| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 152/2024/00681/и |
| Дугаар | 224/МА2026/00019 |
| Огноо | 2026-09-22 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 224/МА2026/00019
2026 09 22 224/МА2026/00019
холбогдох иргэний хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Б.Мөнхзаяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулж,
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 318/ШШ2026/00635 дугаар шийдвэртэй,
Б.Т-ын нэхэмжлэлтэй, П.А-т холбогдох, худалдах, худалдан авах гэрээний дагуу 1058 м.кв газрын өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Б.Т-ын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Мөнхзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Т-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. Нэхэмжлэгч Б.Т- нь 2021 онд хариуцагч П.А-ын өмчлөлийн Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, ** тоотод байрлах 3587 м.кв газрын гуравны нэг хэсгийг 10,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч, уг үнийг өөрийн болон эхнэр Г.Т-ийн данснаас дөрвөн удаагийн шилжүүлгээр бүрэн төлсөн, хариуцагчийн зааж өгсөн гэх газрыг хүлээн авч хашаалан ашиглаж ирсэн боловч өмчлөх эрхийг шилжүүлээгүй гэж тайлбарлажээ.
1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэгч нь газрын үзлэг, хэмжилтээр өөрийн ашиглаж буй хэсгийн талбай 1058 м.кв гэж тогтоогдсон тул худалдах, худалдан авах гэрээний дагуу уг хэмжээтэй газрын өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгуулахаар шаардлагаа тодруулсан байна.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Хариуцагч П.А- нь өөрийн өмчлөлийн газраас хэсэгчлэн худалдахаар тохиролцож, Б.Т-аас газрын үнэд 10,000,000 төгрөг хүлээн авснаа үгүйсгээгүй боловч нийт газрын гуравны нэгийг бус, 0.07 га буюу 700 м.кв газрыг өөрийн зааж өгсөн хил заагаар хашаалуулах нөхцөлтэйгөөр худалдахаар тохиролцсон гэж маргажээ.
2.2. Нэхэмжлэгч нь заасан хэмжээнээс хэтрүүлэн хашаа татаж эхэлсэн тул түүнийг зогсоосон, тохиролцсон 700 м.кв-аас илүү хэсгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг зөвшөөрөхгүй, мөн үл хөдлөх эд хөрөнгийн хэлцлийг бичгээр байгуулаагүй гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлжээ.
3. Сөрөг нэхэмжлэлийн агуулга: Хариуцагч П.А- нь Б.Т-ын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргасан боловч 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э- үндсэн нэхэмжлэл шийдвэрлэгдэхтэй холбогдуулан сөрөг нэхэмжлэлээс татгалзаж байгаагаа илэрхийлжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
4.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар үндсэн нэхэмжлэлийг хангаж, хариуцагч П.А-ыг худалдах, худалдан авах гэрээний дагуу 1058 м.кв газрын өмчлөх эрхийг нэхэмжлэгч Б.Т-ад шилжүүлэн өгөхийг даалгажээ.
4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг дурдаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 56.1, 60.1-д зааснаар үндсэн нэхэмжлэлийн болон сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э-ын давж заалдах гомдлын агуулга:
5.1. Талууд 700 м.кв газар худалдахаар тохиролцсон байхад 1058 м.кв газрын өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгасан, талуудын маргаж буй газрын хэмжээ, хил заагийг бүрэн тогтоогоогүй гэжээ.
5.2. Анх зааж өгсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаалж эхэлснийг мэдэх Н.Ц-ыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч нэр, оршин суугаа хаяг нь тодорхой атал холбоо барих утасны дугааргүй гэх үндэслэлээр шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, өмнөх магадлалаар тодруулахаар заасан 700 м.кв газрын эргэлтийн цэгийг тогтоогоогүй гэж гомдолдоо дурджээ.
5.3. Иймд анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 318/ШШ2026/00635 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр тус хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж дүгнэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.
2. Нэхэмжлэгч Б.Т- нь худалдах, худалдан авах гэрээний дагуу 1058 м.кв газрын өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг хариуцагч П.А-т даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, анх тохиролцсон газрын хэмжээ 0.07 га буюу 700 м.кв байсан гэж маргажээ.
Б.Т- газрын үнэд 10,000,000 төгрөг төлж, П.А- уг мөнгийг хүлээн авсан үйл баримтын талаар талууд маргаагүй боловч энэ нь 2021 онд талууд хэдий хэмжээтэй, ямар байршил, хил зааг бүхий газрыг худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсоныг нотлохгүй юм. Харин талуудын анхны тохиролцооны зүйл болсон газрын хэмжээ, байршил, хил заагийг тогтоох нь нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэлийг шийдвэрлэхэд шууд ач холбогдолтой байна.
3. Анхан шатны шүүх Б.Т-ын одоо эзэмшиж, ашиглаж буй газрын хэмжээг 1058 м.кв, П.А-ын өмчлөлийн нийт газрын хэмжээг 3587 м.кв болохыг тогтоосон үзлэг, хэмжилтийн баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.
Анхан шатны шүүх маргаж буй газрын өнөөгийн эзэмшил, ашиглалтын байдал болон талуудын анхны тохиролцооны зүйл болсон газрын хэмжээ, байршил, хил заагийг ялган дүгнээгүй, нэхэмжлэгчийн одоо ашиглаж буй гэх 1058 м.кв газрыг бүхэлд нь гэрээний зүйл гэж үзсэн нотлох баримтын болон хууль зүйн үндэслэлээ шийдвэртээ тодорхой тусгаагүй байна.
4. Нэхэмжлэгч нийт 3587 м.кв газрын гуравны нэгийг худалдаж авсан гэж, хариуцагч 700 м.кв газрыг худалдахаар анх тохирсон гэж тус тус тайлбарлаж маргасан. Нийт газрын хэмжээ 3587 м.кв гэж үзвэл гуравны нэг нь ойролцоогоор 1195.7 м.кв бөгөөд нэхэмжлэгчийн одоо шаардаж буй 1058 м.кв-аас өөр хэмжээ юм. Нэхэмжлэгч нь анхны тохиролцсон хэмжээнээс бага талбайг шаардсан гэж тайлбарласан ч худалдахаар тохиролцсон газрын бодит хэмжээ, хил зааг тодорхой бус, талууд энэ талаар маргаантай.
Түүнчлэн, нэхэмжлэгч талын анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг /2025 оны 02 сарын 12-ны өдрийн шүүх хуралдаан/-ийн явцад гаргасан 0.07 га газар худалдан авахаар тохиролцсон талаарх тайлбар, сүүлд 1030 м.кв болон 1058 м.кв гэж тус тус тодруулсан шаардлагын үндэслэлүүдийг мөн тал бүрээс нь харьцуулж үнэлж дүгнээгүй.
5. Уг хэргийг давж заалдах шатны шүүх өмнө нь хоёр удаа хянан хэлэлцэж, анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хангалттай тогтоогоогүй үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.
Анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцэх ажиллагааны явцад, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1953 дугаар захирамж, 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 954 дүгээр захирамжаар тус тус маргаан бүхий газарт үзлэг хийж, Б.Т-ын одоо ашиглаж буй газрын хэмжээг 1058 м.кв гэж, П.А-ын өмчлөлийн нийт газрын хэмжээг 3587 м.кв гэж тодруулсан боловч өмнөх магадлалуудад заасан шаардлагатай ажиллагааг бүрэн гүйцэтгээгүй, тухайлбал талууд 2021 онд ямар хэмжээтэй, аль хэсэг, ямар хил зааг бүхий газрыг шилжүүлэхээр тохиролцсоныг тогтоохгүйгээр зөвхөн нэхэмжлэгчийн одоо ашиглаж буй талбайн хэмжээг үндэслэн нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй.
Анхан шатны шүүх үзлэгээр тодруулсан газрын өнөөгийн ашиглалтын хэмжээг талуудын 2021 онд тохиролцсон газрын хэмжээ, байршил, хил заагтай хэрхэн холбогдуулж үзсэн, энэ талаарх зохигчдын зөрүүтэй тайлбарыг ямар баримтаар шалгаж үнэлснээ шийдвэртээ тодорхой тусгаагүй. Иймээс маргааны гол үйл баримтыг тодруулах болон бүрдүүлсэн баримтыг үнэлэх ажиллагаа хангалтгүй болсон нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 118 дугаар зүйлийн 118.4-т заасан шаардлагад нийцээгүй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч 1058 м.кв хэмжээтэй, тухайн байршил, хил зааг бүхий газрыг шилжүүлэхээр тохиролцсон гэх нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг эхний ээлжинд нотлох, харин хариуцагч 0.07 га газар худалдахаар тохирсон гэх татгалзлынхаа үндэслэлийг нотлох үүрэгтэй. Гэтэл анхан шатны шүүх “Хариуцагч нь нэхэмжлэгч Б.Т-ад 1058 м2 хэмжээтэй газар зараагүй, 0.07 га хэмжээтэй газар зарсан гэж маргаж байгаа ч энэ талаар нотлох баримтаар нотлоогүй” гэж дүгнэхдээ нэхэмжлэгчийн одоо шаардаж буй 1058 м.кв талбай талуудын анхны буюу 2021 оны газар худалдах, худалдан авах тохиролцооны зүйл мөн болохыг ямар баримтаар нотлогдсон гэж үзсэн талаараа дүгнээгүй. Хариуцагчийн татгалзлын үндэслэл нотлогдоогүй гэх дүгнэлт дангаараа нэхэмжлэлийн шаардлагыг нотлогдсон гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд хариуцагчийн татгалзал нотлогдоогүй гэдгээр нэхэмжлэгчийн шаардлагыг нотлогдсонд тооцон хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2-т зааснаар хэрэгт ач холбогдолтой нөхцөлийг мэдэх гэрчээс мэдүүлэг авах ажиллагааг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх явуулахаар хуульчилсан.
Хариуцагч талаас, талуудын анх тохиролцсон хэсгээс илүү газарт хашаа татаж эхэлснийг зогсоосон гэх үйл баримтыг мэдэх Н.Ц-ыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх түүнтэй холбоо барих утасны дугааргүй гэх үндэслэлээр уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон талаар давж заалдах гомдолд дурдсан байна.
Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс харвал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрчээр асуулгах этгээдийн нэр, оршин суугаа хаягийг тодорхойлж заасан байхад шүүх утасны дугааргүй гэх шалтгаар түүнийг гэрчээр оролцуулахаас татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй.
8. Хэрэгт зайлшгүй шаардлагатай үзлэг, хэмжилт болон гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг давж заалдах шатны шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.1.5, 168.1.7, 168.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах үндэслэлтэй байна. Хариуцагчийн гомдолд дурдсан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох тухай асуудлыг маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй тул энэ талаар дүгнэлт хийхгүй болно.
9. Хэргийг дахин хэлэлцэхдээ зохигчдын анх тохиролцсон газрын хэмжээ, байршил, хил заагийг тодруулах зорилгоор тэдгээрийн тайлбар, баримт болон шаардлагатай гэрчийн мэдүүлгийг хуульд заасан журмаар авах; 700 м.кв гэж тайлбарласан хэсэг болон одоо ашиглаж буй 1058 м.кв хэсгийн хил зааг, эргэлтийн цэг, давхцал, зөрүүг мэргэжлийн байгууллагын оролцоотой тогтоох; гэрээний зүйл, хэлцлийн хэлбэр, өмчлөх эрх шилжүүлэх хууль зүйн нөхцөлийн талаар нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж, шүүх өөрийн дүгнэлтийн бодит болон эрх зүйн үндэслэлийг шийдвэрт тодорхой тусгах нь зүйтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7, 168.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 318/ШШ2026/00635 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч П.А-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2-т тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хуульд заасан үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгосноос хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаас хойш гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.