Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 209/МА2026/00042

 

*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин, Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 307/ШШ2026/01694 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “*******” ТӨХК-д холбогдох,

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: “Тэтгэмжийн зөрүү 8,985,240 төгрөг гаргуулах” тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: “Тэтгэмжид илүү олгосон 3,306,600 төгрөгийг буцаан гаргуулах” тухай,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2026 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнгөншүр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний агуулга:

Нэхэмжлэгч ******* нь 1994 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн “*******” ТӨХК-д ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэж, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ийнхүү “*******” ТӨХК-д 31 жил, 7 сар, 6 хоног ажилласан болох нь тогтоогдож “*******” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/121 дугаартай Дорждагвын *******гийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарсны нэг удаагийн тэтгэмж болох 31,185,000 төгрөгийг олгохоор тогтоосон.

Уг тэтгэмжийг тогтоохдоо 2025 онд батлагдсан “*******” ТӨХК-ийн Захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2025-2026 оны хамтын гэрээ-ний 3.23-т Өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болсон ажилтанд улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.6 дахин нэмэгдүүлэн тус компанид ажилласан жилээр нь тооцож тэтгэмж олгоно. гэж заасныг болон 2023 онд батлагдсан Эрчим хүчний яам, Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын эрчим хүчний ассоциаци нарын хамтран баталсан Эрчим хүчний салбарын 2023-2024 оны хамт /тариф/-ын хэлэлцээр-ийн 3.2-т Эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь Хөдөлмөр нийгмийн түншлэлийн 3 талт үндэсний хорооноос тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна. Салбарын аж ахуйн нэгж байгууллагад нь Эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ажилтан, албан хаагчдын өндөр насны тэтгэвэр тогтоолгох, нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэх, мөнгөн шагнал олгоход хэрэглэнэ. гэж заасныг тус тус үндэслэн 2024 онд үйлчилж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660,000 төгрөгийг 1.6 дахин нэмэгдүүлсэн дүнгээр тооцож, ажилласан 31 жил, 7 сар, 6 хоногт үржүүлэн 31,185,000 төгрөгийг олгосон байдаг.

Гэвч дээрх Эрчим хүчний салбарын 2023-2024 оны хамт /тариф/-ын хэлэлцээрт 2025 онд буюу нэмэлт өөрчлөлт орсон байх ба нэмэлт өөрчлөлтийн 3.2-т Эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь Хөдөлмөр нийгмийн түншлэлийн 3 талт үндэсний хорооноос тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна. Салбарын аж ахуйн нэгж байгууллагад нь Эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ажилтан, албан хаагчдын өндөр насны тэтгэвэр тогтоолгох, нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэх, мөнгөн шагнал олгоход хэрэглэнэ. гэж өөрчлөгдсөн байгаа юм.

Нөгөөтэйгүүр Хөдөлмөр нийгмийн түншлэлийн 3 талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолоор 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон.

Эдгээр шинэчлэлийн дагуу нэхэмжлэгчид олгогдох өндөр насны тэтгэмжийг тогтоохдоо тухайн үед дагаж мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөгийг шинэчлэн батлагдсан Эрчим хүчний салбарын 2023-2024 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн 3.2-т Эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь Хөдөлмөр нийгмийн түншлэлийн 3 талт үндэсний хорооноос тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна. гэж заасны дагуу 792,000*1.7=1,346,400 төгрөг бөгөөд 1,346,400*31 жил, 7 сар=42,680,880 төгрөгийн тэтгэмж олгогдох ёстой байсан гэж үзэж, тэтгэмжийн зөрүү 11,495,880 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. /хх-ийн 1-4 дүгээр тал/

2. Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбарын агуулга:

“*******” ТӨХК нь Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 180 дугаар тогтоолоор 2003-2004 онуудад ******* ОНӨУҮГ хэлбэрээр үйл ажиллагаа явуулсан. Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2004 оны 59 дүгээр тогтоолоор 2005-2010 онуудад “*******” ОНӨХК хэлбэрээр үйл ажиллагаа явуулсан. Төрийн өмчийн хорооны 2010 оны 121 дүгээр тогтоолоор 2010 оноос хойш “*******” ТӨХК хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна.

Нийгэм соёлын арга хэмжээний зардалд тэтгэвэрт гарах ажилтнуудын тэтгэмжийг төлөвлөхдөө өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарах хүсэлтэй гэсэн өргөдлийг хүлээн авсан. ******* нь дээрх өргөдлийг 2024 оны 10 дугаар сарын 01-нд өгч бүртгэн эдийн засагчид хүлээлгэн өгсөн.

******* нь компанийн Ус дулаан ариутгах татуургын хэсэгт ажилладаг. Компанийн хэмжээнд тэтгэмжийн зардалд 199,1 сая төгрөг тооцоологдож, нийгэм соёлын арга хэмжээний зардалд бусад зардалтай нийлсэн дүнгээр 205,5 сая төгрөгөөр төсөвлөж ажлын хэсэгт хүргүүлсэн. Эрчим хүчний яамны мэргэжилтэн манай тооцоог хянаад танай тэтгэвэрт гарах ажилтнууд манай салбарт хамааралгүй ажилтнууд байна. Ус хангамж, ариутгах татуурга чиглэлээр алдагдал ихтэй ажилладаг. Манай яамнаас татаас авдаг. Энэ жил татаас олгох эсэх нь тодорхойгүй байна. Ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаанд хамаарах ажилтнуудын тэтгэмжийг зардалд суутгах боломжгүй гэсэн.

Эрчим хүчний сайдын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/23 тоот тушаалаар компанийн 2025 оны зорилтот түвшин, техник эдийн засгийн үндсэн үзүүлэлт батлагдаж ирсэн. Дээрх зорилтот түвшинд нийгэм соёлын арга хэмжээний зардлыг Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж дэмжигдсэн төслөөс 127,5 сая төгрөгөөр бууруулж, 48,8 сая төгрөгөөр баталсан байсан.

Аж ахуйн нэгж, айл өрхийн дулаан, хэрэглээний халуун ус халаасан дулааны үнийг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нэмэгдсэнээр тооцож, 2025 оны зорилтот түвшинг баталсан байсан боловч хойшлуулах шийдвэр гарснаар хасах тодотгол хийх шийдвэр гарч, компани 212,0 сая төгрөгийн борлуулалтын орлого хасах шаардлагатай болсон.

Эрчим хүчний яамны мэргэжилтэн, тэтгэмжийн зардлыг нэмж батлуулна гэвэл бусад зардлаас хасах, орлогоо нэмэгдүүлэх шаардлагатай. Ийм тооцоо ирүүл гэсэн. Манай компанийн анхны төлөвлөгөөг нэлээн хасаж баталснаас үйл ажиллагаа явуулахдаа хамгийн бага зардал гаргахаар хичээн ажиллаж байгаа талаар тайлбарлаж, татаас нэмж өгөх боломж байна уу гэсэн боловч боломжгүй, бусад зардлаа хасаж байж тэтгэмжийн зардлаа батлуулна гэсэн хариу өгсөн.

Эрчим хүчний үнэ тариф мөрдөх хугацаа хойшлогдсонтой холбогдуулан 2025 оны зорилтот түвшинд тодотгол хийх шаардлага үүсэж, нийт компаниуд зорилтот түвшиндээ тодотгол хийсэн. Компани зардалдаа дахин хяналт хийн цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зардлаас 63 сая төгрөг, цахилгаан эрчим хүчний зардлаас 77,7 сая төгрөг, дотоод хэрэгцээний зардлаас 21,0 сая төгрөг, нүүрсний зардлаас 48,0 сая төгрөг, шатахууны зардлаас 11,5 сая төгрөг, удирдлагын зардлаас 5,3 сая төгрөг хасаж, нийгэм соёлын арга хэмжээний зардалд 128,7 сая төгрөг нэмж, 2025 оны тодотгосон зорилтот түвшинг ТУЗ-ийн хурлын 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаар тогтоолоор дэмжүүлж, Эрчим хүчний сайдын 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн а/163 дугаар тогтоолоор батлуулсан.

Компанийн захиргаа үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2024-2025 оны хамтын гэрээний дагуу бол ******* нь манай байгууллагад 2003 оноос хойш 22 жил, Эрчим хүчний салбарын (тарифт) хэлэлцээрийг баримталбал 2010 оноос хойш компани Төрийн өмчит хувьцаат компани болж зохион байгуулагдсанаас хойш буюу 16 жилийн ажилласан жилтэй ногдох тэтгэмжийг авах эрх үүсэхээр байна.

Манай байгууллагын зүгээс *******гийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх-ийн 32-33 дугаар тал/

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

“*******” ТӨХК нь үнэ тарифыг өөрийн өртгөөс доогуур тогтоосноос компани жил бүр өндөр алдагдалтай ажилладаг боловч, ажилтнуудын нийгмийн зардлыг эергээр шийдвэрлэхийн тулд эдийн засгийн боломжит хамгийн дээд түвшнээр тусган, ажилладаг гэх тайлбар өгчээ.

Мөн компанийн Захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2024-2025 оны хамтын гэрээний дагуу бол ******* нь тухайн байгууллагад 2003 оноос хойш 22 жил, эрчим хүчний салбарын (тариф)-т хэлэлцээрийг баримталбал 2010 оноос хойш компани Төрийн өмчит хувьцаат компани болж зохион байгуулагдсанаас хойш буюу 16 жилийн ажилласан жилтэй ногдох тэтгэмжийг авах эрх үүсэхээр байсан гэжээ.

*******гийн тухайн байгууллагад 2003 оноос хойш 22 жил ажилласан хугацаанаас тэтгэмжийг тооцоход компани олгох ёстойгоосоо 3,306,600 төгрөгийн мөнгөн тэтгэмжийг илүү олгосон нь харагдаж байна. /792,000*22*1,6=27,878,400 төгрөгийн тэтгэмж *******д олгох ёстой байтал тухайн компани 31,185,000 төгрөгийн тэтгэмж олгож 3,306,000 төгрөгийн тэтгэмж илүү олгосон нь харагдаж байна./

Төрийн өмчит хувьцаат компани болж зохион байгуулагдсанаас хойш буюу 16 жилийн ажилласан жилтэй ногдох тэтгэмжийг тооцоолон олгож ч болохоор байгаа боловч 2003 оноос тооцож тооцоог гаргасан.

Иймд *******д илүү олгосон 3,306,600 төгрөгийн мөнгөн тэтгэмжийг буцаан гаргуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ. /хх-ийн 96 дугаар тал/

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

******* нь 1994 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн “*******” ТӨХК-д ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэж өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

 Ийнхүү “*******” ТӨХК-д 31 жил 7 сар 6 хоног ажилласан тогтоогдож “*******” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2025.10.28-ны өдрийн Б/121 дугаар “Дорждагвын *******гийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарсны нэг удаагийн тэтгэмж болох 31,185,000 төгрөгийг олгохоор тогтоосон байдаг.

Гэтэл хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлд ******* тухайн байгууллагад 2003 оноос хойш 22 жил ажилласан хугацаанаас тэтгэмжийг тооцож олгох ёстой байсан гэдэг талаар дурдсан. ******* нь 1994 оны 03 сарын 23-ны өдрөөс 1995 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ОСНААГ-т ажиллаж байгаад 1995 оны 07 сарын 01-ний өдрөөс ‘” ХК-нд ажиллаж эхэлсэн байдаг. Энэ талаар сумын Нийгмийн Даатгалын тасагт өгч байсан ажлын нөхцөлийн тодорхойлолтоор нотлогддог.

Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь үндэслэл бүхий бус байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх-ийн 115 дугаар тал/

5. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн хариуцагч “*******” ТӨХК-д холбогдуулан гаргасан тэтгэмжийн зөрүү 8,985,240 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******гээс 1,419,794 төгрөг гаргуулан “*******” ТӨХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,886,206 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198,870 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулан буцаан олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,856 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******гээс 37,667 төгрөг гаргуулан хариуцагч “*******” ТӨХК-д олгож... шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан тэтгэмжийн зөрүү 8,985,240 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг бодитой, тал бүрээс нь бүрэн үнэлээгүй, материаллаг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, улмаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

а....анхан шатны шүүх Компанийн тухай хуулийн 2.5, 11.1 дэх хэсгийг үндэслэн "тус компанид ажилласан жил" гэдэг ойлголтыг зөвхөн тухайн компанийн улсын бүртгэлд бүртгэгдсэн үеэс эхлэн тоолох ёстой гэж дүгнэсэн нь хамтын гэрээний агуулгыг өөрчилж тайлбарласан, талуудын тохиролцоонд байхгүй нөхцөлийг бий болгосон хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан.

б.******* нь 1994 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тухайн ажлын байр, чиг үүрэгтээ тасралтгүй ажиллаж ирсэн болох нь ажлын нөхцөлийн тодорхойлолт, байгууллагын шилжилт өөрчлөлтийн талаарх Засгийн газрын 2002 оны 180 дугаар тогтоол, Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 57 дугаар тогтоол, "" ХК-ийн гүйцэтгэх захирлын 2003 оны 168 дугаар тушаал болон бусад бичгийн нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон. Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн хөдөлмөрийн эрх зүйн харилцаа тасалдаагүй, харин төрийн өмчийн бодлого болон өмчлөлийн хэлбэрийн өөрчлөлтийн улмаас байгууллагын бүтэц, нэршил өөрчлөгдөн ажиллагсад бүхэлдээ шилжин ажилласан болох нь нотлогдож байна.

Байгууллагын өмчлөлийн хэлбэр өөрчлөгдсөн үйл баримтыг хөдөлмөрийн харилцаа шинээр эхэлсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Компанийн тухай хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

в.хариуцагч өөрийн эрх бүхий албан тушаалтны гаргасан хүчин төгөлдөр захиргааны актаар нэхэмжлэгчийн ажилласан хугацааг 31 жил гэж хүлээн зөвшөөрч, энэ үндэслэлээр тэтгэмж олгосон атлаа дараа нь тус хугацааг үгүйсгэн сөрөг нэхэмжлэл гаргасан нь өөрийн өмнөх үйлдэлтэй илт зөрчилдөж байна. Анхан шатны шүүх энэхүү зөрчилтэй байдлыг огт үнэлж дүгнэлт хийгээгүй.

г.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг хэрэглэн илүү олгосон тэтгэмжийг буцаан гаргуулсан нь материаллаг хуулийг буруу хэрэглэсэн ноцтой алдаа болсон. Учир нь Иргэний хуулийн 492 дугаар зүйл нь эрх зүйн үндэслэлгүйгээр хөрөнгө шилжсэн тохиолдолд хэрэглэх зохицуулалт бөгөөд энэ хэрэгт тэтгэмж нь ажил олгогчийн хүчин төгөлдөр Б/121 дүгээр тушаал, хөдөлмөрийн тухай хууль болон хамтын гэрээний үндсэн дээр олгогдсон байна. Өөрөөр хэлбэл хөрөнгө шилжүүлэх бүрэн эрх зүйн үндэслэл байсан тул Иргэний хуулийн 492 дугаар зүйл хэрэглэх нөхцөл огт бүрдээгүй. Хэрэв ажил олгогч өөрийн гаргасан тушаалыг буруу гэж үзэж байгаа бол уг тушаалаа хуульд заасан журмын дагуу хүчингүй болгох асуудал яригдах болохоос бус хүчин төгөлдөр хэвээр байгаа тушаалын дагуу олгосон мөнгийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн буцаан шаардах эрх үүсэхгүй юм.

д.Анхан шатны шүүх "2025-2026 оны хамтын гэрээ"-ний 3.23 дахь заалтын "тус компанид ажилласан жил" гэх ойлголтыг ажилтны эрхийг хязгаарласан байдлаар тайлбарлаж, өмчлөлийн хэлбэр өөрчлөгдөхөөс өмнөх хөдөлмөрийн харилцааны хугацааг бүхэлд нь үгүйсгэсэн байна. Хамтын гэрээнд ийм агуулга бүхий хязгаарлалт огт тусгагдаагүй бөгөөд шүүх өөрөө талуудын тохиролцоонд байгаагүй нөхцөлийг нэмж тайлбарлан хэрэглэсэн нь гэрээний агуулгыг өөрчилсөнтэй адил үр дагаварт хүргэжээ. Хамтын гэрээг байгуулсан ажил олгогч өөрөө нэхэмжлэгчийг 31 жил 7 сар 6 хоног ажилласан гэж үзэн Б/121 дугаар тушаал гаргаж, уг хугацааг үндэслэн тэтгэмж тооцож олгосон атлаа шүүх тухайн байгууллагын өөрийн гаргасан албан ёсны актыг үл харгалзан өөрөөр дүгнэсэн нь нотлох баримтын бодит агуулгыг үгүйсгэсэн төдийгүй гэрээний бодит хэрэгжилтийг ч буруу үнэлсэн байна.

Мөн шүүхийн хэрэглэсэн тайлбар нь хөдөлмөрийн эрх зүйн эргэлзээ ажилтны эрхийн ашигт шийдвэрлэгдэх нийтлэг зарчимтай нийцэхгүй байна. Хэрэв хамтын гэрээний 3.23 дахь заалтын агуулгыг хоёр өөрөөр ойлгох боломжтой байсан гэж үзсэн ч тухайн зохицуулалтыг ажилтны эрхийг хамгаалах байдлаар тайлбарлах ёстой байтал эсрэгээр нь ажилтны олж авсан эрхийг хязгаарласан байдлаар тайлбарлаж хэрэглэсэн нь материаллаг хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх-ийн 187-189 дугаар хуудас /

5. Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 2. Нэхэмжлэгч ******* нь “*******” ТӨХК-д холбогдуулан тэтгэмжийн зөрүү 11,495,880 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 8,958,240 төгрөг болгон багасгажээ.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал эс зөвшөөрч, “...илүү олгосон тэтгэмжийн зөрүү 3,306,600 төгрөгийг буцаан гаргуулна” гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, маргасан байна.

3. Хэргээс судалж үзвэл:

3.1. Нэхэмжлэгч ******* нь “Дулаан ” ТӨХК-ийн Ус, дулаан ариутгах татуургын хэсгийн ашиглалтын инженерээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, “Дулаан ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/121 дүгээр тушаалаар 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. /хх-ийн 54/

3.2. Нэхэмжлэгч ******* нь ОСНААГ-т 1994 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 1995 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, ХК-д 1995 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2003 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 8 жил, Дулаан ОНӨУҮГ-т 2003 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд, Дулаан ТӨХК-д 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан байх бөгөөд улсад 31 жил, 5 сар, 1 өдөр, тус компанид 23 жил, 5 сар, 26 хоног ажилласан болох нь Дулаан ТӨХК-ний 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01/296 тоот албан бичгээр сумын Нийгмийн даатгалын тасагт хүргүүлсэн Ажлын нөхцлийн тодорхойлолтоор тогтоогдсон. /хх-ийн 135-136/

3.3. Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 180 дугаар тогтоолоор “” ХК-ийн дулааны станц, ус хангамжийн худаг, ус хуримтлуулах сангууд, цэвэрлэх байгууламж, тэдгээрийн дагалдах шугам сүлжээ, мах, ногооны зоорь зэрэг 2648,0 (хоёр тэрбум зургаан зуун дөчин найман сая) төгрөгийн үндсэн хөрөнгийг сумын орон нутгийн өмчид шилжүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбоотойгоор  Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 57 дугаар тогтоолоор “*******” ОНӨҮГ-ыг байгуулсан байна. 

3.4. Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2004 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор Дулаан ОНӨҮГ-ыг хувьцаат компани болгон өөрчилж, улмаар  Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 2010 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 121 дүгээр тогтоолоор тус компанийг төрийн өмчид шилжүүлж, “Дулаан ” төрийн өмчит хувьцаат компани болгон өөрчлөн зохион байгуулжээ. /хх-ийн 82-92/

4. Дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй, харин нэхэмжлэгчийн тухайн байгууллагад ажилласан хугацаа, тэтгэмжийн хэмжээ зөрүүтэй олгогдсон байдал нь  маргааны зүйл болсон байна.

5. Анхан шатны шүүх “*******” Төрийн өмчит хувьцаат компанийг Компанийн тухай хуульд заасны дагуу байгуулагдсан, Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг хуулийн этгээд байх тул “*******” ТӨХК Захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2025-2026 оны хамтын гэрээний 3.23-т заасан “...тус компанид ажилласан жил нь үүсгэн байгуулагдсанаас хойш хугацаагаар тоологдоно” гэж дүгнэн *******гийн ажилласан хугацааг 23 жил, 5 сар, 26 хоногоор тооцож, тэтгэмжийн зөрүүг гаргуулахаар шийдвэрлэсэн  нь учир дутагдалтай болжээ.

6. Компанийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт Компанийг шинээр, эсхүл хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/ замаар байгуулж болно. гэж, 22 дугаар зүйлийн 22.1-д “ компанийн үйл ажиллагааг зогсоохгүйгээр түүний зарим эрх үүрэг, хариуцлагыг шинээр байгуулагдсан компанид шилжүүлэхийг компанийг тусгаарлах гэнэ.” гэж заасны дагуу дээрх хуулийн этгээд нь өөрчлөн зохион байгуулагдсан байна. 

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.5 дахь хэсэгт “Өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болсон ажилтанд ажил олгогч нь энэ хуулийн 82.1-д заасан тэтгэмжийг олгоно.” гэж заасан бөгөөд 82.1.4 дэх заалтад тухайн аж ахуйн нэгж, байгууллагад 10 ба түүнээс дээш жил ажилласан бол дөрөв ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор хуульчилсан.

8. Эрчим хүчний салбарын 2023-2024 оны хамтын хэлэлцээрийн 3.2-т “Эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь Хөдөлмөр нийгмийн түншлэлийн 3 талт үндэсний хорооноос тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна. Салбарын аж ахуйн нэгж байгууллагууд нь Эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ажилтан, албан хаагчдын өндөр насны тэтгэвэр тогтоолгох, нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэх, мөнгөн шагнал олгоход хэрэглэнэ“ гэж, “*******” ТӨХК Захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2025-2026 оны хамтын гэрээний 3.23-т Өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болсон ажилтанд улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.6 дахин нэмэгдүүлэн тус компанид ажилласан жилээр нь үржүүлэн тооцож тэтгэмж олгоно.” гэж тус тус заажээ. 

 9. “Дулаан ” ТӨХК нь тус компанийн гүйцэтгэх захирлын 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/121 дүгээр тушаалаар хамтын гэрээний 3.23-т заасныг баримтлан өндөр насны тэтгэвэрт гарсны нэг удаагийн тэтгэмжид  31,185,000 төгрөгийг  *******д олгосон байна. /хх-ийн 54-55/

10. Дээрх хамтын гэрээнд зааснаар тэтгэмжийг олгохдоо тус компанид ажилласан жилээр тооцохоор заасан хэдий ч ******* нь эрчим хүний салбарт тасралтгүй ажилласан, компани өөрчлөн байгуулагдахад үргэлжлүүлэн ажиллаж байсан нь тогтоогдсон байгаагаас гадна компанийн өмчийн хэлбэр өөрчлөгдөж, тусгаарлах замаар өөрчлөн зохион байгуулагдсан гэх үндэслэлээр ажилтны нийгмийн баталгаагаар хангагдах, хөдөлмөрлөх эрхийн харилцааг дордуулж болохгүй юм. 

11. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д: “"хамтын гэрээ" гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны хөдөлмөр эрхлэх, түүнтэй холбогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөдөлмөрийн хууль тогтоомжоор тогтоосон суурь хэм хэмжээнээс дордуулахгүйгээр харилцан тохиролцож ажилтныг илүү таатай нөхцөлөөр хангах, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, нийгмийн хамгаалалтай холбоотой хуулиар шууд зохицуулаагүй асуудлыг шийдвэрлэхээр ажил олгогч, ажилтны төлөөлөгчийн хооронд байгуулж, зохих журмын дагуу бүртгүүлсэн тохиролцоог” хэлэхээр заасан бөгөөд энэхүү хамтын гэрээ нь хууль, захиргааны хэм хэмжээний акт, салбар, салбар дундын хамтын хэлэлцээрт нийцсэн байх учиртай.

Нэхэмжлэгч *******гийн “” ХК-д ажиллаж байсан хугацаа нь дээр дурдсан эрчим хүчний салбарт хамаарч байгаа бөгөөд төрийн эрх бүхий этгээдийн шийдвэрээр нэхэмжлэгчийн ажиллаж байсан хуулийн этгээдийн нэг нэгж зохион байгуулалтын өөрчлөлтөд орсон байх тул түүнд үргэлжлүүлэн ажиллаж байгаа ажилтныг тус байгууллагад ажиллаагүй гэж үзэх үндэслэлгүй. 

12. Түүнчлэн  “Дулаан ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/121 дүгээр тушаал хүчин төгөлдөр байгаагаас гадна өндөр насны тэтгэвэрт гарсны нэг удаагийн тэтгэмжийг ажил олгогч өөрөө  тооцож олгосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

Энэхүү тушаалыг эрх  бүхий этгээд хүчингүй болгоогүй байхад тухайн хуулийн этгээдийг шүүхэд төлөөлөх эрх олгогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч хүчин төгөлдөр тушаалаар тогтоож, олгосон тэтгэмжийн дүнг өөрчлөх, багасгах, буруу олгосон гэж үзэх үндэслэлгүй юм.

Нөгөө талаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй” гэж заасан.

Үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс үүрэг үүссэн эсэхийг тогтоохын тулд эд хөрөнгийг олж авсан этгээдийн хөрөнгө нэмэгдсэн байх, уг эд хөрөнгийг олж авсан үйлдэл нь хууль болон гэрээнд үндэслэгдээгүй байх, эд хөрөнгө олж авах үед эрх зүйн үндэслэл байсан боловч хожим үгүй болсон байх урьдчилсан нөхцлийг хуулиар шаарддаг бөгөөд талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн, уг харилцаа өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн үндэслэлээр дуусгавар болж, ажил олгогч ажилтанд хамтын гэрээний дагуу тэтгэмжийг тооцон олгосон байгаа нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 13. Иймд хариуцагч “*******” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгч *******д холбогдуулан гаргасан тэтгэмжид илүү олгосон 3,306,600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

14. Хөдөлмөр нийгмийн түншлэлийн 3 талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №03 дугаар “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792,000 төгрөг байхаар тогтоожээ.

Нэхэмжлэгч *******гийн  хөдөлмөрлөх харилцаа 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөр дуусгавар болсон байх тул  өндөр насны тэтгэвэрт гарсны нэг удаагийн тэтгэмжийг шинэчлэн тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон олгох нь зүйтэй байна.

 Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээгээр олгохыг зөвшөөрсөн бөгөөд үүнд маргаагүй.

 Өндөр насны тэтгэвэрт гарсны нэг удаагийн тэтгэмжийг тооцоход 792,000х1,6х31,6=40,043,520 төгрөг болох бөгөөд үүнээс тэтгэмжид олгосон 31,185,000 төгрөгийг хасч үлдэх 8,858,520 төгрөгийг нэхэмжлэгчид  олгож, илүү нэхэмжилсэн 126,000 төгрөгийн шаардлагыг болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

15. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 307/ШШ2026/01694 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “*******” ТӨХК-аас 8,858,520 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, 126,000 төгрөгийн  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******гээс 3,306,600 төгрөг гаргуулах тухай ******* ТӨХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

3 дахь заалтыг ...хариуцагч “*******” ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамж 156,686 төгрөгийг гаргуулж, төрийн санд оруулсугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 196,380 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.ОЮУНЦЭЦЭГ

                                   ШҮҮГЧИД                                   Г.ДАВААРЕНЧИН
 

 Г.МЯГМАРСҮРЭН