Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 23

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг би Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Б нэхэмжлэлтэй тус аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчид холбогдох “Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 0803931 тоот шийтгэврийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д. ирүүлсэн нэхэмжлэлдээ:.... "Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Бат-Өлзий би тус сум дахь Спортын ордны дарга Б.Б-с ирүүлсэн ...гомдлыг 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр тус прокурорын газарт хүлээн авч хянахад: 2017 оны 07 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Хархорин сумын Спортын ордны их заалны 1 ширхэг гэрлийн хагас дамжуулагч диод шатсанаас гал гарсан байх ба уг галын дуудлагыг тухайн үед нь Хархорин сумын Онцгой байдлын хэлтэст өгсөн байх боловч дуудлагаар очсон Онцгой байдлын хэлтсийн эрх бүхий албан тушаалтнууд "гал биш" гэж үзэн Эрдэнэт Булганы цахилгаан түгээх Хархорин дахь салбарт дуудлага өг гэсний дагуу Спортын ордны ажилтнууд ...дуудлага өгч, тус салбарын монтёр ирж шатсан гэрлийн утсыг салгаснаар гал унтарсан байна. Гэтэл гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, ахмад И.Ө нь 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ирж, үзлэг шалгалт хийж, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Спортын ордны дарга Б.Б-г Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34.2.1, 34.2.3, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17.2.5, 17.3, 18.5, 19.3, 19.4 дэх заалтуудыг зөрчсөн, цахилгааны аюулгүй байдлыг хангаагүй гэж Зөрчлийн тухай хуулийн 5.13.2, 5.14.5-д заасны дагуу  1.500.000 төгрөгөөр торгож, үйл ажиллагааг зогсоох тухай 089/03 тоот тогтоол үйлдсэн байна. ...Иймд Монгол улсын Зөрчлийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8, Прокурорын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг тус тус удирдлага болгон гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, ахмад И.Ө-н захиргааны шийтгэл оногдуулсан 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 0803931 тоот шийтгэвэрийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт үйлдэв" гэжээ.

Хариуцагч Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ”... Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахмад И.Ө 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Хархорин сумын Спортын ордонд гамшгаас хамгаалах болон галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг хийж гүйцэтгэсэн байна. Уг шалгалтыг Хархорин сумын Спортын ордны дарга Б.Б Өвөрхангай аймгийн Засаг дарга болон Хархорин сумын Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа М.Б-т 2017 оны 07 дугаар сарын 19-ны өдөр хүсэлт гаргасны дагуу Онцгой байдлын газрын дарга дэд хурандаа Д.Б-н шийдвэрээр шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, аж ахуйн нэгж байгууллагад байх шаардлагатай гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл MNS5566:2005 зэрэг норм стандарт техникийн нормативууд нь уг шалгалтыг зохион явуулах үндэслэл болсон. Тухайн хяналт шалгалт явуулах үед зөрчлийн тухай хуулийг гүйцэд судлаагүй, сургалтанд хамрагдаагүй учраас Монгол улсын Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 194 тоот тогтоолоор батлагдсан "Шийтгэлийн хуудасны маягт"-ыг хэрэглэж захиргааны шийтгэл явуулаагүй, хүчингүй болсон шийтгэврийн хуудсаар захиргааны шийтгэл ногдуулсан зэрэг алдаа дутагдал гаргасан байна. Иймд Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч ахмад И.Өсөхбаярын Хархорин сум дахь Спортын ордонд Гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, хүчингүй болсон шийтгэврийн хуудсаар 1.500.000 төгрөгийн торгууль оногдуулсан шийтгэврийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна....” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Б нь 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 0803931 тоот шийтгэврийг хүчингүй болгуулах тухай” 01 дугаартай дүгнэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагчаас 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “...шийтгэврийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэх тайлбарыг ирүүлсэн байна.

Хариуцагч нь маргаан бүхий захиргааны акт болох Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 0803931 тоот шийтгэврийг хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрснөөр бусад этгээд /бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд/-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, 121/2017/0019/З/ дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнөөр энэхүү хэргийн оролцогчид уг асуудлаар нэхэмжлэл гаргах, анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 67 дугаар зүйлийн 67.1-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

         1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Б нэхэмжлэлтэй тус аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчид холбогдох “Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 0803931 тоот шийтгэврийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 121/2017/0019/з/ дугаарын индэкстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Б нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

    3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус зааснаар хэргийн оролцогчид нь дээрх асуудлаар дахин нэхэмжлэл гаргах болон энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

ШҮҮГЧ                                   Б.БАТЧИМЭГ