Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 1072

 

                                     Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.А даргалж, шүүгч С.П, Н.Б нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Б, иргэдийн төлөөлөгч Б.П, улсын яллагч Ба.Э, шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Од холбогдох эрүүгийн 1906 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.О,

Холбогдсон хэргийн талаар:

            Яллагдагч Б.О нь 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Цмаргалдан түүнийг хэвлийн тус газар нь хутгалж хэвлийн хөндий рүү нэвтэрч элэгний  4, 5 сегмент, ходоодны гарах хэсгийн урд хана гэмтээж, цусан хураагаар хүндэрсэн хатгагдсан шархалсан шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: “…2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Цолмонбаяр гэгчтэй архи ууж хоорондоо маргалдсан. Барилгын материал дуусаад, каран ирэх ёстой байсан. Хоёр давхар руу тоосго гаргах гэж байгаад ажлаас болж хоорондоо маргалдсан. Тэгээд нэг шил архи хувааж уучихаад хойшоо контейнер руу хоол хийх гэж орж байхад араас хэрүүл өдөөд байсан. Хоол идээд сууж байхад намайг чирж унагаагаад, нүүрэн тус газар нэг удаа цохьсон. Би болиоч гэж хэлэхийн завдалгүй, хоол хийж байсан хутгаа тавиагүй байсан. Тэгээд хутгалчихсан. Миний буруу. Гэм буруу дээр маргахгүй.” гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг учралын газрын үзлэгийн үед үйлдсэн гар схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-6/, мөрдөн шалгах ажиллагаанд Х.Цын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 15-16/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Баярсайханы өгсөн мэдүүлэг /хх-н 22/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.Оын өгсөн мэдүүлэг /хх-н 58-59/ Батлан Хамгаалах Эмгэг судлал Шүүх эмнэлгийн амбулаторийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн № 87 дугаартай шинжээч эмч С.Наранцэцэгийн дүгнэлт /хх-н 31-32/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 35/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 36/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 37/, шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 27/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.О нь 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Цмаргалдан түүнийг хэвлийн тус газар нь хутгалж хэвлийн хөндий рүү нэвтэрч элэгний  4, 5 сегмент, ходоодны гарах хэсгийн урд хана гэмтээж, цусан хураагаар хүндэрсэн хатгагдсан шархалсан шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Оыг 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Х.Цмаргалдан түүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:   

Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Цын хохирогчоор өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Хүрхрээ Тур” хотхоны хажууд барилгын ажил хийж байгаад хамт ажилладаг Отгонжаргал гэгчтэй 0.75 литрийн Сэржим архи 1 шилийг хувааж уусан. Архи ууж байхдаа ажлаас болж хоорондоо маргалдаад Отгонжаргалыг явган сууж байхаар нь хойноос нь хөлөөрөө жийж унагаад нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохисон. Тэгтэл Отгонжаргал хоол бэлдэж байсан хутгаараа миний хэвлийн тус газар 1 удаа дүрсэн. Тэгээд надаас маш их цус гараад Отгонжаргал даавуугаар дараад, цагдаагийн байгууллага болон эмнэлэгт дуудлага өгсөн." гэх мэдүүлэг /хх-н 15-16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Баярсайханы өгсөн: "…2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 16 цагийн орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Скай ресорт цанын баазын ойролцоо барилга дээр ажиллаж байсан. Ц, О нар байрлаж ажилладаг. Тэгээд 13-14 цагийн орчим кран ирсэн. Тоосго материалаа барилга руу оруулаад кран явсан. Хоол хийж идэх гээд контенейр руу орсон. Би элсээ шуудайнаас нь асгаад араас нь орох гээд явж байхад хүн ёолох чимээ гараад байхаар нь контейнер руу орсон. Тэгтэл О хутга барьчихсан байж байхаар нь би өшиглөөд хутгыг нь цааш нь унагаасан. Ц доошоо тонгойгоод намайг хутгалчихлаа гээд хэвлий орчмоос нь цус гараад ирсэн. Тэгээд боо гээд даавуугаар боогоод эмнэлэг, цагдаа дуудсан." гэх мэдүүлэг /хх-н 22/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Оын өгсөн: ". . .Би 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хамт барилгын ажил хийж байсан Х.Ц гэх залуутай 0.5 граммын монгол стандарт архийг хувааж уугаад улмаар хоорондоо маргалдаж, хоол бэлтгэж байсан хутгаараа Х.Цын хэвлийн тус газар нь 1 удаа хутгалж үүсгэсэн. Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна.” гэх мэдүүлэг /хх-н 58-59/,

Батлан Хамгаалах Эмгэг судлал Шүүх эмнэлгийн амбулаторийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн № 87 дугаартай Шинжээч эмч С.Наранцэцэгийн

1. Х.Цт хэвлийн хөндий рүү нэвтэрч элэгний IV, V сегмент, ходоодны гарах хэсгийн урд хана гэмтээж, цусан хураагаар хүндэрсэн хатгагдсан шархалсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд ир үзүүр бүхий 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж, учрах үедээ амь насанд аюултай Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгтогтоох журмын 3.1.11-д заасан "Хүнд" зэргийн гэмтэл болно.

З. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй. Х.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй." гэх дүгнэлт /хх-н 31-32/

урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 35/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг учралын газрын үзлэгийн үед үйлдсэн гар схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-6/, шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 27/, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

            Иймд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Оыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

             Хохирогч Х.Ц нь хохирол төлбөр нэхэмжилсэн зүйл байхгүй тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

            Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:   

             Шүүхээс шүүгдэгч Б.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

             Шүүгдэгч Б.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тус тус заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгч Б.О нь 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн нийт 41 хоног цагдан хоригдсон байх ба уг цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.