| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 240/2016/00257/и |
| Дугаар | 483 |
| Огноо | 2016-10-13 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 483
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэий хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, шүүгч Л.Угтахбаяр, шүүгч А.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Ханхонгор сум Өгөөмөр баг, ******* оршин суух ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар: *******/
Хариуцагч: Өмнөговь аймаг Даланзадгад сум 5 дугаар баг ******* тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар: /
Гэм хорын хохирол 1.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Г.*******, иргэдийн төлөөлөгч Б.Авирмэд, нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.******* 2015 оны 12 дугаар сарын 31-ний шөнө Цагаан хаднаас Өмнөговь аймаг руу автомишинтай жолоо барьж явахдаа аймгаас 25 км-ын зайд засмал зам дээр манай хээлтэй хүрэн ингийг дайрч алсан юм. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаад прокурор хянаад эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж үзсэн юм байна лээ. Тэр нь хамаагүй. Би иргэн хүний хувьд өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр хууль зүйн дагуу нэхэмжлэл гаргаж байгааг минь хүлээн авч иргэн Г.*******гээс хээлтэй ингэний төлбөр болох 1.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Би хээлтэй ингээ ноос, үс, сүү сааль, цаашид өсөж үржиж ашиг шимийг бодолгүй зөвхөн энэ хавар 2 толгой болно гэсэн наад талын бодит байдлыг харгалзан үнэлсэн болно гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 12 дугаар сарын 31-ний орой хотноосоо гаргаад явуулсан. 01 сарын 01-ний өглөө танай ингийг чинь дайрчихсан байна гэж манай эгч хэлсэн. Тэгээд би яваад очсон манай ингэ мөн байсан, тэгээд цагдаагийн хэлтэсрүү ярихад дайрсан хүн нь баригдсан гэж хэлсэн. Замын цагдаа дээр нь яваад очсон чинь та хэд хоногийн дараа ирээрэй гэж хэлчихээд хэд хоног алга болчихоор нь хүрээд очсон чинь таны хэргийг поркурор руу шилжсэн гэсэн. Поркурор дээр иртэл та юу яриад байгаан тэмээгээ анхаарахгүй яасан юм. Харин та тэр дайрсан хүний машины гэмтлийг төлж өг гэхээр нь шүүхэд хандсан гэв.
Хариуцагч Г.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч ******* овогтой ******* миний бие нэхэмжлэгч *******ийн *******ийн 1.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие 2015.12.31-ний өдрийн шөнө тээврийн хэрэгсэл жолоодон Даланзадгад cyмын чиглэлд Зангадтай хамт явж байтал миний зорчиж явсан эгнээнд тэмээ хажуу талаараа хэвтэж байсан. Хурдаа сааруулсан боловч амжаагүй дайраад гарсан. Тухайн үед цагдаагийн гараар шалгуулаад хэргийг хэрэгсэхгүй болгосон. Уг тэмээг урд нь дайрсан байсан асуудлыг шалгаж тогтоогоогүй юм. Миний бие ч болсон явдлын талаар тайлбар өгсөн. Эрүүгийн хэргээр шалгагдаж байхдаа нэхэмжлэгч Б.*******тай огт уулзаагүй, хохирол төлбөр төлөх талаар ярилцаагүй жил гаруйн хугацаа өнгөрсөн дараа хээлтэй ингэ 1.500.000 төгрөг нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Прокурорын Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолд “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээгээр 4-н настай хээлтэй ингэ 400.000 төгрөгийн үнэлгээтэй гарсан байсан. Тухайн үед намайг тэмээ дайрсан гэдгээр шалгаж байснаас урд нь өөр машин дайрсан байсан уу? хэн дайрсан гэдгийг тогтоогоогүйд гомдолтой явсан. Нэхэмжлэгч Б.*******тай нэхэмжпэл гардаж авснаас хойш уулзаж тухайн үед үнэлэгдсэн үнэлгээгээр төлбөрөө барагдуулъя гэж ярилцсан боловч зөвшөөрөөгүй тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болсон учраас хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг дайрахаас өмнө дайрагдсан гээд хавтаст хэрэг дээр байгаа гэрэл зураг нотлох баримт дээр байх л учиртай аймгаас 25-н км зайд дайрсан гэдэг нь бол үнэн. Намайг дайрахаас өмнө өөр хүн дайрсан байх л гэж үзэж байгаа намайг дайрахаас өмнө үхсэн байсан гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 15 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” тогтоол, Ашид билгүүн ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн ӨМӨ/1 дугаартай шинжээчийн дүгнэлт, Замын цагдаагийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Зам тээврийн осол дээр тогтоосон акт”, хэрэг учралын газрын гэрэл зургийн хуулбар, Г.