Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 207/ма2026/00067

 

2026 07 02 207/МА2026/00067

 

    Э.”““““ын нэхэмжлэлтэй,

 хариуцагч “““““-нд холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Эрдэнэбат, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 312/ШШ2026/00840 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : Э.”““““ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “““““-нд холбогдох,

“““““-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ТУЗТ-25/04 дугаартай Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хойшлуулах, эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцох тухай тогтоолын Э.”““““т холбогдох 4 дэх хэсгийг хүчингүй болгуулах, “““““-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 04 сарын 18-ны өдрийн “““““дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

хариуцагч “““““ нь нэхэмжлэгч Э.”““““т холбогдуулан өөрийн хариуцаж байсан ажил үүргээ хүлээлгэн өгөхийг даалгах, тушаал шийдвэргүйгээр нэмэгдүүлж авсан 258,640,572.69 төгрөгийн цалин хөлсийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй  хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Чинбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Амгаланбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “““““нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Чинбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Амгаланбаатар, А.Базар /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номин-Эрдэнэ, О.Мягмарсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Д.Түмэнжаргал, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Э.”““““ын нэхэмжлэлийн шаардлагын агуулга:

“““““ “““““ нь “““““-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний дагуу болон тус компанийн гүйцэтгэх захирлын ажилд томилох тухай тушаалын дагуу 2021 оноос компанийн Хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Гэтэл “““““-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 04 сарын 18-ны өдрийн “““““дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалаар “““““ өөрөө экспорт хийх нь татвар талаасаа ашиггүй гэж хуурамч мэдээлэл өгч үүрэгт ажилдаа хайнга хандсан, нэгдмэл сонирхолтой этгээдтэй сонирхлын зөрчилтэй гэрээ байгуулах шийдвэрийг гаргуулсан, компанийг хууран мэхэлсэн, ажил олгогчийн итгэлийг алдсан гэж үзэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2025 оны 04 сарын 21-ний өдрөөр дуусгавар болгож шийдвэрлэсэн. Тус тушаалыг 2025 оны 04 сарын 25-ны өдөр шуудангаар хүлээн авч анх танилцсан. Улмаар Баян-Өндөр сумын хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч 2025 оны 05 сарын 26-ны өдрийн 25/15 дугаартай хуралдааны тэмдэглэлээр эвлэрэх боломжгүй гэж шийдвэрлэсэн. Тус тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй, хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд тушаалд дурдсанчлан “““““ өөрөө экспорт хийх нь татвар талаасаа ашиггүй гэж хуурамч мэдээлэл өгч үүрэгт ажилдаа хайнга хандсан, нэгдмэл сонирхолтой этгээдтэй сонирхлын зөрчилтэй гэрээ байгуулах шийдвэрийг гаргуулсан, компанийг хууран мэхэлсэн, ажил олгогчийн итгэлийг алдсан, хүлээсэн үүргээ биелүүлээгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүй байхгүй. Харин ч томилогдсон цагаасаа Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан компанийн дүрэм, хөдөлмөрийн бусад хэм хэмжээг даган мөрдөж, шударгаар ажлаа гүйцэтгэдэг байсан. Мөн ажиллаж байх хугацаандаа аливаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй, компанийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай өөрийн бүхий л хүч чадлаа дайчлан ажилладаг байсан. Э.”““““ нь хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирлын албан тушаалд томилогдсоноосоо хойш “““““гэдэг компанийн хөрөнгө оруулалт татах, санхүүжилтийг босгох, хоосон талбайгаас нь өнөөдрийн 10,000 тонн катодын зэс үйлдвэрлэдэг компанийг үүсгэн байгуулах, бүтээн байгуулалт бий болгоход гар бие оролцож хөрөнгө оруулалтыг нь гардаж ажиллаж байсан. Өнөөдрийн байдлаар “““““компани нийтдээ 100,000,000 гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт татчихсан, 300,000,000,000 гаруй төгрөгийн бүтээн байгуулалт хийгдсэн. Нэг жилд дунджаар 350,000,000,000 төгрөгийн борлуулалт хийдэг ийм хэмжээний компани болоход өөрийн хувь нэмрээ оруулсан. Э.”““““ын хувьд “““““ХХК-аас “““““ХХК-ын анхны санхүүжилт болох 15,900,000 ам.долларыг авч байсан. Энэ санхүүжилтээр “““““-ийн үйлдвэрийн бүтээн байгуулалтууд, тоног төхөөрөмж, 100%-ийн хүчин чадлаар ажиллах энэ нөхцөл хөгжсөн байдаг. 2022 оны Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол байгаа. Энэ тогтоол дээр бол хөрөнгө оруулалт, санхүүжилтийг хэрхэн босгох талаар Э.”““““ Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулсан бөгөөд НАӨТ-ын тухай хуульд ямар хууль зүйн зохицуулалттай вэ? “““““ борлуулалтаа хэрхэн хийх вэ? санхүүжилт хийж байгаа “““““компани ямар байдлаар санхүүжилт, хөрөнгө оруулалтыг хийх боломжтой вэ? гэдгийг танилцуулсан. 15,900,000 ам.доллар буюу одоо тухайн үеийн ханшаар 60,000,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг “““““гэдэг компани хийж байсан. “““““ХХК-ийн хувьд хоосон цагаан цаасанд итгэж 60,000,000,000 төгрөгөөр “““““-г санхүүжүүлж байсан. Өнөөдрийн байдлаар “““““компани 12,000 тонн кадотын зэсийн “““““компаниас худалдан авсан. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсад хэрэгждэг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар Монгол Улсад борлуулагдаж байгаа бараа ажил үйлчилгээний хувьд нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн байх ёстой. Энэ зохицуулалтыг тухайн үед төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулж байсан. Түүнчлэн “““““гэдэг компаниа одоо манай эхнэрийн үүсгэн байгуулсан ийм компани учраас энэд би саналын эрхгүй оролцъё оо гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр гарахад санал өгөөгүй. Гэтэл компанийн удирдлагуудын зүгээс компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, Хувьцаа эзэмшигчдийн хооронд маргаан үүссэн, өөр бусад компаниудын маргаантай асуудал бий болсонтой холбоотойгоор хувийн ашиг сонирхлын үүднээс ажлаас нь чөлөөлсөн гэж үзэж байна. Иймд тус тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, холбогдох хуульд нийцэхгүй байх бөгөөд тушаал гарснаар Э.”““““ын хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрх зөрчигдөж байгаа тул “““““-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ТУЗТ-25/04 дугаартай Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хойшлуулах, эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцох тухай тогтоолын Э.”““““т холбогдох 4 дэх хэсгийг хүчингүй болгож, “““““-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 04 сарын 18-ны өдрийн “““““дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, “““““-ийн хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирлын албан тушаалд Э.”““““ыг эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар хариуцагчаар нөхөн төлүүлж зохих журмын дагуу баталгаажуулалт хийлгүүлж өгнө үү. Цалингийн хувьд 2025 оны 04 сарын 18-ны өдрөөс 2026 оны 03 сарын 09-ний өдрийн хүртэл 218 хоног, нэг өдрийн цалин 1,212,000 төгрөг нийт 264,216,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагч “““““-ийн тайлбар татгалзлын агуулга:  

Э.”““““ын “““““-ийн ТУЗ-ийн 2025 оны 04 сарын 12-ны өдрийн ТУЗТ-25/04 дугаартай тогтоолын Э.”““““т холбогдох 4 дэх хэсгийг хүчингүй болгуулах, “““““-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 04 сарын 18-ны өдрийн “““““дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, "“““““-ийн Хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирлын албан тушаалд Э.”““““ыг эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар хариуцагчаар нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч, энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Э.”““““ын эхнэр “““““нь “““““ХХК-ийн гүйцэтгэх захирал албан тушаалтай хүн байдаг. Энэхүү гэрээнээс үүдэлтэй Э.”““““ нь “““““-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болсны дараагаар хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирлын албан тушаалд томилогдсон. 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ дотоодод борлуулах бол худалдан авагчид түүний НӨАТ ачаалал шилждэг, компанийн хувьд бүтээгдэхүүнээ шууд экспорт хийсэн, дотоодод борлуулсан аль ч тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татварын дарамт үүрэхгүй, “““““-ийн хувьд өөрөө экспорт хийх нь татвар талаасаа ашиггүй байгаа. “““““ХХК-тай дээрх асуудлаар ярихад тус компанийн зүгээс бүхий л талаар дэмжихээ мэдэгдэж, дээрх шаардлагыг зөвшөөрч гэрээ хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Тус компанийн зүгээс бүтээгдэхүүн борлуулах болон баталгааны дагуу шаардах эрхээ баталгаажуулсны үндсэн дээр санхүүжилтийн гэрээнд оролцохоо мэдэгдээд байна гэж үйлдвэрээс гарах бүтээгдэхүүнээ дотоодын компанид худалдан борлуулах нь компанийн хувьд аливаа алдагдал, эрсдэлд орохгүй гэх өөрийн хамаарал бүхий этгээд болох эхнэрийнхээ компани болох Би “““““" ХХК-тай гэрээ байгуулах нь Үйлдвэрийг ашиглалтад оруулахад шаардлагатай санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх хувилбар болж байгаа талаарх мэдээллийг хүргэж, “““““ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ХХАГ-22/134 дугаартай Катодын зэс худалдах, худалдан авах гэрээ-г байгуулах шийдвэрийг гаргуулсан боловч тус гэрээний дагуу манай компани НӨАТ-ын их хэмжээний өрөнд орсон. Хавтаст хэрэгт авагдсан татварын газраас ирсэн албан бичгээр нотлогддог. Харин эсрэгээрээ “““““компанийн хувьд манай компанийн байгуулсан гэрээний дагуу манай компаниас авсан бүтээгдэхүүнээ “““““ гэх компанид 0 хувийн нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээ болон бүтээгдэхүүний 200 ам.долларын үнийн хөнгөлөлтийн ашигтайгаар ажилласан байдаг. Манай зүгээс Э.”““““ыг 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 04 дугаартай тогтоолоор ажил олгогчийн итгэлийг алдсан гэдэг үйлдлүүдийг тусгаж, үндэслэлээ болгож ажлаас чөлөөлсөн. Төлөөлөн удирдах зөвлөлийн 4 дүгээр тогтоолын 4 дэх хэсэгт 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанд компанийн хувьд бүтээгдэхүүний шууд экспорт хийсэн, дотоодод борлуулсан аль ч тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татварын дарамт үүсэхгүй. “““““ экспорт хийх нь татвар талаасаа ашиггүй гэж хуурамч мэдээлэл өгч, үүрэгт ажилдаа хайнга хандсан, хариуцлагагүй хандсан гээд эхний итгэл эвдсэн үйлдэл. Мөн өөрийн нэгдмэл ашиг сонирхол бүхий хуулийн этгээд болох “““““компанитай ашиг сонирхлын зөрчил бүхий гэрээ байгуулах шийдвэр гаргуулсан нь хоёрдох итгэл эвдсэн үйлдэл юм. Улмаар 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 22/134 тоот катодын зэс худалдах, худалдан авах гэрээг байгуулан “““““-д их хэмжээний хохирол учруулсан нь гурав дахь итгэл эвдсэн үйлдэл. Дөрөв дахь итгэл эвдсэн үйлдэл нь тодорхой төрлийн үйл ажиллагаагаар компанийн мөнгөн хөрөнгийг хууран мэхлэх аргаар өөрийн ашиг сонирхол бүхий компаниар дамжуулан завшсан буюу “““““компанийн манай компанитай байгуулсан катодын зэс худалдах, худалдан авах гэрээний дагуу манай бараа бүтээгдэхүүнийг одоо бусдад буюу гуравдагч этгээд худалдан борлуулж, ашиг олсон учраас Хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирал Э.”““““ыг үүрэгт ажлаас чөлөөлөхийг гүйцэтгэх захирал “““““т үүрэг болгож шийдвэрлэсэн байдаг. Энэхүү Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор үүрэг болгосны дагуу “““““ захирал Э.”““““ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Э.”““““ нь өөрийн Монгол Улсын Гадаад хэргийн яам, АНУ дахь Монгол Улсын элчин сайдын яаманд Худалдаа эдийн засгийн консул, Монгол Улсын сангийн яам орлогын газрын дарга, Монгол Улсын хөрөнгийн биржид санхүү эрхэлсэн захирал, Монгол Улсын сангийн яаманд татварын мэргэжилтэн, Санхүү эдийн засгийн сургуульд багшаар тус тус ажиллаж байсан гэх зэрэг олон жил санхүүгийн чиглэлээр ажилласан туршлага, санхүүгийн мэргэшсэн байдлаа ашиглан ТУЗ-ийн хуралд компанийг аливаа алдагдалд оруулахгүй мэтээр НӨАТ-ын талаарх мэдээллийг танилцуулж, ТУЗ-ийн гишүүдэд итгэл төрүүлэн, холбогдох шийдвэрийг гаргуулаагүй байсан бол манай компани НӨАТ-ын төлбөр төлөгдсөн хэмжээгээр ашиг олж олон мянган хувьцаа эзэмшигчдэд ноогдол ашиг болгон хүртээх эсхүл үйлдвэрийн бүтээн байгуулалтад зарцуулах замаар үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг бусад байдлаар зарцуулах боломжтой байсан. Үүний учир манай компанийн ТУЗ 2025 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хуралдаж Э.”““““ыг өөрийн нэгдмэл ашиг сонирхол бүхий хуулийн этгээдтэй гэрээ байгуулах шийдвэрийг гаргуулж, өөрийн эхнэрийн компани болох “““““ХХК-иар дамжуулан компанид их хэмжээний хохирол учруулж ажил олгогчийн итгэлийг алдсан гэж үзэн Э.”““““ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг гүйцэтгэх захиралд үүрэг болгосон. Улмаар “““““-ийн гүйцэтгэх захирал ТУЗ-ийн тогтоолыг хэрэгжүүлэн ажиллаж Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь заалтыг үндэслэн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “““““дугаартай тушаалаар Э.”““““ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь үндэслэл бүхий болсон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Хариуцагч “““““-ийн сөрөг нэхэмжлэлийн агуулга:

Э.”““““ын нэхэмжлэлтэй ““““““” ХХК-нд холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “““““би 2025 оны 12-р сарын 30-ны өдөр Э.”““““ыг өөрийн хариуцсан ажил үүргээ нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгах тухай шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг гаргаж, 2026 оны 01-р сарын 19-ний өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагаа Э.”““““аас тушаал шийдвэргүйгээр нэмэгдүүлж авсан 258,640,572.69 төгрөгийн цалин хөлсийг буцаан гаргуулахаар ихэсгэн гаргаж байна. Э.”““““ нь ““““““” ХХК-нд 10,200,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан бөгөөд компанийн тушаал шийдвэргүйгээр 2023 оны 12-р сараас 2025 оны 04-р cap хүртэл хугацаанд нийт 258,640,572.69 төгрөгийг нэмэгдүүлэн тооцож, шилжүүлэн авч компанид эд хөрөнгийн хохирол учруулсан. Дээрх үйл баримт нь хавтас хэрэгт нотлох баримтаар авагдсан Э.”““““т олгосон цалин хөлсний дэлгэрэнгүй, Э.”““““ын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тус тус нотлогдоно. Иймд Э.”““““ыг өөрийн хариуцаж байсан ажил үүргээ нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгаж, Э.”““““аас тушаал шийдвэргүйгээр нэмэгдүүлж авсан 258,640,572.69 төгрөгийн цалин хөлсийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ. 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Чинбат сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хариу тайлбартаа:

Э.”““““ нь ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн, буцаад ажилдаа томилогдъё гэдэг агуулгаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн гэж үзэж байгаа учраас ажилтай холбоотой авсан эд хөрөнгийг хүлээлгэж өгөөгүй, ажилдаа буцаад орсны дараа тухайн эд хөрөнгүүдээр ажил төрлөө буцаагаад хийнэ гэдэг байр суурьтай байгаа. Үндэслэлгүйгээр цалин хөлс авсан гэдэг зүйлийг нэхэмжлээд байна. Э.”““““ын нийт ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа байгаа. Энэ лавлагаагаар энэ хүн тухайн компанид хэдэн оноос хэдэн он хүртэл хэдэн төгрөгийн цалинтай ажилласан юм, түүнийхээ дагуу нийгмийн даатгал шимтгэлд хэдэн төгрөг төлсөн нь харагддаг бөгөөд ажил олгогч өөрөө эрх бүхий байгууллага буюу нийгмийн даатгалын байгууллагадаа тайлагнадаг. Өөрөөр хэлбэл энэ хүн үндэслэлгүй илүү цалин аваад байна, тушаал байхгүй, бид мэдээгүй гэх асуудал байж болохгүй. Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол нь байна, бүтэц нь байна, цалингийн шатлал зэрэглэл нь байна. Үүний дагуу гүйцэтгэх захирлын гаргасан 10,000,000 төгрөг байж байгаад 10,200,000 төгрөг, 2023 оны 7 сараас 21,040,000 төгрөг болсон. Тухайн үед санхүү нягтлан бодогчоор ажиллаж байсан “““““ гэдэг хүн гэрчийн мэдүүлэг өгсөн ба Э.”““““ захирлын цалинг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар нэмсэн бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдэл цалин олгож байсан нийтдээ 10,840,000 төгрөгөөр нэмсэн. Гүйцэтгэх захирал “““““ руу тухайн тушаалын төсөв, цалингийн тооцоо зэргийг вайбераар явуулаад үүнийг захирал зөвшөөрөөд цалин нэмсэн талаараа мэдүүлдэг. Нийт цалин дээр 10,840,000 төгрөгийн нэмэгдэл цалин нэмэгдээд, 21,040,000 төгрөг болсон бөгөөд цалингийн тооцоог хянаж зөвшөөрсөн дээр нь гүйцэтгэх захирал “““““ гарын үсэг зураад компанийн тамга дарсан байдаг. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн гэж 1,000,00 төгрөгийн цалин нийт 22,040,000 төгрөгийн цалинтай байсан. Ийм учраас үндэслэлгүй, тушаал шийдвэргүй цалин авсан гэх асуудал байхгүй. Үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн тул эд хөрөнгө хүлээлгэж өгөх эсэх асуудал мөн яригдахгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

“““““-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ТУЗТ-25/04 дугаартай хурлын тогтоолын 4 дэх заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Э.”““““ыг хариуцагч “““““-ийн хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 258,071,384.42 төгрөгийг хариуцагч “““““-иас гаргуулж нэхэмжлэгч Э.”““““т олгож, нэхэмжлэгчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагч “““““-д даалгаж, хариуцагч “““““-ийн Э.”““““ыг өөрийн хариуцаж байсан ажил үүргээ нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгах, тушаал шийдвэргүйгээр нэмэгдүүлж авсан 258,640,572.69 төгрөгийн цалин хөлсийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Чинбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Амгаланбаатар нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Э.”““““ын нэхэмжлэлтэй ““““““” ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Чинбат, өмгөөлөгч Б.Амгаланбаатар бид Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026.03.09-ний өдрийн 840 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч, энэхүү гомдлыг гаргаж байна.  Давж заалдах гомдлын шаардлага: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах агуулгаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, Давж заалдах гомдлын үндэслэл: Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжлэгч Э.”““““ын цалин хөлсний тооцооллыг алдаатай хийж 258,071,384.42 төгрөг олгохоор шийдвэрлэсэн тул ийнхүү давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Цалин хөлсний тооцооллын тухайд: Шүүхийн шийдвэрийн 12 дугаар хуудасны 17 дахь хэсэгт цалин хөлсний тооцоололтой холбоотой дүгнэлтийг хийжээ. Ингэхдээ “...2025 оны 04 сарын 18-ны өдрөөс 2026 оны 03 сарын 09-ний өдрийг хүртэл 218 хоног, сүүлийн 3 сарын цалин хөлс 22,540,000 төрөг, 36,171,437.71 төгрөг, 17,644,545.45 төгрөг нийт 76,355,983.16 төгрөг үүнээс тооцож, 258,071,384.42 төгрөгийг /76,355,983.16 : 3 = 25,451,994.38 : 21.5 хоног = 1,183,813.69/ хариуцагч ““““““" ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгож.” гэх дүгнэлтийг хийсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан ажилгүй байсан хоног 218 хоног болохтой маргаан байхгүй. Харин ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг бодохдоо 1 өдрийн дундаж цалин хөлсийг буруу тодорхойлсон гэж үзэж байна. 2021.12.06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.1.2 дахь заалтад “нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт өдрийн тоонд хувааж;” гэж, журмын 2.3 дахь хэсэгт "Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно” гэж, 2.3.5 дахь заалтад “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор;” гэж заасан, тус журмын “жишээ 3” дахь хэсэгт жишээгээр 1 өдөрт ногдох дундаж цалинг бодож харуулснаас үзвэл нэхэмжлэгч Э.”““““ын нэг өдрийн дундаж цалинг тооцохын тулд түүний ажиллаж байсан хугацааны сүүлийн гурван cap буюу 2025 оны 2, 3 болон 4 саруудад олгосон цалингийн нийлбэрийг тус саруудад ажилласан өдрийн нийлбэрт хувааж бодох ёстой юм. Нэхэмжлэгчийн ажилласан сүүлийн гурван сард ажилласан цаг,  нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, хавтаст хэргийн 90 дэх талд авагдсан (хариуцагчаас гаргаж өгсөн) цалингийн дэлгэрэнгүй лавлагаа зэрэг баримтуудад үндэслэн доорх хүснэгтэд үзүүлэв.

Нэхэмжлэгчийн ажилласан сүүлийн он, cap

Ажилласан цаг

Ажилласан өдөр өдөр

Сарын цалин хөлс

2025 оны 2 дугаар cap

160

20

22,540,000

2025 оны 3 дугаар cap

168

21

36,171,437.71

2025 оны 4 дугаар cap

120

15

17,644,545.45

Дүн

448

56

76,355,983.16

Дээрх хүснэгтэд үзүүлсний дагуу 2025 оны 2, 3 болон 4 дүгээр сарын цалингийн нийлбэр дүн болох 76,355,983.16 төгрөгийг тус гурван сард ажилласан нийт ажлын хоног болох 56 хоногт хувааж үзэхэд нэг өдрийн дундаж цалин нь (76,355,983.16 төгрөг : 56 хоног = 1,363,499.70 төгрөг) 1,363,499.70 төгрөг болж байгаа юм. Иймд дээрх нэг өдрийн дундаж цалинг нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаагаар үржүүлж нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг тодорхойлох учиртай. Тодруулбал, Э.”““““ын хууль бусаар ажлаас халагдсан өдөр болох 2025.04.21-ний өдрөөс хойш анхан шатны шүүх хуралдаан болсон өдөр буюу 2026.03.09-ны өдөр хүртэл ажлын 218 хоног байх тул тус 218 хоногийг нэг өдрийн дундаж цалин болох 1,363,499.70 төгрөгөөр үржүүлж (218 хоног х 1,363,499.70 төгрөг= 297,242,934.6 төгрөг) 297,242,934.6 төгрөгийг ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт авах үндэслэлтэй байна. Гэтэл анхан шатны шүүхээс хүчингүй болсон журмыг баримталж ажилгүй байсан хугацааны цалинг 258,071,384.42 төгрөгөөр тогтоосон нь нэхэмжлэгчийн авах ёстой 297,242,934.6 төгрөгийн нөхөн олговроос даруй (297,242,934.6 - 258,071,384.42 = 39,171,550.18) 39,171,550.18 төгрөгөөр бага тооцоолол хийгдсэн гэж үзэхээр байна. 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн ажилгүй байсан хугацааны цалинд  258,071,384.42        төгрөг олгохоор шийдвэрлэснийг 297,242,934.6 төгрөг болгон өөрчлөлт оруулж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: Нэхэмжлэгч нь гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн маргаан нь гомдлоор авч хэлэлцэх маргаанд хамаарах тул тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх учиртай билээ. Энэ талаар ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.11.17-ны өдрийн 1998 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 2 дахь заалт, 2025.08.15-ны өдрийн 1340 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 2 дахь заалт, 2026.04.10-ны өдрийн 779 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 2 дахь заалтад нэхэмжлэгч нь гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэснээс тодорхой харагдаж байна. Иймд гомдлыг давж заалдах журмаар хэлэлцүүлж, гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “““““шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Э.”““““ын нэхэмжлэлтэй "“““““” ХХК-нд холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “““““би Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03-р сарын 09-ний өдрийн 312/ШШ2026/00840 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-т заасны дагуу энэхүү гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь ““““““” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2025 оны 04 дугаар сарын 12-ний өдрийн ТУЗТ-25/04 дугаартай “Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хойшлуулах, эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцох тухай” тогтоолын Э.”““““т холбогдох 4 дэх хэсгийг хүчингүй болгуулах, "“““““” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 04 сарын 18-ны өдрийн “““““дугаартай “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай шаардлагыг, ““““““” ХХК нь нэхэмжлэгч Э.”““““т холбогдуулан “өөрийн хариуцаж байсан ажил үүргээ хүлээлгэн өгөхийг даалгах, тушаал шийдвэргүйгээр нэмэгдүүлж авсан 258,640,572.69 төгрөгийн цалин хөлсийг буцаан гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх нь Э.”““““ын гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3, 116 дугаар зүйлийн 116.2, 116.3-т тус тус заасныг зөрчин хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж гаргаагүй, хавтаст хэрэгт хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж гаргасан хүсэлтийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн тогтоол албажиж гараагүй, тус тогтоолтой танилцаагүй байхад шүүх хуралдааныг явуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрийг гаргаагүй нь дээр дурдсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна. Нэг. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн үнэлж, дүгнээгүй талаар: Анхан шатны шүүх нь шийдвэрийн үндэслэх хэсгийн 12-т “Хэрэгт авагдсан "“““““" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 04 сарын 12-ны өдрийн ТУАЗ-25/04 дугаартай хурлын тогтоол, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, 2021 оны 01 сарын 23-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн гэрээ, санхүүжилтийн гэрээ, 2021 оны 05 сарын 31-ний өдрийн хувь нийлүүлэгчийн зээлийн гэрээ, 2022 оны 10 сарын 27-ны өдрийн катодын зэс худалдах, худалдан авах гэрээ зэрэг баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Э.”““““ нь 2021 оны 02 сарын 01-ний өдрөөс ажил олгогч компанийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын захирлаар томилогдон ажилласан байх ба нэхэмжлэгчийг ажилд орохоос өмнө ажил олгогч нь “Би “““““” ХХК-иас санхүүжилт авч ажиллаж байсан, Э.”““““ын эхнэр “Би “““““"ХХК-ийн захирал гэдгийг мэдэж байсан, Э.”““““ нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд “миний хамаарал бүхий компанийн оролцоо байх тул сонирхлын зөрчилтэй хэлцэл байхаар байна...саналын эрхгүй оролцоно” гэж энэ талаараа мэдэгдэж байсан байна” гэж, мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 13-т “Ажил олгогч "“““““” ХХК нь Э.”““““т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох сахилгын шийтгэл хүлээлгэж буйгаа мэдэгдээгүй, түүнээс тайлбар аваагүй, "хуурамч мэдээллийг өгч үүрэгт ажилдаа хайнга хариуцлагагүй хандсан, өөрийн нэгдмэл сонирхол бүхий хуулийн этгээд компанитай сонирхлын зөрчил бүхий гэрээг байгуулах шийдвэрийг гаргуулж компанид их хэмжээний хохирол учруулсан, тодорхой төрлийн үйл ажиллагаагаар компанийн мөнгөн хөрөнгийг хууран мэхлэх аргаар өөрийн ашиг сонирхол бүхий компаниар дамжуулан завшиж ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан гэх боловч энэ үйл баримтын талаар тогтоогдоогүй, хэрэгт энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна” гэж дүгнэжээ. Хэргийн бодит байдлын хувьд, ““““““” ХХК-ийн гүйцэтгэх захирал “““““болон Э.”““““ нар нь гэр бүлийн гишүүд эхнэр, нөхөр бөгөөд тус компани нь ““““““” ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигч ““““““” ХХК-ийн 30 хувийн хувьцааг ““““““” ХХК-ийн тухайн үеийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байсан Г.”““““тай 2021 оны 01-р сарын 21-ний өдөр байгуулсан ХХХГ/21-01 дугаартай Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан байдаг. Дээрх гэрээнүүдийг үндэслэн 2021 оны 01-р сарын 21-ний өдрийн ХЭГ-21/01 Хувьцаа эзэмшигчдийн гэрээ, 2021 оны 01-р сарын 23-ний өдрийн СГ/21-01 Санхүүжилтийн гэрээ, 2021 оны 05-р сарын 31-ний өдрийн ХНЗГ-21/068 Хувь нийлүүлэгчийн зээлийн гэрээ тус тус байгуулагдсан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан дээрх гэрээнүүд хоорондоо уялдаа холбоотой, Э.”““““ын эхнэрийн ““““““” ХХК-ийн ““““““” ХХК-ийн 30 хувийн хувьцааг эзэмшихтэй холбоотой харилцааг зохицуулсан. Энэ талаар 2021 оны 01-р сарын 23-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн гэрээний 1.1, 1.4, 1.5, 5.1, 2021 оны 01-р сарын 23-ны өдрийн Санхүүжилтийн гэрээний 1.1, 1.6, 2.1.6, 2.2.1, 2021 оны 05 сарын 31-ний өдрийн Хувь нийлүүлэгчийн зээлийн гэрээний 1.1-т тус тус заасан. Мөн 2021 оны 01-р сарын 23-ны өдрийн Санхүүжилтийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.5, 2.1.6-д тус тус “Би “““““” ХХК нь ““““““” ХХК-ийн 30 хувийн хувьцааны төлбөрийг ““““““" ХХК-нд зээл хэлбэрээр олгож, зээлийн эргэн төлөлтийг ““““““” ХХК-ийн 30 хувийн хувьцааг шилжүүлэн авах замаар, эсхүл зээлийн нөхцөлөөр буцаан төлөхөөр заасан байдаг бөгөөд “Би “““““” ХХК ““““““” ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигч болсноор тус зээлийн эргэн төлөлт хийгдсэн. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заасанчлан Э.”““““ыг ажилд орохоос өмнө ““““““” ХХК-ийн хувьд Э.”““““ын тусламж, дэмжлэгтэйгээр “Би “““““” ХХК-иас санхүүжилт авч ажиллаж байсан зүйл байхгүй. Э.”““““ нь ““““““” ХХК-нд Хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирлаас гадна Төлөөлөн Удирдах зөвлөлийн гишүүн байсан бөгөөд Монгол Улсын Гадаад хэргийн яам, АНУ дахь Монгол Улсын элчин сайдын яаманд Худалдаа эдийн засгийн консул, Монгол Улсын Сангийн яам Орлогын газрын дарга, Монгол улсын хөрөнгийн биржид Санхүү эрхэлсэн захирал, Монгол Улсын Сангийн яаманд Татварын мэргэжилтэн, Санхүү эдийн засгийн сургуульд багшаар тус тус ажиллаж байсан гэх зэрэг олон жил санхүүгийн чиглэлээр ажилласан туршлагатай эрх бүхий албан тушаалтан байсан. Түүний энэхүү байдалд итгэл үзүүлэн 2022 оны 05-р сарын 09-ний өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ТУЗТ-22/013 дугаартай тогтоолоор батлагдсан хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу Үйлдвэрийг ашиглалтад оруулахад шаардлагатай санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах, санхүүжилтийн санал, хувилбарыг Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулж, шийдвэрлүүлэх үүрэг хүлээлгэсэн. Э.”““““ нь дээрх ТУЗ-ийн хурлын тогтоолоор хүлээсэн үүргийн дагуу 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ““““““” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд “...үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ дотоодод борлуулах бол худалдан авагчид түүний НӨАТ ачаалал шилждэг... компанийн хувьд бүтээгдэхүүнээ шууд экспорт хийсэн, дотоодод борлуулсан аль ч тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татварын дарамт үүрэхгүй, ““““““” ХХК-ийн хувьд өөрөө экспорт хийх нь татвар талаасаа ашиггүй байгаагийн зүгээс 50.0 сая хүртэл ам.долларын санхүүжилтийг тодорхой нөхцөл, шалгуур хангасан нөхцөлд хэсэгчилж, бүтээгдэхүүний урьдчилгаа төлбөр хэлбэрээр олгохоор санал болгож байгаа. Дээрх... компанийн хувьд “Би “““““” ХХК-ийн эзэмшиж буй хувьцааг барьцаалах, бүтээгдэхүүн худалдан борлуулах болон шаардах эрхээ барьцаалах гэсэн шаардлагыг тавьж байгаа... хөрөнгө оруулагч болон зээлдүүлэгч “Би “““““" ХХК-ийн хувьцаа болон “““““-д олгосон хувь нийлүүлэгчийн зээлийн шаардах эрх барьцаалах, зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрийг ...-аас олгох урьдчилгаа төлбөр төлөгдсөний дараа төлөх тухай амлалт шаардаад байгаа. “Би “““““” ХХК-тай дээрх асуудлаар ярихад тус компанийн зүгээс .... бүхий л талаар дэмжихээ мэдэгдэж, ...дээрх шаардлагыг зөвшөөрч гэрээ хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Тус компанийн зүгээс ...Бүтээгдэхүүн борлуулах болон баталгааны дагуу шаардах эрхээ баталгаажуулсны үндсэн дээр санхүүжилтийн гэрээнд оролцохоо мэдэгдээд байна....” гэж үйлдвэрээс гарах бүтээгдэхүүнээ дотоодын компанид худалдан борлуулах нь компанийн хувьд аливаа алдагдал, эрсдэлд орохгүй гэх мэтээр хуурч, “Би “““““” ХХК-тай компанитай гэрээ байгуулахаас өөр Үйлдвэрийг ашиглалтад оруулахад шаардлагатай санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй мэтээр тайлбарлан, итгүүлж өөрийн эхнэрийн компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нэн тэргүүнд харгалзан авч үзэж тус компанид ашигтай гэрээ болох 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ХХАГ- 22/134 дугаартай “Катодын зэс худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулах шийдвэрийг гаргуулсан. Э.”““““ нь компанийн эрх бүхий албан тушаалтны хувьд үйл ажиллагаандаа компанийн эрх ашгийг дээдлэх зарчмыг баримталж ажиллах үүргийг хуулиар хүлээсэн байхад энэхүү үүргээ биелүүлэхгүй, НӨАТ-ын талаар хуурамч мэдээлэл өгч үүрэгт ажилдаа хайнга, хариуцлагагүй хандан, өөрийн эхнэрийн компанитай гэрээ байгуулах холбогдох шийдвэрийг гаргуулж компанид НӨАТ-ын их хэмжээний хохирол учруулсан. Харин Э.”““““ын эхнэр Э.”““““гийн 100 хувийн хувьцааг эзэмшдэг, гүйцэтгэх захирлаар нь ажилладаг компани болох “Би “““““” ХХК нь ““““““” ХХК-тай гэрээ байгуулахдаа 1 тонн зэс тутамд Лондогийн металлын биржийн ханшнаас 350 ам.долларын хямдрал авахаар тохиролцсон байдаг боловч Япон улсын “Мицуй энд “““““” компанитай байгуулахдаа 1 тонн зэс тутамд Лондогийн металлын биржийн ханшнаас 150 ам.долларын хямдрал өгөхөөр гэрээ байгуулж 1 тонн зэс тутмаас 200 ам.долларын ашигтай ажилласан. Хэрвээ Э.”““““ нь ТУЗ-ийн хуралд НӨАТ-ын талаар худал мэдээлэл танилцаагүй, түүний Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд хэлсэн мэдээлэл бодит үнэн байсан бол “Би “““““” ХХК-тай байгуулсан “Катодын зэс худалдах, худалдан авах гэрээ”-ний хүрээнд манай компанид ямар ч нөхцөлд нэмэгдсэн өртгийн албан татварын (НӨАТ) дарамт үүсэх ёсгүй, НӨАТ-ын төлбөр төлөгдөх хэмжээгээр ашиг олж олон мянган хувьцаа эзэмшигчдэд ноогдол ашиг болгон хүртээх эсхүл үйлдвэрийн бүтээн байгуулалтад зарцуулах замаар үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг компанид ашигтай байдлаар зарцуулах боломжтой байсан. Э.”““““ын дээрх ажил олгогчийн итгэл эвдсэн үйлдлийг ““““““” ХХК-ийн 2025 оны 04-р сарын 12-ны өдрийн ТУЗ-ийн хурлаар тогтоож, түүнийг Хөрөнгө оруулалт, хариуцсан дэд захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг гүйцэтгэх захирал Б.”““““т үүрэг болгож шийдвэрлэсний дагуу 2025 оны 04-р сарын18-ны өдрийн гүйцэтгэх захирлын “““““дугаартай тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь үндэслэл бүхий болсон. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т “Ажилтан ажил үүргийг нь гүйцэтгүүлэх зорилгоор олгосон аливаа ажлын багаж, төхөөрөмж, техник хэрэгсэл, эд хөрөнгө, ажил үүргийн дагуу бүрдүүлсэн баримт бичиг, биет болон цахим мэдээлэл, холбогдох бусад зүйлийг нэг бүрчлэн ажил олгогчид хүлээлгэн өгөх үүрэгтэй” гэж заасан. Э.”““““ нь өөрийн хариуцсан ажил үүрэгтэй холбоотой хэрэглэж байсан нэг бүр нь 2,535,000 төгрөгийн үнэ бүхий нөүтбүүк, 9,000,000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютер болон тэдгээрт хадгалагдаж буй цахим баримтууд, бусад ажил үүргийн дагуу бүрдүүлсэн цаасан баримтуудыг хүлээлгэн өгөөгүй. Мөн тэрээр ““““““” ХХК-нд 10,200,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан бөгөөд компанийн тушаал шийдвэргүйгээр 2023 оны 12-р сараас 2025 оны 04-р cap хүртэл хугацаанд нийт 258,640,572.69 төгрөгийг нэмэгдүүлэн тооцож, шилжүүлэн авч компанид эд хөрөнгийн хохирол учруулсан тул ““““““” ХХК нь Э.”““““ыг өөрийн хариуцсан ажил үүргээ нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгах, Э.”““““аас тушаал шийдвэргүйгээр нэмэгдүүлж авсан 258,640,572.69 төгрөгийн цалин хөлсийг буцаан гаргуулахаар тухай шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг гаргасан нь үндэслэл бүхий болсон. Дээрх үйл баримтыг тогтоосон ““““““” ХХК-ийн 2025 оны 04-р сарын 12-ны өдрийн ТУЗТ-25/04 дугаартай тогтоол /1хх-59-60 тал/, ““““““’ ХХК-ийн 2025 оны 04-р сарын 12-ны өдрийн ТУЗ-ийн хурлын тэмдэглэл /1хх-61-69 тал/, ““““““” ХХК-ийн 2022 оны 10-р сарын 07-ны өдрийн ТУЗ-ийн даргын ТУЗДТ-22/019 дугаартай тушаал /1хх-71-72 тал/, ““““““” ХХК-ийн 2022 оны 10-р сарын 10-ны өдрийн ТУЗ-ийн хурлын ТУЗТ-22/019 дугаартай тогтоол /1хх-73-76 тал/, ““““““” ХХК-ийн 2022 оны 10-р сарын 10-ны өдрийн ТУЗ-ийн хурлын тэмдэглэл, хавсралтууд /1хх-77-89 тал/, ““““““” ХХК-ийн Монголын татварын албаны баримтууд, Нийслэлийн татварын газрын 2025 оны 11-р сарын 28-ны өдрийн 03/878 дугаартай албан бичиг, хавсралтууд /1хх-190-194 тал/, 2025 оны 09-р сарын 17-ны өдрийн 252500747 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /1 хх-189 тал/, “Би “““““” ХХК-ийн 2025 оны 04-р сарын 21-ний өдрийн 25/56 дугаартай албан бичиг /1хх-173 тал/, 2021 оны 01 сарын 23-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн гэрээ, Санхүүжилтийн гэрээ, 2021 оны 05 сарын 31-ний өдрийн хувь нийлүүлэгчийн зээлийн гэрээ, 2022 оны 10 сарын 27-ны өдрийн катодын зэс худалдах, худалдан авах гэрээ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Гэтэл анхан шатны шүүхээс дээр дурдсан нотлох баримтуудыг бүхэлд нь тал бүрээс харьцуулан хэрэг ач холбогдолтой талаас нь үнэлж, дүгнээгүй, үндсэн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн байдалтай холбож дүгнэлт хийсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Хоёр. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан талаар:Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 20-т “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...10,200,000 төгрөгийн цалинтай байсан. 