Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2020/0464

 

   

 

“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, Э.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 418 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 418 дугаартай шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Хот байгуулалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 11 дүгээр зүйлийн 11.1.4-д заасныг баримтлан “Ж” ХХК-ий нэхэмжлэлээр Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргаснаар “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/650 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч У.Баатар тус шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо: “...Ж ХХК нь барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/1043 тоот захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хороо, Ханын материал орчимд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч үйл ажиллагаа эхлүүлсэн. Ийнхүү тухайн төслийн үйл ажиллагааг эхлүүлэх үед уг байршил нь бүхэлдээ гэр хороолол байсан бөгөөд орон сууцны барилга барих болон бусад барилга байгууламжийг барихад шаардагдах дэд бүтцийн асуудал огт шийдвэрлэгдээгүй, айл өрхүүд нь хэрэгжүүлж буй төслийн талаар ямар ч мэдээлэлгүй байсан.  ХХК-ийн зүгээс тухайн байршилд амьдарч буй иргэдэд төслийн талаар танилцуулга хийж, ач холбогдол үр дагавар, хэрхэн хэрэгжих талаар уулзалт, сургалтыг 2014 оноос хийж 2 талт болон 3 талт гэрээг байгуулах ажлыг эхлүүлсэн. Мөн энэ үед Нийслэлийн удирдлагын зүгээс манай компанийн төсөл хэрэгжүүлж буй байршилд Улаанбаатар хотын шинэ төвийг шилжүүлэх улмаар Нийслэлийн засаг захиргааны төвийн барилгын суурийн шав тавих ёслол үйлдэж нийтэд мэдээлж байсан. Үүнтэй холбоотойгоор Ж ХХК-ийн хэрэгжүүлэх төслийн төлөвлөлтийг орчин үеийн шийдэл бүхий шинэлэг төлөвлөлттэй байх ёстой гэх тайлбарыг хийж байсан.

Ж ХХК нь тухайн байршилд амьдарч буй 700 гаруй айл өрхөөс 500 гаруйтай нь 2 болон 3 талт гэрээг байгуулсан бөгөөд 2014-2015 оны 11 сар хүртэлх хугацаанд эхний ээлжийн айл өрхүүдтэй байгуулсан гэрээний дагуу нүүлгэлтийн зардлыг шилжүүлэн өгч айл өрхүүд эхнээсээ газараа чөлөөлж эхэлсэн. Ийнхүү эхний айлууд газраа чөлөөлөх хүртэл Ж ХХК нь 2-3 жилийн хугацааг зарцуулсан. Хавтаст хэрэгт айлуудад төлсөн газар чөлөөлөх болон түрээсийн төлбөртэй холбоотой баримтуудыг хавсаргасан бөгөөд уг баримтуудын огнооноос харвал 2015 оны сүүлээс эхлэн 2016 онд айл өрхүүд нүүж түрээсийн төлбөрөө авч эхэлснийг хангалттай нотолж байгаа юм. Мөн уг хугацаанд Ж ХХК нь Катод гал ХХК-тай хамтран цахилгааны шугам сүлжээ дэд станцын ажлыг хийж гүйцэтгэн 2016 оны 11 сарын орчимд ашиглалтад оруулах ажлыг хийж гүйцэтгэсэн.

