүй байна гэж уурлаад цаашлаад бид 3-г үл хайхран шөнийн 2 цагт шал согтуу ирэхэд өрхийн тэргүүн, 2 охины эцэг хүний хувьд тийм таатайгаар хүлээн авахгүй байхаа. Иймэрхүү иймэрхүү асуудлуудаас болж хэрүүл маргаан үл ойлголцол үүсэх нь аргагүй ш дээ. Энэ бол сүүлийн хоёрхон ноцтой жишээ юм. Энэ 2 –оос өөр зөндөө яг иймэрхүү асуудлууд эхнэр Бадамзулд зөндөө бий. Гэхдээ би Бадамзулыг өргөдөл гаргаж өгснийг ер ойлгосонгүй. Адаилхан шахуу асуудалтай хүмүүс байж . Ер нь гэр бүлд янз янзын асуудал гарч байдаг ш дээ. Инээж баясах уйлж, унжих, өгсөж, уруудах, унаж, босох, гээд л, энэ болгоны жорыг тааруулж сураасай л гэж Бадамзулаас хүсчийндаа. Эцэст нь 2 охиндоо би маш их хайртай. Эцэг, эхийн алдаанаас болж 25 охин маань элэг бүтэн амьдрал, гэр бүлийн аз жаргал, мөн эцэг хүний хайр энэрлийг хүртэхгүй өсөхийг аав хүний хувьд би хүлээн зөвшөөрөхгүй байна. бид хоёр 50,50 буруутай л гэж ойлгож байгаа. Иймд буруу зөвөө тунгаан 2 охиноо бодож салж сарнихгүй нэг дээвэр дор 4-үүлээ сайхан амьдарсан дээр болов уу гэж бодож байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Бадамзул нь хариуцагч Г.Сайнхүүд холбогдуулан гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
З.Бадамзул, Г.Сайнхүү нар нь 2010 онд гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан байна. Тэдний дундаас охин С.Мөнхгэрэлийг 2011 онд, охин С.Энхгэрэлийг 2014 онд төрүүлсэн байна. Гэрлэгчид хоорондын таарамжгүй харьцаа, нөхөр Г.Сайнхүү байнга архи ууж, гэр бүлийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулдаг байдлаас шалтгаалан З.Бадамзул нь гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд ханджээ.
Шүүхээс гэрлэлтийг цуцлах шалтгаан нөхцөл тогтоогдоогүй гэж үзэж гэрлэлт цуцлахыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн байна. Гэрлэлт цуцлахыг түдгэлзүүлсэн 3 сарын хугацаанд гэрлэгчид эвлэрсэн тул нэхэмжлэгч З.Бадамзул гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.
Иймд гэрлэгчид эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3, 123 дугаар зүйлийн 123.1.д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч З.Бадамзул, хариуцагч Г.Сайнхүү нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН