Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 01189

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

  хүлээн зөвшөөрснийг батлах тухай

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: Орхон аймаг,  Баян-Өндөр сум, Рашаант багийн 14 дүгээр гудамж 02 тоотод оршин суух, /регистрийн дугаар: ФБ66123104/ Нарууд овгийн Даваанямын Баярцэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут багийн 23 дугаар байрны 32 тоотод оршин суух, / регистрийн дугаар: ФМ70010526/ Дархан овгийн Даваадоржийн Болормаад холбогдох “1,900,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Баярцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Д.Болормаа нь 2015 оны 09 дүгээр сарын 17-нд надаас 1,000,000 сая төгрөгийг 15 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлсэн боловч зээлээ төлөхгүй жил гаран болж байна. гэрийн хаягаар нь очиж уулзахад зээлсэн 1,000,000 төгрөгний хүүг байрны ордертойгоо аваачиж өгнө гэж амлалт бичиг хийж гарын үсэг зуруулсан боловч одоог хүртэл төлөөгүй утсаа ч авахгүй гэрт нь очихоор хаалгаа тайлж өгөхгүй байгаа тул үндсэн зээл 1,000,000 төгрөг, 6 сарын хүү 900,000 төгрөг нийт 1,900,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Болормаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Болормаа би Баярцэцэгээс 1,000,000 төгрөгийг зээлсэн нь үнэн. Тухайн үед цалингаа авч чадаагүйн улмаас зээлсэн мөнгөө өгч чадаагүй юм. Тэр үед бидний 5 хүн Олон үндэсний хоолны газарт ажиллаж байсан ба цалингаа авч чадаагүй, одоо хүртэл цалингийн хэрүүлээ хийсээр яваа болно. Би Баярцэцэгийн Хаан банкны дансаар 200,000 төгрөгийг, мөн урт цагааны номын сангийн хажууд 100,000 төгрөгийг тус тус өгч шилжүүлсэн болно. Зээлсэн мөнгөө буцаан иөлөх болно  гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Баярцэцэг нь хариуцагч Д.Болормаад холбогдуулан “1,900,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх шатанд хариуцагч Д.Болормаа нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,900,000 төгрөгнөөс 300,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөр 1,600,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан бичгийн баримтаа шүүхэд ирүүлснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг батлаж хэргийг хэрэгсэхгүй  болгох  нь зүйтэй  байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Баярцэцэгийн 1,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Болормаа төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 20,275 төгрөг, төрийн сангаас 20,275 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Баярцэцэгт олгосугай.

3.Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                                 Б.БЯМБАСҮРЭН.