Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 01185

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч  Б.Бямбасүрэн даргалж

            Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 8-р баг, Бүрэнбүст багт байрлах, Орхон аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 8-р  баг, Оюут багийн  25а дугаар байрны 06 тоотод оршин суух,  /ФД66030848 / Булгадар овгийн Сандагийн Отгонд холбогдох эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016-08-23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганболд, Г.Мөнххишиг, хариуцагч С.Отгон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус хэлтэсийн нягтлан бодогчоор ажиллаж байсан С.Отгон нь сахилгын зөрчил давтан гаргасны улмаас 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөр ажлаас чөлөөлөгдөж, ажил хүлээлцэх шийдвэр гарсан.

С.Отгон нь ажлаас халагдсан тухай тушаалтай өөрийн биеэр танилцаж, гарын үсэг зурсан атлаа ажлаа хүлээлцээгүйгээр барахгүй байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байдаг санхүүгийн CTS программ суулгасан, DELL маркийн зөөврийн компьютер, санхүүгийн тэмдэг зэргийг авч яваад одоог хүртэл хүлээлгэж өгөөгүй байна. Энэ нь төрийн байгууллагын санхүүгийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, тайлан гаргах, баталгаажуулах, холбогдох байгууллагатай харилцахад ноцтой саад учруулж байна.

Иймээс С.Отгоноос төрийн байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд саад учруулахгүй байхыг даалгаж, байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй CTS санхүүгийн программ 1 ширхэг, ТТО0409-4391446 дугаартай санхүүгийн тэмдэг 1 ширхэг, эд зүйлсийг албадан гаргуулж, учирсан хохирлыг барагдуудж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Отгон шүүхэд гаргасан тайлбартаа: С.Отгон миний бие Орхон аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт нягтлан бодогчоор ажиллаж байгаад үндэслэлгүй ажлаас халагдсан. Энэ хугацаанд 2 шатны шүүхийн шийдвэрээр эргэж ажилдаа орохоор тогтоогдсон. Тухайн үед гадуур тооцоо нийлж авч явсан санхүүгийн тэмдэг, ажлын хэрэглээний нөүтбүүкийг эргэн өгөх боломжгүй, өрөөний хаалга, санхүүгийн баримттай сейф эвдэлж авснаар бүх асуудал цагдаад тэмдэглэгдсэн юм. Байгууллагын үндсэн хөрөнгө гээд байгаа нөүтбүүк нь над дээр бүртгэлтэй буцааж өгөх төсвийн хөрөнгө болно. Одоогоор ажилдаа эргэж орохдоо аваад очих юм. Тус байгууллагын даргаар ажиллаж байсан Т.Хонгорзул нь ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Энэ бүхэн зөвхөн тухайн хэрэгт хувийн ашиг сонирхлоор хийгдэж байсан болно гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтаар шинжлэн судлав.

                                                               ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Орхон аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар нь шүүхэд хандаж хариуцагчийн хууль бус эзэмшлээс санхүүгийн  CTS программ суулгасан Dell маркийн зөөврийн компьютер санхүүгийн тэмдэг зэргийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч С.Отгон нь Орхон аймгийн  Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэст нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

              С.Отгон нь ажлаас халагдсан тушаалтай өөрийн биеэр танилцаж гарын үсэг зурсан боловч ажлаа хүлээлгэж өгөөгүй, байгууллагын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй санхүүгийн  CTS программ суулгасан Dell маркийн зөөврийн компьютер санхүүгийн тэмдэг зэргийг авч яваад одоо хүртэл хүлээлгэж өгөөгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

             Хариуцагч нь дээрх эд зүйлсийг авч явснаа хүлээн зөвшөрч байх боловч Улсын дээд шүүхийн шийдвэр гарч ажилдаа буцаж орох үедээ хамт авч очно гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

            Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасаныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасаныг баримтлан  хариуцагч С.Отгоноос санхүүгийн CTS программ суулгасан Dell маркийн зөөврийн компьютер санхүүгийн тэмдэг зэргийг гаргуулан Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт олгосугай.

2. Монгол Улсын Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                                            

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                      Б.БЯМБАСҮРЭН