*******гийн гадаад паспортын хуулбар, хариу тайлбар, Б.*******ийн хүсэлт, ВЕНДО ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.******* нь Г.*******д холбогдуулж гэм хорын хохирол 1.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Б.******* нь “... Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаад прокурор хянаад эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж үзсэн юм байна лээ. Тэр нь хамаагүй. Би иргэн хүний хувьд өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр хууль зүйн дагуу нэхэмжлэл гаргаж байгааг минь хүлээн авч иргэн Г.*******гээс хээлтэй ингэний төлбөр болох 1.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү...“ хэмээн нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж,
Хариуцагч Г.******* нь “... явж байтал миний зорчиж явсан эгнээнд тэмээ хажуу талаараа хэвтэж байсан. Хурдаа сааруулсан боловч амжаагүй дайраад гарсан. Тухайн үед цагдаагийн гараар шалгуулаад хэргийг хэрэгсэхгүй болгосон. Уг тэмээг урд нь дайрсан байсан асуудлыг шалгаж тогтоогоогүй юм...” хэмээн маргаж байна.
Хариуцагч Г.******* нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 70-44 ӨМА улсын дугаартай автомашин жолоодож яваад Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Улаанбаатар хот чиглэлийн 25-26 дахь километрийн замд иргэн Б.*******ийн ингэн тэмээг дайрч Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасан үйл баримт хэрэгт авагдсан зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд, Өмнөговь аймгийн прокурорын газрын Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай 15 дугаартай тогтоол зэргээр тогтоогдож байна.
Уг зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Б.*******ийн 4 настай хээлтэй ингэн тэмээ дайрагдаж үхсэн гэм хорыг хариуцагч Г.******* хариуцан арилгах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Хариуцагч Г.******* нь бусдад гэм хор учруулсан нь өөрийн буруугаас болоогүй хэмээн маргаж байх боловч дээрх байдлаа нотлоогүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан “ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулж гаргаж өгөх” тухай хэргийн оролцогчдын эрх үүрэгтэй 2016 оны 06 дугаар 24-ний өдөр танилцсан байна.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “ Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй “ гэж заасан бөгөөд хариуцагч Г.*******гийн шүүх хуралдаанд гарсан “ ... би өөрийн машинаа жолоодоод Цагаан хаднаас Даланзадгад орох гээд явж байхад ...” гэсэн тайлбараас үзэхэд 70-44 ӨМА улсын дугаартай Галлопер жип маркийн автомашин нь хариуцагч Г.*******гийн өмчлөлийн автомашин гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх / адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохиролыг мөнгөөр нөхөн төлнө”,
Мөн хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт “ Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж зааснаар нэхэмжлэгч Б.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт “ ... Засмал замд 50 метрээс дотогш хариулагагүй мал балгахыг хориглоно...” заасныг зөрчсөн зохих буруутай болох үйл баримт нь Өмнөговь аймгийн Прокурорын газрын 15 дугаартай тогтоолоор тогтоогдож байх тул гэм хор учрах буюу хохирогчийн хэтэрхий болгоомжгүй эс үйлдэл нөлөөлсөн байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаас багасгаж 800.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510.1, 514.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.*******гээс 800.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 700.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39.500 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 24.650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Р.УРАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Л.УГТАХБАЯР
А.ЭНХТӨР