Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар ХШТ/2025/71

 

                                                            Б.Ц-д холбогдох

                                                      эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Батбаатар, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Н.Гэрэлмаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинбат, нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/153 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ДШМ/343 дугаар магадлалтай, Б.Ц-д холбогдох 2403008011021 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинбатын гаргасан гомдлоор 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Ц, 1989 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймагт төрсөн, эмэгтэй, 35 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, **** дүгээр цэцэрлэгт туслах багш, угаагч ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт **** дүүргийн **** дүгээр хороо, **** тоотод оршин суух хаягтай, /РД: ****/,

Шүүгдэгч Б.Ц нь 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 17 цагийн орчимд, **** дүүргийн **** дүгээр хороо, **** замд, “Hyundai Sonata” загварын **** УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас, явган зорчигч болох насанд хүрээгүй хохирогч Б.Х-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч Б.Ц-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2,800 нэгж буюу 2,800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгуулийн ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон, хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-оос нийт 13,200,000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У-т олгож, 6 сарын хугацаанд уг хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-оос 1,727,560 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгож, 1 жилийн хугацаанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинбатын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинбат хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд танилцуулсан саналдаа: “...Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1 -2.1, 5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчилсан зохицуулагдсан байна. ...Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн мөрдөгчийн танилцуулсан маягтаар анхан шатны шүүх хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг 13,200,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 7 дугаар заалт болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У шүүх хуралдаанд танилцуулсан саналдаа: “...Миний хүү 09 дүгээр сард дахин хагалгаанд орж, төмрөө авхуулна. Би шүүх шийдвэрлэсэн асуудлын талаар олон дахин хэрүүл хийж явахыг хүсээгүй, таван хүүхэдтэй, өөрөө эрүүл мэндийн хүнд асуудалтай, хагалгаанд ороод сарын хугацаа өнгөрч байна. ...Шүүгдэгчийн өмгөөлөгч “хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарын сэтгэцэд хор уршиг учраагүй” гэж тайлбарлаж байна. Гэтэл миний хүүхэд бүтэн наркозод орсон, 09 дүгээр сард дахиад наркозод орно. Би өмгөөлөгч гэх хүнийг буруутай атлаа буруугүй хүнийг өмгөөлдөг гэж ойлгосон. Миний хувьд, шүүхийн шийдвэрийг дагана. Дараа нь өмгөөлөгч хөлсөлж өөрөөр хандах ёстой болохыг ойлголоо” гэв.

Прокурор Н.Гэрэлмаа шүүх хуралдаанд танилцуулсан хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Ц нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган зорчигч 13 настай Б.Х-ийг мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон, анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, шүүгдэгчид оногдуулсан ялын төрөл, хэр хэмжээг тохирсон гэж үзэж байна.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон 40.3-т заасны дагуу хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага тогтоохоор хуульчилсан. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ажиллагааг хуульд заасны дагуу гүйцэтгэсний эцэст хохирлыг гаргуулах үндэслэлтэй тул шүүхийн шийтгэх тогтоол, магадлалын холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх боломжтой” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн Б.Ц-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзлээ.

Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцэхүйц баримт хэрэгт цугларчээ.

2.Хоёр шатны шүүх хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанарыг харгалзан түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2  жилийн хугацаагаар хасаж, 2,800 нэгж буюу 2,800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Учир нь шүүгдэгч Б.Ц-ийн гэмт үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн шинжид хамаарч байгааг үндэслэлтэй зөв тайлбарлан зүйлчилж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцсэн байна.

3.Анхан болон давж заалдах шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан эдийн бус хохирлыг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үндэслэл болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг тодруулан хуульчилсан байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, нэхэмжилж буй эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг шүүхээс тооцож, хэмжиж болохуйц, эрх зүйн зөрчил болон үр дагаврын шалтгаант холбоотой тохиолдолд хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хэргийн хамт хянан шийдвэрлэхдээ гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, эсхүл учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэх замаар арилгадаг.

4.Хоёр шатны шүүх хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд хамгаалах нь төрийн үүрэг гэсэн хууль, олон улсын хэм хэмжээнд тулгуурлан насанд хүрээгүй хохирогч Б.Х-д гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр тогтоож, шүүгдэгч Б.Ц-оос гаргуулж шийдвэрлэсэн байна.

Шүүхийн шийдвэр нь зөвхөн хэргийн бодит нөхцөл байдалд үндэслэсэн байх ёстой буюу шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх учиртай.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй гэж баталгаажуулан заасан байна.

Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт учруулсан хор уршиг, гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэх ерөнхий болон тусгай хууль, дүрэм, журмаар хамгаалах ашиг сонирхлын хүрээ буюу ямар төрлийн хохирлыг нөхөн төлүүлэх, түүнийг үнэлэхээс хамаарч тусгай мэдлэгийн хүрээнд шинжилгээ хийж, шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай байдаг.

5.Шүүх шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.8, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахаар хоёрдмол утгагүйгээр хуульчилжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлд заасан шинжээчийн дүгнэлт гэдэг нь шүүх, прокурор, мөрдөгчийн тавьсан асуултын дагуу шинжлэх ухаан, техник, урлаг, үйлдвэрлэлийн салбарт эзэмшсэн тусгай мэдлэгийнхээ хүрээнд эрх бүхий байгууллага, этгээдээс томилсон мэргэжлийн байгууллага, мэргэжилтэн, мэргэшсэн ажилтны бичгээр гаргаж буй үнэлэмжийг ойлгодог.

6.Хоёр шатны шүүх дээрх хуульд заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон эрх бүхий байгууллагын дүгнэлтгүйгээр Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Дөрөвт зааснаар хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийг Гуравдугаар зэрэглэлээр тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660,000 төгрөгийг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож, 13,200,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Энэ талаар тус шүүхэд гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинбатын “...насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэхдээ шинжээчийн дүгнэлтийг үндэслээгүй...” гэх гомдол хангагдана.

Хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэхээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын талаар маргаж байгаа тохиолдолд хохирол учирсан эсэх, хохирлын хэмжээг эргэлзээгүй тогтоосон нотлох баримтад үндэслэж сэтгэцийн гэм хорыг шийдвэрлэвэл зохино.

7.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх хугацааг шүүгдэгч, хохирогч нарын тохиролцоо буюу иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд үндэслэж тогтоохоос гадна шаардлагатай тохиолдолд үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгө, орлогын зэргийг харгалзан шүүх тогтоож болдог.

Шүүх өөрийн санаачилгаар үүрэг гүйцэтгэх хугацааг тогтоох болсон нотлох баримт, шаардлагын үндэслэлээ шийдвэртээ тодорхой бичсэн байх ёстой. Харин шүүх үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн хүрээнд эрх бүхий албан тушаалтны төлбөр төлөхийг шаардах хугацаа, дарааллыг тогтоох эрх, үүрэгт хамаарна.

Шүүгдэгч Б.Ц-оос 1,727,560 төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шүүх шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан ямар нотлох баримт, хууль зүйн шаардлагын хэмжээнд нэг жилийн хугацааг тогтоосон нь тодорхойгүй байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтаас “нэг жил” гэсэн хэсгийг хүчингүй болгохоор тогтов.

8.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2 дахь заалтаар шүүгдэгч Б.Ц-д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй нь шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлөхүйц ноцтой алдаанд хамаарахгүй тул зөвтгөх нь зүйтэй гэж үзсэн болно.

Иймд шийтгэх тогтоол, магадлалд дээр дурдсан өөрчлөлтийг оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинбатын гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/153 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2,800 нэгж буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэж, 7 дахь заалтыг “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Х-ий сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай...” гэж, 8 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-оос 1,727,560 төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын санд олгож, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинбатын гомдлыг хангасугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

                 ДАРГАЛАГЧ                                              Б.БАТЦЭРЭН

                 ШҮҮГЧИД                                                  Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                        Д.БАТБААТАР

                                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                         Б.ЦОГТ