Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 1799

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр, 

улсын яллагч П.Болормаа,

шүүгдэгч Ц.Э /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Э-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 06709 2624  дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Ц.Э, 2000 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Их засаг Их сургуульд оюутан, ам бүл 5, ах, эгч, эцэг, эхийн хамт Дорноговь аймаг Дэлгэрэх сум Бумбат багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Ц.Э нь согтуурсан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гүн Молор” зочид буудалд иргэн П.Алтангэрэлтэй маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Ц.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хохирогч П.Алтангэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гүн Молор” нэртэй буудалд найз Доржсамбуу, Э нарын хамт архи уусан. ...Шөнө 2 цагийн үед намайг Э сэрээгээд үгээр идээд хэрүүл маргаан болсон. Би Эыг мөр хэсэгт нь унт гээд цохиод бид 2 зодолдсон. Э шилэн аягаар цохисон юм шиг байна лээ миний толгой хагарсан...би эмнэлэгт оёдол тавиулаад хоёр хоноод зүгээр гээд эмнэлгээс гарсан... Одоо миний бие зүгээр байгаа...надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12/,

Гэрч Г.Бат-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Алтангэрэл ахыг зодуулчихсан Эрка буюу Эрдэнэчулуун зодсон гэж чат бичсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,

Гэрч Д.Доржсамбуу мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Алтангэрэл унтаж байсан. Э юм яръя гэж хэлэхэд чам шиг бацаантай ярихгүй гэж хэлсэн. Алтангэрэл гэнэт босч ирээд гутлаараа Эын нүүрэн тус газар цохисон. Тэгээд тэр хоёрын хооронд маргаан үүссэн ба Эын ширээн дээр байсан стаканыг барьж аваад Алтангэрэлийн толгойн дагз хэсэг рүү цохьсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,

Яллагдагч Ц.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... дүгнэлтэнд тусгасан гэмтлийг П.Алтангэрэлийн биед учруулснаа хүлээн зөвшөөрч байна. би бага зэрэг согтсон байсан... би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13721 тоот дүгнэлтэд: 

  1. П.Алтангэрэлийн биед дагз, зулайн хуйх, зовхи, шанаа, цээж, хэвлийд шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой дүгнэлт. /хх-ийн 14/, иргэн Б.Бат-Эрдэний цагдаагийн байгууллагад гомдол гаргасан баримт /хх-ийн 2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-8/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, зөрчил гаргасан баримт /хх-ийн 25-27/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Ц.Э нь согтуурсан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гүн Молор” зочид буудалд иргэн П.Алтангэрэлтэй маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь

Хохирогч П.Алтангэрэлийн: “...би 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гүн Молор” нэртэй буудалд найз Доржсамбуу, Э нарын хамт архи уусан. ...Шөнө 2 цагийн үед намайг Э сэрээгээд үгээр идээд хэрүүл маргаан болсон. Би Эыг мөр хэсэгт нь унт гээд цохиод бид 2 зодолдсон. Э шилэн аягаар цохисон юм шиг байна лээ миний толгой хагарсан...би эмнэлэгт оёдол тавиулаад хоёр хоноод зүгээр гээд эмнэлгээс гарсан... Одоо миний бие зүгээр байгаа...надад ямар нэгэн гомдол санал байхгүй..” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Ц.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ц.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч П.Алтангэрэл нь гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч Ц.Э-т хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ц.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Э-ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ц.Э нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР