Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 209/МА2026/00038

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

                                                              

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч М.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 307/ШШ2026/01236 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн гомдолтой,

Хариуцагч:*******д холбогдох,

Гомдлын шаардлага: “Шийдвэр гүйцэтгэгчийн дуудлага худалдаанд оруулахаар битүүмжилж, хураасан үл хөдлөх эд хөрөнгүүдэд дахин үнэлгээ хийлгэхийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгуулах” тухай

Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, шүүгч М.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнгөншүр нар оролцов.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй,  хавтаст хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн  байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна гэж үзлээ.

3. “*******” ХХК нь хариуцагч*******д холбогдуулан эд хөрөнгөд дахин үнэлгээ хийлгэхийг даалгах тухай шаардлага гаргасан бөгөөд гомдлын үндэслэлээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2024 оны 01 сарын 04-ний өдрийн 18070767/40 дугаартай шинжээч томилох тогтоолын дагуу “” ХХК-ийн 2024 оны 05 сарын 02-ны өдрийн №Да24-06 дугаар тайлангаар тогтоосон хөрөнгийн үнэлгээ 2,4 дахин өсөж, өөрчлөлт орсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-т заасан үндэслэл үүссэн байхад дахин үнэлгээ тогтоолгохоос татгалзсан нь хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийн эрх ашгийг зөрчиж байна гэх агуулгаар тодорхойлсон.

4. Хариуцагч тал дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа бөгөөд татгалзлын үндэслэлээ хуульд заасны дагуу ажиллагаа явуулж, шүүхийн шийдвэрт заасан хөрөнгүүдэд эрх бүхий этгээдээр үнэлгээ тогтоолгосон бөгөөд энэхүү үнэлгээг хүчингүй болгуулахаар “*******” ХХК шүүхэд гомдол гаргасныг анхан шатны шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах болон хяналтын шатны шүүхийн тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул дахин үнэлгээ тогтоох боломжгүй, мөн шийдвэр гүйцэтгэгчид дахин үнэлгээ тогтоолгохоор хүсэлт гаргасныг хуульд заасан үндэслэл үүсээгүй гэж үзэж, хангахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасан зохицуулалт нь шийдвэр гүйцэтгэгчид үнэлгээ тогтоолгох, үүрэг болгосон зохицуулалт биш гэх агуулгаар тус тус тайлбарлаж байна.

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох “ банк” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дахин үнэлгээ тогтоолгох үндэслэлгүй, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй хугацаа авч, үндэслэлгүйгээр шүүхэд байнга гомдол гаргаж байгааг зөвшөөрөхгүй гэх агуулгаар хариуцагч талыг дэмжсэн тайлбар гаргадаг болно.

6. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон бөгөөд доорхи үйл баримтын талаар талууд маргаангүй байна.

6.1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1066 дугаартай шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 07 дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 001/ХТ2018/00909 дугаартай тогтоолоор хариуцагч “*******” ХХК-иас 1,468,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 7,497,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн.

6.2. Дээрх шийдвэрийн дагуу 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолоор иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа, тус ажиллагааны явцад төлбөр төлөгч “*******” ХХК хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүхэд гаргаж, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 307/ШШ2025/00978 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хариуцагч Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдвэрлэсэн.  

6.3. Дээр дурдсан шинжээчээр томилогдсон “” ХХК-ийн гаргасан 2024 оны 05 сарын 02-ны өдрийн №Да24-06 дугаартай үнэлгээгээр “*******” ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн 12 нэр төрлийн хөрөнгийг нийт 3,509,650,552 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ хүчин төгөлдөр болжээ.

6.4. Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар “*******” ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэгчид дахин үнэлгээ тогтоолгох тухай хүсэлт гаргасныг хангахаас татгалзсан тул үүнийг эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гомдол гаргаж, тус газрын 2026 оны 02 сарын 04-ний өдрийн 01-1/420 дугаар албан бичгээр хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй гэх үндэслэлээр хариу өгсөн, улмаар 2026 оны 02 сарын 10-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь тогтоогдож байна.

7. Гомдол гаргагч “*******” ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан хугацаанд шүүхэд гомдол гаргасан байна.

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д: “Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно” гэж заажээ.

9. Гомдол гаргагч нь дээрх хуульд зааснаар гомдлын үндэслэлээ нотлохоор “ үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 12 сарын 05-ны өдрийн үнэлгээний тайланг шүүхэд ирүүлсэн байх бөгөөд анхан шатны шүүх энэхүү үнэлгээг “” ХХК-ийн тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэл тогтоогдоогүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжлэн хураагдаж, үнэлгээ хийгдсэн хөрөнгийн жагсаалтанд байхгүй хөрөнгийг үнэлсэн, үйлдвэрийн дуусаагүй барилга гэж хаана байрлалтай, ямар хөрөнгийг үнэлсэн эсэх, үнэлгээг хийхэд ашигласан баримт мэдээлэл, үнэлгээний тооцоолол зэрэг тайланд хавсаргагдаагүй зэрэг байдал нь эд хөрөнгөд тогтоосон үнэлгээнд өөрчлөлт орсон гэх үндэслэлийг нотлохгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

9.1. Учир нь гомдол гаргагч нь давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэлээ байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн газрын бүрдэл хэсгийг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар хурааж, битүүмжилсэн үл хөдлөх эд хөрөнгөөс салгаж, дуудлага худалдаанд оруулах боломжгүй тул уг бүрдэл хэсгүүдийг тус тусад нь үнэлсэн, үүнийг “” ХХК-ийн үнэлгээнд задалж үнэлгээ гаргаагүй гэж тайлбарлаж байгаа боловч “” ХХК-ийн үнэлгээг хуульд нийцсэн талаар дүгнэж шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт авагдсан байна.

 9.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул шүүхээс анхны үнэлгээнд үл хөдлөх эд хөрөнгийн бүрдэл хэсгүүдийг үнэлээгүй эсэх талаар дүгнэлт өгөх боломжгүй юм.

10. Нөгөө талаас гомдол гаргагч тал анхны үнэлгээ тогтоосноос хойш 1 жил, 9 сарын хугацаа өнгөрсөн буюу хуульд заасан 6 сараас дээш хугацаа өнгөрсөн гэж тайлбарлаж байгаа боловч ийнхүү хугацаа өнгөрсөн нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагаатай холбоотой гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа бөгөөд төлбөр төлөгч талаас хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдол гаргаж, түүнийг эцэслэн шийдвэрлэсний дараа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулжээ.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т: “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж заасан бөгөөд 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолоор иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлснээс хойш одоог хүртэл хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр биелэгдээгүй, цаг хугацааны хувьд хөрөнгийн үнэ өөрчлөгдөх нь зах зээлийн зарчим боловч хуульд заасан үндэслэл бий болсон гэх тайлбараа гомдол гаргагч тал нотлох учиртай.

Гэтэл гомдол гаргагчаас шүүхэд ирүүлсэн үнэлгээний тайланд үнэлсэн хөрөнгүүдэд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжлэх, хураах тухай тогтоолд заагаагүй хөрөнгүүд орсон байдал тогтоогдож байгаа бөгөөд гомдол гаргагчаас ирүүлсэн нотлох баримт нь хуульд заасан дахин үнэлгээ тогтоолгох үндэслэлийг эргэлзээгүй нотолсон баримт гэж үзэх боломжгүй.

12. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д зааснаар шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргахдаа шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн “ үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайланг өгөөгүй талаар шүүх хуралдаан дээр хариуцагч тал тайлбарладаг бөгөөд үүнийг гомдол гаргагч үгүйсгээгүй болно. Иймд шийдвэр гүйцэтгэгчийн дахин үнэлгээ тогтоолгох тухай хүсэлтийг хангаагүй нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

13. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

14. Гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 307/ШШ2026/01236 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний    хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Г.МЯГМАРСҮРЭН

                                            ШҮҮГЧИД                                      Б.ЭРДЭНЭХИШИГ

                                                                                                             М.ОЮУНЦЭЦЭГ