Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 209/МА2026/00041

 

*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин, шүүгч М.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 307/ШШ2026/01591 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “17,500,000 төгрөг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг хариуцагч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, шүүгч М.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнгөншүр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний агуулга:     

“...Миний бие 2025 оны 11 сард Дархан-Уул аймагт байр сонирхож яваад хариуцагч *******тай танилцсан. *******ын барьж буй Дархан-Уул аймгийн Шинэ Дархан хороолол 10 дугаар багийн нутаг дэвсгэрт 505 апартмент 6 давхар орон сууцны 5 дугаар давхарт байрны захиалга өгч, урьдчилгаа төлбөрийг дансаар шилжүүлж захиалгаа баталгаажуулсан байдаг. Анх тохиролцохдоо 5 давхрын 3 өрөө байр гэж тохиролцчихоод сарын дараа үлдэгдэл мөнгөө өгөх байсан. Тохиролцсоны дагуу 5 давхарт биш 6 давхарт 3 өрөө байр ав гэсэн учир бид тохиролцохоо больсон. ******* нь миний урьдчилгаанд шилжүүлсэн 15,000,000 төгрөгийг буцаалт хийнэ гэж хэлээд одоог болтол өгөөгүй.

Би эхнэр, 4 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн 11-р баг, 13-р хороолол, *******-р байранд байр түрээслэн амьдарч байна. ******* өөрийн Хаан банкны ******* дугаар данснаас 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч *******ын Хаан банкны ******* дугаар дансанд 15,000,000 төгрөгийг байрны урьдчилгаа гэсэн утгатай шилжүүлэг хийсэн бөгөөд захиалгын гэрээ байгуулаагүй.

Мөн бартерт тус байрны 2-6 давхрын 12 ширхэг балконд засвар хийж ажлын хөлсийг 1 балкон нь 250,000 төгрөгөөр тооцож 3,000,000 төгрөгөөр хийхээр тохирсон. Тус ажлыг хийж гүйцэтгэх явцад хариуцагч ******* нь 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны ******* дугаар дансанд а хөлс балкон гэсэн гүйлгээний утгатай 500,000 төгрөг шилжүүлж байсан. Үлдэгдэл 2,500,000 төгрөгийг өгөөхгүй бөгөөд байрны урьдчилгаанд өгсөн мөнгөтэй цуг ямар ч холбоо сураггүй болсон.

*******аас үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч утсаа болон Facebook цахим хаягаар блок хийж үүргээ биелүүлэхгүй байгаа тул хариуцагч *******аас байрны урьдчилгаа төлбөр 15,000,000 төгрөг, бартерын ажлын хөлсний төлбөр 2,500,000 төгрөг, бүгд 17,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ. /хх-ийн 1-2 дүгээр хуудас/

2. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарын агуулга:

“...миний бие ******* гэх залууг огт танихгүй. Миний танил Цоомоо гэдэг хуурай дүү хэлээд надтай уулзаад байр асуусан. Надаас зээлээр хувь лизинг хийх 3 өрөө байр 1 өрөө байр нийлүүлээд 350,000,000 төгрөгийн байр авъя гэсэн. Би болохгүй зүйл байхгүй гэсэн. Надад барилгын ажил хийн төлбөрөө барагдуулъя гэсэн. Тэгээд урьдчилгаагаа миний дансанд хийсэн.

Ажил хийсэн, нийт 17,000,000 төгрөг төлөх нь үнэн. Гэхдээ манай байр 6-7 сард ашиглалтад орно. Байрны захиалгаа аваад мөнгийг төлнө. Одоо бол захиалга аваагүй байгаа тул төлөх ямар ч боломжгүй. Харилцан тохиролцон төлөхөд ямар нэг татгалзах зүйл байхгүй” гэжээ. / хх-ийн 19 дүгээр хуудас/

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч *******аас 17,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн үлдэх 500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 242,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож... шийдвэрлэжээ.

4. Хариуцагч *******ын давж заалдах гомдлын агуулга:

“Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаж байна.

а. ******* бид 2 харилцан тохирч байр авна гэж надтай уулзсан. Хотод байр авна танайд бартерын байр байна уу гэж яриад энэ асуудал эхэлсэн. Гэрээ хийчхээд залилсан гэх шинжтэй бичсэн байна.

б. Би *******ийн ажлын хөлс болох 500,000 төгрөг, 1,500,000 төгрөгийн эд зүйлс өгсөн байгаа.

