Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 101/2017/02458/и |
Дугаар | 001/ХТ2018/00131 |
Огноо | 2018-01-23 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2018/00131
“Г Б”ХХК-ний нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2017/02233 дугаар шүүгчийн захирамжтай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2135 дугаар магадлалтай,
“Г Б”ХХК-ний нэхэмжлэлтэй
Х.Нд холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 4 088 118.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Х.Нийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч “Г Б”ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Н нь 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Г Б”ХХК-тай ЗГ1205048951 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 5 000 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалин барьцаалсан зээл авсан. Уг зээлийн гэрээний хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дууссан бөгөөд зээлдэгч зээлийн эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй. Иймд 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 2 845 705.94 төгрөг, зээлийн хүү 1 103 035.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 139 377.48 төгрөг, нийт 4 088 118.60 төгрөгийг Х.Нээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би зээл авснаас хойш зээлийг хэвийн төлж байгаад хүнд өвдсөний улмаас зээлээ төлөх боломжгүй болсон. Мөн би 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс тэтгэврийн насанд хүрсэн учир ажлаасаа гарч тэтгэвэрт гарсан. Одоогийн байдлаар ажилгүй, бие хүнд өвдсөн учраас нэхэмжилсэн мөнгийг төлөх боломжгүй байна. Нэхэмжилсэн мөнгөн дүнг буруу зөрүү гэж маргах зүйлгүй гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2017/02233 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Нээс 4 088 118.60 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Г Б”ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80 360 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Нээс улсын тэмдэгтийн хураамжид 80 360 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г Б”ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2135 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2017/02233 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахад урьдчилан төлсөн 80 360 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч Х.Н хяналтын гомдолдоо: Миний бие ХӨСҮТөвд ажиллаж байх үедээ Сансар дахь салбар Голомт банктай цалингийн зээлийн гэрээ байгуулж 5 000 000 төгрөг авсан болно. Зээлийн эргэн төлөлтийг цаг хугацаанд нь графикийн дагуу төлж байсан ба эрүүл мэндийн шалтгааны улмаас хөдөлмөрийн чадвар алдагдаж эргэн төлөлтөө хийж чадаагүй. Эхний зээлийн хүүтэй эргэн төлөлт болох 3 820 160 төгрөг төлсөн байдаг. Хөдөлмөрийн чадваргүй 2 жил гаруй байж байгаад аргагүй эрхэнд хүүхдээрээ тэтгэвэр тогтоолгосон. Сарын 240 000 авдаг энэ нь амьдрал ахуйд хүрэлцээ муу. Ихэнхи нь эмчилгээний эм тарианд, үлдсэн цөөн хэд нь хоол хүнс гэрэл цахилгааны төлбөрт өгчихдөг ядруухан амьдарч байгаа. Уг нь банкыг хохиролгүй болгож тэтгэврийн зээл олон сар жилээр зээлж, үндсэн зээл болох 1 821 381 төгрөгөө төлөх бодолтой байгаа. Банкны нэхэмжилснээр 4 088 118 төгрөг нэхэмжилж байна. Би эргэн төлөлтийнхөө 70% төлчихөөд байхад ахиад 90% төлнө гэдэг хүндхэн асуудалтай болчихоод гомдлоо иргэний шүүхийн анхан дунд шатны шүүхэд хандсан боловч банкны талд шийдвэр гаргасныг иргэн би гомдолтой байна. Үндсэн зээлийн хүү болох 1,17933381 нэмэгдүүлсэн хүү1,3937748 төгрөгийг төлж чадахгүй. Ийм учраас дээд шүүхэд хандаж байгааг минь харгалзан үзэж амьдралыг минь дэлгэрэнгүй судалж үзээд иргэн надад нааштай хариу гаргаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хариуцагч Х.Нээс зээлийн үүрэгт 4 088 118 төгрөг гаргуулахыг хүссэн “Г Б”-ны нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийн талаар шийдвэр гаргахдаа “шүүгчийн захирамж” гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, уг зөрчлийг давж заалдах шатны шүүх анхаараагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь хууль зөрчжээ.
Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлээд гаргасан баримт бичгийг “шийдвэр” гэдэг тул шүүх тухайн эрх зүйн актыг гаргах бөгөөд шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116, 118 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн байх ёстой байна.
Шүүх “Г Б” ны нэхэмжлэлийн талаар шийдвэр гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд заасан агуулга, бүтцийн дагуу бичгээр гаргасан боловч уг эрх зүйн баримт бичгийг “шүүгчийн захирамж” гэж гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсгийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.
Хуулиар тогтоосон баримт бичгийг шүүх гаргаагүй тул зөвтгөх, залруулах боломжгүй, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг буцааж олгов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2017/02233 дугаар шүүгчийн захирамж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2135 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 81 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА