Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 118

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч Ч.Энхжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Гандулам,

Хохирогч Х.Б,

Шүүгдэгч Б.С  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б.С-д холбогдох 1926001130073 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2019/ШЦТ/02 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, ******* овгийн Б.С

Шүүгдэгч Б.С  нь 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 20 цагийн үед цагдаагийн кабон байрны үүдэнд “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил”-ийг шалгаж байсан сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахмад Х.Б-г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан зэвсэг /заазуур/ хэрэглэж, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.  /Яллах  дүгнэлтэнд  бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.С шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ”...Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод өмнөх өдөр нь буюу 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр мотоциклио хураалгачихаад дараа нь 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр дахин цагдаагийн кабон байранд очсон. Би ална гэж дайрч, давшсан зүйл байхгүй. Намайг түлхэж унагаагаад шууд гавласан. Тэгээд цагдаагийн кабон байранд байж байгаад шууд аймагт Цагдаагийн газар ирсэн. Цагдаа Н.А-н мэдүүлэгт гэрээсээ гарч ирэхэд дайраад байсан гэсэн байгаа. Тэр бол худлаа мэдүүлэг өгсөн. Би хүлээн зөвшөөрөхгүй байна. Камерын бичлэг байдаг гэсэн тэр бичлэгийг шүүлгэж шалгуулмаар байна гэв.

Хохирогч Х.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... 2019 оны 02 дугаар сарын 27-ны орой 20 цагийн орчимд сумын цагдаа Н.А-н эхнэр Д.Д, хүү А.Б нартай нийтийн бие засах газар бие засаад хамт цагдаагийн кабон байр луу явж байхад уурын зуухны тэндээс мотоциклийн гэрэл гараад яваад байсан. Сумын засаг даргын тамгын газрын зүүн урд булангын зүүн талд мотоцикльтой хүн ирээд мотоциклио цааш нь тулгаж тавиад шууд цагдаагийн кабон байр руу алхсан. Цагдаагийн кабон амрах байрны хаалгыг татсан.  Тамборын хаалгыг таттал мэдрэгчтэй гэрэл нь ассан. Гэрэл асахад Б.С байсан. Би Д.Д-д “Б.С гэдэг хүн байна” гээд Б.С гээд дуудсан. Тэгтэл Б.С хүрээд ир гэсэн. Надтай хамт явсан Д.Д, А.Б нар гэр лүүгээ орсон. Б.С-г дуудсан чинь хүрээд ирсэн. Тэгээд ирэхээр нь би “амрыг эрье” гэхэд Б.С согтууруулах ундаа хэрэглэсэн согтуу байхаар нь би “чи өмнө нь зөрчлийн хэрэгт шалгагдаж байгаа. Яагаад дахин согтуу тээврийн хэрэгсэл жолоодоод яваад байгаа юм бэ?” гэхэд та “нар яагаад ингээд байгаа юм бэ? би чамайг ална гээд” байсан. Тэгээд яах нь уу гээд хараад байсан чинь доошоо суусан. Суухаар нь би үйлдлийг нь хараад ажиглаж байсан. Би уг нь чулуу авах нь гэж бодож байсан чинь гутлын түрүүнээсээ заазуур гаргаад ирсэн. Ална гээд заазуур гаргаад ирэнгүүт нь би өөрөөсөө зайлуулаад түлхсэн. Тэгтэл Б.С унаагүй бага зэрэг холдоод эргээд та нарыг “ална” гээд дахин заазуураа бариад далайхаар нь би кабон байрны цонх нүдсэн. Цагдаа Н.А-н эхнэр гал тогоондоо хоолоо хийгээд байж байсан нь цонхны цаанаас харагдсан. Тэгэхээр нь би Н.А-г гараад ирэх байх гэж бодоод цонхыг нь нүдсэн. Тэгсэн нь Б.С заазуураа далайгаад дайраад ороод ирсэн. Би заазууртай гарнаас нь барьж аваад ноцолдсон. Цонх нүдэж байхад энэ авахуулсан зурагнаас нилээн хол 3, 4 алхамын цаана Б.С бид 2 хоорондоо ноцолдсон. Тухайн үед заазурыг нь авах гэсэн боловч авч чадаагүй. Тэгээд цагдаагаа дуудаж орилсон. Цагдаагаа нилээн орилж дуудсан. Эхлээд Д.Д, А.Б нар гараад ирсэн. Тэгэхээр нь би Н.А-г дуудаадах гэтэл тэр хоёр ороод Н.А гарч ирсэн. Гарт нь байгаа заазуурыг нь аваадах гэж хэлснийхээ дараа зургийг нь авах ёстой юм байна гэж бодоод Н.А-г заазуртай гарынх нь зургийг аваадах гэсэн. Дараа нь заазуурыг нь авахуулчихаад ажлын өрөөнөөс гав гаргуулаад ажлын байранд орж үлээлгэсэн чинь согтолт 2.70 хувьтай гарсан. Тэгээд Цагдаагийн газарт холбогдох хүмүүст нь мэдэгдсэн. Тэгээд кабон байранд байхад Б.С “та нар надад 5 жил өгчихөөрөй” гэж хэлж байсан. Одоо тэгсэн би ийм зүйл хийгээгүй гэж ярьж байна. Хэрвээ Б.С-н тухай үйлдлийг зогсоогоогүй бол ямар зүйл болохыг бид тааварлашгүй. Ямар нэгэн байдлаар гэмтэл учруулах магадлалтай байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүгдэгч Д.С-д торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч Х.Б  мөрдөн байцаалтанд өгсөн: ”... 2019 оны 02 дугаар сарын 27-ны орой 20 цагийн орчимд тээврийн хэрэгслийг тавиад нийтийн бие засах газар бие засаад Д.Д, түүний хүү А.Б нарын хамт цагдаагийн кабон байр луу явж байхад сумын засаг даргын тамгын газрын зүүн урд булангын зүүн талд мотоцикльтой хүн ирээд мотоциклоо тулгаж тавиад шууд цагдаагийн кабон байр луу алхсан. Цагдаагийн кабон байрны зүүн талын алба хаагч нарын гэр лүү орох тамборын хаалгыг таттал мэдрэгчтэй гэрэл нь ассан. Тэгэхээр нь би Б.С гэдэг хүн болохыг нь таниад Д.Д-д “Б.С гэдэг хүн байна” гээд Б.С гээд дуудсан. Тэгтэл Б.С хүрээд ир гэсэн. Надтай хамт явсан Д.Д, А.Б нар гэр лүүгээ орсон. Б.С дээр очоод амрыг эрье гэхэд Б.С согтууруулах ундаа хэрэглэсэн согтуу байхаар нь би “...Чи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодоод зөрчил гаргаж  зөрчлийн хэрэгт  шалгагдаж байгаа. Яагаад дахин согтуу тээврийн хэрэгсэл жолоодоод яваад байгаа юм бэ?” гэтэл “Чи миний мотоциклийг хураах уу? би өгөхгүй” гэсэн. Тэгэхээр нь би Б.С-д чи ямар учиртай согтууруулах ундааны зүйл хэрэглэчихээд яах гэж ирсэн юм бэ? гэтэл баруун тийш хараад явган суучихсан. Тэгээд баруун талын гутлын түрийнээсээ заазуур гаргаж ирээд “чамайг ална” гээд өндийсөн. Тэгэхээр нь би түлхээд холдуулсан. Тэгтэл над руу ална гээд заазуураа далайсан. Кабон байрны цонхоор Д.Д-г хараад цонхыг нь тогшсон. Тэгтэл Б.С намайг “ална” гээд далайгаад байхаар нь би заазуур барьсан баруун гарын шуунаас нь зүүн гараараа бариад, баруун гараараа зүүн гарыг нь бариад зүүн хөлөөрөө тахимдаж унагасан. Б.С-н заазууртай баруун гарыг зүүн өвдөгөөрөө дараад, баруун өвдөгөөрөө цээжин дээр нь дараад цагдаа Н.А-г гурван удаа дуудтал эхнэр Д.Д, хүү А.Б нар гарч ирэхээр нь Н.А-г дуудаатах гэж хэлсэн. Тэр 2 ороод Н.Амарбат гарч ирсэн. Н.А-г гарч ирэхэд Б.С эсэргүүцэхээ больсон. Тэгээд Н.А-д “баруун гарт нь байгаа заазуурын зургийг дараатах” гээд зураг авахуулсан. Заазуурыг нь гараас нь аваадах гээд заазуурыг нь авахуулсан. Тэгээд нэг бүрийн тусгай хэрэгсэл гав хэрэглэж гавлаад дараа нь цагдаагийн хэсгийн кабон байрны ажлын өрөөнд оруулсан. Тэгээд цагдаагийн газрын ёс журам сахиулах эргүүлд болсон асуудлын талаар танилцуулахад аймгийн төв рүү авчирч эрүүлжүүлэх үүрэг өгсөн. Тэгээд 02 цаг болж байхад Цагдаагийн газар дээр авчирч эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн. суманд дээр согтуурал хэмжигч багажаар үлээлгэхэд 2.72 хувийн согтолттой байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

Гэрч Б.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн:  ”... 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр манай нөхөр Б.С нь гэртээ найзынхаа мотоцикльтой ирсэн. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэхдээ өөрийгөө хянах чадвартай байсан. Б.С-г заазуур авч явсныг мэдээгүй урьд нь сумын төвийн гэрт хутга заазуур байхгүй хоол унд хийхээр хэцүү юм гэж хэлж байсан. Б.С-г гэртээ орж ирэхээр нь архи уулаа. Хоёр цагдаа чамайг асуугаад байна, чи хаашаа юм гэтэл шууд гараад явчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Гэрч М.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: ”...Б.С нь сумын төв явахдаа оторынхоо гэрээс сумын төв дээр байдаг гэртээ заазуур аваачиж өгөх гээд явсан юм. Манай нэг гэр сумын төв дээр, хөдөө өвөлжөөн дээрээ нэг гэр, одоо отороор нэг гэр тусдаа гарч ерөнхийдөө 3 тасраад байна. Б.С тусдаа гараагүй хүүхэд байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дугаар хуудас/,

Гэрч Н.А-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Цагдаагийн газрын ойн зураг авахуулахаар гэртээ байж байсан. Оройн 20 цагийн үед хүн орилоод цонх нүдэх шиг болохоор нь хувцасаа өмсөөд  гүйгээд гартал эхнэр зөрж гэр лүү ороод гадаа асуудал болоод байна хурдан гар гэсэн. Тэгээд гартал ******* сумын иргэн Б.С гэгч согтуу заазуур бариад хэсгийн төлөөлөгч Х.Б рүү далайгаад дайрч байсан. Хэсгийн төлөөлөгч Цагдаагийн ахмад Х.Б иргэн Б.С-н үйлдлийг таслан зогсоож газар унагаж гараас нь заазуурыг нь би салгаж авсан. Тэгээд тусгай хэрэгсэл гав хэрэглэж гавлаад кабон байранд оруулж Цагдаагийн газрын 102-т дуудлага өгсөн. Тэгээд аймгийн төв рүү авч ирж саатуулсан, ...заазуураа барьчихсан далайгаад хэсгийн төлөөлөгч Х.Б рүү дайрч байсан. “Нэг мөсөн 5 жил явчихмаар байна. Та хоёрыг ална. Хундаамаар чинь алнаа” гээд орилоод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/, 