Ийнхүү үндсэн ж ХХК нь төсөл хэрэгжүүлэх бэлтгэл ажил, айл өрхүүдтэй харилцан тохиролцож гэрээ байгуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэхэд 2013-2017 он хүртэл 3 жил гаруйн хугацааг зарцуулсан. Үүнтэй зэрэгцэн манай компанийн зүгээс ерөнхий төлөвлөгөө батлуулах, зуpar төслийн ажил хийж гүйцэтгэх, архитектур төлөвлөлтийн даалгавар авахаас эхлээд бүхий л шаардлагатай ажлыг хийсээр байсан. Энэ хугацаанд Ж ХХК нь барилгын ажлыг эхлүүлэх зорилгоор Төрийн Орон сууцны корпорацтай 2015 оны 8 дугаар сард 2015/4-11 тоот “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ” -г байгуулсан. Үүний дагуу төсөл хэрэгжүүлэх байршилд орон сууцны барилга барихад зориулаг тус корпорацаас 3 тэрбум төгрөгийн хүүтэй зээл авч барилгын ажилд зарцулахаар болсон. 2016 оны сонгуулийн дараагаар Нийслэлийн удирдлагуудын зүгээс Улаанбаатар хотын шинэ төвийг шилжүүлэх улмаар Нийслэлийн засаг захиргааны төвийн барилга барих шийдвэрээ өөрчилж Хан-Уул дүүрэг байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд өнөөдөр уг барилга нь ашиглалтад орж байгаа болно. Энэхүү шийдвэртэй уялдуулан Ж ХХК-ийн зүгээс төслийн байршил дахь ерөнхий төлөвлөгөөг өөрчлүүлэх, барилга байгууламжид өөрчлөлт оруулахаар нийслэлийн холбогдох байгууллагад хүсэлтээ тавьж ирсэн.

2017 онд ТОСК-той байгуулсан гэрээний дагуу эхний ээлжийн санхүүжилтээ авч төслийн талбайд 5 давхар 2 ширхэг орон сууцны суурийн ажлыг хийж эхлэх үед Нийслэлийн Засаг дарга 2017 оны 5 дугаар сард А/328 тоот захирамжаар манай компанийн төсөл хэрэгжүүлэх нэгж талбаруудад өөрчлөлт оруулсны улмаас төлөвлөлт өөрчлөгдөх нөхцөл үүсч улмаар энэ талаар холбогдох байгууллагад хүсэлтээ уламжилсан. Үүнтэй холбоотойгоор эхлүүлсэн барилгын ажил зогсоход хүрсэн бөгөөд Нийслэлийн засаг дарга дээрх захирамжаа 2017 оны 9 дүгээр сарын 26 - ны өдөр А / 711 тоот захирамжаар хүчингүй болгон шийдвэрлэсэн. Энэ үед манай хүсэлтийн дагуу Гэр хорооллын дэд бүтцийн газраас Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газарт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт оруулан батлуулахаар 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 03/542 тоот албан бичгээр хандсан байдаг.

Дээрх нөхцөл байдлуудтай холбогдуулан эхлүүлсэн барилгын ажил зогссон боловч манай компанийн зүгээс төсөл хэрэгжүүлэх байршил 6 ширхэг 12 айлын амины орон сууцны ажлыг хийж гүйцэтгэж байсныг энд дурьдах нь зүйтэй. Ийнхүү ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах хүсэлтийг шийдвэрлүүлэх, улмаар түүнтэй холбоотой архитектур төлөвлөлтийн даалгаврыг шинээр авах зэрэг ажлууд хийгдэж байсан бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлан манай компанид олгосон.

Энэ цаг хугацаанд буюу 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Гэр хорооллын дэд бүтцийн газраас манай компанид барилгын ажлаа 2018 оны 4 дүгээр сарын 20 -ны өдрийн дотор эхлүүл гэсэн шаардлага ирүүлсэн бөгөөд эхлүүлээгүй тохиолдолд төсөл хэрэгжүүлэх талбайг багасгана гэж мэдэгдэж байсан. Гэтэл 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Хяналтын хороо гэх хороо хуралдан манай компанийн асуудлыг авч хэлэлцсэн байх бөгөөд ийнхүү манай компанийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргаж буй талаараа бидэнд огт мэдэгдээгүй бөгөөд бид шүүхэд хандсаны дараа хяналтын хорооны хурлын тэмдэглэл нотлох баримтаар ирсэн танилцсан болно.

Дээр дурьдсан бүхий нөхцөл байдлыг тайлбарлан холбогдох нотлох баримтаар нотолж мэтгэлцэж шүүх хуралдаанд оролцсон боловч анхан шатны шүүхээс Ж ХХК нь 2 болон 3 талт гэрээгээр хүлээсэн "батлагдсан зураг төсөл, төлөвлөгөөний дагуу барилга байгууламж барих үйл ажиллагааг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх, газраа чөлөөлсөн иргэдийг төсөл хэрэгжих хугацаанд түр суурьшуулах зардлыг хариуцах” үүргээ биелүүлээгүй нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах үндэслэл болсон байна гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Энэхүү дүгнэлтээс харвал шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн гүйцэт үнэлээгүй, бодит байдалд нийцсэн дүгнэлт хийгээгүй болох нь илэрхий харагдана. Учир нь гэрээнд ямар нэгэн хугацаа тохироогүй бөгөөд Ж ХХК нь иргэдэд тeлж байсан нүүлгэлт, түрээсийн төлбөрийн баримтыг хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн байгааг огт үнэлж дүгнэлгүй шийдвэрээ гаргасан. Мөн Засаг даргын захирамжийн үндэслэлд дурьдсан Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 46 дугаар тушаалаар батлагдсан журмын 5.2-д төсөл хэрэгжүүлэгч нь 6 сарын хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй гэсний үндэслэсэн байна. Гэтэл уг журам нь манай төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлахаас 4 сарын өмнө батлагдсан, нөгөө талаар манай компанийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Архитектур төлөвлөлтийн даалгавар гарсан нь Засаг дарыг захирамж гарахаас 3 сарын өмнө байгааг огт анхаарч үзээгүй болно.

Эцэст нь хэлэхэд нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн захирамжийн хууль зүйн үндэслэлийг нэг бүрчлэн няцааж холбогдох баримтаар баталсан бөгөөд хариуцагчийн зүгээс огт үгүйсгэж чадаагүй болно. Мөн шүүх хуралдаан болох өдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас шаардсан баримт нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр ирээгүй байгаа шүүхэд хандаж тайлбарласан боловч хүсэлтийг хүлээж авалгүй хурлын үргэлжлүүлсэн, нотлох баримт шинжлэн судлах үед шүүх бүрэлдэхүүнээс 2019 оны 6 дугаар сарын 19-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс гарсан магадлалаар хэргийг анхан шатны шүүхэд буцаасан бөгөөд уг магадлалаас хойших хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судална гэх замаар оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн алдаа гаргасныг энд дурьдах нь зүйтэй. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2020/418 тоот шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

          Нэхэмжлэгч “Ж” ХХК-иас “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/650 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

          Анх Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1043 дугаар захирамжаар[1] Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Ханын материал орчмын Б2, В, Г1 блокуудад хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “Ж” ХХК-ийг шалгарсныг батламжилжээ.

         Төслийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавих, төслийн хэрэгжилттэй холбоотой гомдол, санал хэлэлцэх, нөхөх олговрын хэмжээг тогтоох зорилго бүхий Хяналтын хороо 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хуралдан “төсөл хэрэгжүүлэгчээр шалгараад ажил хийгдээгүй, төслийн явц хангалтгүй байгаа гэж газар чөлөөлсөн 23 иргэнээс 17 иргэн нь төсөл хэрэгжүүлэх “Ж” ХХК-ийн эрхийг цуцлах” санал гаргаж, уг саналыг үндэслэн Хяналтын хорооны 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 01/5 дугаар Хурлын шийдвэрээр[2] “Ж” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлахаар шийдвэрлэжээ.

          Маргаан бүхий А/650 шийдвэрийн[3] 1 дэх хэсгээр “дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан” үндэслэлээр нэхэмжлэгч компанийн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хороо, Ханын материал орчмын ГХДТ-2013/1 багцын Б2, В, Г1 хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, 2 дахь хэсгээр нэхэмжлэгчийн төсөл хэрэгжүүлж байсан талбайд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавих, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах үүргийг холбогдох этгээдэд даалгаж, 3 дах хэсгээр нэхэмжлэгчийг төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсныг батламжилсан захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

          Төслийн хэмжээнд батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 53.6 га газарт 3992 өрхийн 62 блок орон сууц, 720 хүүхдийн цэцэрлэг, 500 хүүхдийн бага сургууль, 960 хүүхдийн дунд сургууль баригдахаар төлөвлөгдсөн[4].

          Нэхэмжлэгч компани төслийг хэрэгжүүлэхээр болсон 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс маргаан бүхий акт гарах хүртэл 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 4 жил 8 сар гаруйн хугацаанд төлөвлөгдсөн ажлаас нийт 705 нэгж талбараас “Б2” талбайд 30 нэгж талбарын газрыг чөлөөлж, 500 гаруй иргэдтэй хоёр болон гурван талт гэрээ байгуулж, эхний ээлжийн 213 айлын 1 блок барилга угсралтын ажлын суурийг тавьсан, 6 ширхэг 12 айлын амины орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэж байсан гэдэг нь хариуцагч, нэхэмжлэгч нарын тайлбар, Урбан сити амины сууцын гүйцэтгэлийн баримт[5], төлөвлөгөөний ерөнхий мэдээлэл[6] зэргээс тогтоогдож байна.

          Нэхэмжлэгч компаниас төслийн хоёр талт гэрээний 2.6-д[7] заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг орон сууцаар солихоор тохиролцсон тохиолдолд түр суурьших иргэдийн байрны түрээсийн зардлыг хариуцах үүргээ зарим иргэдийн хувьд 2016 оны 11 дүгээр сарын 04-ны байдлаар төлөөгүй байсан гэдэг нь “Гэр хорооллын дэд бүтцийн газар”-ын 2016 оны 03/816, 2016 оны 02/871 албан бичгүүд[8], зарим иргэдтэй хийсэн хурлын протокол[9] зэргээр тогтоогдож байна. Харин зарим иргэдийн түр суурьших байрны түрээсийн төлбөрийг сүүлийн байдлаар 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд төлж байсан гэдэг нь банкны орлогын мэдүүлгүүдээс[10] тогтоогдож байна.

          Маргааны үйл баримтаас дүгнэхэд, нэхэмжлэгч компанийг буруутгаж байгаа хяналтын хорооны шийдвэр болон маргаан бүхий актад дурдсан “төслийн явц хангалтгүй байгаа, дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэх нөхцөл байдлыг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

          Учир нь нэхэмжлэгч компани нь төсөл хэрэгжих 4 жил 8 сарын гаруйн хугацаанд 705 нэгж талбараас “Б2” талбайд 30 нэгж талбарын газрыг чөлөөлж, 500 гаруй иргэдтэй хоёр болон гурван талт гэрээ байгуулж, эхний ээлжийн 213 айлын 1 блок барилга угсралтын ажлын суурийг тавьсан, 6 ширхэг 12 айлын амины орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэж байсан нь төслийг явцыг хангалттай гэж үзэхгүй гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй, мөн нэхэмжлэгч компани нь төслийн хоёр талт гэрээний 2.6-д[11] заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг орон сууцаар солихоор тохиролцсон тохиолдолд түр суурьших иргэдийн байрны түрээсийн зардлыг хариуцах үүргээ зарим иргэдийн хувьд 2016 оны 11 дүгээр сараас, зарим иргэдийн хувьд 2017 оны 05 сараас хойш маргаан бүхий акт гарах 2018 оны 07 дугаар сарын 16-ныг хүртэл хугацаанд хэрэгжүүлээгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

          Түүнчлэн нэхэмжлэгчээс “архитектур төлөвлөлтийн даалгаврыг 3 удаа өөрчилсөн, сүүлд гарсан архитектур төлөвлөлтийн даалгаврыг 6 сарын хугацаанд хэрэгжих боломжоор хангаагүй, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/328, 2017 оны А/711 дүгээр захирамжаар компанийн төсөл хэрэгжих нэгж талбаруудад өөрчлөлт орсон” гэж гомдолдоо маргаж байгаа үндэслэл дээр дурдсан “төслийн явц хангалтгүй байгаа, гэрээнд заасан иргэдийн түрээсийн байрны зардлыг хариуцах” үүргээ биелүүлэхэд саад болох, уг үүргийг хэрэгжүүлэхэд шууд хамааралтай, төслийг түр зогсоосон нөхцөл байдал гэж үзэх үндэслэлгүй юм.

