Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 205/МА2026/00017

 

А.*******гийн нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Намхайдорж даргалж, шүүгч З.Нандинцэцэг, шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр,   

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар   сарын 18-ны өдрийн 311/ШШ2026/00384 дугаар шийдвэртэй

А.*******гийн нэхэмжлэлтэй Г.*******өд холбогдох 11,640,740 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч Г.*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.******* нар цахимаар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Г.*******өд холбогдуулан 11,640,740 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл: Г.******* нь PCL койн авч өгнө гэсэн тул түүний ******* тоот дансанд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 3,871,240 төгрөг, 05 дугаар сарын 02-ны өдөр 5,329,500 төгрөг, 05 дугаар сарын 12-ны өдөр 1,900,000 төгрөг, 06 дугаар сарын 11-ний өдөр 540,000 төгрөг нийт 11,640,740 төгрөг шилжүүлсэн. Гэтэл одоог хүртэл буцааж өгөөгүй байна. Иймд Г.*******өөс 11,640,740 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.  

3.  Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

        Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Г.*******өд холбогдох 11,640,740 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 201,202 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие Б.******* нь А.*******гийн Г.*******өд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 311/ШШ2026/00384 дугаартай шийдвэрийг …эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрийн үндэслэл болгосон. Учир нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хариуцагчийн тухайд нэхэмжлэгчээс өөрт нь шилжүүлсэн мөнгийг бусдад шилжүүлсэн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогддог бөгөөд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид өгсөн гэх койныг ямар эх үүсвэрээс олгосон гэдэг нь нотлогдоогүй тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ. Иймд Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 311/ШШ2026/00384 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсгийн 492.1.1 дэх заалтыг баримталж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-д үүрэг гүйцэтгүүлэхээр бус харин тодорхой үйлдэл хийлгэх буюу үйлдэл хийхгүй байхаар хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд нөгөө этгээдийн үйлдэл буюу эс үйлдэхүй хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардах эрхтэй гэж заасан. А.*******гийн хувьд койн авахаар Г.*******өд хандаад мөнгийг нь шилжүүлсэн. Г.******* А.*******гийн шилжүүлсэн мөнгийг өөр хүний данс руу хэсэгчлэн болон бусад байдлаар шилжүүлсэн болох нь Г.*******ийн дансны хуулгаар тогтоогддог. А.*******гаас Г.*******өд койн аваад өгөөч гэж шилжүүлсэн мөнгийг койн авах зориулалтаар ашиглахгүйгээр бусдад Г.*******өөс баярлалаа гэсэн утгаар шилжүүлсэн үйлдэл нь үйлдэл хийлгэхээр шилжүүлсэн мөнгийг өөрийнхөө бусдад шилжүүлэх мөнгө гэж үзэж бусдын данс руу шилжүүлсэн үйлдэл нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь заалттай нийцэхгүй байна. Анхан шатны шүүх тухайн дансны хуулгад дүгнэлт хийгээгүй, майл хаягаар нэвтэрч ороод харагдаж байгаа гэх койн гэх зүйл нь А.*******гийн шилжүүлсэн мөнгөтэй дүйцэх үү, койн мөн үү, биш үү гэдэг дээр ач холбогдол өгөхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

6. Хариуцагчийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Маргаангүй зүйлийн талаар тайлбарлая, зохигч талууд эхлээд хаяг нээж өгсөн, койн авч өгөх асуудал яригдсан, талуудын хүсэл зориг бол нэгдсэн. Нэг нь койн авч өгөх, нэг нь койн авхуулах гэсэн нөхцөл байдал үүссэн. Энэ нөхцөл байдал дээр нэгдээд мөнгөө шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр юу гэсэн бэ гэхээр PCL ******* гэсэн гүйлгээ хийсэн. Уг мөнгийг нь PCL coin гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Энэ талаар чатад үзлэг хийсэн, мөн койнд үзлэг хийсэн. Энэ үзлэгээр А.******* гэдэг хүн койн авахаар мөнгө шилжүүлсэн, түүний дараа ******* ******* гэдэг хаяг дээр майл хаяг үүсгээд түүний дагуу койн авсан гэдэг асуудал дээр ямар нэгэн маргаан байхгүй, хүлээн зөвшөөрдөг, энэ үйл баримт дээр маргасан хүн байхгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс А.*******гийн шилжүүлсэн мөнгийг шууд койн руу оруулах ёстой, оруулаагүй байна гэж маргаж байгаа. Хэрвээ Г.*******ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх юм бол койныг аваагүй байх байсан. Гэтэл А.*******гийн шилжүүлсэн мөнгөөр койн аваад үүний талаараа харилцаж чат бичсэн баримт хангалттай байгаа. Хүлээн зөвшөөрөөд койноо авсан. Г.*******өөр койноо авхуулаад хэрэв өсөх юм бол өөрөө койноо авчихна, хэрвээ өсөхгүй бол койн авахад зуучилж өгсөн хүнээс мөнгөө авна гээд ямар ч эрсдэлгүй бизнес болох гээд байгаа.  Мөн койнтой холбоотой нөхцөл байдал баримтуудыг хангалттай гаргаж өгсөн, үзлэгийн баримтаас харахад А.*******гийн койн одоогийн байдлаар хөлдөөлтөд орсон байгаа гэдэгтэй хэн ч маргаагүй. Миний койныг аваагүй, би хөлдөөлтөд хийгээгүй гэсэн маргаан байхгүй. Энэ талаар анхан шатны шүүх дээр яригдсан, нэхэмжлэгч тал миний койныг аваагүй, би койноо хөлдөөлтөд хийгээгүй гэж хэн аль нь маргаагүй. Ийм нөхцөл байдлын дагуу анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг үндэслэн шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

7. Хариуцагч Г.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр А.******* өөрийн хүсэлтээр ирц багцаа сонгуулаад койн авсан. Энэ үед би техник ажиллагааг нь хийж өгсөн, би А.*******г койн аваач гэж санал болгоогүй, өөрөө хүнээс мэдээлэл авч ирээд багцаа сонгож авсан. Би койн авах техник үйл ажиллагааг нь хийж өгсөн учраас надаас эргээд мөнгө нэхээд байгаа. Хэрэв би А.*******гийн мөнгийг аваад хувьдаа ашигласан бол А.*******гийн нэр дээр өдий хүртэл койн байхгүй байх байсан. Мөн он, сар, өдрөөрөө гэрээ хийгдсэн болохыг үзлэгээр шалгуулаад тогтоолгосон. Койн авсан компанийн ханш нь унаж байсан учраас олон шат дараалалтай арга хэмжээг авсан. Тэгээд койныг хөлдөөлтөд оруулсан саналыг тавьсан. Зарим хүмүүсийн койн одоо хүртэл хөлдөөлтөд оруулаагүй энэ компанийн үйл ажиллагаанд одоо хүртэл оролцоод явж байгаа. А.*******гийн хувьд койноо 5 жилийн хөлдөөлтөд оруулсан, 2028 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 5 жилийн хөлдөөлт нь дуусна. Монгол улсын хэмжээнд энэ койноос гадна олон койн байгаа ч гэсэн энэ компани алга болоогүй. Энэ койны үйл ажиллагаа явуулж байгаа 2 том оффис нь Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа. ...Одоо койны ханш унасан байгаа энэ үед А.*******гийн эрсдэлийг үүрэхгүй. ...Койныг авахын тулд монгол мөнгийг доллар болгоод, доллароо койн болгодог. Тийм учраас би мөнгөө шилжүүлж байж USD долларыг авдаг. Түүнээс биш би өөрийнхөө хувийн зүйлд зарцуулахаар мөнгө шилжүүлээгүй. Эхний 3.871.240 төгрөгийг би Баяржаргал Ганчулуун гэсэн данс руу шилжүүлж USD доллар авсан, дараа нь 5.0 сая төгрөгийг Монгол хүний данс руу шилжүүлсэн. Дараагийн 1.900.000 төгрөгийг койн хүүг дарахад шилжүүлсэн. Биржээс бирж рүү мөнгө шилжүүлэхэд шимтгэл ордог, мөн USD болгоход шимтгэл авдаг. Маш олон төрлийн шимтгэл авдаг учраас би өөрт байсан койноо оруулж өгсөн. Би А.*******гийн шилжүүлсэн мөнгийг өөртөө авч зарцуулаагүй, мөнгөө доллар болгохоор шилжүүлсэн хүн нь хөрөнгийн бирж дээр арилжаа хийж койн авсан. Би тийм арилжаа хийдэг Монгол хүний данс руу мөнгө шилжүүлж байж авсан. Сүүлд шилжүүлсэн 1.900.000 төгрөгөөс Сүлд 200.000 төгрөг, 707.000 төгрөгийг өөрийн ажлын хүн болох Амаржаргал гэсэн хүний данс руу шилжүүлсэн, мөн 1.400.000 төгрөгийн гүйлгээ хийсэн. Би ХААН банкны ганцхан данстай, уг дансаар миний амьдралын бүх үйл ажиллагаа явагддаг учраас уг мөнгийг буруу зарцуулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед надад койн байсан учраас би А.*******д койн авч өгсөн. Койн авч өгсөн болох нь А.******* бид хоёрын дунд хийсэн гэрээнүүдээ батлагдана. А.******* одоо сар бүрийн 28-ний өдөр койн хүү авч байгаа нь батлагдсан.  Хэрвээ би А.*******гийн шилжүүлсэн мөнгийг хувьдаа аваад зарцуулсан байсан бол одоо хүртэл А.*******гийн нэр дээр сар бүр хүү орохгүй байх байсан. Одоо энэ койн олон улсын бирж дээр зарагдаж байгаа, алга болоогүй, 2028 оны 07 сард энэ койн хүү 0.2-оор өсөхөд А.******* зарцуулсан мөнгөө гаргаад авах боломжтой. Түүнээс их өсөх юм бол мөн л тэр мөнгөө өөрөө авна шүү дээ, хөлдөөсөн койноо сэргэтэл өөрийнхөө хөрөнгөд эзэн болооч гэж хэлмээр байна. Би А.*******гийн эрсдэлийг үүрэх ёсгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд   А.*******гийн нэхэмжлэлтэй Г.*******өд холбогдох 11,640,740 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зөвхөн хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Г.*******өд холбогдуулан 11,640,740 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа, Хариуцагч Г.******* нь  PCL койн авч өгнө гэсэн тул түүний ******* данс руу 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 3.871.240 төгрөг, 05 сарын  02-ны өдөр 5,329,500 төгрөг, 05 дугаар сарын 12-ны өдөр 1,900,000 төгрөг, 06 дугаар сарын 11-ний өдөр 540,000 төгрөг нийт 11,640,740 төгрөг шилжүүлсэн. Гэтэл одоог хүртэл буцааж өгөөгүй байна. Иймд Г.*******өөс 11,640,740 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. 

3.  Нэхэмжлэгч  А. ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хооронд нийт 11,640,740 төгрөгийг хариуцагч Г.*******тэй ярилцан койн авахаар түүний дансанд шилжүүлж, хариуцагч нь /******* *******/ нэрээр 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 2785 eur, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 550 eur, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 1100 eur-оор uItimeta coin буюу ултимета койны багц үүсгэн /хэрэглэгчийн нэр  ******* *******/ gmail хаягаар аккуант нээж өгсөн болох нь 2026 оны 05 сарын 08-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, хариуцагч Г.*******ийн “Sамsung” А54 маркийн гар утсанд нэхэмжлэгч А.*******гийн “Myakii Arriya” нэртэй фэйсбүүк хаягаар харилцан зурваст үзлэг хийсэн тэмдэглэл, талуудын тайлбараар тогтоогдож байна.

4. Монгол улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг хөрөнгийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэжээ.

5. Хэрэгт авагдсан талуудын тайлбар болон бусад баримтуудаар талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр домайн хаягаар эрх нээж, уг эрхийн дагуу мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлэн, хариуцагч нь нэхэмжлэгчийн нэр дээр койн худалдан авч өгсөн боловч ашиг олоогүй, уг койн хөлдөөсөн гэх үйл баримтад талууд маргаагүй байна.

 Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч А.******* нь 11,640,740 төгрөгөөр койн худалдан авахыг хүссэн, энэ үйлдлийг  хариуцагч  Г.******* хийж гүйцэтгэж, түүнд  койн худалдан авч өгсөн үйлдэлд талууд маргаагүй ба хариуцагч Г.*******ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх, мөн түүнээс  гэрээний дагуу шаардах  эрхгүй байна.

6. Нөгөө талаар, нэхэмжлэгч А.******* нь койн буюу хөрөнгийг худалдан авахдаа түүний шинж чанар, хэрэглээ, ханшийн өсөлт бууралт, эрсдэлийн талаар мэдэх ёстой байсан боловч мэдсээр байж худалдан авсан үйлдэлд хариуцагч Г.*******ийг буруутгах үндэслэлгүй юм.

7. Иймд хариуцагч М.*******ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн  анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх ба шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар   сарын 18-ны өдрийн 311/ШШ2026/00384 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 202000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3, 172.2.4 дэх хэсгүүдэд зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”,  “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.НАМХАЙДОРЖ

                                                               ШҮҮГЧИД                                  З.НАНДИНЦЭЦЭГ

                                                                                                                  Б.АРИУНБАЯР