2023 оны 7 сараас 10,840,000 төгрөг нэмэгдэж 21,040,000 төгрөг болсон... Гүйцэтгэх захирал “““““ нь цалингийн тооцоог хянаж зөвшөөрөөд гарын үсэг зураад компанийн тамга дарсан байдаг. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн гэж 1,000,000 төгрөгийн цалин нийт 22,040,000 төгрөгийн цалинтай байсан, тушаал шийдвэргүй цалинг нэмэгдүүлж авсан гэсэн нь үндэслэлгүй...” гэж маргасан’’ гэж, мөн шийдвэрийн 23-т “Түүнчлэн нэхэмжлэгч Э.”““““ нь ажилтны цалин хөлсийг бодож, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг тайлагнадаг этгээд биш байх бөгөөд түүнийг тушаал шийдвэргүй 258,640,572.69 төгрөгийг нэмэгдүүлэн тооцож, шилжүүлэн авч компанид эд хөрөнгийн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй, энэ нь нотлох баримтаар тогтоогдоогүй, хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно” гэж дүгнэжээ. Э.”““““ын нэхэмжлэлтэй ““““““” ХХК-нд холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “““““би тус шүүхийн 2026 оны 02-р сарын 03-ны өдрийн 312/Ш32026/01674 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасныг үндэслэн энэхүү гомдлыг гаргаж байна. 2026 оны 02-р сарын 02-ны өдөр нэхэмжлэгч нь ““““““” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 12-р сарын 01-ний өдрийн А/87 дугаартай Зарим ажилтны үндсэн цалинд өөрчлөлт оруулах тухай тушаалын хавсралтаар батлагдсан G6 зэрэглэлийн ажлын байранд ажиллаж буй ажилтнуудын цалин, 2023.07.01-ний өдрөөс цалинд өөрчлөлт орсон ажилтнуудад өехөн олгох цалингийн тооцоо гэсэн баримтуудыг өгсөн. Хариуцагчаас нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн дээрх баримтуудыг хууль бусаар хуурамчаар бүрдүүлсэн гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь хэсэгт “...хуурамч нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан гэж үзвэл шалгуулах буюу нотлох баримтаас хасуулах....” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн баримтуудыг хууль бусаар бүрдүүлсэн эсэхийг шалгуулах, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг гаргасан боловч тус шүүхийн 2026 оны 02-р сарын 03-ны өдрийн 312/Ш32026/01674 дугаартай шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. ““““““” ХХК нь Э.”““““т холбогдуулж Э.”““““ыг өөрийн хариуцсан ажил үүргээ нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгах, Э.”““““аас тушаал шийдвэргүйгээр нэмэгдүүлж авсан 258,640,572.69 төгрөгийн цалин хөлсийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд тус шүүхийн 2026 оны 01-р сарын 21-ний өдрийн 312/Ш32026/01088 дугаартай шүүгчийн захирамжаар хүлээн авч шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн дээр дурдсан баримтууд нь хариуцагчийн гаргасан тушаал шийдвэргүйгээр нэмэгдүүлж авсан цалин хөлсийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай шууд хамааралтай, энэхүү хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой баримтууд тул 2026 оны 02-р сарын 12-ны өдөр тус шүүгчийн захирамжид гомдол гаргасан боловч 2026 оны 02-р сарын 27-ны өдрийн хурлаар гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд тус тогтоолтой албажиж гараагүй, хариуцагчид танилцуулаагүй. 2026 оны 03-р сарын 09-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаанд энэ талаар хэлсэн боловч хүлээн авалгүй хуралдааныг үргэлжлүүлэн шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар бичмэл ба цахим баримт шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж заасан. Дээрхэд заасан бичмэл нотлох баримт нь цаасан суурьтай байх бөгөөд ийм хэлбэрээр шүүхэд гаргах тохиолдолд эх хувиар, хэрэв эхийг өгөх боломжгүй бол эх хувийг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгснөөр мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2-т заасан нотлох баримтын шаардлагыг хангана. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2002 оны 07-р сарын 24-ний өдрийн 263 дугаартай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай монгол улсын хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолын 11-т “Хуулийн 38.5 дахь заалтын "Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн" гэдэгт .... бичмэл нотлох баримтын хуулбарыг нотариатаар гэрчлүүлээгүй зэрэг хуульд заагаагүй хэлбэрийн баримт бичиг бүрдүүлсэн зэргийг хамааруулан ойлгоно.” гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн баримтууд нь ““““““” ХХК-нд байхгүй, гүйцэтгэх захирлын гарын үсэг зурагдаагүй, байгууллагын тамга тэмдэг дарагдаагүй байх бөгөөд баримтуудын эх хувийг нотариатаар баталгаажуулаагүй хуульд заасан шаардлагыг хангаагүй баримтуудыг шүүхэд бүрдүүлж өгсөн нь хууль бусаар бүрдүүлсэн эсэхийг шалгах, нотлох баримтаас хасах үндэслэлтэй ба энэ талаар 2026 оны 02-р сарын 27-ны өдрийн хуралд тайлбарлан хэлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Анхан шат, хяналтын шатны шүүх хуралдаанд тэмдэглэл үйлдэнэ. Хэргийн оролцогч оролцож байгаа бол давж заалдах шатны шүүх хуралдаанд тэмдэглэл үйлдэнэ” гэж, мөн зүйлийн 51.5-д “Тэмдэглэлд ямар ажиллагааг хэн, хэзээ, хаана явуулсан, түүний эхэлсэн ба дууссан цаг, ажиллагаанд оролцсон буюу байлцсан хүн нэг бүрийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, түүнчлэн ажиллагааны дараалал, явц, илэрсэн нөхцөл байдлыг бичнэ. Тэмдэглэлийг уг ажиллагаа явуулахад оролцсон буюу байлцсан бүх хүн уншиж танилцах бөгөөд тэмдэглэлд засвар оруулахаар санал гаргах эрхтэйг тэдэнд тайлбарлаж өгнө” гэж тус тус заасан байхад 2026 оны 02-р сарын 27-ны гомдлын шүүх хуралдааны тэмдэглэл гараагүй, тэмдэглэлтэй танилцаагүй, тэмдэглэлд засвар оруулах боломжоор хангаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасны дагуу гомдлыг хянан шийдвэрлэсэн талаарх шүүхийн тогтоол заавал албажиж гарахаар заасан байхад гомдлыг хянан шийдвэрлэсэн шүүхийн тогтоол албажиж гараагүй байхад шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Дээрх байдлаас дүгнэн үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, хуульд заасан иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны дагуу Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03-р сарын 09-ний өдрийн 312/ШШ2026/00840          дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх зохигчдын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, нэхэмжлэгчийн гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Э.”““““ хариуцагч “““““-д холбогдуулан “““““-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2025 оны 04 дугаар сарын 12-ний өдрийн ТУЗТ-25/04 дугаартай Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хойшлуулах, эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцох тухай тогтоолын Э.”““““т холбогдох 4 дэх хэсгийг хүчингүй болгуулах, “““““-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 04 сарын 18-ны өдрийн “““““дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлага гаргаж үндэслэлээ “...миний хувьд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалд дурдсан “““““ өөрөө экспорт хийх нь татвар талаасаа ашиггүй гэж хуурамч мэдээлэл өгч үүрэгт ажилдаа хайнга хандсан, нэгдмэл сонирхолтой этгээдтэй сонирхлын зөрчилтэй гэрээ байгуулах шийдвэрийг гаргуулсан, компанийг хууран мэхэлсэн, ажил олгогчийн итгэлийг алдсан, хүлээсэн үүргээ биелүүлээгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй тул “““““-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ТУЗТ-25/04 дугаартай Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хойшлуулах, эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцох тухай тогтоолын Э.”““““т холбогдох 4 дэх хэсэг болон “““““-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 04 сарын 18-ны өдрийн “““““дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг тус тус хүчингүй болгож, “““““-ийн хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирлын албан тушаалд Э.”““““ыг эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар хариуцагчаар нөхөн төлүүлж зохих журмын дагуу баталгаажуулалт хийлгүүлж өгнө үү. Цалингийн хувьд 2025 оны 04 сарын 18-ны өдрөөс 2026 оны 03 сарын 09-ний өдрийн хүртэл 218 хоног, нэг өдрийн цалин 1,212,000 төгрөг нийт 264,216,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тодорхойлсон./хх1-3х/

 

Хариуцагч “““““ “...Нэхэмжлэгч Э.”““““ын эхнэр “““““нь “““““ХХК-ийн гүйцэтгэх захирал албан тушаалтай хүн байдаг. Энэхүү гэрээнээс үүдэлтэй Э.”““““ нь “““““-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болсны дараагаар хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирлын албан тушаалд томилогдсон. 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ дотоодод борлуулах бол худалдан авагчид түүний НӨАТ ачаалал шилждэг, компанийн хувьд бүтээгдэхүүнээ шууд экспорт хийсэн, дотоодод борлуулсан аль ч тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татварын дарамт үүрэхгүй, “““““-ийн хувьд өөрөө экспорт хийх нь татвар талаасаа ашиггүй байгаа. “““““ХХК-тай дээрх асуудлаар ярихад тус компанийн зүгээс бүхий л талаар дэмжихээ мэдэгдэж, дээрх шаардлагыг зөвшөөрч гэрээ хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Тус компанийн зүгээс бүтээгдэхүүн борлуулах болон баталгааны дагуу шаардах эрхээ баталгаажуулсны үндсэн дээр санхүүжилтийн гэрээнд оролцохоо мэдэгдээд байна гэж үйлдвэрээс гарах бүтээгдээхүүнээ дотоодын компанид худалдан борлуулах нь компанийн хувьд аливаа алдагдал, эрсдэлд орохгүй гэх өөрийн хамаарал бүхий этгээд болох эхнэрийнхээ компани болох Би “““““" ХХК-тай гэрээ байгуулах нь үйлдвэрийг ашиглалтад оруулахад шаардлагатай санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх хувилбар болж байгаа талаарх мэдээллийг хүргэж, “““““ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ХХАГ-22/134 дугаартай Катодын зэс худалдах, худалдан авах гэрээг байгуулах шийдвэрийг гаргуулсан боловч тус гэрээний дагуу манай компани НӨАТ-ын их хэмжээний өрөнд орсон...”““““ экспорт хийх нь татвар талаасаа ашиггүй гэж хуурамч мэдээлэл өгч, үүрэгт ажилдаа хайнга хандсан, хариуцлагагүй хандсан гээд эхний итгэл эвдсэн үйлдэл. Мөн өөрийн нэгдмэл ашиг сонирхол бүхий хуулийн этгээд болох “““““компанитай ашиг сонирхлын зөрчил бүхий гэрээ байгуулах шийдвэр гаргуулсан нь хоёрдох итгэл эвдсэн үйлдэл юм. Улмаар 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 22/134 тоот катодын зэс худалдах, худалдан авах гэрээг байгуулан “““““-д их хэмжээний хохирол учруулсан нь гурав дахь итгэл эвдсэн үйлдэл. Дөрөв дахь итгэл эвдсэн үйлдэл нь тодорхой төрлийн үйл ажиллагаагаар компанийн мөнгөн хөрөнгийг хууран мэхлэх аргаар өөрийн ашиг сонирхол бүхий компаниар дамжуулан завшсан буюу “““““компанийн манай компанитай байгуулсан катодын зэс худалдах, худалдан авах гэрээний дагуу манай бараа бүтээгдэхүүнийг одоо бусдад буюу гуравдагч этгээд худалдан борлуулж, ашиг олсон учраас компанийн ТУЗ 2025 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хуралдаж Э.”““““ыг өөрийн нэгдмэл ашиг сонирхол бүхий хуулийн этгээдтэй гэрээ байгуулах шийдвэрийг гаргуулж, өөрийн эхнэрийн компани болох “““““ХХК-иар дамжуулан компанид их хэмжээний хохирол учруулж ажил олгогчийн итгэлийг алдсан гэж үзэн Э.”““““ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг гүйцэтгэх захиралд үүрэг болгосон. Улмаар “““““-ийн гүйцэтгэх захирал ТУЗ-ийн тогтоолыг хэрэгжүүлэн ажиллаж Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь заалтыг үндэслэн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “““““дугаартай тушаалаар Э.”““““ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь үндэслэл бүхий болсон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж,

 

Э.”““““т холбогдуулан өөрийн хариуцаж байсан ажил үүргээ нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгах, “““““-д 10,200,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан бөгөөд компанийн тушаал шийдвэргүйгээр 2023 оны 12-р сараас 2025 оны 04-р cap хүртэлх хугацаанд нийт 258,640,572.69 төгрөгийг нэмэгдүүлэн тооцож, шилжүүлэн авч компанид эд хөрөнгийн хохирол учруулсан, тушаал шийдвэргүйгээр нэмэгдүүлж авсан 258,640,572.69 төгрөгийн цалин хөлсийг буцаан гаргуулж өгнө үү...гэсэн сөрөг нэхэмжлэл гаргасныг,

 

нэхэмжлэгч Э.”““““ “....ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн, үндэслэлгүй чөлөөлөгдсөн гэж үзэж байгаа учраас ажилтай холбоотой авсан эд хөрөнгийг хүлээлгэж өгөөгүй, ажилдаа буцаад орсны дараа тухайн эд хөрөнгүүдээр ажил төрлөө буцаагаад хийнэ гэдэг байр суурьтай байгаа...ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа байгаа. Энэ лавлагаагаар тухайн компанид хэдэн оноос хэдэн он хүртэл хэдэн төгрөгийн цалинтай ажилласан юм, түүнийхээ дагуу нийгмийн даатгал шимтгэлд хэдэн төгрөг төлсөн нь харагддаг бөгөөд ажил олгогч өөрөө эрх бүхий байгууллага буюу нийгмийн даатгалын байгууллагадаа тайлагнадаг, 10,000,000 төгрөг байж байгаад 10,200,000 төгрөг, 2023 оны 7 сараас 21,040,000 төгрөг болсон, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

3.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж нэхэмжлэгч Э.”““““ нь “““““-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 02 сарын 01-ний өдрийн 05 дугаартай тушаалаар тус компанийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын захирлаар томилогдон ажиллаж байсан бөгөөд “““““-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 04 сарын 18-ны өдрийн “““““дугаартай тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын захирлын ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн үйл баримтыг зөв тогтоожээ.

 

4.Хөдөлмөрийн эрхийн маргааны маргалдагч тал хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр маргаан таслах комисст хандах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Э.”““““ыг хуульд заасан хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо болон шүүхэд хандсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.5, 154.8-д тус тус нийцсэн байна.

5.”““““-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 04 сарын 12-ны өдрийн ТУАЗ-25/04 дугаартай хурлын тогтоолоор 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд ...компаний хувьд бүтээгдэхүүнээ шууд экспорт хийсэн, дотоодод борлуулсан аль ч тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татварын дарамт үүрэхгүй, “““““ нь өөрөө экспорт хийх нь татвар талаасаа ашиггүй... гэх хуурамч мэдээлэл өгч үүрэгт ажилдаа хайнга хариуцлагагүй хандсан, мөн өөрийн нэгдмэл ашиг сонирхол бүхий хуулийн этгээд “““““ХХК-тай сонирхлын зөрчил бүхий гэрээг байгуулах шийдвэрийг гаргуулж, улмаар 2022 оны 10 сарын 27-ны өдөр ХХАГ-22/134 тоот катодын зэс худалдах, худалдан авах гэрээг байгуулан “““““-д их хэмжээний хохирол учруулсан, тодорхой төрлийн үйл ажиллагаагаар компанийн мөнгөн хөрөнгийг хууран мэхлэх аргаар өөрийн ашиг сонирхол бүхий компаниар дамжуулан завшсан Хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирал Э.”““““ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг гүйцэтгэх захиралд даалгаж шийдвэрлэж, “““““-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 04 сарын 18-ны өдрийн “““““дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь заалт, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 04 сарын 12-ны өдрийн ТУЗТ-25/04 тоот тогтоол, Хөдөлмөрийн дотоод журмын 11.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ”““““ нь өөрөө экспорт хийх нь татвар талаасаа ашиггүй гэсэн хуурамч мэдээллийг Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд өгч үүрэгт ажилдаа хайнга хариуцлагагүй хандсан, мөн өөрийн нэгдмэл сонирхол бүхий хуулийн этгээд компанитай сонирхлын зөрчил бүхий гэрээг байгуулах шийдвэрийг гаргуулж компанид их хэмжээний хохирол учруулсан, тодорхой төрлийн үйл ажиллагаагаар компанийн мөнгөн хөрөнгийг хууран мэхлэх аргаар өөрийн ашиг сонирхол бүхий компаниар дамжуулан завшиж ажил олгогчийн итгэлийг алдсан гэсэн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөр дуусгавар болгон цуцалжээ.

6. Ажил олгогчийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “““““дүгээр тушаалын үндэслэлтэй холбоотой нотлох баримтуудыг шүүх бүрэн үнэлж, дүгнээгүй гэх хариуцагчийн гомдлын тухайд:

6.1 Анхан шатны шүүхийн “...Ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхгүйг тогтоогоогүй атлаа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь хуульд нийцэхгүй” гэж дүгнэж, “““““-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ТУЗТ-25/04 дугаартай тогтоолын Э.”““““т холбогдох 4 дэх хэсгийг хүчингүй болгож Э.”““““ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн шийдвэр үндэслэлтэй байна.