          Тодруулбал, Сүүлд өөрчлөгдсөн Архитектур төлөвлөлтийн даалгавар /2018.04.16/-аар Г1, Б2 талбайд 18 блок 15 давхар үйлчилгээтэй орон сууцны барилга барихаар байсныг 8 блок, Г1 талбайд 50 блок 4 давхар орон сууц барихаар байсныг 46 блок 5 давхар болгож, 1 блок 5 давхар цэцэрлэг барихаар байсныг 1 блок 2 давхар, 3 блок 1 давхар амины орон сууцыг 4 блок 2 давхар болгон өөрчилсөн[12], харин Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/328 дүгээр захирамжаар[13] нэхэмжлэгч компанийн төсөл хэрэгжүүлэх талбайг координатын хувьд 5 хэсэгт хуваасан, 2017 оны А/711 дүгээр захирамжаар[14]  нэхэмжлэгч компанийн төсөл хэрэгжүүлэх талбайг координатын хувьд 3 хэсэгт хэвээр баталсан байгаа нь уг шийдвэрүүдээр нэхэмжлэгчийн төсөл хэрэгжүүлэх талбайн байршил, хэмжээний хувьд өөрчлөлт ороогүй, төсөл хэрэгжүүлэх үйл явцад нөлөөлөх, төслөө хэрэгжүүлэхийг хориглосон, саад болсон, төсөл хэрэгжүүлэх үйл явцыг түр зогсоосон шийдвэр биш байна.

          Түүнчлэн архитектур төлөвлөлтийн даалгавар өөрчлөгдөх, төсөл хэрэгжих талбайн координатыг хуваах зэрэг нөхцөлд хоёр талт гэрээнд заасан газраа чөлөөлсөн иргэдийн түр суурьших байрны зардлыг төлөх үүргээс чөлөөлөгдөхөөр, төслөө хэрэгжүүлэхийг түр зогсоохоор хоёр болон гурван талт гэрээнд талууд тохиролцсон нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

          Иймээс нэхэмжлэгч “Ж” ХХК-иас “төслийн явц хангалтгүй байгаа, дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэх нөхцөл байдлыг тогтоон Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.1-д эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг цуцлах нөхцөлийг ...захиргааны хэм хэмжээний актад заасан бол гэсэн нийтлэг зохицуулалтын дагуу Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар батлагдсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”ын 5.2-т “Төсөл хэрэгжүүлэгч нь ...гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн ...нийслэлийн...Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална.”, мөн Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т ...нийслэл, ...ийн Засаг дарга хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах” гэж  заасны дагуу нэхэмжлэгч компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь цуцлах эрхтэй.

          Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь шийдлийн хувьд үндэслэлтэй боловч маргаан бүхий акт, маргааны үйл баримтад холбогдох хуулийг буруу хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

   1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 418 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх хэсгийг “Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.1, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Ж” ХХК-аас Нийслэл Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/650 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                        ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН

                        ШҮҮГЧ                                                          Н.ДОЛГОРСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                           А.САРАНГЭРЭЛ

 

 


[1] Хэргийн 1-р хавтас 46 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас 53 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 6 дахь тал

[4] Хэргийн 1-р хавтас 25-27 дахь тал

[5] Хэргийн 1-р хавтас 215-218 дахь тал

[6] Хэргийн 3-р хавтас 94 дэх тал

[7] Хэргийн 1-р хавтас 148 дахь тал

[8] Хэргийн 1-р хавтас 54, 57 дахь тал

[9] Хэргийн 1-р хавтас 55-56 дахь тал

[10] Хэргийн 1-р хавтас 200-214 дэх тал

[11] Хэргийн 1-р хавтас 148 дахь тал

[12] Хэргийн 1-р хавтас 5-13 дахь тал

[13] Хэргийн 1-р хавтас 166-168 дахь тал

[14] Хэргийн 1-р хавтас 169-175 дахь тал