Гэрч Д.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 20 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар баг кобан байрны гадаа болсон асуудал байгаа юм, ...Х.Б төлөөлөгч “энэ Б.С байна даа яах гэж байгаа юм бол” гээд хүүе гээд дуудсан. Тэгээд кобан байрныхаа гадаа тэр 2 уулзаад хоцорсон. Би хүүхдээ дагуулаад гэртээ орсон удалгүй “А” гээд орилсон. Би цонхоор хартал Б.С Х.Б төлөөлөгчтэй барилцаад авсан байсан. Би Н.А-д хэлчихээд гүйгээд гартал Х.Б төлөөлөгч “энэ намайг заазуураар алах гэж байна шүү дээ” гээд дээрээс нь дарж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/, 

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол / хх-ийн 1 дүгээр хуудас/, 

Хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

Эд мөрийн баримт хураан авах санал / хх-ийн 3 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 5-7 дугаар хуудас/, 

Шүүгдэгч Б.С-н хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 55-67 дугаар хуудас/, 

Шүүгдэгч Б.С-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 61 дүгээр хуудас/, 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 69-71 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.С нь 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 20 цагийн үед сумын төвд байх цагдаагийн кабон байрны үүдэнд “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил”-ийг шалгаж байсан сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахмад Х.Б-г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан зэвсэг /заазуур/ хэрэглэж, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт мэдүүлсэн хохирогч Х.Бийн “...Б.С дээр очоод “амрыг эрье” гэхэд Б.С согтууруулах ундаа хэрэглэсэн согтуу байхаар нь би “...Чи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодоод зөрчил гаргаж  зөрчлийн хэрэгт  шалгагдаж байгаа. Яагаад дахин согтуу тээврийн хэрэгсэл жолоодоод яваад байгаа юм бэ?” гэтэл “...Чи миний мотоциклийг хураах уу? би өгөхгүй” гэсэн. Тэгэхээр нь би Б.С-д чи ямар учиртай согтууруулах ундааны зүйл хэрэглэчихээд яах гэж ирсэн юм бэ? гэтэл баруун тийш хараад явган суучихсан. Тэгээд баруун талын гутлын түрийнээсээ заазуур гаргаж ирээд “чамайг ална”  гээд өндийсөн. Тэгэхээр нь би түлхээд холдуулсан. Тэгтэл над руу “ална” гээд заазуураа далайсан. Кабон байрны цонхоор Д.Д-г хараад цонхыг нь тогшсон. Тэгтэл Б.С намайг ална гээд далайгаад байхаар нь би заазуур барьсан баруун гарын шуунаас нь зүүн гараараа бариад, баруун гараараа зүүн гарыг нь бариад зүүн хөлөөрөө тахимдаж унагасан. Б.С-н заазууртай баруун гарыг зүүн өвдөгөөрөө дараад, баруун өвдөгөөрөө цээжин дээр нь дараад цагдаа Н.А-г гурван удаа дуудтал эхнэр Д.Д, хүү А.Б нар гарч ирэхээр нь Н.А-г дуудаатах гэж хэлсэн. Тэр 2 ороод Н.А гарч ирсэн. Н.А-г гарч ирэхэд Б.С эсэргүүцэхээ больсон....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10/,  гэрч Б.Э-н “...2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр манай нөхөр Б.С нь гэртээ найзынхаа мотоцикльтой ирсэн. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэхдээ өөрийгөө хянах чадвартай байсан. ...Б.С-г гэртээ орж ирэхээр нь архи уулаа. Хоёр цагдаа чамайг асуугаад байна, чи хаашаа юм гэтэл шууд гараад явчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/,  гэрч М.М-н “...Б.С нь сумын төв явахдаа оторынхоо гэрээс сумын төв дээр байдаг гэртээ заазуур аваачиж өгөх гээд явсан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/, гэрч Н.А-н “... Цагдаагийн газрын ойн зураг авахуулахаар гэртээ байж байсан. Оройн 20 цагийн үед хүн орилоод цонх нүдэх шиг болохоор нь хувцасаа өмсөөд  гүйгээд гартал эхнэр зөрж гэр лүү ороод “гадаа асуудал болоод байна хурдан гар” гэсэн. Тэгээд гартал ******* сумын иргэн Б.С гэгч согтуу заазуур бариад хэсгийн төлөөлөгч Х.Б рүү далайгаад дайрч байсан. Хэсгийн төлөөлөгч Цагдаагийн ахмад Х.Б иргэн Б.С-н үйлдлийг таслан зогсоож газар унагаж гараас нь заазуурыг нь би салгаж авсан. Тэгээд тусгай хэрэгсэл гав хэрэглэж гавлаад кабон байранд оруулж Цагдаагийн газрын 102-т дуудлага өгсөн. ...заазуураа барьчихсан далайгаад хэсгийн төлөөлөгч Х.Б рүү дайрч байсан. Нэг мөсөн 5 жил явчихмаар байна. Та хоёрыг ална. Хундаамаар чинь алнаа гээд орилоод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/, гэрч Д.Д-н “...2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 20 цагийн орчим сумын 5 дугаар баг кобан байрны гадаа болсон асуудал байгаа юм, ...Х.Б төлөөлөгч “энэ Б.С байна даа яах гэж байгаа юм бол” гээд хүүе гээд дуудсан. Тэгээд кобан байрныхаа гадаа тэр 2 уулзаад хоцорсон. Би хүүхдээ дагуулаад гэртээ орсон удалгүй “А” гээд орилсон. Би цонхоор хартал Б.С Х.Б төлөөлөгчтэй барилцаад авсан байсан. Би Н.А-д хэлчихээд гүйгээд гартал Х.Б төлөөлөгч энэ намайг заазуураар алах гэж байна шүү дээ гээд дээрээс нь дарж байсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 24-25/, хэрэг бүртгэлтийн  хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол / хх-ийн 1/, хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, эд мөрийн баримт хураан авах санал / хх-ийн 3/, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 5-6/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 69-71/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтууд зэрэг болно. 

Шүүгдэгч Б.С-д  холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч  нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Би заазуур барьж ална гэж дайраагүй...” гэж мэдүүлж байгаа боловч энэ нь хохирогч Х.Б, гэрч Н.А, Д.Д нарын мэдүүлэг, эд мөрийн баримт хураан авах санал, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар энэ нь няцаагдаж байна.

Шүүгдэгч Д.С нь цагдаагийн албан хаагч Х ж эсэргүүцэхдээ  16 см урттай, 8 см өргөнтэй  ногоон өнгийн хуванцар материалаар хийгдсэн иштэй төмөр заазуур хэрэглэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Х.Б, гэрч Н.А, Д.Д нарын мэдүүлэг, эд мөрийн баримт хураан авах санал, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд заазуур нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт заасан “зэвсэг” гэсэн ойлголтонд хамаарч байх тул шүүгдэгч Д.С-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч ******* овогт Б.С-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс шүүгдэгч Б.С-г зэвсэг хэрэглэж хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.С-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.С-д хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6.000.000  /зургаан сая/ төгрөгөөр торгох ялыг нэг  жилийн хугацаанд хэсэгчилэн төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Д.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих,  

Шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 16 см урттай, 8 см өргөнтэй, ногоон өнгийн хуванцар материалаар хийгдсэн иштэй ахуйн хэрэглээний төмөр заазуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,

Шүүгдэгч Б.С-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж, Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд  шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Б.С-г зэвсэг хэрэглэж хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт Б.С-г зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-д оногдуулсан зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

5. Шүүгдэгч Д.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн,  хэрэгт хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 16 см урттай, 8 см өргөнтэй  ногоон өнгийн хуванцар материалаар хийгдсэн иштэй ахуйн хэрэглээний төмөр заазуур 1 ширхэгийг устгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд  шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.