Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар ХШТ/2025/67

 

                                                                   Т.С-т холбогдох

                                                              эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, хохирогч Т.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа, нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/1334 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ДШМ/247 дугаар магадлалтай, Т.С-т холбогдох 2406047352415 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа, хохирогчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрмөрөн нарын гаргасан гомдлоор 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т.С, 1953 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Ургамал суманд төрсөн, эрэгтэй, 72 настай, бүрэн дунд боловсролтой, холбоочин техникч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт ****дүүргийн **** дугаар хороо, **** тоотод оршин суудаг, суух бүртгэлтэй, /РД: ****/,

Шүүгдэгч Т.С нь 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ **** дүүргийн **** дугаар хороо, **** тоотод өөрийн хүргэн Т.Б-ийн эрүүл мэндэд нь цээж хэсэгт нь хутгаар нэг удаа хатгаж хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Т.С-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Т.Б, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрмөрөн нарын хамтран гаргасан, шүүгдэгч Т.С, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.С хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Миний бие өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж, хохирогчоос дахин дахин уучлалт хүсэж байна. Би одоо 73 настай бөгөөд хүргэний 3 зээ хүүхдээ байнга асрамжлан хамгаалж, сургууль, цэцэрлэгт хүмүүжихэд нь бүхий л боломж, бололцоогоор тус дэмжлэг үзүүлдэг байсан. Т.Б бид нарын хэн аль нь мөрдөн байцаалтын шатнаас эхлээд уучлалт үзүүлсэн, би одоог хүртэл гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон гэмт хэрэг анх удаа үйлдсэн, төлөх төлбөргүй зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн 3 жил 4 сар болгож өгнө үү” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрмөрөн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Т.С нь мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн шүүхийн шатанд өөрийн гэм бурууг ойлгож ял хөнгөрүүлэх хүсэлтийг илэрхийлсэн байгааг өмгөөлөгчтэй нь холбон үзэж ялтны өөрийнх нь гэм буруугаа хүлээсэн байдлыг бодит байдлаар үнэлэхгүйгээр, хэт нэг талыг барьж шийдвэрлэснийг зөвтгөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 3-т заасныг журамлан 5 жилийн хорих ялыг 3 жил 4 сар болгон багасгаж, шийтгэх тогтоолд хуулийг зөв хэрэглэж өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд танилцуулсан саналдаа: “...Т.С нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж З жил 4 сар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

Хохирогч Т.Б шүүх хуралдаанд танилцуулсан саналдаа: “...шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлж, 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял болгон өөрчилж өгнө үү” гэв.

Прокурор А.Золзаяа шүүх хуралдаанд танилцуулсан хууль зүйн дүгнэлтдээ: “...өнөөдрийн хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч мөрдөн байцаалтын шатнаас шүүгдэгч Т.С-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, зөвхөн хууль зүйн үүднээс зөвлөх үүрэгтэй оролцож байх тул шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагад хөнгөлөлт үзүүлэх боломжтой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь шүүхэд эрх олгосон заалт тул хоёр шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгч Т.С, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа, хохирогчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрмөрөн нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2.Анхан шатны шүүх шүүгдэгч Т.С-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

3.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн болж өнгөрсөн үйл баримтад мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотолбол зохих байдлуудыг хангалттай шалган тогтоосон, шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэхэд хүрэлцэхүйц нотлох баримт хэрэгт авагджээ.

4.Хоёр шатны шүүхийн шийдвэрт шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Т.С согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Б-ийг шалтгаангүйгээр цээж хэсэгт нь хутгаар нэг удаа хатгаж, биед нь зүүн хөхний доогуур цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальс нэвт хатган зүрхний баруун тосгуурт хүрч төгссөн хатгагдсан шарх, цээжний хөндийн цус хуралдалт бүхий гэмтлийн хүнд зэрэгт хамаарах хохирол учруулсан болохыг бусад нотлох баримтуудтай харьцуулан магадлах аргаар шинжлэн судалж, тэдгээрийн нотлогдсон байдлын талаар тодорхой тусгасан байна.

Энэ нь шүүгдэгч Т.С-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл болсон байх бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан болзол, шаардлагыг хангасан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт нь заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн шинжтэй хэм хэмжээ бус харин шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон заалт юм.

Нэгэнт хууль тогтоогчоос тодорхой нөхцөл хангагдсан тохиолдолд хэрэглэх эрх олгосон зохицуулалтыг шүүх хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд тооцогддоггүй болно.

Эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэгт тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруу болон түүний хэлбэр, учирсан хохирол, хор уршиг, тэдгээрийн шинж чанар, хэр хэмжээ, эдгээр нөхцөл байдлын талаар эрх бүхий байгууллагаас хийсэн хууль зүйн дүгнэлт, хэргийн зүйлчлэл зэргийн талаар огт маргахгүй, энэ нь бодитой байхуйц сэтгэл зүйн субьектив илэрхийлэл юм.

6.Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.С-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүхээс шүүгдэгч, хохирогч нарыг нэмж өмгөөлөгч авсан, гэм буруугийн талаар маргасан тул хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр тогтоосон байна.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаж, мэргэжлийн туслалцаа үзүүлэх үүргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үе шатанд тасралтгүй хэрэгжүүлэх нь хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль ёсны зарчмыг хэрэгжүүлэх гол нөхцөл болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь яллах болон өмгөөлөх талуудын тэгш эрхийн зарчим дээр тулгуурласан мэтгэлцээний үндсэн дээр явагддаг бөгөөд мэтгэлцээн нь шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааны явцад шүүхээс гарах аливаа шийдвэрийн үндэслэл болохын зэрэгцээ шүүгч талуудын мэтгэлцэж буй байдалд дүгнэлт хийж шийдвэрээ хөндлөнгийн хараат бусаар гаргах учиртай.

7.Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяагаас “...Т.С нь санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан...” гэж хэргийн үйл баримт, прокуророос зүйлчилсэн зүйлчлэлтэй маргасан байхаас гадна шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн агуулгаар мэдүүлдэг хэдий ч  “...тухайн болсон үйл явдлыг санахгүй байна...” гэж өмгөөлөгчийн байр суурийг дэмжиж хүсэл зоригоо илэрхийлсэн, давж заалдах журмаар хэргийн зүйлчлэлийг зөвшөөрөөгүй өмгөөлөгчийн гаргасан гомдолд гарын үсэг зурж зөвшөөрсөн нөхцөл байдал тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа авах эрхээр хангах зорилгоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийг оролцуулна”, Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн 14.1.1, 14.1.6-д “үйлчлүүлэгчид хууль зүйн асуудлаар зөвлөгөө өгч, өмгөөллийн үйл ажиллагаа болон хууль тогтоомжийн агуулга, хууль зүйн үр дагаврыг бүрэн тайлбарлах, үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, шийдвэрийг хүндэтгэх”, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 14.5 дахь хэсэгт “үйлчлүүлэгчдээ гэм буруугаа хүлээх, мэдүүлэг өгөх эсэх болон хуульд заасан бусад эрхээ хэрхэн хэрэгжүүлэх талаар зөвлөсний дараа үйлчлүүлэгчийн гаргасан мэдээлэлтэй зөвшөөрлийн дагуу ажиллана” гэж тус тус өмгөөллийн үйл ажиллагааны хүрээ хязгаарыг зохицуулсан болно.

Дээрх тогтоогдсон нөхцөл байдлаас дүгнэвэл өмгөөлөгч Т.Мөнхтуяа өмгөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ шүүгдэгч Т.С-ын зөвшөөрөл, түүний хүсэл зоригийн дагуу хэргийн үйл баримт, зүйлчлэлтэй маргасан гэж үзэх бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх урьдчилсан нөхцөлийг бий болгоогүй, Эрүүгийн хуулиар шаардсан үр дүн гаргаагүй байжээ.

8.Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэх юм.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Т.С, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа нар нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн талаар маргаагүй, уг үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, түүндээ гэмшиж буй хандлага, хохирогчид төлөх  төлбөргүй, хохирогч ял хөнгөрүүлэх тухай хүсэлт гаргасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан ялыг 4 жил болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь шударга ёсны зарчимд нийцэх тул шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/1334 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Т.С-ыг 4 /дөрөв/ жил хорих ял шийтгэсүгэй” гэж, 3 дахь заалтын “...5 /тав/ жил...” гэснийг “...4 /дөрөв/ жил...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ДШМ/247 дугаар магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Хяналтын шатны шүүхэд гаргасан шүүгдэгч Т.С, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа, хохирогчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрмөрөн нарын гомдлыг энэхүү тогтоолд дурдсан үндэслэлээр хангасугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

                    ДАРГАЛАГЧ                                           Д.БАТБААТАР

                        ШҮҮГЧИД                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                        М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