Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 1830

 

 

 

 

 

 

 

 

 

 “Итами Жидоүшяа” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/06006 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Итами Жидоүшяа” ХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: О.Ганболдод холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэг, хохиролд нийт 125 301 832 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх 79 543 750 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Цэндсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: О.Ганболд,

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Цэндсүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Отгонбаатар, С.Батбаяр нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Япон Улсын "Итами жидоүшяа" ХК нь автомашины худалдаа, зуучлалын үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд юм. 2004 оноос Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд Япон Улсаас хуучин болон шинэ автомашин худалдан авахад зуучилж, зөвлөгөө, тусламж үзүүлж хамтран ажиллаж ирсэн. 2004 онд О.Оюунцэцэг гэх эмэгтэй нэхэмжлэгч компанийн захирал Итами Күниотой танилцаж, Япон Улсаас хуучин автомашин худалдан авахад хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд 2006 онд өөрийн дүү О.Ганболдыг, 2007 онд өөрийн нөхөр Б.Бат-Очир нарыг Итами Күниод тус тус танилцуулж, автомашин худалдан авахад зуучлуулж байсан. О.Ганболд, Бат-Очир нар нь Япон Улсад очиж хуучин автомашин худалдаалдаг хуулийн этгээдүүдээс худалдан авах автомашинаа сонгож, ийнхүү сонгосон автомашины төлбөрийг тухайн үед нь нэхэмжлэгч төлж, Монгол Улс руу ачуулдаг байсан. Хариуцагч нар автомашины төлбөр болон Япон Улс дах дотоодын тээврийн зардал, даатгалын зардал, зуучлалын хөлс зэргийг 1-2 сарын дотор нэхэмжлэгчид төлдөг байсан. 2010 оны 10 дугаар сараас 2013 оны 9 дүгээр cap хүртэл нийт 30-н cap 483.840 иений төлбөрийг нэхэмжлэгч төлсөн. Энэ эрхийн нэг сарын төлбөр нь 13.440 иен байсан. Гэтэл хариуцагч нар нь 2013 оны 4 дүгээр сард худалдан авсан автомашины төлбөрүүдийг өнөөдрийг хүртэл хугацаанд бүрэн төлөөгүй байна. Хариуцагч нарын төлөөгүй байсан төлбөрүүдийг төлүүлэхийн тулд ихээхэн хэмжээний зардал гаргаж, хохироод байна. Нэхэмжлэгч компанийн захирал нь хариуцагч нараас төлбөр гаргуулахаар 4-н удаа Монгол Улсад биечлэн ирсэн, мөн төлбөр гаргуулах ажиллагааг тасралтгүй шуурхай явуулах үүднээс Монгол Улсад итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж, түүнийг цалинжуулсан байдаг. Үүний үр дүнд хариуцагч нар нь автомашины үлдэгдэл төлбөрийг төлөх талаар амлалт, баталгаа гаргаж өгсөн. Хариуцагч О.Ганболд, Б.Бат-Очир нь автомашины үлдэгдэл төлбөрийг 2015 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө барагдуулах тухайгаа 2014 оны 3 дугаар сарын 12-ний өдрийн бичгээр баталгаажуулсан. Гэвч өнөөдрийг хүртэл ямар ч төлбөр төлөгдөөгүй байна. Хариуцагч Б.Бат-Очироос автомашины төлбөрийн үлдэгдэл болох 2.840.000 иен буюу 46 150 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гарсан боловч тэрээр Монгол Улсаас гадаад улсад зорчсон болох нь төрийн эрх бүхий байгууллагын лавлагаагаар тогтоогдож байх тул уг шаардлагаа татан авч байна. Харин хариуцагч О.Ганболдоос 2014 оны 4 сард худалдаж авсан 15 автомашины төлбөрийн үлдэгдэл 5,663,150 иен буюу 92 026 187 төгрөг, интернэт эрхийн төлөө төлсөн 483.840 иен буюу 7 862 400 төгрөг, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажлын хөлс 1.040.000 иен буюу 16 900 000 төгрөг, нэхэмжлэгч Монгол Улсад ирсэн зардал 104.810 иен буюу 1 883 435 төгрөг, нэхэмжлэгч Монгол Улсад байсан буудлын зардал 3.037 ам.доллар буюу 6 162 589 төгрөг, онгоцны аялалын ослын даатгал 26.000 иен буюу 467 220 төгрөг нийт 125 301 832.49 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

    Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би өмнө нь илүү мөнгө суутгуулж байсан бөгөөд тэрийг буцааж өгнө гэж ярьдаг байсан. Миний авах мөнгө төлөх ёстой төлөөгүй байгаа машины үнээс илүү гарна гэж бодож байна. Бид хамтарч ажиллахаа болих үед тооцоо нийлье гэхэд тооцоогоо нийлэхгүй мөнгө нэхээд байдаг байсан. Нэхэмжлэгчтэй 2005 оноос эхэлж харилцсан. Нэхэмжлэгч нь надаас суутгалыг илүү авч байсан. Эхний үед зээл өгдөггүй байж байгаад яваандаа бага багаар зээл өгдөг болсон. Улмаар 2013 оны 8 дугаар сарын 30-нд ирээд явахдаа өөр хүнээс машин авлаа гээд япон явах визгүй болгосон. Улмаар бусдад муулж ярьсанаар манай компанийг дампууруулсан. Би япон явах эрхгүй болсон тул тооцоогоо нэгтгье гэхэд эхлээд надаас мөнгө нэхсэн. Ирэх болгонд нь би хэлдэг байсан. 2014 оны 7 дугаар сард ирэхэд нь дахин уулзсан. Бага ч гэсэн мөнгө шилжүүл гэхэд нь би харин мөнгө авах тооцоотой гэдгээ хэлсэн. Гэтэл надыг эрүүгээр шалгуулах үед нь би айсандаа болоод мөнгийг төлнө гэж хэлсэн. Миний бие 6,6 сая иений машиныг нэхэмжлэгчээс авсан ба эндээс монгол мөнгөөр 24 сая төгрөг, дараа нь 1 сая иен нэхэмжпэгчийн дансруу шилжүүлсэн үлдэснийг нь төлөх ёсгүй. 2014 оны 7 сард ирэхэд нь уулзаад би мөнгө өгсөн гэдгээ ярьсан. Энэ тухай хэрэгт баримт байгаа. Гэтэл над руу дайрч давшлаад байсан. Би эвлэрэх санал удаа дараа гаргаж байсан. Машины үнийн төлбөрийг миний өгсөн суутгалаас тооцох ёстой. Энэ мөнгө хүрнэ. Харин интернэтийн эрхийн төлбөрийг нь цаг тухайд нь төлж байсан. Cap сард өөр өөр төлбөр гардаг. Нэхэмжлэгч монголд ганц надтай уулзах гээгүй өөр ажлаар ирж олон хүнтэй уулздаг байсан ба жилд 1-2 удаа ирдэг. Буудлын төлбөр болон ослын даатгалын төлбөрийг би хариуцахгүй надад хамаагүй. Сөрөг нэхэмжлэлийн хувьд машин болгон дээр өөр өөр мөнгө авдаг байсан. 1 машинаас баримжаагаар 5.000 иен авдаг ба 979 машинаас нийт 4.895.000 иен нэхэж байгаа. Миний бие 979 машин болон 5.000 иенийг нэхэмжлэгчид илүү өгсөн гэдгийг гэрчүүд нотолдог. Энэхүү зуучлалын хөлсийг бид хоорондоо тохиролцож тогтоодог байсан боловч нэхэмжлэгч нь бусад хүмүүсээс авдаг мөнгөнөөсөө илүү буюу надаас машин бүрт илүү 5.000 иен авдаг байсныг сүүлд мэдсэн юм. Иймд нэхэмжлэгч надад энэ суутгуулсан мөнгийг буцааж өгнө гэдэг байсан. Учир нь надаас илүү авсан мөнгө юм гэжээ.

 

Хариуцагч О.Ганболд шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие нь 2005 оноос Япон Улсаас хуучин автомашин худалдан авч, Монголд оруулж ирэн худалдах үйл ажиллагааг эрхлэн явуулж байсан юм. Ингэхдээ Япон Улсын иргэн Итами Күниотой хамтран ажиллаж, түүгээр зуучлуулан автомашин худалдан авдаг байсан бөгөөд надаас зуучлалын хөлсөнд нэг автомашинаас 15.000 иен авдаг байсан. Надаас гадна Итами Күнио олон монголчуудад автомашин авахад нь зуучилдаг байсан ба тэднээс зуучлалын хөлсөнд 10.000 иен авдаг байсныг хожуу мэдсэн болно. Ингээд Итами Күниоос яагаад надааас илүү мөнгө аваад байгаа юм бэ гэхэд илүү авсан мөнгөө буцааж өгнө гэж хэлсэн, бид хоорондоо тооцоо нийлж үзэхэд миний худалдаж авсан 979 машинаар бодож үзэхэд машин бүрээс илүү авсан 5.000 иенээр бодоход 4.895.000 иен төлөхөөр тооцоо гарсан байгаа болно. Иймд Итами Күниос 4.895.000 иен буюу 79 543 750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлөгч Ч.Отгонбаатар, С.Батбаяр нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нь хариуцагчид давуу эрх олгож интернэт худалдааны эрх нээж өгсөн. Жил бүр хураамж төлдөг. Японд машиныг нь авч өгөх, үзүүлсэн үйлчилгээний хөлс тул зуучлалын хөлсийг буцаан нэхэх эрхгүй. Зуучлалын хөлсний тухайд харилцан тохиролцож дараа нь хуримтлал үүсгээд буцааж өгнө гэдэг байсан. Нэхэмжлэгч нь 2013 оноос өөр хүнтэй бизнес хийхээ больсон, бөгөөд монголд ирэх шалтгаан нь О.Ганболдын төлбөрийн асуудал байсан. Иймд 2013 оноос хойшхи баримтаар хариуцагчаас төлбөрөө нэхэж байгаа. Нэхэмжлэгч нь зөвхөн О.Ганболдтой уулзахаар монголд ирдэг байсан гэдгийг нотлох хүндрэлтэй. Хавтаст хэрэгт О.Ганболдын өгсөн CD байдаг ба энд нэхэмжлэгч нь 50 минутын уулзалт хийсэн байдаг. Мөн 4 удаа монголд ирсэн. Бидний зүгээс баримтын хүрээнд хариуцагчаас төлбөрөө нэхэж байна гэжээ.

 

  Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар хариуцагч Б.Бат-Очирт холбогдох 46 150 000 төгрөг гаргуулах тухай “Итами жидоүшяа” хувьцаат компанийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 222 дүгээр зүйлийн 222.7, 492 дүгээр зүйлийн 492.1-д зааснаар хариуцагч О.Ганболдоос 92 026 187.50 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч "Итами жидоүшяа" хувьцаат компанид олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 33 275 644.99 төгрөгт холбогдох хэсэг, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 1 138 884 төгрөг, хариуцагчийн 555 670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Ганболдоос 618 081 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 388 700 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

               Хариуцагчийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас үнэлж чадаагүйн улмаас алдаатай дүгнэлт хийж, харуицагчийг 92 026 187 төгрөгийн талаар маргаагүй, мөн 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн сэжигтнээр өгсөн байцаалтын тэмдэглэлээр нотлогдож байна гэх байдлаар дүгнэснийг зөвшөөрөх үндэслэлгүй байна. Хариуцагчийн зүгээс автомашины үнэд нэхэмжилсэн 92 026 187 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж  маргасан бөгөөд нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн автомашины үнэ төлөх тухай баримт гэх 6.663.150 иенийг төлнө гэсэн баримт дээрх гарын үсгийг  өөрийнх нь гарын үсэг биш гэж маргасан болно. Улмаар уг баримт дээрх гарын үсгийн талаар шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан бөгөөд шинжээчийн дүгнэлтээр уг баримт дээрх гарын үсэг О.Ганболдын гарын үсэг биш байна гэж тогтоогдсон. Шүүхээс Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдөр сэжигтнээр өгсөн байцаалтын тэмдэглэлээр нэхэмжлэлийн шаардлага нотлогдож байна гэж дүгнэсэн нь хууль бус болсон. Хариуцагч О.Ганболд нь тухайн асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байхдаа эрх чөлөөг нь хязгаарлаж хорино гэж айлгаж дарамталсан учраас хоригдохгүйн тулд өгсөн мэдүүлгэнд ач холбогдол өгсөн байдал нь нотлох баримтыг үнэлэх тухай хуулийн шаардлаганд нийцсэнгүй гэж үзэж байна. Мөн шүүх нэхэмжлэгчээс авсан машины төлбөрт 24 000 000 төгрөгийг нэхэмжлэгчийн төлөөлөгч болох Ц.Энхсайханы Хаан банкны дансанд шилжүүлсэнийг нэхэмжлэгчид төлсөн төлбөр гэж үзэх боломжгүй гэжээ. Хариуцагч О.Ганболдын хувьд Ц.Энхсайханаас машин авч байсан тохиолдол байхгүй тул түүнд 24 000 000 төгрөгийг шилжүүлэх шаардлагагүй бөгөөд энэ шилжүүлсэн мөнгө нь Итами Күниогоос авсан машины төлбөрт өгсөн мөнгө болно. Иймд гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хянан үзэж хариуцагчаас 92 026 187 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

                                        

Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “Итами жидоүшяа” ХК нь хариуцагч О.Ганболдод холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэг, хохиролд нийт 125 301 832 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх 79 543 750 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

            Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Бат-Очирт  холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 46 150 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа татан авчээ.

 

            Хариуцагч О.Ганболдын захиалж сонгосон автомашинуудыг нэхэмжлэгч “Итами жидоүшяа” ХК нь Япон Улсаас тохирсон хугацаанд нийлүүлж, хариуцагч О.Ганболд нь автомашиныг хүлээн авсны дараа үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн үйл баримтын талаар талууд маргаагүй байна. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

            Нэхэмжлэгч “Итами жидоүшяа” ХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ       “… 15 ширхэг автомашины үлдэгдэл төлбөр 92 026 187 төгрөг, О.Ганболд нь гэрээний үүргийг хугацаандаа төлөөгүйгээс учирсан хохиролд 33 275 644 төгрөг тус тус гаргуулна” гэж,

Хариуцагч О.Ганболд нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзалын үндэслэлээ      “… автомашины төлбөрийн зарим хэсэг буюу 1 000 000 иен, 24 000 000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан ба нэхэмжлэгч нь автомашин тус бүрээс 5 000 иен илүү авч байсан тул автомашины үлдэх төлбөрт суутгана” гэж тус тус тайлбарлажээ.

 

 Хариуцагч О.Ганболд нь автомашины төлбөр дутуу төлөгдсөн байгаа талаар тайлбарласан байх ба тэрээр 24 000 000 төгрөгийг төлсөн гэж маргаж байх боловч дээрх төлбөрийг Ц.Энхсайхан гэх иргэний дансанд шилжүүлсэн нь нэхэмжлэгч “Итами жидоүшяа” ХК-д төлөх гэрээний үүрэгт төлсөн талаарх үйл баримтыг нотлохгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

            Түүнчлэн автомашин тус бүрээс 5 000 иен илүү авч байсан гэх тайлбараа хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

 

            Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдөр О.Ганболд нь сэжигтнээр байцаалт өгөхдөө “… Би Итами Күниотод 6 663 150 иен төлөхөөс 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 1 000 000 иен төлсөн, одоо 5 663 150 иений үлдэгдэлтэй байгаа” гэж мэдүүлсэн, давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч нь 92 026 187 төгрөгөөс 24 000 000  төгрөгийг хасч тооцуулна гэх тайлбараас тус тус дүгнэхэд хариуцагч О.Ганболд нь автомашины үнэ 92 026 187 төгрөгийг нэхэмжлэгч “Итами жидоүшяа” ХК-д төлөх үүрэгтэй гэж үзэхээр байна.

 

            Иймд анхан шатны шүүх хариуцагч О.Ганболдоос 5 663 150 иенийг 16.25 төгрөгөөр тооцож нийт 92 026 187 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Итами жидоүшяа” ХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

            Нэхэмжлэгч нь гэрээнээс учирсан хохиролд 33 275 644 төгрөг нэхэмжилсэн боловч  хариуцагч О.Ганболдын буруутай үйлдлийн улмаас Монгол Улсад зайлшгүй ирэх шаардлагатай болсон, түүнчлэн итгэмжлэгдсэн төлөөлөгчид ажлын хөлс төлсөн, интернэт худалдааны эрхийн төлбөр болон даатгалын төлбөр төлсөн болох нь эргэлзээгүй нотлогдоогүй гэж анхан шатны шүүх дүгнэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

           

            Хариуцагч О.Ганболд нь 79 543 750 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Харин шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт сөрөг нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг орхигдуулсан байгааг дурдаж, энэ талаар шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэв.

           

            Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/06006 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 619 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.      

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ц.ИЧИНХОРЛОО

                                               

                                    ШҮҮГЧИД                                          Т.ТУЯА           

                                                                                                 

                                                                                   Г.ДАВААДОРЖ