в. Шүүгч намайг өвчтэй байхад хурал зарлан, шүүх хурлаа хийсэн.

Иймд 17,500,000 төгрөгөөс 1,500,000 төгрөгийг хасуулж тооцуулах хүсэлтэй байх тул шийдвэрлэж өгнө үү” гэжээ. / х.х-ийн 46 дугаар хуудас/

5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

1.  Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

2. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн үйл баримт болон эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байх бөгөөд шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

 3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “... орон сууц захиалахаар тохиролцож урьдчилгаанд шилжүүлсэн 15,000,000 төгрөг, мөн барилгын 2-6 давхрын 12 ширхэг балконы засварын ажлыг, 1 балконыг 250,000 төгрөгөөр тооцож, нийт 3,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцож, ажлыг бүрэн хийж хүлээлгэж өгсөн боловч ажлын хөлснөөс 500,000 төгрөгийг өгөөд үлдэгдэл 2,500,000 төгрөгийг өгөөгүй...” гэж тайлбарлаж, нийт 17,500,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч үгүйсгэж мэтгэцээгүй бөгөөд шүүхэд гаргасан тайлбартаа 17,000,000 төгрөгийг өгөх нь үнэн боловч боломжгүй байгаа талаар дурджээ.

4. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар талууд маргаагүй, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтыг хариуцагч үгүйсгэж мэтгэлцээгүй бөгөөд анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, талууд гэрээнээс татгалзсан үйл баримтыг зөвшөөрсөн гэж дүгнэж, урьдчилгаанд өгсөн 15,000,000 төгрөгийг буцаан гаргуулах үндэслэлтэй гэж, мөн хариуцагчийн захиалгаар тухайн баригдаж байсан барилгын тагтны засварын ажлыг нийт 3,000,000 төгрөгөөр тохирч ажлыг гүйцэтгэсэн, ажлын хөлсөнд 500,000 төгрөг өгсөн, үлдэх 2,500,000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа нийт 17,000,000 төгрөгийг төлөх нь үнэн гэж бичсэн байдлаас үзэхэд 2,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн гэж тус тус дүгнэж, нийт 17,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т: “Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, 37.2-т: “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, ... зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж тус тус заасны дагуу зохигчдын тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

6. Хариуцагч ******* нь давж заалдах гомдолдоо өвчтэй байхад хурал товлож шийдвэрлэсэн гэсэн байх бөгөөд Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 05 сарын 20-ны өдрийн 307/ШЗ2025/05938 дугаартай захирамжаар тус иргэний хэргийг 2026 оны 05 сарын 25-ны өдрийн 15 цаг 00 минутад товлож, шүүх хуралдааны товыг хариуцагчийн ******* дугаартай утсаар мэдэгдсэн боловч хариуцагч нь шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2026 оны 05 сарын 25-ны өдрийн 307/ШЗ2025/06144 дугаартай захирамжаар хариуцагч нь хойшлуулах хүсэлтдээ холбогдох баримтыг ирүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзсэн боловч хэргийн материалтай танилцах, тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаж шүүх хуралдааныг 2026 оны 06 сарын 03-ны өдрийн 10:00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан байна.

Хариуцагч *******т шүүх хуралдааны товыг 2026 оны 05 сарын 25-ны өдөр түүний ******* дугаар утсаар ярьж мэдэгдсэн боловч товлосон шүүх хуралдаанд хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болох нь хэрэгт авагдсан шүүгчийн туслахын шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтаар тогтоогдож байх тул анхан шатны Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байх тул хариуцагч *******ын энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

7. Хариуцагч нь давж заалдах гомдолдоо ажлын хөлсөнд 500,000 төгрөг, мөн 1,500,000 төгрөгийн эд зүйлс өгсөн тул 1,500,000 төгрөгийг хасаж тооцох үндэслэлтэй гэсэн байх бөгөөд хэрэгт авагдсан хариуцагчийн бичгээр гаргасан тайлбарт ажлын хөлсийг эд зүйлээр өгсөн талаар дурдаагүй, энэ талаар тайлбар, нотлох баримт гаргаагүй, талууд мэтгэлцээгүй байна. Иймд хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан энэхүү тайлбар нь үндэслэлгүй байна.

8. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

9. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон тул хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 38,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 307/ШШ2026/01591 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 38,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Г.МЯГМАРСҮРЭН

                                            ШҮҮГЧИД                                      Г.ДАВААРЕНЧИН                                              

                                                                                                             М.ОЮУНЦЭЦЭГ