| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1735/Э |
| Дугаар | 1770 |
| Огноо | 2019-11-21 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Намуун |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 1770
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,
улсын яллагч Э.Намуун,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг,
хохирогчийн өмгөөлөгч Х.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1903 01062 0469 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Б.Б, 1997 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, худалдааны төлөөлөгч мэргэжилтэй, “Жавхлант” ХХК-д төлөөлөгч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 43-125 тоотод оршин суудаг урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй,
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 07 цаг 40 минутын үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Жуков”-ын урд замд Л.Ганчимэгийн эзэмшлийн “Тоёота Приус” маркийн 45-73 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин гарцаар гарч явсан явган зорчигч Х.Нарангэрэлийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруу дээр маргахгүй. Хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Торгууль төлөх 5 сарын хугацаа олгож өгнө үү” гэв.
Хохирогч Х.Нарангэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ”...би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан., хүндэвтэр зэргийн хохирол учирсан байна, гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,
Гэрч Х.Нарангэрэл мөрдөн шалгах ажилллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өглөө 07 цаг 35 минутын үед хүүгээ сургуульд хүргэж өгөхөөр гэрээсээ гараад Жувов автобусны буудлаар ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлд явган хүний гарцаар манай хүү миний зүүн гар талд би баруун гарнаас нь хөтөлсөн гарч явтал баруун гар талаас цайвар өнгийн машин зам тавьж өгөөгүй шууд ирээд миний баруун талын гуя хэсэгт мөргөсөн машин зогсоод манай хүү зүүн талд миний хажуу талд газар хэвтэж байсан, би тэр дороо унаад босоод иртэл жолооч манай хүүг босгож байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,
Иргэний хариуцагч Л.Ганчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Энэ машин миний өөрийн эзэмшилд байдаг, ослын талаар нарийн сайн мэдэх зүйл байхгүй, бусдад учирсан хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11152 дугаартай дүгнэлт:
1. Х.Нарангэрэлийн биед баруун өвдөгний үений урд чагтан холбоосын хэсэгчилсэн урагдал, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, баруун өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн “Хүндэвтэр” зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна гэх дүгнэлт /хх-ийн 24/,
Тээврийн цагдаагийн албаны Техникийн шинжээчийн №420 дугаартай дүгнэлт:
1. Toyota-Prius маркийн 45-73 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Батаагийн Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалт зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч Х.Нарангэрэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
3. Зам тээврийн осол хэрэг гарахад зам орчны нөхцөл байдал нөлөөлсөн үндэслэл тогтоогдохгүй байна. гэх дүгнэлт /хх-ийн 37-38/, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн №51507 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-33/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-10/, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 8/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 78/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 74/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 79/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 80/, хохирогч Х.Нарангэрэлийн хүсэлт /хх-ийн 105/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 07 цаг 40 минутын үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Жуков”-ын урд замд Л.Ганчимэгийн эзэмшлийн “Тоёота Приус” маркийн 45-73 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин гарцаар гарч явсан явган зорчигч Х.Нарангэрэлийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн болох нь
Хохирогч Х.Нарангэрэлын: ”...би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан., хүндэвтэр зэргийн хохирол учирсан байна, гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Х.Нарангэрэлийн: “...Би 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өглөө 07 цаг 35 минутын үед хүүгээ сургуульд хүргэж өгөхөөр гэрээсээ гараад Жувов автобусны буудлаар ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлд явган хүний гарцаар манай хүү миний зүүн гар талд би баруун гарнаас нь хөтөлсөн гарч явтал баруун гар талаас цайвар өнгийн машин зам тавьж өгөөгүй шууд ирээд миний баруун талын гуя хэсэгт мөргөсөн машин зогсоод манай хүү зүүн талд миний хажуу талд газар хэвтэж байсан, би тэр дороо унаад босоод иртэл жолооч манай хүүг босгож байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Х.Нарангэрэл нь хавтаст хэргийн хэмжээнд авагдсан эмчилгээний зардал, хохирол төлбөрөө авсан нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагаанд бичгээр тайлбар гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч Х.Нарангэрэл нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгч Б.Б-ийн цалин хөлс, орлго зэргийг харгалзан үзэж түүний торгууль нөхөн төлөх хугацааг хуульд заасны дагуу 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Б-йг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан торгуулийн ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Х.Нарангэрэл нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР