Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 207/ма2026/00068

 

 

2026 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 207/МА2026/00068

 

 

Д.”““““ын нэхэмжлэлтэй,

хариуцагч Д.”““““д холбогдох иргэний

хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 312/ШШ2026/01462 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.”““““ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.”““““д холбогдох,

““““““ ОРХ улсын дугаартай Volvo маркийн авто машиныг буцаан гаргуулж өөрийн нэр дээр шилжүүлэх” тухай иргэний хэргийг,

Хариуцагч Д.”““““, хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхбаяр нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2026 оны 05 дугаар сарын сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэ-Ундрах, хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхбаяр, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.”““““ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч Д.”““““ би 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэн Д.”““““гээс 75,000,000 төгрөгийг зээлж авахаар харилцан тохиролцож, уг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор өөрийн өмчлөлийн “““““ ОРХ улсын дугаартай Volvo маркийн авто машиныг барьцаанд өгсөн болно. Зээлийн мөнгийг Д.”““““ миний нэр дээрх дансанд шилжүүлэн авч байсан. Гэтэл иргэн Д.”““““ нь та хоёр мөнгөө өгөхгүй байна гэх үндэслэлээр Орхон аймгийн Шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандаж, 2026 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сум дундын шүүхэд дуудан ирүүлж, 549 дугаартай эвлэрлийн гэрээг танилцуулсан. Уг эвлэрлийн гэрээнд зээлийн үндсэн 75,000,000 төгрөг дээр үндэслэлгүй, бодит тооцоо, хууль зүйн үндэслэлгүйгээр их хэмжээний хүү тооцож, үндсэн төлбөрийг нэг дахин нугалж төлөхөөр тусгасан байсан бөгөөд миний хууль зүйн мэдлэг, туршлага дутмаг байдлыг далимдуулан сэтгэл санааны дарамт, шахалт үзүүлж гарын үсэг зуруулан авч, улмаар шүүхийн захирамж гаргуулсан. Тухайн үед иргэн Д.”““““ нь та хоёр мөнгөтэй болсон үедээ сар бүр бага багаар төлөөд дуусгаарай хэмээн тайлбарлан, бодит эрсдэл, эрх зүйн үр дагаврыг ойлгуулалгүйгээр эвлэрлийн гэрээг баталгаажуулсан. Мөн 2025 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн орой 19:00 цагийн орчимд иргэн Д.”““““ нь миний гэрт зөвшөөрөлгүйгээр нэвтэрч орж ирэн, танай нөхөр Э.”““““ мөнгөө өгөхгүй байна гэх үндэслэлээр над руу дайрч, сэтгэл санааны дарамт үзүүлэн машины зургийг авна, түлхүүрээ өг гэж шаардаж, улмаар түлхүүрийг авч, миний зөвшөөрөл, аливаа хууль ёсны баримт бичиггүйгээр тухайн авто машиныг унаж авч явсан. Иргэн Д.”““““ нь уг “““““ ОРХ улсын дугаартай \/оlvо маркийн авто машиныг зээлийн барьцаанд авсан нэрийдлээр өөрийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлсэн байсан боловч надад урьдчилан мэдэгдэлгүй, харилцан тохиролцолгүйгээр авто машиныг авч явсан нь Иргэний хуулийн өмчлөх эрхийн халдашгүй байдлын зарчмыг ноцтой зөрчсөн, хууль бус үйлдэл юм. Үүний дараа би утсаар холбогдоход мөнгөө өгөөд машинаа ав хэмээн шаардсан. Улмаар Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэгч нь миний “““““ дугаарын утсанд “““““дугаараас холбогдож, иргэн Д.”