6.2 Учир нь гэрч ““““““...нэхэмжлэх нь нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу НӨАТ-ыг тодорхойлон, суутган тооцож төлдөг.Бүтээгдэхүүний төлбөрүүд “““““ХХК-иас төлөгдөөд явж байсан. Төлбөр дотроо НӨАТ орсон дүнгээр төлөгдөж байсан.Нэхэмжлэх дээр тодорхой харагдана...гэсэн мэдүүлэг өгсөн байх ба 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “““““-ийн ТУЗ-ын хуралдааны тэмдэглэлд “...Г.”““““ын: Бүтээгдэхүүний экспортыг “““““ хийсэн тохиолдолд НӨАТ-ын 0 хувьтай буюу буцаалттай байгаа.Харин “““““ХХК-иар дамжин экспорт хийх бол НӨАТ-ын зардлаа буцааж авч чадахгүй эрсдэл үйлдвэрт үүсэх юм биш биз гэсэн асуултад Э.”““““: НӨАТ-ын хувьд Монгол улс хэрэглээнд л ногдуулдаг.Экспорт шууд хийхэд 0 хувьтай байгаа нь Монголд хэрэглээ үүсээгүйтэй холбоотой.Иймээс ч үйлдвэрлэгчийн НӨАТ-тай холбоотой зардлыг төсөвт төлсөн НӨАТ-ыг нь буцааж өгөх замаар шийдээд явдаг.Харин үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ дотоодод борлуулах бол худалдан авагчид түүний НӨАТ ачаалал шилждэг.Өөрөөр хэлбэл, “““““ХХК-д бүтээгдэхүүнээ борлуулах бичилт хийснээр “““““ дээр үүссэн НӨАТ өглөгийг “““““ХХК-ийн НӨАТ-ын авлагаар суутган тооцдог... “““““ХХК-ийн борлуулалтад төлөх НӨАТ-аас “““““ нь өөрийн төлсөн НӨАТ-ыг хасагдуулах зарчмаар орлогоо тодорхойлно...гэж хариулсан байх ба тэрээр “...миний хувьд бүтээгдэхүүн борлуулах асуудал дээр миний хамаарал бүхий компанийн оролцоо байх тул сонирхлын зөрчилтэй хэлцэл байхаар байна.Энэ хэлэлцэх асуудлын хувьд миний бие саналын эрхгүй оролцъё” гэсэн санал гаргаж, бүтээгдэхүүнийг гэрээнд заасан хэмжээгээр худалдах, худалдан авах эрхийг “““““ХХК-нд олгох шийдвэр гаргах ажиллагаанд Э.”““““ оролцоогүй, “““““-ийн ТУЗ эцсийн шийдвэрийг гаргасан байна.

6.3 Ажил олгогч 2025 оны 04 сарын 21-ний өдрөөр дуусгавар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үедээ ажилтны гаргасан зөрчлийг тогтоогоогүй, харин зөрчлийг шалгуулахаар сүүлд буюу 2025 оны 08 сарын 25-нд Цагдаагийн газар хандаж, улмаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол 2025 оны 09 дүгээр сарын 14-нд гарсан нь Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан “““““-ийн гомдол, мөрдөгчийн 2525010747 дугаар тогтоол, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт зэрэг баримтаар тогтоогдож байна./1 хх191х, 245х, 2хх 12х/

6.4 Түүнчлэн ажил олгогч 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ТУЗ-ийн хурал дээр яригдсан яриаг зөрчил гэж үзэж 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийдвэр гаргаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4, 123.5-д заасантай нийцэхгүй байна. Иймд Э.”““““ыг ажилд эгүүлэн тогтоож олговор олгохоор шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байна.

 

7. Тушаал шийдвэргүйгээр 258,640,572.69 төгрөгийг нэмэгдүүлэн тооцож, шилжүүлэн авч компанид эд хөрөнгийн хохирол учруулсан шаардлагатай холбоотой нотлох баримтуудыг шүүх бүрэн үнэлж, дүгнээгүй гэх хариуцагчийн гомдлын тухайд:

7.1 Хариуцагч тал нэхэмжлэгчийг тушаал шийдвэргүйгээр 258,640,572.69 төгрөгийг нэмэгдүүлэн тооцож, шилжүүлэн авч компанид эд хөрөнгийн хохирол учруулсан гэж үзэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон, харин нэхэмжлэгч цалин нэмэгдүүлсэн тушаал, шийдвэр нь баримтад үндэслэсэн, хуурамч баримт биш гэж маргаж байгаа.

7.2 Гэрч Б.”““““ын мэдүүлэг, нэхэмжлэгч Э.”““““ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос үзэхэд нэхэмжлэгч Э.”““““ 2024 оны 01 сараас 22,040,000 төгрөгийг цалин хөлс авч байсан, цалин нэмсэн асуудлаар хариуцагч тал маргаж байгаагүй, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн Э.”““““ын цалингийн дэлгэрэнгүй гэсэн баримтаар 2023 оны 12 дугаар сараас Э.”““““ын цалин 21,040,000 болж нэмэгдсэн тооцоолол гаргасан /1хх92х/, цалин нэмсэн тушаал, нөхөн олгох цалингийн тооцоо зэрэг баримтыг хуурамч болохыг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй тул нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх эрх бүхий байгууллагын лавлагаа, хариуцагчийн гаргасан баримтад үндэслэн сөрөг нэхэмжлэлийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэстэй байна.

 

8. Хариуцагчийн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэх гомдлын тухайд:

8.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...2026 оны 02 дугаар сарын 27-ны гомдлын шүүх хуралдааны тэмдэглэл гараагүй, тэмдэглэлтэй танилцаагүй, тэмдэглэлд засвар оруулах боломжоор хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасны дагуу гомдлыг хянан шийдвэрлэсэн талаарх шүүхийн тогтоол заавал албажиж гарахаар заасан байхад гомдлыг хянан шийдвэрлэсэн шүүхийн тогтоол албажиж гараагүй байхад шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь мөн хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байх тул хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасан.

Гэвч хариуцагч шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн, мөн засвар оруулах талаар санал гаргаагүй, түүнчлэн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн гомдол хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “““““цахимаар оролцсон, шүүхийн тогтоолыг танилцсан байх тул тогтоол албажиж гараагүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарахгүй.

9.Нэхэмжлэгчийн цалин, олговрыг шүүх дутуу тооцсон гэх гомдлын тухайд:

9.1 Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг тооцохдоо хүчингүй болсон буюу Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 дугаар тушаалыг баримталсан байх тул давж заалдах шатны шүүх Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тушаал, хавсралтад үндэслэн шийдвэрийн энэ хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

9.2 Тодруулбал 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.1.2 дахь заалтад “нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт өдрийн тоонд хувааж;” гэж, журмын 2.3 дахь хэсэгт "Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно” гэж, 2.3.5 дахь заалтад “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор;” гэж заасанд нийцүүлэн тооцож, нэхэмжлэгчийн 2025 оны 2, 3 болон 4 дүгээр сарын цалингийн нийлбэр дүн болох 76,355,983 төгрөгийг тус 3 сард ажилласан нийт ажлын хоног болох 56 хоногт хувааж нэг өдрийн дундаж цалин 1,363,499.70 төгрөг, үүнийг ажилгүй байсан 218 хоногоор /218 хоног х 1,363,499.70 төгрөг= 297,242,934.6 төгрөг/ тооцож, нийт 297,242,934 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.

9.3 Түүнчлэн Э.”““““ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг гүйцэтгэх захирал Б.”““““т үүрэг болгосон “““““-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2025 оны 04 дүгээр сарын 12-ний өдрийн ТУЗТ-25/04 дугаар тогтоолд үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “““““дүгээр тушаал гарсан тул уг тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэх, дээрх үндэслэлүүдээр шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар  сарын 09-ний өдрийн 312/ШШ2026/00840 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг  Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1., 43 дугаар зүйлийн 43.2.7.-д зааснаар “““““-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ТУЗТ-25/04 дугаартай хурлын тогтоолын 4 дэх заалт болон “““““-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “““““дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг тус тус хүчингүй болгож,

нэхэмжлэгч Э.”““““ыг “““““-ийн хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 297,242,934 төгрөгийг хариуцагч “““““-иас гаргуулж нэхэмжлэгч Э.”““““т олгож,

нэхэмжлэгчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагч “““““-д даалгаж, хариуцагч “““““-ийн Э.”““““ыг өөрийн хариуцаж байсан ажил үүргээ нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгах, тушаал шийдвэргүйгээр нэмэгдүүлж авсан 258,640,572.69 төгрөгийн цалин хөлсийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2., 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч Э.”““““ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 351,000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Э.”““““т олгож, хариуцагч “““““-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,521,353 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “““““-иас нийт 1,644,165 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Чинбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Амгаланбаатар нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.......... давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 2,882,612 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн  хууль хэрэглээний  зөрүүг арилгах, хэрэг  хянан  шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын  дээд  шүүхийн тогтоол, тайлбараас                                                                                            өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход  зарчмын   хувьд   нийтлэг ач  холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                        ШҮҮГЧ                                Л.ЭРДЭНЭБАТ

 

                                           ШҮҮГЧ                                Р.ҮҮРИЙНТУЯА