““““гийн нэхэмжлэлтэй гүйцэтгэх хуудас ирсэн, 140,000,000 төгрөгийг төлөхгүй тохиолдолд данс битүүмжлэх, Монгол Улсын хилээр гарахыг хориглох арга хэмжээ авна гэж мэдэгдсэн. Улмаар шийдвэр гүйцэтгэх байгууллагад очиж уулзахад иргэн Д.”““““ нь шүүхийн захирамжид үндэслэн гүйцэтгэх хуудас гаргуулан авсан болох нь тогтоогдсон. Иргэн Д.”““““ нь миний хууль зүйн мэдлэг дутмаг байдлыг ашиглан, 75,000,000 төгрөгийн зээл дээр үндэслэлгүйгээр 65,000,000 төгрөгийг хүү нэрээр нэхэмжилж, нийт 140,000,000 төгрөгийн үүрэг хүлээлгэхээр шүүхийн захирамж гаргуулан авсан төдийгүй зах зээлийн үнэлгээгээр 120,000,000 төгрөгийн үнэтэй миний өмч болох “““““ ОРХ улсын дугаартай Volvo маркийн авто машиныг хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан байна. Иймд миний өмчлөх эрхийг зөрчиж, хууль бус аргаар шилжүүлэн авсан дээрх авто машиныг иргэн Д.”““““гээс гаргуулан авч, уг авто машиныг худалдан борлуулж бодит зээлсэн үндсэн төлбөрийг тооцон барагдуулж, илүү авсан, үндэслэлгүй, хууль бус шаардлагыг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэ-Ундрах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тухайн үед иргэн Д.”““““ нь “““““д бодит эрсдэл, эрх зүйн үр дагаврыг ойлгуулалгүйгээр эвлэрлийн гэрээг байгуулж, баталгаажуулсан. 2025 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Д.”““““ нь машины түлхүүрийг авч зөвшөөрөлгүй, хууль ёсны баримт бичиггүйгээр тухайн авто машиныг авч явсан нь Иргэний хуулийн өмчлөх эрхийн халдашгүй байдлын зарчмыг ноцтой зөрчсөн, хууль бус үйлдэл юм. Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмч болох “““““ ОРХ улсын дугаартай Volvo маркийн авто машиныг хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан тул өмчлөлийг шилжүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.”““““ шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“““““ нь надад хэлэхдээ та бид хоёр олон тусалж байсан учир энэ машиныг авч гэж сайн дураар шилжүүлж өгсөн. Машины түлхүүрийг хууль бусаар аваагүй. Өөрсдөө зөвшөөрөөд өгч явуулсан. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч “““““ нь “““““тэй барьцааны гэрээ хийгээгүй, Машиныг анхнаасаа барьцаалаагүй. Сайн дураар бэлэглэсэн гэж үзэж байна. Иймд уг маргааныг бэлэглэл гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 312/ШШ2026/01462 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар “““““ арлын дугаартай “““““ ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмших гэрчилгээтэй Volvo маркийн суудлын автомашиныг Д.”““““ын нэр дээр шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.”““““ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.”““““гээс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.”““““д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.”““““ шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

 

Миний бие нэхэмжлэгч Д.”““““ын нөхөр “““““г 2006 оноос эхнэр хүүхэд аваагүй ээжтэйгээ хамт амьдардаг, микрээр шугаманд явдаг байхаас нь мэддэг. Бид 2018 оноос нэг байранд дээр доор давхарт амьдарч байгаа ба намайг банк бус санхүүгийн байгууллагад ажилладаг болохыг мэдсэн байсан. Нэхэмжлэгч шүүх хурал дээр хүчээр зээл авхуулсан гэж ярьсан . Тухайн үед буюу 2024     оны 5 сард нэхэмжлэгч Д.”““““ нь нөхөр Э.”““““гийн хамт ажил дээр ирж зээл гаргаж өгч тус болооч гэж гуйж ирэхээр нь барьцаанд үндэслээд зээлээ судлуулаад үз гэхэд Д.”““““ нь өөр банк бус санхүүгийн байгууллагад байр, грашаа барьцаанд алдах гээд зээлийн өрөнд орчихсон маш хүнд байна та туслаач гэж гуйсаар байгаад зээлийн судалж 250,000,000 төгрөгийн зээлийг ББСБ-аасаа гаргаж өгсөн. Үүнээс хойш 1 жилийн дараа Д.”““““ нь нөхөр Э.”““““гийн хамт 2025 оны 5 сард "Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ тендер авсан бараагаа захиалчихвал болох гээд байна 140,000,000 сая төгрөг олоод өгөөч таны ач тусыг дүү нь мартахгүй гэж гуйсаар байгаад би хувь хүнээс энэ мөнгийг өөрийн нэрээр зээлж авч өгсөн. Анх надад машиныг өгөхдөө барьцаанд бол өгөөгүй харин та миний байр оронтой үлдэхэд маань тусалсан таны сайхан сэтгэлийг мялааж байгаа юм би тендерээс мөнгөө аваад тэртээ тэргүй машин авчих учраас харамсаад байх зүйлгүй та миний сэтгэлийг бодоод ав гэж хэлээд Д.”““““, Э.”““““ нар өөрсдийн нэр дээрх Volvo маркийн автомашины өмчлөх эрхийг өөрсдөө намайг дагуулан Орхон аймгийн Авто тээврийн төв гэдэг байгууллага дээр очиж шилжүүлэн өгсөн .Тухайн үед уг авто тээврийн хэрэгсэл “““““ ОРХ улсын бүртгэлийн дугаартайгаар миний өмчлөлд шилжсэн. Баярласан сэтгэлээ илэрхийлээд танд машинаа өгье гээд миний нэр дээр болгож өгөөд түлхүүрээ ч өгсөн. .Машин нь бидний амьдардаг Тамирын 3 чулуу байрны дор гражид надад түлхүүр нь байсан боловч би гаргаж унадаггүй байсан. Хэсэг хугацааны дараа Э.”““““, Д.”““““ нар надад хандан танд өөр номер авч өгөөд азын номероо зарж амьдралдаа хэрэглэе гэсний дагуу мөн л тус болж Авто тээврийн төв дээр 2025 оны 10 сард “““““гийн хамт очиж худалдан авч байгаа хүний нэр дээр нь номерын шилжүүлж өгөхөд 5,000,000 төгрөг нэхэмжлэгч Д.”““““ын данс руу шилжүүлж аваад надад “““““ ОРХ дугаарыг авч өгч байсан. Би харин өөрөө машинтай болохоор хүний машинаар яахав та нар миний мөнгийг төлчихвөл машинаа буцаагаад аваарай гэсэн сайхан сэтгэлийн үгэн дээр маань дөрөөлж ийм нэхэмжлэл үүсгэж байгаад харамсалтай байна. “““““ эгчээ та машинаа унаач яагаад унахгүй байгаа юм та унахгүй бол бид 2 ойр зуур унаж байя түлхүүрээ өгөөч гэж гуйхаар нь бас л амьдралд нь тус болж тэднийг өрөвдөөд машиныхаа түлхүүрийг нь өгөөд унуулж байсан. Сүүлдээ энэ хүмүүс намайг элэг бариад манай ББСБ-ын 250,000,000 зээлийн төлбөрийг болон хүнээс зээлж авч өгсөн 140,000,000 зээлийг төлөхгүй байхаар нь түлхүүрээ авч машиныг өөр байрлалд аваачсан. Түүнээс хойш намайг нөхөр Э.”““““ нь байрны гадаа барьж авч цохиж авсан. Нэхэмжлэгч Д.”““““ нь удаа дараа хүүхдээ явуулж гэрийн үүд хаалга нүдүүлж ажил дээр ирж дарамталдаг болсон. Хэрвээ эдгээр хүмүүс зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор машинаа барьцаанд өгсөн юм бол яагаад үүнийгээ нотолж барьцааны гэрээ байгуулаагүй болох 2025-12-4 ний өдөр шүүхийн Эвлэрүүлэн зуучлал дээр дуудагдан ирээд үүргийн гүйцэтгэл хангуулах зорилгоор автомашины өмчлөх эрхийг шилжүүлсэн юм бол яагаад зээлийн төлбөрийг хэсэгчлэн хуваан төлж дуусгахаар Эвлэрлийн гэрээ байгуулсан

зэргүүдэд шүүх ач холбогдол өгөөгүйд гайхаж байна. Мөн шүүх миний гаргаж өгсөн нотлох баримтууд болох Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний лавлагаа, Эвлэрлийн гэрээг баталгаажуулсан Шүүгчийн захирамж, Орхон аймгийн авто тээврийн төв дээр тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн баримт зэрэг нотлох баримтуудыг үнэлэхгүйгээр шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Би энэ хүмүүст туслаад өөрөө өр ширэнд ороод тэдний өмнөөс би хүүг нь төлж өр нэхүүлж одоо өөрийгөө шүүхдүүлэхэд тулаад байгаа зэргээр өчнөөн асуудал үүссэн байгааг Д.”““““ нь бүгдийг мэдэж байгаа ба би удаа дараа уулзаж хэлж байсан, энэ мөнгийг зээлсэн хүн хүртэл тэдэнтэй ярьж өр төлбөрөө төлөхийг шаардаж байсан болно. Д.”““““ 2025 оны 6 сард нөхөр Э.”““““г над руу яриулж баахан өвчин зовлон яриад бас л 5,000,000 сая төгрөг олоод өгөөч гээд гуйсаар байгаад энэ мөнгийг бас хүнээс авч өгсөн боловч надад бас л худал хэлж төлнө гэсэн хугацаандаа төлөөгүй явж байгаа болно. Миний бие энэ хүмүүст үнэхээр гомдолтой

гэж бодоогүй. Энэ хүмүүсийг миний бие шүүхийн эвлэрүүлэн зуучлал дээр аваачиж өгөх үед ажилтнууд нь энэ 2 дахиад ороод ирлээ гэхээр нь танил талууд юм болов уу гээд асуутал манайхаар олон удаа орж байгаа учраас таньдаг юм гэж хэлж байсан. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр аваачиж өгөхөд мөн л өө энэ 2 орж ирж байна манай дээр зөндөө өр төлбөртэй байгаа талаар хэлсэн. Ийм учраас миний бие дээрх автомашиныг тэдэнд өгвөл өөр хүмүүсийн өр төлбөрт яваад би хохирсноороо хохироод үлдэх болж байгаа тул би өгөхгүй. Үнэхээр өгөхдөө хүрвэл би өөрийн өмчөө өөрөө зарж номерын 5,000,000 төгрөг, зээлсэн 5,000,000 төгрөгөө хүүтэй нь суутган үлдэгдлийг 140,000,000 төгрөгийн зээлийн төлбөрт  авах болно.  Анхан шатны шүүхийн шийдвэр илтэд миний эсрэг хохиролтойгоор гарсанд үнэхээр гомдолтой байна. Иймд шийдвэрийг хянаж нэхэмжлэл үндэслэлгүй болохыг тогтоож хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцох хүсэлтийг гаргаж байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхбаяр шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

 

Д.”““““ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “““““ ОРХ дугаартай Volvo маркийн автомашиныг гаргуулан авах, уг автомашиныг худалдан борлуулж зээлийн үндсэн төлбөрийг тооцон барагдуулах, илүү авсан үндэслэлгүй хууль бус шаардлагыг хүчингүйд тооцуулах гэсэн хэд хэдэн шаардлагуудыг шийдвэрлүүлэхээр хандсан. Дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2025-05-13-ны өдөр иргэн Д.”““““гээс 75,000,000 төгрөгийн зээл авч, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор өөрийн өмчлөлийн “““““ ОРХ дугаартай Volvo маркийн автомашиныг барьцаанд өгсөн болно. Мөнгөө өгөхгүй байна гэх үндэслэлээр Орхон аймгийн шүүхийн Эвлэрүүлэн зуучлалд хандаж, Эвлэрлийн гэрээг танилцуулж, үндэслэлгүйгээр их хэмжээний хүү тооцож сэтгэл санааны дарамт шахалт үзүүлж гарын үсэг зуруулан авч улмаар шүүгчийн захирамж гаргуулсан төдийгүй миний өмчийг хууль бусаар өөртөө шилжүүлэн „^сан, улмаар миний машиныг унаж авч явсан нь өмчлөх эрхийн халдашгүй зарчмыг ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл гэж тайлбарлан бичсэн. Шүүх дээрх шаардлагуудаас “““““ 0РХ дугаартай Volvo маркийн автомашиныг Д.”““““ын нэр дээр шилжүүлэх тухай шаардлагыг хангасугай гэж шийдвэрлээд нэхэмжлэлд дурдсан бусад шаардлага болох уг автомашиныг худалдан борлуулж зээлийн үндсэн төлбөрийг тооцон барагдуулах, илүү авсан үндэслэлгүй хууль бус шаардлагыг хүчингүйд тооцуулах гэсэн шаардлагуудыг огт шийдээгүй орхисон. Мөн Шүүх “““““ ОРХ дугаартай Volvo маркийн автомашиныг Д.”““““ын нэр дээр шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг х-ангахдаа ямар нэг нотлох баримтад тулгуурлан үнэлэлт дүгнэлт өгч шийдвэр гаргах байтал ямар ч үндэслэл нотлох баримтгүйгээр хийсвэрээр машиныг барьцаалсан байна гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримт ирүүлээгүй, өөрөөр хэлбэл дээрх автомашиныг хууль бусаар бусдын өмчлөлд шилжүүлсэн, мөн уг машиныг барьцаанд өгсөн гэдэг нь ямар нотолгоонд үндэслэсэн, юугаар батлагдаж байгаа нь тодорхойгүй байхад шүүх нэхэмжлэлийг хангаж байгаа нь ойлгомжгүй болсон. Машиныг байрны доорх зогсоолоос авч гарч байгаа бичлэг хэрэгт өгсөн нь уг машиныг хууль бусаар авч байгааг нотлох баримт болж чадахгүй. Харин эсрэгээр машины өмчлөгч Д.”““““гийн нэр дээр байдаг тул өмчөө захиран зарцуулах эрхийн дагуу өмчлөлийн зүйлээ өөрийн эзэмшилдээ авч байгаа хууль ёсны үйлдэл гэж үзэж байна. Нэхэмжлэгч 2026-02-06-нд байгуулсан Эвлэрлийн гэрээг сэтгэл санааны дарамт шахалт үзүүлэн гарын үсэг зуруулж, шүүгчийн захирамж гаргуулсан мэтээр бичсэнийг ямар ч нотлогдоогүй худал гэж үзэж байна. Хариуцагч талын хүсэлтээр шүүхийн журмаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны материалыг татуулж талуудын эвлэрлийн гэрээ байгуулсан тухай тэмдэглэл, бусад баримтуудтай танилцахад Д.”““““ нь нөхөр Э.”““““гийн хамт уг ажиллагаанд оролцож эрх үүрэг ,гарах үр дагавартай танилцаж гарын үсгээ зурж, зээлийн гэрээтэй ямар нэг маргаангүй байгаагаа илэрхийлж, үнийн дүн дээр маргаагүй байх бөгөөд зээлийн 140 сая төгрөгийг хэсэгчилж хуваан төлөхөө илэрхийлсэн, дарамт шахалт үзүүлж хүчээр гэрээ байгуулсан гэх байдал харагдахгүй байна. Мөн Эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд дээрх автомашиныг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцож барьцаанд өгсөн талаар талууд огт дурдаагүй Зайдал харагддаг. Үнэхээр 120,000,0000 төгрөгийн үнэтэй машин барьцаанд өгсөн бол дээрх зээлийн үүргийг төлүүлэх шаардлага гаргаж, шүүхэд өгсөн байхад зөвшөөрч гэрээ байгуулан, захирамж гаргуулж үүнийгээ шийдвэр гүйцэтгэлийн журмаар ажиллагаа хийлгэх шаардлага талуудад байхгүй байсан гэж үзэж байна. Мөн шүүх шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг баримталсныг үндэслэлгүй буруу зүйлчлэл гэж үзэж байна. Хуулийн энэ заалт бол өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй болохыг хуульчилсан заалт байтал Д.”““““ өмчлөгч байх, өмчлөгч гэдгээ нотолж байж хуулийн энэ заалт хэрэгжинэ. Д.”““““ нь 2025 оны 5 сард дээрх машины өмчлөлийг Д.”““““д шилжүүлж өгснөөр түүний өмчлөх эрх дуусгавар болсон энэ нь Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний хуулбараар нотлогдож байхад дээрх хуулийн заалтыг баримталсан нь хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зохигч өөрийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй, 40 дүгээр зүйл: нотлох баримтыг үнэлэх , 116.2: шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, 118.4: хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл түүнийг хэрхэн үнэлж байгаа тухай заана зэрэг заалтууд зөрчигдсөн тул Шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т “...шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж зааснаар хянан шийдвэрлэв.

 

 Нэхэмжлэгч Д.”““““ нь шүүхэд “...”““““ ОРХ улсын дугаартай Volvo маркийн авто машиныг буцаан гаргуулж өөрийн нэр дээр шилжүүлэх” тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Д.”““““ нь шүүхэд “...Д.”““““тай барьцааны гэрээ хийгээгүй, машиныг анхнаасаа барьцаалаагүй. Сайн дураар бэлэглэсэн тул маргааныг бэлэглэл гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 Шүүх “““““ ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмших гэрчилгээтэй Volvo маркийн суудлын автомашиныг Д.”““““ын нэр дээр шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

          Шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зөв тодорхойлж чадаагүй,  хариуцагчийн эс зөвшөөрч байгаа үйл баримтууд буюу хэрэгт ач холбогдол бүхий  үйл баримт хангалттай тогтоогдоогүй байна.

          

           Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр нэхэмжлэгч Д.”““““ нь хариуцагч Д.”““““гээс дансаар 75,000,000 төгрөг, бэлнээр 65,000,000 төгрөг зээлж авсан ба энэ талаар талууд маргаагүй, харин “““““ ОРХ улсын дугаартай, Volvo маркийн  авто машиныг зээлийн барьцаа болон бэлэглэлийн гэрээний дагуу эсхүл зээлийн төлбөрт тооцож үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн талаар маргасан байхад анхан шатны шүүх “...зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор “““““ ОРХ улсын дугаартай Volvo маркийн авто машиныг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна, бэлэглэлийн журмаар шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

     

         Тухайлбал шүүх эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд тухайн маргааны үйл баримтын талаар хууль зүйн үүднээс бүрэн дүгнэлт хийхийн тулд  нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зөв тодорхой болгох, хэрэгт ач холбогдол бүхий асуудлаар зохигч мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлэх арга хэмжээг зайлшгүй авах шаардлагатай.

 

          Гэвч зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэл зэргээс үзэхэд шүүх нэхэмжлэгчийн гаргасан “...”““““гуравдагч этгээдээр оролцуулах тухай“ хүсэлтийг 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 312/ШЗ2026/04543 дугаар шүүгчийн захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаанаараа уг хүсэлтийг эсхүл шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэлэлцээд байгаа нь тодорхойгүй, мөн хэрэгт ач холбогдол бүхий асуудал болох автомашины үнэ болон нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгах, өөрчлөх, түүнчлэн автомашиныг өөртөө шилжүүлж авах эсхүл хариуцагчид зээлийн төлбөрт тооцуулж өгөхийг хүсэж байгаа эсэх талаар талууд мэтгэлцээгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Түүнчлэн хариуцагчийн 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан “...Авто тээврийн төвөөс Д.”““““гийн “““““ОРХ улсын дугаарыг шилжүүлсэн тухай лавлагааг шүүхийн журмаар гаргуулах“  тухай хүсэлтийг шүүх  шийдвэрлээгүй орхигдуулсан байна.

 

Иймд Давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтын талаар  эрх зүйн  дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэх  нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 312/ШШ2026/01462 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Д.”““““, хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхбаяр нарын давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч,  тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Р.ҮҮРИЙНТУЯА     

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Г.МЯГМАРСҮРЭН

                                                           ШҮҮГЧ                                Б.ОЮУНЦЭЦЭГ